Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01419

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01419

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2022/01350 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Т ХХК

Хариуцагч: Г.Б, Б.Б нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 58,731,873.11 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баярлах, хариуцагчийн өмгөөлөгч Г.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Г.Б, Б.Б нар нь Ттай 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 15/0520 дугаар зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр хариуцагч нар нь 42,000,000 төгрөгийг сарын 1,9 хувь, жилийн 22,8 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай, орон сууц худалдах-худалдан авах зээлийн зориулалтаар нэхэмжлэгчээс зээлсэн. Зээлийн гэрээний барьцаанд зээлдэгч нар 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б15/05 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан, Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, 1 хороолол, 20 дугаар байр, 000 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу Т өөрийн үүргээ гүйцэтгэж 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зээлдэгчийн Тан дахь дансанд 42,000,000 төгрөг шилжүүлж, зээлийг бүрэн олгосон. Зээлийн санхүүжилт хийгдсэнээр барьцаанд тавигдсан ипотекийн зүйлийг зээлдэгч тал худалдан авсан. Уг гэрээнд 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 15/0501 дугаар зээлийн нэмэлт гэрээгээр зээлдэгч нь 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 15/0501 дугаар зээлийн гэрээгээр олгосон 42,000,000 төгрөгийн зээлээс үндсэн зээлд 3,359,152 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 22,585,402 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,275,006 төгрөгийг төлсөн. Энэхүү нэмэлт гэрээг байгуулахад зээлдэгч нь 38,640,847 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байна гэж гарын үсэг зурж, зээлийн үйл ажиллагаа явагдсан. 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл зээл төлөгдөж байсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 3.1.6, 3.1.7-д зааснаар зээлийг хэсэгчлэн төлөх хуваариар зээлээ төлөөгүй тул зээл эрсдэж эхэлсэн. Зээлдэгч нарт удаа дараа зээлээ төлөх мэдэгдэл өгсөн боловч хугацаандаа биелүүлээгүй.

1.1. Зээлийн гэрээний хугацаанд Монголын ипотекийн корпорацид худалдагдана. Монголын ипотекийн корпорацид худалдагдсаны дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул Монголын ипотекийн корпорацид болон Т нарын хооронд байгуулагдсан ипотекийн зүйлийг худалдах, худалдан авах, шилжүүлэх гэрээний дагуу үүргээ гүйцэтгээгүй гэх үндэслэлээр зээлийг буцаан Т худалдаж авсан. Монголын ипотекийн корпорацид байх хугацаанд болон Монголын ипотекийн корпорациас шилжүүлж авах хугацаанд зээлээ төлөх талаар зээлдэгч нарт удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч заасан хугацаанд зээлээ төлөөгүй.

1.2. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд зээлийн гэрээг цуцалж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан боловч шүүх иргэний хэрэг үүсгэхээс татгалзсан. Үүний дараа шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргасан боловч Г.Б нь оршин суух хаяг дээрээ байхгүй учир нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэхээс татгалзсан. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргаж, шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2021/00569 дугаар шийдвэрээр оршин суух хаяг нь тодорхой болсон.

1.3. Зээлдэгч нар зээлийн гэрээ байгуулснаас хойш, үндсэн зээлээс 4,365,740 төгрөг, хүүгээс 35,618,627.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгээс 3,069,088 төгрөг, нийт 39,987,437 төгрөг төлсөн. Иймд хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуримтлал үүсгэсэн тул Иргэний хуулийн 252, 451, 453 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 37,634,259.22 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 21,016,575.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 81,038.10 төгрөг, нийт 58,731,873.11 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Г.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга: Г.Б нь 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Тнаас 42,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд зээлийг авсан талаар маргахгүй. Харин Т 42,000,000 төгрөгийг 8 хувийн хүүтэйгээр авах гэж байхад энгийн хүүтэйгээр жилийн 22,8 хувийн хүүтэйгээр олгоод, дараа нь 8 хувийн зээлд шилжүүлж өгнө гэж хэлсэн тул уг зээлийг авсан.

2.1. Тус зээлийг авсны дараа Г.Б нь эдийн засгийн хүнд нөхцөлд орсон учраас 8 хувийн зээл рүү шилжүүлж өгөх талаар хүсэлтээ удаа дараа нэхэмжлэгчид гаргасан. Эдгээр хүсэлт нь зээлийн хувийн хэрэгт байгаа боловч Тнаас уг баримтыг нотлох баримтаар гаргаж өгөөгүй, энэ нь санаатай үйлдэл гэж үзэж байна. Г.Б нь бусдад залилуулж, эдийн засгийн хүнд байдалд орсноо мөн хэлж байсан. Тнаас зээлийн хүүгийн зөрчлөө арилгавал 8 хувийн зээл рүү шилжүүлж өгье гэж хэлсэн. Иймд Г.Б Тнаас тэтгэвэр авдаг ээжийнхээ тэтгэврийг барьцаалж, зээлээ зөрчилгүй болгосон. Дараа нь мөн аавынхаа тэтгэврийг барьцаалж, зээлээ зөрчилгүй болгосон боловч Т зээлийг нь 8 хувийн зээл рүү шилжүүлээгүй. Хэрэв тухайн үед Тнаас арга хэмжээ авч, Г.Бын зээлийн гэрээг цуцалсан бол Г.Б нь өрийн дарамтад орохгүй байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Б.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга: Т болон Г.Б нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн орон сууц худалдан авах зээлийн гэрээнд Б.Б нь хамтран хариуцагчаар гарын үсэг зурсан. Тухайн үед Тнаас гэрээ байгуулахдаа Б.Бөд та хамтран хариуцагчаар оролцож байна, хамтран хариуцагч байх хүсэлт, зорилго, шаардлагын талаарх баримтыг Б.Бөөс аваагүй.

3.1. Банкны зүгээс зээл олгохдоо үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч нар нь зээлийг төлж чадах эсэх талаарх эдийн засгийн баталгаа шаардаж, зээлийн хорооны хурлаар оруулах шаардлагатай боловч Б.Б нь хурлаар ороогүй, баримтыг ч шаардаж байгаагүй гэж хэлсэн.

3.2. 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн нэмэлт зээлийн гэрээнд Б.Б нь гарын үсэг зураагүй гэж тайлбарладаг.Т болон Г.Б нарын хооронд байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд Б.Б нь гарын үсгээ таталсан хэлбэрээр зурсан байдаг боловч нэмэлт зээлийн гэрээнд Б.Бийн нэр бүтнээрээ бичигдсэн байна. Энэ талаар ч мөн Б.Б нь би үндсэн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, нэмэлт зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй гэж тайлбарладаг.

3.3. Зээлийн гэрээнд Б.Б нь гарын үсэг зурахдаа зээл авах хүсэл зорилгоор бус Г.Б нь зээлийн гэрээнд гарын үсэг зураад өгөөч гэж хэлсний дагуу гарын үсэг зурсан гэж хэлдэг. Тнаас Б.Бтэй хамтран зээлдэгчийн байр сууринаас хандаж байгаагүй. Хэрэгт авагдсан зээлийн гэрээний үүргийг буцаан төлөх тухай Тны мэдэгдэл нь зөвхөн Г.Бт л хандсан байдаг, хамтран хариуцагч Б.Бөд мэдэгдэл ирж байгаагүй. Зээлдэгчтэй уулзсан тэмдэглэлээс харвал Г.Б болон зээлтэй хамааралгүй Г.Бын дүү Г.Ундрал гэх хүмүүстэй уулзсан байдаг. Иймд хамтран хариуцагч Б.Бөд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Б, Б.Б нараас 44,107,694.23 төгрөг гаргуулж Т ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 14,624,178.14 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 1 дүгээр хороолол 20 дугаар байрны 000 тоот 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 521,810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 449,044 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-нд олгож шийдвэрлэсэн байна.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Тийг нэг талын санаачилгаар гэрээ цуцалсан гэж үзэхдээ тухайн зээлийн гэрээг цуцлах эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэр мөн эсэх, мэдэгдэл хүргүүлсэн этгээдэд тус банкийг төлөөлж гэрээ цуцлах эрх олгогдсон зэрэг нь нотлогдоогүй байхад шийдвэрийн үндэслэл болгосон байна. Зээлдэгч Г.Б. Б.Б нар нь Т ХХК-тай 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, орон сууц худалдан авахтай зээлийн гэрээ байгуулах гол үндэслэл болох зөвшөөрөл олгосон Тны Занабазар тооцооны төвийн зээлийн хорооны шийдвэр бөгөөд энэхүү зээлийг буцаан татах буюу зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлах санал гаргах эрх нь тухайн зээлийн зөвшөөрөл олгосон байгууллага буюу тооцооны төвийн зээлийн хорооны шийдвэр гарсан байх ёстой. Гэтэл тухайн орон сууцны зээлийг цуцалсан тухай шийдвэр байхгүй байхад мэдэгдэл хүргүүлсэн Тны Занабазар бизнес төвийн захирал М.Түмэн-Өлзийн мэдэгдлийг үндэслэж банк нэг талын санаачилгаар гэрээ цуцалсан байна гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.1-т заасантай нийцэхгүй байна.

5.1 Гэрээг цуцалсан гэж шүүхийн үзсэн хугацаа болох 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс хойш 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр, 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тус тус зээлдэгчид зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлийг 5 удаа гардуулсан. Тухайн мэдэгдэл тус бүрд зээлийн гэрээнд заасны дагуу төлөгдөөгүй, хугацаа хэтэрсэн үндсэн зээлийн төлбөр, түүний хүү болон нэмэгдүүлсэн хүүг өссөн дүнгээр нэмэгдүүлж мэдэгдэж байсан. Мөн зээлийн гэрээний ерөнхий хугацаа 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 120 сар буюу 10 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Зээлийн нэмэлт гэрээ-ээр хугацааг 150 сар буюу 2030 оны 04 дүгээр сарын 13-ний өдөр хүртэл сунгаж тохирсон. Иймд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдах үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон зээлийн хүү 14,551,775 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,403 төгрөг, нийт 14,624,178.14 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга: Занабазар тооцооны төв мэдэгдэл өгснийг зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэж үзэхгүй гэсэн үндэслэлийг нэхэмжлэгч тайлбарладаг боловч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа мөн адил гэрээг цуцлахдаа зээлийн хорооноос шийдвэр гарсан эсэх дээр тайлбар гаргуулах гэхээр үндэслэлээ тайлбарладаггүй. Түүнчлэн тухайн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан этгээд нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, улмаар үр дагавар шаардах эрх нь олгогдсон гэж үзэж байна. Зээлийн тооцоонд Занабазар тооцооны төвийн захирал нь гарын үсэг зурсан бөгөөд Т ХХК-ийн гүйцэтгэх захирал зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй учраас Занабазар тооцооны төвийн захирлыг гарын үсэг зурах эрхгүй этгээд болохыг тогтоосон баримт бичиг, нотлох баримт нэхэмжлэгч талаас гаргаж өгөөгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

6.1 Түүнчлэн, нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацааг 2030 онд дуусах ёстой байсан бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар бодогдох ёстой гэж тайлбарладаг. Энэ нь суурь зарчмын хувьд Иргэний хуульд захирагдах ёстой бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсанаар тухайн гэрээтэй холбоотой хэрэгжилт дуусгавар болно. Өөрөөр хэлбэл, зээлийн хүү зогсох ёстой. 2019 онд Т ХХК-ийн зүгээс зээлийн гэрээг цуцалсан тухай тайлбар нь 2019 оноос хойш хүү тооцох эрх Т ХХК-д байхгүй тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Зээлдэгч Г.Бын зүгээс уг зээлийг авсан хугацаанаас эхлэн зөрчил үүсгэсэн. Учир нь, Г.Б нь 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Зээлийн гэрээ-ний дагуу жилийн 22,8 хувийн хүүгийн төлөлтийг төлөх боломжгүй бөгөөд анхнаасаа жилийн 8 хувийн хүүгийн төлөлттэй зээл авахаар хүсэл зоригоо илэрхийлсэн. Тухайлбал, нэхэмжлэгч Т ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 41 дугаартай Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл-д Зээлдэгч Г.Б нь 2015 оны 02 дугаар сард Танд хүсэлт гаргаж, ээж Ц.Оюуны тэтгэврийг барьцаалан зээл авч, орон сууцны зээлийн төлбөрийн хуваарийн зөрчлийг арилгаж, цаашид хуваарийн дагуу төлж байсан. Гэвч 2018 оны 05 дугаар сараас хойш 7 удаа 67 хоногоор хугацаа хэтрүүлэн төлсөн. Энэхүү зөрчил үүссэнээр МИК-ийн 8 хувийн зээлийн шалгуур үзүүлэлтийн эхний шаардлагыг хангахгүй байх, цаашид уг зээл нь МИК-ийн дахин санхүүжилтийн зээлд шилжихгүй байх нөхцөл байдал үүссэн болохыг үүгээр мэдэгдэж байна гэжээ. Үүнээс үзвэл Г.Б нь 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Зээлийн гэрээ-ний хүүгийн нөхцөлд өөрчлөлт оруулж, зээлийг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны зээлийн нөхцөлд оруулахаар 2015 оноос эхлэн хандаж байсан нь илэрхий харагдаж байна.

7.1. Мөн нэхэмжлэгч Т ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 14 дугаартай Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл-ээр илэрхий харагдаж байгаа. Уг агуулга бүхий хүсэл зоригийн илэрхийлэл нь Зээлдэгчийн хүсэлт болон Талуудын уулзалтын тэмдэглэл-ээс харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Т" ХХК нь хариуцагч Г.Б болон Б.Б нартай байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Зээлийн гэрээ-д зээлийн хүүг буруулах үүрэг хүлээгээгүй боловч нэхэмжлэгчийн зүгээс 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд түүний зээлийг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны зээлийн нөхцөлд шилжүүлэх горьдлого төрүүлсэн нь үнэн. Энэ нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасантай зөрчилдөж байна. Учир нь, Т ХХК-ийн зүгээс анхнаасаа, эсхүл арай эрт зээлдэгч нарт 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Зээлийн гэрээ-г Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны зээлийн нөхцөлд шилжүүлэх боломжгүйгээ илэрхийлсэн бол зээлийг анхнаасаа авахгүй байсан, эсхүл Ээжийнхээ болон аавынхаа тэтгэврийг барьцаалж зээл авч 40,000,000 төгрөгийн хүү төлөхгүйгээр байраа зараад зээлийг төлөх байсан юм. Үүнд нэхэмжлэгч Т ХХК-ийн зүгээс хариуцлага хүлээх ёстой бөгөөд тиймээс ч хариуцагчийн зүгээс хүү төлөх үүргээ хүлээн зөвшөөрөхгүй.

7.2. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасныг зөрчиж 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Зээлийн гэрээ-г хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлөлтийг шаардах эрхээ өөртөө ашигтай байдлаар ашигласан. Гэтэл анхан шатны шүүхийн зүгээс уг татгалзлын үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгөхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Тодруулбал, дээр дурдсаны дагуу хариуцагч буюу зээлдэгч нь 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Зээлийн гэрээ-г байгуулсан дараа сараас нь эхлэн зээлийн зөрчил үүсгэсэн бөгөөд зээлийн хүүг 8 хувийн хүүтэй зээлд шилжүүлэхгүй нөхцөлд зээлийг төлөх санхүүгийн боломжгүй гэдгээ нэхэмжлэгчид удаа дараа илэрхийлж байсан.

7.3. Түүнчлэн, хариуцагчийн зүгээс 2015 онд бусдад залилуулж, эдийн засгийн хувьд хүнд байдалд орсон гэдгээ удаа дараа нэхэмжлэгч Т ХХК-д мэдэгдэж байсан. Зээлдэгч Г.Б нь зээл, түүний хүүг төлөх эдийн засгийн чадваргүй тул арга буюу 8 хувийн зээлийн нөхцөлд шилжүүлэх зорилгоор өөрийн төрсөн аав, ээжийн тэтгэврийг барьцаалж зээл авч, улмаар зээлийн хүүг төлж байсан. Гэтэл Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.13, мөн Т" ХХК болон Г.Б, Б.Б нарын хооронд байгуулагдсан 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Орон сууцны зээлийн гэрээ-ний 7 дугаар зүйлийн 7.1.11, 7.1.22 болон 8 дугаар зүйлийн 8.23, 8.2.14-д заасны дагуу Т ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Зээлийн гэрээ-г цуцалж, уг зээлийг хугацаанаас нь өмнө буцаан төлүүлэх арга хэмжээ авах ёстой байхад уг эрхээ хэрэгжүүлэлгүйгээр зээлдэгч буюу хариуцагчийг хүүгийн дарамтад оруулсан.

7.4. Мөн 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Орон сууцны зээлийн гэрээ-г цуцлах дээр дурдсан маш олон үндэслэл бий болсон байхад нэхэмжлэгч нь МИК ОССК ХХК-аас уг нөхцөлүүдийг нууж, улмаар Г.Б, Б.Б нарын зээлийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр МИК ОССК ХХК-нд жилийн 13,75 хувийн хүүгийн нөхцөлтэйгөөр шилжүүлсэн байсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгч нь зээлийг төлөх эдийн засгийн чадваргүй, орлогогүй байхад, жилийн 22,8 хувийн хүүгийн нөхцөлтэйгөөр зээлийг төлөх боломжгүйгээ илэрхийлж, жилийн 8 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл рүү шилжүүлж өгөхийг удаа дараа хүсэж байхад хариуцагч Г.Б, Б.Б нарт мэдэгдэхгүйгээр МИК ОССК ХХК-нд жилийн 13,75 хувийн хүүтэйгээр зээлийн шилжүүлсэн. Тодруулбал, Т ХХК нь хариуцагч буюу зээлдэгч Г.Б, Б.Б нараас жилийн 22,8 хувийн хүүгийн орлого авч, харин МИК ОССК ХХК-д жилийн 13,75 хувийн хүү төлж, хүүгийн зөрүүгээс 9,05 хувийн хүүгийн орлогыг давхар олж байсан. Ийнхүү хариуцагч талын гаргасан татгалзал нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байхад тухайн баримтуудад эрх зүйн дүгнэлт өгөхгүйгээр, хэт нэг талыг баримталж, зээлийн нөхцөлд тохиролцоо тусгагдаагүй гэх ганцхан өгүүлбэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн хүлээн зөвшөөрч буй хэсгийг хангаж, бусад шаардлагын хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

8. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга: Т ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчид ямар нэгэн байдлаар 8 хувь руу шилжүүлнэ гэж тохиролцсон нөхцөл байхгүй. Тухайн үед зээл авахдаа зээлдэгч Г.Б, Б.Б нар нь 22,8 хувийг хүүг хүлээн зөвшөөрч, орон сууцны зээлийн гэрээ байгуулж, банкнаас 42,000,000 төгрөгийн зээл авсан. Хариуцагч нар зээлийн зөрчил гаргаж байсан тул урт хугацааны зээл гэдэг үүднээс банкнаас удаа дараа мэдэгдэл өгч байсан. Мэдэгдэл өгсний дагуу зээлдэгч нар зээлийн гэрээний зөрлийг арилгаагүй учраас 2021 оны 09 дүгээр сард зээлийн гэрээний төлбөр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Монголын ипотекийн корпорац нь манайд мөнгө хадгалуулж, банкны зүгээс хадгаламжийн хүү өгдөг. Г.Бын зээлийг 13,7 хувийн хүүтэй шилжүүлсэн ойлголт байхгүй. Ерөнхий гэрээнд зааснаар 22,8 хувийн хүүтэй зээл олгосон учраас зээлийн хүүд өөрчлөлт ороогүй хуулийн хүрээнд гэрээ байгуулагдсан. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Г.Б, Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 58,731,873.11 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд зээлийн гэрээний үүргийг шаардсан шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх үндсэн зээлийн үлдэгдэл 37,634,259.22 төгрөг, хүүгийн төлбөрт 21,016,575.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 81,038.10 төгрөг тус тус гаргуулахаар тодорхойлсон.

3. Хариуцагч Г.Б шаардлагын үндэслэлийг нэхэмжлэгч зээлийн хүүг 8 хувьд шилжүүлээгүй, зээлийн гэрээг хугацаанаас өмнө нь цуцлах боломж байсан ч цуцлаагүй нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж, хариуцагч Б.Б зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон, зээл авах хүсэл зориг байгаагүй тул зээлийн гэрээний үүргийг хүлээхгүй, нэмэлт зээлийн гэрээнд Б.Б гарын үсэг зураагүй, нэхэмжлэгчээс мэдэгдэл танилцуулаагүй агуулгаар тус тус үгүйсгэн маргажээ.

4. Хэрэгт авагдсан 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 15-05 дугаар Зээлийн гэрээ-ээр Г.Б, Б.Б нар нь Т ХХК-иас 42,000,000 төгрөгийг, жилийн 22,8 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлэх, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг зээлийн хүүгийн 20 хувиар байхаар тогтоосон. Мөн өдөр Б15/05 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-ээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20 дугаар байр, 000 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Улмаар талууд 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээний хугацааг 2030 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл сунгахаар 15/15-01 дугаар зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-г байгуулсан үйл баримт тогтоогдож байна. /1хх 15-16/

4.1 Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ болон мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүссэн, эдгээр гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

5. Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох 42,000,000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн талаар зохигч маргаагүй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Харин хариуцагч нар нь 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс хойш зээлийн гэрээний үүрэг болох мөн зүйлд заасан гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зээл, хүүний тооцооны хуудсаар тогтоогдож байхаас гадна хариуцагч уг үйл баримтыг үгүйсгээгүй. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.Бийг мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх тул нэхэмжлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь мөн зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй.

6. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. Хариуцагч нар 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс хойш мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, мөн нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг хариуцагчаас удаа дараа шаардаж, улмаар 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэрээг цуцлах мэдэгдлийг хариуцагчид өгсөнөөр гэрээг хугацаанаас нь өмнө нэхэмжлэгчийн санаачилгаар цуцалсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцсэн байна.

7. Харин анхан шатны шүүх зээлийн гэрээг цуцалсан 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс хойш хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцээгүй байна. Учир нь, мөн зүйл болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1999 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй бөгөөд энэ нь зээлдэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцалснаас хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Түүнчлэн, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /2021 оны/ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт дээр дурдсан 1999 оны хуулийн зохицуулалттай адил агуулга бүхий Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэсэн зохицуулалт тусгагдсан байна. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, үндсэн зээлийн үлдэгдэл 37,634,259.22 төгрөг дээр гэрээг цуцлах хүртэлх хугацааны болон түүнээс хойшхи хугацааны хүүгийн төлбөрт 21,016,575.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81,038.10 төгрөгийг тус тус нэмж хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй байна.

8. Нэхэмжлэгчийг төлөөлж салбарын захирал зээлийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг гаргаж байсан нь зээлдүүлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд гаргасан гэж үзэх боломжгүй байна. Учир нь, зээлийн гэрээг нэг талаас буюу зээлдүүлэгчийг төлөөлж салбарын захирал байгуулсан байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

9. Зээлдэгч Г.Б нь зээлийн гэрээний хүүгийн хэмжээг багасгаж өөрчлөлт оруулахаар тохиролцсон гэж үзэх, мөн нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлөлтийг шаардах эрхээ өөрт ашигтай байдлаар ашигласан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Түүнчлэн, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай /2021 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13 дахь хэсэгт Зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болохоор, эсхүл болсон бол зээлдүүлэгч зээл олгохоос татгалзах, эсхүл олгосон зээлийг буцаан төлөхийг шаардах эрхтэй гэж заасан бөгөөд энэ зээлдүүлэгчийн эрх тул уг эрхээ хэрэгжүүлээгүйд түүнийг буруутгах боломжгүй. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

10. Талуудын хооронд байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байхаас гадна зохигчид энэ талаар маргаагүй, давж заалдах гомдол гаргаагүй тул зээлийн гэрээний үүргийн биелэлтийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээнэ.

11. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2022/01350 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Б, Б.Б нараас 58,731,873 төгрөг гаргуулж Т ХХК-д олгосугай. гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 521,810 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б, Б.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 521,810 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д буцаан олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 521,810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,080 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

М.БАЯСГАЛАН