Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2022/01616

 

 

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч ...... оршин суух РД:00000, Д.Ө

 

Хариуцагч ......... оршин суух РД:000000 М.Д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргийн биелэлтэд 30.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад                    

                        

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Ө

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Н

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хонгорзул

   ТОДОРХОЙЛОХ нь:

       

Нэхэмжлэгч Д.Ө, хариуцагч М.Дид холбогдуулан гэрээний үүргийн биелэлтэд 30.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

 

            Нэхэмжлэгч Д.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие иргэн М.Дтой 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Зээлийн гэрээ” байгуулж, 20.000.000 төгрөгийг, сарын хугацаатай, хүүгүй зээлж, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “Хаан” банкны 00000000 дугаартай данс руу шилжүүлсэн.

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй нэг ч төгрөг төлөхгүй өнөөдрийг хүрсэн.       

Талуудын хооронд байгуулсан гэрээгээр хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон бөгөөд Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцоход 10.000.000 төгрөг, үндсэн зээл 20.000.000 төгрөг нийт 30.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн төлөөлөгчийн хэлсэнчлэн надаас авсан мөнгөө хэндээ өгөх нь тэр хүний асуудал.

Түүнээс өөр хүнд мөнгөө өгөөд алдсан явдал надад хамааралгүй, гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох зээлж авсан 20.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна.

Алданги болох 10.000.000 төгрөгийг зөвшөөрөх боломжгүй гэдгийг хариуцагч төлөөлөгч надаар дамжуулж илэрхийлсэн.

Хариуцагчийн хувьд н.Ж, н.Г гэдэг хүмүүсийн гуйлтаар зээлийг авч өгсөн байдаг.

Эдгээр хүмүүс мөнгөө хугацаандаа төлөхгүй алга болсон.

Тиймээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хохирол, төлбөр, хөрөнгө мөнгөө гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч М.Д, Д.Өтай гэрээ байгуулсан гэдэг утгаараа 20.000.000 төгрөгийг төлөх байр суурьтай байна.

 Тиймээс 10.000.000 төгрөгийн алдангийг төлөх хүндрэлтэй байгаа бөгөөд 30.000.000 төгрөгийг өөртөө авч хэрэглээгүй бусдын өмнөөс үүрэг хариуцлага үүрэх хохиролтой байна.

Мөн “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлын улмаас үйл ажиллагаа  доголдож, санхүүгийн хувьд эрсдэл хүндрэлийг үүрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас 10.000.000 төгрөгийг хасаж, үндсэн зээл 20.000.000 төгрөгийг төлөх боломжтой, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.       

 

           Нэхэмжлэгч Д.Ө нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Хариуцагч зээлийн мөнгийг надаас аваад цаашаа хэнд өгөх нь миний асуудал биш учраас гэрээний үүргээ биелүүлэх ёстой” гэж тайлбарлав.

             

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа “М.Д уг мөнгийг өөрөө авч хэрэглээгүй. Хүмүүст өгсөн бөгөөд эдгээр иргэдийг цагдаагийн байгууллагад хандан шалгуулж байна. Тиймээс үндсэн зээлээ төлөхөд татгалзахгүй. Алданги төлөхийг зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.

            

            Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

 

           Нэхэмжлэгч Д.Ө, хариуцагч М.Дтой 2021 оны 09 дүгээр  сарын 01-ний өдөр 2569 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж, 20.000.000 төгрөгийг, хүүгүй, гэрээний 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нэг сарын хугацаатай гэрээ хийгдсэн болох нь зохигчдын тайлбар, дансны хуулгаар нотлогдож байна.

 

            Шүүх дээрх нөхцөл байдалд үндэслэн талуудын хооронд “Зээлийн гэрээ”-ний харилцаа үүссэн байна гэж дүгнэн, гэрээний үүргийн биелэлтийг нэхэмжилсэн нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй гэж үзлээ.

 

          Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч хэрэгт авагдсан баримтаар хариуцагчид 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн нь баримтаар нотлогдож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх гэрээг байгуулсан болон зээл авснаа зөвшөөрч, алданги төлөхөөс татгалзаж, гэрээний үүргийн биелэлтэд 25.000.000 төгрөг төлөхийг илэрхийлсэн тайлбарыг гаргаж байна.

       

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч алданги төлөхийг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа нотлох баримтаар үгүйсгэж няцааж чадахгүй байна.

        

           Иймээс мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.6 дахь хэсэгт “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”,  талуудын хооронд байгуулсан гэрээний  3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй байх тул үндсэн зээлд 20.000.000 төгрөг, алдангийг гүйцэтгээгүй үүргийн дүн 20.000.000 төгрөгнөөс тооцоход 10.000.000 төгрөг нийт 30.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ гэж үзлээ.

          

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 307.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

       

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн        

          115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

       

        1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Доос зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 30.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Өд олгосугай.

 

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 307.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА