Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/45

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Б.Төрболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдулам /онлайнаар/

Хохирогч Э /онлайнаар/

Шүүгдэгч У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт У-т холбогдох эрүүгийн 1721002790179 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны ... дүгээр сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Чулуунхороот суманд төрсөн, .... настай, эрэгтэй, боловсролгүй, мужаан мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, ................. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, .....овогт У. /РД: ..................../

 

            Шүүгдэгч У нь Г.Базаргүр, Д.Мөнхтөр, А.Зоригтбаатар нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хьюндай Портер маркийн 08-56 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан Дорнод аймгийн Халхгол сум 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Атар-2” гэх газарт дэлгэж хатааж байсан 486 кг 700 гр дэрэвгэр, жиргэрүү ургамалын үндсийг хулгайлж хохирогч Э-т 19.468.000 /арван есөн сая дөрвөн зуун жаран найман мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

            -мөн шүүгдэгч Г.Базаргүртэй хамтран 2019 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Истана маркийн 67-82 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан Дорнод аймгийн Чойбалсан сумын 4 дүгээр багийн нутаг “Чингис балл” гэх газарт бэлчиж байсан иргэн Б-н 8 тооны адууг хулгайлж, 9.500.000 /есөн сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

-мөн шүүгдэгч Д.Ганболд, Б.Энх-Од нартай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 20 цагийн орчим Хьюндай Портер маркийн 29-87 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар баг “Хар чулуут” гэх газар нутаглах хохирогч С гэрийн гаднаас улаан халзан шүдлэн эр үхэр, улаан халзан сувай үнээ буюу 2 тооны үхэр хулгайлж, бусдад 1.800.000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би бусдын өмчийг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Харин тухайн дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсэнд эд хөрөнгийн үнэлгээ гаргасан байсан ба тухайн үнлэгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би бусдын 8 тооны адууг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байн. Ганболдтой хамт 2 тооны үхэр хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...гэв.

 

Хохирогч Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Би У-аас хохирлоо гаргуулах саналтай байна...гэв.

Гэрч Д.Батбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би гүйцэж очоод тэр хэдийг хүний үнэтэй эд зүйл авч явж байж яагаад зогсохгүй байгаа юм бэ гэж уурлаж загнаад харахад буриад залуу нь У-ын машиныг бариад явж байсан. У нь ахаа бид хэд 21 дээр жоохон ажилтай байсан юм гэж хэлж байсан. Араас дагаад явж байхад засмал зам хөндлөн гарахаас өмнө У-ын машин зогсож дотор нь сууж байсан хүмүүс буухад 4 хүн буугаад бие зассан. Би уг нь У-ын машинд У, Зоригоо, буриад залуу гэсэн гурван хүн л явж байна гэж бодож байсан юм. Тэгтэл суудлын араар хүн хэвтээд явж байсан юм билээ...” гэжээ. /1-р хх-ийн 54-56 тал/

 

Гэрч Д.Нямсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 14 цагийн орчим Хэрлэн сумын 1 дүгээр багт складандаа байхад миний танил Улаанаа гэх залуу 99580300 дугаарын утаснаас над руу залгаад үндэс хэдээр авч байгаа юм бэ, 300 гаруй кг үндэс байна гэхээр нь нойтон үндэс 8000 төгрөг, хатсан үндэс 30000 төгрөгөөр авч байгаа гэхэд Улаанаа нь сэвэрсэн үндэс байна гэсэн. ...цэнхэр өнгийн Портер маркийн машинтай 2 залуу, жижиг машинтайгаа Улаанаа ирээд Портер машинтай хүмүүсийг бидэнтэй уулзуулаад Улаанаа машинтайгаа яваад өгсөн. Портертой үндсийг складанд оруулж буулгаж үзэхэд улаан цэнхэр өнгийн судалтай цайвар ногоон өнгийн 9-н шуудай /түнкэрээ/- тай үндэс байсан. Хиллэж үзэхэд бохироороо 405 кг болж байсан. Мөнгөнсүх бид хоёр бохирыг нь хасаад 350 кг болоод нэг килограммыг 15.000 төгрөгөөр бодоод 5250.000 төгрөг болж байсан. Мөнгөнсүх бид хоёрт бэлэн мөнгө нь 2250.000 төгрөг байсан учир түүнийгээ өгөөд үлдэгдэл мөнгийг нь мобайл банкаар шилжүүлэх гэхэд Мөнгөнсүхийн утас цэнэггүй болоод үндэс өгөөд 2 цаг болсны дараа 3000.000 төгрөгийг нь Мөнгөнсүх тэр залуучуудын өгсөн дансанд хийсэн. ...Улаанаа л над руу байгаль орчны байцаагчийн хураагдсан үндэс гэж хэлж байсан...” гэжээ. /1-р хх-ийн 57-58 тал/

 

Гэрч О.Мөнгөнцоож мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн үдийн орчим багын найз Мөнхтөр нь над руу залгаад үндэс зарах гэсэн юм, үндэс авч байгаа хүн байна уу 400-500 кг орчим үндэс байна гэхээр нь би төмөр замд граж дээр машинтай юм хийж байна гэхэд очоод уулзъя гэсэн ...Энэ үндэс нь Чулуунхороот сумын байгаль орчны байцаагчийн хураасан үндэс байгаа юм гэж хэлээд машины кабин дотроосоо суудлын араасаа жижиг шуудайтай үндэс гаргаж өгсөн. ...Би Нямсүрэн рүү яриад Бунханд байх скаладны гадаа уулзахаар болоод би найзынхаа жижиг машинтай, Мөнхтөрийн 2 найз нь портер машинтай бид хэд Нямсүрэнгийн скаладны гадаа очоод тэр хэдийг Нямсүрэнтэй уулзуулаад скаладны хашаанд портертой үндсийг оруулж өгөөд жижиг машинтайгаа яваад өгсөн. ...Үндэснүүдээ Нямсүрэнд өгсөн гээд надад 100.000 төгрөг өгсөн...” гэжээ. /1-р хх-ийн 61-62 тал/

 

Гэрч Ш.Энхболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Халхгол сумын төвөөс 24 км-т байрлах Атар-т гэх газар амьдардаг юм. 2017 оны 10 дугаар сарын 12-ны шөнө миний бие өвдөөд эрт унтсан шөнө 3 цагийн орчим нэг машины тэвшний дуу гараад байсан тэгээд би унтсан. Өглөө Эрдэнэчимэг эгч орж ирээд үндсээ алдчихлаа машин тэрэг харагдсан уу гэхээр нь шөнө машины тэвш дуугараад байсан талаар хэлсэн. Өөр мэдсэн зүйл байхгүй...” гэжээ. /1-р хх-ийн 63 тал/

 

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ий хөрөнгө үнэлсэн тухай 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Р18-29 дугаартай тайланд: Уг эд зүйлс нь зах зээлийн хандлагаар 9 үнэлэгдэж нийт 19468.000 төгрөгийн үнэлгээ тогтоогдов гэжээ. /1-р хх-ийн 118-125 тал/

 

Хохирогч С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Баян-Уул сумын “Цагаан чулуут” гэх газарт эхнэр, хүүхдүүдийн хамт өөрийнхөө хэдэн тооны малыг маллаж амьдардаг юм. ...Би гэрээсээ 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гарсан ба гарахдаа  малынхаа хашаануудын хаалгыг утсаар боож орхиод явсан байсан чинь ирэхэд хонины хашааны хаалга онгорхой хашааны дээгүүр хөндлөн мод шургааг байсан тэр байхгүй байхаар нь гайхаад орой тугалнуудаа оруулж хаагаад амарсан. Маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 16-ны өглөө үхэрнүүддээ өвс тавьж өгч байхад улаан халзан зүсмийн эр үхэр байхгүй байхаар нь цаашилж дахин харахад улаан халзан зүсмийн үнээ мөн адил байхгүй байхаар нь эхнэр Байгалмаад хэлж бид хоёр хашааны гадуур харахад тээврийн хэрэгслийн мөр, гутлын мөр зэрэг байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. ...Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, би хохирлоо бүрэн барагдуулж авсан...” гэжээ. /2-р хх-ийн 3-5 тал/

 

Гэрч Б.Байгаль мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 12 сарын 15-ны орой...хөдөө гэртээ иртэл бидний эзэмшлийн улаан халзан эр хашираг баруун чих нь онь, зүүн чих нь бүтэн, улаан халзан эм үхэр баруун чих нь онь, зүүн чих нь бүтэн гэх 2 тооны үхрийг хөдөө гэрийн гадаа байхад нь 1 тээврийн хэрэгслийн мөр, 3 хүний хөлийн мөр, цагаан өнгийн мяндсан уяа, үхэрт чирэгдсэн байж болох хүмүүсийн мөр байсан. Манай хонины хашаанд 2 үхэр оруулсан гэх мэт мөрүүд байсан. Дээрхи тээврийн хэрэгслийн мөрийг дагаж явахад манай гэрийн зүүн хойноос орж ирээд зүүн урагшаа явсан мөр байсан. ...Оросоо буюу /У/ нь надтай уулзаад би танай үхрийг авсан, өргөдлөө татаж авах уу би гомдлыг чинь барагдуулья гэж надтай уулзаад хэлэхээр нь би гомдол барагдуулж байгаад өргөдлөө авна гэж хэлсэн. Мөн хүргэн Энх-Од надтай уулзаад танай үхрийг авсан нь үнэн, өргөдлөө татаж аваач гэж надаас гуйсан...” гэжээ. /2-р хх-ийн 6-7 тал/

 

Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Дашбалбар сумын 3 дугаар багийн нутаг “Чух” гэх газарт Дашбалбар сумаас зүүн урагшаам 19 км газарт мал маллаж байна. 30 гаруй тооны адуутай. ...Энэ жил хүйтэн байсан тул адуугаа зүүн урагшаа Чойбалсан сумын нутаг “Чингис Балл” гэх газар байлгаж байсан. ...2019 оны 01 дүгээр сарын 20-ны орчим адуугаа татах үед манай адуу Чойбалсан сумын нутаг Чингис баллын орчимд очсон байхаар нь адуугаа бүртгээд үзтэл адуун дотроос 8 тооны адуу дутуу байхаар нь тэр ойр орчмоор нь хайгаад олоогүй. Тэрнээс хойш 8 тооны адууг хайж сураглаад ямар нэг сураг гараагүй. ...Тэр алдсан адуун дотор улаан хээр морь зөв талдаа Ц тамгатай, Шар халтар хязаалан адуу, Цавьдар хязаалан морь, Хээр халтар хязаалан морь эдгээр 3 тооны адуу нь зөв талын гуяндаа хас тамгатай, Ухаа хул шүдлэн үрээ, Цавьдар шүдлэн үрээ эдгээр 8 тооны адууг алдсан. ...2019 оны 03 дугаар сарын 08-ны орчим байх У гэх залуу сумын төв дээр надтай уулзаад “та адуугаа алдсан гэсэн үү, би танай адууг хулгайлсан хүн байна зүс тамгаараа танайх болж таарч байна, цагдаа дээр шалгагдаад цөхрөнгөө барж байна хоёулаа хуулийн дагуу учраа олъё, хохирлоо барагдуулая” гэсэн. Адууны махны мөнгө гээд 3.800.000 төгрөг авсан. ...Үлдэгдэл мөнгөө нэхэмжилнэ...” гэжээ. /2-р хх-ийн 183-184, 3-р хх-ийн 47, 80-81 тал/

 

Гэрч И.Баатархуяг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө 10 цагийн орчимд манай багын найз болох У /Оросоо/ миний утас руу өөрийн 88407069 дугаарын утаснаас залгаад би аймаг руу орох гэж яваад машины дугуй хагарчихлаа надад дугуй дөхүүлээд өгөөч гэхээр нь ...Эрхэмээ гэх зүс таних цагаан өнгийн Стана маркийн машинтай залуугаас 1 ширхэг дугуй аваад шууд Чойбалсан сум руу гарсан бөгөөд өдрийн 12 цагийн орчим Чойбалсан сумын зүүн урд талд овгор шорооны зүүн талд Оросоогийн байгаа газар очсон юм. Би дугуйг нь аваачиж өгөөд солиулчихаад түрүүлж явах гэтэл би муу дугуйтай байгаа мөн малын бичиггүй байгаа тул цагдаа байгаа эсэхийг хараад яваарай гэсэн. Ингээд араасаа дагуулж явсаар өдрийн 15 цагийн орчимд аймгийн төвд ирсэн. ...намайг очиход Г.Базаргүр, Ханбүргэд нарын хүмүүс байсан. ...очиход адууны мах ачсан байдалтай байсан яг хэдэн тооны адууны мах байсан болохыг сайн мэдэхгүй байна. Дорнод аймгийн төв рүү ирэхдээ Ханбүргэд стана маркийн машиныг жолоодож ирсэн юм. Тухайн тээвэрлэж ирсэн махаа Хэрлэн сумын 1 дүгээр баг нуурын 9-02 тоотод буюу Даваасүрэн гэх залуугийн хашаанд буулгаж байсан...” гэжээ. /2-р хх-ийн 187-188 тал/

 

Гэрч У.Энхзул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэгээ тасраагүй байхад манай нөхөр Даваасүрэнгийн 80995155 гэх дугаар руу Хамбаа, Базараа хоёрын хэн нэг нь залгаж гэрийнхээ гадаа гараад ирээч хөгшөөн, гэрийн чинь гадаа ирчихсэн байна гэж ярьж байгаа нь надад сонсогдсон. Удалгүй манай нөхөр гэрээсээ гараад 20 орчим минут болсны дараа Хамбаа, Базараа 2 манай гэрт орж ирээд гараа угааж байсан бөгөөд миний харснаар тэр хоёрын гар нь цус болсон байсан. ...Тэгэхээр нь би Хамбаа, Базараа хоёрыг хоол идэх байх гэж бодоод хоол хийхээр болж пин дотор байх хөргөгчнөөс хоолныхоо махыг авахаар ороход манай пин дотор мах хураагаад тавьсан байсан. Тэгээд гэрт орж ирээд ... асуухад манай нөхөр Хамбаа, Базараа хоёр өдөр ирэхдээ манай пинд мах буулгаад явсан юм аа гэж надад хэлсэн. ...Тэр хоёр пинд хураасан махны талаар ямар нэг зүйл огт яриагүй...” гэжээ. /2-р хх-ийн 185-186, 189-190 тал/

 

Гэрч Т.Ханбүргэд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг ойрхон Хэрлэн сумаас цааш идшиндээ явах гэсэн юм яваад өгөөч, найз нь чамд 300.000 төгрөг өгье гэсэн юм. Тэгэхээр нь би мөнгөө бэлнээр авна гэхэд ирээд өгье чиний машин түлштэй биз дээ, түлшийг нь хийгээд өгнө гээд Оросоо, Базараа нарын хамтаар орой явсан. Миний машиныг Оросоо бариад зүүн тийшээ явсан би архи уугаад согтсон учир хаана яваад байгаа газраа мэдэхгүй явсан. ...Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шөнө дунд сэрэхэд би машиндаа ганцаараа жолоочийн ард талын суудал дээр унтаж байсан юм. Машинаас буугаад бие засахаар гарахад цастай газар байсан яг ямар сум гэдгийг мэдэхгүй, шар Базараа, Оросоо хоёр баруун хойд талд зайтай идшээ хийгээд байж байсан. Бие засаж дуусаад машиндаа суугаад архи уугаад унтаад өгсөн. ...Би хулгайн мал гэдгийг мэдээгүй...” гэжээ. /2-р хх-ийн 198-201 тал/

 

Гэрч Б.Гэндэнсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уул хорооллын дунд байрлах Дорнын алтан тал хоршоонд Болдоотой хамтарч ажиллаж байхад Эрдэнэхүү над руу залгаад хулгайд алдагдаад, олдсон мах байна, хохирогч нь олдоогүй байгаа юм хүлээлгэж өгч чадахгүй байна, алдагдаад хэд хоночихлоо чи худалдаж авах уу гэж хэлэхээр нь үзсэн чинь харалсан, өвсөнд хутгалдсан мах байхаар нь зах зээлийн ханшнаас доогуур авна, хорогдол гарна гэж хэлсэн чинь ямар ч байсан ав гэж хэлэхээр нь би зах зээлийн ханшнаас доогуур 4500 төгрөгөөр бодоод нийт 8 тооны адууны 892.5 кг махыг 4000.000 төгрөгөнд худалдан авсан. ...Хохирогч гэх ахад цувуулан мөнгийг нь барагдуулсан. Сүүлд сонсоход Баяртогтох гэх ахад барагдуулсан...” гэжээ. /3-р хх-ийн 49 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлүүд /1-р хх-ийн 8, 215, 2-р хх-ийн 169 тал/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 9-15, 2-р хх-ийн 170-174 тал/

- Мөрдөгчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /1-р хх-ийн 17 тал/

- Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэлүүд /1-р хх-ийн 24-25, 221, 2-р хх-ийн 179 тал /

- Эд зүйлийн үнэлгээнүүд /1-р хх-ийн 20, 26, 35, 218, 222, 175, 2-р хх-ийн 181, 3-р хх-ийн 79 тал/

- “Hyundai Porter” маркийн 08-56 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, “Hyundai Porter” маркийн 29-87 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, “SSANGYONG ISTANA” маркийн 67-82 Дор улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар  /1-р хх-ийн 95, 2-р хх-ийн 49, 180 тал/

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 216 тал/

- Прокурорын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 5/43 тоот, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 5/07 тоот, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 5/49 тоот тогтоолууд /1-р хх-ийн 21-22, 219, 2-р хх-ийн 176-177 тал/

- Гэрч Б.Мөнгөнсүхийн мэдүүлэг /1-р хх-ийн 59-60 тал/

- Шинжээч Ц.Түвшинцэнгэлийн мэдүүлэг /1-р хх-ийн 192-193 тал/

- Гэрч Б.Даваасүрэнгийн мэдүүлэг /2-р хх-ийн 191-193 тал/

- Гэрч Г.Амартүвшингийн мэдүүлэг /3-р хх-ийн 12 тал/

- Гэрч Б.Эрдэнэхүүгийн мэдүүлэг /3-р хх-ийн 118-119 тал/

- Яллагдагч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /3-р хх-ийн 43-46 тал/

- У-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 38-42, 72-76, 126-127, 145, 2-р хх-ийн 35-36, 196-197, 224-225, 3-р хх-ийн 87-88 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

            Шүүгдэгч ........... овогт У нь шүүгдэгч Г.Базаргүр, Д.Мөнхтөр, А.Зоригтбаатар нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө “Hyundai Porter” маркийн 08-56 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан Дорнод аймгийн Халхгол сум 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Атар-2” гэх газарт дэлгэж хатааж байсан 486 кг 700 гр дэрэвгэр, жиргэрүү ургамлын үндсийг хулгайлж хохирогч Э-т 19468.000 /арван есөн сая дөрвөн зуун жаран найман мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

            -мөн шүүгдэгч Г.Базаргүртэй бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө “Истана” маркийн 67-82 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан Дорнод аймгийн Чойбалсан сумын 4 дүгээр багийн нутаг “Чингис балл” гэх газарт бэлчиж байсан хохирогч Б-н 8 тооны адууг хулгайлж 9500.000 /есөн сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

-мөн шүүгдэгч Д.Ганболд, Б.Энх-Од нартай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 20 цагийн орчим “Hyundai Porter” маркийн 29-87 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар баг “Хар чулуут” гэх газар нутаглах хохирогч С гэрийн гаднаас улаан халзан шүдлэн эр үхэр, улаан халзан сувай үнээ буюу 2 тооны үхэр хулгайлж 1800.000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Э, С, Б, гэрч Д.Батбаяр, Д.Нямсүрэн, Б.Мөнгөнсүх, О.Мөнгөнцоож, Ш.Энхболд, Б.Байгалмаа, И.Баатархуяг, У.Энхзул, Т.Ханбүргэд, Б.Гэндэнсүрэн, Б.Даваасүрэн, Г.Амартүвшин, Б.Эрдэнэхүү, шинжээч Ц.Түвшинцэнгэл нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ий хөрөнгө үнэлсэн тухай 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Р18-29 дугаартай тайлан, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөгчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэлүүд, эд зүйлийн үнэлгээнүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Прокурорын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 5/43 тоот, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 5/07 тоот, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 5/49 тоот тогтоолууд, яллагдагч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос шүүгдэгч У-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”, мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж тус тус заажээ.

 

Иймд Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос шүүгдэгч У-ын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэж зүйлчилж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч У-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч У-ыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн, бүлэглэн, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч У нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч У-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ут Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн ерөнхий анийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн  хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн  хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У-ын цагдан хоригдсон 89 /наян ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

 Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос шүүгдэгч У нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд шилжүүлсэн ба шүүх хуралдаан 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 14.00 цагт эхэлж шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийг уншиж танилцуулан, шүүгдэгч Д.Мөнхтөрийн өмгөөлөгч Ө.Батболдын шүүх хуралдаанд гаргасан “хохирол нөхөн төлөх зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг 2020 оны 09 дүгээр сарын 01- ний өдрийн 14.00 цаг хүртэл завсарлуулсан. Гэвч шүүгдэгч У нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүхээс оргон зайлсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу эрүүгийн 1721002790179 дугаартай хэргээс шүүгдэгч У-т холбогдох хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 661 дугаар шүүгчийн захирамжаар тусгаарлан, түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй юм.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С-д 1800.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгч У-ыг хохирогч С-д төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Харин хохирогч Э-т 19468.000 төгрөгийн, хохирогч Б-д 9500.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч У-т ногдох хэсэг болох 4867.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э-т, хохирогч Б-д учруулсан 9500.000 төгрөгийн хохирлоос 3800.000 төгрөг /хураасан махыг зарсан үнэ/-ийг хүлээлгэн өгсөн байх тул төлөгдөөгүй 5700.000 төгрөгийн хохирлоос шүүгдэгчид оногдох хэсэг болох 2850.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б-д тус тус олгохоор тогтов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох “НЭТК капитол авто” ХХК-ийн эзэмшлийн “Hyundai Porter” маркийн 08-56 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 7000.000 төгрөгөөс шүүгдэгч Ут ногдох хэсэг болох 1750.000 төгрөгийг, мөн “Бичил глобус групп” ХХК-ийн эзэмшлийн “Hyundai Porter” маркийн 29-87 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 4500.000 төгрөгөөс шүүгдэгч Ут ногдох хэсэг болох 1500.000 төгрөгийг, мөн иргэн Г.Амартүвшингийн эзэмшлийн “Istana” маркийн 67-82 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 5000.000 төгрөгөөс шүүгдэгч У-т ногдох хэсэг болох 2500.000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирол нөхөн төлөхөд зарцуулж, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч У-ын эзэмшлээс “Hyundai Porter” маркийн 08-56 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоол, Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай багийн Бүрд гудамжинд байрлах 5000 м2 хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилсэн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 5/43 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоол зэргийг тус тус хэвээр үлдээж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч У-ын ............... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос шүүгдэгч У-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн ирүүлснийг, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан шүүгдэгч У-ыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч У-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн ерөнхий анийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн  хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн  хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У-т оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У-ын цагдан хоригдсон 89 /наян ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч У-аас бусдад учруулсан гэм хорын хохиролд нийт 7717.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Э-т 4867.000 төгрөгийг, хохирогч Б-д 2850.000 төгрөгийг тус тус олгож, хохирогч С нь өөрт учирсан хохирлыг барагдуулж авсан тул шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг хохирогч С-д төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч У-ын эзэмшлээс “Hyundai Porter” маркийн 08-56 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоол, Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай багийн Бүрд гудамжинд байрлах 5000 м2 хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилсэн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 5/43 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоол зэргийг тус тус хэвээр үлдээж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч У-ын .............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох “НЭТК капитол авто” ХХК-ийн эзэмшлийн “Hyundai Porter” маркийн 08-56 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 7000.000 төгрөгөөс шүүгдэгч Ут ногдох хэсэг болох 1750.000 төгрөгийг, мөн “Бичил глобус групп” ХХК-ийн эзэмшлийн “Hyundai Porter” маркийн 29-87 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 4500.000 төгрөгөөс шүүгдэгч У-т ногдох хэсэг болох 1500.000 төгрөгийг, мөн иргэн Г.Амартүвшингийн эзэмшлийн “Stana” маркийн 67-82 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 5000.000 төгрөгөөс шүүгдэгч Ут ногдох хэсэг болох 2500.000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирол нөхөн төлөхөд зарцуулж, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ