Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 668

 

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2019/00668

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Я даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө Бизнес тауэрийн 4-р давхар 405 тоотод байрлах, “ОИ” ХХК-ний нэхэмжлэлтэй,

хариуцагч- Хан-Уул дүүрэг, 12-р хороо, ... байрны ... тоотод оршин суух, Ч.О

хариуцагч- Сүхбаатар дүүрэг, 17-р хороо, ... гудамж... тоотод оршин суух, Б.Б нарт холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 70.119.772 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Б.Б,хариуцагч Ч.О итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б,Ч.Онар нь манай компанийн зээлийн үйл ажиллагааны нөхцөлтэй танилцан зөвшөөрч 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Daewoo Solar-130/2001-2008/ маркийн, 80-74 УБ улсын дугаартай, 01593217 /20170612/ гэрчилгээний дугаартай, SL130WV1779 арлын дугаартай, улаан шаргал өнгийн эксковатор буюу Шинэ зеланд загварын Скрубер 100 алт угаагч төхөөрөмжийг үүргийн гүйцэтгэл хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулан барьцаалж, өөрсдийн эрхлэх гэж буй бизнесийн үйл ажиллагаанд зориулан 3 сарын хугацаатай 2017 оны 9 дүгээр сарын 22-ныг хүртэл 1 сарын 7 хувийн хүүтэй 40.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж авсан. Зээл авснаас хойш 7 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 10 дугаар сарын 12-ныг хүртэл 6 удаа төлөлт хийсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөлт хийгээгүй. Хариуцагч нараас зээлийн гэрээний 2.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 39.307.626 төгрөг, зээлийн гэрээний 1.2.1, 2.3 дахь хэсэгт заасан 301 хоногийн хуримтлагдсан хүү 27.607.055 төгрөг, зээлийн гэрээний 1.2.2, 2.4-т заасан нэмэгдүүлсэн хүү 3.155.091 төгрөг, нотариатын зардал 30.000 төгрөг, гэрийн хаягаар очиж уулзах, ирж хайхдаа холбогдон гарсан зардал 20.000 төгрөг нийт 70.119.772 төгрөгийг нэхэмжилж байна. Зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг зээл төлөх графикийн дагуу буюу сар болгон төлөх ёстой дүнгээс тооцсон. 301 хоногийн хүү 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл, нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20 хувиар буюу 3.155.091 төгрөгийн хүү, 27 607 055 төгрөгийн 20 хувь байгаа. Хүүг яаж тооцоолсон талаар мэдэхгүй байна, байгууллагын програмд тооцсон. Нотариатын зардал нь шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гаргасан баримтуудыг нотариатаар гэрчлүүлсэн, гэрийн хаягаар очиж уулзсантай холбоотой шатахууны зардал 20.000 төгрөг байгаа. Зээлийн гэрээнд тодорхой нөхцөлүүдээ зааж, гэрээний 2.13 дахь хэсэгт зээлийн гэрээ ямар тохиолдолд сунгагдах нөхцөлийг тусгасан. Хариуцагч Б.Бэнэ гэрээний үндсэн зээлдэгч, Ч.Охамтран зээлдэгч юм. Б.Бхариу тайлбартаа зээлийн гэрээний нөхцөлтэй маргаж байгаа гэсэн хариу тайлбар хэлсэнгүй. Үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа гэж ойлголоо. Манайхаас 40 000 000 төгрөгийн зээлийг Б.Б.Бийн дансанд шилжүүлсэн. Үйл ажиллагаандаа ашиглаж байсан тоног төхөөрөмжүүдийн ханш нэмэгдсэн байсан. Тухайн үед эдгээрийг зарж борлуулаад манай компанийн өр төлбөрийг төлөх боломжтой байсан гэж одоо бодож байна гэх байдлаар хайхрамжгүй хандсан нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Хариуцагч Ч.Охамтран зээлдэгч, зээлийн гэрээнд зээлдэгч, хамтран зээлдэгчийн эрх бол ижил. Зээлийн гэрээний 3.18 дахь хэсэг хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээж байгаа. Зээлийн гэрээний 3.13 дахь хэсэгт зээлээ бүхэлд нь болон хэсэгчлэн бусдад ашиглуулах, дамжуулах зэргээс үл хамааран зээлийн гэрээний үүргээ зээлдэгч болон хамтран зээлдэгч нар өөрөө хариуцан төлж барагдуулна.

Манай байгууллага барьцаалан зээлдүүлэх газар нь үнэн. Гэхдээ ямар нэгэн байдлаар зээлийн гэрээ байгуулахдаа хуулийн зүйл заалт, хуулиар хориглосон нөхцөл тавьж гэрээ хийгээгүй. Манай зээлийн гэрээний хугацаа сунгах нөхцөл нь гэрээний 2.6 дахь хэсэгт тухайн сарын үндсэн хүүг төлөөгүй тохиолдолд сунгахгүй гэж байгаа. Хариуцагч талаас 6 удаа төлсөн, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх зээлийн гэрээний хугацаа сунгах үндсэн нөхцөл хангагдсан учир хугацаа сунгагдаж байсан. Зээлийн гэрээний 2.11, 2.14-т зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлдэгч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлнө, зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад авлагыг төлөхгүй байх үндэслэл болохгүй. Зээлийн гэрээг хариуцагч нар уншиж танилцаад нөхцөлийг зөвшөөрөөд гарын үсэг зурсан байгаа. Зээлийн гэрээний дагуу нэхэмжилж байгаа үнийн дүн хэвээрээ, зээлээс шимтгэл тооцох асуудал байдаг. Ямар нэгэн өндөр үнийн дүнгээр, хориглосон үйл ажиллагаа хийж шимтгэл тооцоогүй. Зээлийн гэрээний 1.2 дахь хэсэгт заасан тодорхойлолтын дагуу хариуцагч нартай харилцан тохиролцож, зээлдэгч нар зөвшөөрч гарын үсэг зурсан болохоор зээлийн гэрээний 2.11-т заасан гэрээний зүйлээр нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох нь үндэслэлтэй гэв.

Хариуцагч Б.Бшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллага нь авто ломбард, үндсэн зээлээс төлөлт хийсэн зүйл байхгүй. Зээлийн мөнгөнөөс намайг 4 сая төгрөг дураараа зарцуулсан гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Анх 2017 оны 3 дугаар сард О-ийннөхөр Галбадрах, Цолмон нар ирээд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Болгаруудын ажиллаж байсан уурхайд хаягдал байгаа хамтарч ажиллах санал тавиад тээврийн хөрөнгийг гаргая, чи зөвхөн орон нутаг, нөхөрлөлтэй нь холбоо тогтоогоорой гээд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх гэсэн миний саналыг хүлээн авч орон нутгийн нөхөрлөлтэй нь хамтарч ажилласан. Нөхөрлөлийн бүх гишүүдийн татвар, хураамжийг бүгдийг би хувиасаа төлсөн. Уурхай эхлэхээс өмнө 5 дугаар сард Галбадрах надтай газар очиж үзье гээд өмнө нь ажиллаж байсан байдалтай танилцаж, улмаар тэнд ажиллахаар болсон. Хөрөнгийн асуудлыг шийднэ гэснээрээ Галбадрах өөрт байгаа хөрөнгөө зээлийн барьцаанд тавья гээд нэхэмжлэгч байгууллагад хандсан. Зээл миний дансанд орсон өдрөөс хойш зарцуулж дуусах хүртэл бүх зардлын гүйлгээнд Галбадрах цуг ажиллаж байсан. Хоорондоо зөвлөлдөөд гүйлгээ хийдэг байсан. Хамгийн сайн үнэтэй гэсэн зүйлсийг миний таньж мэддэг найз нөхдөөс очиж авч байсан. Уурхайн үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг зээлийн хөрөнгөөр авч 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Болгарын уурхайн хаягдал шороог угааж эхлэхэд муу байсан ч гэсэн өдөр өдөрт ахиж байсан. Галбадрах, Тулга бид гурав угаадаг байсан. Гэтэл хэд хэдэн удаа алтыг хэлэхгүй авах, дунд зэргийн алтнуудыг нь амандаа хийх, халаасандаа хийх зэрэг зөрчлүүд гаргаж, гагнуурчин маань хамтарч ажиллаж байгаад ингэж болохгүй бид зээл төлж байгаа гээд хэрүүл, маргаан гарах үндэслэл болсон. 7 дугаар сарын 15-ны өдөр зээлийн хүү хамтын үйл ажиллагаанд төлсөн гэж байгаа тэр хэмжээний 30грамм алтыг аваад Дархан явсан. Ингэж явсан хойгуур манай дизель станцыг хулгайлаад авч явсан. Тэр бол зээлийн хөрөнгөөр авсан 9 700 000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг акумльяатар, ковшдоо 600 литр түлш хийгээд надад хэлэхгүй авч явсан. Ковшны жолооч нь түүний хамаатан н.Тулга гэдэг хүн байгаад тэд нар явахдаа архи ууж, тэнд байсан миний охин дүүг айлгаж, элдвээр доромжилж ганцааранг нь хээр орхиод явсан байдаг. Ингээд ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй болж зээлийн хөрөнгөөр авсан зүйлүүд байхгүй болж, зээл, зээлийн хүү төлнө гэсэн том зорилготой байсан бүх үйл ажиллагааг зогсоосон. Ингээд би 9 дүгээр сарын 05-ныг хүртэл уулын мухарт хоол, унд муутай, хамтарч ажиллах хүн байхгүй байсан. 9 700 000 төгрөгөөр авсан Дизель станц бол үнэ нь өссөн байгаа. 50 хоногийн дараа 9 дугаар сарын 5-ны өдөр Галбадрах Ч.Онар хүүхэдтэйгээ цагаан ланд круйзер машинтай н.Энхболд гэдэг хүнтэй цуг нэлээн сүртэй, олуулаа орж ирж 2 ширхэг ачааны машинтай энэ хүнтэй хамтарч ажиллана төлбөрийг өөрөө бүрэн төлнө чамд ямар ч хамаагүй, би экскаватороо барьцаанд тавьсан чамаас үндсэндээ нэг ч төгрөг гарсангүй гэсэн. Чи бид  хоёрын мөнгө биш зориулалт нь Харганад гэж тусгасан болохоос шарын голд авч явах ёсгүй гэсэнд үл ойшоосон. Тэр үед тэр төхөөрөмжийг өгч явуулалгүйгээр банкны хүмүүст өгсөн бол дээр байж гэж бодож байна. Энэ хүмүүс намайг хуурсан. Шарын голд ямар ажил хийсэн талаар нь мэдэхгүй, орлого олсон байх. Би тэнд ямар ч орлого олоогүй. Гэр, машин, нялх хүүхэдтэй эхнэртэйгээ бүтэн зун тэнд байсан. Эдгээр хүмүүст бүх зүйлээ аваад явахдаа бүх өрөө төлнө гэдгээ яаж нотлох юм гэхэд бичиг хийж өгье, Оптималын зээлийн өр, усан бууны үлдэгдэл өрийг бүгдийг хариуцна гэж бичиг хийгээд 64 000 000 төгрөгийн үнэтэй усан буу, усны ка ноцос 4 800 000 төгрөгийн үнэтэй, дагалдах цахилгааны болон бусад хэрэгсэл 3 000 000 төгрөг. Өмнө нь хулгайлж авч явсан дизель станц бол 9 700 000 төгрөг, акумлятар 200 000 төгрөг, дизель түлш 600 000 төгрөг нийт 82 690 000 төгрөгийн хөрөнгийг Шарын гол руу авч явсан. Би олсон орлогоосоо 2 000 000 төгрөгийн хүү төлсөн, надад бол давагдашгүй хүчин зүйл, хулгай, хууран мэхлэлт тулгарсан. Намар уул уурхайн ажил сэргэсэн. Уул уурхайн ажил 15-20 хоногийн ажил биш байдаг. Сар болж байж үр дүн нь гардаг учир өөрөө дур мэдэн юмаа авч явсан. Ч.Оболон түүний нөхөр нь хамтран ажиллана гэж очоод надаар дамжуулан хөрөнгөжиж аваад багахан хэрэлдсэний төлөө намайг хэрэгт хийгээд явцгаасан хүмүүс. Харин надад үлдээсэн зүйл нь 2 220 000 төгрөгийн эд зүйлс байгаа тул энэ зээлийн төлбөрөөс 2 220 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө гэв /хх-46-50, шүүх хуралдааны тэмдэглэл/.

Хариуцагч Ч.О-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлгүй гаргасан гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч нь банк эсхүл банк бус санхүүгийн байгууллага биш Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 452 дугаар зүйлийг хэрэглэхгүй. Барьцаалан зээлдүүлэх газар тул нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Энэ зээл нэг сарын хугацаатай байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны хүүд 30 гаруй сая төгрөг үндсэн зээлээсээ гадна шаардах эрхгүй. Харин хуульд зааснаар зохицуулаад нэг сарын хүүд 2 572 000 төгрөг төлөхөөс 2 000 000 төгрөгийг төлж, Ч.Оүндсэн зээлээс 10 760 000 төгрөгийг төлсөн байгаа. Энэ мөнгийг хасаад Б.Б.Бөд маш бага мөнгө ногдох тул үлдэгдэл төлбөрийг О-т байгаа барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрэх боломж байна. Анх хүссэн зээлээс 39 600 000 төгрөгийг олгосон. Зээлийн гэрээ нэг сарын хугацаатай байгаад дахин сунгалт хйигдээгүй. О-, Б.Б нар нь хамтарч ажиллаж чадахгүй болсон учир өөрийн зээлээр авсан тоног төхөөрөмжөөс 19 533 300 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг буцаан авсан. Нөгөө талаар Б.Б.Бийг 13 820 000 төгрөг хамтарч төлөхөөр байгаа. 6 910 000 төгрөг ингээд нийлээд 26 433 000 төгрөгийг төлөхөд бэлэн байгаа. Үүнээс төлсөн 10 760 000 төгрөгөө хасна. Тэгэхээр 15 683 300 төгрөг байна. Ч.Оөөрийн өмчлөлийн үнэ бүхий экскаваторыг барьцаалсан тул барьцааны зүйлээр үүргийн шаардлагыг хангах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа. Барьцааны зүйлийн өмчлөлийн гэрчилгээг нэхэмжлэгч компаний нэр дээр шилжүүлсэн боловч техникээ өөрсдөө ашиглаж байсан. Энд О-, Б.Б нарын хамтран ажиллахтай холбоотой маргааныг хэлэлцээгүй, зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа. Гэрээний 2 дахь хэсэгт үндсэн зээл 40 000 000 төгрөг, 7 хувь 30 хоног, үндсэн хүүгийн 20 хувь гэж хүүг хуульд зааснаас буруу тооцож гэрээ байгуулсан. 20 хувийг барьцаалан зээлдүүлэх газар авдаггүй. Хэрэв хуулийн дагуу гэрээ байгуулагдсан бол алданги тооцогдох ёстой. Гэрээнд зээлийн гэрээний үндсэн хугацаа 1 сар байх бөгөөд 5 удаа сунгуулж нийт 6 сарын хугацаатай байж болно. Тухайн сарын үндсэн хүүг төлөөгүй тохиолдолд гэрээний хугацаа сунгагдахгүй гэж заасан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээ сунгасан зүйл байхгүй. Зээлдэгч нарт зээлийн гэрээний 40 000 000 төгрөгийг шилжүүлж өгөөгүй, 39 600 000 төгрөг шилжүүлсэн зөвшөөрч байгаа. Үүнд 2 270 000 төгрөгийн нэг сарын хүү байгаа. Үүнээс 2 сая төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр төлсөн. Одоо 772 000 төгрөгийн үлдэгдэлтэй, О-ийнхувьд нийтдээ 12 760 000 төгрөгийг төлсөн. Үндсэн зээлээ нэхэмжлэх эрхтэй. Хариуцагч Ч.О-т одоо 9.700.000 төгрөгний үнэ бүхий дизель мотор, 4.800.000 төгрөгний усны насосс, хар шланк зүлэг 1.230.000 төгрөг, цэвэр шланк 490.000 төгрөг, цахилгааны хэрэгсэл 361.800 төгрөг гээд нийт 19.435.800 төгрөгийн эд зүйлийг буцаан авсан. Харин Б.Б.Бөд 2.153.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн буюу ажил эхлээд тээврийн зардалд 2.500.000 төгрөгийг хамтарч төлөх ёстой, ковшны түрээсийн 7.000.000 төгрөгийг Б.Бөгсөн, зөөлөн тросс 50.000 төгрөг, хамтарч ажиллаж байх хугацаанд алга болсон, ковшны банк дүүргэсэн шатахуун 1.050.000 төгрөг, замын хүнс 50.000 төгрөг, машины түлш /түлшний зоригоо/ 1.000.000 төгрөг, дэлгүүрт 330.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн зээлээр авсан, ерөө сумын дэлгүүрээс 250.000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, гагнуурчин н.Энхбаатарт ажлын хөлс 520.000 төгрөг, тогооч н.Батболор ажлын хөлс 550.000 төгрөг, давааны хооронд айлаас хонь авч идсэн-120.000 төгрөг, зээл авсан өдрөө хоолонд- 97.000 төгрөгөөр орсон ингээд нийтдээ 13.420.000  төгрөгийг хамтарч хариуцах бөгөөд Ч.О-ийнхариуцлага нь 19.435.800 төгрөг тул үүнийгээ төлнө. Хамтарч хариуцах 13.420.000 төгрөгний 50 хувь болох 6.710.000 төгрөгийг төлнө. Зээлийн хүүгийн үлдэгдэл 772.000 төгрөгийг хувааж 386.000 төгрөг төлнө. Ингээд тооцохоор нийт 19.435.800 төгрөгийн бараа материал, хамтарч хариуцах зардлын тал хувь болох 6.710.000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 386.000 төгрөг нийтдээ 26.531.800 төгрөгийг зөвшөөрч байгаа бөгөөд үүнээс төлсөн 10.760.000 төгрөгийг хасаж тооцоод үлдэгдэл 15.771.800 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв /хх-61-62, шүүх хуралдааны тэмдэглэл/.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ОИ” ХХК нь хариуцагч Б.Б,Ч.Онарт холбогдуулан 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 0000022 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 39.307.626 төгрөг, хуримтлагдсан хүү 27.607.055 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.155.091 төгрөг, нотариатын зардалд 30.000 төгрөг, хариуцагч нарын хаягаар очиж уулзах болон эрэн хайхтай холбогдон гарсан зардал 20.000 төгрөг, нийт 70.119.772 төгрөгийг гаргуулахаар шаарджээ /хх-1-3/.

 

Нэхэмжлэгч “ОИ” ХХК-нийг бүрэн төлөөлөх эрхийг М.Бат-Эрдэнэд олгосон итгэмжлэлээсээ нэхэмжлэгч 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр татгалзаж Б.Энхцэцэгт компанийг бүрэн төлөөлөх эрхийг итгэмжлэлээр /хх-6, 67/, хариуцагч Ч.Онь өөрийгөө төлөөлөн оролцох бүрэн эрхийг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжлэлээр М.Бадамхандад тус тус олгосон байна /хх-76/.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд талуудын хооронд 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 0000022 дугаартай зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ тус тус байгуулагдаж, уг гэрээгээр Б.Б,Ч.Онарт 40.000.000 төгрөгний зээлийг бизнесийн зээлийн зориулалтаар, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаатай, гуч хоногийн 7 хувийн хүүтэй, зээл олгосны шимтгэлд 400.000 төгрөг төлөх, гэрээг нотариатаар баталгаажуулах, эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэхтэй холбогдон гарах зардлуудыг зээлдэгч нар хариуцахаар харилцан тохирсон байна /хх-12-13/.

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон хариуцагч Ч.О-ийнөмчлөлийн Daewoo Solar-130/2001-2008/ маркийн, 80-74 УБ улсын дугаартай, 01593217 /20170612/ гэрчилгээний дугаартай, SL130WV1779 арлын дугаартай, улаан шаргал өнгийн эксковатор буюу Шинэ зеланд загварын Скрубер 100 алт угаагч төхөөрөмжийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж /хх-14-15/ тухайн эд хөрөнгө 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч “ОИ” ХХК-ний өмчлөлд бүртгэгдсэн бүртгэл хийгдсэн байна /хх-17, 18, 19, 20/.

 

Хариуцагч Б.Б,Ч.Онар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах уурхай дээр хамтран ажиллахаар тохиролцож, “ОИ” ХХК-ийн барьцаалан зээлдэх газарт хариуцагч Ч.О-ийнөмчлөлийн Daewoo Solar-130/2001-2008/ маркийн, 80-74 УБ улсын дугаартай, 01593217 /20170612/ гэрчилгээний дугаартай, SL130WV1779 арлын дугаартай, улаан шаргал өнгийн эксковатор буюу Шинэ зеланд загварын Скрубер 100 алт угаагч төхөөрөмжийг барьцаалан зээл авсан, зээлийн мөнгийг хариуцагч Б.Б.Бийн дансанд шилжүүлсэн талаар зохигчид тайлбарлаж маргаагүй.

 

Харин хариуцагч нар хамтран ажиллах хугацаандаа хоорондын үл ойлголцол, маргаанаас шалтгаалан хамтран ажиллах боломжгүй болж, барьцаалан зээлдэх газраас авсан зээлийн мөнгөөр худалдан авсан техник, тоног төхөөрөмжийг хариуцагч Ч.Оболон түүний нөхөр авч явсан учир хамтран ажиллах боломжгүй болж орлого олоогүй тул зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй талаар талууд тайлбарлаж маргасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “ОИ” ХХК буюу барьцаалаан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх компаниас хариуцагч Б.Б,Ч.Онар хамтран ажиллах үйл ажиллагаандаа зориулан авахаар хүссэн 40.000.000 төгрөгний зээлээс хариуцагч Б.Б.Бийн Хаан банкин дахь дансанд 39.600.000 төгрөгийн зээл олгосон, зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай фидуцийн гэрээ байгуулсан талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч нартай 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэг шаардсан тул уг шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч тал барьцааны гэрээтэй холбоотой шаардлага гаргаагүй болно.

 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай.

 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй, нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүргийг шаардсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж төлсөн тул хариуцагч нарын хоорондын хамтран ажиллах үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааны асуудлыг зээлийн гэрээний үүрэгт хамааруулан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 0000022 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 39.307.626 төгрөг, хуримтлагдсан хүү 27.607.055 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.155.091 төгрөг, нотариатын зардалд 30.000 төгрөг, хариуцагч нарын хаягаар очиж уулзах болон эрэн хайхтай холбогдон гарсан зардал 20.000 төгрөг, нийт 70.119.772 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч нэхэмжлэгч“ОИ” ХХК нь хоёр гишүүнтэй, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, гадаад худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болох нь 6157726 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн компаний дүрмийн хуулбар зэргээр тогтоогдож байна /хх-5, 7-11/.

 

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрөлийг тодорхойлсон бөгөөд 15.1-д “энэ зүйлд заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ” гэж, 15.2-т “банкны үйл ажиллагааны чиглэлээр гээд 9 төрлийн үйл ажиллагааг жагсаасан боловч барьцаалан зээлдүүлэх газрын нэр дээрх жагсаалтад ороогүй байна.

 

Харин Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д “барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй” гэж, хуулийн 286.2-т “барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно” гэж, 286.5-д “хуульд өөрөөр заагаагүй бол барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж заасан байх тул зохигчдын хооронд байгуулсан 0000022 дугаартай зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2-т заасан шаардлагыг хангасан ба зээлдэгчийн өмчлөлд гэрээний зүйл болсон 40.000.000 төгрөгнөөс 39.600.000 төгрөгийг шилжүүлсэн гэх үйл баримтын талаар зохигчид маргаагүй тул тэдгээрийн хооронд энэ төрлийн гэрээ байгуулагдаж, барьцаалан зээлдэх журмаар зээл олгох харилцаа үүссэн байна.

 

Нэхэмжлэгч тал 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний зүйл болох 40.000.000 төгрөгнөөс 400.000 төгрөгний шимтгэлийг суутган үлдэх 39.600.000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарлаж, хариуцагч нарт дээрх гэрээний дагуу 39.600.000 төгрөг шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, баримтаар тогтоогдсон тул шүүх гэрээний зүйлийг 39.600.000 төгрөг гэж үзэх үндэслэлтэй байна /хх-83, 84, шүүх хуралдааны тэмдэглэл/.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан ба талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.6-д гэрээний хугацааг “3 сар гээд 2017-06-12-ээс 2017-07-10 хүртэл байна. Бүх төрлийн зээлийн бүтээгдэхүүний хувьд зээлийн гэрээний үндсэн хугацаа 1 сар байх бөгөөд 5 удаа сунгуулж нийт 6 сарын хугацаатай байж болно. Тухайн сарын үндсэн хүүг төлөөгүй тохиолдолд гэрээний хугацаа сунгагдахгүй” гэж бичигдсэн байх тул зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа гэрээний 2.6-д тодотгон зааснаар 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дууссан учраас хариуцагч нар төлбөр төлөх үүргээ зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зээлдэгч нар сар сард хүүгийн төлөлт хийж байсан тул зээлийн гэрээ автоматаар сунгагдаж байсан гэх тайлбар үндэслэлгүй байх бөгөөд 0000022 дугаартай зээлийн гэрээний хугацаа гэрээний 2.6-д зааснаар нэг сарын хугацаатай, уг хугацаа 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дууссан байхад 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төлөлт хийсэн 2.000.000 төгрөгийг торгуулийн хүү, хуримтлагдсан хүүд суутгасан болох нь үндэслэлгүй, гэрээний хугацаа дууссанаас хойш 5 хоногийн дараа төлж байгаа төлөлтөөр зээлийн гэрээг сунгагдсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна /хх-29/.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний талаар зохицуулсан бөгөөд хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан тул барьцаалан зээлдэх журмаар зээл олгоход банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний талаар баримтлахгүй, ингэж зээл олгохын тулд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр дээрх үндэслэлээр зээл олгох эрхтэй байна.  

 

Түүнчлэн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 2.8-д зээл эргэн төлөх хавсралтыг 1-р хавсралтаар батлав гэж гэрээнд тусгасан байх боловч хэргийн 21-р талд дугаарлагдсан хүснэгтийг дээрх гэрээний хавсралт гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан боловч гэрээний харилцаанд оролцсон талуудын гарын үсэг зурагдаагүй, ямар нэгэн гэрээний үргэлжлэл эсхүл хавсралт гэх бичвэр дээрх баримтанд бичигдээгүй байх тул 0000022 дугаартай гэрээний хавсралт гэж үзэх үндэслэлгүй байна /хх-21/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд үндэслэлээ нотлох үүрэгтэй бөгөөд 0000022 дугаартай зээлийн гэрээг 1 сараар байгуулсан, сунгагдаагүй гэх тайлбарыг хариуцагч нар гаргасан тохиолдолд нэхэмжлэгч тал тэдгээрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...нэхэмжлэлийн шаардлага, ...татгалзлын үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.

 

Зээлдэгч нар зээлийн гэрээний үүрэгт 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 12.760.000 төгрөгний төлөлт хийсэн талаар нэхэмжлэгч тал тайлбарлаж зохигчид маргаагүй бөгөөд энэхүү төлөлтөөс хариуцагч Б.Б зээлийн хүүд 1.000.000 төгрөг, хариуцагч Ч.Оүндсэн зээл, зээлийн хүүд 11.760.000 төгрөг төлсөн талаар хариуцагч нар үгүйсгэж маргаагүй.

 

Хэдийгээр нэхэмжлэгч барьцаалан зээлдэх газар нь хуульд заасан зээл, зээлийн хүүг шаардах эрхтэй боловч хариуцагч нарын зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа буюу 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс хойш нийт 6 удаагийн гүйлгээгээр төлсөн 12.760.000 төгрөгийг торгуулийн хүү, хуримтлагдсан хүүгийн төлбөрт тооцож авсан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасантай нийцэхгүй ба хариуцагч нарын үүрэг хүлээсэн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 12.760.000 төгрөгний хүүгийн төлбөрт төлөгдсөн 2.000.000 төгрөгийг хасч үлдэгдэл 10.760.000 төгрөгийн төлбөрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг баримтлан үндсэн зээлээс хасч тооцох нь зүйтэй /хх-29/.

 

Хариуцагч нар бизнесийн зориулалтаар авсан зээлийн мөнгөөр худалдан авсан эд зүйлс, техник, тоног төхөөрмжийг хэн аль нь авсан, хамтарч ажиллаж чадаагүй талаар тайлбарлаж байх боловч нэгэнт зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч Б.Б,Ч.Онар нэхэмжлэгч компаний өмнө хүлээх үүрэгтэй, хариуцагч Ч.Оүндсэн зээлд 10.760.000 төгрөгийг, зээлийн хүүд 1.000.000 төгрөгийг төлж, хариуцагч Б.Бнь зээлийн хүүд 1.000.000 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож хариуцагч нар маргаагүй.

 

Нэгэнт хариуцагч нар нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүргийг хэд хэдэн хувиар төлөхөөр харилцан тохиролцоогүй, зээлийн гэрээнд гарын үсэг зурж зээлдэгчээс олгосон гэрээний зүйл болох мөнгийг авсан талаар маргаагүй, хариуцагч Б.Бзээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхгүй, үүрэг хүлээхгүй гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул шүүх Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан “ ...иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, ...гэрээний эрх чөлөө, ...шүүхээр хамгаалуулах...” зарчмыг хөндөх эрхгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч нар хамтран ажиллах явцад ашиг олоогүй болон хамтарч ажиллаагүй тохиолдолд нэхэмжлэгч компаний өмнө хүлээсэн 0000022 дугаартай зээлийн гэрээний үүргийг хариуцахгүй гэх тохиролцоо зээлийн гэрээнд хийгдээгүй байхад гэрээний эрх чөлөөг зөрчих нь хуульд үл нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар зохигчдын тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарах тул хариуцагч Ч.О19.435.800 төгрөгийн тоног төхөөрөмжийг авсан, Б.Б.Бтэй хувааж хариуцах зардал 13.420.000 төгрөгний тавин хувь болох 6.710.000 төгрөг, нийт 26.145.800 төгрөгийг Ч.Охариуцан төлөхөөр хүлээн зөвшөөрч үүнээс төлсөн байгаа 10.760.000 төгрөгийг хасаж үлдэгдэл 15.385.800 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн, хариуцагч Б.Б2.220.000 төгрөгний эд зүйлс үлдсэн тул энэ дүнг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагч нарын төлөхийг зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаас хангаж, үүргийг тогтоосон газар, зохих ёсоор шударгаар гүйцэтгэх нь үүрэг гүйцэтгэх талуудын үндсэн зарчим тул хариуцагч Ч.Оүүргээс 10.760.000 төгрөгийг гүйцэтгэсэн, хариуцагч Б.Б.Бийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх хүндэтгэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээний талууд биелүүлэх үүрэгтэй тул түүнээс зээлийн гэрээний үүрэгт 13.454.200 төгрөгийг гаргуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Зээлийн гэрээ нэг сарын хугацаатай тул гэрээний зүйл болох 39.600.000 төгрөгний нэг сарын 7 хувь 2.772.000 төгрөгийг хариуцагч нар хувааж хариуцахад тус бүр 1.386.000 төгрөг төлөх бөгөөд үүнээс хариуцагч Ч.О1.000.000 төгрөг, хариуцагч Б.Б1.000.000 төгрөгийг тус тус төлсөн байх тул зээлийн хүүгийн үлдэгдэл 386.000 төгрөгийг хариуцагч нараас тус тус гаргуулах нь зүйтэй.

 

Шүүхэд нэхэмжлэл гаргахад холбогдох баримт материалыг нотариатаар гэрчлүүлсэн зардалд 30.000 төгрөгийг шаардсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...нэхэмжлэлийн шаардлага, ...татгалзах үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа зохигчид өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд шаардлага, татгалзлын үндэслэлээ нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлага хангаж шүүхэд гаргах нь зохигчдын үүрэг тул энэ үүргээ хэрэгжүүлсэн зардлыг хариуцагч нараас шаардах эрхгүй, уг шаардлагаа нотлохоор гаргасан хэргийн 82-р талд дугаарлагдсан баримт дээр б/б хуулбар 2,5 төг, 2018-08-02 гэх бичвэр хийгдсэн байгааг дурдах нь зүйтэй /хх-82/.

 

Түүнчлэн зээлийн гэрээний үүрэг шаардаж хариуцагч нарын гэрийн хаягаар очиж уулзахад гарсан зардалд 20.000 төгрөгийг шаардсан ба уг зардал гарсан болох нь юуны зардал болох нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасан үндэслэл шаардлагаа нэхэмжлэгч тал нотлогдоогүй тул үүргээ биелүүлэхэд гарсан зардал, нэмэлт зардлыг хариуцагч нарт хариуцуулах үндэслэлгүй байна.

 

Иймд Ч.О-, Б.Бнарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт буюу үндсэн зээлд хариуцагч Ч.О10.760.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, түүнээс үндсэн зээлд 15.385.800 төгрөгийг, зээлийн хүүд 386.000 төгрөг, хариуцагч Б.Б.Бөөс үндсэн зээлд 13.454.200 төгрөг, зээлийн хүүд 386.000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29.747.772 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Зохигчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар хариуцагч Ч.О-ийнөмчлөлд бүртгэлтэй байсан Daewoo Solar-130/2001-2008/ маркийн, 80-74 УБ улсын дугаартай, 01593217 /20170612/ гэрчилгээний дугаартай, SL130WV1779 арлын дугаартай, улаан шаргал өнгийн эксковатор буюу Шинэ зеланд загварын Скрубер 100 алт угаагч төхөөрөмжийн эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан боловч барьцааны зүйл болох дээрх эд хөрөнгийн өмчлөл нэхэмжлэгч компаний нэр дээр бүртгэгдэж, дээрх тоног төхөөрөмж хариуцагч Ч.О-ийнэзэмшил, ашиглалтад байгаа талаар зохигчид тайлбарлаж маргаагүй боловч нэхэмжлэгч тал барьцааны зүйлийн талаар шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хавтаст хэргийн 31-37, 51, 53-59-р талд дугаарлагдсан тайлбар, баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх үнэлээгүй болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 508.549 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.О-ээс 236.809 төгрөг, хариуцагч Б.Б.Бөөс 227.151 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, 286 дугаар зүйлийн 286.1, 286.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч  Ч.О нь үндсэн зээлд 10.760.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, түүнээс үндсэн зээлд 15.385.800 төгрөг, зээлийн хүүд 386.000 төгрөг, нийт 15.771.800 төгрөгийг, хариуцагч Б.Б өөс үндсэн зээлд 13.454.200 төгрөг, зээлийн хүүд 386.000 төгрөг нийт 13.840.200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “ОИ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29.747.772 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 508.549 /таван зуун найман мянга таван зуун дөчин есөн/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.О-ээс 236.809 /хоёр зуун гучин зургаан мянга найман зуун есөн/ төгрөг, хариуцагч Б.Б-өөс 227.151 /хоёр зуун хорин долоон мянга нэг зуун тавин нэгэн/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн доторзохигчид давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч наршүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ                                        Д.Я