Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2022/01350

 

2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Дугаар 102/ШШ2022/01350 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин байрлах *** ХХК /РД: ***/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: **** тоотод оршин суух, *** овогтой ****гийн **** /РД: ****/,

Хариуцагч: **** тоотод оршин суух, **** овогтой ***ийн **** /РД: *****/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 58,731,873.11 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Н.Д

хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, Б.Н

хариуцагчийн өмгөөлөгч Г.Чинбат

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч Г.****, Б.**** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 58,731,873.11 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Зээлдэгч Г.****, хамтран зээлдэгч Б.**** нар нь ***ны Занабазар бизнес төвөөс 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр **** зээлийн гэрээ байгуулан, 42,000,000 төгрөгийг сарын 1.9 хувь, жилийн 22.8 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай орон сууц, худалдах, худалдан авах зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээний барьцаанд зээлдэгч нар 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн **** тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан Улаанбаатар хот, **** м.кв хэмжээтэй орон сууцыг барьцаанд тавьсан. Зээлийн гэрээний дагуу *** өөрийн үүргээ гүйцэтгэж 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зээлдэгчийн ***ан дахь дансанд 42,000,000 төгрөг шилжүүлж, зээлийг бүрэн олгосон. Зээлийн санхүүжилт хийгдсэнээр барьцаанд тавигдсан ипотекийн зүйлийг зээлдэгч тал худалдан авсан. Уг гэрээнд 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ****01 тоот зээлийн нэмэлт гэрээгээр зээлдэгч нь 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ****01 тоот зээлийн гэрээгээр олгосон 42,000,000 төгрөгийн зээлээс үндсэн зээлд 3,359,152 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 22,585,402 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,275,006 төгрөгийг төлсөн. Энэхүү нэмэлт гэрээг байгуулахад зээлдэгч нь 38,640,847 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байна гэж гарын үсэг зурж, зээлийн үйл ажиллагаа явагдсан. 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл зээл төлөгдөж байсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 3.1.6, 3.1.7 дахь хэсэгт зааснаар зээлийг хэсэгчлэн төлөх хуваариар зээлээ төлөөгүй тул зээл эрсдэж эхэлсэн. Зээлдэгч нарт удаа дараа зээлээ төлөх мэдэгдэл өгсөн боловч хугацаандаа биелүүлээгүй. Мөн зээлийн гэрээний хугацаанд Монголын ипотекийн корпорацид худалдагдана. Монголын ипотекийн корпорацид худалдагдсаны дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул Монголын ипотекийн корпорацид болон *** нарын хооронд байгуулагдсан ипотекийн зүйлийг худалдах, худалдан авах, шилжүүлэх гэрээний дагуу үүргээ гүйцэтгээгүй гэх үндэслэлээр зээлийг буцаан *** худалдаж авсан. Монголын ипотекийн корпорацид байх хугацаанд болон Монголын ипотекийн корпорациас шилжүүлж авах хугацаанд зээлээ төлөх талаар зээлдэгч нарт удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч заасан хугацаанд зээлээ төлөөгүй тул 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн гэрээг цуцалж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлд ***ны итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэлгүй гэх үндэслэлээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан. Үүний дараа тус дүүргийн шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргасан боловч Г.**** нь оршин суух хаяг дээрээ байхгүй учир нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргасан. 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2021/00569 дүгээр шүүхийн шийдвэрээр оршин суух хаяг нь тодорхой болсон. Иймд зээлдэгч нараас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийг хэрэгжүүлэх үүднээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, энэхүү маргааныг шийдвэрлүүлэх гэж байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээ байгуулснаас хойш, үндсэн зээлээс 4,365,740 төгрөг, хүүгээс 35,618,627 төгрөг 42 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгээс 3,069,088 төгрөг буюу нийт 39,987,437 төгрөг 98 мөнгө төлсөн. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуримтлал үүсгэсэн тул Иргэний хуулийн 252, 451, 453 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас дурдсан мөнгийг гаргуулж, сайн дураар төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Г.****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н**** шүүхэд гаргасан тайлбартаа: Г.**** нь 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ***наас 42,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийг авсантай бид маргахгүй. Харин *** 42,000,000 төгрөгийг 8 хувийн хүүтэйгээр авах гэж байхад энгийн хүүтэйгээр жилийн 22,8 хувийн хүүтэйгээр олгоод дараа нь 8 хувийн зээлд шилжүүлж өгнө гэж хэлсэн тул уг зээлийг авсан. Тус зээлийг авсны дараа Г.**** нь эдийн засгийн хүнд нөхцөлд орсон учраас 8 хувийн зээл рүү шилжүүлж өгөх талаар хүсэлтээ удаа дараа гаргаж байсан. Эдгээр хүсэлт нь зээлийн хувийн хэрэгт байгаа боловч ***наас уг баримтыг нотлох баримтаар гаргаж өгөөгүй, энэ нь санаатай үйлдэл гэж үзэж байна. Г.**** нь 8 хувь руу шилжүүлэх хүсэлтийг бичгээр болон амаар олон хэлж байсан. Г.**** нь бусдад залилуулж, эдийн засгийн хүнд байдалд орсноо мөн хэлж байсан. ***наас зээлийн хүүгийн зөрчлөө арилгавал 8 хувийн зээл рүү шилжүүлж өгье гэж хэлсэн. Иймд Г.**** ***наас тэтгэвэр авдаг ээжийнхээ тэтгэврийг барьцаалж, зээлээ зөрчилгүй болгосон. Дараа нь мөн аавынхаа тэтгэврийг барьцаалж, зээлээ зөрчилгүй болгосон боловч *** зээлийг нь 8 хувийн зээл рүү шилжүүлээгүй. Хэрэв тухайн үед ***наас арга хэмжээ авч, Г.****ын зээлийн гэрээг цуцалсан бол Г.**** нь өрийн дарамтад орохгүй байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Б.****ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.**** шүүхэд гаргасан тайлбартаа: ***, Г.**** нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн орон сууц худалдан авах зээлийн гэрээнд Б.**** нь хамтран хариуцагчаар гарын үсэг зурсан. Тухайн үед ***наас гэрээ байгуулахдаа Б.****өд та хамтран хариуцагчаар оролцож байна, хамтран хариуцагч байх хүсэлт, зорилго, шаардлагын талаарх баримтыг Б.****өөс аваагүй. Банкны зүгээс зээл олгохдоо үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч нар нь зээлийг төлж чадах эсэх талаарх эдийн засгийн баталгаа шаардаж, зээлийн хорооны хурлаар оруулах шаардлагатай боловч Б.**** нь хурлаар ороогүй, баримтыг ч шаардаж байгаагүй гэж хэлсэн. 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн нэмэлт зээлийн гэрээнд Б.**** нь гарын үсэг зураагүй гэж тайлбарладаг.***, Г.**** нарын хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд Б.**** нь гарын үсгээ таталсан хэлбэрээр зурсан байдаг боловч нэмэлт зээлийн гэрээнд Б.****ийн нэр бүтнээрээ бичигдсэн байна. Энэ талаар ч мөн Б.**** нь би үндсэн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, нэмэлт зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй гэж тайлбарладаг. Зээлийн гэрээнд Б.**** нь гарын үсэг зурахдаа зээл авах хүсэл зорилгоор бус Г.**** нь зээлийн гэрээнд гарын үсэг зураад өгөөч гэж хэлсний дагуу гарын үсэг зурсан гэж хэлдэг. ***наас Б.****тэй хамтран зээлдэгчийн байр сууринаас хандаж байгаагүй. Хавтас хэрэгт авагдсан зээлийн гэрээний үүргийн буцаан төлөх тухай ***ны мэдэгдэл нь зөвхөн Г.****т л хандсан байдаг, хамтран хариуцагч Б.****өд мэдэгдэл ирж байгаагүй. Зээлдэгчтэй уулзсан тэмдэглэлээс харвал Г.**** болон зээлтэй хамааралгүй Г.****ын дүү Г.**** гэх хүмүүстэй уулзсан байдаг. Б.****тэй уулзаж байгаагүй. Иймд хамтран хариуцагч Б.****өд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, орон сууцны зээлийн гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, орон сууц худалдах-худалдан авах гэрээ, 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн **** дугаартай хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэл, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, Төрийн тусгай хамгаалалтын газрын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 04/2004 дугаартай цалингийн тодорхойлолт, зээл, хүүний тооцооны хуудас, Г.****ын 100100082082 дугаартай **** тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2021/00569 дугаартай шүүхийн шийдвэр, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШЗ2020/01259 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, ***ны 42,000,000 төгрөгийн мемориалын баримт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээлдэгч Б.****, Г.**** нарын анкет, харилцагч нартай уулзсан тэмдэглэл, Г.****, Б.**** нарын иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээ, оршин суугаа газрын тодорхойлолт зэрэг баримтуудыг,

Хариуцагчаас *** ХХК дахь Г.****, Ц.**** нарын харилцах дансны харилцагчийн хуулга, МИК ОССК-ын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 22/06-142 тоот Г.****т хариу хүргүүлэх тухай албан бичиг, Г.****оос *** ХХК-нд гаргасан ипотекийн 8 хувийн орон сууцны зээлэнд хамруулж өгөх тухай хүсэлт, Г.****оос Занабазар бизнес төв салбарт гаргасан гомдол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШЗ2016/22670 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, 102/ГХ2016/02484 дугаартай гүйцэтгэх хуудас, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/01692 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 846 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 001/ХТ2016/00797 дугаартай тогтоол, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШЗ2016/16458 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, 1860 дугаартай гүйцэтгэх хуудас, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2015/08113 дугаартай захирамж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 6/176 дугаартай тогтоол, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1412 дугаартай гүйцэтгэх хуудас, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШЗ2016/12032 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01185 дугаартай шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 4/26 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 331 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10/52 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, О.****, Ц.**** нарын Хаан банк ХХК-тай байгуулсан тэтгэврийн зээлийн гэрээ зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчийн хүсэлтээр Г.****ын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр *** ХХК-нд гаргасан зээлийн хүүг 6 хувь болгох хүсэлт, ***наас харилцагч М.****, Г.****той уулзсан тэмдэглэл, *** ХХК-ийн зээлийн хяналтын тайлан, барьцаалбар, зээлийн гэрээний үүргээ биелүүлэх тухай мэдэгдэл, *** ХХК-аас Г.****, Г.*** нартай уулзсан тэмдэглэл, *** ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 23/03-193 дугаартай зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл, МИК ОССК-ын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 20/14-533 дугаартай 106300094816, 100100082082 дугаартай зээлүүдийг буцаан худалдах тухай албан бичиг, нэг талаас Монголын ипотекийн корпораци ОССК, нөгөө талаас *** ХХК-ийн хооронд 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан ипотекийн зээл худалдан авах нэмэлт гэрээ, Монголын ипотекийн корпораци ОССК-ын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 22/06-142 дугаартай Г.****т хариу хүргүүлэх тухай албан бичиг, нэг талаас Монголын ипотекийн корпораци ОССК, нөгөө талаас *** ХХК-ийн хооронд 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн БХАГ-20/14-20 дугаартай ипотекийн зээлийг буцаан худалдах, худалдах авах гэрээ, 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ХАГ-12/03 дугаартай ипотекийн зээлийн хөрөнгө худалдах худалдан авах ерөнхий гэрээ, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ХХАГ-18/14-05 дугаартай ипотекийн зээл худалдан авах нэмэлт гэрээ зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Хариуцагч Г.****, Б.**** нараас зээлийн гэрээний үүрэгт 44,107,694.23 төгрөг гаргуулж *** ХХК-нд олгож, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, **** м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэлээс үлдэх 14,624,178.14 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч Г.****, Б.**** нартай 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр **** дугаартай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу зээлдэгч Г.****, Б.**** нар шилжүүлэн авсан мөнгийг зээлийн хүүгийн хамт буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд: *** ХХК-аас жилийн 22,8 хувийн хүүтэй зээл олгож, зээлийн төлбөрийг тасралтгүй 6 сар төлсөн нөхцөлд зээлийн хүүг жилийн 8 хувь болгож бууруулна гэж тохиролцсон боловч банк зээлийн хүүг бууруулаагүйгээс гадна зээлдэгч Г.**** төлбөрийн чадваргүй нь тодорхой байсан тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг 6 сарын дараа цуцлах үндэслэлтэй байсан. Иймд хариуцагч Г.**** үндсэн зээлийг 6 сарын зээлийн хүүгийн хамт төлөхийг хүлээн зөвшөөрч, түүний зээлийн төлбөрт төлсөн 39,987,437.38 төгрөгийг үндсэн зээл 42,000,000 төгрөгөөс хасаж, үлдэгдэл үндсэн зээл 2,012,562.2 төгрөг, 6 сарын зээлийн хүү 4,974,655 төгрөг, нийт 6,987,217 төгрөг төлөх боломжтой.

Нөгөө талаас, *** ХХК зээлийн гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээг цуцлагдсан гэж үзвэл *** ХХК-аас жилийн 22,8 хувийн хүүтэй орон сууц худалдан авах зориулалтаар зээлдэгч Г.****т олгосон зээлийг Монголын ипотекийн корпорацад 13,75 хувийн хүүтэй худалдсан 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх зээлийн хүүг жилийн 13,75 хувиар тооцно гэж тайлбарлаж байна. Мөн хариуцагч Б.**** зээл авах хүсэл зорилгоор бус банкны тавьсан шаардлагаар зээлийн гэрээнд гарын үсэг зурсан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэг талаас *** ХХК, нөгөө талаас Г.****, Б.**** нар 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр **** дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлдүүлэгч тал болох *** ХХК нь 42,000,000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар 150 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч тал болох Г.****, Б.**** нар нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг сар бүр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, **** м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцжээ. /хэргийн 7-16 тал/

 

5. Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан зээлийн гэрээг бичгээр хийх, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166.1-д заасан бичгээр хийж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг тус тус хангасан хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.

 

6. Гэрээний дагуу зээлдүүлэгч *** ХХК-аас 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр зээлдэгч Г.****т зээлийн гэрээний зүйл болох 42,000,000 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл үндсэн зээл 4,365,740 төгрөг, зээлийн хүү 35,618,627.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,069.88 төгрөг төлж, цаашид зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүг төлөх үүргээ гүйцэтгээгүй болох нь зохигчийн тайлбар, зээлийн дансны хуулга /хэргийн 31-42 тал/ баримтаар тогтоогдож байна.

 

7. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 7.1.1, 8.2.1-т зээлдэгч гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн тохиолдолд зээлдүүлэгч гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцлах эрхтэй гэж тохиролцжээ

7.1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан. Зээлдэгч Г.****, Б.**** нар 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөөгүйгээс гадна гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн байх ба нэхэмжлэгч *** ХХК-аас 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус тус зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдлүүдээр үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл өгсөн болох нь баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч *** ХХК нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг буцаан шаарах эрхтэй байна.

 

8. Талууд зээлийн гэрээний 3.1.5-д нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Зээл, хүүг зээл буцаан төлөх хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүү тооцно гэж заасан байх ба Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасантай нийцсэн. Зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй зөрчилд нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

9. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар нэхэмжлэгч *** ХХК нь зээлдэгч Г.****, Б.**** нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Г.****, Б.**** нар үндсэн зээл 37,634,259.22 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэрээг цуцлах хүртэл хугацааны зээлийн хүү 6,464,800.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,635.01 төгрөг, нийт 44,107,694.23 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

10. Харин талууд зээлийн гэрээг цуцалсан тохиолдолд түүнээс хойш Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 он/-ийн 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т заасан зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үүсэхгүй. Иймд хэргийн 31 дүгээр талд авагдсан тооцооллын баримтыг үндэслэн гэрээ цуцлагдсан өдрөөс буюу 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс хойш тооцсон зээлийн хүү 14,551,775 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,403 төгрөг, нийт 14,624,178.14 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзэхээр байна.

 

11. Зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй тул барьцааны гэрээний дагуу зээлдүүлэгч буюу барьцаалагч тал шаардлага гаргаж байгаа нь Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн.

 

12. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, **** м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

13. Хариуцагчийн татгалзлын хувьд, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу *** ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр МИК ОССК ХХК-нд жилийн 13.75 хувийн хүүтэйгээр худалдсан зээлийн багцад Г.****ын ипотекийн зээл багтсан байх ба чанаргүй зээлийн ангилалд шилжсэн үндэслэлээр 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Г.****ын зээлийг *** ХХК-нд буцаан худалдсан болох нь МИК ОССК ХХК болон *** ХХК-ийн хооронд байгуулагдсан 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ХАГ-12/03 дугаартай Ипотекийн зээлийн хөрөнгө худалдах худалдан авах ерөнхий гэрээ, 2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн ХХАГ-18/14-05 дугаартай Ипотекийн зээл худалдан авах нэмэлт гэрээ, 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн БХАГ-20/14-20 дугаартай Ипотекийн зээлийн багцыг буцаан худалдах, худалдан авах гэрээ зэргээр тогтоогдож байна.

13.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасан. Нэхэмжлэгч *** ХХК нь Г.****, Б.**** нартай байгуулсан зээлийн гэрээгээр тохиролцсон зээлийн хүүгийн хэмжээг бууруулахаар харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул зээлдэгч нарыг зөвхөн 6 сарын хугацаанд жилийн 22.8 хувийн хүү төлөх, *** ХХК болон МИК ОССК ХХКийн хооронд байгуулагдсан дээрх гэрээний дагуу 2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл маргаан бүхий зээлийн хүүг жилийн 13,75 хувиар тооцох хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзлээ.

 

13.2. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ гэж заасан. Хариуцагч Б.**** нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байх тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Хариуцагч Б.**** зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд гарын үсэг зураагүй гэх татгалзлаа баримтаар нотлоогүй тул Б.****өд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2-т улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 521,810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлээс хангаж шийдвэрлэсэн 44,107,694.23 төгрөг гаргуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 378,844 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарах тул улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, нийт 449,044 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.****, Б.**** нараас 44,107,694.23 /дөчин дөрвөн сая нэг зуун долоон мянга зургаан зуун ерэн дөрөв/ төгрөг гаргуулж *** ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 14,624,178.14 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, **** м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 521,810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 449,044 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-нд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ