Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2021/ДШМ/10

 

Б.Ут холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Прокурор                                                  Д.Нямдэлэг

Нарийн бичгийн дарга                               Н.Энхнаран 

Өмгөөлөгч                                                  М.Энхтуяа

                                                                    Д.Батдулам                         

Шүүгдэгч                                                     Б.У нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/45 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Ут холбогдох эрүүгийн _______ дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 04ий өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чулуунхороот суманд 1986 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, Б овогт Б.У.

Шүүгдэгч Б.У нь Г.Базаргүр, Д.Мөнхтөр, А.Зоригтбаатар нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хьюндай Портер маркийн ____ улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан Дорнод аймгийн Халхгол сум 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Атар-2” гэх газарт дэлгэж хатааж байсан 486 кг 700 гр дэрэвгэр, жиргэрүү ургамлын үндсийг хулгайлж хохирогч Д.Эт 19,468,000 төгрөгийн хохирол учруулсан,

   - шүүгдэгч Г.Базаргүртэй хамтран 2019 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Истана маркийн ______ улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан Дорнод аймгийн Чойбалсан сумын 4 дүгээр багийн нутаг “Чингис балл” гэх газарт бэлчиж байсан иргэн Ц.Бын 8 тооны адууг хулгайлж, 9,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн шүүгдэгч Д.Ганболд, Б.Энх-Од нартай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 20 цагийн үед Хьюндай Портер маркийн _____ улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар баг “Хар чулуут” гэх газар нутаглах хохирогч Л.Сы гэрийн гаднаас улаан халзан шүдлэн эр үхэр, улаан халзан сувай үнээ буюу 2 тооны үхэр хулгайлж, бусдад 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболд шүүгдэгч Б.Уыг бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан,

мөн бүлэглэн, машин механизм ашиглан хохирогч Ц.Бын 8 тооны адууг хулгайлсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

мөн бүлэглэн, машин механизм ашиглан хохирогч Л.Сы 2 тооны үхрийг хулгайлсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/45 дугаар шийтгэх тогтоолоор:

- Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн ирүүлснийг,  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан шүүгдэгч Б.Уыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Уыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ут Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн ерөнхий анийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн  хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн  хугацаагаар тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ут оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уын цагдан хоригдсон 89 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Уаас бусдад учруулсан гэм хорын хохиролд нийт 7717.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Эт 4867.000 төгрөгийг, хохирогч Ц.Бод 2850.000 төгрөгийг тус тус олгож, хохирогч Л.С нь өөрт учирсан хохирлыг барагдуулж авсан тул шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг хохирогч Л.Сд төлөх төлбөргүй болохыг дурдаж,

- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч Б.Уын эзэмшлээс “Hyundai Porter” маркийн _______ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоол, Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай багийн Бүрд гудамжинд байрлах 5000 м2 хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилсэн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 5/43 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоол зэргийг тус тус хэвээр үлдээж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б.Уын _______ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох “НЭТК капитол авто” ХХК-ийн эзэмшлийн “Hyundai Porter” маркийн _________ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 7000.000 төгрөгөөс шүүгдэгч Б.Ут ногдох хэсэг болох 1750.000 төгрөгийг, мөн “Бичил глобус групп” ХХК-ийн эзэмшлийн “Hyundai Porter” маркийн _____________ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 4500.000 төгрөгөөс шүүгдэгч Б.Ут ногдох хэсэг болох 1500.000 төгрөгийг, мөн иргэн Г.Амартүвшингийн эзэмшлийн “Stana” маркийн _____________ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 5000.000 төгрөгөөс шүүгдэгч Б.Ут ногдох хэсэг болох 2500.000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирол нөхөн төлөхөд зарцуулж, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авч,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ут авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.У түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Б.У нь 2017 оны 12 дугаар сарын 15-нд Д.Ганболд, Б.Энх-Од нартай Сүхсайханы 2 тооны үхэр хулгайлсан. 2017 оны 10 сарын 12-13-нд шилжих шөнө Эрдэнэчимэгийн дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг Базаргүр, Мөнхтөр, Зоригтбаатар нарын хамт хулгайлсан. 2019 оны 1 сарын 26-27-д шилжих шөнө Базаргүрийн хамт Баяртогтохын 8 тооны адуу хулгайлсан гэмт хэргүүдийг үйлдсэн.

Эдгээр үйлдлүүдээс 2017.12.25-ны өдөр Ганболд, Энх-Од нартай бүлэглэн 2 үхэр хулгайлсан хэргээрээ Дорнод аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.01-ний өдрийн 65 тоот шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5-д заасан хязгаарлалтыг тогтоож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтанд байлгасан, албадлагын арга хэмжээ авсан. 

Уг шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүхийн 2018.10.12-ны өдрийн 45 тоот магадлалаар хүчингүй болгосон боловч шүүхийн энэхүү шийдвэр Дорнод  аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт хүргэгдээгүйгээс болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020.03.05-ны өдөр хүртэл 2018 оны шийтгэх тогтоолын биелэлтэнд хяналт тавьж байгаад шийтгэх тогтоолоор тогтоосон тэнсэн харгалзах хугацаа дууссанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тогтоол үйлдэж гүйцэтгэх хуудас материалыг хаасан байдаг.

Мөн энэ хэргийн шийтгэх тогтоол тээврийн хэрэгслийн үнэ 4,500,000 төгрөгийг Ганболд, Энх-Од, У нараас тус бүрээс 1,500,000 төгрөгийг гаргуулахаар шийдсэнийг гүйцэтгэлийн ажиллагаа хийж төлүүлсэн байдаг. Төлбөр төлсөн тухай ШШГГазраас олгосон баримтыг анхан шатны шүүхийн 2020.09.01-ний өдрийн хурал дээр Батдулам өмгөөлөгч нотлох баримтаар гаргаж өгсөн. Ингэж 2017.12.15-ны хэрэгт У, Энх-од, Ганболд нар ялаа эдлээд дууссан гэж үзэж байгаа.

Гэтэл 2021.01.28-ны өдрийн хуралдаанаар өмнө нь шийдэгдсэн хэрэгт дахин гэм бурууг хэлэлцэн тогтоож шийтгэх тогтоолын 1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2017.12.15-ны өдрийн Сүхсайханы 2 үхэр хулгайлсан хэргийг 2019.01.26-ны шөнө үйлдэгдсэн хохирогч Баяртогтохын 8 тооны адуу хулгайлсан хэрэгтэй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан нийлүүлж Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн. Ингэж нэгтгэж зүйлчилснээр хулгайлсан малын тоог нийлүүлж 2 үхэр, 8 адуу нийт 10 бод хулгайлсан буюу олон тооны мал хулгайлсан гэх хүндрүүлэх нөхцөл байдал үүсч байна.

Тус шүүхээс 2020.11.03-ны өдөр Утай бүлэглэн 8 адуу хулгайлсан Г.Базаргүрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж 1 жилийн хорих ял оногдуулсан ба уг хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж хэвээр батлагдсан ба Ганболд, Энх-Од нарын талаар давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд орсон өөрчлөлт ч хэвээр батлагдсан.

Иймд нэгэнт ял эдэлж дууссан хэргийг дахин гэмт буруутайд тооцон ял зүйл анги хүндрүүлэн шийдсэн шийтгэх тогтоолын заалтыг зөвшөөрөхгүй гомдол гаргаж байна.

Б.Уын хувьд ургамлын үндэс хулгайлсан гэх хэрэг чийгтэй өвсийг хуурай өвсний үнээр үнэлснийг зөвшөөрдөггүй. Энэ талаар хэрэгт зөрүүтэй эргэлзээтэй мэдүүлгүүд байдаг. Өвс хулгайлсан хэрэгт маргадаггүй.

Мөн 2019.01.28 - 2019.02.28-ны хооронд цагдан хоригдсон 30 хоногийг цагдан хоригдсон хугацаанд оруулан тооцоогүй байна гэдэг.

Иймд анхан шатны шийтгэх тогтоолыг хянан үзэж, зохих өөрчлөлтийг оруулж, ял зүйл ангийг хөнгөрүүлж өгнө үү. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5-д “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн зарчимд нийцээгүй.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Д.Батдулам гаргасан тайлбар, саналдаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанд өөрийн үйлчлүүлэгч У, өмгөөлөгч Энхтуяа нарын гаргасан гомдыг дэмжиж оролцож байна. Өөр тайлбарлах зүйлгүй.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Нямдэлэг гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. 2018 оны 03 сарын 01-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн асуудлын талаар ярьж байна. Энэ шийтгэх тогтоолыг 2018 оны 10 сарын 12-ны өдрийн 45 дугаартай магадлалаар хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Иймд давж заалдах гомдолд дурдагдсан “...2 жилийн тэнсэнг эдэлж дууссан...” гэж байгаа асуудал нь яригдахгүй. Түүнчлэн “...үндэс чийгтэй нойтой байсан...” гэсэн асуудлыг ярьдаг. Шинжээч томилж үндэсний үнэлгээний асуудал дээр дүгнэлт гаргуулсан. Эргэлзээтэй зүйл байхгүй гэж үзэж байна. Мөн цагдан хоригдсон хугацаатай холбоотой асуудлыг зөвтгөөд явах боломжтой гэж үзэж байгаа. Гомдолд дурдагдсан бусад асуудлыг үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын давж заалдах гомдлыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Б.У нь:

2017 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө, Г.Базаргүр, Д.Мөнхтөр, А.Зоригтбаатар нартай бүлэглэн, Хюндай Портер маркийн ____ улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан, Дорнод аймгийн Халхгол сумын 3 дугаар багийн нутаг “Атар-2” гэх газарт дэлгэн хатааж байсан 486.7 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг хулгайлж хохирогч Д.Эт 19,468,000 төгрөгийн хохирол учруулсан;

2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, Д.Ганболд, Б.Энх-Од нартай бүлэглэн, Хюндай Портер маркийн ____ улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “Хар Чулуут” гэх газар нутаглах хохирогч Л.Сы гэрийн гаднаас улаан халзан шүдлэн эр үхэр, улаан халзан сувай үнээ буюу 2 үхэр хулгайлж, 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан;

2019 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилших шөнө, Г.Базаргүртэй бүлэглэн, Истана маркийн _____ улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан, Дорнод аймгийн  Чойбалсан сумын 4 дүгээр багийн нутаг “Чингис Балл” гэх газарт бэлчээрээс хохирогч Ц.Бын 8 адууг хулгайлж 9,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт  хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй, анхан шатны шүүх хэргийг зөв зүйлчилсэн байна.

Шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын давж заалдах гомдлын тухайд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дараах дүгнэлтэд хүрэв.

Шүүгдэгч Б.Уын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Д.Ганболд, Б.Энх-Од нартай бүлэглэн, машин механизм ашиглан хохирогч Л.Сы 2 үхрийг хулгайлсан үйлдэлд Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.01-ний өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хохирогч Л.Сд учруулсан 1,800,000 төгрөгийн хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 800,000 төгрөгийг 2018.03.22-ны өдрийн дотор төлөхийг үүрэг болгон, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэтэй тэнцэх 4,500,000 төгрөгийг гурван шүүгдэгчээс хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн /2-р хх-ийн 90-96/ боловч, шүүгдэгч Б.У нь 2017 оны 10 сард өөр гэмт хэрэг үйлдсэн нь хожим илэрч давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 45 дугаар магадлалаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болж, шүүгдэгчид оногдуулсан албадлагын арга хэмжээ бүрэн биелэгдсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон гэж үзэхгүй. Иймд “нэгэнт шүүхээр шийдвэрлэгдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон хэргийг дахин хэлэлцэн гэм бурууг тогтоохдоо 2 үхэр, 8 адууны тоог нийлүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр хүндрүүлэн зүйлчилснийг  хүлээн зөвшөөрөхгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

Түүнчлэн анхан шатны шүүх хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудад /1-р хх-ийн 20, 119-124-р тал/ үндэслэн хохирлын хэмжээ ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг тогтоосныг буруу гэж үзэх шалтгаан байхгүй тул давж заалдах гомдолд дурдсан “чийгтэй өвсийг хуурай өвсний ханшаар үнэлснийг зөвшөөрөхгүй байна” гэх үндэслэл болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны хуралдаанд гаргасан “08-56 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг 7,000,000 төгрөгөөр тооцон шүүгдэгч нараас гаргуулж байгаа нь үндэслэлгүй” гэх саналыг тус тус хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгчид оногдуулсан ялын хэмжээ нь түүний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тохирсон  байх тул давж заалдах шатны шүүхээс ялыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгчийн цагдан хоригдсон хугацааг тооцохтой холбоотой баримтуудыг бүрэн судлан үзэхгүйгээр, “89 хоног цагдан хоригдсон” гэж буруу тооцсон байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол, хэрэгт авагдсан баримтууд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн баримтуудад үндэслэн цагдан хорих хугацааг нягтлан үзэхэд тэрээр 2019.01.31-нээс 2019.02.28-ны хооронд 28 хоног, 2020.11.03-наас 2021.01.28-ны хооронд 86 хоног буюу анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл нийтдээ 114 хоног цагдан хоригдсон байна. /2-р хх-ийн 129-133, 209-212, 4-р хх-ийн 204-209 дүгээр хуудас /

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтаар шүүгдэгчээс гаргуулахаар тогтоосон “____ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 4,500,000 төгрөгөөс ногдох хэсэг болох 1,500,000 төгрөг”-ийг төлсөн баримт 4-р хавтаст хэргийн 16 дугаар талд авагдсан байх тул энэ талаар магадлалд дурдах нь зүйтэй байна. 

 Дээрд дурдсан үндэслэлээр давж заалдах гомдлоос “цагдан хоригдсон хугацааг буруу тооцсон” гэх хэсгийг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/45 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...цагдан хоригдсон 89 /наян ес/ хоногийг...” гэснийг “...114 /нэг зуун арван дөрөв/ хоногийг...” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтаар шүүгдэгч Б.Уаас гаргуулахаар тогтоосон “29-87 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнээс ногдох хэсэг 1,500,000 төгрөг”-ийг тэрээр төлж барагдуулсан болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Уын 2021 оны 01 дүгээр сарын 28-ний өдрөөс эхлэн 2021 оны 03 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ж.ДОЛГОРМАА                         

                  ШҮҮГЧИД                                           З.ЭНХЦЭЦЭГ

                                                                              Л.НАРАНБАЯР