Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01407

 

 

 

 

 

 

2022 07 27 210/МА2022/01407

 

Л.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2022/01524 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Л.Агийн хариуцагч Б.Эт холбогдуулан хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай, Б.Ариунзаяа, Б.Ариунтуяа, Б.Эрхэмбаяр нарыг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.Цэнжавын орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай шаардлагатай хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвадулам, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Швед улсад оршин суух Б.Ариунтуяа, Б.Ариунзаяа, Герман улсад оршин суух Б.Эрхэмбаяр нараас Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 7 дугаар байрны 28 тоот хаягт оршин суух 29 м.кв талбайтай орон сууцыг худалдан авахаар худалдагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаяртай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс 16,100,000 төгрөгийг худалдан авагч нарт шилжүүлсэн гэдэг боловч бааримт дээрээс харахад 12,300,000 төгрөг шилжүүлсэн зөрүүтэй тооцоо гарсан. Бодит байдал дээр 12,300,000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр төлөхөөр талууд гэрээээр тохиролцсон. Гэтэл худалдагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь уг орон сууцны эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөхгүй байгаагийн улмаас банкны зээлд хамрагдах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Тус орон сууцанд амьдарч байх хугацаандаа н.Цэнжавт уг орон сууцыг худалдах худалдан авах гэрээгээр худалдан борлуулсан байдаг. Нэхэмжлэгч худалдан борлуулахыг нь мэдэж байсан. үнийг нь төлөөд явж байсныг мэдсээр байж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэж байгаа.

Иймд 2022 оны 01 сарын 21-ний өдөр Б.Э, н.Цэнжав нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Б.Ариунтуяа, Б.Ариунзаяа, Б.Эрхэмбаяр нарыг Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 7 дугаар байр 28 тоот 29 метр квадрат 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогоолгох, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 7 дугаар байр 28 тоот 29 метр квадрат талбайтай орон сууцны эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Б.Э нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 7 дугаар байр 28 тоот 29 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцын худалдах итгэмжлэлийг 2019 онд тус орон сууцны өмчлөгч байсан. Швед улсад оршин суух Б.Ариунтуяа Б.Ариунзаяа, Герман улсад оршин суух Б.Эрхэмбаяр нараас авч тус орон сууцыг худалдан борлуулах тухай зар тавьсан. Зарын дагуу Л.А нь орон сууцыг худалдаж авахаар харилцан тохиролцсоны дагуу 2019 оны 12 сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, угсармал 1 дүгээр байр 59 тоот хаягт оршин суух Л.А нь 50,000,000 төгрөгөөр худалдахаар худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Худалдах худалдан авах гэрээний үндсэн төлбөрийн урьдчилгаа 30 хувийг Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан. Үлдэгдэл 70 хувийг банкны зээлээр 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэхэд төлбөрийг бүрэн төлж барагдуулан гэж тохиролцсон боловч Л.А нь орон сууцны төлбөрийг огт төлөөгүй. Худалдах худалдан авах гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй 2020 оны 12 сарын 27-ны өдөр Л.А нь Худалдаа хөгжлийн банканд 30 хувиа байршуул гэж хэлтэл Л.А нь миний дансны өдрийн лимит хэтэрчихсэн байгаа тул таны данс руу мөнгө шилжүүлээд авъя гэж хэлээд 6,900,000 төгрөг тэр даруу шилжүүлж бэлнээр авсан. Л.А нь зээл хөөцөлдөж байна гэж удаа дараа худлаа хэлж орон сууцны төлбөрийг төлөлгүй 2020 оны 02 сар хүргэсэн. Энэ хугацаанд орон сууцны төлбөрийг огт төлөөгүй, төлөхийг шаардахад хадгаламж зээлийн хоршооноос зээл авахаар болсон, удахгүй зээл гарна гэж хэлэхээр нь өнгөрсөн 3 сарын хугацаанд хүний орон сууцанд зүгээр суун гэж юу байх вэ дээ гэж хэлэхэд. Л.А тэгэлгүй яахав гэж хэлээд түрээсийн төлбөрийг сарын 400,000 төгрөг байхаар харилцан тохиролцсоны үндсэн дээр 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр А.Цэнжавын дансанд 1,200,000 төгрөгийг шилжүүлсэн ба энэ нь 2019 оны 12 сар, 2020 оны 01, 02 саруудын түрээсийн төлбөр юм. Үүнээс хойш Л.А нь А.Цэнжавын дансанд 2020 оны 04 дүгээр сараас 2021 оны 08 сар хүртэлх хугацаанд түрээсийн төлбөр гэж нийт 8,700,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Худалдах худалдан авах гэрээ байгуулснаас хойш Л.Агийн хадгаламж зээлийн хоршооноос авах зээл нь гараагүй, эгчийнхээ нэр дээр зээл авч өгнө, манай нөхөр уурхайд инженер хийдэг, ажил нь эхлэхээр цалингийн зээл авч өгнө, манайх уурхайтай, уурхайгаа зарж мөнгийг чин төлнө, Бэлхэд зуслангийн байшинтай түүнийгээ зарж төлнө, би сүлжээний бизнес хийж байгаа, эндээс ашиг олоод мөнгийг чинь төлнө гэж удаа дараа худал хэлсээр өнөөдрийг хүрч энэ хугацаанд түрээсийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон хэдий ч сар сардаа ч багтааж түрээсийн мөнгө төлөхгүй, худал хэлж төөрөгдүүлсээр өнөөдрийг хүртэл орон сууцанд амьдарсаар байна. 2021 оны 11 сард Л.А өөр хадгаламж зээлийн хоршооноос зээл авахаар боллоо, орон сууцны гэрчилгээний өмчлөлөө шилжүүлээд ирвэл хадгалмж зээлийн хоршоо хүссэн хэмжээнийхээ зээлийг авч болон гэсэн гэх мэтээр олон удаа төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэхээр зогсохгүй орон сууцны өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлж авахыг удаа дараа оролдсон. Худалдах, худалдан авах гэрээ байгуулснаас хойш 2 жил гаруй хугацаанд гэрээнд заасан төлбөр болон түрээсийн төлбөрийг төлөөгүй тул орон сууцыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч үг хэлээр гүтгэн доромжилж тус орон сууцыг чөлөөлж өгөхгүй өнөөдрийг хүртэл амьдарч байна. Иймд Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 7 дугаар байр, 28 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Л.Ад шилжүүлэхийг даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: А.Цэнжав нь Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо, 7 дугаар байр 28 тоот 29 м.кв орон сууцыг Б.Ариунтуяа, Б.Ариунзаяа, Б.Эрхэмбаяр нараас 2022 оны 01 дүгээр сард худалдан авч, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2201003210 дугаар бүхий тус орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн. А.Цэнжавын хүү болох Б.Э нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 7 дугаар байр 28 тоот хаягт байрлах Ү-2201003210 тоот улсын бүртгэлийн дугаар, 000005741 тоот гэрчилгээтэй, 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдах итгэмжлэлийг 2019 онд тус орон сууцны өмчлөгч байсан Швед улсад оршин суух Б.Ариунтуяа, Б.Ариунзаяа, Герман улсад оршин суух Б.Эрхэмбаяр нараас авч тус орон сууцыг худалдан борлуулах зарыг тавьсан. Зарын дагуу Л.А гэх хүн холбогдож тус орон сууцыг худалдаж авахаар харилцан тохиролцсоны дагуу 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Л.Ад 50,000,000 төгрөгөөр худалдахаар, худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн урьдчилгаа 30 хувийг худалдаа хөгжлийн банкинд байршуулсан. Үлдэгдэл 70 хувийг банкны зээлээр төлнө. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэхэд төлбөрийг бүрэн төлж барагдуулна гэж тохиролцсон боловч Л.А нь орон сууцны төлбөрийг өнөөдрийг хүртэл огт төлөөгүй худалдах, худалдан авах гэрээнд заасан үүргээ огт биелүүлээгүй. 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Л.А нь худалдаа хөгжлийн банкинд 30 хувиа байршуулах гэсэн чинь миний дансны өдрийн лимит дуусаад байна. Таны дансруу мөнгө шилжүүлээд бэлнээр нь гаргуулаад авчихъя гэж хэлээд А.Цэнжавын дансанд 6,900,000 төгрөгийг хийж тэр даруй бэлнээр гаргуулан авсан байдаг. Л.А нь зээл хөөцөлдөж байна гэж худлаа ярьсаар орон сууцны төлбөрийг төлөлгүй 2020 оны 02 сар хүргэсэн. Энэ хугацаанд орон сууцны төлбөрийг огт төлөөгүй, төлөхийг шаардахад хадгаламж зээлийн хоршооноос зээл авахаар болсон, удахгүй зээл гарна гээд гэрээний дагуу мөнгө гэж хэлхээр хүний орон сууцанд зүгээр сууна гэж юу байхав дээ гэхэд Л.А тэгэлгүй яах вэ гэж хэлээд өнгөрсөн хугацаанд тус орон сууцанд амьдарсан хугацааны түрээсийн төлбөр буюу 2019 оны 12 сар, 2020 оны 01, 02 саруудын түрээсийн төлбөр гэж 1,200,000 төгрөгийг 2020 оны 02 сарын 03-ны өдөр А.Цэнжавын дансанд шилжүүлсэн. Л.Ариунтуяа, Б.Ариунзаяа, Б.Эрхэмбаяр нарын Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо 7 дугаар байр, 28 тоот хаягт байрлах 29 м.кв 2 өрөө орон сууцыг А.Цэнжавд худалдсантай холбогдуулан маргаж байгаа. Нэхэмжлэгч Л.Агийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байгаа Б.Э, А.Цэнжав нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан байдаг. Нэхэмжлэгч Л.А нь Б.Этэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу тохирсон мөнгөө өгөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй, мөн эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй. Иймд .Эрхэмбилэг , А.Цэнжав нарын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр тооцуулах нь үндэслэлгүй. Б.Ариунтуяа, Б.Ариунзаяа, Б.Эрхэмбаяр нар гадаад улсад амьдардаг тул гадаад улсаас итгэмжлэл ирүүлэхэд хүндрэлтэй, хугацаа шаардах байсан тул Б.Эрхэмбилигээс ээж А.Цэнжавтай худалдах худалдан авах гэрээ байгуулж улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж маргаан бүхий орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох Б.Ариунтуяа, Б.Ариунзаяа, Б.Эрхэмбаяр нар нь өөрсдийн өмчлөлийн орон сууцыг худалдах итгэмжлэлийг Б.Эт 3 жилийн хугацаатай олгосон. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т Өмчлөгч нь бусад этгээдтэй хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж зааснаар өмчлөгчдийн эрхийн асуудал. Иймд нэхэмжлэгч Л.Агийн гаргасан Б.Э, А.Цэнжав нарын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн маргаан бүхий орон сууцнаас Л.Аг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т тус тус зааснаар албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар Б.Э, А.Цэнжав нарын хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн худалдах, худалдан авах /үл хөдлөх эд хөрөнгө/ 0133 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар орон сууцны эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах, өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл, Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 815,950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Ад олгож шийдвэрлэжээ.

5. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нэхэмжлэгч Л.А нь өнөөдрийг хүртэл байр худалдан авсан 50,000,000 төгрөгөөс нэг ч төгрөг төлөөгүй ба хүний байранд яаж зүгээр суу уу гээд сарын 400,000 төгрөгөөр тооцон түрээсийн төлбөрт 2019 оны 12 дугаар сараас 2021 оны 06 дугаар сар хүртэл 7,200,000 төгрөг төлсөн ба 2021 оны 07 дугаар сараас хойшхи түрээсийн төлбөрийг огт төлөөгүй. Энэ нь А.Цэнжавын дансны хуулгаар нотлогдоно. Л.А нь А.Цэнжавын данс руу гүйлгээний утга дээр түрээс гэж шилжүүлдэг байсан. Гэтэл шүүгч урьдчилгаа төлбөрөөс зохих хэмжээгээр төлсөн гэдэг хэт нэг талыг баримталсан, хэрэгт авагдсан баримтыг бодитой үнэлээгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Нэхэмжлэгч Л.А нь арга заль хэрэглэж Б.Этэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан өдөр миний дансны лимит дууссан, таны дансанд мөнгө хийгээд авъя гэж хэлээд А.Цэнжавын дансаар нийт 6,900,000 төгрөг хийгээд өөрөө буцаан авсан. Энэ нь Л.Агийн болон А.Цэнжавын дансны хуулгаар нотлогддог. Гэтэл шүүх уг мөнгийг орон сууцны урьдчилгаа төлбөр төлсөн гэж үзсэн нь үндэслэлгүй. А.Цэнжавын зүгээс Л.Атай орон сууц худалдах, худалдан авах гэрээ, хэлцэл байгуулан эрх зүйн харилцаа үүсгэсэн зүйл огт байхгүй. Харин Л.А, Б.Э нар худалдах, худалдан авах гэрээ байгуулснаас хойш, 2 жил гаруйн хугацаанд гэрээнд заасан төлбөр болон түрээсийн төлбөрийг төлөөгүй тул орон сууцыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч үг хэлээр гүтгэн доромжилсоор тус орон сууцыг чөлөөлж өгөхгүй өнөөдрийг хүртэл амьдарч байна. Иймд Л.Агийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Гуравдагч этгээдийн төлөөлөгчийн зүгээс урьдчилгаа төлбөр 50,000,000 төгрөгөөс нэг ч төлбөр төлөөгүй гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүрэгт 12,300,000 төгрөгийг төлсөн. Гэрээ байгуулсан өдрөө 6,900,000 төгрөг төлсөн. Гэтэл тус 6,900,000 төгрөгийг буцааж өгсөн гэж хариуцагч болон гуравдагч этгээд нар тайлбарладаг боловч үүнийгээ баримтаар нотлоогүй. Манай зүгээс түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй гэж үзсэн. Гэтэл гуравдагч этгээдийн төлөөлөгч зөвшөөрсөн мэтээр тайлбарлаж байна. Анхан шатны шүүх хуралдааны явцад манай зүгээс түрээсийн харилцаа үүсээгүй гэж мэтгэлцсэн. Орон сууц худалдаж авах төлбөрөө шилжүүлээд явъя гэж тохиролцсон. Шүүхийн хэлэлцүүлгийн үед гуравдагч этгээд нь Л.Аг албадан чөлөөлүүлэхийн тулд худалдах-худалдан авах гэрээг хийсэн. Орон сууцны урьдчилгаа 50,000,000 төгрөгийг бодитойгоор шилжүүлээгүй гэж тайлбарладаг. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл гэдэг нь тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Л.А нь хариуцагч Б.Эт холбогдуулан Б.Э, А.Цэнжав нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Б.Ариунзаяа, Б.Ариунтуяа, Б.Эрхэмбаяр нарыг орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч Л.А байрны үнийг төлөөгүй учир Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч байх боломжгүй гэж маргасан байна.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.Цэнжав нэхэмжлэгчид холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Б.Э нь үл хөдлөх эд хөрөнгийг гэрээнд заасны дагуу миний нэр дээр шилжүүлж өгөөгүйгээс банкны зээлд хамрагдах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгуулж, Б.Э, А.Цэнжав нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Б.Ариунзаяа, Б.Ариунтуяа, Б.Эрхэмбаяр нарын өмчлөх эрхийг сэргээлгэнэ гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ... худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөрийн урьдчилгаа 30 хувийг Худалдаа хөгжлийн банкинд байршуулж, үлдэгдэл 70 хувийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төлж барагдуулна гэж тохиролцсон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй, 2 жил гаруй хугацаанд гэрээнд заасан төлбөр болон түрээсийн төлбөрийг төлөөгүй гэж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шаардлагын үндэслэлээ ... Л.А нь Б.Этэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу тохирсон мөнгөө өгөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээг эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, Б.Ариунтуяа, Б.Ариунзаяа, Б.Эрхэмбаяр нараас Б.Эт олгосон итгэмжлэлийг үндэслэн Б.Э нь А.Цэнжавтай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тул Л.Аг орон сууцнаас албадан чөлөөлүүлнэ гэж тус тус тайлбарласан.

3. Хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч Л.Атай 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 7 дугаар байрны 8 тоот, улсын бүртгэлийн Ү-2201003210 дугаартай, 29 м.квадрат талбай бүхий орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч нь нийт төлбөрийн урьдчилгаа 30 хувийг Худалдаа хөгжлийн банкинд байршуулж, үлдэгдэл 70 хувийг банкны зээлээр 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцжээ.

Дээрх орон сууцны өмчлөгч Б.Ариунтуяа, Б.Ариунзаяа, Б.Эрхэмбаяр нар хариуцагч Б.Эт өөрсдийн өмчлөлийн орон сууцыг худалдах, худалдан авах хэлцэл хийх эрхийг итгэмжлэлээр олгосон байна. /хх 9-12/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус зохицуулсан.

Л.А, Б.Э нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар уг гэрээ хүчин төгөлдөр бус байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүрэг шаардах эрхгүй тул орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг хариуцагчид даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

4. Б.Э нь А.Цэнжавтай 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч нь дээрх орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлбөрийг бүрэн төлөхөөр тохиролцсон бөгөөд гэрээг нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлийн газар бүртгүүлж, А.Цэнжав тухайн орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. /хх 99-108/

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан.

Хэргийн баримтаар гуравдагч этгээд нь хариуцагчтай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, орон сууцны өмчлөлийг өөртөө олж авсан нь тогтоогджээ. /хх 99-108/ Иймд тэрээр маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн юм. Тухайн орон сууц нэхэмжлэгч Л.Агийн эзэмшилд байгаа нь хэргийн баримтаар тогтоогдсон байна. /хх 1, 33-34/

Зохигчдын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгч нь орон сууцыг эзэмших эрхгүй байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу гуравдагч этгээд А.Цэнжав нь нэхэмжлэгч Л.Агаас орон сууцыг шаардах эрхтэй байх тул орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай гуравдагч этгээдийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Мөн маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь А.Цэнжав байх тул Б.Ариунзаяа, Б.Ариунтуяа, Б.Эрхэмбаяр нарыг тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

5. Анхан шатны шүүх хариуцагч, гуравдагч этгээдийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж дүгнэн хүчин төгөлдөр бусд тооцсон нь үндэслэлгүй байна.

5.а. Орон сууцны өмчлөгч Б.Ариунзаяа, Б.Ариунтуяа, Б.Эрхэмбаяр нар хариуцагч Б.Эт өөрсдийн өмчлөлийн орон сууцыг худалдах-худалдан авах хэлцэл хийх эрхийг итгэмжлэлээр олгосон байх ба уг итгэмжлэлийн дагуу Б.Э нь А.Цэнжавтай худалдах-худалдан авах гэрээ байгуулсныг Б.Э нь Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3 дахь хэсэгт заасан төлөөлөгчийн үүргийг зөрчсөн, өмчлөгч нарт мэдэгдэлгүйгээр дур мэдэн дамжуулан худалдсан гэж үзэх үндэслэлгүй.

5.б. Хариуцагч, гуравдагч этгээд нар орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохиролцсон байх ба орон сууцны үнийг төлсөн эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй юм.

5.в. Хариуцагч нь орон сууцыг Л.Ад худалдсан ба тэрээр гэрээний үүргээ биелүүлж орон сууцны үнийг төлөөгүй тул худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, улмаар тухайн орон сууцыг А.Цэнжавт худалдсан үйл баримтаас үзэхэд хариуцагч, гуравдагч этгээдийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшлээс чөлөөлүүлэх зорилгоор хийгдсэн дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай байна. Учир нь худалдах-худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор орон сууцны үнийг төлөх үүрэг хүлээсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй 2 жилийн хугацаа өнгөрсөн тул хариуцагч нь тухайн орон сууцыг өөр этгээдэд худалдсныг буруутгах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2022/01524 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Эт холбогдох Б.Э, А.Цэнжав нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Б.Ариунзаяа, Б.Ариунтуяа, Б.Эрхэмбаяр нарыг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Л.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 7 дугаар байрны 8 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2201003210 дугаартай, 29 м.квадрат талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч Л.Агийн эзэмшлээс чөлөөлсүгэй гэж,

3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 815,950 төгрөгөөс 548,350 төгрөгийг, гуравдагч этгээдийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсөвт үлдээж, улсын төсвөөс 267,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 70,200 төгрөг гаргуулж гуравдагч этгээдэд тус тус олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Д.БЯМБАСҮРЭН