Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01461

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 09-ний өдрийн 184/ШШ2022/01541 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Д д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 5,506,891.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Э.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Тус банк нь Э.Д тай 2019 оны 03 сарын 01-ний өдөр кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээгээр 2,800,000 төгрөгийн эрхтэй кредит картыг бэлэн гүйлгээнд жилийн 42.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар олгосон. Гэрээний хугацаа 2021 оны 03 сарын 01-ний өдөр дууссан боловч Э.Д гэрээний дагуу зээл төлөх үүргээ зөрчин банкийг хохироосоор байна. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээл 2,903,633.36 төгрөг, хүү 1,580,880.11 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 619,855.11 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 402,522.96 төгрөг, нийт 5,506,891.54 төгрөг байна. Иймд хариуцагчаас нийт 5,506,891.54 төгрөг гаргуулж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: 2019 оны 01 сарын 03-ны өдөр Г ны Ард салбар дээр очиход надад 2,800,000 төгрөгийн зээлийн эрхтэй карт өгч, гэрээнд гарын үсэг зураарай гэсэн. Би зээлийн хэмжээг өөрийн төлөх боломжоороо 500,000 төгрөг болгоё гэхэд манай банк нэг загвараар бүх хүмүүстэй ижил гэрээ байгуулдаг, та гэрээ байгуулсны дараа 1800-1646 дугаар утсаар холбогдоод 500,000 төгрөг болгох боломжтой гээд гэрээнд гарын үсэг зуруулсан. Утас руу нь холбогдож зээлийн хэмжээг бууруулах хүсэлт гаргахад эрх бүхий албан тушаалтанд танилцуулаад эргээд холбогдоно гэдэг хариу өгдөг байсан. Энэ хугацаанд миний бие 500,000 төгрөгт багтаан Зэс карт ашиглаж, ашигласан төлбөрөө зохих ёсоор төлж байсан боловч тус банк нь зээл болон түүний эргэн төлөлтийг удаа дараа буруу тооцоолж байснаас миний зээл төлөх санхүүгийн чадвар муудаж талуудын хооронд маргаан үүссэн. Нэхэмжлэгч нь 2019 оны 11 сарын 20-ны өдөр гэрээ цуцалсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгож буй тооцооллын хүснэгт гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, гэрээ байгуулсан этгээдүүд нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй гэрээ байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцэл тул 1,500,000 төгрөгөөс илүү зээл төлөхгүй.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Д гаас үндсэн зээл 2,603,123.36 төгрөг, хүү 337,213.44 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүү 121,112.78 төгрөг, эрх хэтрүүлсэн хүү 64,286 төгрөг, нийт 3,125,735.58 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож, үлдэх 2,381,155.96 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,061 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 3,125,735.58 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 64,962 төгрөгийг хариуцагч Э.Д гаас гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож шийдвэрлэсэн.

 

 

4.   Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Шүүх 2019 оны 11 сарын 15-ны өдөр Г ХХК гэрээг цуцалсан гэж буруу дүгнэсэн. Г ХХК нь Э.Д д 2019 оны 11 сарын 15-ны өдөр 00/000 тоот мэдэгдлээр гэрээг зөрчиж байгааг сануулж, хугацаа хэтрэлт болон нийт картын зээлийн үлдэгдлийн мэдээллийг өгч, төлөхийг шаардан мөн цаашид зээлдэгчид санхүүгийн үйлчилгээ авахад сөргөөр нөлөөлөх талаар мэдэгдсэн. Уг мэдэгдэлд Г ХХК-ийн зүгээс гэрээ цуцалсан утга, үг үсэг байхгүй. Өөрөөр хэлбэл, Г ХХК-ийн зүгээс гэрээг цуцлаагүй, зөрчиж байгааг сануулж, зөрчлөө арилгахыг шаардсан.

4.б. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасны дагуу Г ХХК зээлийг хүү төлөгдөж дуусах хүртэл шаардах эрхтэй, зээлдэгч зээлийн үнэ буюу хүүг төлөх үүрэгтэй юм.

4.в. Шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй, хэргийн оролцогчийн хувьд нотлох баримтыг өөрөө баталгаажуулах нь шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцэхгүй гэж ташаа ойлгож, буруу дүгнэсэн. Нэхэмжлэгч Г ХХК нь хэргийн оролцогч өөрийн зүгээс зээлийн ашиглалт, эргэн төлөлт, мөн хүүгийн тооцооллыг агуулсан баримтыг үйлдэж эх хувиар өгч байгаа. Үйлдсэн баримтаа эх хувиар нь өгч байгаа тул нотлох баримтын шаардлага хангана. Мөн хариуцагч талаас ч гэсэн гүйлгээ зөрүүтэй, тооцоолол өөр гэж тооцоолол хийж өгөх боломжтой тул шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцэхгүй гэж дүгнэж байгаа нь буруу.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Э.Д гаас 5,506,891.54 төгрөг гаргуулж Г ХХК-д олгосон өөрчлөлтийг оруулж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Г ны мэдэгдэлд сануулах болон шаардлагын агуулга тусгагдаагүй, гэрээг нэг талын санаачлагаар цуцлах, түүнтэй холбоотойгоор гэрээ цуцлах үеийн байдлаар үүссэн нийт төлбөрийг төлж барагдуулах агуулга тусгагдсан нь илэрхий байгаа. Түүнчлэн миний зүгээс зээл авах болон санхүүгийн чадвар муудсан тул дээрх мэдэгдлийг өгөхөөс өмнө буюу 2019 оны 06 дугаар сараас нэхэмжлэгч байгуулага зээлийн эрхийг хааж, төлбөр төлөхийг шаардах болон гэрээг цуцлах талаар удаа дараа мэдэгдсэн. 2019 оны 11 сарын 20-ны өдөр гэрээг албан ёсоор цуцалсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар /1995 он/ нарийвчлан зохицуулаагүй асуудлыг Иргэний хууль, түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжид заасан журмыг баримтлах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, гэрээ цуцлах, гэрээ цуцалсантай холбогдон гарах үр дагаврыг Иргэний хуулийн дагуу шийдвэрлэх ёстой. Зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээнд гэрээг цуцлах талаар тодорхой тусгана гэж заасан атлаа стандарт нөхцөл бүхий тус банкны гэрээг хэрхэн цуцлах талаар тодорхой тусгаагүй. Нэхэмжлэгч Г ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргаж өгсөн тооцооллыг эх хувь гэж үзэх боломжгүй. Тус банк нь кредит картын тооцооллын хүснэгт гэх баримтыг нэг талын санаачилгаар буюу өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн үйлдэж, уг баримтыг хуулбарлан Г ХХК-ийн тусгай активын хэлтэс дардас дарж ирүүлсэн. Уг баримтад компанийн үндсэн тамга дарагдаагүй, эрх бүхий албан тушаалтан үйлдээгүй буюу ямар албан тушаалтан үйлдсэн эсэх нь тодорхойгүй, нотариатчаар гэрчлүүлээгүй зэргээс үзэхэд хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй. Тооцооллын хүснэгтэд дурдсан үндсэн төлбөр гэдэгт миний ашигласан төлбөр бус харин банк ашигласан үндсэн төлбөр, үндсэн хүү, зээлийн эрх хэтрүүлсэн, нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 1 хувь гэж хүүг давхардуулсан байдлаар тооцсон. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Э.Д д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,903,633 төгрөг, хүү 1,580,880 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 619,855 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 402,523 төгрөг, нийт 5,506,892 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Хэргийн 6-р талд талуудын байгуулсан 2019 оны 01 сарын 03-ны өдрийн Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ авагдсан, уг гэрээгээр Г ХХК нь 2,800,000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит картыг бэлэн бус гүйлгээний хүү 2 хувь, бэлэн мөнгө авсны хүү 3.5 хувь, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь байх нөхцөлтэйгөөр 2 жилийн хугацаатай олгох, Э.Д нь кредит картанд үүссэн зээлийн зарцуулалт, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг гэрээнд заасан хугацаа нөхцөлийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

4. Нэхэмжлэгч нь өөрийн шаардлага, түүний үндэслэлийг нотлох зорилгоор Кредит картын тооцооллын хүснэгт гэх баримтыг гаргаж өгсөн ба уг баримтад хариуцагчийн кредит картаар гаргасан бэлэн болон бэлэн бус зарлага, буцаан төлсөн мөнгөн хөрөнгийн дүн, гүйлгээний огноо зэрэг мэдээллүүд тусгагдсан байна.

Дээрх баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай. Учир нь кредит картын зарлага, орлогын гүйлгээ нь банкинд цахим системээр хөтлөгддөг бөгөөд цахимаас хэвлэж, банкны тэмдгээр баталгаажуулсан баримтыг ...эх хувиар нь гаргаж өгөөгүй, байгууллагын тамга, захирлын гарын үсгээр баталгаажаагүй... гэх үндэслэлээр түүнд агуулагдсан мэдээллийг үгүйсгэх боломжгүй юм. Түүнчлэн, талуудын байгуулсан гэрээний 7.2-т талууд карт ашиглан хийсэн гүйлгээний цахим, цаасан баримт болон тэдгээрийн хуулбарууд мөн гүйлгээтэй холбоотой бусад баримт бичгүүдийг маргаан шийдэх үед нотлох баримт гэж хүлээн зөвшөөрнө гэж заасан байгааг дурдах нь зүйтэй.

 

5. Кредит картын тооцооллын хүснэгт-ээс үзвэл хариуцагч Э.Д нь 2019 оны 02 сарын 04-ний өдрөөс 2019 оны 06 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 6,558,110 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар авч, 2019 оны 01 сарын 15-ны өдрөөс 2019 оны 11 сарын 08 хүртэлх хугацаанд нийт 3,619,277 төгрөгийг үндсэн зээлд буцаан төлсөн болох нь тогтоогдож байна. /хх 7-10/

Иймд зээлдэгч Э.Д гаас үндсэн зээлийн үлдэгдэл 2,938,833 төгрөгийг гаргуулан зээлдүүлэгч Г ХХК-д олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ.

 

6. Харин зээлийн хүүгийн хувьд анхан шатны шүүх гэрээг цуцалсан гэж дүгнэж, цуцлах хүртэлх хугацааны үүргийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Учир нь, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч 2019 оны 11 сарын 20-ны өдөр гэрээ цуцлах санал гаргасан байхад зээлдүүлэгчийн зүгээс хариу өгсөн, эсхүл гэрээ цуцлах хугацааг тогтоосон гэж үзэх нөхцөл байдлаа нэхэмжлэгч тал нотолж чадаагүй.

Иймд гэрээ цуцлах өдөр хүртэлх бэлэн болон бэлэн бус зарлагын хүү 460,420 төгрөгөөс 216,007 төгрөгийг төлсөн тул үлдэх 57,277 төгрөгийн хүүг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас гаргуулна.

 

7. Харин Г ХХК нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад хугацаа хэтрүүлсний хүү тооцсон нь, мөн хуульд байхгүй эрх хэтрүүлсний хүү тооцсон нь тус тус үндэслэлгүй байна. Тодруулбал:

7.а. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 01 сарын 03-ны өдөр дуусгавар болох байсан боловч зээлийн гэрээ түүнээс өмнө буюу 2019 оны 11 сарын 20-ны өдөр цуцлагдсан тул хугацаа хэтрүүлсний хүү тооцож шаардсан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцэхгүй.

7.б. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар зээлдэгчид зээлийн мөнгөн хөрөнгийг ашиглуулсны хариу төлбөр нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү байхад банк нь эрх хэтрүүлсний хүү тооцож шаардсан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэхгүй.

 

8. Ийнхүү тооцоход зээлийн гэрээний дагуу хариуцагчийн хүлээх үүрэг 2,996,110 төгрөг болж байх боловч анхан шатны шүүхийн гаргуулан шийдвэрлэсэн 3,125,736 төгрөгт хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ.

 

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 09-ний өдрийн 184/ШШ2022/01541 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 05 сарын 31-ний өдөр төлсөн 53,049 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

 

Д.НЯМБАЗАР