Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2022/01687

 

2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Дугаар 102/ШШ2022/01687 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: **** тоот хаягт оршин суух, эмэгтэй, **** овогтой ****ын **** /РД: ****/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **** тоот хаягт үйл ажиллагаа явуулах нотариатч, эмэгтэй, **** овогтой ****ын **** /РД: ****/,

Хариуцагч: ***** хаягт оршин байрлах *****тус тус холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, **** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд ***** нарыг нэмж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.****

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.****

Хариуцагч М.****

Хариуцагч **** итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*****

Гуравдагч этгээд, гуравдагч этгээд **** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ****,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.****

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.****

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.**** нь хариуцагч М.****, *****холбогдуулан Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, **** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд ***** нарыг нэмж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Д.**** нь талийгаач Г.****ын хамт ***** тоот орон сууцыг 2010 онд худалдан авч хамтран өмчилсөн. Г.****ыг нас барах хүртэл тухайн орон сууцанд амьдарч байсан. Нийслэлийн тойргийн **** дугаартай нотариатчийн гэрчилсэн **** дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн өмчлөгч Д.****гийн зөвшөөрөлгүйгээр ***** нарыг орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэсэн. Тус өвлөх эрхийн гэрчилгээ нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2 дахь хэсэгт заасныг зөрчиж өв нээгдсэнээс хойш 1 жилийн өнгөрөөгүй байхад хууль бусаар олгогдсон тул өвлөх эрхийн гэрчилгээ, эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд ***** нарыг нэмж бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.

 

2. Хариуцагч М.**** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй **** 6 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө Г.****, Д.**** нарын 2 иргэний өмчлөлд бүртгэгдсэн бөгөөд өмчлөгч Г.**** нь 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр нас барсан тул түүнд ногдох хэсгийг өвлөн авахаар нас барагчийн төрсөн ах ****, эгч ****, дүү *****, **** нар 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүсэлт гаргасан. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасны дагуу баримтуудыг бүрдүүлэн өвлөх эрхийн гэрчилгээг баталгаажуулсан. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгчийн тухайд нас барагчийн иргэний үнэмлэх болон нас барсны гэрчилгээ, нас барагчийн гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, нас барагчийн эцэг Ц.****, эх С.**** нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, эцэг Ц.****ын нас барсны бүртгэлийн лавлагаа, эх С.****гийн нас барсны бүртгэлийн лавлагаа, нас барагчийн нас барах хүртлээ оршин сууж байсан Баянгол дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн оршин суугаа газрын тодорхойлолт, нас барагчийн төрөл садангийн лавлагаанууд зэрэг баримтуудаар Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3-т зааснаар өвлөх эрхийн гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан ***** нараас өөр өвлөгч байхгүй нь нотлогдсон. Иймд Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1.2-т заасан хугацаанаас өмнө үл хөдлөх эд хөрөнгийн нас барагчид ногдох хэсэг буюу 50 хувийг ***** нарт өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээ бичиж, түүнд Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар өвлөгдөх эд хөрөнгийн нас барагчид ногдох хэсгийг тодорхой заасан. Нэхэмжлэгч Д.**** үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн боловч хууль ёсны өвлөгч болох нотолгоо байхгүй, нас барагч гэрлэлт бүртгэлгүй байсан тул түүнээс нас барагчийн өмчилж байсан хувийг өвлөн авах эсэх тухай хүсэлт гаргуулах шаардлагагүй гэж үзэж, түүний өмчлөлийн хувийг хөндөөгүй орхисон болно. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Хариуцагч **** итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ***** м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 142 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах худалдан авах гэрээгээр иргэн Г.****, Д.**** нарт, 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн **** дугаартай нотариатчийн гэрчилсэн өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн *****, Д.**** нарт тус тус өмчлөх эрх шилжин бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар уг эд хөрөнгөд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдээгүй байна. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй, мөн хуулийн 29 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй тул уг бүртгэлийн холбогдох хууль, дүрэм, журмын дагуу бүртгэсэн болно. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

4. Гуравдагч этгээд, гуравдагч этгээд **** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүхэд гаргасан тайлбартаа: Эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй **** 6 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчилж байсан Г.**** нь ***** нарын төрсөн ах, дүүс юм. Д.**** нь талийгаач Г.****тай гэр бүлийн харилцаатай байгаагүй, тэд хамт амьдарч байгаагүй, талийгаач ганцаараа амьдардаг байсан. Д.**** нь Х.****тай гэр бүлийн харилцаатай байсан болох нь шүүхийн журмаар бүрдүүлсэн Д.****, Х.**** нарын гэрлэлт 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдоно. Харин Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/02935 дугаартай Д.****, Г.**** нарыг 2010 оны 01 дүгээр сараас 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай болохыг тогтоох үндэслэл болсон баримт болох Д.****, Х.**** нарын гэрлэлт 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон улсын бүртгэлийн лавлагаа зөрүүтэй байдаг. Талийгаачийн хөрөнгийг өвлөх эрхтэй хүмүүс нь зөвхөн ах дүү нар болох ***** юм. Талийгаач огт гэрлэж байгаагүй, төрсөн болон үрчилж авсан хүүхэдгүй, төрсөн эцэг, эх нь нас барсан. Өвөг эцэг, эмэг эх байгаагүй. Хууль ёсны өвлөгч болох ***** нар талийгаачийн хөрөнгө болох дээр дурдсан орон сууцыг өвлөх эрхийн гэрчилгээг олгох хүсэлтийг харьяаллын дагуу Баянгол дүүргийн нотариатч М.****д гаргасан. Нотариатч өөр өвлөгч байгаа эсэхийг шалгаад **** дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг бичиж өгсөн. Орон сууцны өмчлөгчөөр хууль ёсны өвлөгч нарыг эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй учир өмчлөгчөөр бүртгэж, **** дугаартай Нийслэлийн ***** тоотод байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон. ***** нарт олгосон өвлөх эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр ***** нарыг нэмж бүртгэсэн бүртгэл нь хуулийн дагуу хийгдсэн ажиллагаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1596 дугаартай албан бичиг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Хаан банк ХХК болон Г.****, Д.**** нарын хооронд байгуулагдсан орон сууцны зээлийн болон барьцааны гэрээ, Хаан банкны 31,200,000 төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг баримтуудыг,

Хариуцагчаас өвлөх эрхийн гэрчилгээ, ***** нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Г.****ын нас барсны гэрчилгээ, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, Ц.****ын нас барсны бүртгэлийн лавлагаа, С.****гийн нас барсны лавлагаа, Г.****ын байнга оршин суугаа газрын тодорхойлолт, Ц.****, С.**** нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Г.****ын оршин суугаа газрын тодорхойлолт, **** 6 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Г.****, *****, ****, *****, **** нарын төрөл садангийн лавлагаа, *****, ****, *****, **** нарын өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлт зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн,

Нэхэмжлэгчийн хүсэлтээр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэг, түүхчилсэн лавлагаа, өвлөх эрхийн гэрчилгээ, гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/02935 дугаартай шийдвэр, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Хаан банк ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 5024/22/1300 дугаартай тодорхойлолт, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШЗ2021/16737 дугаартай захирамж зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.****гийн гаргасан өвлүүлэгч Г.****ын өмчлөлд байсан эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй, **** тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн ногдох хэсгийг өвлөгч ***** нарт олгосон өвлөх эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд ***** нарыг нэмж бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно гэсэн хууль зөрчиж, ***** нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Мөн орон сууцны өмчлөгч болох Д.****гийн зөвшөөрөлгүйгээр хамтран өмчлөгчөөр ***** нарыг нэмж бүртгэсэн.

3. Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдсон тул өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрөхөөс өмнө олгосон. Уг өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн нь хууль зөрчөөгүй.

4. Гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн татгалзлыг дэмжиж оролцсон.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1733 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Г.****, Ц.****, С.**** нарын нас барсны гэрчилгээ, өвлөх эрхийн гэрчилгээ, Г.****ын байнга оршин суугаа газрын тодорхойлолт, Ц.****, С.**** нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Г.****ын оршин суугаа газрын тодорхойлолт, Г.****, *****, ****, *****, **** нарын төрөл садангийн лавлагаа, *****, ****, *****, **** нарын өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлт зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1. Нэхэмжлэгч Д.**** нь Г.****ын хамт 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр З.****, Л.**** нартай байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй, **** тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байх ба хамтран өмчлөгч Г.**** нь 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нас барсан байна.

 

5.2. Нийслэлийн тойргийн нотариатч М.**** нь 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр нас барагч Г.****ын ах ****, эгч ****, дүү *****, **** нарт дээрх орон сууцны өвлүүлэгч Г.****т оногдох хэсэг болох 50 хувийг өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байх ба уг өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр өв залгамжлагч нарыг орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмж, Д.****, ***** нарын 5 иргэний өмчлөлд орон сууц бүртгэгджээ.

 

6. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно., 43.2.1-т өвлөгч болохыг нотлох баримт бичиг; 43.2.2-т өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ, сураггүй алга болсонд тооцсон болон нас барсан гэж зарласан бол энэ тухай шүүхийн шийдвэр; 43.2.3-т өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг; 43.2.4-т өвлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр; 43.2.5-т өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, түүний оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт зэргийг үндэслэнэ гэж заасан байна.

 

6.1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Г.****ын нас барсны гэрчилгээ, түүний байнга оршин суугаа хаягийн болон нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжид хөдөлмөрийн чадваргүй иргэн байхгүй талаарх хорооны Засаг даргын тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай улсын бүртгэлийн лавлагаа, төрсөн эцэг Ц.****, төрсөн эх С.**** нарын гэрлэлтийн улсын бүртгэлийн лавлагаа, төрсөн эцэг Ц.**** 1977 оны 06 дугаар сарын 29-ний өдөр, төрсөн эх С.**** 1988 оны 03 дугаар сарын 30-ны өдөр тус тус нас барсны бүртгэлийн лавлагаа, төрсөн ах ****, төрсөн эгч ****, төрсөн дүү *****, төрсөн дүү **** болох төрөл садангийн тухай лавлагаа, тэдгээрийн бичгээр гаргасан хүсэлт зэргийг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.

 

7. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эхийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй, 520.1.2-т энэ хуулийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ гэж тус тус заасан.

 

7.1. Нас барагч Г.**** гэрлэлт бүртгэлгүйгээс гадна төрсөн эцэг Ц.****, төрсөн эх С.**** нар нас барсан байх тул нас барагчийн ах ****, эгч ****, дүү *****, **** нар хууль ёсны өвлөгч болох нь тогтоогдож байх ба тэдгээрээс өөр хууль ёсны өвлөгч байхгүй талаар талууд маргаагүй.

 

8. Нотариатч М.**** нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлт гаргасан нас барагчийн ах ****, эгч ****, дүү *****, **** нараас өөр өвлөгч байхгүй нь дээрх дурдсан баримтаар нотлогдсон байх тул өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрөхөөс өмнө 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр олгосон нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно., 531.3-т гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг энэ хуулийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно гэж заасантай нийцсэн байна.

 

9. Хариуцагч М.**** нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйл, Нотариатын үйлдэл хийх заавар-ын 8-д заасныг зөрчөөгүй байх тул 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өвлүүлэгч Г.****ын өмчлөлд байсан үл хөдлөх эд хөрөнгийн ногдох хэсгийг хууль ёсны өвлөгч ***** нарт олгосон өвлөх эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд ***** нарыг нэмж бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

10. Үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарах нэхэмжлэлийн шаардлага тус бүрээс улсын тэмдэгтийн хураамжийг тогтоож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.****, *****холбогдох өвлүүлэгч Г.****ын өмчлөлд байсан эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй, **** тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн ногдох хэсгийг өвлөгч ***** нарт олгосон өвлөх эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд ***** нарыг нэмж бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Д.****гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ