Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 285

 

           Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,     

            Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,    

            Иргэдийн төлөөлөгч Б.Ичинхорлоо,

            Улсын яллагч Б.Дэлгэрдалай,    

            Хохирогч С.Энхжаргал, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр,   

            Шүүгдэгч Ш.Оюунтуяа, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,  

            Шүүгдэгч О.Анхбаатар, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,

            Шүүгдэгч С.Доржпүрэв, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Доржпүрэвт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Оюунтуяад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Анхбаатарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 0568 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.   

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:  

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд төрсөн, 29 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, дагавар охины хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганаран 43-24 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнлгүй, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан, Боржигон овогт Соронзонболдын Доржпүрэв, РД:ШУ88112013,

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Болор Оч” өлөн боловсруулах цехэд ажилладаг, ам бүл-3, хамтран амьдрагч С.Доржпүрэв, охины хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганаран 43-24 тоотод оршин суух, Боржигон овогт Шунуугийн Оюунтуяа, РД:ЧЕ83043066,

            Шүүгдэгч : Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 27 настай, торгууд, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Дээж” хүнсний цехэд ажилладаг, ам бүл-5, аав, ээж, эхнэр, охины хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Баганаран 43-30 тоотод оршин суух, Боржигон овогт Отгонцагааны Анхбаатар, РД:ПБ90011178,    

 

            Үйлдсэн хэргийн талаар:  

            Шүүгдэгч С.Доржпүрэв нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 03 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 03 дугаар хороо Бага нарангийн 43 дугаар гудамжны 24 тоотод танхайн сэдэлтээр Э.Энхтүвшингийн хэвлийн баруун хэсэгт хутгалж хүнийг санаатай алсан,

            мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 03 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага нарангийн 43 дугаар гудамжны 24 тоотод бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн бусадтай маргалдах явцдаа, гэмт хэрэг үйлдэхээр довтолсон үйлдлийг нь таслан зогсоох гэсэн Б.Энхтөрийн баруун гарыг зүсэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан,  

            Шүүгдэгч Ш.Оюунтуяа нь Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага нарангийн 43 дугаар гудамжны 24 тоотод 2016 оны 03 дугаар сарын 5-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Энхтүвшингийн хэвлийн баруун хэсэгт хутгалж санаатай алсан гэх С.Доржпүрэвт холбогдох эрүүгийн хэргийн гэрч О.Анхбаатарт шан харамж өгч улмаар шүүх хуралдаанд худал мэдүүлэг өгүүлсэн,

            Шүүгдэгч О.Анхбаатар нь Сонгинохайрхан дүүргийн 03 дугаар хороо Бага нарангийн 43 дугаар гудамжны 24 тоотод 2016 оны 03 дугаар сарын 5-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Энхтүвшингийн хэвлийн баруун хэсэгт хутгалж санаатай алсан гэх С.Доржпүрэвт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо шунахайн сэдэлтээр шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав. Үүнд:       

            - хохирогч С.Энхжаргалын: “...миний бие нь хүү Энхтүвшин болон түүний хүү Мөнх-Од /3 настай/ нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага-Нарангийн 39-17 тоотод амьдардаг...би тэр өдөр Дэнжийн 1000-руу айлд машинд гагнуур хийх ажилтай байсан юм, тэр гагнуур хийлгэх хүмүүс намайг ирж авах ёстой байсан...хүү маань машиныхаа арын гэрлийг хийгээд боож байх үед 11-12 цагийн орчим манай хүүгийн найз Доржоо гэдэг залуу хашаанд орж ирсэн...тэгээд хүүтэй хамт машины арын гэрлийг боолцсон...тэгээд би явахаасаа өмнө “за машиныхаа гэрэл, гуперээ боож дуусгачихаад ус аваарай, усгүй байгаа шүү” гэж хэлсэн...13 цаг 15 минутын орчим гагнуур хийлгэх хүн манай гадаа гарч ирээд намайг аваад явсан...би ач хүүгээ аваад явсан...гэрт Энхтүвшин болон Доржоо 2 үлдсэн...өөр хүн үлдээгүй...энэ 2 аль аль нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан...би Дэнжийн 1000-д гагнуур хийж байх үед 16 цагийн орчим байх над руу танихгүй дугаараас залгасан, би утсаа аваад “хэн бэ” гэхэд аав “би байна” гээд талийгаач залгасан...тэгээд надаас “та хэзээ ирэх гэж байна вэ” гэж асуухад нь би “арай л дуусаагүй байна наадах чинь хэний утас юм бэ” гэхэд Энхтөрийн утас гэж хэлж байсан...тэр Энхтөр гэдэг нь манай дээхнэ талд гэр нь байдаг, манай хүүтэй багаасаа найзалсан залуу юм, бид нар дээд Төрөө дууддаг юм...үүнээс хойш цаг орчмын дараа дахин нөгөө утаснаасаа залгаад “ирэх болж байна уу” гэж асуухаар нь би “болоогүй байна, яах гээд байгаа юм бэ, чи усаа авсан уу, машин тэргээ юу болгож байна” гэж асуухад “би усаа авчихсан, машиныхаа юмыг боож л байна” гэж хэлсэн. Хүүгийн минь утсанд нэгж байхгүй учраас Энхтөрийн утсаар залгасан юм билээ...Үүнээс хойш 18 цаг өнгөрч байхад дахин нөгөө дугаараасаа залгасан, тэгээд “аав ирэх болж байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь “энэ айл хоол хийж байна, аяга хоол идчихээд гарна, Энхдөлгөөн очиж нүүрс авна шүү, том нүүрснээсээ хагалж өгөөд явуулаарай” гэж хэлсэн. Энхдөлгөөн бол талийгаачийн төрсөн дүү нь, манай отгон хүү юм. Би тэр айлдаа хоол идчихээд машинаар нь хүргүүлж гэртээ ирсэн...энэ үед 19 цаг өнгөрч байсан байх...гэртээ ирэхэд гэр цоожтой, эзэнгүй байсан...түлхүүрээ нуудаг газраас нь аваад онгойлгоод орсон...орж ирэхэд галгүй зэвэргэн байсан...уг нь бол байнга 17 цаг гээд л галлачихдаг юм...галаа түлж байх үедээ хүүгийнхээ 8861-1143 дугаарын утас руу өөрийнхөө 8897-9189 дугаарын утсаар залгахад дуудаж байсан боловч утсаа авахгүй байсан...гал түлж дуусчихаад ач хүүгийхээ орыг засаад унтуулсан...тэгээд зурагт харж сууж байгаад дахин утас руу нь залгахад дуудаж байгаа боловч мөн л хариу өгөхгүй байсан...үүнээс хойш хэд хэдэн удаа залгасан боловч холбогдож чадаагүй...00 цаг өнгөрч байхад манай хүү Энхтөр, Энхдөлгөөн 2 хүрч ирсэн...царай зүсийг нь харахад их сонин, уйлчихсан байдалтай юм шиг орж ирсэн...тэгээд Энхдөлгөөн миний хөлд суугаад “Энхтүвшин ах хүнд алуулчихлаа гэнээ” гэж хэлсэн...түүнээс хойш миний ухаан санаа балмагдаад юу болж байгааг ч ойлгох сөхөөгүй болсон...энэ 2-ыг багаас нь мэднэ...Доржпүрэв Их-Наранд өвөө, ээж, дүү охинтойгоо амьдардаг байсан...манайхаас салдаггүй, хонож өнжөөд л явдаг байсан...Энхтөрийнх манайхтай нэг гудамжинд амьдардаг, багаасаа л мөн манай хүүхдүүдтэй тоглож наадаж өссөн...би энэ 2-ыг багаас нь андахгүй...Доржоо манайд тэр өдөр ирэхдээ архи уугаагүй эрүүл ирсэн...намайг Дэнжийн 1000-руу явахаас өмнө нь бол манайд Энхтөр ирээгүй...намайг дэнжийн 1000-д айлд юм хийж байх үед Энхтөрийн утаснаас залгасан, тэгээд Энхтөр манайд байна гэж хэлсэн...хар өнгийн куртик, саарал ноосон цамц, миний ажил хийхдээ өмсдөг шар өнгийн дотортой, үдээстэй хар өнгийн гуталтай байсан...талийгаач малгай огт өмсдөггүй, өөрт нь малгай байдаггүй...тэр өдөр ямар ч малгай өмсөөгүй, толгой нүцгэн байсан...нүүр, биед нь ямар ч гэмтэл, шарх, сорви байгаагүй, зүв зүгээр байсан...үе үе архи уучихдаг байсан...уучихаараа жаахан түргэн авиртай, тавьтаргүй болчихдог байж магадгүй...миний мэдэхийн Доржпүрэв, Энхтөр талийгаач нарын дунд өр авлага, өш хонзон, хувийн таагүй зүйл байдаггүй байх гэж бодож байна...би хүүгээ бусдын гарт амь насаа алдсаныг мэдээд тэр шөнө огт унтаагүй, их юм бодож хоносон...хутгалуулж нас барсан талаар нь мэдчихээд нэг зүйлийг их бодсон...тэр юу вэ гэвэл Доржоо хутга хийсэн...надад Доржоо хэлэхдээ “Энхээ ахаа би хутга хийсэн, ишлүүлнэ” гэж байсан...би тэр хутгыг нь бол огт хараагүй...2016 оны 03 дугаар сарын 03-нд би Дэнжийн 1000-руу гагнуур хийхээр явсан...юм хийж байх үед талийгаач өөрийнхөө утсаар над руу залгаад ааваа хайрцагтай өрөмнүүд хаана байна гэж асуухад нь би наана чинь байгаа гэж хэлээд юу хийх гэж байгаа юм бэ гэж асуухад Доржоогийн хийсэн хутгыг ишлэх гэж байгаа юм гэж хэлсэн...энэ хутгаар амь насанд нь хүрсэн байж магадгүй гэж одоог хүртэл бодож байна...хүүгээ цаг бусаар бусдын гарт амь насаа алдсанд маш их гомдолтой байна. Энэ хэргийн үнэн мөнийг олж өгч хэрэг хийсэн хүнд нь ял шийтгэлийг нь оногдуулж өгөхийг хүсч байна...” гэх мэдүүлэг /1х, хх-108-110, 2х, хх-213-214/,

            - гэрч Ш.Оюунтуяагийн: “...2016 оны 03 дугаар сарын 5-ны өглөө 09 цагийн үед манай нөхөр С.Доржпүрэв бид 2 гэрээ цэвэрлээд цай ундаа уугаад байж байтал 10 цаг 20 минутанд нөхөр С.Доржпүрэвийн найз Энхтүвшин хашааныхаа цасыг цэвэрлээд цас зөөж байна хамт цас зөөлцөөд өгөөч гэж дуудсан...тэгээд манай нөхөр надаас Энхтүвшингийн гэр лүү очоод ирье гэж хэлэхээр нь би чи хивсээ угаачихаад явахгүй юу гэж хэлэхэд Доржпүрэв за гээд хивсээ цаг гаран угааж байх хооронд би унтсан байсан...тэгээд манай нөхөр Доржпүрэв 12 цаг өнгөрөөгөөд би Энхтүвшингийн гэр лүү явчихаад ирье гэж хэлэхээр нь Доржпүрэвийг Энхтүвшингийн гэр лүү явуулсан...манай охин Саруулсайхан эмээгийнхээ гэрээс над руу залгаад эмээ хүрээд ир гэнээ маргааш хөдөө явна гэж байна хөдөө явахаасаа өмнө хоол хийж өгнө гэж байна гэж хэлэхээр нь би дүү Номингийн хамт очихоор болоод дүү Номин 13 цаг өнгөрч байхад манай гэрээс ирж намайг аваад явах үед би нөхөр Доржпүрэв лүү залгаад би аав Хүрлээгийн гэр лүү явлаа, чи гэртээ галаа түлээд байж байгаарай гэж хэлэхэд /эрүүл архи уугаагүй/ за за би байж байгаад харина гэж хэлсэн...тэгээд би аав Хүрлээгийн гэрт очоод нөхөр Доржпүрэв лүү яриагүй байж байгаад орой 20 цаг өнгөрч байхад байх дүү Номингоор гэртээ хүргүүлээд явж байхад манай гудманд нэг эрэгтэй хүн хэвтэж байсан...тэгэхээр нь энэ хүн хөлдөөд үхчих вий гээд манай дүү Номингийн нөхөр Насаа 102 дугаарт залгаж Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага-нарангийн 43 дугаар гудамжинд хүн хэвтэж байна хөлдөх вий яаралтай ирээрэй гэж дуудлага өгсөн...тэгээд 10 гаран минут гэртээ оролгүй дүү Номингийн машинд суугаад цагдаа хүлээсэн...тэгээд цагдаагийн машин ирж байхаар нь цагдаа ирчихлээ гээд цагдаатай уулзалгүй би шууд гэрийнхээ гадаа ганцаараа буугаад гэртээ орсон...тэгээд гэртээ ороход манай нөхөр Доржпүрэв том өрөөний урд хана дагуу байх орон дээр буруу хараад унтаж байхаар нь би сэрээгээд яахав гэж бодоод гэрээ цэвэрлэе гэж бодоод хувцсаа тайлахад гэрээс архи үнэртээд байхаар нь гэрээ ажиглаад харахад манай гэрийн үүд хэсгийн шалан дээр цус болчихсон, тэр цусыг арчсан байдалтай байхаар нь юугаар арчсан юм бол гээд харахад гэрийн үүд хэсэгт байдаг угаалтуурын цагаан саарал өнгийн алчуур цус болчихсон байхаар нь би Доржпүрэвийг сэрээх гээд ойртоод очиход архи үнэртэж байсан...тэгэхээр нь Доржпүрэвийг сэрээх гэхэд нилээн согтуу сэрэхгүй байхаар нь би 2-3 удаа өшиглөөд сэрээч гэж хэлэхэд Доржпүрэв босоод ирэхээр нь чи хаана юу хийгээд хэнтэй архи уусан юм гэж асуухад гөлийгөөд юм ярихгүй миний ярьж байгааг ойлгохгүй байхаар нь би гэрт цус болсон мөн Доржпүрэв архи уусан байсан болохоор манай гудамжинд хэвтэж байсан залууг Энхтүвшин байж магадгүй гэж бодоод гэрээсээ гарч байгаад дүү Номин луу утасдаж Доржпүрэв согтуу гэрт цус болсон байна түрүүн гудамжинд хэвтэж байсан хүн Энхтүвшин юм шиг байна, энэ 2 өдөр хамт байсан гэж хэлэхэд дүү Номин одоо гэрээсээ гарлаа гээд утсаа тасалсан...тэгээд гэртээ ороход Доржпүрэв гэрийн угаалтуурын хажууд угаалтуурын саарал өнгийн алчуурыг барьчихсан зогсож байхаар нь алчуурыг нь булааж аваад харахад алчуур цус болчихсон байхаар нь хогийн сав руу шидчихээд манай гэрт ямар нэг асуудал болсон байна гэж бодоод Доржпүрэвийг ор луу суу гэхэд суухгүй нэг л сонин гөлийсөн байдалтай байхаар нь ор луу түлхэж суулгаад за юу болсон чи хэнтэй архи уусан юм юу болсон талаар надад л үнэн ээ хэл энд хэн ч байхгүй хоёулахнаа л байна чи Энхтүвшинг алчихсан юм уу? гэж асуухад юу ч хариулахгүй шал өөр юм яриад миний асуултанд хариулахгүй булзааруулаад “дээд Төрөө Энхтүвшин бид 2-т архи авч өгсөн дээд Төрөө намайг чи муу гуйлгачин баян айлын хүргэн болоод жаргаж байна аа гэж доромжилсон...тэгээд би дээд Төрөөтэй хэрэлдээгүй Энхтүвшин бид 2 дээд Төрөөгөөс салсан гэсэн юм” яриад байхаар нь би Доржпүрэвийг чи хогийн новш хүн алчихсан юм байна пизда алуурчин гэж хэлээд Доржпүрэвийн дүү Цолмонгийн найзынх нь ээжийн дугаар болох 8881-7972 дугаарын утсанд залгаж Цолмонтой яръя гэж хэлээд Цолмонг утас авангуут би шууд энэ ах чинь хүн алчихсан байна, энэ ахыгаа ирж цагдаад барьж өг гэж хэлээд утсаа тасалсан...тэр үед Доржпүрэв яах гэж чи Цолмон руу залгаж байгаа юм бэ гээд сонин болоод босоод явах гээд нэг л тогтож ядаад байхаар нь би зугтаачих байх гэж бодоод гэрээсээ гаргахгүй байж байтал цагдаа орж ирээд Доржпүрэвийг аваад явсан...тэгээд би гэртээ байж байтал манай байшингийн үүдний довжоон дээр Доржпүрэвийн өөрийнх нь гараар хийж байсан хутга нь байсан...уг нь тэр хутга манай гал тогооны өрөөний орны доор байдаг хөндийд нь байсан хутга байсан...Доржпүрэв, Энхтүвшин нар хоорондоо багын найз нөхдийн холбоотой...20 гаран жил найзалж байгаа...Доржпүрэв, Энхтүвшин 2 гэр ойрхон бас найзууд болохоор нийлээд хамт архи уучихаад байдаг болохоор би уузуулах дургүй байдаг юм...манай нөхөр Доржпүрэв өдөр 12 цагийн үед Энхтүвшингийн гэр лүү очиж цас цэвэрлэнэ гэж явсан болохоор Энхтүвшинтэй хамт архи уусан байх гэж бодож байна...хар өнгийн бариу нимгэн куртик дотуураа хар өнгийн биеийн тамирын босоо захтай цамц, цулгуй хар өнгийн ташаан дээрээ улаан бичигтэй биеийн тамирын өмд, саарал өнгийн пүүзэн гуталтай гэрээсээ гарсан. Орой намайг гэртээ ирэхэд Доржпүрэв өдөр өмсөж гарсан куртикэн дээгүүрээ хар өнгийн далан дээгүүрээ бор өнгийн оруулгатай куртик давхарлаад өмссөн гутлаа тайлалгүй орон дээрээ унтаж байсан... “хутга байшингийн үүдний амбаарын довжоон дээр хэвтэж байсан...тэр хутга бол Доржпүрэвийн өөрийнх нь хийсэн хутга...бариул нь ногоон өнгөтэй, 2 талдаа шар өнгийн зүйлээр бөгжилсөн, махирдуу хэлбэртэй, урд хэсэгтээ 3 ширхэг жижиг дугуй нүхтэй хутга. Би тэр хутгыг хийгээд урд хэсэгт нь дриллээр 3 ширхэг нүх гаргаж байхыг нь өөрөө харж байсан юм. Тийм учраас андахгүй сайн мэднэ. Би Доржпүрэвт хандан чи хутга хийж яахнав, наад хутга чинь нүдэнд нэг л хүйтэн харагдаад байна гэж хэлж байсан...Доржпүрэв, Энхтүвшин 2 энэ хутгыг элбэж хийж байсан юм...одоо муугаар бодоход нэг нэгнээ хөнөөх л зүйлээ хийж байж дээ...хутгыг анхнаас нь эвгүй харагдаад байхаар нь хоолныхоо шүүгээнд хийгээгүй, гал тогооны өрөөний орны хөндий доогуур мөчидхөн хийчихсэн юм...иш нь бол ил харагдаж байсан...Доржпүрэв надаас чи хөгшнийхөө хийсэн хутгыг хаячихсан юм уу, дурсгалтай ш дээ гэж асуухаар нь чи тэрүүгээр яах гээд байгаа юм бэ, орны хөндийд хийчихсэн, тэр харагдаж байна ш дээ гэж хэлээд зааж өгч байсан юм...Доржпүрэв хутгаа харчихаад за за тэндээ байж байг, битгий хаяаарай Энхтүвшин бид 2-ын хийсэн хутга гэж хэлж байсан...намайг гэртээ орой 20 цаг өнгөрч байхад очоод Доржпүрэвийг унтаж байхаар нь сэргээд гэрт яагаад цус болсон байгаа юм, чи яагаад согтуу байгаа юм гээд Доржпүрэвээс асуугаад байж байтал манай гал тогооны өрөөнд байх хөргөгчний доор шалан дээр нэг утас дуугараад байсан, тэгээд очоод тэр утсыг аваад хартал Энхтүвшингийн гар утас байсан... гэх мэдүүлэг /1х, хх-119-126/,

            - гэрч Х.Номингийн: “...бүгдээрээ хоол унд идэж байгаад 19 цаг өнгөрөөгөөд аавынхаас гарсан. Оюунтуяа эгчийг гэрт нь хүргэж өгөх гээд Баганаран руу явсан...нөхөр машинаа барьж явсан...Оюунтуяа эгчийн гудамж руу ороод явж байтал, манай нөхөр энд нэг хүн хэвтэж байна, осгоод үхчих вий дээ гэж хэлээд хажуугаар нь өнгөрөхдөө машиныхаа явдлыг удаашруулж машиныхаа цонхоор хараад цус нөж болчихсон байна, цагдаа дуудъя гээд өөрийнхөө 8801-9069 дугаарын утсаар 102 дугаарын утас руу залгаад дуудлага өгсөн...манай хүн чих жаахан хатуу учраас дуудлага өгч байх үедээ аан аан гээд цаад ярьж байгаа хүнийхээ дууг нэг их сонсож чадахгүй байх шиг байхаар нь би утсыг нь аваад үргэлжлүүлээд ярьсан...цаанаас нь дуудлага өгч байгаа хүний нэр хэн билээ гэхээр нь Номин гээд өөрийнхөө нэрийг хэлсэн...тэгээд цагдаа ирэхийг хүлээгээд машин дотроо сууцгаасан...15-20 орчим минутын дараа цагдаагийн машин хүрч ирсэн...эгчийг тэнд нь буулгачихаад цагдаагийн машин руу дөхөж очоод нөхөр маань овог, нэр, утасны дагуур, хаягаа бүртгүүлээд одоо явж болох уу гэхэд болно гэхээр нь явсан...гэртээ дөнгөж ороод байж байтал манай нөхөр рүү Оюунтуяа эгч залгасан...би нөхрөөсөө яасан, юу болов гэж асуухад Доржоо нь согтуу байна гэнэ, гэр нь цустай байна гэнэ, Оюунтуяа уйлаад байна гэж хэлсэн. Би эргүүлээд Оюунтуяа руу залгаад яав, юу болсон юм бэ гэж асуухад Доржоо согтуу байна, гэрт цус болчихсон байна, өдөр залгахад Энхтүвшинтэй хамт байна гэсэн, нөгөө гудамжинд хэвтэж байгаа хүн чинь Энхтүвшин биш үү, очоод үзээдхээч, мөн байвал цагдаа аваад хүрээд ир гэж хэлсэн. Нөхөр бид 2 машинтайгаа хүрч ирэхэд цагдаа нар хамгаалалтын тууз татчихсан байсан...манай нөхөр цагдаатай очиж уулзаад тэр хэвтэж байгаа хүний царайг харах гээд дөхөж очсон...би араас нь явж очиход харахад Энхтүвшин мөн байсан...тэгээд цагдаад хандан би манай эгч над руу залгасан, наад хүнийг чинь алсан хүн манай эгчийнд байж магадгүй, тийшээ очье гээд цагдаа нарыг дагуулаад эгчийн гадаа очсон...энэ айл гэж хэлээд нөхөр бид 2 оролгүй үлдсэн...цагдаа нар Доржоог аваад гарч ирээд машиндаа суулгаж харагдсан...би арынх нь гудамжаар тойрч эгчийндаа орох гэтэл эгч хашааныхаа үүдэн дээр гарч ирчихсэн зогсож байсан...байцаалт авна гээд нэг цагдаа эгчийг аваад явсан...би араас нь цагдаагийн хэлтэс дээр ирсэн...Оюунтуяагийн гэрээс холгүй, хойхно талд айлын хашааны орчим хэвтэж байсан...яг ямархуу байдалтай хэвтэж байсныг нь манай нөхөр л сайн харсан...ойр орчимд нь хүн харагдаагүй...талийгаач Энхтүвшинг багаас нь мэднэ, манай бага дүүтэй нэг анги, найзууд байсан...Доржпүрэв, талийгаач 2 бас л найзууд байсан юм...” гэх мэдүүлэг /1х, хх-130-132/,

            - гэрч Б.Насанжаргалын: “...тэнд хоол унд идэж хэсэг сууж байгаад 19-20 цагийн орчим байх, хадам эгч Оюунтуяаг гэрт нь хүргэж өгөх гээд эхнэр, 2 хүүхдээ аваад машинаа би өөрөө бариад Баганаран руу явсан...хадам эгчийн гудамж буюу Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Баганарангийн 43 дугаар гудамж руу ороод уруудаж явахад хадам эгчийн гэрээс холгүй нэг хүн зам дээр хэвтэж байсан...согтуу хүн тасраад уначихсан байна даа л гэж бодсон...дөхөөд машины гэрэл тусахад харахад аль тал нь билээ, нэг талынх нь бөөрөн тал цус болчихсон байсан...тэгээд би иргэнийхээ үүргийн биелүүлж өөрийн 8801-9069 дугаарын утсаар 102 дугаарын утас руу залгаж “энд хүн ойччихсон байна...бөөрөн тус газар нь цус болчихсон байна, яаралтай дуудлага өгөх гэсэн юм” гэж хэлсэн...гэртээ орж ирчихээд байж байтал Оюунтуяа над руу залгаад чи тэр хүний царайг харсан уу, Доржоо архи уучихсан байна ш дээ, нөгөө найз Түвшээ нь байсан юм биш байгаа даа гэхээр нь би чи наадахынхаа хувцас хунарыг үз, цус нөж болчихсон байна уу гэж асуусан...тэгэхэд зүгээр л юм шиг байна гэж Оюунтуяа надад хариулсан...тэгээд чи дахиж очоод царайг нь хараадах гэж хэлэхээр нь эхнэр бид 2 буцаж давхиж очиход хамгаалалтын тууз татчихсан байсан...анх уулзсан цагдаад хандан би энэ хүний царайг хараадахъя, таньж магадгүй юм шиг байна, манай баз хүргэн энэ асуудалд орооцолдсон байж магадгүй, та нар шалга гэж хэлээд дөхөж очоод тэр хүний царайг харахад миний танил Энхтүвшин мөн байсан...энэ Энхтүвшинг би нилээн олон жилийн өмнөөс мэднэ, эдний аав, манай аав 2 найзууд...цагдаа нар Доржоог аваад явсан...айлын хашааны том хаалганаас 2 метр шахуу зайд хэвтэж байсан...дээшээ хараад хэвтэж байсан шиг санагдаж байна...тэр айлын  хашааны том хаалга нь онгорхой байсан...миний харснаар тэр хүн огт хөдлөөгүй...тэр хүний хэвтэж байгаа газраас Оюунтуяагийн гэр хүртэл 80-аад метр зайтай л байх...3-4 айлын л цаана Оюунтуяагийн гэх байдаг...ойр орчимд нь хүн анзаарагдаагүй...” гэх мэдүүлэг /1х,хх-133-135/,

            - гэрч Б.Бат-Эрдэнийн: “...”Сэлбэ-115 дуудлагатай автомашинтайгаар Сонгинохайрхан дүүргийн 03, 26 дугаар хороодын нутаг дэвсгэрт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 20 цаг 10 минутын л орчим байх /Сэлбэ-10/, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 01 дүгээр хэлтсийн жижүүрээс Сонгинохайрхан дүүргийн 03 дугаар  хороо Бага-Нарангийн 43 дугаар гудамжинд цустай хутгалдчихсан хүн хэвтэж байна гэсэн дуудлага өгсний дагуу уг газарт очиж шалгахад 30 орчим насны эрэгтэй хүн дээш харж хэвтсэн байдалтай, хэвлийн баруун хэсгээс цус гарч хувцас хунар нь цус болсон байдалтай нас барчихсан бололтой хэвтэж байхаар нь шууд 103 дуудаж, хэргийн газрыг хамгаалалтанд авч хэлтсийн жижүүрт эргэж мэдэгдэж жижүүрийн бүрэлдэхүүн дуудсан...анх дуудлага өгсөн Номин гэх эмэгтэй, түүний нөхөр Насанжаргал гэх хүмүүстэй уулзаж ярилцсан...тэгээд мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Сайнбаяр, шинжээч, цагдаагийн дэслэгч Э.Пүрэвсүрэн нарын хамт уг айл руу ороход тэр Доржпүрэв гэгч нь орон дээрээ сууж байсан...эхнэр нь Оюунтуяа гэх эмэгтэй нөхөртөө “чи архи уугаад ийм л зүйл болох гээд байсан шүү дээ” гэж хэлж байсан..би Доржпүрэв гэгчээс “цагдаагаас явж байна, ямар асуудлаар явж байгааг ойлгож байна уу” гэж асуухад толгой дохисон...тэгээд би гавлаад авч гарах үед байшингийн үүдний таамбарынх нь довжоон дээр бариул хэсэг нь 2 талдаа шар өнгийн металлаар бөгжилсөн, иш нь ногоон иштэй, махирдуу хэлбэртэй хутга байсан...мөрдөн байцаагч, шинжээч нар тэр айлд үзлэг хийхээр болсон...би тэр Доржпүрэвийг жижүүрийн машинд суулгаж хэлтэс рүү явуулсан...Доржпүрэв архи уусан байсан...халамцуу байсан, бусадтай харьцах, биеэ авч явах чадвартай байсан...гэр орон нь эмх цэгцтэй байсан, гэр орных нь эд зүйл цус энэ тэр зүйлээр бохирлогдсон байсан эсэхийг би тухайн үед анзаараагүй, энэ талаар үзлэг хийсэн мөрдөн байцаагч, шинжээч нар л мэдэх байх...Доржпүрэв болон түүний эхнэр Оюунтуяа гэх эмэгтэй 2 байсан...өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /1х, хх-142-143/,

            - гэрч Д.Нямдуламын: “...2016 оны 03 дугаар сарын 05-ны орой 19 цагт ээлж хүлээн аваад Сэлбэ-115 дуудлагатай автомашинтайгаар Сонгинохайрхан дүүргийн 03, 26 дугаар хороодын нутаг дэвсгэрт эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Б.Бат-Эрдэнийн хамт үүрэг гүйцэтгэж байх үед 20 цаг 10 минутын орчим байх хэлтсийн жижүүрээс Сонгинохайрхан дүүргийн 03 дугаар хороо Бага-Нарангийн 43 дугаар гудамжинд цустайгаа хутгалдчихсан хүн хэвтэж байна гэсэн дуудлага өгсний дагуу очиж шалгахад 30 орчим насны эрэгтэй хүн дээш харж хэвтсэн байдалтай, хэвлийн баруун хэсгээс цус гарч хувцас хунар цус болсон байдалтай нас барчихсан бололтой хэвтэж байсан...ингээд шууд 103 болон хэлтсийн жижүүрт мэдэгдэж хэргийн газрыг хамгаалалтанд авсан...мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Сайнбаяр, шинжээч, цагдаагийн дэслэгч Э.Пүрэвсүрэн, эргүүлийн офицер цагдаагийн ахмад Б.Бат-Эрдэнэ нар уг хэргийн газраас урагш холгүй байх айлаас энэ хэрэгт холбоотой гэх Доржпүрэв гэгчийг баривчилсан...би тухайн үед тэр айл руу ороогүй, хэргийн газрыг хамгаалаад байж байсан...энэ хэрэгт анх дуудлага өгсөн Номин болон түүний нөхөр Насанжаргал гэх хүмүүс ирж хохирогчийг харчихаад “энэ хүн манай эгчийн нөхөр Доржоогийн найз нь байна, эд нар өнөөдөр архи дарс уугаад ийм асуудал болгосон юм шиг байна” гээд Доржоогийн гэрийг манай алба хаагчдад зааж өгсөн...Доржпүрэв архи уусан байсан, гэхдээ бусадтай харьцах, биеэ авч явах чадвартай байсан...” гэх мэдүүлэг /1х, хх-144-145/,

            - гэрч М.Алтанбулагийн: “...2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр миний бие Их-Улиастай дэлгүүрт худалдагчийн ээлжтэй байсан...тэгэхэд 17-18 цагийн л орчим байх манай дэлгүүрт талийгаач болсон Түвшин болон Төрөө, Доржоо 3 орж ирсэн...тэгээд Төрөө нь карт уншуулаад 1 ширхэг ундаа, 0.75 литрийн 1 шил архи аваад гарцгаасан...дараа нь Түвшинг нас барсан талаар дэлгүүрт орж ирсэн хүмүүсээс дам сонссон, надад өөр мэдэх зүйл алга...манай дэлгүүр камертай...одоо бол тухайн үеийн бичлэг байхгүй устсан...гэхдээ намайг тэр өдрийн дараагийнх нь ээлжинд буюу 2 хоногийн дараа ажиллаж байхад талийгаач Түвшингийн дүү Энхдөлгөөний эхнэр Зулаа орж ирээд камерийн бичлэг үзэхэд Түвшин, Төрөө, Доржоо 3 надаас архи ундаа худалдан авч байгаа бичлэг байсан ба тэр бичлэгийг Зулаа утсан дээрээ бичиж авсан болно...Түвшин, Доржоо, Төрөө 3 л орж ирсэн...өөр бусад хүнтэй хамт яваагүй, 3-уулаа л байсан...манай дэлгүүрээр орж ирэхдээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг бол мэдэхгүй...архи уучихсан ч юм уу эсхүл тийм согтуу явж байгаа байдал тэр 3-аас анзаарагдаагүй...дэлгүүрт орж ирээд хоорондоо маргаж муудалцаж байсан зүйл байхгүй...Доржоо, Түвшин 2 хоорондоо тоглоом шоглоомоор барьцалдаад зууралдаад байх шиг байсан...ямар хувцас хунартай орж ирснийг анзаараагүй, одоо санахгүй байна...тэр бичлэг дээр л тодорхой байгаа байх...” гэх мэдүүлэг /1х, хх-146-147/,

            - гэрч Б.Хишигзулын:...2016 оны 03 дугаар сарын 05-ны орой 22 цаг өнгөрч байхад гэртээ харих гээд гэрийнхээ ойролцоо явж байтал хадам ах Энхтөрийн эхнэр над руу утасдаад Энхтүвшин нас барчихсан гэж байна, дүүргийн цагдаагийн газарт оч гэж хэлсэн...тэгээд цагдаагийн хэлтэс дээр ирээд хадам ах Энхтүвшин нас барсан талаар мэдсэн...өөр надад тодорхой мэдэх зүйл алга...манай гудамжны хойд талд байдаг Их-Улиастай дэлгүүрээр орох үедээ тэдний камерт тэр өдөр буюу 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр бусдад алагдахаасаа өмнө талийгаач Энхтүвшин, мөн хамт архидсан Энхтөр, Доржпүрэв нарын уг дэлгүүрт орж архи авч байгаа бичлэг байхаар нь үзэж байгаад утсан дээрээ бичиж авсан...энэ бичлэгээ цагдаагийн хэлтэст хуулж өгсөн болно...энэ бичлэгт талийгаач Энхтүвшин болон Энхтөр, Доржпүрэв 3 дэлгүүрт орж ирээд архи, ундаа аваад гарч байгаа нь бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг /1х, хх-148-149/,

            - гэрч А.Бат-Ирээдүйгийн: “...Доржпүрэв, Энхтөр нар тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан боловч их согтоогүй, биеэ авч явах, бусадтай харилцах чадвартай байсан...Доржпүрэвтэй уулзаж ярилцахад ихэд сандарч түгшсэн байдалтай байсан...юм асуухад ихэд бодож бодлогоширч хариулж байсан...” /2х, хх-224-225/,

            - гэрч Ч.Нямбаярын: “...Доржпүрэв, Энхтөр нар тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба өөрийн ухаантай, бусадтай харьцах, юм ярих, биеэ авч явах чадвартай байсан...Доржпүрэвээс юм асуухад тодорхой зүйл хариулахгүй, сандарсан байдалтай л байсан...Энхтөрөөс ч гэсэн асуухад тодорхой зүйл хэлэхгүй байсан...” гэх мэдүүлэг /2х, хх-226-227/,

            - гэрч Б.Амаржаргалын: “...манай хүү Энхтөрийнх, манай 2 нэг хашаанд байдаг...18 цаг өнгөрч байхад л байх, яг сайн тодорхой санахгүй байна жорлонд сууж байхад Энхтөр гаднаас орж ирээд гэр лүүгээ орсон...би араас нь ороход Энхтөр согтуу, архи уучихсан, баруун гарынхаа бугуйн хэсэгт хутгаар зүсүүлчихсэн байдалтай, тэр шархнаас нь нилээн цус гоожчихсон байдалтай байсан...яав гэж асуухад Доржпүрэвийн гэрт Энхтүвшин, Доржпүрэв 2 зодолдоод, салгах гээд гараа Доржоогийн барьсан хутганд зүсүүчихлээ гэж хэлсэн...би гарыг нь угаагаад 00-ын цаас тавьж өгсөн...тэгээд гарах гээд байхаар нь би чи согтуу байж хайчих гээд байгаа юм, унт гэж хэлээд оронд нь хэвтүүлсэн...тэгээд гэртээ орсон..жаахан байж байгаад буцаад ороход орондоо хэвтэж байсан...хэсэг хугацааны дараа цагдаа нар ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /1х, хх-162-163/,

            Үзлэгийн тэмдэглэлүүд : 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл :  

            Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бадамжунайгийн гэх нэршилтэй үерийн хамгаалалтын гүүрээр баруун тийш гармагц ертөнцийн зүгээр урагш эргэн эхний Бага Нарангийн 43 дугаар гудамжаар ороход ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэсэн 2 талаараа айлуудын хашаа бүхий дундуураа машины шороон замтай 8.80 м өргөн гудамж байв. Баруун талдаа 30б гэсэн хаяг бүхий улаан хүрэн өнгийн банзан хашааны гүйдэг хаалга онгорхой байх ба хаалганы хойд талын шонгоос толгой нь 174 см зайтай, зүүн талын хөлний өлмий нь 91 см зайтай, гудамны эгц зүүн талд байх 29 тоот хашааны үүднээс баруун хойно зүгт 187 см байх гэрлийн шон байв, шонгоос баруун тийш баруун талын мөр хүртэл 5.84 м зайтай, баруун гарыг алдалж, зүүн гар бие дагаж унжсан, 2 хөлийг тэгш жийсэн нүүрээрээ ертөнцийн зүгээр зүүн хойш эргүүлж харсан биеийн цээж хэсэг эгц дээш харж газарт хэвтсэн байдалтай дээгүүрээ хар хөх өнгийн даавуун куртка, доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмд, өвлийн гуталтай, толгой нүцгэн 30 орчим насны эрэгтэй хүний цогцос байсныг “А” гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн, шүүх эмч а/х О.Болорт үзүүлэн цогцосны үзлэг болон шинжилгээнд хүргүүлэхээр хүлээлгэн өглөө. Цогцсыг өргөж хөдөлгөсний дараа доорхи ул мөрийг гэрэл зургаар бэхжүүллээ. Цогцосны толгойн урд хэсгээс ертөнцийн зүгээр урагш 4.30 м зайд 30б тоот хашааны хаалганы урд шонгийн харалдаа бор саарал өнгийн хавтас бүхий бичиг баримт байсныг үзэхэд Энхжаргалын Энхтүвшин гэх хүний хувийн бичиг баримт байсныг эд мөрийн баримтаар түр хураан авлаа. Уг бичиг баримтнаас урагш 1.30 см зайд 2.30*1 м хэмжээ бүхий талбайд тойрог газарт шороонд цус мэт хүрэн зүйлээр бохирлогдсон байсныг №6 гэж дугаарлан гэрэл зургаар бэхжүүлэн шинжилгээнд цус мэт хөлдсөн зүйлээс дээж авлаа. Толгойн оройн хэсгээс урагш 14 метр зайд гудамжны гол машины замын хэсэгт хөх саарал өнгийн ноосон малгай байсныг №7 гэж дугаарлан эд мөрийн баримтаар түр хураан авлаа...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1х, хх-12-17/,

            - 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл :...Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага Нарангийн 43-24 гэх тоот нь ертөнцийн зүгээр зүүн талдаа хойш гүйдэг цэнхэр өнгийн төмөр хаалгатай, хаалга нь нээлттэй, хаалганы хойд дээд хэсэгт хашааны банзан дээр 24 гэсэн цифр бүхий хаягийн самбартай, уг хаалгаар дотогш ороход хашааны баруун хойд талд 2 давхар улаан өнгийн тоосгон шувуун нуруу дээвэртэй, дээврийн гурвалжингууд урд хойд зүгтээ байрлах байшин байна. Уг байшингийн зүүн талд далий дээвэртэй модон хаалгатай цагаан өнгийн автомашины граш, түүнтэй залгаа буюу хашааны зүүн хойд зүгд урагш харсан 2 цонхтой, үүдэндээ бор өнгийн бүргэд хаалгатай, урдаа 2 цонхтой, 2*4 метрийн хэмжээтэй блокоор барьсан амбаартай шавар байшин байна. Үүдний амбаарын хаалгыг гадагш дэлгэж дотогш ороход хойд талдаа баруун, зүүн талд тус бүр 1 бор өнгийн бүргэд хаалгануудтай, зүүн хаалганы баруун талд 3 тасалгаа бүхий вакум цонхтой, вакум цонхны том тасалгаа нь хуучин хагархайтай, баруун хаалганы урд доод талын ногоон өнгийн үүдний шалавчин дээр ажлын хэсэг нь зүүн урагш чиглэж, баруун хацраараа хэвтэж буй ногоон өнгийн бариултай муруй хэлбэртэй хутга байх ба хутганы үзүүр хэсэгт 3 ширхэг нүхтэй. Хутганы үзүүр хэсэгт цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон, хутгыг хөндлөнгийн гэрч болон оролцогч нарт үзүүлж гэрэл зургийн аргаар бэхжүүлж, эд мөрийн баримтаар хурааж авав. Хутганы бариулын төгсгөл хэсгээс хойд зүгт 8 см зайд цэнхэр өнгийн алчуур байх ба уг алчуур нь цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байх тул мөн аргаар бэхжүүлж эд мөрийн баримтаар хурааж авав. Үүдний амбаарын баруун хаалганы доод ирмэгээс урагш 66 см зайд амбаарын шалан дээр цус мэт хүрэн улаан өнгийн зүйл дуссан толбо байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. Үүдний амбаарын хойд хананд байх баруун талын бор өнгийн бүргэд хаалгыг гадагш нээж ороход 6*8 метрийн хэмжээтэй хуванцар цайвар өнгийн таазтай, баруун талаараа саарал өнгийн пракетан шалтай зүүн хэсгээр шар өнгийн хулдаас дэвссэн ягаан өнгийн обойтой байшин байна. Байшин руу анх ороход архины нэвширсэн үнэр үнэртэж байв. Хаалгаар дотогш ороход баруун гар талд буюу байшингийн ертөнцийн зүгээр зүүн урд талд угаалтуур, угаалтуурын доод 4 тасалгаа бүхий тавиуртай. Угаалтуурын доод талд саарал өнгийн алчуур мэт даавуун зүйл байх ба уг алчуур нойтон зарим хэсгээрээ цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байлаа. Байшингийн баруун урд буланд дээрээ тольтой, доороо 2 шургуулга, 2 хаалгатай шаргал өнгийн модон шүүгээ, шүүгээний зүүн талд ногоон эрээн өнгийн буйдан, буйдан дээр хар цагаан өнгө хосолсон эмэгтэй хүний гэмээр майк байх ба цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг эд мөрийн баримтаар хураан авлаа. Буйдангийн хойд талд шалан дээр цус мэт хүрэн улаан өнгөөр бохирлогдсон байсныг арчсан гэмээр ул мөр байсныг гэрэл зургаар бэхжүүлэв.../1х, хх-20-28/   

            - 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр эд зүйлд /хутганд/ үзлэг хийсэн...ногоон өнгийн хуванцар материалаар хийгдсэн бариултай, бариулын урт болон ар үзүүр хэсэг шар өнгийн гууль мэт материалаар хийгдсэн, бариулын урт 11.7 см урт, ажлын хэсгийн урт 15.6 см урт хэмжээ бүхий хутга байна. Хутганы ажлын хэсгийн урд үзүүр хэсгийн орчим 3 ширхэг жижиг нүх гаргаж цоолсон байдалтай байна. Хутганы ажлын хэсгийн үзүүр хэсэг цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байдалтай байв. Бариулын хэсэг нь 12.5 см, ажлын хэсэг нь 12.5 см урттай, ногоон өнгийн хуванцар мэт материалаар хийгдсэн иштэй, ишийг 3 ширхэг хадаасаар бэхэлсэн заазуур байна. Заазуурын ир хэсэг цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байна...гэх тэмдэглэл /1х, хх-29/,

            - 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр эд зүйлд /малгайд/ үзлэг хийсэн:...O K гэсэн цагаан өнгийн олон тооны үсгэн хээ бүхий хөх саарал өнгийн ноосон малгай байна. Малгайд байж болзошгүй  биологийн ул мөрийг устаж үрэгдэх, үгүй болохоос сэргийлэх зорилгоор битүүмжилж хийсэн гялгар уутнаас гаргалгүйгээр шинжилгээнд хүргүүлэв...гэх /1х, хх-18-19/,

            - 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1х, хх-42-44/,

            - 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр талийгаачийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1х, хх-40-41/,

            - С.Доржпүрэвийн бие болон хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1х, хх-48-56/,

            - 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр С.Доржпүрэвийн согтуурлын зэрэг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт-1.46% /1х, хх-45/,

            - Б.Энхтөрийн бие, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, х-59-69/, 

            Шинжээчийн дүгнэлтүүд :  

            - 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2188 дугаартай шинжээчийн: “...хэргийн газраас бэхжүүлэн авсан гэх саарал өнгийн алчуур, хар саарал өнгийн алчуур, майк, 43-24 тоотоос бэхжүүлэн авсан гэх арчдаст цус илэрч байна...хэргийн газраас бэхжүүлэн авсан гэх саарал өнгийн алчуур, хар саарал өнгийн алчуур, майк зэрэгт илэрсэн цус нь ДНХ-ийн харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй байна...43-24 тоотоос бэхжүүлэн авсан гэх арчдаст илэрсэн цус нь ДНХ-ийн харьцуулах шинжилгээнд тэнцэж байна... 43-24 тоотоос бэхжүүлэн авсан гэх арчдаст илэрсэн цус нь хүний цус байна...43-24 тоотоос бэхжүүлэн авсан гэх арчдаст илэрсэн цус нь аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар талийгаач Э.Энхтүвшингийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх дүгнэлт /1х, хх-208-209/,

            - 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2191 дугаартай шинжээчийн: “...№6 дугаартай арчдаст цус илэрч байна...№6 дугаартай арчдаст илэрсэн цус нь аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар талийгаач Э.Энхтүвшингийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх дүгнэлт /1х, хх-214-215/,

            2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2258 дугаартай шинжээчийн:...хэргийн газраас хураан авсан гэх хар хөх өнгийн ноосон малгайн дотор талаас 2 ширхэг үс илэрсэн. Илэрсэн үс нь хүний үс мөн байна. Илэрсэн үс нь эрэгтэй хүний үс байна. Биеийн аль хэсгийн үс болохыг тогтоох боломжгүй байна. Хэргийн газраас хураан авсан гэх хар хөх өнгийн ноосон малгайд илэрсэн үс нь сэжигтэн С.Доржпүрэвийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...гэх дүгнэлт /1х, хх-219-220/, 

            - 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 1735 дугаартай Э.Энхтүвшингийн хувцасанд хийсэн шинжээчийн:...Шинжилгээнд ирүүлсэн хувцасанд уранхай, цоорхой үүссэн байна. Хар майканд үүссэн 4.5 см, 4.5*9.5 см, цагаан шаргал цамцанд үүссэн 3.8 см, 5 см, хар цамцанд үүссэн 3*15 см, 3*2 см, хар саарал цамцанд үүссэн 1.2*6 мм, 6*3 см, хар куртикнд үүссэн 5 см, 36 см, 2.5 см, 4 см, саарал өмдөнд үүссэн 12.5 см хэмжээтэй уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн байна. Хар куртикнд үүссэн 2.5 см, 5.5 см, 4 см хэмжээтэй уранхайны утасны тасралтын зах ирмэг бохирлогдсон байх тул хуучин уранхай байна. Харин бусад уранхайны зах ирмэг бохирлогдоогүй байх тул шинэ уранхай байна. Хаана үйлдвэрлэгдсэн нь болон өмсгөл тодорхой бус, түдүүлдүү, цагаан төмөр аралтай, хар бүстэй, цахилгаан товчтой, хөх жинсэн өмд уранхай хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Хөх жинсэн өмдөнд үүссэн 3*10 мм, 14*5 мм, 3*10 мм хэмжээтэй уранхайны зах ирмэг бохирлогдоогүй байх тул шинээр үүссэн. Харин бусад цоорхойны зах ирмэг бохирлогдсон байх тул хуучин уранхай байна...гэх дүгнэлт /1х, хх-227-233/,

            - 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2184 дугаартай шинжээчийн:...С.Доржпүрэвийн гэх хар өнгийн юүдэнтэй куртка, баруун өвдгөн дээрээ 23 гэсэн улаан бичигтэй, хар өнгийн даавуун өмд, хар саарал өнгийн ноосон өмд, цэнхэр өнгийн үдээстэй саарал өнгийн пүүзэн гутал зэрэгт цус илэрч байна. Уг хувцсанд илэрсэн цус нь илэрч аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8, Penta D, СWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар талийгаач Э.Энхтүвшингийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...гэх дүгнэлт /1х, хх-235-236/,

            - 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2189 дугаартай:...хутганд цус илэрч байна. Хутганд илэрсэн цус нь аутосомын ДНХ-ийн  D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8, Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн аллелиар талийгаач Э.Энхтүвшингийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...гэх шинжээчийн дүгнэлт /1х ,хх-194/,         

            - 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1734 дугаартай С.Доржпүрэвийн хувцасанд хийсэн шинжээчийн:...богино хар хүрмэнд 20 мм хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас гарсан шинэ зүссэн уранхай, богино ханцуйтай хар цамцанд 10 мм эдэлгээний явцад татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан хуучин ханзарсан уранхай, хар биеийн тамирын өмдөнд 45 мм эдэлгээний явцад гарсан хуучин сэмэрсэн уранхай, саарал дотуур өмдөнд 30 мм хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас гарсан шинэ зүссэн уранхай, гарсан байна. Дээрх зүссэн уранхайнууд нь тус бүр 1 удаагийн үйлчлэлээр гарсан ба бусад уранхайнууд нь хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан эсэхийг тогтоох боломжгүй...гэх дүгнэлт /1х, хх-238-241/,  

- 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2187 дугаартай Б.Энхтөрийн хувцасанд хийсэн шинжээчийн:...Б.Энхтөрийн гэх хар өнгийн оруулгатай бор өнгийн илгэн гутал, саарал өнгийн ноосон цамц, хөх өнгийн жинсэн мөд, саарал өнгийн дотуур өмд зэрэгт цус илэрч байна. Б.Энхтөрийн баруун гараас авсан гэх арчдаст цус илэрч байна. Илэрсэн цус нь Б.Энхтөрийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...гэх дүгнэлт /1х, хх-243-245/

- 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1736 дугаартай Б.Энхтөрийн хувцасанд хийсэн шинжээчийн:...саарал өнгийн ноосон цамцанд ханзархай саарал дотуур өмдөнд ханзархай шинээр гарсан байна. Хар саарал өмдөнд гарсан сэмэрсэн цоорхой хуучин эдэлгээний явцад гарсан байна. Материалын суналтаас шалтгаалан хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна. Бусад хувцас уранхайгүй байна...гэх дүгнэлт /1х, хх-247-250/,  

            - 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1х, хх-35-39/,

            - шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн №478 дугаартай акт, гэрэл зургийн үзүүлэлт: шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош “...1. цээж, хэвлийн хатгагдаж зүсэгдсэн шарх: цээжний баруун хажууд суганы дунд шугамаар 9-10-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч, өрцийг гэмтээн хэвлийн хөндийг нэвтэрч элэгний баруун дэлбэнгийн 5-р сегменийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх. 2. хэвлийн хөндийн хурц цус алдалт 1000 мл, шокын бөөр, дотор эрхтнүүдийн цус багадалт, амьсгал зүрх судасны дутагдал. 3. нүүр, баруун сарвууны зулгаралт, дунд зэргийн согтолттой.  Дүгнэлт: “...талийгаачийн биед цээж, хэвлийн хатгагдаж зүсэгдсэн шарх: цээжний баруун хажууд суганы дунд шугамаар 9-10-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч, өрцийг гэмтэн хэвлийн хөндийг нэвтэрч элэгний баруун дэлбэнгийн 5-р сегменийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, нүүр, баруун сарвууны зулгаралт гэмтэл тогтоодлоо...дээрх шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, нүүр болон баруун сарвууны зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, уг шарх гэмтэл нь үүсэх үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, бусад зулгаралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...талийгаач нь дээрх цээж, хэвлийн хөндийг хатгагдаж зүсэгдсэн, элгийг гэмтээсэн шарх гэмтлийн улмаас цочмог цус алдаж нас баржээ...талийгаач нь үхэлд нөлөөлөх архаг хууч өвчингүй байжээ...талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ...мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй болно...талийгаач нь ABO системээр А/II/ бүлгийн цустай байна...талийгаач 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 02 цаг 55 минутын байдлаар нас бараад 5-7-н цаг болсон байна...гэх /1х, хх-184-185, 188-189/,   

            - 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 3280 дугаартай:...Б.Энхтөрийн бие хамрын нуруу, нуруу, баруун шилбэний цус хуралт, зүүн хөлний тавхайн зулгаралт, баруун бугуйн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг /2х, хх-18, 19/,   

            - 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 3281 дугаартай:... С.Доржпүрэвийн биед нуруу, дух, баруун хацрын зулгаралт, хүзүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх шинжээчийн дүгнэлт /2х, хх-16/,

            - 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 466 дугаартай: “...С.Доржпүрэв нь сэтгэцийн ямар нэгэн өвчихгүй байна...хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /2х, хх-22/,  

            - Соронзонболдын Доржпүрэвийн төрсний гэрчилгээний лавлагаа /2х, хх-98/, 

            - С.Доржпүрэвийн РД:ШУ88111013 төрсний гэрчилгээний хуулбар /2х, хх-123/,

            - шинжээч эмч О.Болормаагийн: “...талийгаачийн биед цээж, хэвлийн хатгагдаж зүсэгдсэн шарх: цээжний баруун хажууд суганы дунд шугамаар 9-10-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч, өрцийг гэмтэн хэвлийн хөндийг нэвтэрч элэгний баруун дэлбэнгийн 5-р сегменийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийг авсан хүн тодорхой хугацаанд амьд байх боломжтой ба үйл хөдөлгөөн хийх боломжтой...гэхдээ амьд байх хугацааг нарийн тодорхойлох боломжгүй...учирсан гэмтлийн байдлаас нь харахад богино хугацаанд амьд байх боломжтой...богино хугацаа гэдгийг нарийвчлан хэлэх боломжгүй...талийгаачийн биед учирсан нүүр, сарвууны зулгаралт гэмтэл нь шинэ гэмтэл болно...энэ гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...тухайн хүний өөрийнх нь үйлдлийн улмаас буюу унах, ойчих үед үүсэн боломжтой...талийгаачийн цусанд 2.4, шээсэнд 2.2 промилли спиртийн агууламж илэрсэн нь дунд зэргийн согсолтонд хамаарах ба тухайн хүн ийм зэргийн согтолттой үедээ бусадтай харьцах, биеэ авч явах байдал нь тухайн хүний архи даах чадвартай шууд хамааралтай болно...” гэх мэдүүлэг /1х, хх-190-191/,   

Б.Энхтөрийн мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн мэдүүлэг :...2016 оны 03 дугаар сарын 05-ны өглөө 10 цаг өнгөрөөгөөд боссон...эхнэр Цэнд-Аюуш өглөө 07 цаг өнгөрөөгөөд ажилдаа явсан...би гэртээ 2 хүүхэдтэйгээ үлдсэн...12 цаг өнгөрч байхад гэртээ 2 удаа ус авсан...дараа нь Их-Улиастайн дэлгүүр рүү явсан...дэлгүүр рүү орох гэж байхад Доржпүрэв, Энхтүвшин 2-той дэлгүүрийн гадна таарсан...Энхтүвшин “би төрсөн өдрөөрөө чам руу залгаад байсан, чи яагаад утсаа аваагүй юм бэ” гэж асуухаар нь би “найз нь завгүй байсан юм” гэж хэлсэн...Энхтүвшин надаас “найздаа 1 пиво аваад өгчихөөч” гэхээр нь за тэгье гээд Их-Улиастай дэлгүүр рүү орсон...тэгээд би өөрийн картаа уншуулаад 2 сав “нийслэл” пиво, зүссэн талх 1 уут, 1 ширхэг 0.5 литрийн лаазтай “сэнгүр” пиво авсан...тэгээд бид 3 Энхтүвшингийн гэрт очсон...2 том пивоо хувааж ууцгаасан...би гэртээ хариад буцаад ирсэн...ирээд Доржпүрэвт картаа өгөөд пивонд явуулсан...Доржпүрэв 2.5 литрийн боргио пиво 1 ширхэгийг авчраад хувааж ууцгаасан...Энхтүвшинд найз нь ядраад байна жаахан унтчихъя гэтэл одоо аав ирнэ гээд бид 3 гарсан...гараад Их-Улиастай дэлгүүр явсан...дэлгүүрээс 0.75 литрийн экс архи 1 шил, 1 ундаа авсан...Доржпүрэвийн гэрт очоод архинаасаа 2, 2 тойруулж ууцгаасан...би тэр 2-т хандан найз нь жаахан амсхийгээдэхье гээд буйдан дээр жаахан зүүрмэглэсэн...тэгтэл Энхтүвшин миний хувцаснаас татаад хөөе хөөе сэрээч, юм аа ууя гээд сэрээсэн...би чи яасан ядаргаатай юм бэ хүн жаахан амсхийх гээд байна гэж хэлсэн...тэгээд буцаад зүүрмэглэж байтал Доржпүрэв, Энхтүвшин 2 хоорондоо маргалдаад эхлэх шиг болсон...өндийтөл ширээний баруун талд Доржпүрэв, Энхтүвшин 2 маргалдаад зогсож байсан...Доржпүрэв зүүн гартаа хутга барьчихсан байсан...Энхтүвшин Доржпүрэвийг “чи муу чадах юм уу” гэхэд Доржпүрэв “зүгээр байгаарай, пизда минь” гэж хэлж байсан...намайг өндийтөл тэр 2 барьцалдаад авсан... Энхтүвшин Доржпүрэвийг 2 гараараа заамдаад, Доржпүрэв болохоор баруун гараараа мөрөн дээрээс нь бариад зүүн гартаа хутгаа барьчихсан байсан...тэгэнгүүт нь би дундуур нь ороод Доржпүрэвийн гараас хутгыг нь салгах гээд хутгатай гар руу нь тонгойх үед Доржпүрэв тохойлдож уруул тус газар оносон...уруулаас бага зэрэг цус гарсан...хутгыг нь салгах гээд зууралдаж байх үедээ санамсаргүй байдлаар баруун гарын бугуйн орчим газраа хутганд нь зүсүүлсэн...тэгээд хутгыг нь салгаад шалан дээр унагаагаад цааш нь холдуулж өшиглөсөн...Доржпүрэвт хандаж чи одоо болиоч гэхэд юу ч хэлэхгүй зогсоод байсан...Энхтүвшинд хандан хөөе, явъя, наадах чинь урьд Амарааг заазуурдаж байсан ш дээ гэхэд үгүй үгүй, би явахгүй, би явах болоогүй байна гэж хэлэхээр нь орхиод гараад явсан...гарах үедээ би хальт эргэж харахад Доржпүрэв шалан дээр байгаа хутга руу ухасхийж байгаа харагдсан...тэгээд л би шууд гэртээ харьсан...гарын шархнаас цус гоожоод байсан учир гүйгээд явсан...замдаа бүдрээд унах гээд 2 гараараа газар тулж тогтох үед зүүн гарын алганы хэсэгт жаахан газарт шалбарчихсан юм...гэртээ ороход 2 хүүхэд байсан...ээж араас ороод ирсэн...гар хөлөө яачихав гэж асуухаар нь Доржпүрэвийн гэрт Энхтүвшин, Поржпүрэв 2 маргалдаад Доржпүрэвийн барьж байсан хутганд гараа санамсаргүй зүсүүлчихлээ гэж хэлсэн...ээж гар дээр 00-ын цаас тавьж боож өгсөн...би ээжид хандан манай нөгөө 2 маргалдаад үлдсэн, би эргэж очдог юм бил үү гээл гарах гэтэл ээж “чи юу яриад байгаа юм бэ, хүнд зодуулах гээ юу, унт чи” гэж хэлэхээр нь үгэнд нь орсон...тэгж байтал хэсэг хугацааны дараа цагдаа орж ирж намайг авч явсан...гартаа барьчихсан байхыг нь харахад бариулын урд болон ар хэсэг нь шаргал өнгийн гууль мэт зүйлээр бөгжилчихсөн, уртавтар хутга байсан, бариулынх нь 2 тал нь шар өнгөтэй байсан гэдгийг би сайн санаж байна...тэр хутга, хэний хутга, хаанаас аваад барьчихсан талаар нь би мэдэхгүй...бодвол Доржпүрэвийн гэрт байдаг л хутга байх...яагаад гэвэл бид 3 тэднийд орохдоо хутгатай ороогүй...” гэх мэдүүлэг /1х, хх-112-115/,    

            Б.Энхтөрийн 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогчоор өгсөн:

            2016 оны 3 дугаар сарын 5-ны өдөр С.Доржпүрэвийн гэрт архи ууж байгаад би унтсан байсан. Тухайн үед цаг хэд болж байсныг санахгүй байна орой болсон байсан. Намайг хэвтэж байхад талийгаач Энхтүвшин “бос архи ууя” гэж хэлсэн би “жаахан унтмаар байна. Чи ямар ядаргайтай юм бэ?” гэж хэлээд буцаад унтаж байтал хоёр хүн хоорондоо маргалдаад байх шиг шуугилдаад байсан. Босоод харсан чинь С.Доржпүрэв, талийгаач хоёр өөдөөсөө харсан зогсож С.Доржпүрэв зүүн гартаа хутга шиг зүйл барьсан байсан болохоор нь хөөе юу болж байна гээд би босоод ирсэн. Намайг босож ирэхэд талийгаач Энхтүвшин “Доржпүрэв рүү гөлөг минь чи чадах уу?” гэж хэлж байсан. С.Доржпүрэв юу гэж хэлснийг нь санахгүй байна хариу хэлж байсан. Би босож очиход С.Доржпүрэв баруун гараараа барьж талийгаач Энхтүвшин хоёр гараараа барьж тэр хоёр барьцалдаж авсан. Би Доржпүрэвийн хутгын нь авах гээд зүүн гараараа барьж автал баруун гар руу хутга нь зүссэн. Хутгатай ноцолдож хутгыг нь газар унагаад өшиглөсөн. Тэгээд талийгаач Энхтүвшинг явъя С.Доржпүрэв чинь урьд нь Амрааг заазуурдаж байсан гэж хэлэхэд талийгаач би болоогүй байна гэсэн. Миний гарнаас цус гараад байсан болохоор явах гэж байхдаа эргэж хартал С.Доржпүрэв тонгойж хутга авч байгаа харагдсан. С.Доржпүрэвийн гэрээс гараад би гэртээ харьсан. Гэртээ харьтал ээж гараа яасан бэ? гэж асуухаар нь С.Доржпүрэв, Энхтүвшин хоёр маргалдаад тэр хоёрыг салгах гэж байгаад зүсүүлчихлээ, тэр хоёр маргалдаад үлдсэн буцаад очдог юм уу гэхэд ээж юу яриад байгаан унт гээд би унтаад өгсөн...гэх мэдүүлэг /4х, х-79-80/,

            Б.Энхтөрийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн:...гэрэлт бамбар дэлгүүрээс 2,5 литрийн Нийслэл пиво, 0,5 литрийн 1 лааз Сэнгүр пиво аваад талийгаач Энхтүвшингийн гэр рүү нь очсон юм... Тэгээд 18 цагийн үед бид 3 Доржпүрэвийнд очсон бөгөөд Доржпүрэв архи задлаад надад хийж өгөхөд нь би 1-2 удаа татчихаад л согтоод том өрөөнийх нь буйдан дээр унтаад өгсөн юм...намайг унтаж байхад Энхтүвшин, Доржпүрэв 2 хоорондоо маргалдаад байх шиг байсан бөгөөд би тэр 2-ыг салгах гэж байсан шиг санагдаад байгаа юм...одоо бодоход талийгаач Энхтүвшин намайг бооход нь Дорждүрэв болиулаад тэр 2 хоорондоо маргалдсан байж магадгүй гэж бодож байна...гэхдээ яг сайн мэдэхгүй байна...тэгээд нэг мэдсэн чинь л би Доржпүрэвийн хашааг даваад гүйж байсан бөгөөд шууд гэртээ хариад орондоо ороод хэвтэж байтал цагдаа нар ирээд намайг аваад явах гэхэд нь манай ээж гаднаас орж ирсэн...тэр үед цагдаа нар намайг хүчээр авч гарах гэж байхад нь би “хөөе би хүн хутгалаагүй шүү” гэж хэлж байснаа санаж байна...тэгээд цагдаа нар намайг аваад шууд цагдаагийн хэлтэс дээр ирсэн бөгөөд драгер үлээлгэхэд 1 бүхэл гарантай гарч байсан санагдаж байна...надад энэ хэргийн талаар өөр санаж байгаа зүйл байхгүй... Бид хоёрын хооронд өр авлага өш хонзон байхгүй ээ. Харин 2016 оны 01 дүгээр сарын эхээр талийгаач Энхтүвшин, тэдний ангийн Жавзандулам, түүний нөхөр Анхаа бид нар Жавзандуламын гэрт архи уухад би согтоод тасарчихсан юм. Тэгтэл Энхтүвшин намайг согтсон хойгуур ширээ мөргүүлээд бас унагааж  байгаад дээрээс дэвсэж зодсон байсан...2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр талийгаачийн гэрт 3 пиво уугаад сууж байхад Поржпүрэв “Амараа гэдэг залуутай хамт архи ууж байгаад муудалцаад хоёр удаа заазуурдчихсан юм, тэрнээс олон удаа заазуурдсан бол балрахгүй юу” гэж хэлж байсныг бодоход Доржпүрэв талийгаачийг хутгалсан байж магадгүй гэж бодож байна... би Доржпүрэвийн гэрт нь урьд нь нэг л удаа очиж байсан бөгөөд өчигдөр хоёр дахь удаагаа очиж байгаа юм. Би тэдний хутга заазуур нь хаана байдгийг нь мэдэхгүй ээ...гэх мэдүүлэг /2х. хх-85-87/

            Б.Энхтөрийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:...буцаад зүйрмэглэж байтал Энхтүвшин, Доржпүрэв хоёр маргалдаад эхэлсэн. Сонсохнээ Энхтүвшин чи намайг барах юм уу гэхэд Доржпүрэв зүгээр байгаарай муу гөлөг минь гэж хэлж байсан. Би тэгэнгүүт нь энэ хоёр одоо маргалдаад зодолдоод бөөн юм болох нь гэж бодоод босоод иртэл Доржпүрэв зүүн гартаа хутга бартчихсан байсан...Доржпүрэв баруун гараараа Энхтүвшингийн хувцаснаас зуурчихсан, зүүн гартаа нөгөө хутгаа барьчихсан, Энхтүвшин өөдөөс нь мөн гараараа хувцаснаас нь зуурчихсан зогсож байсан...Доржпүрэв хутга руугаа ухас хийж очиж байгаа харагдсан...би гараа боолгох гээд дээшээ гэр рүүгээ гүйчихсэн. Гэртээ ортол ээж араас орж ирсэн. Энэ үед 19 цаг л өнгөрч байсан байх... би малгайгүй байсан. Энхтүвшин, Доржпүрэв хоёртой намайг таарахад тэр хоёр ч гэсэн малгай өмсөөгүй байсан...гэх мэдүүлэг /2-х, хх-89-90/,  

            Б.Энхтөрийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:...би тэр үед цаг хараагүй, тодорхой хэлж мэдэхгүй байна, гэртээ ирэх үед 19 цаг орчим, цагдаа нар ирж авах үед 20 цаг орчим байсан юм болов уу... ийм яриа огт болоогүй, анх хориход усанд бол оруулсан, тэгэхдээ бид хоёрын дунд ийм яриа огт болоогүй... Би Доржпүрэвийнхээс гарахдаа хашааных нь хаалгаар гарсан...гэх мэдүүлэг /3х, хх-142-146/, 

            Б.Энхтөрийн 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр өгсөн:... Намайг унтлаа гээд хэвтэхэд талийгаач Энхтүвшин хоёр удаа бос гэж татсан. Дараа нь Доржпүрэв, талийгаач хоёрыг маргалдаж байхад нэг сэрсэн...босоод ирэхэд тэр 2 барьцалдаад авсан...тэр үед би сандраад балмагдсан, гараа зүсүүлсэн болохоор гараа боох гэж байсан...хутганаас барьж авахад нөгөө гар руу хутгаар зүсэгдсэн...гэх мэдүүлэг /4х, х-80-83/,

            О.Анхбаатарын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:...2016 оны 3 дугаар сарнын 5-ны өдөр буюу өнөөдөр би 14 цаг 30 минутын орчим Хархорин захын тийшээ явсан. Хархорин захын тэнд дүүгээсээ гэррийнх нь түлхүүрийг аваад Урт цагаан орж найз Уугантамиртайгаа уулзаад гэр рүүгээ харихаар явсан. Их-Нарангийн хуучин эцсийн автобусны буудал дээр том оврын автобуснаас буугаад гэр рүүгээ алхсан. Тухайн үед 20 цаг орчим л болж байсан байх, гэдээ харанхуй болчихсон байсан. Бадамжунайн гүүр гараад манай гудамж ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэн тогтсон гудамж байдаг юм, гудамжаар алхаад хашааруугаа орох гэтэл манай хашааны том хаалга онгорхой байсан ба хаалганы гадна, урд талд үл таних 2 хүн байсан ба тэх 2 хүний нэг нь хэвтчихсэн, нэг нь хажууд нь хөлөө жийчихсэн сууж байсан. Согтуу бололтой байсан. Би хажууд нь очоод “хашааны үүднээс холдооч, яваач” гэхэд хөлөө жийгээд сууж байгаа нь нөгөө хэвтэж байгаагаа хөлөөрөө жийгаад “босооч, явъя” гээд байсан. Нөгөөх нь огт хөдлөхгүй байсан. Тэгээд би босоод явчих байх гээд гэр рүүгээ орчихсон юм. Намайг гэртээ орсноос хойш ойролцоогоор 30 орчим минутын дараа цагдаа орж ирээд “гадаа чинь хүн хэвтэж байна, юу болсон талаар мэдсэн үү” гэж асуусан. Би өөрийн үзсэн харсанаа цагдаад хэлсэн. Манай аав, ээж нар юу ч мэдээгүй байсан. Намайг анх харахад нэг нь дээшээ хараад хэвтчихсэн байсан, тэр хүн огт хөдлөхгүй байсан, нөгөөх нь явъя гээд хөлөөрөө жийгээд мөрнөөс нь гараараа татахад ч огт хөдлөхгүй байсан. Согтуу байсан. Хир согтуу байсныг нь бол мэдэхгүй, ямар ч байсан согтуу байсан. Харанхуй байсан болохоор царай зүсийг нь сайн анзаараагүй, хоёулаа л бараан хувцастай байсан санагдаж байна.Намайг гудамжруу орох үед энэ хоёр хүнээс өөр хүн гудамжинд байгаагүй. Харанхуй байсан болохоор тэр хэвтэж байсан хүн нь гэмтэл, шарх авсан эсэх талаар огт мэдээгүй, согтуу тасраад уначихсан л байна гэж бодоод гэрт орсон. Дараа нь цагдаа ирээд надаас үзсэн харсан зүйлийн минь талаар асуугаад хамт гарч гэрэл тусгахаар харахад хажуу бөөр хавьд нь цус болчихсон харагдаж байсан...Оюунтуяа эгчийн гэр манайхтай ойрхон, нэг гудамжинд манайхаас урагш хоёр айлын цаана байдаг юм. Сүүлд нь бас талийгаачийн төрсөн дүү Энхдөлгөөн надад утсан дээрх нэг бичлэг үзүүлээд тухайн үед талийгаачийн хажууд байсан хүн энэ бичлэг дээр байна уу гэж харуулсан. Би бичлэгийг хараад тэнд сууж байсан хүний царай зүс, хувцас хунарыг тухайн үед сайн харж чадаагүй учраас мэдэхгүй гэдгээ хэлсэн. Тэр бичлэг нь бол дэлгүүр дотор юм худалдаж авч байгаа хүмүүсийн бичлэг байсан. Би тэр хүн хэн байсныг тодорхой хэлж мэдэхгүй, тухайн үед 20 цагийн орчим байсан болохоор харанхуй болчихсон байсан, манай гудамж гэрэлтүүлэг байхгүй, үзэгдэх орчин харанхуй байсан учраас би тэр сууж байсан болон хэвтэж байсан хүний царай зүс, хувцас хунарыг сайн анзаарч хараагүй. Хоёулаа л бараан хувцастай байсан. гэх мэдүүлэг / гэх мэдүүлэг /1х, хх-136-137,138-140/

            О.Анхбаатарын мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн :...Шүүхэд худал мэдүүлэг өгөх болсон шалтгаан бол Оюунтуяа гэх эмэгтэйтэй холбоотой. Энэ Оюунтуяа намайг анх цагдаад мэдүүлэг өгснөөс хойш намайг байнга сураглаж, ажилдаа явсан хойгуур гэрт ирж намайг асууж сураглах болсон. Намайг эхний мэдүүлгээ өгснөөс хойш 10 гаруй хоногийн дараа надтай манай гэрийн ойролцоо байдаг Бадамжунайн гүүрэн дээр таарсан. Тэгээд надаас чи юу үзэж харсан юм бэ гээд л асууж шалгаагаад байсан. Тэгээд дараа нь би чамтай дахиад уулзана гэж хэлсэн. Үүнээс хойш 7 хоногийн дараа манай гэрт Оюунтуяа орж ирсэн. Тэгээд намайг гэртээ дагуулж ороод чи малгайн дээрээ үстэй гялгар куртиктэй шардуу царайтай хүн байсан гээд хэлчих, идшийг чинь даая гэхээр нь би үгүй гэж хэлсэн. Би 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр буюу 2 дахь удаагаа байцаалт өгчихөөд дараа нь 2016 оны 05 дугаар сарын 17-нд Ховд аймгийн Булган сумруу эгчийнхрүүгээ явсан. Ингээд хөдөө  эгчийндээ очоод утсаа асаахад  Оюунтуяа  өөрийнхөө 88680273 дугаарын утсаар миний 99652463 дугаарын утасруу олон удаа залгасан байсан, мөн мессэж бичсэн байсан. Бичсэн мессэж нь “чи байцаалт өгчихөөд явсан байна, би чамайг ирэхээр нь ална аа, хаанаас ч олж чадна шүү” гэсэн мессэж бичсэн байсан. Мөн 8 сарын үед “чи ирэх болж байгаа юм уу, надаас айгаад ирэхгүй байгаа юм уу, шүүх хурал чамаас болоод хойшлоод байгаа” гэсэн мессэж бичсэн байсан. Намайг хөдөөнөөс ирснээс хойш 2016 оны 9 дүгээр сарын эхээр гэртээ байж байтал Оюунтуяа миний утасруу залгаад намайг гараад ир гэсэн. Тэгээд надад хандан удахгүй шүүх хурал  болно, чи энэ шүүх хуралд орохгүй бол чамайг баривчилж аваачиж мөнгөн торгуулийн арга хэмжээ авна, очих очихгүйгээ өөрөө мэдэхгүй юу гэж хэлчихээд яваад өгсөн. ...Тэгээд талийгаачийн аавын гэрт нь очсон. Аав нь надаас ер нь ямархуу байдалтай яаж байсан юм бэ гэж асуусан. Тэгэхээр нь би Оюунтуяагийн хэл гэснээр нь хэлсэн. Оюунтуяагийн утсан дээр байсан бичлэгийг надад үзүүлсэн. Тэр бичлэг дээр Оюунтуяагийн надад үг зааж өгч хэл гээд байсан залуу байсан. Яг Оюунтуяагийн хэлсэн куртикныхээ малгайн дээр үстэй байсан. Ирж байна уу, заавал ирнэ шүү, миний хэлснийг хэлээрэй гээд Оюунтуяа захиад байсан. ...чиний байцаалт байхгүй, өмнөх байцаалтууд бүгд алга болсон, чи миний хэлснээр л хэлчих, би чамьай ахиж зууралдахгүй, ахиж чамруу залгахгүй гэсэн. ...би цагдаад өгсөн байцаалтууд байхгүй юм байна гэж бодоод Оюунтуяагийн хэлснээр шүүх хуралд хэлсэн. би сандраад эхний байцаалтаа өөр байцаагчид өгсөн, гарын үсэг биш байна, сүүлийн байцаалтын гарын үсэг мөн байна гэж худал хэлсэн. ...Мөн би шүүхэд тэр хүмүүсийг тодорхой харсан, манай хашаа гэрэлтүүлэгтэй гэж худлаа хэлсэн. Орой нь Оюунтуяа надруу залгаад одоо хэрэг буцах байх, чамаас байцаалт авах байх, чи өнөөдрийн хэлснээ л байцаалт авахад нь хэлчих, байцаагч дуудвал манай өмгөөлөгчтэй хамт байцаалтанд орчих, айх юмгүй гэж хэлсэн. Би Оюунтуяагаас мөнгө, төгрөг ямар нэг зүйл аваагүй. Харин надад өвлийн идшийг чинь даана гэж хэлж байсан. Автобус унааны мөнгө гэж 2 удаа 5000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /3х, хх-154-157/,

            О.Анхбаатарын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн:... Шүүх хуралд худал мэдүүлэг өгөх болсон явдал бол манай тэнд гэр нь байдаг Оюунтуяа гэх эмэгтэйтэй холбоотой. Намайг цагдаад анх мэдүүлэг өгснөөс хойш Оюунтуяа манай гэрээр намайг байнга асууж сураглан, удаа дараа утасруу минь удаа дараа залгаж уулзая, ярих юм байна гэж дуудаж уулзан чи шүүх хуралд гялгар куртиктэй, куртикныхаа малгай дээр үстэй туранхай шар царайтай хүн талийгаачийн хажууд сууж байсан гэж хэлээрэй гэж удаа дараа хэлсэн тул би шүүхэд түүний хэлснээр нь худал хэлсэн юм. Тухайн үедээ надад идэш өгнө гэж хэлж байсан. Мөн автобус унааны мөнгө гэж 2 удаа 5000 төгрөг өгсөн. Шүүх хурал дээр чамд 2 хүн үзүүлбэл нөгөө куртик өмссөн хүнийг заагаарай, Доржоог мөн үү гэж биш гэж хэлээрэй гэж хэлж захиад байсан юм...” гэх мэдүүлэг /3х, хх-187-188/                                   

            - О.Анхбаатарын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:...Энэ асуудлын талаар би 2016 оны 03 сарын 05-ны орой болон 2016 оны 05 сарын 10-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлгүүддээ яг үнэн зөвөөр нь тодорхой мэдүүлсэн. Энэ хэрэг болсноос хойш манайхаас 2 айлын урд байдаг Оюунтуяа гэдэг хүүхэн намайг байнга асууж сураглах болсон. ...Намайг гэртээ дагуулж ороод чи малгайн дээрээ үстэй, гялгар куртиктэй шар царайтай хүн байсан гээд хэлчих, өвлийн идшийг чинь даая гэхээр нь би үгүй, тэгж хэлж чадахгүй, би угаасаа байцаалт өгчихсөн юм чинь тэгж хэлж чадахгүй гэж хэлсэн. Оюунтуяагийн утсан дээр байсан бичлэгийг надад үзүүлсэн. Би цагдаад өгсөн байцаалтууд байхгүй гэж бодоод Оюунтуяагийн хэл гэснээр шүүх хуралд хэлсэн. Шүүхэд худал мэдүүлэг өгсөн асуудал бол Оюунтуяатай л холбоотой. Оюунтуяа наадаас гуйгаад байсан мөн мөнгө төгрөг, гар утас өгсөн болохоор нь би худал мэдүүлчихсэн...надад 2 удаа 5.000 төгрөг, нокиа гар утас өгсөн. Гар утас өгөхдөө чи энэ утсыг ав гээд өгсөн, эргүүлж авна гээгүй бүүр өгсөн...нокиагийн яг ямар маркийн гар утас байсныг мэдэхгүй, хар, улаан өнгийн корпустай гар утас байсан. Утсыг нь би хөдөө барьж байгаад эвдэрчихээр нь хаячихсан..../3х, хх-190-193/, /4х, хх-109-112/,

            - О.Анхбаатарын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд гэрчээр өгсөн : “тэр орой  гэртээ ирэхэд хашааны гадна гялгар куртиктэй, куртикныхаа малгайн дээр үстэй, туранхай, шар царайтай хүн талийгаачийн хажууд сууж байсан”, “тэр үед гудам талбай гэрэлтүүлэгтэй байсан” тухай мэдүүлэг /3 х, х-77-79/,

            - шүүгчийн захирамжид бичигдсэн нотлох баримтын эх сурвалж /3х, х-84/,  

            - шүүгдэгч Ш.Оюунтуяагийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн:...О.Анхбаатар надаас такси унааны мөнгө гэж 2 удаа 5.000 төгрөг нийт 10.000 төгрөг авсан. Мөн охины нокиа маркийн гар утсыг авсан...өөр ямар нэгэн эд зүйл өгч байгаагүй...гэх мэдүүлэг /4х, хх-113-115/, 

            - 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Мобиком корпораци ХХК, Юнител ХХК-иас ирүүлсэн яриа, мессежний дэлгэрэнгүй жагсаалтанд  үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагч Ш.Оюунтуяагийн 88680273 дугаараас О.Анхбаатарын 99652463, түүний эхнэр Б.Даваа-Чойгүний 86126910 дугааруудад холбогдсон байдлыг харуулсан тэмдэглэл /3х, хх-126-130/,

            - Ш.Оюунтуяа нь О.Анхбаатарын 99652463 дугаар луу ярьсан болон ирсэн дуудлагын билл /3х, хх-216-230/,

            - О.Анхбаатарын 99652463, 99593096 дугаарын билл /3х, хх-235-247/,

            - гэрч Б.Даваачойгүний: “...Анхбаатар уг нь 99652463 дугаарын утастай байсан боловч яагаад ч юм бүү мэд энэ утсаа унтраачихдаг болсон. Яагаад утсаа унтраагаад байгаа юм бэ гэхээр  нэг хүн залгаад байгаа юмаа гэдэг байсан. 2017 он гарснаас хойш байх би одоо өдрийг нь хэлж мэдэхгүй байна. Анхбаатар бид хоёр гэртээ байж байтал миний 86126910 дугаарын утсанд дуудлага ирсэн, утсаа автал үл таних эмэгтэй Заагийтай ярья гэсэн. Анхбаатарыг гэр орныхон нь болон таньж мэддэг хүмүүс нь Заагий гэж дууддаг юм...Хэн гэдэг хүн юм бэ гэж асуухад таньдаг эгч байгаа юм гэж хэлж байсан. Үүнээс өмнө 2016 оны 10 дугаар сарын сүүлээр Анхбаатар надад би нэг шүүх хуралд орох гэж байгаа юм, хоёулаа хамт яваад ирье гээд намайг дагуулаад Сонгинохайрхан дүүргийн шүүх дээр ирсэн. Анхбаатар шүүхийн гадна нэг эмэгтэй хүнтэй уулзаад юм яриад байсан...Намхан махлагдуу эмэгтэй байсан...гэх мэдүүлэг  /3х, хх-161-162/,

            - 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баганарангийн 43 дугаар гудамж болон уг 30б тоот хашаа нь гэрэлтүүлэгтэй эсэхийг тогтоох зорилгоор нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3х, хх-124-125/,

            - 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 115 дугаартай Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /3х,  хх-74-82/,

            - гэрч Н.Сувдмаагийн: ...миний хариуцсан хэсэгт Баганарангийн 43, 44 дүгээр гудамж харьяалагддаг юм... Баганарангийн 43 дугаар гудамж бол ямар ч гэрэлтүүлэг байхгүй. Мөн 30 тоот буюу Отгонцагааных хашаандаа огт гэрэлтүүлэг байхгүй...гэх мэдүүлэг /3х, хх-151/,

            - шүүгдэгч С.Доржпүрэвийн: “...миний бие нь Сонгинохайрхан дүүргийн 03 дугаар хороо Бага-Нарангийн 43-24 тоотод эхнэр Ш.Оюунтуяа, дагавар охин Саруулсайхан нарын хамт амьдардаг...2016 оны 03 дугаар сарын 5-ны 09 цаг гэж босоод хашааныхаа цасыг цэвэрлэсэн...тэгээд байж байтал багийн найз Энхтүвшин эхнэрийн утас руу залгаад намайг хүрээд ир гэж хэлсэн...би гэрийнхээ хивсийг арчиж цэвэрлэчихээд Энхтүвшингийн гэр лүү явсан...эхнэр ганцаараа үлдсэн... Энхтүвшингийнд очиход Энхтүвшингийн аав Энхжаргал ах, Энхтүвшингийн хүү Одкооноо /3 настай/ нар байсан...удалгүй Энхжаргал ах айлд очиж юм хийж өгнө гээд явсан...тэгээд байж байтал манай эхнэр Энхтүвшингийн утас руу залгаад надтай яриад би аавынх руу явлаа, чи эртхэн хариарай гэж хэлсэн... Энхтүвшин бид 2 тэднийхээс доошоо яваад дэлгүүр орж тамхи авсан...тэнд Энхтөртэй таарсан...юм ярьж зогсож байтал Энхтөр 3-лаа пиво ууя гээд 2 ширхэг том хүрэн хуванцар савтай пиво дэлгүүрээс авсан...бид 3 пивоо Энхтүвшингийнд ууж дуусгаад Энхтөр мөнгө өгөхөөр нь би дэлгүүр явж дахин 1 том хуванцар савтай пиво авчирсан... Энхтүвшин аав руугаа залгаад та ирж байна уу гэж асууж байсан...тэгээд удахгүй аав ирэх юм шиг байна, танайд очье гээд бид 3 хамтдаа манайх руу явсан...замдаа дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн экс архи 1 ширхэг, 1 ширхэг ундаа аваад манайд очсон...очиход эхнэр байхгүй, хүнгүй байсан...3-уулаа нөгөө архиа хувааж уусан...ууж байхад Энхтүвшин үнэн тасарсан уу, эсхүл худлаа юу мэдэгдэхгүй сандар дээр дуугай суугаад байсан...түүнээс хойш юу болсныг санахгүй байна...эхнэрээ хэзээ ирснийг ч санахгүй байна...нэг сэрэхэд цагдаа дээр ирсэн байсан...бид 3-аас өөр хэн ч байгаагүй...миний хийсэн ногоон өнгийн иштэй, ишнийхээ 2 талд шар өнгөөр гуулиар бөгжилсөн хутга байдаг...энэ хутгыг би Энхтүвшинтэй хамжиж байгаад хийсэн...мөн ногоон иштэй заазуур бас байдаг...Энхтөр, Энхтүвшин нар малгайгүй байсан. Хөх саарал өнгийн ноосон малгай бол миний малгай...гэх мэдүүлэг /2х, хх-174-176, 178-179/,  

            “...Энхтөр, талийгаач Энхтүвшин 2 ер нь хоорондоо таарамжгүй харьцаатай байдаг...урьд нь энэ 2 маргаж муудалцаж байсан гэсэн...би тэрийг нь бол хараагүй, гэхдээ Энхтүвшин надад би Энхтөрийг урьд нь зодож байсан гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /2х, хх-180/“...би өглөө нь юм идээгүй өлөн байсан...гэрт орж ирж архи уухад гэр халуун байсан учраас халуун, хүйтэн харшаад согтсон...би тухайн үед болсон асуудлыг сайн санахгүй байгаа нь согтсон, мөн унтаж байсантай л холбоотой гэж бодож байна...нурууны зулгаралт бол хуучин гэмтэл...барилгын халтуурын ажил хийж байхад л нуруугаа юм хуманд дэлсээд зулгалчихсан байх...бусад гэмтлүүдийг бол мэдэхгүй, архи уухаас өмнө бол байгаагүй...хутга хийе гэж бодож л хйисэн, өөр ямар нэгэн санаа зорилго байхгүй...тэр хэрэг гардаг өдөр Энхтүвшингийн гэрт бид 3 эхлээд пиво ууж байхад Энхтөр надад хандан Энхтүвшин намайг зодож байсан ш дээ, чи сонссон уу гэхээр нь би Энхтөрд хандан эр хүмүүст тийм асуудал байдаг ш дээ, Энхтүвшин намайг ч гэсэн цохиж л байсан ш дээ” гэж хэлж байсан... мөн тэр өдөр дэлгүүрийн үүдэнд Энхтөртэй анх таарахад Энхтүвшин надад би Энхтөрийг өмнө нь цохичихсон шүү дээ, уучлал гуйгаагүй гэж хэлж байсан...Энхтүвшин 2003-2004 онд байх гудамжинд согтуу тасраад осгох гээд байж байхад нь би гэрт нь оруулж амь насыг нь аварч л байсан...” гэх мэдүүлэг /2х, хх-182-183/

            Гэрч С.Цолмонгийн мэдүүлэг /1х, х-128/ зэрэг болно.   

 

            Шүүгдэгч С.Доржпүрэв нь 2016 оны 03 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 03 дугаар хороо Бага нарангийн 43 дугаар гудамжны 24 тоотод танхайн сэдэлтээр Э.Энхтүвшингийн хэвлийн баруун хэсэгт хутгалж хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

            - шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн №478 дугаартай акт, дүгнэлт: “...талийгаачийн биед цээж, хэвлийн хатгагдаж зүсэгдсэн шарх: цээжний баруун хажууд суганы дунд шугамаар 9-10-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч, өрцийг гэмтэн хэвлийн хөндийг нэвтэрч элэгний баруун дэлбэнгийн 5-р сегменийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, нүүр, баруун сарвууны зулгаралт гэмтэл тогтоодлоо...дээрх шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, нүүр болон баруун сарвууны зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, уг шарх гэмтэл нь үүсэх үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, бусад зулгаралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...талийгаач нь дээрх цээж, хэвлийн хөндийг хатгагдаж зүсэгдсэн, элгийг гэмтээсэн шарх гэмтлийн улмаас цочмог цус алдаж нас баржээ...талийгаач нь үхэлд нөлөөлөх архаг хууч өвчингүй байжээ... /1х, хх-184-185, 188-189/,

            - 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт :...Цогцосны толгойн оройн хэсгээс урагш 14 метр зайд гудамжны гол машины замын хэсэгт хөх саарал өнгийн ноосон малгай байсныг №7 гэж дугаарлан эд мөрийн баримтаар түр хураав.../1х, хх-12-17/,

            - 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2258 дугаартай шинжээчийн:...хэргийн газраас хураан авсан гэх хар хөх өнгийн ноосон малгайн дотор талаас 2 ширхэг үс илэрсэн. Илэрсэн үс нь эрэгтэй хүний үс байна. Хэргийн газраас хураан авсан гэх хар хөх өнгийн ноосон малгайд илэрсэн үс нь сэжигтэн С.Доржпүрэвийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...гэх дүгнэлт /1х, хх-219-220/, 

            - 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл :...Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Баганарангийн 43-24 гэх тоотод байх шавар байшингийн баруун хаалганы урд, доод талын ногоон өнгийн үүдний шалавчин дээр ажлын хэсэг нь зүүн урагш чиглэж, ногоон өнгийн бариултай муруй хэлбэртэй хутга байх ба хутганы үзүүр хэсэгт 3 ширхэг нүхтэй. Хутганы үзүүр хэсэгт цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон...Хутганы бариулын төгсгөл хэсгээс хойд зүгт 8 см зайд цэнхэр өнгийн алчуур байх ба уг алчуур нь цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон...үүдний амбаарын баруун хаалганы доод ирмэгээс урагш 66 см зайд амбаарын шалан дээр цус мэт хүрэн улаан өнгийн зүйл дуссан толбо байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав...нөгөө өрөөнд хаалгаар дотогш ороход баруун гар талд буюу байшингийн ертөнцийн зүгээр зүүн урд талд угаалтуур, угаалтуурын доод 4 тасалгаа бүхий тавиуртай. Угаалтуурын доод талд саарал өнгийн алчуур мэт даавуун зүйл байх ба уг алчуур нойтон зарим хэсгээрээ цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байлаа...буйдан дээр хар цагаан өнгө хосолсон эмэгтэй хүний гэмээр майк байх ба цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг эд мөрийн баримтаар хураан авлаа. Буйдангийн хойд талд шалан дээр цус мэт хүрэн улаан өнгөөр бохирлогдсон байсныг арчсан гэмээр ул мөр байсныг гэрэл зургаар бэхжүүлэв.../1х, хх-20-28/,

            - 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2188 дугаартай шинжээчийн: “...хэргийн газраас бэхжүүлэн авсан гэх саарал өнгийн алчуур, хар саарал өнгийн алчуур, майк, 43-24 тоотоос бэхжүүлэн авсан гэх арчдаст цус илэрч байна...цус нь ДНХ-ийн харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй байна...43-24 тоотоос бэхжүүлэн авсан гэх арчдаст илэрсэн цус нь ДНХ-ийн харьцуулах шинжилгээнд тэнцэж байна...43-24 тоотоос бэхжүүлэн авсан гэх арчдаст илэрсэн цус нь хүний цус байна...43-24 тоотоос бэхжүүлэн авсан гэх арчдаст илэрсэн цус нь аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар талийгаач Э.Энхтүвшингийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх дүгнэлт /1х, хх-208-209/,

            - 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2189 дугаартай:...хутганд цус илэрч байна. Хутганд илэрсэн цус нь аутосомын ДНХ-ийн  D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8, Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн аллелиар талийгаач Э.Энхтүвшингийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...гэх шинжээчийн дүгнэлт /1х ,хх-194/,          

            - С.Доржпүрэвийн бие болон хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1х, хх-48-56/,  

            - 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2184 дугаартай шинжээчийн:...С.Доржпүрэвийн гэх хар өнгийн юүдэнтэй куртка, баруун өвдгөн дээрээ 23 гэсэн улаан бичигтэй, хар өнгийн даавуун өмд, хар саарал өнгийн ноосон өмд, цэнхэр өнгийн үдээстэй саарал өнгийн пүүзэн гутал зэрэгт цус илэрч байна. Уг хувцсанд илэрсэн цус нь илэрч аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8, Penta D, СWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар талийгаач Э.Энхтүвшингийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...гэх дүгнэлт /1х, хх-235-236/,

            - Б.Энхтөрийн 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр өгсөн :... Намайг унтлаа гээд хэвтэхэд талийгаач Энхтүвшин хоёр удаа бос гэж татсан. Дараа нь Доржпүрэв, талийгаач хоёрыг маргалдаж байхад нэг сэрсэн...босоод ирэхэд тэр 2 барьцалдаад авсан...тэр үед би сандраад балмагдсан, гараа зүсүүлсэн болохоор гараа боох гэж байсан...хутганаас барьж авахад нөгөө гар руу хутгаар зүсэгдсэн...гэх мэдүүлэг /4х, х-80-83/ болон

            - мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн мэдүүлэг /3х, хх-142-146/, 

            - Б.Энхтөрийн хохирогчоор өгсөн мэдүүлэг:...архи, пиво уучихаад зүүрмэглэж байтал Энхтүвшин миний хувцаснаас татаад хөөе сэрээч, юм аа ууя гэсэн...буцаад зүүрмэглэж байтал Доржпүрэв, Энхтүвшин 2 хоорондоо маргалдаад эхлэх шиг болсон...өндийтөл ширээний баруун талд Доржпүрэв, Энхтүвшин 2 маргалдаад зогсож байсан...Доржпүрэв зүүн гартаа хутга барьчихсан...Энхтүвшин Доржпүрэвийг “чи муу чадах юм уу” гэхэд Доржпүрэв “зүгээр байгаарай, пизда минь” гэж хэлж байсан...намайг өндийтөл тэр 2 барьцалдаад авсан...би дундуур нь ороод Доржпүрэвийн гараас хутгыг нь салгах гээд хутгатай гар руу нь тонгойх үед Доржпүрэв тохойлдож уруул тус газар оносон...уруулаас бага зэрэг цус гарсан...баруун гарын бугуйн орчим газраа хутганд нь зүсүүлсэн...тэгээд хутгыг нь салгаад шалан дээр унагаагаад цааш нь холдуулж өшиглөсөн...Доржпүрэвт хандаж чи одоо болиоч гэхэд юу ч хэлэхгүй зогсоод байсан...Энхтүвшинд хандан хөөе, явъя, наадах чинь урьд Амарааг заазуурдаж байсан ш дээ гэхэд үгүй, би явахгүй, явах болоогүй гэж хэлэхээр нь орхиод гараад явсан...гарах үедээ би хальт эргэж харахад Доржпүрэв шалан дээр байгаа хутга руу ухасхийж байгаа харагдсан...би шууд гэртээ харьсан...гарын шархнаас цус гоожоод байсан...гартаа барьчихсан байхыг нь харахад бариулын урд болон ар хэсэг нь шаргал өнгийн гууль мэт зүйлээр бөгжилсөн, уртавтар хутга байсан, бариулынх нь 2 тал нь шар өнгөтэй байсан гэдгийг би сайн санаж байна...тэр хутга хэнийх, хаанаас аваад барьчихсан талаар нь би мэдэхгүй” гэх мэдүүлэг /1х, хх-112-115/, 

            - Б.Энхтөрийн 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /4х, х-79-80/,

            - Б.Энхтөрийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, ялагдагчаар өгсөн мэдүүлэг /2х. хх-85-87, 89-90/,

            - шүүгдэгч С.Доржпүрэвийн...тэр хутгыг би хийсэн, ногоон өнгийн иштэй, ишнийхээ 2 талд шар өнгөөр гуулиар бөгжилсөн...хийхдээ Энхтүвшинтэй хамжсан...Энхтөр, Энхтүвшин нар малгайгүй байсан. Хөх саарал өнгийн ноосон малгай бол миний малгай...гэх мэдүүлэг гэх мэдүүлэг /2х, хх-174-176, 178-179/,    

            - гэрч Ш.Оюунтуяагийн: “...тэр орой ирээд гэрээ ажиглаад харахад үүд хэсгийн шалан дээр цус болчихсон, тэр цусыг арчсан байдалтай, угаалтуурын цагаан саарал өнгийн алчуур цус болсон...үүдний довжоон дээр Доржпүрэвийн өөрийнх нь гараар хийж байсан хутга нь байсан...уг нь тэр хутга манай гал тогооны өрөөний орны доор байдаг хөндийд нь байсан...хутгыг анхнаас нь эвгүй харагдаад байхаар нь шүүгээнд хийгээгүй, гал тогооны өрөөний орны хөндий доогуур мөчидхөн хийчихсэн юм...Доржпүрэв надаас хутгыг асуухаар нь орны хөндийд хийчихсэн, тэр харагдаж байна ш дээ гэж хэлээд зааж өгч байсан юм...намайг битгий хаяаарай гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /1х, хх-119-126/ зэрэг нотлох баримтуудаар,

 

            2016 оны 03 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага нарангийн 43 дугаар гудамжны 24 тоотод бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн бусадтай маргалдах явцдаа, гэмт хэрэг үйлдэхээр довтолсон үйлдлийг нь таслан зогсоох гэсэн Б.Энхтөрийн баруун гарыг зүсэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            - хохирогчоор өгсөн Б.Энхтөрийн:...бид 3 архи, пиво ууцгаасан...архиа тойруулж ууж байгаад...би зүүрмэглэж байтал Доржпүрэв, Энхтүвшин 2 хоорондоо маргалдаад эхлэх шиг болсон...өндийтөл ширээний баруун талд Доржпүрэв, Энхтүвшин 2 маргалдаад зогсож байсан...Энхтүвшин Доржпүрэвийг 2 гараараа заамдаад, Доржпүрэв болохоор баруун гараараа мөрөн дээрээс нь бариад зүүн гартаа хутгаа барьчихсан байсан...би дундуур нь ороод Доржпүрэвийн гараас хутгыг нь салгах гээд хутгатай гар руу нь тонгойх үед Доржпүрэв тохойлдож уруул тус газар оносон...уруулаас бага зэрэг цус гарсан...хутгыг нь салгах гээд зууралдаж байх үедээ...хутганд нь зүсүүлсэн...гэх мэдүүлэг /1х, хх-112-114/,   

             - Б.Энхтөрийн 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /4х, х-79-80/,

            - гэрч Б.Амаржаргалын: “...хүү Энхтөр орж ирэхдээ согтуу, архи уучихсан, баруун гарынхаа бугуйн хэсэгт хутгаар зүсүүлчихсэн, тэр шархнаас нь нилээн цус гоожчихсон байдалтай байсан...асуухад Доржпүрэвийн гэрт Энхтүвшин, Доржпүрэв 2 зодолдоод, салгах гээд гараа Доржоогийн барьсан хутганд зүсүүчихлээ гэж хэлсэн...би гарыг нь угаагаад 00-ын цаас тавьж өгсөн...”гэх мэдүүлэг /1х, хх-162-163/,  

            -:...Б.Энхтөрийн биед гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах баруун бугуйн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл тогтоогдсон тухай шинжээчийн дүгнэлт /2х, хх-18/, Б.Энхтөрийн биед учирсан баруун бугуйн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр бусад нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн тухай шинжээчийн мэдүүлэг /2х, х-19/ зэрэг нотлох баримтуудаар,

 

            Шүүгдэгч О.Анхбаатар нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүгдэгч С.Доржпүрэвт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо “тэр орой  гэртээ ирэхэд хашааны гадна гялгар куртиктэй, куртикныхаа малгайн дээр үстэй, туранхай, шар царайтай хүн талийгаачийн хажууд сууж байсан”, “тэр үед гудамж талбай гэрэлтүүлэгтэй байсанзэргээр зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг шунахайн сэдэлтээр үйлдсэн,        

            Шүүгдэгч Ш.Оюунтуяа нь гэрч О.Анхбаатарт шан харамж өгч шүүх хуралдаанд худал мэдүүлэг өгүүлсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь : 

            - О.Анхбаатарын мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн...тэр үед гадаа харанхуй, гудамж талбай гэрэлтүүлэггүй болохоор тэр 2 хүнийг сайн хараагүй, мэдэхгүй, бараан хувцастай байсан тухай мэдүүлэг /1х, хх-136-137/, мэдүүлэг /1х, хх-138-140/,

            - О.Анхбаатарын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд гэрчээр өгсөн : “тэр орой  гэртээ ирэхэд хашааны гадна гялгар куртиктэй, куртикныхаа малгайн дээр үстэй, туранхай, шар царайтай хүн талийгаачийн хажууд сууж байсан”, “тэр үед гудам талбай гэрэлтүүлэгтэй байсан” тухай мэдүүлэг /3 х, х-77-79/, шүүгчийн захирамжид бичигдсэн нотлох баримтын эх сурвалж /3х, х-84/,

            - О.Анхбаатарын мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн:...Оюунтуяа намайг анх цагдаад мэдүүлэг өгснөөс хойш намайг байнга сураглаж, ажилдаа явсан хойгуур гэрт ирж намайг асууж сураглах, гэрт ирэх болсон...намайг гэртээ дагуулж ороод чи малгайн дээрээ үстэй гялгар куртиктэй шардуу царайтай хүн байсан гээд хэлчих, идшийг чинь даая гэсэн...Оюунтуяа  өөрийнхөө 88680273 дугаарын утсаар миний 99652463 дугаарын утасруу олон удаа залгасан, мессэж бичсэн байсан...Тэгээд талийгаачийн аавын гэрт нь очсон. Аав нь надаас ер нь ямархуу байдалтай яаж байсан юм бэ гэж асуухад нь би Оюунтуяагийн хэл гэснээр нь хэлсэн. Оюунтуяагийн утсан дээр байсан бичлэгийг надад үзүүлсэн. Тэр бичлэг дээр Оюунтуяагийн надад үг зааж өгч хэл гээд байсан залуу байсан...Манай хашаа гэрэлтүүлэгтэй гэж худлаа хэлсэн...Автобус унааны мөнгө гэж 2 удаа 5000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /3х, хх-154-157/,         

            - О.Анхбаатарын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:... миний бие нь мөрдөн байцаалтанд 2 удаа гэрчээр мэдүүлэг өгсөн. Ингэж мэдүүлэг өгөхдөө өөрийн үзсэн харсан зүйлээ үнэн зөвөөр нь мэдүүлж мэдүүлгээ уншиж танилцан гарын үсэг зурсан. Шүүх хуралд мэдүүлэг өгөх болсон явдал бол манай тэнд гэр нь байдаг Оюунтуяа гэдэг эмэгтэйтэй холбоотой....“Чи шүүх хуралд гялгар куртиктэй, куртикныхаа малгайн дээр үстэй, туранхай шар царайтай хүн талийгаачийн хажууд сууж байсан” гэж хэлээрэй...Шүүх хурал дээр чамд 2 хүн үзүүлбэл нөгөө куртик өмссөн хүнийг заагаарай, Доржоог мөн үү гэж асуувал биш гэж хэлээрэй гэж хэлж захиад байсан юм...Тухайн үедээ надад идэш өгнө гэж хэлж байсан. Мөн автобус унааны мөнгө гэж 2 удаа 5000 төгрөг өгсөн...нокиа гар утас өгсөн. Гар утас өгөхдөө чи энэ утсыг ав гээд өгсөн, эргүүлж авна гээгүй бүүр өгсөн, хар, улаан өнгийн корпустай гар утас байсан. Утсыг нь би хөдөө барьж байгаад эвдэрчихээр нь хаячихсан..../3х, 187-188, 190-193, 4х, хх-109-112/,    

            - Ш.Оюунтуяагийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн : ...О.Анхбаатар надаас такси унааны мөнгө гэж 2 удаа 5.000 төгрөг нийт 10.000 төгрөг авсан. Мөн охины нокиа маркийн гар утсыг авсан...өөр ямар нэгэн эд зүйл өгч байгаагүй...гэх мэдүүлэг /4х, хх-113-115/,   

            - 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Мобиком корпораци ХХК, Юнител ХХК-иас ирүүлсэн яриа, мессежний дэлгэрэнгүй жагсаалтанд  үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагч Ш.Оюунтуяагийн 88680273 дугаараас О.Анхбаатарын 99652463, түүний эхнэр Б.Даваа-Чойгүний 86126910 дугааруудад холбогдсон байдлыг харуулсан тэмдэглэл.  /3х, хх-126-130/,

            - Ш.Оюунтуяа нь О.Анхбаатарын 99652463 дугаар луу ярьсан болон ирсэн дуудлагын билл /3х, хх-216-230/,

            - О.Анхбаатарын 99652463, 99593096 дугаарын билл /3х, хх-235-247/,

            - гэрч Б.Даваачойгүний: “...Анхбаатар уг нь 99652463 дугаарын утастай байсан боловч яагаад ч юм бүү мэд энэ утсаа унтраачихдаг болсон. Яагаад утсаа унтраагаад байгаа юм бэ гэхээр  нэг хүн залгаад байгаа юмаа гэдэг байсан. 2017 он гарснаас хойш байх би одоо өдрийг нь хэлж мэдэхгүй байна. Анхбаатар бид хоёр гэртээ байж байтал миний 86126910 дугаарын утсанд дуудлага ирсэн, утсаа автал үл таних эмэгтэй Заагийтай ярья гэсэн. Анхбаатарыг гэр орныхон нь болон таньж мэддэг хүмүүс нь Заагий гэж дууддаг юм...Хэн гэдэг хүн юм бэ гэж асуухад таньдаг эгч байгаа юм гэж хэлж байсан. Үүнээс өмнө 2016 оны 10 дугаар сарын сүүлээр Анхбаатар надад би нэг шүүх хуралд орох гэж байгаа юм, хоёулаа хамт яваад ирье гээд намайг дагуулаад Сонгинохайрхан дүүргийн шүүх дээр ирсэн. Анхбаатар шүүхийн гадна нэг эмэгтэй хүнтэй уулзаад юм яриад байсан...Намхан махлагдуу эмэгтэй байсан...гэх мэдүүлэг  /3х, хх-161-162/,

            - гэрч Н.Сувдмаагийн: ...миний хариуцсан хэсэгт Баганарангийн 43, 44 дүгээр гудамж харьяалагддаг юм... Баганарангийн 43 дугаар гудамж бол ямар ч гэрэлтүүлэг байхгүй. Мөн 30 тоот буюу Отгонцагааных хашаандаа огт гэрэлтүүлэг байхгүй...гэх мэдүүлэг /3х, хх-151/,

            - 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баганарангийн 43 дугаар гудамж болон уг 30б тоот хашаа нь гэрэлтүүлэгтэй эсэхийг тогтоох зорилгоор нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3х, хх-124-125/,

            - 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 115 дугаартай Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /3х,  хх-74-82/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон гэж дүгнэв.  

            Харин 2015 оны Эрүүгийн хууль 2017 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнтэй холбоотойгоор зарим шүүгдэгч нарт холбогдох гэмт хэрэгт тухайн Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна.       

            2015 оны Эрүүгийн хуулиар “хүнийг санаатай алах” гэмт хэрэгт “танхай сэдэлт”-ээр гэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн хасагдсан, хорих ялын доод хэмжээ багассан, мөн танхайрах гэмт хэргийн хувьд гэмт хэргийг үйлдсэн субъектын тооноос хамааран танхайрах эсхүл учруулсан хохирол, хор уршгийн шинжээр зүйлчлэгдэх болсон нь шүүгдэгч С.Доржпүрэвийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул шүүгдэгч С.Доржпүрэвт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 болгон өөрчлөх, мөн

             2015 оны Эрүүгийн хуулиар хамгийн хөнгөн ял болох торгох ялын доод хэмжээ нь хөнгөрсөн буюу эрх зүйн байдлыг нь дээрдүүлэхээр байх тул шүүгдэгч Ш.Оюунтуяад холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1-д заасан хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 болгон тус тус өөрчлөх нь тус тус үндэслэлтэй гэж үзэв.  

            Харин шүүгдэгч О.Анхбаатарын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2-т заасан гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгтэй дүйцэж байгаа боловч тус зүйлд зааснаар “эрх хасах” нэмэгдэл ял заавал хэрэглэгдэх тул эрх зүйн байдлыг нь дордуулан 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх боломжгүй.   

            Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй учир нь тухайн тохиолдолд үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоос гадна тэнсэнгийн хугацаанд гэмт хэрэг үйлдвэл тэнсэх шийдвэрийг хүчингүй болгон ял оногдуулахаас гадна гэмт хэрэг үйлдээгүй байсан ч ял оногдуулах эсэх асуудлыг дахин хэлэлцэх буюу эрх зүйн байдлыг нь дээрдүүлэхгүй байх тул 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэн түүнд холбогдох хэргийг нэг мөр шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдалд ашигтай гэж үзэв.       

            Иймд шүүгдэгч С.Доржпүрэвийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг алах, хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,    

            шүүгдэгч Ш.Оюунтуяаг гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор шан харамж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  

            Шүүгдэгч О.Анхбаатарыг худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг шунахайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

 

            Талууд, оролцогчийн зарим дүгнэлт, санал, хүсэлтэд хийсэн хууль зүйн дүгнэлт:        

            Шүүгдэгч С.Доржпүрэв, түүний өмгөөлөгч нар холбогдох гэмт хэрэгт гэм буруугийн асуудлыг зөвшөөрөхгүй гэх боловч шүүгдэгч С.Доржпүрэвт холбогдох гэмт хэрэгт хамааралтай нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд тухайн нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхэд Эрүүгийн процессын хууль тогтоомж ноцтой зөрчсөн, хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч нар худал дүгнэлт гаргасан, мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.   

            Шүүхээс шүүгдэгч С.Доржпүрэв өөрт Үндсэн хууль, бусад холбогдох хуулиар олгогдсон эрхийн хүрээнд өгсөн мэдүүлгийн хүрээнд болон бусад хуульд заасан үндэслэл, журмаар тус хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг нэмж хийлгэхээр 2 удаа прокурорт буцаасан ба нэмэлтээр бүхий л ажиллагааг хийсэн боловч иргэн Э.Энхтүвшингийн амь нас хохирсон нь С.Доржпүрэвийн үйлдэлтэй шалтгаант холбоотойг үгүйсгэсэн үндэслэл, нотолгоо тус хэрэгт байгаагүй болно.         

            Харин шүүгдэгч С.Доржпүрэвийн хамтран амьдрагч гэх Ш.Оюунтуяа тус хэргийн гэрч О.Анхбаатарт хууль бус аргаар нөлөөлөн улмаар шүүх хуралдаанд худал мэдүүлэг өгүүлсэн мөн талийгаач аавынх нь гэрт очуулан “худал мэдээлэл өгүүлсэн” нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон ба тухайн худал мэдээлэл, мэдүүлгийн хүрээнд шалгавал зохих бүхий л ажиллагаа зохих ёсоор хийгдсэн тул тус хэрэгт мөн Б.Энхтөр холбогдох эсэхийг дахин шалгуулах тухай шүүгдэгч, хохирогчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын саналын үндэслэл нь хангалтгүй гэж үзнэ.       

            Б.Энхтөрийг тус хэрэгт сэжиглэн шалгасан боловч гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, Б.Энхтөр тухайн маргаан болсон гэрээс гарч явахдаа хашааны хаалгаар, эсхүл хашаа давсан гэж зөрүүлж болон хэрэг маргааны цаг хугацааг тодорхой санахгүй тухай мэдүүлсэн байх хэдий ч энэ нь түүнийг гэмт хэрэгт татах үндэслэл болохгүй.      

            Тус гэмт хэрэг үйлдэгдэхэд болон болсон үйл явдлын өрнөл, цаг хугацааг зарим талаар сэргээн санахгүй байгаа гэх асуудалд С.Доржпүрэв нар хамтран согтууруулах ундааны зүйлс бага бус хэмжээгээр буюу нийт 7.5 л пиво, 750 гр архи хамтран хэрэглэсэн нь нөлөөлсөн байж болохыг үгүйсгэх боломжгүй юм.   

            Шүүгдэгч О.Анхбаатар, түүний өмгөөлөгч нар хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргаагүй ба шүүгдэгч О.Анхбаатарын үйлдсэн хэрэг хангалттай нотлох баримтаар тогтоогдсон тул шүүгдэгч Ш.Оюунтуяа өөрийн гэм бурууг зөвшөөрөөгүй нь түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг үгүйсгэх үндэслэл биш болно.     

            Иргэдийн төлөөлөгчийн хувьд шүүгдэгч Ш.Оюунтуяаг гэм буруутай гэж дүгнээгүй боловч тухайн дүгнэлтийн үндэслэл хангалтгүй буюу хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдохгүй, хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй гэж үзэв.      

            Хохирогчид учирсан хохирол, өмгөөлөгчид төлсөн зардлын тухайд:

             Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 5.361.391 төгрөг нэхэмжлэн нотлох баримтуудыг хавсаргасан /2х, хх-149-163/ байна. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь өмгөөлөгчөөр заавал хангагдахаар тусгайлан заасан, хохирогчийн хувьд тухайн үндэслэл хангагдаагүй байх ба хохирогч нь “өмгөөлөгч авах эрх”-ээ өөрийн хүсэл зоригоор сайн дураар хэрэгжүүлсэн байх тул хохирогчоос өмгөөлөгчид төлсөн 2.000.000 төгрөгийг “өмгөөлөгчийн зардал” гэж үзэх боломжгүй, харин бусад 3.361.391 төгрөгийн хохирлыг хангах үндэслэлтэй.  

            Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

            Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан:  

            - 2 ширхэг “Сиди”-г хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, оролцогчдын хүсэлт, баримтын хүрээнд

            - талийгаач Э.Энхтүвшингийн иргэний үнэмлэх, ажлын үнэмлэх, Юнителийн бор өнгийн цаасан хавтсанд хийсэн сим картны үүр, цагаан саарал өнгийн товчлууртай, дэлгэцний дээд хэсэгт Nokia гэсэн цэнхэр өнгийн бичигтэй, хар саарал өнгийн корпустай гар утас 1 ширхэг /1х, х-74, 76/ тус тус хохирогчийн төлөөлөгч С.Энхжаргалд буцаан олгож,

            - хар өнгийн өвлийн куртик, хар өнгийн куртик, хар өнгийн биеийн тамирын цамц, хар өнгийн фудволк, хар өнгийн биеийн тамирын өмд, саарал өнгийн дотуур өмд, хар хөх өнгийн дотуур өмд, хар саарал өнгийн 4 ширхэг 2 хос оймс, дотроо үсгүй пүүзэн гутал /1х, х-40, 77/, хөх саарал өнгийн ноосон малгай.../1х, хх-13/-г С.Доржпүрэвт,

            -хувцас болох хар хөх өвлийн савхин куртик, саарал өнгийн юүдэнтэй цамц, цэнхэр өнгийн фудволк, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар саарал өнгийн дотуур өмд, цайвар саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн турсик, цагаан өнгийн 1 хос оймс, хар өнгийн хоншоортой 1 хос гутлыг Б.Энхтөр /1х, х-61, 78/-д тус тус буцаан олгож, 

            - ногоон өнгийн хуванцар материалаар хийгдсэн бариултай, бариулны урт нь 11.7 см, ажлын хэсгийн урт 15.6 см хэмжээ бүхий ажлын хэсгийн урд үзүүр хэсэгт 3 ширхэг жижиг нүхтэй хутга, бариулын хэсэг нь 12.5 см, ажлын хэсгийн урт нь 12.5 см урттай, ногоон өнгийн хуванцар мэт материалаар хийгдсэн иштэй заазуур, цагаан өнгийн цэцгэн хээтэй эмэгтэй хүний майк, 62.5*31.5 см хэмжээ бүхий саарал өнгийн алчуур, саарал өнгийн гурвалжиндуу хэлбэртэй 47.5*32 см хэмжээ бүхий нимгэн даавуу / 1х, х-75/,

            - талийгаачийн гэх хар өнгийн куртик, битүү захтай саарал өнгийн ноосон цамц, саарал өнгийн босоо судалтай хээтэй хар өнгийн ноосон цамц, задгай энгэртэй цагаан өнгийн ноосон цамц, хар өнгийн майк, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн тэлээ, саарал өнгийн ноосон өмд, саарал өнгийн нимгэн дотуур өмд, хар өнгийн дотоож, үдээстэй хар өнгийн 1 хос гутал, хар өнгийн 1 хос оймс, бор өнгийн 1 хос оймс /1х, х-76/-г тус тус зохих журмын дагуу устгахаар шийдвэрлэв.     

             Шүүгдэгч С.Доржпүрэв нь 2016 оны 3 дугаар сарын 6-ны /2х, хх-31/ өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 502 хоног цагдан хоригдсон,

            шүүгдэгч О.Анхбаатар нь 2017 оны 6 дугаар сарын 6-ны /4х, 157/ өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 14-ний /4х, хх-162/ өдрийг хүртэл 8 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Ш.Оюунтуяа нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй.  

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

            1. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан:

            шүүгдэгч С.Доржпүрэвт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 болгон,  

            шүүгдэгч Ш.Оюунтуяад холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1-д заасан хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 болгон тус тус өөрчилсүгэй.

            2.  Шүүгдэгч С.Доржпүрэвийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг алах, хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  

            Шүүгдэгч Ш.Оюунтуяаг гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Шүүгдэгч О.Анхбаатарыг худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг шунахайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

            3. Шүүгдэгч С.Доржпүрэвийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 12 жил хорих ялаар, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

            шүүгдэгч Ш.Оюунтуяаг Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар,

            шүүгдэгч О.Анхбаатарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2-т зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2-т зааснаар  шүүгдэгч С.Доржпүрэвт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 12 жил хорих ял дээр мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар оногдуулсан 320 цагтай тэнцэх 40 хоногийг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 12 жил 1 сар 10 хоног хорих ялаар тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч  Ш.Оюунтуяад оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.       

            6. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч С.Доржпүрэвийн эдлэх 12 жил 01 сар 10 хоног хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч О.Анхбаатарын эдлэх 02 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

            7.  2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч О.Анхбаатарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.  

            8.  Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Доржпүрэвийн цагдан хоригдсон 502 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.  

            9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч С.Доржпүрэвээс 3.361.391 төгрөг гаргуулж, хохирогчийн төлөөлөгч С.Энхжаргалд олгосугай.   

            10. Хохирогчийн төлөөлөгч С.Энхжаргал гэмт хэргийн улмаас учирсан гэх бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг болон уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч О.Анхбаатар 8 хоног цагдан хоригдсон, Ш.Оюунтуяа нь цагдан хоригдсон хоноггүй, О.Анхбаатар, Ш.Оюунтуяа нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            11. Уг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан:  

            - 2 ширхэг “Сиди”-г хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, 

            - талийгаач Э.Энхтүвшингийн иргэний үнэмлэх, ажлын үнэмлэх, юнителийн сим картны үүр, Nokia гар утсыг хохирогчийн төлөөлөгч С.Энхжаргалд,     

            - хар өнгийн өвлийн куртик, хар өнгийн куртик, хар өнгийн биеийн тамирын цамц, хар өнгийн фудволк, хар өнгийн биеийн тамирын өмд, саарал өнгийн дотуур өмд, хар хөх өнгийн дотуур өмд, хар саарал өнгийн 4 ширхэг 2 хос оймс, малгай, пүүзэн гутлыг шүүгдэгч С.Доржпүрэвт,  

            - хар хөх өвлийн савхин куртик, саарал өнгийн юүдэнтэй цамц, цэнхэр өнгийн фудволк, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар саарал өнгийн дотуур өмд, цайвар саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн турсик, цагаан өнгийн 1 хос оймс, хар өнгийн хоншоортой 1 хос гутлыг иргэн Б.Энхтөрд тус тус буцаан олгож,       

            - хэргийн газраас хураасан: ногоон өнгийн хуванцар материалаар хийгдсэн бариултай, бариулны урт нь 11.7 см, ажлын хэсгийн урт 15.6 см хэмжээ бүхий ажлын хэсгийн урд үзүүр хэсэгт 3 ширхэг жижиг нүхтэй хутга, бариулын хэсэг нь 12.5 см, ажлын хэсгийн урт нь 12.5 см урттай, ногоон өнгийн хуванцар мэт материалаар хийгдсэн иштэй заазуур, цагаан өнгийн цэцгэн хээтэй эмэгтэй хүний майк, 62.5*31.5 см хэмжээ бүхий саарал өнгийн алчуур, саарал өнгийн гурвалжиндуу хэлбэртэй 47.5*32 см хэмжээ бүхий нимгэн даавуу, 

            - талийгаачийн гэх: хар өнгийн куртик, битүү захтай саарал өнгийн ноосон цамц, саарал өнгийн босоо судалтай хээтэй хар өнгийн ноосон цамц, задгай энгэртэй цагаан өнгийн ноосон цамц, хар өнгийн майк, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн тэлээ, саарал өнгийн ноосон өмд, саарал өнгийн нимгэн дотуур өмд, хар өнгийн дотоож, үдээстэй хар өнгийн 1 хос гутал, хар өнгийн 1 хос оймс, бор өнгийн 1 хос оймс зэргийг тус тус зохих журмын дагуу устгасугай.  

            12. Шүүгдэгч С.Доржпүрэвийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тооцсугай.     

            13. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

            14. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            15. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч С.Доржпүрэвт авсан цагдан хорих, шүүгдэгч О.Анхбаатар, Ш.Оюунтуяа нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.        

           

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ГАНБААТАР

 

                                                 ШҮҮГЧ                                 Т.АЛТАНТУЯА

 

                                                                                              Г.МӨНХЗУЛ