Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2022/01524

 

 

 

 

 

 

 

 

 

                               2022         05            05

                               184/ШШ2022/01524

              

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Л.А-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Э-т холбогдох

 

Орон сууцны эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах, өмчлөгчөөр тогтоолгох, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: А.Ц-ын

 

Л.Аг орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...Миний бие 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Швед улсад оршин суух Б.А, Б.А, Герман улсад оршин суух Б.Э нараас Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 7 дугаар байрны 28 тоотын 29 м.кв талбайтай орон сууцыг худалдан авахаар худалдагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Этэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

12,300,000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр төлөхөөр талууд гэрээээр тохиролцсон. Гэтэл худалдагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь уг орон сууцны эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөхгүй байгаагийн улмаас банкны зээлд хамрагдах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул гэрээний үүргээ биелүүлж улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгах нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь өөрийн хамаарал бүхий хүн А.Цт орон сууцыг худалдсан. Уг хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцож, Б.А, Б.А, Б.Э нарын өмчлөх эрхийг сэргээлэх гэж шаардлагаа нэмэгдүүллээ” гэдэг.   

 

2. Хариуцагч Б.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хариу тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 7 дугаар байр 28 тоот 29 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцыг бусдад худалдах итгэмжлэлийг 2019 онд тус орон сууцны өмчлөгч А, А, Б.Э нараас авсан бөгөөд зарын дагуу Л.А нь 50,000,000 төгрөгөөр орон сууцыг худалдаж авахаар харилцан тохиролцож 2019 оны 12 сарын 27-ны өдөр гэрээ байгуулсан.

Худалдах худалдан авах гэрээний үндсэн төлбөрийн урьдчилгаа 30 хувийг Худалдаа хөгжлийн банкинд байршуулж үлдэгдэл 70 хувийг банкны зээлээр 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэхэд төлбөрийг бүрэн төлж барагдуулна гэж тохиролцсон боловч Л.А нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. 2 жил гаруйн хугацаанд гэрээнд заасан төлбөр болон түрээсийн төлбөрийг төлөөгүй тул орон сууцыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл амьдарч байна.

Гэрээний үүргээ биелүүлээгүй тул тухайн орон сууцыг бусдад худалдах итгэмжлэлийн өөрт олгогдсон эрхийн хүрээнд ээж А.Цт худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн, итгэмжлэл хүчинтэй байх хугацаанд орон сууцыг худалдах эсэх нь миний бүрэн эрхийн асуудал тул хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, түүний төлөөлөгч нараас шаардлагын үндэслэлээ "...А.Ц нь Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо, 7 дугаар байр 28 тоот 29 м.кв орон сууцыг Б.А, Б.А, Б.Э нараас 2022 оны 01 дүгээр сард худалдан авч, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2201003210 дугаар бүхий тус орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан байдаг. Нэхэмжлэгч Л.А нь Б.Этэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу тохирсон мөнгөө өгөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй, мөн эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэг шаардлага болох Б.Э, А.Ц нарын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нь үндэслэлгүй. Б.А, Б.А, Б.Э нар гадаад улсад амьдардаг тул гадаад улсаас итгэмжлэл ирүүлэхэд хүндрэлтэй, хугацаа шаардах байсан тул Б.Эээс ээж А.Цтай худалдах худалдан авах гэрээ байгуулсан, 3 жилийн хугацаатай олгогдсон итгэмжлэлийн дагуу худалдах худалдан авах хэлцэл хийгдсэн тул Л.Аг орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасан” гэжээ.

 

4. Нэхэмжлэгч талаас гуравдагч этгээдийн гаргасан шаардлагын хариу тайлбартаа: “...Б.Э, А.Ц нарын хооронд байгуулсан 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үздэг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн юм. Учир нь шүүх дээр маргаан шийдэгдээгүй байхад, нэхэмжлэгчид худалдсан, үнийг төлж байгаа, засвар үйлчилгээ хийсэн байрыг мэдсээр байж хамаарал бүхий хүнтэй буюу өөрийн ээжтэйгээ гэрээ хийж орон сууцыг шилжүүлсэн нь хууль бус тул албадан чөлөөлүүлэх шаардлага үндэслэлгүй” гэв.

 

5. Зохигч болон талуудаас шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд

5.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт – 408,000, 407,950 төгрөг тус тус төлсөн тэмдэгтийн хураамжийн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт,  2019 оны 12 сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.Э, Б.А, Б.А нараас Б.Эт олгосон итгэмжлэл, Л.Агийн Хаан банкны, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга.

 

5.2. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт – Хариу тайлбар

 

5.3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт – 70,200 төгрөг төлсөн тэмдэгтийн хураамжийн баримт, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, А.Цын хаан банкны дансны хуулга,

 

6. Талуудын хүсэлтээр шүүхийн журмаар цугуулсан баримт – Маргаан бүхий орон сууцны талаарх Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн албан бичиг, түүнд хавсаргасан материал.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.Агийн хариуцагч Б.Эт холбогдуулан гаргасан орон сууцны эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах, өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг болон гуравдагч этгээд А.Цын нэхэмжлэгчийг орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн Б.Э, А.Ц нарын хооронд байгуулагдсан 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг шаарлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

2. Маргааны зүйл болох Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо, 7 дугаар байр 28 тоот хаягт байрших 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж, хариуцагч нь мөн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, түрээсийн харилцаанд шилжсэн ч түрээсээ төлөхөө байсан гэж, гуравдагч этгээдээс өмчлөх эрхээ эдлэх, хэрэгжүүлэхэд саад учруулж буй үйлдлийг зогсоох буюу албадан нүүлгэж эрхээ сэргээлгэнэ гэж тус тус марган мэтгэлцдэг.

 

3. Үйл баримтын хувьд

3.1. Дээр дурдсан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 7 дугаар байр 28 тоот хаягт байрших, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч гэх Герман улсад оршин суух Б.Эаас 2019 оны 9 сарын 19-ний өдөр “...орон сууцыг худалдах, түүнтэй холбогдох гэрээнд гарын үсэг зурах, төлбөр тооцоог хийж хүлээн авах, нотариатаар баталгаажуулах бүрэн эрхийг олгов” гэх, Швед улсад оршин суух Б.А, Б.А нараас 2019 оны 8 сарын 28-ны өдөр “...орон сууцыг бидний өмнөөс худалдах, түүнтэй холбогдох гэрээнд гарын үсэг зурах, төлбөр тооцоог хийж хүлээж авах бүрэн эрхийг олгов” гэх агуулга бүхий итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай Б.Эт олгосон.

 

3.2. Тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч Л.Атай 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж, худалдагч Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 7 дугаар байрны 28 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2201003210 дугаартай, 29 м.кв талбай бүхий орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч төлбөрийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Худалдаа хөгжлийн банкинд урьдчилгаа 30% байршуулж, 70%-ийг банкны зээлээр төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Худалдан авагч буюу нэхэмжлэгч нь тухайн үед орон сууцандаа нүүж орсон, урьдчилгаа төлбөрөөс зохих хэмжээгээр төлсөн, үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байгаа үйл баримт тогтоогдоно.

 

3.3. Нэхэмжлэгч орон сууц худалдах худалдан авах гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлийг тус шүүхэд 2022 оны 1 сарын 05-ны өдөр гаргаснаас хойш Б.Э нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нараас олгосон итгэмжлэлийн дагуу 2022 оны 01 сарын 21-ний өдөр А.Цтай худалдах, худалдан авах гэрээ байгуулан, улсын бүртгэлд бүртгүүлснээр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 7 дугаар байрны 28 тоот хаягт байрших 29 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гуравдагч этгээд А.Цт олгогдсон үйл баримт мөн тогтоогдоно.

 

Талууд дээрх үйл баримтуудын талаар маргаагүй болно.  

 

4. Нэхэмжлэгч талын шаардлагын хүрээнд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, хуулийн зохицуулалтын хувьд:

4.1. Нэхэмжлэгч Л.А нь Б.Э, Б.А, Б.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Этэй орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулсан ба тухайн гэрээний үүргийг Б.Эээс шаардаж шүүхэд ханджээ.

 

Хариуцагч Б.Э нь Б.Э, Б.А, Б.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд тэдний өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх эрх, үүргийг төлөөлүүлэгчийн өмнө хүлээхээр харилцан тохиролцож итгэмжлэл байгуулсан гэж ойлгоно.

 

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно” гэж зааснаас үзэхэд Б.Э, Б.А, Б.А нар нь өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах, холбогдох гэрээнд гарын үсэг зурах, төлбөр тооцоог хүлээж авах эрхийг Б.Эт олгосон бөгөөд төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлийн хүрээнд Л.Атай худалдах худалдан авах гэрээг байгуулсан байна.

 

Тодруулбал, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох Б.Э, Б.А, Б.А нар нь хариуцагч Б.Эээр дамжуулан, төлөөлүүлэн нэхэмжлэгч Л.Атай орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Худалдан авагч Л.А нь дээрх гэрээний үүргийг худалдагчаас буюу Б.Э, Б.А, Б.А нараас шаардах учиртай.

 

Энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу талуудын хооронд шаардах эрх бий болно.

 

Гэтэл тэдний төлөөлөгч Б.Эээс гэрээний үүрэг шаардаж байгаа нь хуулийн үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно” гэж заасны дагуу орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэг Б.Э, Б.А, Б.А болон Л.А нарын хооронд үүснэ.

 

Дээрх үндэслэлээр Б.Эт холбогдуулан гаргасан орон сууцны эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай буюу 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний үүргийг шаардсан Л.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

4.2. Нэхэмжлэгч Л.А нь хариуцагч Б.Э, А.Ц нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, Б.А, Б.А, Б.Э нарын өмчлөх эрхийг сэргээлэх гэсэн шаардлагын үндэслэлээ ...орон сууцны маргаан шүүх дээр явж байхад хариуцагч нь өөрийн хамаарал бүхий этгээдэд буюу ээждээ тухайн орон сууцыг худалдсан нь дүр үзүүлсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байна, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар нь хэлцлээр авсан зүйлээ харилцан буцааж өгөх, эрхийг сэргээх зохицуулалтын хүрээнд орон сууцны өмчлөгч нарын өмчлөх эрх эргэж сэргээгдэх юм гэж тайлбарладаг.

 

Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 7 дугаар байрны 28 тоот хаягт байрших 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг гэрчилгээг шилжүүлэхийг даалгах буюу худалдах худалдан авах гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэл хянагдаж байх явцад хариуцагч Б.Э нь өөрийн төрсөн ээж А.Цтай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан үйл баримт, ...Л.А нь орон сууцны төлбөрөө төлөхгүй байсан, сүүлдээ түрээс болж түрээсийн төлбөр төлж байснаа больсон тул итгэмжлэлийн хүчинтэй хугацаанд ээж рүүгээ шилжүүлсэн, мөнгө төгрөг авсан, өгсөн зүйл байхгүй, нөгөө талаар цаг хугацааны хувьд гадаадад оршин суугаа орон сууцны өмчлөгч нартай холбогдоод итгэмжлэл аваад маргаанд оролцох боломжгүй байсан гэх хариуцагч талын тайлбар, зөвхөн худалдах эрх олгосон, түрээслэх эрх олгоогүй итгэмжлэлээр,  “...50 сая төгрөгөөр худалдахаар тохиролцов, төлбөрийг бүрэн төлж дууссан” гэх Б.А, Б.А, Б.Э нарын төлөөлөгч Б.Э болон А.Ц нарын хооронд байгуулагдсан гэрээгээр хэлцэл хийгч талуудын хүсэл зориг дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах хүсэл зориг биш байна.

 

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 7 дугаар байрны 28 тоот хаягт байрших 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцон 2022 оны 01 сарын 21-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж,  нотариатаар гэрчлүүлэн, маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.Цт шилжиж, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байдаг.

Хэдийгээр хариуцагч Б.Э нь өмчлөгч нараас олгосон итгэмжлэлийн дагуу тухайн орон сууцыг худалдах эрхтэй ч  Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3-д “Төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу хүлээсэн үүргээ зөрчиж, өмчлөгч нарт мэдэгдэлгүйгээр дур мэдэн дамжуулан худалдаж байгаа үйл баримт талуудын тайлбараар, хэрэгт авагдсан гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогддог.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй, хууль зүйн ямарваа үр дагавар гаргахыг хүсдэггүй, гадна талдаа хэлцлийн дүр үзүүлэхийг урьтал болгодог шинжтэй байдаг. Дээрх талуудын хооронд байгуулагдсан  орон сууц худалдах-худалдан авах гэрээ нь хуулийн шаардлагад нийцэж хийгдсэн мэт боловч гэрээнд заагдсан гэрээний үнэ болох 50 сая төгрөгийг худалдан авагч нь бодитоор худалдагч талд шилжүүлээгүй, талууд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах хүсэл зорилготой бус, харин  хариуцагчийн зүгээс, гуравдагч этгээдийн зүгээс орон сууцыг шилжүүлэн авч нэхэмжлэгчийн эзэмшлээс чөлөөлүүлэх хүсэл зориг байсан гэж хэрэгт авагдсан баримт, тайлбарын хүрээнд дүгнэхээр байна.

 

Үүнээс үзвэл хариуцагч болон гуравдагч этгээдийн хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” болох нь тогтоогдсон байна гэж үзэв.

 

Нэгэнт хүчин төгөлдөр бус хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг тул хэлцэл хийгч талууд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, эрхийг сэргээх үүрэгтэй болно.

 

Харин нэхэмжлэгч Л.А нь хүчин төгөлдөр бус хэлцлийн тал биш тул хэлцлээр бий болсон үр дагаврыг шаардах эрхгүй тул Б.А, Б.А, Б.Э нарын өмчлөх эрхийг сэргээлгэх тухай шаардлага үндэслэлгүй.

 

5. Бие даасан шаардлага гарсан гуравдагч этгээд А.Цаас “орон суунаас албадан чөлөөлүүлэх” тухай шаардлагын үндэслэлээ “...Маргааны зүйл үл хөдлөх эд хөрөнгө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 7 дугаар байрны 28 тоот хаягт байрших 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь би бөгөөд Л.Агийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдоно” гэж тайлбарладаг.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Л.А тухайн орон сууцны өмчлөгч болох агуулгаар гэрээний үүрэг шаарддаг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг буюу хууль ёсны өмчлөгч эсэхийг шийдвэрлээгүй байхад маргаан бүхий орон сууцны өмчлөгч солигдсон үйл явдал бий болсон.

Тухайн үйл явдал буюу хариуцагч гуравдагч этгээдэд худалдах, худалдан авах гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн нь хуулийн үндэслэлгүй, Улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байснаараа гуравдагч этгээдийн шаардах эрхийн үндэслэл болон нэхэмжлэгч Л.Агийн хууль бус эзэмшилд байгаа гэж дүгнэх нотолгоо эргэлзээ бүхий байх тул бие даасан гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан. Мөн хуулийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж зааснаас үзэхэд гуравдагч этгээд А.Ц худалдах худалдан авах хүсэл зоригоор байгуулаагүй хэлцлийн үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авч байгаа үйлдлээ мэдэж байсан, улсын бүртгэл буруу ташаа болохыг мэдэж байсан гэж үзнэ.

 

6. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзээд нэхэмжлэгчийн Л.Агийн Б.Э, А.Ц нарын хооронд байгуулагдсан 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч Б.Эт холбогдуулан гаргасан орон сууцны эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах, Б.А, Б.А, Б.Э нарыг хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг, гуравдагч этгээд А.Цын Л.Аг орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг 815,950 төгрөгийг, гуравдагч этгээдээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэл хангагдсан хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар Б.Э, А.Ц нарын хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн худалдах, худалдан авах /үл хөдлөх эд хөрөнгө/ 0133 дугаартай гэрээг хчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.

 

  1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар орон сууцны эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах, өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл, Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 815,950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Ад олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.АМИН-ЭРДЭНЭ