Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 700

 

С.Д, Ш.О, О.А нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Дэлгэрдалай,  

Ялтан Ш.О,

Ялтан С.Д, түүний өмгөөлөгч Л.Батаа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхжаргал, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр,

Нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 285 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан С.Д, Ш.О, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.Д, Ш.О, О.А нарт холбогдох эрүүгийн 201626010568 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

С.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 43 дугаар гудамжны 24 тоотод танхайн сэдэлтээр Э.Эгийн хэвлийн баруун хэсэгт хутгалж, санаатай алсан гэмт хэрэгт,

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 43 дугаар гудамжны 24 тоотод бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн бусадтай маргалдах явцдаа гэмт хэрэг үйлдэхээр довтолсон үйлдлийг нь таслан зогсоох гэсэн Б.Энхтөрийн баруун гарыг зүсэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл  учруулан танхайрсан гэмт хэрэгт,

Ш.О нь Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 43 дугаар гудамжны 24 тоотод 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Эгийн хэвлийн баруун хэсэгт хутгалж санаатай алсан гэх С.Дт холбогдох эрүүгийн хэргийн гэрч О.Ат шан харамж өгч, улмаар шүүх хуралдаанд худал мэдүүлэг өгүүлсэн гэмт хэрэгт,

О.А нь Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 43 дугаар гудамжны 24 тоотод 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Эгийн хэвлийн баруун хэсэгт хутгалж санаатай алсан гэх С.Дт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо шунахайн сэдэлтээр шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: С.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар,  Ш.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар, О.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Дт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 болгон, шүүгдэгч Ш.Од холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 болгон өөрчилж, С.Дийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг алах, хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ш.Ог гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О.Аыг худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг шунахайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, С.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Ш.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч О.Аыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цагтай тэнцэх 40 хоногийг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 12 жил 1 сар 10 хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Од оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.Дийн эдлэх 12 жил 1 сар 10 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч О.Аын эдлэх 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар О.Ат оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дийн цагдан хоригдсон 502 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дээс 3.361.391 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхжаргалд олгох, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхжаргал гэмт хэргийн улмаас учирсан гэх бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг болон уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч О.А 8 хоног цагдан хоригдсон, Ш.О нь цагдан хоригдсон хоноггүй, О.А, Ш.О нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, уг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг СиДи-г хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, талийгаач Э.Эгийн иргэний үнэмлэх, ажлын үнэмлэх, юнителийн сим картны үүр, Nokia загварын гар утсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхжаргалд, хар өнгийн өвлийн куртик, хар өнгийн биеийн тамирын цамц, хар өнгийн фудволк, хар өнгийн биеийн тамирын өмд, саарал өнгийн дотуур өмд, хар хөх өнгийн дотуур өмд, хар саарал өнгийн 4 ширхэг 2 хос оймс, малгай, пүүзэн гутлыг шүүгдэгч С.Дт, хар хөх өвлийн савхин куртик, саарал өнгийн юүдэнтэй цамц, цэнхэр өнгийн фудволк, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар саарал өнгийн дотуур өмд, цайвар саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн турсик, цагаан өнгийн 1 хос оймс, хар өнгийн хоншоортой 1 хос гутлыг иргэн Б.Энхтөрд тус тус буцаан олгож, хэргийн газраас хураасан ногоон өнгийн хуванцар материалаар хийгдсэн бариултай, бариулны урт нь 11.7 см, ажлын хэсгийн урт 15.6 см хэмжээ бүхий ажлын хэсгийн урд үзүүр хэсэгт 3 ширхэг жижиг нүхтэй хутга, бариулын хэсэг нь 12.5 см, ажлын хэсгийн урт нь 12.5 см урттай, ногоон өнгийн хуванцар мэт материалаар хийгдсэн иштэй заазуур, цагаан өнгийн цэцгэн хээтэй эмэгтэй хүний майк, 62.5*31.5 см хэмжээ бүхий саарал өнгийн алчуур, саарал өнгийн гурвалжиндуу хэлбэртэй 47.5-32 см хэмжээ бүхий нимгэн даавуу, талийгаачийн гэх хар өнгийн куртик, битүү захтай саарал өнгийн ноосон цамц, саарал өнгийн босоо судалтай хээтэй хар өнгийн ноосон цамц, задгай энгэртэй цагаан өнгийн ноосон цамц, хар өнгийн майк, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн тэлээ, саарал өнгийн ноосон өмд, саарал өнгийн нимгэн дотуур өмд, хар өнгийн дотоож, үдээстэй хар өнгийн 1 хос гутал, хар өнгийн 1 хос оймс, бор өнгийн 1 хос оймс зэргийг тус тус зохих журмын дагуу устгуулахаар шийдвэрлэжээ.

Ялтан С.Д гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие С.Д нь энэ гэмт хэргийг үйлдэх үндэслэл байхгүй. Учир нь талийгаач бид хоёр хүүхэд ахуй үеэс өдийг хүртэл эрхэм сайхан нөхөрлөж явсан. Бидний дунд ямар нэгэн өс хонзон байхгүй. Олон удаа наргиж, цэнгэн гэр орноороо орж, гарч явсан ч ямар нэгэн хэрүүл, маргаан болж байгаагүй. Бие биенээ дэндүү сайн ойлгож, хүндэлдэг байсан. Уг гэмт хэрэг гарахад цуг байсан Б.Энхтөрийг хэрэгт холбогдолгүй гэж ямар ч шалгалтгүйгээр тавьж явуулсан. Гэтэл Б.Энхтөр нь тухайн үед надад хэлэхдээ “Чи санахгүй байна уу, Э.Э намайг гаръя гээд заамдаад цохиод байсан. Тэгээд миний уруулыг ийм болгочихсон. Чи салгасан биз дээ, би нэг хутга санаад байна. Хоёр талдаа цагаан юмтай. Доржоо чи даачих л даа. Би 2 хүүхдээ яах юм бэ” гэж хэлж байсан. 3 хоногийн дараа түр бичгээр гарахад Б.Энхтөр манай эхнэр Ш.Од мөн надад хандан “Ш.О чи Э.Эг хутган дээрээ уначихсан, амиа хорлосон болгоод Энхээ ахад хэлчих. Би арыг нь даана. Манай талд ч, эхнэрийн талд ч цагдаагийн том том хүмүүс байна” гэж хэлж байсан хүн өнөөдөр хэргийн хохирогч болсон явдалд гомдолтой байна. Дээрх зүйлс Б.Энхтөрийн 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн сэжигтнээр өгсөн анхны мэдүүлэгт тодорхой харагддаг. Анхан шатны байцаалтын бүх шатанд, бүх холбогдох албаны хүмүүст энэхүү байдлаа хэлж, бичиж ирсэн боловч ач холбогдол өгөлгүй өдийг хүрлээ. Гэмт хэрэг юунаас болж үүссэн бэ гэдэг тухай зайлшгүй нарийн шалгах шаардлагатай байдаг ч өөрсдийн итгэл үнэмшилээр санаа зорилгогүй хүн алсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилсэн. Гэтэл Б.Энхтөр, Э.Э нар 2016 оны 1 дүгээр сарын эхээр талийгаач Э.Э болон тэдний ангийн Жавзандулам, түүний нөхөр Анхаа нарын хамт Жавдуламын гэрт архи уухад Б.Энхтөр согтоод тасарчихсан юм. Тэгтэл Э.Э Б.Энхтөрийг согтсон байхад нь ширээ мөргүүлж, унагааж байгаад дээрээс нь дэвсэж зодож байсан тухай 2016 оны 3 дугаар сарын 6-ны мэдүүлэгтээ Б.Энхтөр мэдүүлдэг. Энэ үеэс хойш уулзалгүй явсаар хэрэг болдог өдөр уулзаад л ийм гэмт хэрэг болсон нь дээрх зүйлтэй холбоотой гэж үзэж байна. Энэ талаарх зохих хүмүүс хохирогчийн аав, ах буюу Төрөө, найз Цогоо нараас асууж тодруулж өгнө үү. Б.Энхтөр нь тухайн үед уруулын доод хэсэг язарсан, түүнээс нь цус гарчихсан, баруун гарын бугалган дээр хутганы шархтай, өмдөн дээр нь маш их цус цацаран бохирлогдсон, гутлаа сольчихсон, нүүр гараа угаачихсан бололтой байсан. Хавтаст хэргээс харахад савхин куртикны ханцуй урагдсан, малгайтай цамцны малгай урагдсан, гарын алга зулгарсан байсан. Энэ байдлыг Б.Энхтөр болон эх Б.Амаржаргалын мэдүүлгүүдэд үндэслэн надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгосон. Б.Энхтөр нь 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр өгсөн анхны мэдүүлэгтээ “Өөрт учирсан гэмтлийг хэн, хэзээ учруулсныг мэдэхгүй байна” гэдэг. Б.Энхтөрийн эх Б.Амаржаргал нь хэрэг болсноос 2 хоногийн дараа хохирогчийн эцэг Энхжаргал гуайд “Манай хүүхэд шилээр гараа эсгэчихсэн юм” гэсэн тухай 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар мэдүүлсэн. Миний эхнэр Ш.Од Б.Энхтөрийн эхнэр, эх Б.Амаржаргал нар нь “Манай хүүхэд хоол хийж байгаа гараа эсгэчихсэн байсан юм” гэж дайрч давшилсан. Харин надад “Хашаа давж байхдаа урчихсан” гэдэг. Энэ мэтчилэн дөрвөн өөр янзаар яригдах гэмтлийг цусан төрлийн хүмүүсээр өөр хооронд нь гэрчлүүлж, ял оногдуулж буйд гомдолтой байна. Б.Энхтөрийн эх Б.Амаржаргалыг тухайн үед байцаагаагүй орхиж, 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хэрэг болсноос хойш 8 хоногийн дараа гэрчээр байцаасан нь үгсэн тохирох боломж олгосон гэж үзэж байна. Б.Энхтөрийн баруун бугуйн зүсэгдэл нь “Зөөлөн эдийн няцрал гэмтэл, арьсны өнгөн хэсгийн гэмтэл” гэж гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулсан. Судас шөрмөс дайраагүй ийм гэмтлээс Б.Энхтөр болон Б.Амаржаргал нарын одоо ярьж байгаа шиг 40-50 минут цус алдсаар байх нь эргэлзээтэй. Анагаах ухааны ном, сурах бичигт хүний цүс бүлэгнэх /нөжрөх/ хугацаа дунджаар 2,5-4 минут гэж үздэг. Энэ нь хүний бие цус алдалтыг тогтоох өгөгдөл юм. Иймд Б.Энхтөрийн цусанд “Цус бүлэгнэлийн шинжилгээ” хийлгэж цаг, минутыг нарийн тодорхойлуулмаар байна. “Их улиастай” дэлгүүрийн камерийн бичлэгийг нягтлан шалгаж, Б.Энхтөрийн хувцасны урагдал, гутлаа сольсон байдлыг тодруулж өгнө үү. Хавтаст хэрэгт Б.Энхтөрийн утасны биллийг гаргуулж хавсаргасан ч тухай үеийн биш 2016 оны 3 дугаар сарын 4-ний буюу нэг хоногийн өмнөх биллийг авсан байдаг. Энэ тухай шүүх хуралдааны хэлэлцүүлгийн даалгаварт утасны биллийг гаргуул гэхэд прокурор “устчихсан, гаргах боломжгүй” гэсэн хариу өгсөн. Гэтэл “Мобиком” корпораци цагдаагийн зөвшөөрлөөр 2 жил хүртэлх хугацаанд билл гарггадаг тухайд шалгаж, хавтаст хэрэгт оруулж өгнө үү. Тухайн үед хэн, хаана, юу хийж явсныг биллээр тодорхойлж болно. Б.Энхтөрийг гэртээ байсныг хэн нотлох юм бэ?, О.А гэрчийн хэлсэнчлэн тэр цаг хугацаанд тэнд байсан бол яах вэ. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр О.А мэдүүлэхдээ “Манай гэрийн гадаа хоёр хүн байсан. Нэг нь хөлөө жийгээд суучихсан, нөгөө нь хажууд нь суучихсан. Хажууд нь сууж байсан хүн нь цагаан үстэй хар куртиктэй, шөвгөр царайтай байсан” гэсэн бөгөөд Б.Энхтөрийг мөн гэсэн. Анх надад гэрч таниулахдаа хойшоо харсан хоёр хүний зураг үзүүлээд “аль нь вэ” гэж асуухад нь би “хойшоо харсан хоёр нүцгэн хүнийг аль нь гэх юм бэ” гэж хэлсэн. Архины шинжилгээнд би суугаагүй. Өөр хоёр Төв аймгийн хулгайн хэрэгтэй хүмүүс байсан. “Би тэр хүнийг сайн харсан. Нэгхэн алхамын цаанаас манай хашааны гэрэл тусаж байсан” гэж мэдүүлсэн. Мэдүүлгийн дагуу шалгая гэхэд манай эхнэр Ш.Ог гэрчид нөлөөлсөн болгож шүүхийн даалгаврыг биелүүлсэн. Ш.О тухайн үед хавтаст хэрэгтэй ч танилцаагүй байсан хүн О.Ат эдгээр үгсийг заасан гэдэг нь эргэлзээтэй байх тул үүний талаар нарийн нягт шалгаж өгнө үү. Миний бие энэхүү хэргийг үйлдээгүй гэдгээ дахин хариуцлагатайгаар хэлье. Иймд эрхэм шүүгч та бүхэн дээрх зүйлсийг олон талаас нь харгалзан үзэж, хэргийн үнэнийг олж, хэлмэгдсэн талуудын гомдлыг арилгаж өгнө гэдэгт итгэж байна. ...” гэв.

Ялтан Ш.О давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие О.Ат аливаа хэлбэрээр нөлөөлж шан харамж амлаж, худал мэдүүлэг өгүүлсэн зүйл байхгүй. О.А нь худал мэдүүлэг өгч байна. Харин О.А нь удаа дараа над дээр согтуу ирж, таксины мөнгө 5.000 төгрөг авсан. Гэтэл үүнийг шан харамж амласан, өгсөн мэтээр худал мэдүүлэг өгч, миний эрх зүйн байдлыг хүндрүүлж гэмт хэрэгт холбогдуулсан болно. Мөн гар утасгүй боллоо гээд түр хэрэглээд өгье гэж миний охин О.Саруулсайханы утсыг аваад явсан. Улмаар утсаа авах гэж өөрийн биеэр олон удаа утсаар ярьж, мессеж бичиж нэхсэн боловч өгөөгүй. Үүнийг олон удаа утсаар ярьж, харилцсан мэтээр буруу ойлголт төрүүлсэн байна. Зөвхөн О.Аын мэдүүлгийг үндэслэж намайг хэрэгт яллаж, ял шийтгүүлэх нь үндэслэлгүй, хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Иймд намайг гэм буруугүйд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхжаргал давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 оны 3 дугаар сарын 5-ны өдөр миний хүү Э.Э нь бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдаж, бид бүхэнд маш том уй гашуу тохиолдсон. Цагдаагийн болон прокурор, шүүхийн байгууллага энэ гэмт хэргийг миний талийгаач хүүгийн найз С.Дийг үйлдсэн гэснээр 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн юм. Би энэ хэргийг хуулийн байгууллага бүрэн гүйцэт шалгаагүйгээр шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хамт архи уусан С.Д, Б.Энхтөр нарын байдал, хоорондын харилцаа, зөрчил зэргийг маш сайн судалж тогтоогоод, хэргийн газрын үзлэг, тэдгээрийн мэдүүлгүүдийг олон талаас нь нэгтгэн шалгах шаардлагатай гэж үзэж байна. Учир нь миний хүү нас барахаас 2 сарын өмнө тухайн үед тэнд байсан Б.Энхтөр, Жавзандулам нар зодолдож, Б.Энхтөр хутга барин дайрж, хутгыг нь хаяуулах гэж байгаад баруун гарын алга нь зүсэгдсэн, орж ирсэн, “юу болсон бэ” гэхэд, “Б.Энхтөрийг зодчихлоо” гэж хэлсэн. Сураг сонсоход Б.Энхтөрийг их шаралхуу хүүхэд гэж найз нөхөд нь хэлсэн. Тэр өдрөөс хойш уулзаагүй байж байгаад 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдөр уулзаад л ийм гэмт хэрэг гарсан нь сэжигтэй байдаг. Энэ зүйлийг нягтлан шалгаж өгнө үү. Б.Энхтөр миний хүүд тусалж, амь насыг нь аврах боломжтой байсан. Тухайн үед нэгжтэй утас байсан. Гэтэл энэ хүүхэд худал, үнэн нь мэдэгдэхгүй гарын зүсэлтээр түрий барьж хариуцлагаас зайлж байна. Миний хүү Энхтөрийн араас даган гарсан. Хийсэн байхыг үгүйсгэхгүй. Б.Энхтөрийн эх Б.Амаржаргал нь “миний хүү шилээр гараа зүсчихсэн” гэж хэлээд 6 хоногийн дараа мэдүүлэхдээ “С.Д зүсчихсэн” гээд хээв нэг яриад байж байна. Үүнийг нь миний хүү Энхдөлгөөн, бэр Зулаа, талийгаачийн минь эхнэрийн дүү Өнөрөө нар сонссон. Эх, хүү хоёрыг үгсэн тохирох боломж олгосон гэж үзэж байна. Урд, хойно нь байцаалт авч, нэг зүйлийг гэрчлүүлж байгаа нь хуульд нийцэх үү. Тухайн үед миний хүү Э.Эгийн хажууд өөр нэг хүн байсан гэдгийг гэрч О.А мэдүүлсэн. Тухайн үед тэнд хэн байсныг олохгүйгээр Ш.О, О.А нарыг яллагдагч болгосон бөгөөд тухайн үед яг хэн байсныг тогтоолгүй өнгөрсөн. Өдийг хүртэл энэ зүйл тодорхойгүй байна. Миний бие хүүгээ нас барснаас хойш энэ хэргийн үнэний хойноос явж ирсэн. Энэ хугацаанд Б.Энхтөр сул чөлөөтэй явж, гэрч болон байцаалтад нөлөөлөх боломжийн нөхцөл байдал харагддаг. Мэдүүлгүүд нь хоорондоо асар их зөрүүтэй байдаг бөгөөд нотлох баримтаар нотлогддог зүйл байдаггүй. Иймд гэмт хэргийг дахин нягталж, жинхэнэ гэмт хэрэгтнийг олж өгнө үү гэж эрхэм шүүгч та бүхнээс хичээнгүйлэн хүсч байна. Хэдийгээр гэмт хэрэгтэн илэрсэн гэж хуулийн байгууллага үзсэн ч миний зүгээс хэргийг олон талаас нь харж үнэн бодитой шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Уг хүсэлтийг хүлээн авч, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, хэргийн оролцогч нарыг тодорхойлж өгнө үү. ...” гэв.

Ялтан С.Дийн өмгөөлөгч Л.Батаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Д өөрөө давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Тухайн үед Б.Энхтөр хашаа даваад гараа зүсээд гэртээ харьсан байдаг. Цагдаагийн байгууллагын ажилтнууд очих үед хувцсаа сольсон байх магадлал эргэлзээтэй байдаг. Мөрдөн байцаалтын шатанд эд мөрийн баримтанд хураагдсан Б.Энхтөрийн хувцасанд цусны мөр илрээгүй. Тухайн үед 19 цаг гэхэд гэртээ харьсан байхад 21 цагийн үед цагдаагийн байгуулгын ажилчид очсон. Энэ үед хувцсаа сольсон байх магадлал өндөртэй. Энийг тухайн үед хэргийн газарт шалгаагүйгээс болоод миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордсон асуудал гарч байгаа. Талийгаачийн хажуугаас С.Дийн малгай олдсон байдаг. Тухайн үед С.Д ярихдаа цагдаагийн автомашинд сууж байхад куртикнээс миний малгай унасан гэдэг. Үүнд С.Д буруутгагддаг. ДНК-ийн шинжилгээгээр С.Дийн малгай гэдэг нь тогтоогдсон. Миний үйлчлүүлэгчийн хувцаснаас амь хохирогчийн цусны мөр илэрсэн байдаг. Нөгөө талаас Энхтөрийн хувьд гэртээ очоод хувцсаа сольсон асуудал байдаг. Мөн О.А анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө хүмүүсийн зүс царайг анхнаасаа ярьж байсан. Сүүлд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлгээсээ буцаад “би худлаа ярьж байсан” гэж ярьж эхэлсэн. Энэ нь бас эргэлзээтэй байгаа учраас миний үйлчлүүлэгч С.Дийн эрх зүйн байдал дордсон гэж үзэж байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгчийн гомдол нь гэрч Б.Энхтөр, талийгаач нарын хооронд үүссэн хувийн таарамжгүй харилцаа, өс хонзон байгаа эсэх талаар дүгнэлт хийж өгсөнгүй гэж үзэж байгаа. Урд нь Б.Энхтөртэй хамт архи ууж байхдаа зодолдсон. Амь хохирогч Энхтүвшин нь гэрч гэх Б.Энхтөрийг зодож байсан талаар хавтаст хэрэгт байдаг. Үүнийг нарийн сайн судалсангүй. Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр Б.Энхтөр нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүүхэд нь юм шиг амьдарч байсан. Гэтэл одоо үйл явдал болсноос хойш нэг ч удаа ирж уулзаагүй байдаг. “Хэрвээ энэ хүн миний хүүхдийн амийг хохироогоогүй юм бол манайд орж гардаг хэвээрээ байх байсан” гэж, “орж ирэхгүй байгаа нь энэ хүн гэм буруутай юм биш үү” гэдэг талаас нь гомдоод байгаа. Тийм учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна” гэв.

Прокурор Б.Дэлгэрдалай шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “С.Дт холбогдох хэргийг анхан шатны шүүх үндэслэлтэй шийдсэн гэж үзэж байгаа. Өмгөөлөгч болон бусад оролцогчийн тайлбарыг сонслоо. Ш.Огаас бол О.Аын мэдүүлгийг үндэслээд намайг ялласан гэм буруутайд тооцсон гэж үздэг. Энэ хэрэг зөвхөн О.Аын мэдүүлгээр биш О.Атай Ш.О нь утсаар удаа дараа ярьдаг, холбогддог гэсэн О.Аын эхнэр Даваажав гэх хүний гэрчийн мэдүүлгээр мөн тогтоогддог. Ш.О нь О.Атай уулздаг, утсаар ярьсан байдаг. Тэр байтугай утасны дугаараа сольсон байхад эхээс нь дугаарыг нь аваад ярьсан байдаг. Энэ үйлдлүүдээр худал мэдүүлэг өгүүлсэн байдаг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон зүйл байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Энхжаргалын тайлбарт О.А гэх хүн гэрч байж байгаад яллагдагч болсон гэж, О.Аыг анхан шатны шүүхэд гэрчээр оролцуулах саналыг С.Дийн талаас гаргасан байдаг. Мөн тухайн өдөр шүүх хуралдаанд О.А гэрчээр мэдүүлэг өгөх үед мөрдөн байцаалтын шатнаас өөр мэдүүлэг өгсөн. Гарын үсгээ биш байна гэж хэлсэн, байцаагч нь биш байна гэж ярьсан, харанхуй байсныг гэрэлтэй байснаар зохиомол байдлаар ярьсан, энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Дараа нь О.А нь яг энэ байдлаа үнэн зөв байдлаар мэдүүлсэн. “Ш.О гэж хүн намайг гуйсан. Тэгээд ийм мэдүүлэг өгсөн” гэж энэ байдлаар, өөрийнх нь мэдүүлгээр ч тогтоогдсон. С.Дийн өмгөөлөгчийн тайлбарт гэрч Б.Энхтөр шалгагдаж байгаад үйлдэл нь хэрэгсэхгүй болсон. Б.Энхтөрийг хэрэг явдал болсон өдөр гэртээ очоод хувцсаа сольсон гэж ярьж байгаа, анхан шатны шүүхэд шинжлэн судлахад эд мөрийн баримтаар хураагдсан гэрч Б.Энхтөрийн хувцас байсан. Тэр бичлэг дээр байгаа энэ хүн ямар хувцастай байгааг удаашруулж дахин дахин ийм байдалтай байна гэдгийг судлан үзсэн. Заавал энэ хүний хувцасан дээр цус илэрсэн байх ёстой гэж, илрээгүй болохоор энэ хүн хувцсаа сольсон гэж хүмүүс таамаг дэвшүүлж яриад байна. Энэ нь авагдсан бичлэгээр үгүйсгэгдсэн. Т.Сайнбаяр өмгөөлөгчийн хувьд өс хонзонгийн сэдэлтээр энэ хүний амийг Б.Энхтөр нь хохироосон байж магадгүй гэж ярьж байна. Энэ байдал нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар бүрэн үгүйсгэгдэнэ. С.Дийн өмгөөлөгч хэлсэн, хэргийн газарт малгай байсан. Малгайнаас үс илэрсэн, С.Дийн хувцасанд талийгаачийн цус илэрсэн. Тухайн хутга С.Дийн гэрт байсан, ямар нэгэн байдлаар айл гэрт орсон хүмүүсийг мэдэхгүй байсан зэргээр үгүйсгэгдэж байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.     

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх С.Д, О.А, Ш.О нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна гэж үзэв.

Яллах дүгнэлтэд “Ш.О нь Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 43 дугаар гудамжны 24 тоотод 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Э.Эгийн хэвлийн баруун хэсэгт хутгалж санаатай алсан гэх С.Дт холбогдох эрүүгийн хэргийн гэрч О.Ат шан харамж өгч, улмаар шүүх хуралдаанд худал мэдүүлэг өгүүлсэн гэмт хэрэгт,

О.А нь Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 43 дугаар гудамжны 24 тоотод 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Э.Эгийн хэвлийн баруун хэсэгт хутгалж санаатай алсан гэх С.Дт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо шунахайн сэдэлтээр шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт” тус тус холбогдсон гэжээ.

Эрүүгийн хуульд заасан худал мэдүүлэг өгөх гэмт хэргийн шинжид өмнө өгсөн мэдүүлгээ өөрчилсөн буюу болсон бодит байдлыг болоогүй байдлаар, болоогүй зүйлийг болсон байдлаар зохиож мэдүүлэг өгсөн байдал хамаарна.

Харин яллах дүгнэлтэд, О.А өмнө нь ямар мэдүүлэг өгч, дараа нь ямар мэдүүлэг өгч мэдүүлгээ хэрхэн өөрчилсөн, юу гэж мэдүүлснийг нь худал мэдүүлэг өгсөн гэж үзсэн талаар тусгаагүй байна.

Мөн яллах дүгнэлтэд Ш.Ог О.Ат шан харамж өгч, улмаар шүүх хуралдаанд худал мэдүүлэг өгүүлсэн гэж үзсэн байх боловч ямар шан харамж өгч, ямар худал мэдүүлэг өгсөн нь тодорхойгүй байна.

Яллах дүгнэлтэд Ш.О, О.А нарын холбогдсон гэмт хэргийн үйл баримт, гэмт хэргийн шинжийн талаар тодорхой дүгнээгүй байхад анхан шатны шүүх үйл баримтыг дэлгэрүүлэн тогтоож, хууль зүйн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасныг тус тус зөрчжээ.

Өөрөөр хэлбэл, прокурорын яллах дүгнэлтэд тодорхой бус нөхцөл байдал байсан, уг нөхцөл байдлаа ямар нотлох баримтад үндэслэн дүгнэсэн нь тодорхойгүй байхад шүүхээс үйл баримтыг шинэчлэн тогтоож, энэ талаарх нотлох баримтуудыг дүгнэсэн байдлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцаан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй гэж үзэв. 

Түүнчлэн, яллах дүгнэлтээр гэмт хэргийн үйл баримт, гэмт хэргийн шинжийн талаар тодорхой дүгнээгүй байхад анхан шатны шүүх үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийсэн нь эргэлзээ бүхий байдлыг бий болгож байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, ... ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчсөн гэж үзэв.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 285 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Д, О.А, Ш.О нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.