Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 971

 

 

 

 

 

 

 

 

 

М.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/00642 дугаар шийдвэртэй М.Бгийн нэхэмжлэлтэй С.Мд холбогдох гэм хорын хохиролд 50 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б, өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.М миний эд хөрөнгөд онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт эрүүгийн журмаар холбогдуулан шалгахад гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон, хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэрлэсэн.

С.М нь 2010 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “...хамтран ажиллаж нүүрс гаргая үүний тулд төмөр замын оролттой газар олох хэрэгтэй байна”, 12 дугаар сарын 20-ны өдрийн орой утсаар ярьж, “...би төмөр замын оролттой газар олчихлоо 20 000 ам.доллар хэрэгтэй байна, яг маргааш өглөө бэлэн болгохгүй бол авах өрсөлдөгч нар их байна” гэж хэлсний дагуу би 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдөр эхнэр С.Аптанцэцэгийн найз болох П.Мөнхжаргалын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 69б-4 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг “Неткапитал ББСБ” ХХК-д сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, 21 000 000 төгрөгийг зээлж зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Зээл гаргасны шимтгэл, үл хөдлөхийн зардалд 500 000 төгрөгийг зарцуулж, 20 500 000 төгрөгийг С.Мд өгсөн.

Нэг сарын дараа С.М нь 360 000 төгрөг, би 900 000 төгрөг, нийт 1 260 000 төгрөгийг 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн ба 3 сарын зээлийн гэрээний хугацаа дууссан. Улмаар тус байгууллага зээлийн гэрээний үүргээ, П.Мөнхжаргал орон сууцаа зээлнээс чөлөөлж өгөхийг шаардаж эхэлсэн. Улмаар 2011 оны 4 дүгээр сарын 11-ны өдөр дүү Т.Баасандэлгэрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Хоршооллын хотхон, Б.Доржийн гудамж 16-41 тоот, 52.9 мкв, 2 өрөө орон сууцыг барьцаалж “Неткапитал ББСБ” ХХК-д 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай 24 500 000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, П.Мөнхжаргалын орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн. Үүнээс хойш С.М мөнгө төлөөгүй, сураггүй болсон.

Би 2011 оны 8 дугаар сарын 04-нд би өөрийн өмчлөлийн 93-39 УНВ улсын дугаартай лексус 470 маркийн автомашинаа “Неткапитал ББСБ” ХХК-д нэг жилийн хугацаатай барьцаанд тавьж 6 217 100 төгрөгийг 5,6,7,8 дугаар сарын хүүнд төлсөн. Үүний дараа 2011 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 635 100 төгрөг, 10 дугаар сарын 11-ний өдөр 747 100 төгрөг тус тус төлсөн. Дээрх зээлийн хүүг төлөхдөө тухай бүрт хувь хүнээс 5 хувийн хүүтэй зээл авч, ломбарданд эд зүйлсээ тавьж байсан. Банк бус байгууллага 9,10,11 дүгээр сарын хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээл нийлээд 27 500 000 төгрөг тооцоолж зээлээ төл орон сууцаа чөлөөлж ав гэж шаардсан.

2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Капитал банк” ХХК-д 30 000 000 төгрөгийг 2.8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай барьцаанд тавьж, зээл чөлөөлсний хөлсөнд 1 500 000 төгрөг, шуурхай зээлийн шимтгэлд 300 000 төгрөг, үл хөдлөх нотариатын зардалд нийт 700 000 төгрөгийг би төлсөн.

“Капитал банк” ХХК-д би 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 820 000 төгрөг, 28-ны өдөр 1 000 000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 3 500 000 төгрөг, 02 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 3 дугаар сарын 23-ны өдөр 650 000 төгрөг, мөн сарын 31-ны өдөр 600 000 төгрөг, С.М 2012 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 5 000 000 төгрөг, 4 дүгээр сарын 06-ны өдөр 900 000 төгрөгийг тус тус төлсөн.

2012 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “Капитал банк” ХХК-ийн зээлийн хугацаа дуусч, орон сууцаа чөлөөл гэсэн шаардлагын дагуу өөр нэг хүнээр зуучлуулан ажлын хөлсөнд 1 000 000 төгрөг төлж, 2012 оны 5 дугаар сарын 03-ны өдөр “Газаркапитал ББСБ” ХХК-д сарын 4.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай 22 000 000 төгрөгийн барьцаанд тавьж “Капитал банк” ХХК-ийн зээлийг хаасан. “Газаркапитал ББСБ” ХХК-ийн хүүнд би 2012 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 682 000 төгрөг, 7 дугаар сарын 04-ний өдөр 690 000 төгрөгийг Т.Баасандэлгэр бид хоёр, 10 дугаар сарын 11-ний өдөр 2 170 000 төгрөгийг С.М тус тус төлсөн.

Энэ өдрөөс хойш 9 сар хүү, алданги төлөөгүй тул үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, хуримтлагдсан хүү гэх мэт нийлээд 30 600 000 төгрөгийг төлөхийн тулд энэ үнэд зарж борлуулан 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдөр зээлийг хаасан. Тухайн үед С.М утсаа авахгүй, зугтаад ирэхгүй байсан тул орон сууцаа худалдсан.

2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр орон сууцаа барьцаанд тавиулж алдсан дүү Т.Баасандэлгэрт орон сууцны үнэ болон тухайн үед төлсөн үл хөдлөхийн татвар болох 32 250 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Энэ хугацаанд би бодитоор банк, ББСБ, хувь зээл хөөцөлдсөн хүмүүсийн төлбөр, Т.Баасандэлгэрийн орон сууцны үнэнд төлсөн 50 250 000 төгрөгөөр хохироод байна. Иймд С.Маас 50 250 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч С.Мд шүүхэд гаргасан тайлбартаа: М.Б нь 2010 оны сүүлээр мөнгө хэрэг болсон тухай хэлэхэд “Неткапитал ББСБ” ХХК-ийг зааж өгсөн. Тухайн үед өөрийн эзэмшлийн лексус автомашиныг барьцаанд тавьж мөнгө авсан байдаг. Мөнгө авсан тухай эхнэртээ хэлэхдээ “Зулаатай хамтарч ажиллаж байгаа” гэж хэлсэн, бас эхнэр нь чамаас асуувал “тийм” гэж хэлээрэй гэсэн. Ах нь мөнгө олохоороо эхнэрийгээ аргадчихнаа гэж хэлсэн. Намайг эрүүгийн журмаар холбогдуулан шалгахад гэрчүүд бүгд худал мэдүүлэг өгсөн бөгөөд тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, нотлогдохгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Гар утасны зурвасуудыг М.Бгийн ятгалгаар бичиж байсан. Иймээс М.Б нь хүн гүтгэж, өөрсдийн банкаас зээлсэн мөнгө, хүүний буруутан болж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Маас 25 125 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Бд олгож, илүү нэхэмжилсэн 25 125 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Маас улсын тэмдэгтийн хураамжинд 283 575 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Бд олгон шийдвэрлэжээ.

Хариуцагч С.М давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. М.Б нь П.Мөнхжаргалын орон сууцыг барьцаанд тавьж 21 000 000 төгрөг зээлсэн нь эдгээр хүмүүсийн хооронд үүссэн харилцаа тул надад хамааралгүй, шүүхэд гаргасан М.Бгийн гомдол болон гэрчийн мэдүүлгүүд бүгд зөрж байгаа.

М.Б нь нэхэмжлэл, тайлбар, мэдүүлэг бүрт үргэлж хэзээ, хэдэн төгрөг авч, хэдийг нь хэнд өгснөө удаа дараа худал мэдүүлдэг нь тухайн мөнгийг би аваагүй болох нь бүрэн нотлох нотолгоо юм.

Түүнчлэн, М.Бгийн ятгалгаар 5 гэрч эрүүгийн хэрэг шалгагдаж байх явцад зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг. Гэрчийн мэдүүлгүүд болон миний бичсэн “за ах минь наад жүжигээ одоо боль, таны амьдралыг бодсоор байтал сүүлдээ би авсан юм шиг буруутан болоод эхнэрээр чинь хүртэл доромжлуулаад байна” гэсэн мессежний хариуд “аваагүйг чинь мэднэ, ахыгаа бодоо дүү” гэсэн баримтыг гаргуулах хүсэлтэй байхад шүүх гэрчүүдийн мэдүүлгийг баримтаар гаргуулж хэрэгт оруулах шаардлагагүй гэж үзэн талуудын хоорондын зурвасыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч М.Б шүүхэд хандан, хариуцагч С.Маас гэм хорын хохиролд 50 250 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, мөнгийг аваагүй гэх үндэслэл заан маргажээ. Талууд гэм хор учирсан гэж үзэх шалтгаант холбоо, гэм буруугийн талаар маргаж байна.

Зөрчлийн улмаас үүсэх үүргийн үндсэн зохицуулалт болох Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийн агуулгаас үзвэл гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр бусдын хөрөнгөд гэм хор учирсан байх, уг үйлдэл, хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх учиртай.

Хэрэгт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 7 дугаар тогтоол, зээлийн болон ипотекийн гэрээнүүд, зээлийн болон барьцааны гэрээнүүд, депозит дансны хуулга, кассын орлого, зарлагын баримт, С.Мд холбогдох эрүүгийн хэргээс хуулбарлан ирүүлсэн бичгийн баримтууд, “ХААН банк” ХХК болон “Голомт банк” ХХК-ийн орлогын баримтууд, “Начин заан” ХХК-ийн М.Бд олгосон зээлийн баримт, гэрч Т.Баасандэлгэр, Г.Болортуяа, Б.Нарангэрэл, П.Мөнхжаргал, С.Алтанцэцэг нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ. /хх 8, 13-33, 37, 39-63, 93-95, 98, 113-135 дахь тал/

Эдгээр баримтуудыг харьцуулан үзвэл хариуцагч С.М нь нэхэмжлэгч М.Бгээс мөнгөн хөрөнгө авсан, уг мөнгөө буцаан өгөөгүйн улмаас нэхэмжлэгч М.Б банкинд зээл, зээлийн хүү төлж хохирсон үйл баримт тогтоогдсон байна. Иймээс нэхэмжлэгч М.Б нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй.

Хариуцагч С.М нь нэхэмжлэгч М.Бгээс 21 000 000 төгрөг хүлээж аваагүй, түүний ятгалгаар эхнэрт нь мессеж бичсэн гэж маргах боловч үүнийгээ баримтаар нотолж чадаагүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулсаны хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй байна. Шүүх энэ талаар зөв дүгнэсэн боловч хариуцагчаас гаргуулах төлбөрийн хэмжээг тогтоохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчжээ.

Нэхэмжлэгч М.Б нь 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Нэткапитал” ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 21 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаагаар, 2011 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээгээр 12 000 000 төгрөгийг мөн сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай тус тус зээлж авсан болох нь 10003242, 10002326 дугаартай зээлийн гэрээгээр нотлогдож байна. Дээрх зээлүүдийг авах болсон шалтгаан нь хариуцагч С.М өр төлбөрөө төлөөгүйтэй холбоотой болох нь хэрэгт авагдсан дээр дурдсан баримтуудаар тогтоогдсон. Зээлийн гэрээнүүдийн дагуу зээл хүүгийн хамт нийт 40 457 747 төгрөг төлөх үүрэг М.Бд үүссэн байх тул энэ хэмжээгээр түүнд учирсан гэм хорыг арилгах үүргийг нэхэмжлэгч тодорхойлох боломжтой байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн авсан дээрх зээлийн гэрээний үүрэгт 8 430 000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан мөнгө төлсөн баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул уг мөнгийг үүргээс хасч тооцвол 32 027 747 төгрөгийг нэхэмжлэгч М.Бд төлөхөөр байна. Гэхдээ анхан шатны шүүх С.Маас 25 125 000 төгрөг гаргуулан М.Бд олгохоор шийдвэрлэсэн талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул талуудын диспозитив зарчмын хүрээнд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

Харин хэрэгт авагдсан бусад зээлийн гэрээнүүд тодруулбал, 2011 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 10002731, мөн оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11/142, 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 10006180, 5 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ01056 дугаар бүхий гэрээнүүдэд барьцаалан зээлдүүлэх газраас авсан зээлийг С.Мын буруутай үйлдлээс шалтгаалан авсан гэж шууд хамааруулах боломжгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/00642 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 290 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                          Б.НАРМАНДАХ

 

                                                                                                 Ч.ЦЭНД