Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/01326

 

 

 

 

 

 

 

 

 

2022 07 18 210/МА2022/01326

 

Д.Өы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2022/01616 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Өы нэхэмжлэлтэй, хариуцагч М.Дид холбогдох гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие М.Дтой 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийг, сарын хугацаатай, хүүгүй зээлж, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр шилжүүлсэн. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу өнөөдрийг хүртэл нэг удаа ч төлбөр төлөөгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон бөгөөд Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцоход 10,000,000 төгрөг, үндсэн зээл 20,000,000 төгрөг нийт 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагаас 20,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Алданги болох 10,000,000 төгрөгийг зөвшөөрөх боломжгүй. Хариуцагчийн хувьд н.Жамбалсүрэн, н.Ганхүү гэдэг хүмүүсийн гуйлтаар уг зээлийг авч өгсөн. Эдгээр хүмүүс мөнгөө хугацаандаа төлөөгүй. Тиймээс 10,000,000 төгрөгийн алдангийг төлөх хүндрэлтэй байх тул 30,000,000 төгрөгийг өөртөө авч хэрэглээгүй бусдын өмнөөс үүрэг хариуцлага үүрэх хохиролтой байна.

Мөн Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас үйл ажиллагаа доголдож, санхүүгийн хувьд эрсдэл хүндрэлийг үүрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгийг хасаж, үндсэн зээл 20,000,000 төгрөгийг төлөх боломжтой гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Доос зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 30,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Өд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 307,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч талаас алдангийг эс зөвшөөрсөн бөгөөд татгалзлын үндэслэлээ нотлохоор нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх боломжийг шүүх олгоогүй. Мөн цар тахлын хүнд хэцүү үе болон иргэдийн амьжиргаа, эдийн засгийн бусад нөхцөл байдлыг огт харгалзан үзэлгүйгээр, түүнийг нотлох боломж олгохгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийн хэмжээг багасгаж өгнө үү. Үндсэн зээл болон алдангид нийт 25,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Д.Ө нь хариуцагч М.Дид холбогдуулан гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаас хариуцагч үндсэн зээл 20,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч алданги 5,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

3. Талууд 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр Д.Ө нь М.Дид 20,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлэх, хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар болон зээлийн гэрээгээр тогтоогдсон.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн байна.

4. Талууд зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин алдангийг төлөх эсэх талаар маргажээ.

4.а. Зээлийн гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт анзын гэрээг бичгээр хийх шаардлагад нийцсэн тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй байна.

 

4.б. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч алданги нэхэмжилсэн хэсгийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас үйл ажиллагаа доголдож, санхүүгийн хувьд эрсдэл хүндрэлийг үүрч байгаа... гэж тайлбарласан, түүнчлэн Дэлхий нийтэд тархсан Ковид-19 буюу шинэ төрлийн коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд удаа дараа улс орон даяар хөл хорио тогтоож байсан нийтэд илэрхий үйл баримтыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар гэрээнд заасны дагуу тооцогдсон 10,000,000 төгрөгийн алдангийг 50 хувиар багасгаж 5,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч М.Доос үндсэн зээл 20,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2022/01616 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 232.3, 232.4 гэснийг хасч, 232.6 гэсний дараа 232.8 гэж нэмж, 30,000,000 гэснийг 25,000,000 гэж, олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж, 307,950 гэснийг 282,950 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Д.БЯМБАСҮРЭН