Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2019/00642

 

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2019/00642

Улаанбаатар хот

                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Мөнгөнтуул, Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоотод оршин суух, М  Б  /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод оршин суух, С  М /РД: /-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 50 250 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, хариуцагчийн төлөөлөгч С.М  , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Б , түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Б  намайг С.М нь 2010 оны 12 дугаар сарын 21-ны өдөр итгэл эвдэн, мэхлэн эд хөрөнгөд онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт С.М   холбогдуулан Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйл 148.4 дэхь хэсэгт зааснаар 201625030029 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2017 оны 10 дугаар сарын 19-ний 25 тоот тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг тогтоолд ..2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тус гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил өнгөрч дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр тогтов хэмээн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг эрүүгийн хэргийг хоёр жил гаруй хугацаанд шалгасан бөгөөд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлж тус шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 162 тоот тогтоолоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэсэн. Ингээд мөрдөн байцаалтын шатанд байхад хөөн хэлэлцэх хугацаа дуусч хэргийг хэрэгсэхгүй болгож, хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн. С.М нь 2010 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ...хамтран ажиллаж нүүрс гаргая үүний тулд төмөр замын оролттой газар олох хэрэгтэй байна асууж сураглаарай гэсэн бөгөөд үүний хойш нэг сарын дараа 2010-12-20-ны орой утсаар ярьж, би төмөр замын оролттой газар олчихлоо мөнгө хэрэгтэй байна, 20 000 ам.доллар хэрэгтэй байна, яг маргааш өглөө бэлэн болгохгүй бол авах өрсөлдөгч нар их байна гэсэн. Маргааш өглөө нь буюу 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдөр эхнэр С.А  найз болох Т.М гуйж түүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 22-р хороо, 696 байрны 4 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг Н ББСБ ХХК-д сарын 5%-ын хүүтэй, 3 сарын хугацаатай, 21 000 000 төгрөгийг зээлж зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Ингээд зээл гаргасны шимтгэл, үл хөдлөхийн зардал гээд 500 000 төгрөгийг зарцуулж, гар дээр 20 500 000 төгрөг өгснийг бүгдийг нь С.М   өгсөн. Тухайн үед би 20 000 000 төгрөг ББСБ-аас зээлэх гэж байтал С.М нь нэг саяыг нэмчих гээд 21 000 000 төгрөгийг зээл авхуулсан. Анх зээл авахад С.М нь 2 сарын дотор л би төлөөд дуусгачихна гээд 3 сарын хугацаатай зээл гаргуулсан. Нэг сарын дараа төлөлт хийх болоход С.М нь нэг ч төгрөг төлөөгүй байсан ба намайг С.М нэхэхэд 360 000 төгрөг өгсөн ба би өөрөөсөө 900 000 төгрөг гаргаж нийт 1 260 000 төгрөгийг 2011-01-25-ны өдөр ББСБ-д төлсөн. 2011-01-25-ны өдрөөс хойш С.М нь утсаа ч авахгүй таг алга болсон бөгөөд 3 сарын зээлийн гэрээний хугацаа ч дууссан. Ингээд надаас ББСБ үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэж С.Мөнхжаргал ч орон сууцаа зээлнээс чөлөөлж өгөхийг шаардаж эхэлсэн. Ингээд арай гэж С.Мөнхзултай холбогдож хэлэхэд ...та яаж ийгээд түр аргалж бай, би одоо удахгүй олоод өгнө гэсэн. Би түүний энэ үгэнд итгээд дүү Т.Б  хэлсэн бөгөөд С.М нь 04-09 УБН Range Rover маркын машинтай ээжтэйгээ хамт Т.Б эй уулзаад ... орон сууцаа барьцаанд тавиад өг, удахгүй мөнгө орж ирнэ, ганцхан сарын хугацаатай л барьцаанд тавьчих гэж гуйсан. Ингээд Т.Мөнхжаргалын орон сууцыг барьцаанаас чөлөөлж 2011 оны 4 дүгээр сарын 11-ны өдөр Т.Баасандэлгэрийн Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Хоршооллын хотхон, Б.Доржийн гудамж 16-41 тоот хаягт соших 52,9 мкв, 2 өрөө орон сууцыг барьцаалж Н ББСБ-д 5%-ийн хүүтэй, 1 сарын хугацаатай 24 500 000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Энэхүү 24,500,000 төгрөг нь өмнөх зээлийн гэрээний үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийлсэн дүн юм. Н ББСБ-ын эдийн засагч Нарангэрэл нь С.М энэ мөнгийг авч байгаа юм чинь хамтран зээлдэгчээр орохгүй юмуу гэхэд С.М нь иргэний үнэмлэхээ хаясан байхгүй гэх мэт шалтаг хэлсээр С.Мөнзул хамтран зээлдэгчээр ороогүй. С.М нь анхнаасаа намайг залилан мэхлэх зорилготой байсан тул хамтран зээлдэгчээр ороогүй. С.М нь Т.Б  удахгүй мөнгө орж ирэхээр орон сууцыг чинь барьцаанаас чөлөөлөөд өгнө гэж амлаад явсан. 2011-04-11-ны өдрөөс 2011 оны 8 дугаар сар хүртэл мөн л С.М нь ямар ч төлбөр төлөхгүй алга болсон. Гэрт нь очиход түрээслэж байсан байрнаасаа нүүсэн байсан. Ингээд би арга буюу 2011 оны 8 дугаар сарын 04-нд би өөрийн өмчлөлийн машин болох 93-39 УНВ улсын дугаартай Лексус 470 маркын машинаа Н ББСБ-д нэг жилийн хугацаатай барьцаанд тавьж 6 217 100 төгрөгийг 5,6,7,8 дугаар сарын хүүнд төлсөн. Үүний дараа 2011-09-03-нд хүү төлөх хугацаа болоход 635 100 төгрөг, 2011-10-11-нд 747,100 төгрөг тус тус төлсөн. Дээрх зээлийн хүүг төлөхдөө тухай бүр нь хувь хүнээс 5%-ийн хүүтэй зээл авч, ломбарданд эд зүйлсээ тавьж төлж байсан. ББСБ биднээс 9,10,11 дүгээр сарын хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээл нийлээд 27 500 000 төгрөгөөр тооцоолж зээлээ төл орон сууцаа чөлөөлж ав гэж шаардах болсон. Ингээд мөн арга барагдаж өдөрт нь зээлээс чөлөөлдөг хувь хүнээр зээл хөөцөлдүүлж 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Капитал банк ХХК-д 30 000 000

төгрөгийг 2,8%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатай барьцаанд тавьж, зээл чөлөөлсөний хөлсөнд 1 500 000 төгрөгийг өгсөн. Банкинд шуурхай зээлийн шимтгэлд 300 000 төгрөг, үл хөдлөх нотариат нийлээд бүгд 700 000 төгрөгийг би өөрөө төлсөн. Ингээд Капитал банкинд 2011-12-12-нд 820 000 төгрөгийг М.Б  би, 2011-12-28-нд 1 000 000 төгрөгийг М.Б  би, 2012-1-23-нд 3 500 000 төгрөгийг М.Б  би, 2012-02-02-нд 1 000 000 төгрөгийг М.Б  би, 2012-02-21-нд 5 000 000 төгрөгийг С.Мөнхзул, 2012-03-23-нд 650 000 төгрөгийг М.Б  би, 2012-03-31-нд 600,000 төгрөгийг М.Б  би, 2012-4-6-нд 900 000 төгрөгийг С.М тус тус төлж байсан. Ингээд 2 сар зээл төлөх хугацаа хэтэрсэн тул орон сууц хураах мэдэгдэл хүртэл ирж байсан. 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Капитал банкны зээлийн хугацаа дуусч, орон сууцаа чөлөөл гэсэн шаардлагын дагуу өөр нэг хүнээр зуучлуулан ажлын хөлсөнд 1 000 000 төгрөг төлж 2012 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Газар капитал ББСБ-д 4,5%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай 22 000 000 төгрөгийн барьцаанд тавьж Капитал банкны зээлийг хаасан. Газар Капитал ББСБ-д хүүнд 2012-06-08-нд 682 000 төгрөгийг М.Б  би, 2012-07-04-нд 690,000 төгрөгийг М.Б , дүү Баасандэлгэр бид хоёр, 2012-10-11-нд 2 170 000 төгрөгийг С.М тус тус төлсөн. Энэ өдрөөс хойш бүтэн 9 сар хүү, алданги төлөөгүй тул үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, хуримтлагдсан хүү гэх мэт нийлээд 30 600 000 төгрөгийг төлөхийн тулд энэ үнэд зарж борлуулан 2013-8-07-ны өдөр зээлийг хаасан. Тухайн үед С.М нь утсаа авахгүй, зугтаад ирэхгүй байсан тул аргагүйн эрхэнд орон сууцаа худалдсан. Энэ бүх хугацаанд С.М нь удахгүй мөнгө орж, ирнэ болно гэх мэтээр надад итгэл төрүүлж, нэг алга болж, нэг гарч ирсээр бараг 3 жилийн нүүр үзсэн. Цагдаад өгөх гэхээр би олон хүүхэдтэй хүн, өнөө маргааш болох гэж байна байж гээд өгүүлээгүй явсаар байгаад 2014 онд цагдаад өгч хэрэг шалгагдаж, түдгэлзүүлж, шүүхээс буцаасаар хөөн хэлэлцэх хугацаа дуусч хэргийг хэрэгсэхгүй болгосон. 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдөр би орон сууцаа барьцаанд тавиулж алдсан дүү Т.Б  орон сууцны үнэ болон тухайн үед төлсөн үл хөдлөхийн татвар болох 32 250 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Энэ хугацаанд би бодитоор банк, ББСБ, хувь зээл хөөцөлдсөн хүмүүсийн төлбөр, Т.Баасандэлгэрийн орон сууцны үнэнд төлсөн 50 250 000 төгрөгөөр хохироод байна. Эдгээр бүх баримтууд болон гэрчийн мэдүүлгүүд бүгд эрүүгийн хэргийн материалд бүрэн авагдсан байгаа. 2010 оны 6 сард Мөнхзултай анх Өнөрцэцэг эгчээр дамжуулан танилцаж байсан. Түүнээс хойш ахаа, эгчээ гэж явдаг байж байгаад компани байгуулаад хамтарч ажиллая гээд миний бие тээврийн зөвшөөрөлтэй компани байгуулсан. Ингээд хүний юм хийхээр хамтраад ажил хийе гээд төмөр замын оролттой газар авах хэрэгтэй байна гээд 2 сар ажил хөөцөлдөж хамт явсан олон хүнтэй уулзсан. Тэгээд нэг өдөр төмөр замын оролттой газар олсон яаралтай мөнгө хэрэгтэй байна, өдөрт нь олохгүй бол болохгүй байна гэсэн. Тэр үед манай эхнэр С.Алтанцэцэг нь эхнэр Солонгос улсад байсан ба энэ талаар эхнэртээ хэлж, түүний найз Т.Мөнхжаргал руу эхнэрээ яриулаад байрыг нь 2010 оны 12 сарын 21-ний өдөр барьцаанд тавиад 21 000 000 төгрөгний зээл авсан.  М  нөгөө хүмүүс нь утасдаад байна хурдлаарай гээд Нэт капитал дээр хамт байж байгаад мөнгөө авсан. Тэр үед С.М жирэмсэн байсан ба нэг сарын дараа М төрсөн байсан. Хүү төлөх болоход С.М надад 360 000 төгрөг байна, төмөр замын оролттой газраа авсан болохоор удахгүй мөнгө орж ирнэ, та үлдсэнийг нь та гаргачих гээд би өөрөөсөө 900 000 төгрөг гаргаад 1 200 000 төгрөг эхний сарын хүүг төлсөн. Дараа дараагийн төлбөр хийгдээгүй байсан бөгөөд байрыг 3 сарын хугацаатай барьцаалсан байсан тул байрны ордероо авъя гэтэл М та аргалж байгаачээ, удахгүй мөнгө орж ирнэ гэхэд нь би эхнэрийн дүү Баасандэлгэрийн байрыг 2015 оны 04 сарын 11-нд барьцаанд тавихаар болоод Мөнхзулыг Б эй уулзаад учир байдлаа тайлбарлаж хэл гэхэд М 04-09 дугаарай Ренж Ровэр машинтай ээжтэйгээ хамт ирсэн. Нэткапитал ББСБ-ын өрөөнд М Баасандэлгэрээс гуйгаад туслаачээ гэхэд нь Баасандэлгэр Мөнхжаргалын байрыг өөрийн байраар сольж барьцаанд 24 500 000 төгрөгөөр тавьсан. Нарангэрэл нь надад Мөнхзулыг хамтран зээлдэгчээс оруулахгүй бол худлаа ярьж байгаа юм биш үү гээд хамтран зээлдэгчээр оруулах гэсэн боловч иргэний үнэмлэх байхгүй гээд ороогүй.  6 сарын үед өргөөгийн тэнд уулзаад нөгөө газар байхгүй болсон, мөнгө төгрөгөө авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, одоо нүүрсний орд зарах гэж байгаа та түр хүлээж байгаарай гэсэн боловч сүүлдээ тэр газар нь худлаа болсон. Тэр хооронд хоорондоо олон харилцсан. Одоо зарахаар болчлоо, би Хятадад байна, та юаны данс нээчих гэхээр нь би данс Голомт банк ХХК-д нээлгүүлсэн. Гэтэл нүүрсний орд байхгүй болсон гэж хэлсэн. Би налайхад тоосгоны үйлдвэр ажиллуулах гээд одоо Хятадуудтай очиж явна. Тоосгоны үйлдвэрийн захирлаар ажиллахаар болсон гэж хэлсэн боловч мөн сүүлдээ бүтээгүй гэсэн. Одоо Солонгосуудтай замын тендер аваал ажиллуулах гэж байна. Та санаа амар байж байгаарай гээд МАХН-ын байрны 4 давхарт офиссоо үзүүлсэн. Гэтэл бас л бүтээгүй. Дараа нь  нэг удаа уулзаад хоолонд оруулаад Зайсан ресортэд караоке хийхээр талбай авч байгаа гээд баригдаж байгаа байшин үзүүлсэн. Гэтэл бас бүтээгүй. Энэ мэт С.Мөнхзулын хууран мэхлэлт худлаа ярьснаас үүдэн 32 500 000 төгрөгийг Б  гаргаж өгч, мөн 5 жилийн дотор 18 000 000 төгрөгийг зээлсэн мөнгөний хүүнд төлж хохирсон. Иймд нийт 50 250 000 төгрөгийг С.М нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Б  нь 2010 оны сүүлээр өөрт нь мөнгө хэрэг болсон тухай хэлж Нэт капитал ББСБ ХХК-ийг зааж өгсөн ба тухайн үед өөрийн эзэмшлийн гэх Лексус маркийн машинаа барьцаанд тавьж мөнгө авсан байдаг юм. Ингэж мөнгө авсан тухайгаа Алтай гэгч эмэгтэйд хэлэхдээ Зулаатай хамтарч юм хийж байгаа гэж хэлсэн ба намайг бас эхнэр Алтай нь асуувал адилхан л тийм гэсэн хариу өгөөрэй хэмээн ятгаж ингэхдээ Чи ямар эгчийгээ мэдэхгүй биш ууртай хүн шүү дээ миний дүү ахыгаа бодоорой ямар нэг мессеж, утасны яриа, нүүр нүүүрээ харж уулзсан хамтарч юм хийж байгаа би мөнгө авсан гэсэн утгатай зүйл л яриад бай ах нь тэгж байгаад нэг ажил бүтэхээр тэр мөнгийг нь олоод машинаа аваад Алтай эгчийг чинь аргалчихна аа сүртэй асуудал болохгүй, үүсгэхгүй түр зуур л аргалах хэрэгтэй байна ахдаа тусал гэж хэлсэн. Би өөрөө ар гэртэй, амьдралтай нэгэн болохоор Монгол ёсоо бодож хүнд туслах нь зүй хэмээн бат итгэж М.Б гийн ятгасан ёсоор даруй 3 жил утсаар ч нүүр нүүрээ харж уулзсан ч хэлж ярьж байсан болно. Харин эцэстээ асуудал нэлээд даамжирч М.Б , Алтай нарын хамаатан төрөл садангийн Бааска /Баасандэлгэр/ гэх эмэгтэй гарч ирэн байр, сууцаа алдахдаа тулсан нөхцөл яригдаж эхлэх үед би М.Б тэй өөрийн нөхрийн хамт хүртэл удаа дараа уулзаж Б  ахаа асуудал чинь хэр хэмжээнээсээ хэтэрч байгаа юм бишүү юун байр, сууц болоод явчихваа хэмээн хэлэхэд М.Б  нь ер тоосон шинжгүй аа харин жаахан саатаад байна авгай, хүүхнүүд ингэж л байдаг шүү дээ ямар миний дүү жинхэнээсээ аваад гар хөлийн үсэг зурсан зүйл байх биш зүгээр л ахыгаа бодоод нөгөө анх ярьсанчлан л хэлж яриад байгаарай хэмээн ятгасаар л байсан билээ. Энэ асуудал эцэстээ явсаар Цагдаагийн хэлтэст би бусдыг залилан мэхэлсэн гэмт хэргийн яллагдагч, шүүгдэгч болох хэмжээнд хүрч гэрчүүд нь зориуд худал мэдүүлэг өгцгөөн иргэн С.М надад өгсөн нь нотлогдохгүй байсаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Ийм хэмжээнд хүргэсэн хамгийн гол нөхцөл байдлыг эрүүгийн хэрэгтэй холбогдох шатанд нь уншиж танилцаж байсан хүний хувьд М.Б  бид хоёрын хоорондоо түүний ятгасанаар бичиж байсан гар утасны мессежүүд болоод байна уу гэж би харж байна. Учир нь тэдгээр мессежүүдийг би М.Б гийн ятгаснаар бичиж байсан болохоор үнэхээр өнгөц харахад би авсан мэт ойлгогдохоор байгаа ба М.Б  ч эдгээр мессежүүдийг овжиноор ашиглаж зөвхөн өөртөө ашигтай мессежүүдийг Цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн байгаа юм. Харин М.Б  болоод Б эй бичилцэж байсан мессежүүд дунд миний зүгээс тухайн мөнгийг нь аваагүй бөгөөд энэ худлаа ярих асуудлаа одоо зогсоо гэж бичсэний хариуд Аваагүйг чинь мэдэж байна, дүү ахыгаа бодоо гэсэн мессежийг огтоос гаргаж өгөөгүй байсныг би өөрийн гар утсанд хадгалагдаж үлдсэн байсныг мөрдөн байцаагчид зохих журмын дагуу гарган өгч хураалгасан билээ. Иймээс М.Б  нь хүн гүтгэж, өөрсдийн банкнаас зээлсэн мөнгө, хүүний буруутан болгож байгаа асуудлыг тунгааж хэрэгсэхгүй болгож өгнө үү. Б  гэдэг хүн өөрөө М гуйгаад мөнгө зээлж аваад, яаж хэрэглэснийг нь мэдэхгүй, гадаадад байдаг хүүхэд рүүгээ явуулсан юм уу мэдэхгүй үрсэн байдаг. Тэгээд манай эгч дээр очиж гуйсан. Ах нь мөнгөө алдчаад байна, амьдрал салах гээд байна, Алтай эгчтэйгээ яриад өгөөч гэсан байдаг. Манай эгч Алтай эгч дээр очоод би авсан гэж хэлсэн. Б  нь өөрөө манай эгчид хүний байр алдаад хэцүү байна, эхнэр хүүхдээсээ салах гээд байна, мөнгө байна уу гээд мөнгө зээлж авч байсан. Энэ хэрэг нь явсаар байгаад Б  өөрөө дүү Баасандэлгэрийн байрыг шилжүүлж тавиад Баасандэлгэр өөрөө зараад 2015 онд Б г яллагдагчаар Чингэлтэй дүүргийн цагдаад өгч хэрэг үүсээд 2015 онд зээлийн 32 500 000 төгрөг төлсөн гэж байгаа нь дүү өөрөө яллагдагчаар татсан учир тэрийгээ төлж барагдуулаад намжаагаад, яг Зулаа эгчээс гуйж байсан шиг ээ М гэх хүнд өгсөн гэж хүмүүст хэлээд одоо тэр үгэндээ өөрөө итгээд яваад байгаа. 2015 онд эрүүгийн хэрэг Б  дээр үүсэхэд манай эгч зээлүүлсэн мөнгөний баримтаа өөрөө цуглуулаад, аваачиж өгсөн байдаг. Б г, Б гийн эхнэр Алтанцэцэг, Мөнхжаргал нь эхнэрийнх нь найз, нөхөд ах дүүгээрээ нийлээд Б гийн хэлснээр үгээ нийлүүлж, Мөнхзулыг гэмтэй болгодог. Прокурорын тогтоолыг үзсэн, тухайн тогтоол нь яллагч талыг баримталдаг, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэрэгт болохоор авсан нь нотлогдохгүй байна гээд буцаагдсан байдаг. Б  нь мэдүүлэг өгөхдөө нэг бол 2 000 000 төгрөг өгсөн гээд, эсвэл 20 000 доллар өгсөн гээд байнга зөрдөг. Гэрчийн мэдүүлгүүддээ Мөнхжаргал нь огт Б тэй байгаагүй гэдэг боловч өөр нэг мэдүүлэг дээрээ бид хоёрыг цуг байж байхад М гэх хүн ярьж байсан гэдэг. Б  нь эрүүгийн болон иргэний хэргийн нэхэмжлэл дээрээ бичсэн зүйл бүгд хоорондоо зөрүүтэй байдаг. Эрүүгийн хэрэг дээр гэрчүүдийн хэлсэн мэдүүлэг энд бас зөрдөг. Баасандэлгэр гэрчийн мэдүүлэгтээ Б  ах гуйсан болохоор өгсөн гэдэг зэргээр эрүүийн хэрэг болон иргэний хэрэг дээр өгсөн мэдүүлгүүд бүгд зөрсөн байдаг. С.М нь мөнгө авч байгаагүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Б  нь хариуцагч С.М   холбогдуулан гэм хор учруулсны хохиролд 50 250 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч М.Б  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...С.М нь хамтран ажиллаж нүүрс гаргахаар тохиролцож, үүний тулд төмөр замын оролттой газар олох хэрэгтэй, ...газраа оллоо яаралтай мөнгө хэрэгтэй байна гэж мөнгө зээлдүүлэн авч, улмаар хуурч мэхэлсээр өдийг хүргэж, хохирсоон гэх тайлбарыг гаргаж, эрүүгийн хэргээс бичгийн нотлох баримтуудыг, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол, гэрчүүдийн мэдүүлэг, зээлийн гэрээнүүд болон дансны хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж ирүүлсэн байна.

 

Хариуцагч тал ...М.Б гээс мөнгө авч байгаагүй, хамтран ажиллах талаар тохиролцоо байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй... гэх тайлбарыг гаргаж маргажээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсээс С.М   ...М.Б д төмөр замын оролттой газар байна, түүнийг яаралтай авах хэрэгтэй байна, 2 сарын хугацаанд 20 500 000 төгрөг хэрэгтэй гэж түүний найз П.Мөнхжаргалын Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 69б-04 тоот 2 өрөө байрыг 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Нэт капитал ББСБ-д барьцаанд тавиулан 20 500 000 төгрөгийг ...залилан авч, ...хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн 201625030029 дугаартай хэрэг үүсгэж, мөрдөн байцаалт явуулж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж шалгасан байна.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас яллагдагч С.Мөнхзулын үйлдсэн хэргийг 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргээр зүйлчлэн хууль буцаан хэрэглэх үндэслэлтэй байна гэж дүгнээд мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тус гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил өнгөрч дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, хохирогч ...М.Б  нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн прокурорын 2017 оны 10 сарын 19-ны өдрийн 25 дугаар, 2017 оны 11 сарын 24-ний өдрийн 7 дугаар тогтоолууд гарчээ. /хх-ийн 8, 238/

 

Дээрхээс дүгнэхэд хариуцагч С.Мөнхзулыг эрүүгийн хэрэгт шалгаж, гэм буруутай эсэхийг тогтоох явцад тухайн гэмт хэргийг шалгах хуульд заасан хугацаа өнгөрсөн байна гэж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хохирол төлбөрийг төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас болон зохигчдын тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэргээс нэхэмжлэгч М.Б  хариуцагч С.М нар нь 2010 оны 6 сараас хамтран ажиллахаар тохиролцож, улмаар төмөр замын оролттой газар олж тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллахаар тохиролцож, тодорхой хугацаанд дээрх асуудлаар талууд харилцан холбоотой байсан гэх үйл баримт эрүүгийн хэргийг шалгах явцад тогтоогдсон байна.

 

Хэдийгээр хариуцагч тал эрүүгийн хэрэгт С.Мөнхзулыг залилан мэхэлсэн гэм буруутайг тогтоогоогүй, мөнгө авч байгаагүй, хамтран ажиллах талаар тохиролцоо байхгүй гэх тайлбарыг гаргаж маргасан хэдий ч хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгууд болон эрүүгийн хэргээс ирүүлсэн бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нөгөөтэйгүүр, хариуцагч С.М нь дээрх зээлийн төлбөрүүдээс зээл болон хүү төлөх үүргийг тодорхой хэмжээнд биелүүлж, 2011 оны 1 сараас 2012 оны 10 сарын хооронд нийт 8 430 000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгуудаар тогтоогдож байх ба хариуцагч нь энэ асуудлаар маргаагүй байна.

 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл нэхэмжлэгч М.Б  нь хамтран ажиллах зорилгоор өөрийн болон бусдын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж, хэд хэдэн удаагийн зээл авч улмаар мөнгө болон эд хөрөнгөөрөө хохирсон нь хариуцагч С.Мөнхзулын хууль зөрчсөн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна. Иймд тэдний хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд хамаарна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, ...гэм хорыг арилгахдаа ...учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэснээр эд хөрөнгөнд учирсан хохирлоо буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 229 дүгээр 229.2-т заасан гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ. гэснээр хариуцагч С.М 25 125 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Түүнчлэн хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын 50 250 000 төгрөгийн үнийн дүнг үндэслэлтэй эсэх талаар ямар нэг баримт гаргаж маргаагүй болно.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 25 125 000 төгрөгийн хэмжээнд хангаж, илүү нэхэмжилсэн 25 125 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.М 25 125 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б д олгож, илүү нэхэмжилсэн 25 125 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.М улсын тэмдэгтийн хураамжинд 283 575 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Д.МӨНГӨНТУУЛ

Д.ЯНЖИНДУЛАМ