Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/01285

 

Д.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2022/01687 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Д-гийн хариуцагч М.А-, У-т холбогдуулан гаргасан өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд Г.Ц- Г.Ц-, Г.Ц-, Г.Ц- нарыг нэмж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д-, түүний өмгөөлөгч Б.Солонго гуравдагч этгээд Г.Ц-, түүний өмгөөлөгч Б.Баян-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Д.Д- нь талийгаач Г.Ц-ын хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Хасбаатарын гудамж 27а байрны 6 тоот орон сууцыг 2010 онд худалдан авч, хамтран өмчилсөн. Г.Ц-ыг нас барах хүртэл тухайн орон сууцанд амьдарч байсан. Нийслэлийн тойргийн 349 дугаартай нотариатчийн гэрчилсэн 41 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн, өмчлөгч Д.Д-гийн зөвшөөрөлгүйгээр Г.Ц- Г.Ц-, Г.Ц-, Г.Ц- нарыг орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэсэн. Тус өвлөх эрхийн гэрчилгээ нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2 дах хэсэгт заасныг зөрчиж өв нээгдсэнээс хойш 1 жилийн өнгөрөөгүй байхад хууль бусаар олгогдсон тул өвлөх эрхийн гэрчилгээ, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд Г.Ц- Г.Ц-, Г.Ц-, Г.Ц- нарыг нэмж бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

2.Хариуцагч М.А-ийн тайлбар, татгалзлын агуулга: Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 3 дугаар хороолол /16096/, Хасбаатарын гудамж, б- хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө Г.Ц-, Д.Д- нарын 2 иргэний өмчлөлд бүртгэгдсэн бөгөөд өмчлөгч Г.Ц- нь 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нас барсан тул түүнд ногдох хэсгийг өвлөн авахаар нас барагчийн төрсөн ах Г.Ц- эгч Г.Ц-, дүү Г.Ц-, Г.Ц- нар 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүсэлт гаргасан. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасны дагуу баримтуудыг бүрдүүлэн өвлөх эрхийн гэрчилгээг баталгаажуулсан. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгчийн тухайд нас барагчийн иргэний үнэмлэх болон нас барсны гэрчилгээ, нас барагчийн гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, нас барагчийн эцэг Ц.Гүржав, эх С.Лхаасүрэн нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, эцэг Ц.Гүржавын нас барсны бүртгэлийн лавлагаа, эх С.Лхаасүрэнгийн нас барсны бүртгэлийн лавлагаа, нас барагчийн нас барах хүртлээ оршин сууж байсан Баянгол дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн оршин суугаа газрын тодорхойлолт, нас барагчийн төрөл садангийн лавлагаанууд зэрэг баримтуудаар Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3 дахь хэсэгт зааснаар өвлөх эрхийн гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан Г.Ц- Г.Ц-, Г.Ц-, Г.Ц- нараас өөр өвлөгч байхгүй нь нотлогдсон. Иймд Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1.2-т заасан хугацаанаас өмнө үл хөдлөх эд хөрөнгийн нас барагчид ногдох хэсэг буюу 50 хувийг Г.Ц- Г.Ц-, Г.Ц-, Г.Ц- нарт өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээ бичиж, түүнд Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт зааснаар өвлөгдөх эд хөрөнгийн нас барагчид ногдох хэсгийг тодорхой заасан. Нэхэмжлэгч Д.Д- үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн боловч хууль ёсны өвлөгч болох нотолгоо байхгүй, нас барагч гэрлэлт бүртгэлгүй байсан тул түүнээс нас барагчийн өмчилж байсан хувийг өвлөн авах эсэх тухай хүсэлт гаргуулах шаардлагагүй гэж үзэж, түүний өмчлөлийн хувийг хөндөөгүй орхисон болно. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга: Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол /16093/, Хасбаатар гудамж 27 а байрны 6 тоот 64 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 142 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах худалдан авах гэрээгээр иргэн Г.Ц-, Д.Д- нарт, 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 349 дугаартай нотариатчийн гэрчилсэн өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн Г.Ц- Г.Ц-, Г.Ц-, Г.Ц-, Д.Д- нарт тус тус өмчлөх эрх шилжин бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар уг эд хөрөнгөд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдээгүй байна. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй, мөн хуулийн 29 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй тул уг бүртгэлийн холбогдох хууль, дүрэм, журмын дагуу бүртгэсэн болно. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4.Гуравдагч этгээд Г.Ц- Г.Ц-, Г.Ц-, Г.Ц- нарын тайлбар, татгалзлын агуулга: 6 тоот орон сууцыг өмчилж байсан Г.Ц- нь Г.Ц- Г.Ц-, Г.Ц-, Г.Ц- нарын төрсөн ах, дүүс юм. Д.Д- нь талийгаач Г.Ц-тай гэр бүлийн харилцаатай байгаагүй, талийгаач ганцаараа амьдардаг байсан. Харин Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/02935 дугаартай Д.Д-, Г.Ц- нарыг 2010 оны 01 дүгээр сараас 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай болохыг тогтоох үндэслэл болсон баримт болох Д.Д-, Х.Төмөрбаатар нарын гэрлэлт 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон улсын бүртгэлийн лавлагаа зөрүүтэй байдаг. Талийгаачийн хөрөнгийг өвлөх эрхтэй хүмүүс нь зөвхөн ах, дүү нар болох Г.Ц- Г.Ц-, Г.Ц-, Г.Ц- юм. Талийгаач огт гэрлэж байгаагүй, төрсөн болон үрчилж авсан хүүхэдгүй, төрсөн эцэг, эх нь нас барсан. Өвөг эцэг, эмэг эх байгаагүй. Хууль ёсны өвлөгч болох Г.Ц- Г.Ц-, Г.Ц-, Г.Ц- нар талийгаачийн хөрөнгө болох дээр дурдсан орон сууцыг өвлөх эрхийн гэрчилгээг олгох хүсэлтийг харьяаллын дагуу Баянгол дүүргийн нотариатч М.А-д гаргасан. Нотариатч өөр өвлөгч байгаа эсэхийг шалгаад 41 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг бичиж өгсөн. Орон сууцны өмчлөгчөөр хууль ёсны өвлөгч нарыг эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй учир өмчлөгчөөр бүртгэж, 000871032 дугаартай Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол /16093/, Хасбаатарын гудамж 27 а байр 6 тоотод байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон. Г.Ц- Г.Ц-, Г.Ц-, Г.Ц- нарт олгосон өвлөх эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Г.Ц- Г.Ц-, Г.Ц-, Г.Ц- нарыг нэмж бүртгэсэн бүртгэл нь хуулийн дагуу хийгдсэн ажиллагаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.А-, У-т холбогдох өвлүүлэгч Г.Ц-ын өмчлөлд байсан эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол /16093/, Хасбаатар гудамж 27А дугаар байр 6 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн ногдох хэсгийг өвлөгч Г.Ц- Г.Ц-, Г.Ц-, Г.Ц- нарт олгосон өвлөх эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд Г.Ц- Г.Ц-, Г.Ц-, Г.Ц- нарыг нэмж бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Д-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

6.а.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтдууыг буруу үнэлж, хэргийг бодит байдлаас зөрүүтэй дүгнэсэн. Өмчлөгч өмчлөх эрхээ бодитойгоор хэрэгжүүлэх ямар ч боломжгүй байдлыг бий болгосон. Учир нь өмчлөгч Д.Д- нь өөрийн эзэмших эрхийг эдлэх гэхэд талийгаачийн ах Г.Цэрэннамдаг гэрт нь орж суучихаад хаалгаа нээж өгдөггүй, бусдад захиран зарцуулаад ногдох хэсгээ гаргуулан авах гэхээр хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн Г.Ц- Хөвсгөл аймгийн Мөрөн суманд амьдардаг, Г.Ц- Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд амьдардаг, Г.Ц- Багануур дүүрэгт гэх мэтээр хөдөө орон нутагт харьяалалтай. Мөн түүнчлэн утсаар залгаад холбогдох гэхээр хэн нь ч Д.Д-гийн утсыг авахгүй байдаг. Цаашлаад тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 180,000,000 төгрөг гэж тооцоолоход талийгаачийн хувь нь 90,000,000 төгрөг нь Д.Д-гийн ногдох хувь нь 90,000,000 төгрөг байх байтал ногдох хувь нь 36,000,000 төгрөг байх жишээтэйгээр эрх нь зөрчигдөж байгаа бөгөөд хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр нь тайлбар өгсөн талийгаач Г.Ц-ын төрсөн эгч Г.Ц-ийн тайлбарт /гуравдагч этгээд/ шүүгч ач холбогдол өгч, үнэлээгүй.

6.б.Нотариатын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т нотариатч тэгш эрхийг хангах зарчмыг баримтлах ёстой. Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу өмчлөх эрхтэй хууль ёсны өмчлөгч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд байхад өмчлөгчид мэдэгдээгүй 2 хүний өмчийг 5 хүний өмч болгож бүртгэх үйлдэл хийж байгаа гэдгээ бүрэн ухамсарлах ёстой байсан. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоох үйлдлээ дутуу хийсэн. ... шаардлагатай бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт авах үүргээ биелүүлэлгүй. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны өдрийн 171 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Нотариатын үйлдэл хийх зааврын 2 дугаар зүйлийн 2.12 дах хэсэгт Гэрчлүүлэх баримт бичгийг засварласан, он, сар, өдөр, регистрийн дугаар, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр нь эх баримт болон бусад баримт бичигтэй зөрөөтэй тохиолдолд холбогдох байгууллагаас олгосон лавлагаа, тодорхойлолтыг үндэслэн баримт бичгийг гэрчлэх эсэхийг шийдвэрлэнэ. /ХЗДХС-ын 2021 оны А/210 дугаар тушаалаар өөрчилсөн/ гэх заалтыг зөрчсөн байгаад шүүх дүгнэлт хийгээгүй. Хавтаст хэрэгт авагдсан талийгаач Г.Ц- нь Чүлтэм овогтой, Г.Цэрэннамдаг нь Унзад овогтой, Г.Ц- нь Бах овогтой гэх мэт өв залгамжлагч нарын овог зөрүүтэй байгааг нотариатч шалгаж баталгаажуулаагүй, энэ тухайгаа шүүх хуралдааны явцад мөн мэдүүлсэн байдаг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 103 дугаар зүйлийн 103.1, 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасан заалтуудын хүрээнд өмчлөгч өөрт олгогдсон эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хязгаарласан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

7.Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхээр нотариатчийн өв залгамжлалын гэрээг үндэслэлтэй хийсэн эсэх, бүртгэл үндэслэлтэй байсан эсэх асуудлыг хэлэлцэж зөв дүгнэсэн. Тэгш эрхийг хангаагүй гэх агуулгыг гомдолдоо дурдсан. Нотариатч хууль ёсны өвлөгч нарыг гэрчлэхдээ 4 хууль ёсны өв залгамжлагчийн байлцуулан, тэгш эрхийг хангаж үүргээ хэрэгжүүлсэн. Бүх өв залгамжлагч нар Гүржав овогтой гэдэг нь лавлагаагаар нотлогддог. Ургийн овгийг тухайн үед шинээр авахдаа өөр өөрийнхөөрөө зохиогоод авсан учир бүгд өөр ургийн овогтой байдаг. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлд заасан өвлөх эрхийн гэрчилгээ хууль ёсны дагуу олгогдсон эсэх асуудал энэхүү хэрэг маргаанаар хянан шийдвэрлэгдэнэ. Нотариатчийн үйлдэл нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3 дахь хэсэгт заасны дагуу явагдсан. Нэхэмжлэгч Д.Д-гийн өмчлөлийн асуудалд халдсан, хохироосон асуудал байхгүй. Зөвхөн нас барагчийн оногдох хэсгийг өвлөх тухай асуудал яригдсан. Иймд нэхэмжлэгч талаас гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

8.Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Д.Д- нь хариуцагч У-, М.А- нарт холбогдуулан өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд хийсэн нэмэлт бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3.Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 3 дугаар хороолол /16093/, Хасбаатарын гудамж, 27А байр, 6 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 64 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Г.Ц-, Д.Д- нар бүртгэгдсэн байх бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2935 дугаар шийдвэрээр Г.Ц-, Д.Д- нарыг хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 31, 146-147-р тал/

3.а.Дээрх орон сууцны хамтран өмчлөгч Г.Ц- нь 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр нас барж, нас барагчийн дүү Г.Ц-, Г.Ц-, Г.Ц-, ах Г.Цэрэннамдаг нар нь 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг гаргажээ. /хх-ийн 29, 33-36-р тал/. Дээрх нэр бүхий 4 иргэн нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т зааснаар нас барагч Г.Ц-ын хууль ёсны өвлөгч болох нь төрөл садангийн тухай лавлагаагаар тогтоогдсон байна. /хх-ийн 32-р тал/

Хариуцагч буюу нотариатч М.А- нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дах хэсэгт заасан бичиг баримтуудыг үндэслэн, 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 41 дугаар өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нь хууль зөрчөөгүй байна. Тус өвлөх эрхийн гэрчилгээнд 6 тоот орон сууцны өмчлөгч буюу өвлүүлэгч Г.Ц-т ногдох хэсэг болох 50 хувийг өвлөгч нарт өвлүүлжээ. /хх-ийн 28-р тал/. Өөрөөр хэлбэл, нотариатч нь маргаан бүхий орон сууцны зөвхөн Г.Ц-т ногдох 50 хувийг өвлөгч нарт өвлүүлсэн болохоо өвлөх эрхийн гэрчилгээнд тодорхой заасан, энэ нь өмчлөгч Д.Д-гийн өмчлөх эрхийг хөндөөгүй байх тул 41 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, гуравдагч этгээдийг нэмж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв байна.

Харин хариуцагч Улсын бүртэлийн ерөнхий газар нь дээрх өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэл болгон шинээр өмчлөх эрхийн гэрчилгээг олгохдоо хувь тогтоосон нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр бүртгэлийг баталгаажуулсан нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан улсын бүртгэл үнэн зөв, бодитой байх зарчимд нийцээгүй байна. /хх-ийн 61-р тал/.

Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 3 дугаар хороолол /16093/, Хасбаатарын гудамж, 27А байр, 6 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 64 м.кв талбай бүхий орон сууцны 50 хувийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.Д-г, 50 хувийн өмчлөгчөөр гуравдагч этгээд Г.Ц-, Г.Ц-, Г.Ц-, Г.Цэрэннамдаг нарыг бүртгэхийг хариуцагч У-т даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2022/01687 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д-гийн нэхэмжлэлийн шаардлагаас өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Г.Ц-, Г.Ц-, Г.Ц-, Г.Цэрэннамдаг нарыг нэмж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 3 дугаар хороолол /16093/, Хасбаатарын гудамж, 27А байр, 6 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 64 м.кв талбай бүхий орон сууцны 50 хувийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.Д-г, 50 хувийн өмчлөгчөөр Г.Ц-, Г.Ц-, Г.Ц-, Г.Цэрэннамдаг нарыг бүртгэхийг хариуцагч У-т даалгасугай гэж,

2 дах заалтын ... 56.1 ... гэснийг 56.2 гэж, ... үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д-д олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

Г.ДАВААДОРЖ