Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2022/01541

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2022/01541

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Г.ХХК

Хариуцагч: Э.Д

Зээлийн гэрээний үүрэгт 5 506 891.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагч Э.Д, нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Э.Дд холбогдуулан  зээлийн гэрээний үүрэгт 5 506 891.54 төгрөг нэхэмжилж, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжлэгч нь 2019 оны 03 сарын 01-ний өдөр Э.Дтай кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээгээр 2 800 000 төгрөгийн эрхтэй кредит картыг бэлэн гүйлгээнд жилийн 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэрээний хугацаа 2021 оны 03 сарын 01-ний өдөр дууссан боловч Э.Д нь гэрээний дагуу зээл төлөх үүргээ зөрчиж, үндсэн зээл 2 903 633.36 төгрөг, хүү 1 580 880.11 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүү 619 855.11 төгрөг, эрх хэтрүүлсэн хүү 402 522.96 төгрөг, нийт 5 506 891.54 төгрөг болсон. Банк нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар Э.Дтай гэрээ байгуулж, гэрээний 3 дугаар зүйлд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох тухай тусгасныг талууд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч санал гаргаснаар зээлийн харилцаа үүсдэг, гэтэл нэхэмжлэгч Голомт банк нь 2018 оны 12 сарын 28-ны өдөр надтай 1800-1646 дугаарын утсаар холбогдож “та манай банканд данс эзэмшиж байгаа тул Зэс карт бэлэглэж байна, Ард салбараас аваарай” гэсэн. Миний бие очиж амжихгүй байсаар 2019 оны 01 сарын 03-ны өдөр банкны Ард салбар дээр очиход надад 2 800 000 төгрөгийн зээлийн эрхтэй зэс карт өгч, гэрээнд гарын үсэг зураарай гэхэд нь би “зээлийн  хэмжээг өөрийн төлөх боломжоороо 500 000 төгрөг болгое” гэхэд манай банк нэг загвараар бүх хүмүүстэй ижил гэрээ байгуулдаг, та гэрээ байгуулсны дараа 1800-1646 дугаарын утсаар холбогдоод 500 000 төгрөг болгох боломжтой гээд гэрээнд гарын үсэг зуруулсан. 1800-1646 дугаарын утас руу удаа дараа холбогдож, зээлийн хэмжээг бууруулах хүсэлт гаргахад, таны хүсэлтийг хүлээн авлаа, эрх бүхий албан тушаалтанд танилцуулаад эргэн холбогдоно гэсэн хариу өгдөг байсан бөгөөд энэ хугацаанд миний бие 500 000 төгрөгт багтаан зэс карт ашиглаж, ашигласан төлбөрөө зохих ёсоор төлж байсан боловч тус банк нь зээл болон түүний эргэн төлөлтийг удаа дараа буруу тооцоолж байснаас миний зээл төлөх санхүүгийн чадвар муудаж талуудын хооронд маргаан үүсэж, нэхэмжлэгч нь 2019 оны 11 сарын 20-ны өдөр гэрээ цуцалсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгож буй тооцооллын хүснэгт гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, гэрээ байгуулсан этгээдүүд нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй гэрээ байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцлэл тул 1 500 000 төгрөгөөс илүү зээл төлөхгүй гэв.

Нэхэмжлэгч нь улсын бүртгэлийн гэрчилгээ, Гүйцэтгэх захирлын 2021 оны 08 сарын 04-ний өдрийн 734 дүгээр тушаал, итгэмжлэл, 2019 оны 03 сарын 01-ний өдрийн Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ /хэргийн 3-6 тал/

Хариуцагч нь Голомт банкны 2019 оны 11 сарын 15-ны өдрийн 17/7918 дугаар мэдэгдэл, кредит картын хуулга /хэргийн 38-45  тал/

Шүүх нь “Ю” ХХК-ийн 2022 оны 03 сарын 02-ны өдрийн 05-01/2091 дүгээр албан бичиг, Г ХХК-ийн 2022 оны 03 сарын 07-ны өдрийн 14/хх/03_571 дүгээр албан бичиг, 2019 оны 03 сарын 01-ний өдрийн Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, кредит карт авах хүсэлт, хүүгийн мэдээлэл, кредит картын хувийн хэргийн А товъёог, хяналтын хуудас, Г ХХК-ны 2019 оны 11 сарын 15-ны өдрийн 17/7918 дугаар мэдэгдэл, кредит карт авах хүсэлт, санхүүгийн мэдээлэл, үзлэг хийсэн тэмдэглэл тус тус бүрдүүлсэн. /хэргийн 58-63, 66-67, 69, 94-95, 111-115 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

 

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.Дд холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2 903 633.36 төгрөг, хүү 1 580 880.11 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүү 619 855.11 төгрөг, эрх хэтрүүлсэн хүү 402 522.96 төгрөг, нийт 5 506 891.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж хариуцагч нь зээлийн гэрээгээр 2 800 000 төгрөг зарцуулах эрх бүхий зээлийн карт авсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй гэж,

Хариуцагч татгалзлаа дэмжиж зээлийн гэрээг нэг талын хүсэл зоригоор байгуулсан, эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй хүү, нэмэгдүүлсэн хүү буруу тооцсон тул 1 500 000 төгрөг төлнө гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 Г ХХК, Э.Д нар 2019 оны 03 сарын 01-ний өдөр кредит карт эзэмших гэрээ байгуулж, 2 800 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, бэлэн бус гүйлгээний жилийн хүү 24 хувь, бэлэн гүйлгээний жилийн хүү 42 хувь байхаар харилцан тохиролцсоноор талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагджээ. Гэрээг бичгээр байгуулж, гэрээний 3 дугаар зүйлд хүү, нэмэгдүүлсэн хүүг /зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү, эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү/ тусгасан нь мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зээл нь хүүтэй байх, зээлийг хугацаанд нь эргүүлэн төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх зохицуулалтыг зөрчөөгүй байна. /хэргийн 6, 60-61, 96-97 тал/

Гэрээний 2.3.1-т карт эзэмшигч Голомт банкны кредит карт авах тухай хүсэлтийг гаргасан байх ба хүсэлтэд зээлийн эрхийн хэмжээ дурьдсан байна гэж зааснаар Э.Д нь 2 800 000 төгрөгийн зээлийн эрхтэй “Зэс” кредит карт авах хүсэлт гаргасан. /хэргийн 94-95, 113-114 тал/

Зээлийн гэрээ, кредит карт авах хүсэлтээр хариуцагч Э.Дгийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээ байгуулсан, 2 800 000 төгрөг бус 500 000 төгрөгийн зээлийн эрхтэй карт авах санал гаргасан гэх тайлбар няцаагдаж байна.

Кредит карт эзэмших гэрээнд нэхэмжлэгч буюу банкийг төлөөлж эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахгүй.

Нэхэмжлэгч нь хэргийн 7-10 дугаар тал дахь Кредит картын тооцооллын хүснэгт гэх баримтыг үндэслэж үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилжсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөхөөр заасан. Нэхэмжлэгчээс өгсөн кредит картын тооцооллын хүснэгтэд “ГОЛОМТ БАНК ТУСГАЙ АКТИВЫН ХЭЛТЭС” гэх дардас дарагдсан нь нотлох баримтын шаардлага хангахгүйгээс гадна нэхэмжлэгч нь хэргийн оролцогчийн хувьд нотлох баримтыг өөрөө баталгаажуулах нь шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцэхгүй гэж дүгнэлээ.

            Г ХХК нь Э.Дд 2019 оны 11 сарын 15-ны өдөр 17/7918 дугаар мэдэгдэл хүргүүлжээ. /хэргийн 38 тал/

            Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэхээр заасан бөгөөд мэдэгдэлд “... 5 сар хугацаа хэтрүүлж кредит картын гэрээг ноцтой зөрчиж байна ...” гэж дурдсан нь нэхэмжлэгчийн зүгээс Кредит карт эзэмших гэрээг дангаар цуцалсан гэж үзэх үндэстэй. Гэрээг цуцласнаар цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойшхи үр дагаврыг шийдвэрлэх тул нэхэмжлэгч Г ХХК-ийг 2019 оны 11 сарын 15-ны өдөр гэрээг цуцалснаар тооцож, хариуцагч Э.Дгаас үндсэн зээл 2 603 123,36 төгрөг, хүү 337 213.44 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүү 121 112.78 төгрөг, эрх хэтрүүлсэн хүү 64 286 төгрөг нийт 3 125 735.58 төгрөг  гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож, үлдэх 2 381 155.96 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 061 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хангаж шийдвэрлэсэн 3 125 735.58 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 64 962 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Э.Дгаас үндсэн зээл 2 603 123.36 төгрөг, хүү 337 213.44 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүү 121 112.78 төгрөг, эрх хэтрүүлсэн хүү 64 286 төгрөг нийт 3 125 735.58 төгрөг  гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож, үлдэх 2 381 155.96 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 061 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 3 125 735.58 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 64 962 төгрөгийг хариуцагч Э.Дгаас гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             А.ЭНХТӨР