Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 916

 

 

 

 

 

 

 

 

 

 “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/00668 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ч.О, Б.Бнарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 70 119 772 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхцэцэг, Б.Лхагвасүрэн

Хариуцагч Б.Батмөнх

Хариуцагч Ч.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч “О” ХХК-ийн төлөөлөгч А.Хосгариг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Батмөнх, Ч.О нар нь 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Дэйвүү-Солар 130 /Daewoo Solar-130/ /2001-2008/ маркийн, 80-74 УБ улсын дугаартай эксковатор, Шинэ зеланд загварын Скрубер 100 алт угаагч төхөөрөмжийг үүргийн гүйцэтгэл хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулан барьцаалж, өөрсдийн эрхлэх гэж буй бизнесийн үйл ажиллагаанд зориулан 3 сарын хугацаатай 2017 оны 9 дүгээр сарын 22-ныг хүртэл 1 сарын 7 хувийн хүүтэй 40 000 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж авсан. Зээл авснаас хойш 7 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 12-ныг хүртэл 6 удаа төлөлт хийсэн бөгөөд үүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөлт хийгээгүй.

Хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 39 307 626 төгрөг, 301 хоногийн хуримтлагдсан хүү 27 607 055 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 155 091 төгрөг, гэрээнээс үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол болох нотариатын зардал 30 000 төгрөг, гэрийн хаягаар очиж уулзах, ирж хайхтай холбогдон гарсан зардал 20 000 төгрөг болсон.

Манай байгууллага барьцаалан зээлдүүлэх газар бөгөөд ямар нэгэн байдлаар зээлийн гэрээ байгуулахдаа хуулийн зүйл заалт, хуулиар хориглосон нөхцөл тавьж гэрээ хийгээгүй. Иймд хариуцагч нараас 70 119 772 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Бшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Анх 2017 оны 3 дугаар сард Ч.Оийн нөхөр О.Галбадрах, н.Цолмон нар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Болгаруудын ажиллаж байсан уурхайд хаягдал байгаа газарт алт угаах зорилгоор хамтран ажиллахаар тохиролцон, О.Галбадрах нь өөрийн эд хөрөнгийг барьцаанд тавьж, “О” ХХК-аас авсан зээлээр уурхайн үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авсан байдаг.

Би 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 30 грамм алтыг Дархан хотод очиж солиулан зээлийн хүү төлсөн.  Энэ үед зээлийн хөрөнгөөр авсан 9 700 000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг акумляторыг ковшдоо 600 литр түлш хийн, Ч.О, О.Галбадрах нар надад хэлэхгүй авч явснаар бүх үйл ажиллагаа зогссон.

9 дүгээр сарын 05-ны өдөр О.Галбадрах, Ч.О, н.Энхболд нараас мөнгө болон эд хөрөнгийг нэхэхэд “зээлийн өр, усан бууны үлдэгдэл өрийг бүгдийг хариуцна” гэх агуулга бүхий бичиг хийж, 64 000 000 төгрөгийн усан буу, 4 800 000 төгрөгийн усны ка нассос, 3 000 000 төгрөгийн дагалдах цахилгааны болон бусад хэрэгсэл, нийт 82 690 000 төгрөгийн эд хөрөнгийг Шарын гол руу авч явсан. Харин надад 2 220 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс үлдсэн тул зээлийн төлбөрийг энэ хэмжээгээр хүлээн зөвшөөрнө гэв.

 

Хариуцагч Ч.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь банк эсхүл банк бус санхүүгийн байгууллага биш тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 452 дугаар зүйлийг хэрэглэхгүй, барьцаалан зээлдүүлэх газар учир нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Зээл нэг сарын хугацаатай бөгөөд дахин сунгалт хийгээгүй. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны хүүд 30 000 000 гаруй төгрөг үндсэн зээлээс гадна шаардах эрхгүй.

Харин өөрийн өмчлөлийн эксковатораар үүргийн гүйцэтгэлийг хангах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Зээлдэгч нарт 39 600 000 төгрөг шилжүүлсэн. Сарын хүү нь 2 270 000 төгрөг, үүнээс 2 000 000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр төлсөн тул хүүнд 772 000 төгрөгийн үлдэгдэлтэй.

Бид хоёр хамтарч ажиллаж чадахгүй болсон учир зээлийн мөнгөөр авсан 9 700 000 төгрөгийн үнэ бүхий дизель мотор, 4 800 000 төгрөгийн усны нассос, хар шланк зүлэг 1 230 000 төгрөг, цэвэр шланк 490 000 төгрөг, цахилгааны хэрэгсэл 361 800 төгрөг, нийт 19 435 800 төгрөгийн эд зүйлийг буцаан авсан.

Харин 2 153 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн буюу ажил эхлээд тээврийн зардалд 2 500 000 төгрөг, ковшны түрээсийн 7 000 000 төгрөг, зөөлөн тросс 50 000 төгрөг, хамтарч ажиллаж байх хугацаанд алга болсон, ковшны банк дүүргэсэн шатахуун 1 050 000 төгрөг, замын хүнс 50 000 төгрөг, автомашины түлш 1 000 000 төгрөг, дэлгүүрт 330 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн зээлээр авсан, Ерөө сумын дэлгүүрээс 250 000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, гагнуурчин н.Энхбаатарт ажлын хөлс 520 000 төгрөг, тогооч н.Батболорт ажлын хөлс 550 000 төгрөг, давааны хооронд айлаас хонь авсан 120 000 төгрөг, зээл авсан өдрөө хоолонд 97 000 төгрөг, нийт 13 420 000 төгрөгийг хамтарч хариуцна.

Хамтарч хариуцах 13 420 000 төгрөгийн 50 хувь болох 6 710 000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 772 000 төгрөгийг хувааж 386 000 төгрөгийг тус тус төлнө. Хамтарч хариуцах зардлын тал хувь болох 6 710 000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 386 000 төгрөг, нийт 26 145 800 төгрөгөөс Ч.Оийн төлсөн 10 760 000 төгрөгийг хасч, 15 385 800 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, 286 дугаар зүйлийн 286.1, 286.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.О нь үндсэн зээлд 10 760 000 төгрөг төлсөн болохыг дурдаж, түүнээс үндсэн зээлд 15 385 800 төгрөг, зээлийн хүүд 386 000 төгрөг, нийт 15 771 800 төгрөгийг, хариуцагч Б.Батмөнхөөс үндсэн зээлд 13 454 200 төгрөг, зээлийн хүүд 386 000 төгрөг нийт 13 840 200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “О” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29 747 772 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 508 549 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Оээс 236 809 төгрөг, хариуцагч Б.Батмөнхөөс 227 151 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Бдавж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх 13 840 200 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Хамтран зээлдэгч Ч.Оийн нөхөр О.Галбадрах найзуудын хамт зээлийн мөнгөөр худалдаж авсан тоног төхөөрөмжүүдийг надаас хүч хэрэглэн авсан болно. Түүнчлэн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Ч.О, О.Галбадрах нар нь ““О” ХХК-иас авсан 39 600 000 төгрөгийн зээлийг бүрэн хариуцна” гэх агуулгатай бичиг хийж гарын үсэг зурсан баримтыг шүүх үнэлээгүйд гомдолтой байна гэжээ.

 

Нэхэмжлэгч “О” ХХК-ийн төлөөлөгч А.Хосгариг давж заалдах гомдолдоо: Хариуцагч нарын хүсэлтээр зээл болон фидуцын гэрээг байгуулж, шимтгэлд 400 000 төгрөгийг суутган, 39 600 000 төгрөгийг шилжүүлсэн.

Улмаар зээлийн гэрээний 2.6-д зааснаар хариуцагч нараас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсаны дагуу Б.Б1 000 000 төгрөг, Ч.О 11 760 000 төгрөг, нийт 12 760 000 төгрөгөөс үндсэн зээлд 689 707 төгрөгийг хасч, 12 070 293 төгрөгийг зээлийн хүүнд тухай бүрт суутгасан.

Шүүх зээлийн гэрээний 2.6-д заасан хугацааг тогтоохдоо техникийн алдаа гаргасан байдлыг зөв дүгнэж нэг сарын хугацаатай зээлийн гэрээ болохыг тодорхойлсон хэдий ч “...бүх төрлийн зээлийн бүтээгдэхүүний хувьд зээлийн гэрээний үндсэн хугацаа 1 сар байх бөгөөд 5 удаа сунгуулж, нийт 6 сарын хугацаатай байж болно” гэсэн заалт нь үйл явдалтай таарч байгааг анзаараагүй.

Шүүх зээлийн гэрээний хугацаа дууссан гэж үзсэн. Энэ нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг тухайн үеийн нөхцөл байдлаар дүгнэх нь зүйд нийцэх, хариуцагч нарыг хөдөө ажиллаж байсныг шүүх анхааралгүй шууд дүгнэсэн үйл явдал нь тухайн үеийн нөхцөл байдалтай нийцэхгүй болжээ.

Шүүх нэхэмжлэгчийн үйл ажиллагааны чиглэлийг буруу тогтоосон байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх заалт нь манай тохиолдолд хэрэглэгдэхгүй. Учир нь хуулийн 451 дүгээр зүйлд заасан зохицуулалт нь тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох харилцааг зохицуулдаг зохицуулалт юм. Мөн хуулийн 453.1 дэх хэсэгт заасан нь тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хориглосон зохицуулалтыг хууль тогтоогчоос гаргасан байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 286 дугаар зүйлийн 286.2 дахь хэсэгт зааснаар гэрээний үндсэн дээр тогтоож, нэмэгдүүлэх, эсхүл хорогдуулах эрхийг чөлөөтэй байхаар зохицуулсан байна. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хэргийг шийдвэрлэсэн боловч зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөх шаардлагатай байна.

Нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч Б.Батмөнх, Ч.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 70 069 772 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 50 000 төгрөг, нийт 70 119 772 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Бнь “... Ч.О зээлийн мөнгөөр авсан тоног төхөөрөмжүүдээ аваад явсан, ... надад 2 220 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс үлдсэн тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хариуцахгүй” гэх, хариуцагч Ч.О “...зардалд гаргасан төлбөрийг Б.Батмөнхтэй хамтарч хариуцана, ...нэхэмжлэлээс 15 385 800 төгрөгийг зөвшөөрнө, ...нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй...” гэх үндэслэл заан нэхэмжлэлээс татгалзан, маргажээ.

Талууд 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч “О” ХХК нь зээлдэгч Б.Батмөнх, Ч.О нарт 40 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож, улмаар Б.Батмөнхийн данс руу 39 600 000 төгрөг шилжүүлсэн болох нь тэдгээрийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, “ХААН банк” ХХК-ийн дансны хуулга зэрэг баримтаар нотлогдож байна. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаангүй, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч “О” ХХК-ийн хариуцагч нарын хэн алинаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлсон атлаа Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглээгүй нь буруу байна.

Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг, харин гэрээний хугацаа сунгагдсан эсэх, нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй эсэх талаар маргажээ.

Нэхэмжлэгч тал зээлийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан, уг хугацааг сунгасан гэх үндэслэлээр хариуцагч нараас 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 301 хоногийн зээлийн хүүд 27 607 055 төгрөг гаргуулахаар шаардсан.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан зээлийн гэрээний 2.6 дахь заалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 200 дугаар зүйлийн 200.1, 201 дүгээр зүйлийн 201.1,  дэх хэсэгт заасанд нийцүүлэн зөв тайлбарлан талууд зээлийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан гэж зөв дүгнэсэн.

Нэхэмжлэгч тал хариуцагч нарыг “гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн хүү төлж байсан нь хугацааг сунгагдсан гэдгийг нотолно” гэх тайлбар нь  Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасанд нийцэхгүй тул хариуцагч нараас 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс хойшхи хугацааны зээлийн хүү шаардах эрхгүй.

Мөн нэхэмжлэгч “О” ХХК нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд биш, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг болох нь хэргийн 5, 7-11 дэх талд авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм зэргээр тогтоогдож байна. Иймээс талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаанд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийн зохицуулалт үйлчлэхгүй тул хариуцагч нараас нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Энэ талаар шүүх зөв дүгнэсэн тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлдэгчийн зээл төлөлтийн баримт, зээлийн гэрээ, зохигчдын тайлбар зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хариуцагч нарын зээлийн үүргийг хуваарилан тооцож, тэдгээрээс нийт 29 612 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт нийцжээ. Хариуцагч Б.Бнь хариуцагч Ч.О, иргэн О.Галбадрах нар зээлийн гэрээний үүргийг хариуцан төлөхөөр тохирсон гэж тайлбарлан  тэдгээрийн гараар үйлдсэн тодорхойлолтыг шүүхэд нотлох баримтаар гарган өгчээ. /хх 52 дахь тал/ Уг баримтад “...Оптимал ББСБ өрийг бүрэн хариуцана. Одончимэг, Галбадрах...” гэж бичигдсэн байх боловч хариуцагч Ч.О үүргийг өөртөө шилжүүлж авсан гэдгийг эргэлзээгүй нотлохгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын үүргийг тэнцүү гэж үзнэ. Харин хамтран үүрэг гүйцэтгэгч нар өөр хоорондоо хүлээсэн үүргийн маргаан байгаа бол тусдаа шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй учир хариуцагч Б.Батмөнхийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээ байгуулж, зээлдэгч Ч.Оийн өмчлөлийн Дэйвүү Солар /Daewoo Solar/ 130 эксковатор, Шинэ Зеланд загварын Скрубер 100 алт угаагч төхөөрөмжийг зээлдүүлэгч “О” ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн үйл баримтад хэн аль нь маргаангүйн гадна нэхэмжлэгч энэ гэрээний үүргийг хариуцагч нараас шаардаагүй. Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд буруу гэж үзнэ. Мөн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гаргуулах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсгийг баримталсан оновчгүй болжээ.

Иймээс давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дээрх алдааг зөвтгөн, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/00668 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, 286 дугаар зүйлийн 286.1, 286.2” гэснийг “219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235 503 төгрөг, хариуцагч Б.Батмөнхөөс төлсөн 227 151 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                Ч.ЦЭНД