Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 48

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанд:

            Улсын яллагч                                   А.Энхтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Д.Даваасүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Урангоо нар оролцов.

            Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 145 дугаар  зүйлийн 145.2-т зааснаар “давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Баатад овогт Баатарын Ганболдод холбогдох 201618000030 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 23-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум 2 дугаар баг 2 дугаар хэсэгт Золбоо гэх найзындаа оршин суудаг,  эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 1997 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 115 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 9 сарын хорих ял шийтгүүлсэн, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял шийтгүүлсэн, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын баривчлах ял тус тус шийтгүүлж байсан, Гагаая овгийн Баатар Ганболд, /РД:МА-75122313/

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч  Б.Ганболд нь ялтай байх хугацаандаа согтуугаар 2017 оны 01 дүгээр сарын 20-ны орой 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Т.Оюунцэцэгийн автомашины граж буюу агуулах саванд нэвтрэн, тавцантай суурь хөрөө 1ширхэгийг хулгайлан 546.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулан, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 1.Шүүгдэгч Б.Ганболдын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн.... Мэдүүлэг өгөхгүй гэв.

2.Хохирогч Т.Оюунцэцэгийн 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн  ...2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр би 1 цагийн үед гэрт ирсэн. Тэгсэн манай гражны жижиг хаалга нь онгорхой байсан. Гэрт ороод нөхөртөө хэлээд бид хоёр гарч очоод харахад гражний хаалгыг онгойлгоод дотор нь байсан тавцантай хөрөө алга болсон байсан. Тэгсэн гражний урд урд хэсэгт яирээд гараад явсан мөр, бас эрэгтэй хүний гуьлын мөр цасан дунд харагдаж байсан. Яагаад гэвэл урьд өдөр нь гражид машин хийгээгүй болохоор өөр мөр байгаагүй байсан. Уг хөрөөг 2008 онд Улаанбаатар хотоос барилгын дэлгүүрээс 395.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Уг хөрөө нь хуучны 4-н хөл бүхий төмрөөр хийгдсэн. Суурьтай, сайн чанарын мотортой хөрөө байгаа юм. Хөрөөний бүх зүйл төмрөөр хийгдсэн.... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/

3.Гэрч Т.Оюунцэцэгийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн…Мэдүүлэг өгсөнөөс хойш хэд хоногийн дараа 3 ширхэг хүрз, 1 ширхэг тармуур алдагдсаныг мэдсэн юм. Ингээд хохирол үнэлгээ гаргуулахдаа хөрөөн дээрээ нэмээд үнэлүүлсэн юм. Хөрөө алдагдсанаас өмнө хүрз, тармуур байсан. Тухайн үедээ мэдээгүй байсан боловч хэд хоногийн дараагаар мэдсэн ...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 32 дугаар хуудас/

4.Иргэний нэхэмжлэгч Д.Намжилмаагийн  2017 оны 02 дугаар сарын 19-ний  өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн…2017 оны 01 дүгээр сарын 20-ны орой гэртээ байж байхад манай хашаанд байдаг нохой хуцаад байхаар нь гараад хартал нэг хүн усны тэрэг түрээд хашааны урд хаалгаар гарч байсан. Тэгэхээр нь эргэж гэртээ ороод дүү Аригбөхөд хэлж усны тэргийг хүн аваад явчихлаа хурдан гараарай гэж хэлсэн. Усны тэрэг үүдний амбаарын урд талд гадаа ил байсан юм.…гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/

5.Гэрч С.Жамсрангийн 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн…Өчигдөр буюу 2017 оны 01 сарын 20-ны орой 23 цагийн үед гэртээ байж байхад гаднаас Ганболд, Энхбаатар нар орж ирсэн. Ганболд Энхбаатар нь надад та нэг хөрөө авчихаач 20.000 төгрөгөөр гэж хэлсэн. Би мөнгө байхгүй авахгүй гэсэн чинь тэр хоёр ямар нэгэн зүйл хэлэлгүй гарч явсан....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 35 дугаар хуудас/

6.Гэрч Г.Шархүүгийн 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн…Би өнөөдөр өглөө 06 цагийн үед сэрсэн. Би хэдэн үхэр малтай юм. Тэгээд гарч малаа өвөлжөөнөөс гаргаж өвё өгөх гээд очсон. Тэгээд малын өвөлжөөний хашааны хаалга онгойлгоод орох гэтэл урд нэг юм тээгэлдэхээр нь гайхаад гар чийдэн тусгаад харсан чинь суурьтай хөрөө рам байсан. Тэгээд удаагүй үдээс хойш нь цагдаагийн ажилтан нар ирээд хулгайд алдагдсан тавцантай хөрөө байна гэж хэлсэн....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 36 дугаар хуудас/

7.Гэрч Ж.Аригбөхийн 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн…2017 оны 01 дүгээр сарын 20-ны орой гэртээ 22 цаг өнгөрч байсан санагдаж байна. Кино дуусаад унтая гэж байхад гадаа нохой аймаар хуцаад байхаар нь манай эгч Намжилмаа гэрээс гараад явсан. Эргэж орж ирээд нэг хүн усны тэрэг аваад зугатаачихлаа гараарай гэж хэлэхээр нь би хувцасаа өмсөөд гар чийдэн аваад гарсан. Хашааны гадаа эрэгтэй хүний гутлын мөр, усны тэрэгний мөр цасан дээр гарсан байсан. тэр гарсан мөрнүүдийг дагаад би араас нь явсан. Тэгсэн гутлын мөр болон усны тэрэгний мөр манай хажуу талын айл руу орчихсон байсан. Би тухайн айлын хашааг бүрэн тойроод харсан чинь усны тэрэгний мөр тухайн айлын хашааг бас бүтэн тойрсон байсан. Манай гудамжны арын айлын хашааны үүдэн дээр эрэгтэй хүмүүсийн гутлын мөрнүүд байсан. Тэгсэн гудамжны үзүүрт хэдэн хүн байгаа нь мэдэгдэхгүй эрэгтэй хүмүүс хоорондоо наадахаа түрээч, хурдлаач гэх мэтээр яриад байхаар нь би тэр зүг рүү гүйгээд очсон чинь нэг хашаагүй айлын гадаа нойлын тэнд ухсан газарт нэг хөнжлөөр хучаад тавьчихсан зүйл байхаар нь хучсан юмыг нь авсан чинь тавцантай суурьтай хөрөө байсан. тэгсэн чинь урд талын Жамсран ахын хашаанаас хоёр эрэгтэй хүн гараад ирэхээр нь би гар чийдэн тусгаад хэн бэ гэсэн чинь Ганбол, Энхбаатар ах нар нь байна гэж хэлсэн. Намайг яасан ахын дүү юм аа алдчихсан юм уу гэхээр нь би тийм манай усны тэрэг алга болсон байна гэж хэлсэн чинь намайг юу гээд байгаа юм маргааш өгье гэхээр нь би юу яриад байгаа юм одоо аюъя гэж хэлсэн. Тэгсэн чинь Ганболд Энхбаатар нар нь усны тэрэгэн дээр тавьчихсан хөрөөг түрээд хойшоо Шархүү ахын хашаа руу яваад орчихсон. Би тэгэхээр нь эгч рүү утасдаж хэлсэн чинь за хүрээд ир маргааш цагдаагийн газар мэдэгдэе гэж хэлсэн....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 37 дугаар хуудас/

8.Гэрч П.Сарангэрэлийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн…Ганболд уг нь хүнтэй эвсэг харьцаатай, тусархуу хүн байгаа юм. Архи уухаараа жаахан авир гаргах гээд байдаг. Иргэн Б.Ганболд нь 2 дугаар багт бүртгэлтэй боловч өөрийн гэсэн гэр орон байхгүй гадуур таньдаг найз нөхдийнхөөрөө хоног төөрүүлж явдаг. Ганц бие хүн байгаа. Ихэвчилэн гудамжинд архи ууж байдаг. Ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Хамаатан садан нь гэхээр Алтанбулаг сумын 3 дугаар баг Хонд гэх газарт Ганболдын төрсөн ах Гантулга нь амьдардаг. Уг нь Ганболд олуулаа байдаг ба ах, эгч, дүү нар нь ихэвчлэн Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 38 дугаар хуудас/

  9.Шүүгдэгч Б.Ганболдын 2017 оны 01 дүгээр сарын 21-нд сэжигтнээр өгсөн....2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 16-н цагийн үед Энхбаатартай хамт хосулаа 0.75 литрийн шилтэй 2 шил архи гудамжинд хувааж уусан. Энхбаатар найзындаа очно гэж хэлээд хил явсан байх. Би болохоор Бадрах гээд айлд очи унтсан. Орой 22 цагийн үед байх сэрээд тамхи татах санаатай гудамжинд гарсан. Тахи хайж явж байхад малчны гудамжинд Дамдинпүрэв гэдэг айлын урд хашааны хаалга нь онгорхой, бас граж нь цоожгүй  байхаар нь тэр айл руу явж ороод гражнаас нь хучсан байсан хөнжлөөр нь  чирж гаргаж тавьсан. Тэгээд би урд талын айлын хашаанд үүдний амбаарын урд гадаа байсан усны тэргийг авч гарсан. Авч гараад явж байхад замд Энхбаатар тааралдахаар нь тэнд төмөр байгаа чи усны тэрэг дээр өргөлцөөд төвиөд өг гэж хэлээд би дагуулаад явсан. Би Дамдинпүрэвийн хашааны гадаа ирээд бүтээсэн зүйлийг нь Энхбаатартай хамт усны тэрэг дээр тавиад Жамсран ахынд очмон. Энхбаатар бид хоср хамт Жамсран ахын гэрт явж ороод жижиг хөрөө авах уу гэж би асуухад Жамсран ах авахгүй гэхээр нь гэрээс гарч ирээд зогсож байсан чинь гадаа нэг хүүхэд усны тэргээ авъя гэхээр нь би маргааш аваачаад өгье гэж хэлэхэд нөгөө хүзүхэд яваад өгсөн. Би усны тэргтээ хөрөөгөө түрээд Шархүү ахын хашаанд нь ороод малын өвөлжөөний ертөнцийн згээр баруун талын жижиг хашаанд унагааж буулгачихаад, гаднах хаалгыг нь уяагаар уяад эргэж гараад усны тэргийг нь аваад Бадрах гээд айлд очиж хоносон. Маргааш нь усны тэргийг нь эзэнд нь өгсөн. Энхбаатар нь Жамсран ахынд эргэж ороод хоносон байх.....гэх мэдүүлэг.         

/хавтаст хэргийн 47-48 дугаар  хуудас/.

10.Шүүгдэгч Б.Ганболдын 2017 оны  03 дугаар сарын 07-ны өдөр  яллагдагчаар өгсөн....Би өмнөх сэжигтнээр өгсөн байцаалтандаа болсон зүйлийг ярьж хэлсэн байгаа...гэх мэдүүлэг.

/хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/.

11.Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Суварга 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/

12.Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Үнэлгээ тогтоох комиссын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №03 тоот эд зүйлийн үнэлгээ тогтоосон акт /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/

13.Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудас/

14.Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/.

15.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 20-27 дугаар хуудас/

      16.Шүүгдэгч Б.Ганболдын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоолын хуулбар, суллагдсан тухай лавлагаа /хавтаст хэргийн 70, 73-94, 95 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад

Шүүх дараахи дүгнэлтийг хийв.

 

            Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Баатад овогт Баатарын Ганболдыг ялтай байх хугацаандаа 2017 оны 01 дүгээр сарын 20-ны орой 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн иргэн Т.Оюунцэцэгийн автомашины граж буюу агуулах саванд нэвтрэн, тавцантай суурь хөрөө 1 ширхэгийг хулгайлан 546.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулан, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. 

             Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судалсан бөгөөд Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараахи нотлох баримтуудад үндэслэн Шүүх дүгнэлт хийв. Учир нь эдгээр нотлох баримтууд хуулийн шаардлага хангасан үндэслэл бүхий, ач холбогдолтой баримт сэлтүүд мөн байна.

      Үүнд; Хохирогч Т.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх 31-32/, иргэний нэхэмжлэгч Д.Намжилмаа /хх 34/, гэрч С.Жамсран /хх 35/, Г.Шархүү /хх36/ нарын мэдүүлгүүд, насанд хүрээгүй гэрч Ж.Аригбөх /хх 37/ Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Суварга 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх 55-56 /,Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Үнэлгээ тогтоох комиссын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №03 тоот эд зүйлийн үнэлгээ тогтоосон акт /хх 4/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх 7-9/, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 10-11/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх 20-27/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоолын хуулбар, суллагдсан тухай лавлагаа  /хх 70, 73-94, 95/ зэрэг болно. 

         Дээрхи нотлох баримтуудад үндэслэн Баатарын Ганболдыг ялтай байх хугацаандаа  2017 оны 01 дүгээр сарын 20-ны орой 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Т.Оюунцэцэгийн автомашины граж руу  нэвтрэн, цахилгаанаар ажилладаг тавцан суурьтай хөрөө 1 ширхэгийг хулгайлан 546.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж Шүүх дүгнэв.

             Учир нь: Хохирогч Т.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд удаа дараа өгсөн мэдүүлэг нь иргэний нэхэмжлэгч Д.Намжилмаа, гэрч С.Жамсран, Г.Шархүү, насанд хүрээгүй гэрч Ж.Аригбөх нарын мэдүүлгүүдтэй тохирч, шүүгдэгч Б.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр хөдөлбөргүй                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  тогтоогдож байна.

             Хавтаст хэргийн 73-95 дугаар  хуудсанд шүүгдэгч Б.Ганболд нь Сэлэнгэ аймаг дахь   сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сарын баривчлах ял шийтгүүлж, 2016 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан баримтууд авагджээ.  

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар 78.2.3-д зааснаар “...хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш 5 жилийн дотор шинээр гэмт хэрэг үйлдээгүй” бол ялгүйд тооцохоор заасан байна. Шүүгдэгч Б.Ганболд нь шүүхээс оногдуулсан “баривчлах” ялыг биеэр эдэлж дууссанаас хойш 9 сар, 18 хоногийн дотор дахин гэмт хэрэг үйлдсэнийг ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            Урьд шүүхийн тогтоолоор оногдуулсан ялын ялтай байх хугацаа дуусаагүй байгаа тул Прокурорын газраас Б.Ганболдыг “давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэрэгт яллаж байгаа нь буруу биш байна.     

             Иймээс шүүгдэгч Б.Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан “Давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуулинд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзнэ.      

            Шүүгдэгч Б.Ганболдод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрхи нөхцөл байдлыг харгалзан үзэхээс гадна хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан үзээд хуулинд оногдуулахаар заасан ялаас “баривчлах” ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.  

              Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй, 16 хоног цагдан хоригдсон, эрх хязгаарласан бусад арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй. Мөрдөн байцаагчийн тогтоолоор Алтанбулаг сумын иргэн Д.Намжилмаагийн 80.000 төгрөгийн үнэлгээтэй усны тэрэг битүүмжилснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүлйийн 134.10-т зааснаар хүчингүй болгож, жинхэнэ эзэмшигч Намжилмаад буцаан олгохоор тогтов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294,295, 296. 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Гагаая овогт Баатарын Ганболдыг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан “Давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар  Гагаая овогт Баатарын Ганболдод эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр  6 /зургаа/  сарын баривчлах ял шийтгэсүгэй.

3.Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй, эрх хязгаарласан арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүлйийн 134.10-т зааснаар  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэн Д.Намжилмаагийн 80.000 төгрөгийн үнэлгээтэй усны тэрэг битүүмжилснийг хүчингүй болгож, уг тэрэгний жинхэнэ эзэмшигч Намжилмаад буцаан олгосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Б.Ганболдын цагдан хоригдсон 16 хоногийг эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцсугай.

6.Шүүгдэгч Б.Ганболдод урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр  зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч болон хохирогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  тогтоолын хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

   

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    Б.НАЦАГДОРЖ