Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2022/01950

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны  танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Г.Д нэхэмжлэлтэй

Хариуцагч: А.Д холбогдох

 Үндэслэлгүйгээр олж авсан 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Д-, өмгөөлөгч Х.*******, хариуцагч Ж.Дамбаасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Д- хариуцагч А.Д-д холбогдуулан үндэслэлгүйгээр олж авсан 18,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр шаардаж байна. Миний бие Г.Д- өөрийн найз болох М.С-гийн хамтран адил  тэнцүү мөнгө гарган 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Ч.М- гэх хүнээр дамжуулан иргэн А.Д-гийн  дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Лазер гэх цахим тоглоомын газрын хэрэгсэл болох компьютерыг нийт 34,800,000 төгрөгөөр худалдан авсны дараа тухайн цахим тоглоомын газрын тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон байснаас гадна А.Д- 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр цахим тоглоомын газарт ирж тухайн тоглоомын газрыг хүчээр хаалгаж хаалга үүдийг цоожлон биднийг тухайн тоглоомын газарт оруулахаа байсан. Иймээс тухайн үйл явдлын талаар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гомдол гарган хэрэг бүртгэлтийн хэрэг нээлгэн шалгуулахад бидэнд лазер тоглоомын газрыг худалдан борлуулсан гэх этгээд Ч.М- нь биднээс авсан 34,800,000 төгрөгөөс 27,800,000 төгрөгийг А.Д-д тухайн тоглоомын газрын төлбөр хэмээн шилжүүлсэн байсан нь тогтоогдсон ба цагдаагийн байгууллагад  хэрэг бүртгэлтийн хэрэг шалгагдах байх хугацаанд Ч.М- нь өөрийн авсан 7,000,000 төгрөгийг буцаан манай найз С.*******д өгсөн ба өнөөдрийн байдлаар тухайн цахим тоглоомын газрын худалдан авахад миний зүгээс төлсөн 18,000,000 төгрөгийг одоо болтол А.Д- буцаан төлөөгүй болно. А.Д- цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаандаа цахим тоглоомын газарт байсан компьютер болон бусад хэрэгслийг өөрөө буцаан авсан ба С.******* болон иргэн надаас авсан 27,800,000 төгрөгийг буцаан төлөх ёстой өөртөө авах ёсгүй гэдгийг мэдсээр байж өнөөдрийг хүртэл буцаан өгөхгүй зугтаан уулзахгүй намайг маш ихээр хохироож байна. Иймээс хууль бусаар орлого олж үндэслэлгүй хөрөнгөжсөн А.Д-гээс миний тухайн цахим тоглоомын газрыг худалдан авахад зарцуулсан надад ногдох 18,000,000 төгрөгийг гаргуулан өгч хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч А.Д- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 20011 оноос 2018 оны 05 дугаар сар хүртэл цахим тоглоомын газар ажиллуулж ирсэн бөгөөд нэхэмжлэлд дурдагдсан Ч.М- нь манай тоглоомын газрын цахим сүлжээ болон цагийн тооцоог гаргадаг ажилтан байсан. 2016 оноос 2018 оны 05 дугаар сараас эхлэн өөрөө ажиллуулахаа больж Ч.М-д тоглоомын газрын 5 салбараа нийлүүлээд сарын 3,000,000 төгрөгөөр түрээслэх аман хэлцэл хийж түрээсэлсэн. Ч.М- эхлээд түрээсээ төлж байгаад сүүлдээ өөрөө алга болсон. Ч.М- 5 салбарын нэг болох  дүүрэгт оршин Монгол 3 дугаар сургуулийн дэргэдэх салбарыг зарсан байсныг би тухайн үед мэдээгүй. Эдгээр 5 салбарын тоглоомын газрын бүх тусгай зөвшөөрөл нь миний нэр дээр байдаг тул надтай худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй тул уг гэрээ хууль бус юм. Дээрх тоглоомын газрыг зарсныг мэдсэн даруйдаа Ч.М-тай холбогдож учрыг олох гэсэн боловч ор сураггүй алга болж улмаар тоглоомын газруудын түрээсийн төлбөр надаас нэхэгдэх болсон. Иймд уг тоглоомын газрын хаалганы цоожийн голыг сольсон.Салбар тоглоомын газрууд нь бүгд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг байсан тул Ч.М-н түрээсийн орлогоор тэдгээрийн түрээс болон ашиглалтын зардлыг төлж  байсан. Иймд Ч.М-гаас орж ирсэн мөнгө бол түрээсийн өглөгөө өгч байна гэж бодож байсан. Би 27,800,000 төгрөгийг аваагүй энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй  гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.Д- нь Сонгиохайрхан дүүргийн 0 дүгээр хороо Драгон төв, 0 дугаар хороо, Баянхүшуу 0-21 тоот, Баянзүрх дүүрэг 0 дугаар хороо 0 дугаар хороолол, Чингэлтэй дүүрэг 0 дугаар хороо Булгийн-2 тоот, дүүрэг 0 дугаар хороо Их тойруу үйлчилгээний зориулалттай байр 5 гэсэн объектуудыг түрээслэн түрээсийн гэрээ байгуулан компьютер тоглоомын газар ажиллуулж байсан. Энэ утгаараа үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа дээр тоглоомын газруудын Бүртгэлийн гэрчилгээ А.Д-гийн нэр дээр бүртгэгдсэн төдийгүй түрээсийн төлбөрийг А.Д- төлж байсан. А.Д- 2018 оны 05 дугаар сараас эхлэн компьютер тоглоомын газрыг Ч.М-д сар бүр 3,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож өөрөө ажиллуулахаа больсон. Ингээд Ч.М гаас 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн А.Д-гийн  дансанд 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл түрээс, түрээсийн үлдэгдэл, Мэргэн,интернет,Мэргэн түр1, Мэргэн түр2 гэх мэт гүйлгээний утгаар сар бүр мөнгө шилжүүлж байсан ба дээрх хугацаанд 48,154,250 төгрөгийг шилжүүлсэн.Мөн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Мэргэн интернет,Мэргэн түр 1, гэсэн гүйлгээний утгаар сар бүр түрээсийн төлбөр интернетийн төлбөрийг Ч.М-гаас А.Д- нарын хооронд түрээсийн харилцаа үүссэн, түрээсийн төлбөрийг Ч.М- төлдөг байсан.Ч.М- нь А.Д-д мэдэгдэлгүйгээр өөрийн өмчийнх гэж С.С, Г.Д- нарт дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах компьютер тоглоомын газрыг Г.Д-, С.******* нарт худалдахдаа..... А.Д гэх хүнд өртэй, гэхдээ миний өр та хоёрт хамаагүй, ажиллуулж байхад болно. гэсэн нь Г.Д-ийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Хохирогчийн мэдүүлэгт...... та хоёрт зарах гэж байгаа РС тоглоомын газар миний мэдлийнх болсон, би захиран зарцуулах эрхтэй гэ хэлсэн гэх С.*******гийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Хохирогчийн мэдүүлэгт байдаг. Үүнээс үзэхэд Ч.М- нь А.Д-д өртэй уг РС тоглоомын газрыг өөрийн гэж худал ярьж зарсан нь тодорхой байна.

Г.Д- нэхэмжлэлдээ .... С.*******тэй тэнцүү мөнгө гарган 34,800,000 төгрөгөөр худалдан авсан, Ч.М- биднээс 34,800,000 төгрөгөөс 27,800,000 төгрөгийг А.Д-д шилжүүлсэн нь тогтоогдсон, миний өөрийн зүгээс төлсөн 18,000,000 төгрөгийг А.Д- буцаан өгөөгүй гэжээ. Ч.М-гийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Гэрч нарыг нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлэгт.... 29,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон, нийтдээ 28,500,000 төгрөг орж ирсэн, Г.Д-ийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Хохирогчийн мэдүүлэгт..... ингээд бид тохирсон ёсоор буюу 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 08 дугаар сар хүртэлх бэлэн мөнгө болон тоёота приус 20 машин оролцуулж 31,000,000 төгрөгийг барагдуулж дууссан. Бид хоёр энэ РС тоглоомын газрыг 31,500,000 төгрөгөөр худалдаж авсан, өмгөөлөгч *******ийн Улсын ерөнхий Прокурорын газарт 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гаргасан гомдолд Г.Д-, С.******* нар Ч.М-, А.Д- нарт 31,500,000 төгрөг залилуулсан тухай гомдол гаргасан гэснийг тус тус үзвэл уг РС тоглоомын газрыг 34,800,000 төгрөгөөр худалдан авсан биш 31,500,000 төгрөг төлж худалдан авч 31,000,000 төгрөгийг Ч.М-д төлжээ.

А.Д- нь 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн түрээсийн төлбөр авч байсан тул 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн орж ирсэн мөнгийг өмнөхийн адил түрээсийн төлбөр төлж байсан гэж ойлгон хүлээн авсан. Харин түрээсийн төлбөрийн 2019 оны 07 дугаар сараас эхлэн төлөхгүй болсноор А.Д- нь Ч.М-г хайж  дүүргийн 0 дугаар хороонд байрлах компьютер тоглоомын газарт ирснээр Г.Д-, С.С нарт зарсан болохыг мэдэж цагдаа шүүхийн асуудал үүссэн. Ч.М- компьютер тоглоомын газрыг С.*******, Г.Д- нарт худалдсан орлогоос 7,673,000 төгрөгийг өр төлбөрт өөртөө хэрэглэсэн ба одоо РС тоглоомын газрыг зарсан мөнгөнөөс өөрийн дутуу төлсөн мөнгийг хариуцна гэж мэдүүлснээс үзэхэд дээрх мөнгийг Ч.М- хариуцах үүрэгтэй, түүнийгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Энэ утгаараа Ч.М- нь С.С 7,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, уг тоглоомын газрыг зарсан төлбөрт Г.Д-, М.С- нар 28,500,000 төгрөгийг Ч.М-п төлсөн нь Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай  дүүргийн прокурорын газрын 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 131/7 Прокурорын тогтоолд тусгагдсан байдаг. Мөн С.*******гийн нэхэмжилсэн дүн 10,000,000 төгрөгийг Ч.М- сайн дураараа төлсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн захирамж гарсан байдаг. Түүнчлэн Г.Д- нь өөрийн приус маркийн автомашиныг 11,000,000 төгрөгөөр зарж мөнгийг нь Ч.М-д төлсөн гэдэг тул энэхүү нэхэмжилж буй мөнгөнөөс 7,000,000 төгрөгийг М өгсөн эсэх, түүнийг Ч.М- А.Д-д төлсөн эсэх нь тодорхойгүй байдаг тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгчээс шүүхэд: дүүргийн Прокурорын тогтоол№1317(1хх-ийн 6-9),  мөрдөгчийн тогтоол (1хх-ийн 10-11), прокурорын хяналтыг өөрчлөх карт(1хх-ийн12), 2019.12.13-ны өдрийн тэмдэглэл(1хх-ийн13),гэрчийн мэдүүлэг (1хх-ийн14-17,25-42, 75-77, 87-98),хохирогчоос авсан тэмдэглэл(1хх-ийн17-24), 2020.03.02-ны Прокурорын тогтоол(1хх-ийн42-47,84),өмгөөлөгч О.*******ийн гомдол (1хх-ийн 48-55,61-63,66-70,85-86), дүүргийн Прокурорын газрын албан тоот(1хх-ийн56),Нийслэлийн Прокурорын газрын гомдлын хариу(1хх-ийн64-65), 2020.05.20-ны өдрийн 1/44 тоот Прокурорын тогтоол(1хх-ийн71-74), хохирогч гэрч нарыг нүүрэлдүүлэн авсан тэмдэглэл(1хх-ийн78-83) зэрэг баримтыг бүрдүүлж өгсөн.

Хариуцагч талаас шүүхэд:нийгмийн халамж тэтгэвэр, тэтгэмж тусламжийн дэвтэр(1хх-ийн113), хөдөлмөр чадвар алдалт тогтоосон акт(1хх-ийн114-115), түрээсийн гэрээ(1хх-ийн200), ХХЗХ гэрчилгээ(1хх-ийн201), шүүгчийн захирамж (1хх-ийн202-204),  интернет урсгалын үйлчилгээний үнэ(1хх-ийн205),

Шүүх зохигчдын хүсэлтээр: 190904618 дугаар хэргээс С.*******, Г.Д- нарын мэдүүлэг(1хх-ийн133-137), Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт (1хх-ийн140-141), А.Д-гийн Хаан банкны хуулга(1хх-ийн155-191), АТҮТ-өөс ирүүлсэн баримт(2хх-ийн19),  Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа(1хх-ийн219-237), ХХЗХ-оос ирүүлсэн баримт(2хх-ийн21-118) зэрэг баримтуудыг бүрдүүлсэн болно

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.Д- хариуцагч А.Д-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 18,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч цахим тоглоомын газрын худалдан авахад өөрийн зүгээс 18,000,000 төгрөгийг гаргасан. Эрүүгийн журмаар цагдаагийн байгууллагад шалгуулахад явцад Ч.М-гаас А.Д-гийн Хаан банкны дансанд 18,000,000 төгрөгийг шилжүүлсэн тогтоогдсон тул  хариуцагчаас гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.

Хариуцагч А.Д- нь нэхэмжлэгчтэй эрх зүйн харилцаанд ороогүй тул шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

Нэхэмжлэгч Г.Д- найз М.С-гийн хамт дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах лазер компьютер тоглоомын газрыг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 34,800,000 төгрөгөөр худалдан авахаар Ч.М-тай  тохиролцжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч .....Уг тоглоомын газрыг худалдан авахын тулд найз М.С-д 3,500,000 төгрөгийг шилжүүлсэн, өөрийн эзэмшлийн ногоон өнгийн, приус 20 маркийн ******* ******* улсын дугаартай авто машиныг Итгэмжлэл-ээр иргэн Х.Х 11,000,000 төгрөгөөр худалдсан, Х.******* нь Хаан банкны  АТМ-ээр Ч.М-н данс руу шилжүүлсэн, компьютерын тоног төхөөрөмж худалдан авахад 3,500,000 төгрөгийг зарцуулж, нийт 18,000,000 төгрөгийг өөрийн зүгээс гаргасан гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд:

Хариуцагч А.Д- нь цахим тоглоомын үйл ажиллагаа эрхлэх хүсэлтийг Харилцаа холбооны газар уламжилснаар, дүүрэг, 10 дугаар хороо, Их тойруу 88, үйлчилгээний зориулалттай байр, 2 давхарт байршилтай, Lazer game нэртэй Цахим тоглоомын үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр №10010375 дугаартай, гэрчилгээг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаагаар ажиллуулах зөвшөөрлийг олгож, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаатайгаар сунгагдаж,  №10010714 дугаар  гэрчилгээг  06 дугаар сарын 20-ны  олгожээ.(2хх-ийн22-29 81- 92)

Авто тээврийн үндэсний төвөөс шүүхэд ирүүлсэн баримтаар 2006 онд үйлдвэрлэгдсэн, 2018 онд Монгол Улсад орж ирсэн, приус 20 маркийн ******* арлын, ******* ******* улсын дугаартай, ногоон өнгийн тээврийн хэрэгслийг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Итгэмжлэл-ийн үндсэн дээр захиран зарцуулах эрхийг Г.Д-ээс Х.******* шилжүүлж, эзэмшигчээр Н.С бүртгэгдсэн нь тогтоогдсон.(2хх-ийн121-122)

Уг тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч 11,000,000 төгрөгөөр Х.******* худалдсан, Х.Х -Ч.М-д  мөнгийг шилжүүлсэн  эсэх нь баримтаар тогтоогдоогүй болно.

Хэрэгт А.Д-гийн Хаан банкны ******* дансанд 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр mergen 9,000,000 төгрөг”-ийг шилжүүлсэн  баримт авагдсан хэдий ч нэхэмжлэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн үнэ 11,000,000 төгрөгийг хариуцагчид дамжуулан шилжүүлсэн гэж үзэх боломжгүй юм.(1хх-ийн 186)

Түүнчлэн Г.Д-ээс 3,500,000 төгрөгийг М.С-д шилжүүлсэн, 3,500,000 төгрөгийн үнэ бүхий компьютерын тоног төхөөрөмж худалдан авсан гэж тайлбарлах боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрөө тодорхойлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлээгүй гэж шүүх дүгнэв.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд шаардах эрхтэй, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан.

Тодруулбал, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг нь бусдын хөрөнгийг шилжүүлж авсан этгээд нь хөрөнгийн эзний зөвшөөрлийг үүргийн суурь хэлцлийн замаар аваагүй, зөвшөөрөл олгосон ч энэ нь хүчин төгөлдөр бус байгаа тохиолдлыг ойлгоно.

Маргааны үйл баримтаас үзэхэд Г.Д-, М.С-, Ч.М- нарын хооронд дүүрэг, 10 дугаар хороо, Их тойруу 88, үйлчилгээний зориулалттай байр, 2 давхарт байршилтай, Lazer game нэртэй цахим тоглоомын газрыг худалдах, худалдан авахаар  тохиролцон  хэлцэл хийгдсэн гэж үзэхээр байна.

 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 18,000,000 төгрөгөөс 3,500,0000 төгрөгийг М.С-д,  ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 11,000,000 төгрөгийг Х.*******аас Ч.М-д шилжүүлсэн, цахим тоглоомын газарт зориулж  3,5000,000 төгөргийн үнэ бүхий компьютерын тоног төхөөрөмж худалдан авсан гэж хариуцагчаас шаардах шаардлага хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй бөгөөд зохигчдын хооронд иргэний эрх харилцаа үүсээгүй байх тул шаардах эрхгүй.  

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн гэрээний үүрэгтэй холбоотойгоор зохих этгээдэд холбогдуулан шаардлага гаргах эрхийг энэ шийдвэр хөндөөгүйг дурдав.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан А.Д-д холбогдох Г.Д-ийн үндэслэлгүйгээр олж авсан 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.    Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШЗ2022/0******* дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2, 122.3-т зааснаар хүчинтэй байхыг дурдсугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ