Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/01254

 

 

 

...-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2022/01950 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ...-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ..-д холбогдох, 18,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Номуунбилэг, түүний өмгөөлөгч Х.Мөнгөнсүх, хариуцагчийн өмгөөлөгч В.Гэрэлт-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

...- нь М.Санжаасүрэнгийн хамтран 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Ч. Мэргэншагайгаар дамжуулан ..-гийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Лазер гэх цахим тоглоомын газрыг компьютерын хамт нийт 34,800,000 төгрөгөөр худалдаж авсан. Цахим тоглоомын газрын тусгай зөвшөөрөл хүчингүй болсон байснаас гадна ..- 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр цахим тоглоомын газарт ирж тухайн тоглоомын газрын хаалгыг цоожилсон. Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгуулах явцад Ч.Мэргэншагай нь Лазер тоглоомын газрын төлбөр 34,800,000 төгрөгөөс 27,800,000 төгрөгийг ..-д шилжүүлсэн нь тогтоогдсон. Ч.Мэргэншагай нь өөрийн авсан 7,000,000 төгрөгийг С.Санжаасүрэнд өгсөн. ..- цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаандаа цахим тоглоомын газарт байсан компьютер болон бусад хэрэгслийг буцаан авсан ба С.Санжаасүрэн болон надаас авсан 27,800,000 төгрөгийг буцаан төлөх ёстой боловч төлөөгүй. Иймд үндэслэлгүй хөрөнгөжсөн ..-гээс 18,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2011 оноос 2018 оны 05 дугаар сар хүртэл цахим тоглоомын газар ажиллуулсан. Ч.Мэргэншагайд 2018 оны 05 дугаар сараас эхлэн Лазер тоглоомын газрын 5 салбараа нийлүүлээд сарын 3,000,000 төгрөгөөр түрээсэлсэн. Ч.Мэргэншагай түрээсээ төлж байгаад сүүлдээ түрээсийн төлбөрөө төлөөгүй. Ч.Мэргэншагай Сүхбаатар дүүрэг, Монгол 3 дугаар сургуулийн дэргэдэх салбарыг зарсныг тухайн үед мэдээгүй. Тоглоомын газрын бүх тусгай зөвшөөрөл нь миний нэр дээр байдаг. Худалдах, худалдан авах гэрээг ..-тэй хийгээгүй тул хууль бус. Дээрх тоглоомын газрыг зарсан талаар мэдээд Ч.Мэргэншагайтай холбогдох гэсэн боловч чадаагүй. Ч.Мэргэншагай түрээсийн төлбөрийг шилжүүлж байсан. Нэхэмжлэгчээс 27,800,000 төгрөгийг аваагүй. Ч.Мэргэншагай уг төлбөрийг хариуцах ёстой. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан ..-д холбогдох ...-ийн үндэслэлгүйгээр олж авсан 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШЗ2022/02456 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2, 122.3 дахь зааснаар хүчинтэй байхыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. ...- нь М.Санжаасүрэнтэй хамтран 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Ч.Мэргэншагайгаар дамжуулан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ..-гийн өмчлөлийн Лазер гэх цахим тоглоомын газрын тусгай зөвшөөрөл болон цахим тоглоомын газрын хэрэгсэл болох компьютерыг нийт 34,800,000 төгрөгөөр худалдан авсан. ..- нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр цахим тоглоомын газраас ...-ийг гаргасан. Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгуулахад хэрэг бүртгэлтийн хэрэг шалгах явцад Лазер тоглоомын газрыг худалдсан Ч.Мэргэншагай нь 34,800,000 төгрөгөөс 27,800,000 төгрөгийг ..-д шилжүүлсэн нь тогтоогдсон. Мөн Ч.Мэргэншагай өөрийн авсан 7,000,000 төгрөгийг С.Санжаасүрэнд өгсөн ба цахим тоглоомын газрыг худалдан авахад төлсөн 18,000,000 төгрөгийг ..- нь буцаан төлөөгүй болно.

Шүүх Авто тээврийн үндэсний төвөөс шүүхэд ирүүлсэн баримтаар 2006 онд үйлдвэрлэгдсэн, Toyota prius 20 маркийн 75-29 УНК улсын дугаартай, ногоон өнгийн тээврийн хэрэгслийг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр итгэмжлэлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхийг ...-ээс Х.Ханагат шилжүүлж эзэмшигчээр Н.Сарангуа бүртгэгдсэн нь тогтоогдсон. Уг тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч 11,000,000 төгрөгөөр Х.Ханагат худалдсан. Х.Ханагатаас Ч.Мэргэншагайд төлбөрийг шилжүүлсэн эсэх нь баримтаар тогтоогдоогүй болно. ХААН банк ХХК дахь ..-гийн 5037495555 тоот дансанд 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Мэргэн гэх утгаар 9,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт авагдсан хэдий ч нэхэмжлэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн үнэ 11,000,000 төгрөгийг хариуцагчид дамжуулан шилжүүлсэн гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 18,000,000 төгрөгөөс 3,500,000 төгрөгийг М.Санжаасүрэнд, 75-29 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 11,000,000 төгрөгийг Х.Ханагатаас Ч.Мэргэншагайд шилжүүлсэн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй бөгөөд зохигчдын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байх тул шаардах эрхгүй гэж дүгнэсэн. Авто тээврийн үндэсний төвөөс шүүхэд ирүүлсэн баримтаар 2006 онд үйлдвэрлэгдсэн, Toyota prius 20 маркийн 75-29 УНК улсын дугаартай, тээврийн хэрэгслийг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр итгэмжлэлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхийг ...-ээс Х.Ханангат шилжүүлж, эзэмшигчээр Н.Сарангуа бүртгэгдсэн нь тогтоогдсон. Ч.Мэргэншагай автомашины үнэ 11,000,000 төгрөгийг ..-д шилжүүлсэн болох нь гэрчийн мэдүүлэг, нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл зэргээр хангалттай нотлогдож байхад шүүх Х.Ханагатаас Ч.Мэргэншагайд мөнгө шилжүүлсэн эсэх нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн шүүх ХААН банк ХХК дахь ..-гийн эзэмшлийн 5037495555 дансанд 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Мэргэн 9,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт авагдсан хэдий ч нэхэмжлэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн үнэ 11,000,000 төгрөгийг хариуцагчид дамжуулан шилжүүлсэн гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн.

Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэг бүртгэлтийн хэрэгт байх Ч.Мэргэншагай, ..-, ...-, М.Санжаасүрэн нарын өгсөн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдсон байтал шүүх нотлох баримтыг үндэслэлгүйгээр үгүйсгэж нэхэмжлэгчийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
..- Ч.Мэргэншагайд тоглоомын газрыг худалдан борлуулах зөвшөөрлийг өгөөгүй. Ч.Мэргэншагайтай түрээсийн гэрээ байгуулсан. А.Дашдэмбэрэл, Ч.Мэргэншагай нарын хооронд байгуулагдсан хэлцлийг эрүүгийн журмаар шалгасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэж байх үед Б.Дашдэмбэрэл, Ч.Мэргэншагай нарыг нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлэгт Ч.Мэргэншагай нь би авсан гэж хэлсэн. Мөн үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээ хүлээсэн. Автомашины үнэ 11,000,000 төгрөгийг н.Сарантуяад шилжүүлсэн. Ч.Мэргэншагайд автомашин шилжсэн. Уг автомашины төлбөр ..-д шилжсэн талаар баримт байхгүй. Ч.Мэргэншагай нь ...-тэй эрх зүйн харилцаа үүсгэсэн талаар нотлох баримт авагдсан. Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэж заасан. ..- нь хэлцэл хийх зөвшөөрөл өгөөгүй. ...- болон ..- нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1. Хэргийн үйл баримт болон анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар

 

1.а. Нэхэмжлэгч ...- нь хариуцагч ..-д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 18,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ... Ч.Мэргэншагай нь тус тоглоомын газрыг түрээсэлсэн атлаа бусдад худалдсан байсан... нэхэмжлэгчээс мөнгөн хөрөнгө аваагүй... гэж маргажээ.

 

...- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, М.Санжаасүрэнтэй хамтран Ч.Мэргэншагайгаас Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Их тойруу гудамж 88 тоот хаягт байрлах Лазер нэртэй цахим тоглоомын газрыг 34,800,000 төгрөгөөр худалдаж авсан боловч ..- нь уг тоглоомын газрын хаалгыг цоожилж оруулаагүй, Ч.Мэргэншагай нь тоглоомын газрын үнэд төлсөн 34,800,000 төгрөгөөс 7,000,000 төгрөгийг М.Санжаасүрэнд, 27,800,000 төгрөгийг ..-д шилжүүлсэн нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгах явцад тогтоогдсон тул тоглоомын газрын үнэд өөрийн оруулсан 18,000,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж тайлбарласан байна. (1хх-1-2)

 

1.б. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан гаргуулахаар шаардах эрхтэй гэж зохицуулсан.

 

Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Их тойруу 88 үйлчилгээний зориулалттай байранд 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цахим тоглоомын үйлчилгээ эрхлэх 100110142 тоот бүртгэлийн гэрчилгээг ..-д олгосон ба уг бүртгэлийн гэрчилгээ нь эзэмшигчийн хүсэлтээр Ч.Мэргэншагайд шилжсэн болох нь тогтоогджээ. (2 хх-21-30)

 

Мөн хэрэгт авагдсан ХААН банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар Ч.Мэргэншагайгаас ..-д мөнгөн хөрөнгө шилжүүлж байсныг үндэслэн нэхэмжлэгч ...- болон ..- нарын хооронд эрх зүйн харилцаа үүссэн, уг харилцаа хожим дуусгавар болсон болон цахим тоглоомын газрын үнэд 18,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. (1хх-155-191)

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж хариуцагч ..-гээс 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ...-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Тодруулбал, талуудын хооронд гэрээний болон хуульд зааснаар үүсэх үүргийн эрх зүйн харилцаа үүсээгүй, хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Харин нэхэмжлэгч ...- нь цахим тоглоомын газрын үнэд төлсөн төлбөрийг Ч.Мэргэншагайд шилжүүлсэн гэх үндэслэлээр шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2022/01950 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн урьдчилан төлсөн 247,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Н.БАТЗОРИГ