Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/00915

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/00915

 

 

 

Г.К ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17ы өдрийн 102/ШШ2022/00947 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.К ХХК-ийн хариуцагч О.А, В.О нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 14,946,462 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямлхагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч О.А, В.О нар нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Г.К ХХК-тай ЗГ-У-20/177 дугаартай автомашин барьцаалсан зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Хариуцагч нарын хүсэлтийн дагуу 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр дээрх гэрээг 12 сарын хугацаагаар сунгасан. Хариуцагч нар нь 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 500,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 4,500,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 2,333,294 төгрөг, нийт 7,333,294 төгрөг төлсөн. Уг зээлийн гэрээний дагуу зээлдэгч О.А, В.О нар нь үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,549,998 төгрөг, алданги 1,396,464 төгрөг, нийт 14,946,462 төгрөгийг төлөөгүй байна. Иймд О.А, В.О нараас зээлийн гэрээний үүрэгт 14,946,462 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжтой байхад зээлийн үүргийг шаардаж буй нь үндэслэлгүй. Гэрээний хүү, алдангийг зогсоох талаар нэхэмжлэгчид мессеж бичсэн тул хүү, нэмэгдүүлсэн хүү зогсох ёстой. Хүүгийн болон алдангийн хэмжээ хэт өндөр байна. Гэрээний үүрэгт 7,600,000 төгрөг төлсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.А, В.О нараас 7,560,941 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.К ХХК-д олгож, үлдэх 7,385,521 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,683 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 135,925 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Хариуцагч 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зээл аваад 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлөлт хийх байтал цар тахлын улмаас гэрээний үүргээ биелүүлэлгүй явсаар 2021 оны 01 дүгээр сарын 26, 06 дугаар сарын 03, 06 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 7,333,294 төгрөг төлснийг нэхэмжлэлийн дүнгээс хасаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь энэ төлөгдсөн мөнгө нь 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөрт тооцогдсон нь нотлох баримтаар бүрэн нотлогдож, мөн хариуцагч нар хүртэл хүлээн зөвшөөрч байгаа юм. Фидуцээр тухайн зээлийг барагдуулахаар гэрээнд тусгасан байсан ч уг фидуцийн зүйл болох 01-40 УБД машинд хропны гэмтэл гарч зээлийн өр төлбөрийг барагдуулах боломжгүй болсон, мөн хариуцагч нар фидуцийн гэрээг зөрчиж бусдад автомашиныг шилжүүлсэн тул хуульд заасан эрхийнхээ дагуу зээл, хүү, алдангийг шүүхэд нэхэмжилсэн тухайгаа тайлбарласан байхад шүүгч фидуцийн зүйл бус зээлийн гэрээний үүрэг шаардах эрхтэй гэж үзсэн. Мөн Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу гэрээний нэмэлт өөрчлөлт болох ЗГ-У-20/177-01 тоот гэрээг хийсэн байтал Иргэний хуулийн 71, 72 дугаар зүйлд заасан хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно гэсэнтэй нийцээгүй байна гэж гэрээний нэмэлт өөрчлөлтийн хугацаанд тооцсон хүү, алдангийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Бид зээлдэгчийн хүсэлт гаргасны дагуу, мөн ковид-19 цар тахлын хуулийн дагуу гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсныг хариуцагч маргаангүй хүлээн зөвшөөрч нотариатаар батлуулсан зэргийг шүүгч харгалзан үзэлгүй шийдвэр гаргаж байгаа нь хэт нэг талыг баримталсан гэж үзэж байна. Иймд иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, анхан шатны шүүх хууль буруу хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Г.К ХХК нь хариуцагч О.А, В.О нарт холбогдуулан 14,946,462 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /хх 30-31/

3. Анхан шатны шүүх гэрээний хугацааг дуусгавар болохоос өмнө сунгасан нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7 дахь хэсэгт заасантай нийцээгүй гэх үндэслэлээр 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойших хугацааны хүү, алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл муутай болсон байна гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтаар зохигчид 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 12 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан, 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл сунгасан бөгөөд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнд талууд гарын үсгээ зуржээ.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзэх тул гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан талуудын тохиролцоо хуульд нийцсэн байх бөгөөд гэрээний хугацааг сунгасан эсэх талаар хэн аль нь маргаагүй.

Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7 дахь хэсэгт Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно гэж зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс сунгасан хугацаа тоологдох бөгөөд гэрээний хугацааг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл сунгахаар гэрээнд тусгажээ. Хуулийн дээрх заалт нь хугацааг сунгах тохиолдолд шинэ хугацааг тоолох журмыг зохицуулсан байхад уг заалтыг хугацаа дуусаагүй байхад хугацаа сунгахыг хориглосон зохицуулалт гэж тайлбарласан нь буруу юм.

Дээрхээс дүгнэхэд гэрээний хугацаа сунгасан гэж үзэх хүсэл зоригийн агуулга тодорхой байх тул хугацаа дуусаагүй байхад сунгасан гэдгээр зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй байна. Иймд зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл сунгагдсан гэж үзнэ.

4. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан

зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч Г.К ХХК хариуцагч О.А, В.О нарт зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцдог бөгөөд мөнгийг буцаан шаардах эрх зээлдүүлэгчид үүсэх юм.

О.А, В.О нар нь зээлийн гэрээний үүрэгт 7,600,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байх боловч энэ талаархи нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэгч нь хариуцагч нарыг 7,333,294 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байна.

Иймээс хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 01 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 7,258,065 төгрөг, нийт 17,258,065 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 7,333,294 төгрөгийг хасаж 9,924,771 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Харин зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байх тул алданги гаргуулах үндэслэлгүй байна.

5. Дээр дурдснаар нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2022/00947 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 7,560,941 гэснийг 9,924,771 гэж, 7,385,521 гэснийг 5,021,691 гэж, 2 дахь заалтын 135,925 гэснийг 173,747 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.К ХХК нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 133,120 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.БЯМБАСҮРЭН