Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2022/00947

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2022/00947

Улаанбаатар хот

 

            

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Г” ХХК

 

Хариуцагч: О.А,

 

Хариуцагч: В.О.

 

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 14 946 462 төгрөг гаргуулах.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Н, хариуцагч О.А, В.О.

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баяржаргал.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ээс татгалзаж, өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан тул итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч О.А, В.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14 946 462 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1 Хариуцагч О.А, В.О нар нь 2020 оны 10 дугаар сарын 20-ний өдөр “Г” ХХК-тай ЗГ-У-20/177 дугаартай автомашин барьцаалсан зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Хариуцагч нарын хүсэлтийн дагуу 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр дээрх гэрээг 12 сарын хугацаагаар сунгасан. Хариуцагч нар нь 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 500 000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 4 500 000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 2 034 200 төгрөг, нийт 7 333 294 төгрөг төлсөн. Үүнээс хойш төлөлт хийгээгүй. Уг зээлийн гэрээний дагуу зээлдэгч О.Ариун-Эрдэнэ, В.Оюунгэрэл нар нь үндсэн зээл 10 000 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3 549 998 төгрөг, алданги 1 396 464 төгрөг, нийт 14 946 462 төгрөгийг төлөөгүй байна. Иймд О.А, В.О нараас зээлийн гэрээний үүрэгт 14 946 462 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нар хариу тайлбартаа: Нэхэмжлэгчтэй зээлийн болон фидуцын гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан нь үнэн. Нэхэмжлэгч нь фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжтой байхад зээлийн үүргийг шаардаж буй нь үндэслэлгүй. Гэрээний хүү, алдангийг зогсоох талаар нэхэмжлэгчид мессеж бичсэн тул хүү, нэмэгдүүлсэн хүү зогсох ёстой. Хүүгийн болон алдангийн хэмжээ хэт өндөр байна. Гэрээний үүрэгт 7 600 000 төгрөг төлсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

3. Нэхэмжлэгчээс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ-У-20/177 дугаар зээлийн гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ФГ-У-20/177 дугаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуц/, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ-У-20/177-1 дугаар зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт /гэрээ сунгаж, график өөрчлөв/, зээлийн тооцоолол, 0140 УБД улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн кассын зарлагын ордер баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хариуцагч нараас шүүхэд баримт гаргаж өгөөгүй.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлээс 7 560 941 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 7 385 521 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон: Үүнд:

 

2.1 Нэхэмжлэгч “Г ХХК нь хариуцагч О.А, В.О нартай 2020 оны 10 дугаар сарын 20-ний өдөр ЗГ-У-20/177 дугаартай автомашин барьцаалсан зээлийн гэрээ байгуулж, хариуцагч нарт 10 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлүүлсэн. Хариуцагч нарын хүсэлтийн дагуу 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гэрээг 12 сарын хугацаагаар сунгасан. Хариуцагч нар гэрээний үүрэгт 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 500 000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 4 500 000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 2 034 200 төгрөг, нийт 7 333 294 төгрөг төлсөн.

 

2.2 Гэрээний хугацаа дуусаагүй боловч хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцалж, үндсэн зээл 10 000 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3 549 998 төгрөг, алданги 1 396 464 төгрөг, нийт 14 946 462 төгрөг гаргуулах. Алдангийн хэмжээг хэдийгээр гэрээнд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байхаар тооцсон боловч нэхэмжлэлдээ 0.2 хувиар тооцсон.

 

3. Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

 

3.1 Нэхэмжлэгчтэй 2020 оны 10 дугаар сарын 20-ний өдөр ЗГ-У-20/177 дугаартай зээлийн болон автомашин барьцаалсан зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Гэрээний хугацааг 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 12 сарын хугацаагаар сунгасан.

 

3.2 Нэхэмжлэгч нь фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжтой байхад зээлийн үүргийг шаардаж буй нь үндэслэлгүй.

 

3.3 Гэрээний хүү, алдангийг зогсоох талаар нэхэмжлэгчид мессеж бичсэн тул хүү, нэмэгдүүлсэн хүү зогсох ёстой.

 

3.4 Хүүгийн болон алдангийн хэмжээ хэт өндөр байна.

 

3.5 Гэрээний үүрэгт 7 600 000 төгрөг төлсөн. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ-У-20/177 дугаар зээлийн гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ФГ-У-20/177 дугаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуц/, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ-У-20/177-1 дугаар зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт /гэрээ сунгаж, график өөрчлөв/, зээлийн тооцоолол, 0140 УБД улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн кассын зарлагын ордер нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Зохигчийн хооронд 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ЗГ-У-20/177 дугаартай зээлийн гэрээ, мөн өдөр ФГ-У-20/177 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ тус тус байгуулагдсан байх бөгөөд талууд гэрээг байгуулсан үйл баримт болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

 

5.1 Зээлийн гэрээгээр зээлдэгч О.А, В.О нар нь 10 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл зээлдүүлэгч “Г” ХХК-иас зээлэх, алдангийн хэмжээг хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байхаар заажээ. Түүнчлэн, ФГ-У-20/177 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ээр 01-40 УБД улсын дугаартай, BMW528 маркийн автомашиныг зээлдүүлэгч “Г” ХХК-иас өмчлөлд шилжүүлэхээр харилсан тохиролцсон нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, зээлийн болон фидуцийн гэрээгээр тус тус нотлогдож байна.

 

5.2 Зээлийн гэрээний зүйл, нөхцөл, зорилго, талуудын эрх үүрэг зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээний дагуу 10 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нар нь гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг хүүгийн хамт нэхэмжлэгчид төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

5.3 Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох 10 000 000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлсэн, хариуцагч нар уг 10 000 000 төгрөгийг хүлээн авсан нь кассын зарлагын ордер баримтаар тогтоогдож байхаас гадна хариуцагч нар уг үйл баримтыг үгүйсгээгүй. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан мөнгөн хөрөнгийг хариуцагч нарт шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх тул мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно.

 

5.4 Гэрээний хугацаа үргэлжлэх явцад буюу 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр талууд ЗГ-У-20/177-1 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулсан байна. Уг гэрээгээр 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ-У-20/177 дугаартай зээлийн гэрээний хугацааг 12 сараар буюу 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэл сунгасан. Өөрөөр хэлбэл, гэрээний хугацаа 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дуусах байтал 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болохоор заажээ.

 

5.5 Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хууль, хэлцэл буюу шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн он, сар, өдөр, гаригаар буюу жил, улирал, сар, долоо хоног, хоног, цагаар тодорхойлно. Мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д зааснаар хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн тоолох журамтай. Түүнчлэн, мөн зүйлийн 72.7-т зааснаар хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно. Гэтэл 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ-У-20/177-1 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дуусах гэрээний хугацааг дуусгавар болохоос нь өмнө буюу 2021 оны 6 дугаар сарын 07-ний өдрөөс 12 сарын хугацаагаар сунгасан нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7-д “хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно” гэж заасантай нийцээгүй байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болж байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар уг хугацаанаас хойших хугацааны хүүгийн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

 

5.6 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ-У-20/177 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болж байх бөгөөд хариуцагч нар нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар гэрээний үүрэг болох үндсэн зээл 10 000 000 төгрөг, хүүгийн төлбөрт 3 619 506 төгрөг, нийт 13 619 506 төгрөг төлөхөөс 7 033 293 төгрөг төлсөн нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан дарааллын дагуу хариуцагч нарын гэрээний үүрэг болох 13 619 506 төгрөгөөс хариуцагч нарын төлсөн 7 033 293 төгрөгийг хасаж, үлдэх үүргийн хэмжээг 6 586 213 төгрөг гэж тодорхойлов.

 

5.7 Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. Талууд гэрээний 2.1.5-д алдангийн хэмжээг хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувь байхаар тогтоосон байх боловч нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа алдангийн хэмжээг хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар тооцож шаардлагын үндэслэлээ тодорхойлсон. Иймд хариуцагч нарын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 6 586 213 төгрөг болж байх бөгөөд гэрээний хугацаа дууссан 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл нийт 74 хоногийн алдангийн хэмжээ хоног тутамд 0.2 хувиар тооцвол 974 728 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгч нь гэрээний хариуцлагад нийт 974 728 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй байна.

 

6. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ. Хариуцагч нар зээлийн гэрээг зээлдэгчийг төлөөлж байгуулсан байх тул тэднийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх тул нэхэмжлэгч нь мөн зүйлийн  242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасны дагуу хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

7. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6-д заасгаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга байдаг.

 

7.1 Талуудын шүүхэд гаргасан тайлбараар хариуцагч нар нь 01-40 УБД улсын дугаартай, BMW528 маркийн автомашиныг ашиглах нөхцөлтэйгөөр зээл авсан байх бөгөөд тухайн автомашин бодитоор хариуцагч нарын эзэмшилд байгаа нь нотлогдож байна.

 

7.2 Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6-д зааснаар энэ нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга.

 

7.3 Талуудын хооронд байгуулагдсан үндсэн гэрээ нь зээлийн гэрээ бөгөөд фидуцийн гэрээ нь түүнийг дагалдах гэрээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг бус харин зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас шаардсан нь үндэслэлтэй байна. Түүнчлэн, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар фидуцийн зүйлийг бодитойгоор буюу биетээр гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах эсэх нь зээлдүүлэгчийн эрх бөгөөд үндсэн үүрэг зээлийг эсхүл үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар хангуулах эсэхийг нэхэмжлэгч өөрөө сонгон шаардах эрхтэй. Иймд хариуцагч нарын “...фидуцийн зүйлээр үүргийг хангуулах боломжтой” гэх татгалзал үндэслэлгүй байна.

 

7.4 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлснээ зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нотлох үүрэгтэй бөгөөд харин зээлдэгч буюу хариуцагч нар мөнгөн хөрөнгийг гэрээнд заасны дагуу буцаан төлснөө нотлох үүрэгтэй. Хариуцагч нь гэрээний үүрэгт нийт 7 600 000 төлснөө болон зээлийн гэрээний хүү болон алдангийн зогсоолгох талаар хариуцагчид хүсэлт гаргаж байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотолж чадахгүй байна.

 

7.5 Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно. Түүнчлэн, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно. Хэрэгт авагдсан баримтаар зээлийн хүүгийн хэмжээг сарын 5 хувиар тогтоосныг хэт өдөр гэж үзэх, мөн алдангийн хэмжээг багасгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 683 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 135 925 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч О.А, В.О нараас 7 560 941 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, үлдэх 7 385 521 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 683 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 135 925 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн  төлөөлөгч  буюу  өмгөөлөгч  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                                                                                       

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.БАЯСГАЛАН