Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2022/00668

 

 

2022 02 16 101/ШШ2022/00668

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.О-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Р ХХК-д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 477,100,455 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2017 оны 01-р сарын 23-ны өдрийн 17/01 дугаар Ажлын байр түрээслэх гэрээ-ний 5 дугаар зүйлийн 5.6-д заасан зүйлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 3,300,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О, өмгөөлөгч Б.Т , хариуцагч Р ХХК-ний захирал Ц.Г , өмгөөлөгч Э.Ж , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Миний нөхөр Ш.Э нь анх 2011-11-11-ний өдөр Ажлын байр түрээслэх гэрээ байгуулж, 2122 м.кв талбай бүхий газарт байрлах зоорийн давхартайгаа нийт 4 давхар 1800 м.кв үл хөдлөх эд хөрөнгөө Р ХХК-д түрээслүүлсэн. Миний хань нас барсан тул С.О би 2017-01-23-ны өдөр Ажлын байр түрээслэх гэрээг Р ХХК-тай шинэчлэн байгуулж, энэхүү гэрээний дагуу өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн. Гэтэл Р ХХК нь 2020-05-01-ний өдөр хоёр тал харилцан тохиролцож гэрээгээ цуцалж, түрээсэлж буй үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлцэж байгаа мэтээр бичиг үйлдэн гарын үсэг зурж, түрээслүүлэгч С.О над руу явуулсан байсан тул миний бие уг албан бичигт 1. талууд гэрээг цуцлах талаар харилцан тохиролцоогүй, 2. талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар гэрээг цуцлах тохиолдолд гэрээг цуцлах тал нөгөө талдаа 2 сарын өмнө урьдчилан мэдэгдэхээр заасан талаар хариу албан бичиг хүргүүлсэн боловч 6 сарын эхээр дур мэдэн түрээсэлж буй объектоо хүлээлгэж өгөлгүйгээр хаяад нүүсэн байсан учир миний бие өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө хүлээж авах ямар ч боломжгүй нөхцөл байдалтай болгосон байсан.

Зоорийн давхар буюу B1 нь анхнаасаа 6-8 автомашины зогсоолын зориулалттай баригдсан байсан. Р ХХК-д явцдаа манайд мэдэгдэхгүйгээр бүтэц, өрөөний зохион байгуулалтыг өөрчилж архивын өрөө, рентгений өрөө, цайны газар, хоол хүнсний агуулахын өрөө болгож цаашид зориулалтаар нь ашиглах боломжгүй болгож өөрчилсөн. Мөн зоорийн давхрын таазны доор цэвэр, бохирын шугам, тог цахилгааны монтаж, маш олон төрлийн цэвэр бохирын хуванцар хоолой хийж, төмрөөр тогтоон түүнийгээ нуух зорилгоор наагуур нь гипсээр тааз хийсэн. Цементэн шалыг нүхэлж, муу усны худаг гаргаж, бохироо соруулалгүй орхисон байгаа нь мөөгөнцөр үүсэх эрсдэлтэй нөхцөл байдлыг бий болгож эрүүл ахуйн шаардлагад огт нийцэхгүй байна. 380 вольтын өндөр хүчдэлийн цахилгааны шугам тавьж, хаалт хамгаалалт муу хийсэн. Энэ нь бохирын нүхтэй нэг дор байгаа нь ус, цахилгааны эрсдэлийг бий болгож байна.

1-р давхарт: 2 өрөөний паркетан шалыг хуулж плита наасан, бүх өрөө хоорондын тоосгон ханыг цоолж, угаалтуур болон холигч суулгасан, түүнээс гарах бохирын хуванцар хоолойг хана дагуулан ил харагдахуйц эрсдэлтэй байдлаар шийдвэрлэж нэмэлт тог цахилгаан багаж, тоног төхөөрөмж байрлуулахын тулд даацын хана болон бусад хануудыг энэ тэнд нь цоолж өрөмдөж тог цахилгаантай утсыг хана дагуулан ил байдлаар шийдвэрлэсэн байх ба нэг анги танхимын зориулалттай баригдсан өрөөнүүдийг 2-3 хана, хаалга хийж 4-5 өрөө, тасалгаа болгож өөрчилсөн. Сургуулийн цайны газрын заалыг шилэн хаалтаар тусгаарлаж, 3-4 өрөө гаргаж, цахилгааны утас, сантехникийн хуванцар хоолойнуудыг шалан дээгүүр ил задгай суурилуулсан байгаа нь сургуулийн зориулалтаар ашиглах боломжгүй, хүүхдэд эрсдэлтэй орчин нөхцлийг бий болгосон.

2, 3-р давхарт: Анги, танхимын зориулалтын өрөөг өрөө хооронд нь 1-2 хана хийж, тус өрөөнүүдийг 34 өрөө тасалгаатай болгож, сургалтын анги танхимын зориулалтыг өөрчилсөн ба 3 дугаар давхарт байрлах 3 цонхтой ангийг мэс заслын өрөөний зориулалтаар өөрчилж, тоосгоор баригдсан ханыг нурааж энгийн хаалгыг 2 дахин нийлүүлсэн хэмжээний том хаалга гаргаж, бүтэц зохион байгуулалтыг өөрчилсөнөөр цахилгааны монтажид өөрчлөлт гаргаж, 67 газар цоолж, цахилгааны ил монтаж хийсэн. Шинээр ариун цэврийн өрөө гаргаж, бохирын шугамыг 2 давхрын хучилтын хавтан цоолж, таазанд ил тогтоож, өрөө бүрт угаалтуур гаргаж, өрөө хоорондын тоосгон ханыг цоолж бохирын хоолойг хана дагуулж ил харагдахуйц байдлаар шийдвэрлэсэн, тог цахилгаан шаардсан эмнэлгийн багаж тоног төхөөрөмж байрлуулахын тулд даацын хана, тааз болон бусад хануудыг энэ тэнд нь цоолж, өрөмдөж тог цахилгаантай утсыг хана дагуулан ил байдлаар хийсэн.

Коридор, сан техник, тог цахилгаан, хаалга, цонх бусад эвдрэл гэмтлийн тухайд: Тус сургуулийн байрны өрөө тасалгааны ихэнх цонх нь хагарч, цуурсан. Цонхны түгжээг эвдэж нэмэлтээр түгжээ суулгаж, дулаан алдагдахуйц байгаа. Энэ байдлыг тогтоолгохоор Монгол Улсын зөвлөх архитекторт хандаж дүгнэлт гаргуулсан. Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандаж газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Л.Ж  2020-07-22-ны өдрийн 02-07-17/1063 дүгнэлтээр тус барилгыг цаашид сургалт эрхлэх зориулалтын дагуу ашиглах боломжгүй, зэрэг дүгнэлтүүдийг ирүүлсэн. Уг дүгнэлтийн дагуу миний бие түрээслэгч Р" ХХК-ны эвдэж сүйтгэсэн ажлыг сэргээн засварлаж өмнөх байсан үеийн байдалд оруулахад хичнээн төгрөгний төсөв шаардлагатай талаар төсөв гаргадаг мэргэжлийн төсөвчинд хандаж, засварын ажлын төсөв гаргуулахад 260,500,445 төгрөг зарцуулагдах талаар төсвийн тооцоо ирүүлсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт гэрээний хугацаа дуусгавар болсон эсвэл гэрээг цуцалсны дараа түрээсэлсэн байрны иж бүрэн засварыг түрээслэхийн өмнөх үеийн сургуулийн зориулалтын анги, танхим байсан/ байдлаар хийж, засварын зардлыг түрээслэгч тал бүрэн хариуцаж, байр эд хөрөнгийг түрээслүүлэгч талд хүлээлгэн өгнө гэж заасан. Гэвч түрээслэгч Р ХХК нь өнөөдрийг хүртэл засвар үйлчилгээ хийхээс татгалзаж, 30,000,000 сая төгрөг засварт өгье үүнээс илүү төлбөр өгч чадахгүй, доторх үлдээсэн эд зүйлс одоо хэрэггүй, та засвар хийлгэхдээ нэгмөсөн цэвэрлүүлчих гэх мэтээр хандсан. Эд хөрөнгөө зориулалтын дагуу ашиглахын тулд засвар хийхэд маш их хэмжээний зардал гарах нь тодорхой болсон. Зохих хэмжээгээр бид засварыг хийж одоо сургуулийн зориулалтаар нь ашиглаж байна. Түрээслэгч гэрээний дагуу байрыг өмнөх байдалд оруулаад өгсөн бол би түрээс болон завсарын зардлын талаар нэхэмжлэл гаргахгүй байсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт ямар нэг байдлаар гэрээг цаашид үргэлжлүүлэхгүй болсон тохиолдолд "түрээслэгч.....түрээсэлсэн байрны доторх иж бүрэн засварыг түрээслэхийн өмнөх vеийн сургуулийн сургалтын зориулалттай анги танхим, өрөө тасалгаа байсан/ байдлаар засварлаж, засварын зардлыг түрээслэгч тал бүрэн хариуцаж, байр, эд хөрөнгийг түрээслүүлэгч талд бүрэн хүлээлгэж өгнө гэж харилцан тохиролцож гэрээнд тусгасан.

Иймд 2020 оны 05-р сараас 2020 оны 10-р сарыг хүртэлх хугацааны түрээс 150,000,000 төгрөг, 2020.10.01-ний өдрөөс 2020.12.01-ний өдрийг хүртэлх хугацааны олох байсан орлого 60,000,000 төгрөг, шинжээчийн зардал 7,000,000 төгрөг, засварын зардал 260,500,445 төгрөг, нийт 477,500,445 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.

Хариуцагч Р ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдаж буй нөхцөл байдал нь бодит байдалд үл нийцсэн, хэт өөрийн талд гуйвуулсан агуулга бүхий тайлбар байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч буюу түрээслэгч С.О-д дэлхийн нийтэд тулгамдаж буй Ковид-19 цар тахлын вирусын үед дэлхийн төдийгүй Монгол улсын эдийн засаг доголдсонтой холбогдуулан өөрсдийн зүгээс удаа дараа хүсэлтийг хүргүүлж, харилцан тохиролцож ажиллахыг санал болгосоор байсан. Гэтэл манай компанийг шөнө гэрт нь хулгай ороод гарсан мэт гэнэт хамаг юу орхиод алга болсон мэт тайлбарлаж байгаад харамсалтай байна. Хариуцагч компанийн хувьд Монгол улсын хуулийн этгээд 2019 оноос дөнгөж 100 хувийн эрх нь шилжиж ирсэн татвар төлөгч байгууллага. Тус эмнэлэг нь Эрүүл мэндийн даатгалын газраас санхүүжилт авдаггүй, 100 хувь үйлчлүүлэгчийн төлбөрөөр санхүүждэг. Бидний зүгээс нэхэмжлэгчид цар тахал буюу Монгол улсад хор уршиг нь нөлөөлж, тус эмнэлгийн үйлчлүүлэгчийн тоо эрс багассан санхүүгийн хүндрэл үүссэн үеэс л эхлэн түрээслүүлэгчид мэдэгдэл,санал хүсэлтийг удаа дараа (өөрсдийн нөхцөл байдлыг тайлбарлаж) хүргүүлж байсан. Түрээсийн байрыг сургуулийн зориулалттайгаар засварлах төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Учир нь түрээслүүлэгч нь уг барилгыг огтоосоо сургуулийн зориулалтаар цаашид үйл ажиллагаа эрхлэх бодолгүй байгаа нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээрээс харагддаг. О бүрэн дунд сургуулийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлгүй байгаа зэрэг үндэслэл бүхий нэхэмжлэлдээ дурдсан үйл баримтуудаас дээрх үйл ажиллагааг явуулахгүй болох нь байна гэж үзэж байна. Тиймээс Иргэний хуулийн 326.1-д Түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй гэж заасны дагуу ердийн тооцож түрээсийн байрыг шилжүүлэн өгөх хууль зүйн зохицуулалттай учир нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа үнийн дүн нь угтаа анхнаас нь сургуулийн барилга барихад шаардагдах төсөв гаргуулсан болох нь төсөвчний хийсэн төсвийн задаргаа агуулгаас харагдаж байна. Нэхэмжлэлийн үндэслэл 2-т 5 сарын түрээсийн төлбөрт 150,000,000 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Дээр дурдсан мэдэгдэл хүсэлт саналд ямар нэгэн байдлаар хариу ирүүлээгүй ба бидний саналыг хүлээн авах эсэхээ илэрхийлээгүй. Тиймээс бидний зүгээс хуульд заасан хугацаа буюу 2020 оны 02 дугаар сараас эхлэн хүсэлт мэдэгдэл саналыг хүргүүлж байсан тул гэрээг цуцлах саналыг хуульд заасан хугацаанд хүргүүлсэн. Ийнхүү уг хугацаа нь 2020 оны 05 дугаар сараар дуусгавар болсон ба бидний зүгээс түрээсийн байрыг хүлээлгэн өгсөнд тооцогдоно. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээслэгч нь тухай байрыг ашигласан хугацаанд л түрээсийн төлбөрийг төлөхөөс ашиглаагүй түрээслүүлэгчийн түрээсийн зүйлийг хүлээн аваагүйн улмаас учирсан хугацааны хохирлыг түрээслэгч байгууллага хариуцах хууль зүйн үндэслэлгүй болох нь хуульд тодорхой заасан байна. Талуудын хооронд байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан ажлын байр түрээслэх гэрээ нь хуулийн хүрээнд хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Түрээсийн гэрээнд үндэслэл болгосон Иргэний хуулийн 262 дугаар зүйл нь Зээлээр худалдах, худалдан авах гэрээг үндэслэл болгосон байдаг. Иргэний хуулийн 318.3 дахь зохицуулалтыг зөрчсөн, ийнхүү зөрчсөн нь 318.4-т заасны дагуу хүчин төгөлдөр бус болно. Түрээслүүлэгч, түрээслэгч нар нь Монгол болон БНХАУ-ын иргэн байтал түрээсийн гэрээг зөвхөн Монгол хэл дээр үйлдсэн байдаг. Үүнээс үзвэл уг гэрээ нь компанийн өмнөх өмчлөгчдийг төөрөгдүүлэх нөхцөлтэй хийгдсэн байх ба БНХАУ-ын иргэдийг залилсан байж болзошгүй нөхцөл байдал үүсгэж байгаа нь түрээсийн гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус байх нөхцөл, урьдчилсан нөхцөлийг бүрэн хангаж байна. Түрээслэгч этгээд нь түрээсийн төлбөрийг авдаг хэрнээ Монгол улсын татварын ерөнхий хууль түүнтэй холбоотой бусад хуулиудыг дагаж мөрддөггүй, түрээсийн төлбөрийн баримтыг (НӨАТ-ын баримт) өгдөггүй манай компанийг хохироосоор ирсэн. Улсын комисс барилга байгууламжийг хүлээж авахад эмнэлгийн зориулалттай ашиглаад эхэлсэн байсан. Тиймээс үүнийг сургуулийн зориулалттай болгон засах нөхцөл бүрдэхгүй. 2020-02-19-ний өдрөөс ковидын нөхцөл байдалтай холбогдуулан эмнэлгийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсон. 2020 оны 02 сарын 19-ний өдрөөс нэхэмжлэгч талд хандан бидэнд хүндрэл гарч байгаа учир түрээсийн төлбөрийг багасгаж дэмжлэг үзүүлээч, мөн Оэмнэлэг 100 хувь Хятадын хөрөнгө оруулалттай байж байгаад 2019 онд Монголд бүрэн шилжиж ирсэн, удирдлагууд солигдсон учраас бидний хийсэн гэрээ шинэчлэгдэх шаардлагатай байна гэдэг нөхцөлүүдийг 2020 оны 02 сарын 19-ний өдрөөс 2020 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл 4, 5 албан бичгээр хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй. Бидний үйл ажиллагаа явагдах боломжгүй болж, нэхэмжлэгч тал бидэнд ямар нэгэн хөнгөлөлт үзүүлээгүй учраас энэ байранд явуулж байсан үйл ажиллагаагаа зогсоосон. Барилгаа хүлээж авахгүй болохоор нь бид харуул хамгаалалтаа хариуцаад 10 сар хүртэл байсан, барилгад үйл ажиллагаа явуулаагүй. Албан бичиг хүргүүлсэн учир нэхэмжлэлийн шаардлага 477,500,445 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Р ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь хариуцагчаас үндэслэлгүйгээр гэрээний төлбөр нэхэмжилсэнтэй холбогдуулан хариуцагч байгууллага нь шинжээч томилуулах нөхцөл байдал үүссэн. Хариуцагч байгууллага нь өөрийн буруугүй болох, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох талаар тайлбараа гаргасан. Нэхэмжлэгч талаас өөрсдөө төсөв гаргуулсан гэх, төсвийн үнэлгээ бодит байдал дээр үндэслээгүйтэй холбогдуулан шинжээч томилуулсан ба тухайн үед дүгнэлт гаргасан шинжээчид нөлөөлсөн байж болзошгүй нөхцөл байдлын улмаас хариуцагч нь дахин шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан. Нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр их хэмжээний төлбөр нэхэмжилсэнтэй холбогдуулан хариуцагч байгууллага нь дээр дурдсан зардлыг гаргаж өнөөдрийн байдлаар хохироод байна. Ийнхүү өөрийн буруугүй үйл ажиллагаанаас хамаарч холбогдох шинжээчийн зардалд төлсөн төлбөр 3,300,000 төгрөгийг гаргаж хариуцагч байгууллагад хохирол учраад байна. Иймд талуудын хооронд байгуулсан Ажлын байр түрээслэх гэрээтэй холбоотой маргаанд нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс хариуцагчид учирсан 3,300,000 төгрөгийн хохирлыг нэхэмжлэгчээс гаргуулах.

Хариуцагчийн өмнөх сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Гэрээний хууль зүйн үндэслэлийг тусгахдаа Иргэний хуулийн 262 дугаар зүйл буюу Зээлээр худалдах худалдан авах гэрээ-ний зохицуулалтыг дурдсан боловч уг гэрээний гол зорилго нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн "Түрээсийн гэрээ-ний зохицуулалтыг хэрэгжүүлсэн байдаг. Гэтэл уг гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй байгаа тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна." гэсэн үндэслэлээр гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нь тус нэхэмжлэлийн шаардлага Талуудын хооронд байгуулсан 2017-01-23-ны өдрийн 17/01 дугаар Ажлын байр түрээслэх гэрээний 5.6 дугаар зүйлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, болгон өөрчилж байна. Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч нь анхнаасаа уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эмнэлгийн зориулалтаар ашиглахыг мэдэж байсан. Мөн гэрээний 5.6-д заасан заалт нь Иргэний хуулийн 326.1-д заасан Түрээслэгчийн хариуцлага-г зөрчиж хийсэн заалт байх тул хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага болгон өөрчилж байна. Иргэний хуулийн 326.1-д Түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй гэж заасан байдаг боловч гэрээнд энэхүү үүргийг хэрэгжүүлэх боломжгүй байдлаар зохицуулсан буюу түрээсийн зүйлийг ямар нэгэн гэмтэл, элэгдэл хорогдолгүйгээр буцаан өгөх зохицуулалт оруулж өгсөн нь хууль зөрчсөн заалт байх тул уг заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэлтэй байна. Мөн Иргэний хуулийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан байдаг ба энэхүү шаардлагыг хангаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Энэхүү нотлох баримт нь хавтаст хэрэгт авагдсан 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн No7/2834 дугаар Залруулга хүргүүлэх тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын дарга Б.Ариунболдын ...эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна гэсэн албан тоотод хуульд заасан хэлбэрийн шаардлага зөрчсөн нь тогтоогдож байна гэж мөн үзэж байгаа. Иймд талуудын хооронд байгуулсан 2017 оны 01-р сарын 23-ны өдрийн No17/01 дугаар Ажлын байр түрээслэх гэрээ-ний 5 дугаар зүйлийн 5.6-д заасан зүйлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргаж байна гэв.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.6 дах заалтыг Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгуулъя, түрээслүүлэгчид эрх ашиг сонирхлыг хэт дордуулсан заалт байсан байна гэж ярьж байна. Бид сургуулийн зориулалттай болгож өг гэж хэлээгүй, анх байсан үеийн хэвийн байдалд оруулаад, ердийн элэгдэл хорогдлыг давсан эвдрэл гэмтэлээ зас, анх ямар эд хөрөнгө хүлээж авсан тэр хэмжээнд засвар үйлчилгээг хийх ёстой, анх түрээслэхэд чанарын шаардлага хангасан байсан, энэ байдлаар болго гэж байгаа. Сургуулийн зориулалтаар барьсан нь үнэн. 30-40 хүүхэд суух зориулалттай нэг танхим, лекц орохоор зориулагдсан нэг том заал, үдийн цай уух хэсэг гэх мэт барилгын бүтэц зохион байгуулалтыг харахад анхнаасаа тийм зориулалтаар баригдсан. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээр сургалт үйлчилгээний зориулалттай гэж байгаа. Чанарын шаардлага хангахгүй явуулсан монтаж, нэг танхимыг 4 хуваасан хана зэргийг буулгахад, хагалсан плита, цонхыг засахад, бохирын хоолойг 1-3 давхар хүртэл хана дагуулаад ил тавьсаныг буулгахад, 40 хүүхэд суух зориулалттай ангийг эмнэлгийн тоног төхөөрөмж оруулах зориулалтаар хаалгыг нь өргөсгөөд даацын ханан дээр хаалга гаргасан байдлыг хэвийн болгоход зардал гарна. Эмнэлгийн зориулалттай үйл ажиллагаа явуулахыг нь бид мэдэж байсан. Гэхдээ эмнэлгийн зориулалттай үйл ажиллагаа явуулна гэдэг нь дураараа бүтэц зохион байгуулалтыг нь өөрчлөөд дураараа хана гаргаад, хаалгыг нь өргөсгөөд, нэмэлтээр бохирын шугам гаргаад, цахилгаан монтаж тавь гэсэн үг биш. Үйл ажиллагаа явуулж болно, гэрээний гол зохицуулалт бол хэрэв шаардлагатай засвар үйлчилгээг хийх бол бичгээр мэдэгдэнэ гэсэн байгаа. Бид өрөөг чинь өргөсгөх хэрэгтэй байна гээд бичгээр хүсэлт өгөөд түүнийг нь зөвшөөрсөн бол өөр асуудал. Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар гэрээний 5.6 дах заалтыг хүчингүй болгох боломжгүй. Хүний эд хөрөнгийг түрээслээд тодорхой хэмжээнд үр шимийг нь хүртээд явж байсан хүн ердийн элэгдэл хорогдлоос давсан эвдрэл гэмтэл учруулчихаад түүнийгээ засах нь яагаад энэ хүнд хохиролтой заалт гэж үзээд байна вэ. Энэ бол ердийн элэгдэл хорогдлын түвшний юм байна гээд шинжээчийн зардал хийгдэх ажлын хэмжээнд оруулаагүй орхиод явсан зүйл олон байгаа. Шинжээч захирамжийн дагуу сэргээн засварлахад ямар зардал гарах вэ гэдэгт хариулж ажилласан. Ердийн элэгдэл хорогдлын хэмжээнд байсан бол бид нэхэхгүй, хүний зүйлийг эвдсэн бол засварлаж өгөх нь ойлгомжтой асуудал. Ийм байтал энэ заалт түрээслэгчийн эрх ашиг сонирхлыг илт хохироосон заалт байсан байна хүчингүй болгож өгөөч гэж гаргасан шаардлага нь үндэслэлгүй. Гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцуулъя гэсэн шаардлагаасаа татгалзаад зөвхөн 5.6 дах заалтыг хүчингүй болгуулъя гэж байгаа нь гэрээ хүчин төгөлдөр гэдгийг зөвшөөрч байна гэж ойлгож байна. Хүчин төгөлдөр гэж үзэж байгаа учраас 5.6 дах заалтыг хүчингүй болгуулъя гэж ярина, гэрээ хүчин төгөлдөр бус бол заалт нь ч хүчингүй гэсэн үг. Гэрээ хүчин төгөлдөр, хэдийгээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсгийг иш татаад гэрээ хэлбэрийн шаардлага хангаагүй байна, улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна гэж тайлбарлаж байгаа ч улсын бүртгэлийн байгууллагад ямар тохиолдолд бүртгүүлэх, бүртгүүлэхгүй байхыг зохицуулсан. Хэсэгчлэн түрээслэж байгаа тохиолдолд заавал Улсын бүртгэлийн байгууллагад тухайн гэрээг бүртгүүлэх шаардлагагүй байдаг. Бусад хэсгийг түрээслэдэг, агуулахад бидний өөрсдийн ашигладаг нэг өрөө байдаг. Энэ өрөөг түрээслээгүй гэдэгт Г гуай маргахгүй байгаа. Ийм үндэслэлээр гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй байсан. Хэдийгээр Иргэний хуулийн 318 дугаар 318.3 дах хэсэгт зааснаар бүртгүүлээгүй ч харилцан тохиролцоод, үүргээ хүлээн зөвшөөрөөд явсан тохиолдолд гэрээг хүчин төгөлдөрт тооцно гэсэн заалт байдаг. 2011 оноос хойш 2020 он хүртэл 9 жилийн туршид түрээсийн гэрээний дагуу хариуцагч тал мөнгийг төлдөг байсан. Хугацаа дуусахаар сунгаад харилцааг үргэлжлүүлээд байсан, нийт 3 удаа сунгасан. Яагаад сунгаад байна гэхээр гэрээ хүчин төгөлдөр гэдгийг талууд хүлээн зөвшөөрөөд байгаа учир гэрээг сунгаад харилцааг үргэлжлүүлээд байсан. 2020 оны 05 сарын 01-ний өдөр гэрээг цуцлах мэдэгдэл өгсөн өдрөө нүүгээд гарна гэж байхгүй. Гэрээ болон хуулийн зохицуулалтаар хамгийн багадаа 2020 оны 03 сарын 01-ний өдөр гэхэд манайх гэрээгээ цуцалж байна, 05 сарын 01-ний өдөр гэхэд объектийг чөлөөлж өгнө гэдэг агуулгатай мэдэгдлийг өгсөн байхыг шаардаад байгаа. Гэтэл тийм мэдэгдэл хавтаст хэрэгт байхгүй. Хавтаст хэрэгт өгсөн мэдэгдлүүдийн агуулгыг уншихаар түрээсийн төлбөрийг 70 хувь бууруулаач гэсэн агуулгатай байдаг. Шинжээчийн зардлыг яагаад манайхаас нэхсэн гэдэг үндэслэл нь тодорхойгүй байна. Үүнийг зөвшөөрөхгүй байгаа хоёр үндэслэл байгаа. Та нарын үүргээ гүйцэтгээгүй гэдгийг нотлуулахаар шинжээч томилууллаа гэж байгаа бол өөр асуудал. Гэтэл бид энэ хүний өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн. Шинжээчийн зардалд 3,300,000 төгрөг гарсан гэж хэлдэг. Ийм байх боломжгүй, шинжээчийн зардал тухайн үнийн дүнгийн 1-2 хувь байдаг. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Нотлох баримтын хувьд:

Нэхэмжлэгчээс 2011-11-11-ний өдрийн 001 дугаартай ажлын байр түрээслэх гэрээ, 2017-01-23-ны өдрийн 17/01 дугаартай ажлын байр түрээслэх гэрээ, гэрлэлтийн гэрчилгээ, нас барсны бүртгэлийн гэрчилгээ, 000002188 дугаартай О дунд сургуулийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2019-03-23-ны өдрийн газар эзэмшүүлэх гэрээ, Ү-220  дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020-06-18-ны өдрийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гаргасан хүсэлт, 2020-07-22-ны өдрийн 02-07-117/1063 дугаартай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт, 2020-06-15-ны өдрийн хүсэлт, 2020-06-17-ны өдрийн МУ-ын зөвлөх архитекторын дүгнэлт, 2012-06-19-ний өдрийн 2019/2012 дугаартай барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын дүгнэлт, хийгдэх засварын ажлын зургууд, засварын ажлын төсөв /1-р ХХ-ийн 9-89 тал/, 2020-05-03-ны өдрийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2020-05-03-ны өдрийн албан бичгийн хариу тайлбар, 2020-05-05-ны өдрийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2020-05-05-ны өдрийн албан бичгийн хариу тайлбар, 2020-05-07-ны өдрийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2020-05-08-ны өдрийн б/56 тоот санал хүргүүлэх тухай албан бичиг, 2020-05-15-ны өдрийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2020-06-02-ны өдрийн шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, 2020-06-12-ны өдрийн шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, Монгол шуудангийн төлбөрийн баримт, ОСНААУГазар ОНӨААТҮГазрын 2017-09-27-ны өдрийн 03/1602 тоот, 2017-09-26-ны өдрийн 03/1594 тоот албан бичиг, УНТЭмнэлгийн шинжилгээний хариу, Интермед эмнэлгийн шинжилгээний хариу /1-р ХХ-ийн 164-207 тал/, Барилга хот байгуулалтын сайдын 2019-12-30-ны өдрийн 217 дугаартай тушаал, тушаалын хавсралт /2-р ХХ-ийн 109-116 тал/ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

-       Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020-02-19-

ний өдрийн б/22 дугаартай, 2020-03-02-ны өдрийн б/26 дугаартай, 2020-03-30-ны өдрийн б/35 дугаартай албан тоот, 2020-04-09-ний өдрийн б/45 дугаартай мэдэгдэл, 2020-04-24-ний өдрийн б/47 дугаартай мэдэгдэл, 2020-05-01-ний өдрийн б/49 дугаартай мэдэгдэл, 2020-05-08-ны өдрийн б/54 дугаартай мэдэгдэл, 2020-06-09-ний өдрийн б/64 дугаартай мэдэгдэл, 2020-08-20-ны өдрийн б/70 дугаартай мэдэгдэл, 2020-11-06-ны өдрийн б/92 дугаартай мэдэгдэл, 81/2020 дугаартай батламж, 2020-05-01-ний өдрийн А/03 дугаартай тушаал, обьект хүлээлгэн өгөх бэлтгэл ажлын тухай, зургууд /1-р ХХ-ийн 123-155 тал/, АТГазрын 2021-05-13-ны өдрийн 06-5276 тоот албан бичиг, 2020-10-01-ний өдрийн УБЕГазрын эд хөрөнгийн лавлагаа /2-р ХХ-ийн 226-227 тал/, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн төлбөрийн баримт /3-р ХХ-ийн 120 тал/, НМХГазрын 2021-12-27-ны өдрийн 02-03/4381 дугаартай албан бичиг, 2012-06-19-ний өдрийн 219/2012 барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын акт, 2010-05-21-ний өдрийн улсын комиссын хурлын тэмдэглэл, 2010-05-21-ний өдрийн улсын комиссын гишүүний саналын хуудас, барилгыг байнгын ашиглалтанд оруулахад улсын комиссын гишүүдийн өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт /3-р ХХ-ийн 128-149 тал/ зэрэг баримтуудыг тус тус нотлох баримтаар ирүүлсэн.

Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр 2017-01-23-ны өдрийн 17/01 дугаартай ажлын байр түрээслэх гэрээ, Ү-220  дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р ХХ-ийн233-237 тал/, Бэсгэ ХХК-ийн барилгын их засварын ажлын төсөв /1-р ХХ-ийн 247-250 тал, 2-р ХХ-ийн 1-33 тал/, УБЕГ-ын 2021-04-20-ны өдрийн 7/2834 дугаартай албан бичиг, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлт /2-р ХХ-ийн 61-104 тал/, Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбооны дүгнэлтийг /2-р ХХ-ийн 148-216 тал/ нотлох баримтаар гаргуулсан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.О нь хариуцагч Р ХХК-д холбогдуулан 2017 оны 01-р сарын 23-ны өдрийн 17/01 дугаар Ажлын байр түрээслэх гэрээний үүрэгт түрээслэсэн эд хөрөнгийг засвар хийхэд гарах зардалд 260,500,445 төгрөг 2020 оны 5-р сараас 2020 оны 10-р сарыг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 150,000,000 төгрөг олох байсан орлого 60,000,000 төгрөг, шинжээчийн зардал 7,000,000 төгрөг, нийт 477,500,445 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагч Р ХХК нь 2017 оны 01-р сарын 23-ны өдрийн 17/01 дугаар Ажлын байр түрээслэх гэрээ-ний 5 дугаар зүйлийн 5.6-д заасан зүйлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, шинжээчийн зардал 3,300,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тайлбарыг шүүхэд гаргасан.

1. Нэхэмжлэгч С.О-н өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-220  гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн  Сургалт, оффиссын зориулалттай 1105 м,кв талбайтай, зоорийн давхарын хамт дөрвөн давхар үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч 2011 оны 11-р сарын 11-ний өдрөөс Ажлын байр түрээслэх гэрээг байгуулж, 2017 оны 01-р сарын 23-ны өдөр үргэлжлүүлэн түрээслэхээр гэрээг байгуулж эмнэлгийн үйл ажиллагаа явуулж, 2020 оны 5-р сарыг хүртэл үл хөдөл эд хөрөнгийг түрээслэж байсан үйл баримт тогтоогдсон, зохигч маргаагүй.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн. Зохигч Ажлын байр түрээслэх гэрээг байгуулсан хэдий ч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д зааснаар гэрээг үл хөдлөх эд хөрөнгийг бүргэлийн газарт бүртгүүлээгүй ч түрээсийн гэрээний харилцаа үүссэн.

Хариуцагч Р ХХК нь Иргэний хууль болон 2017 оны 01-р сарын 23-ны өдрийн Ажлын байр түрээслэх гэрээний 5-р зүйлийн 5.6-д зааснаар Гэрээний хугацаа дуусгавар болсон эсвэл гэрээг цуцалсны дараа түрээслэсэн байрны доторх иж бүрэн засварыг түрээслэхийн өмнөх үеийн/сургуулийн зориулалтын өрөө тасалгаа байсан/ байдлаар хийж засварын зардлыг түрээслэгч тал бүрэн хариуцаж, байр, эд хөрөнгийг түрээслүүлэгч талд хүлээлгэн өгөх үүргийг хүлээжээ.

Хариуцагч эд хөрөнгийг түрээслэх хугацаанд үл хөдлөх эд хөрөнгөнд засвар өөрчлөлт хийж эмнэлгийн зориулалтаар ашиглаж байсан нь зохигчийн тайлбар, гэрэл зураг, үзлэг хийж баталгаажуулсан баримтаар нотлогдож байх тул Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбооноос 2021-09-06-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтэнд зааснаар Дээрхи зардлын хэмжээ нь тухайн барилгыг шинэ материалаар нөхөн сэргээх өртөг болох түрээслэгчийн ашигласан хугацааны биет элэгдлийг тооцож гаргасан 217,435,428 төгрөг, шинжээчийн дүгнэлтийг гаргуулахад гаргасан зардал 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн нь мөн баримтаар нотлогдож байх тул хариуцагч Р ХХК нь нийт 224,435,428 төгрөгийг хариуцах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. /2-р хх-ийн 148-216 тал/

Хариуцагч Р ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шинжээч нарын дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж байгаа хэдий ч дээрхи үнэлгээг няцааж буй үндэслэлээ нотлоогүй, нотлох баримтыг хуульд зааснаар шүүхэд ирүүлээгүй.

Хариуцагч Р ХХК-ийн зүгээс Ковид-19 цар тахлын вирусын үед дэлхийн төдийгүй Монгол улсын эдийн засаг доголдсонтой холбогдуулан түрээсийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлж байсан, гэрээг цуцлах болсон мэдэглийг хүргүүлж байсан боловч нэхэмжлэгч Б.О-н зүгээс уг асуудалд хариу өгөөгүй гэх нөхцөл байдал үүсэж байсан болох нь 2020-02-19-ний өдрийн б/22, 2020-03-02-ны өдрийн б/26, 2020-03-30-ны өдрийн б/35, 2020-04-09-ний өдрийн б/45, 2020-04-24-ний өдрийн б/47, 2020-05-01-ний өдрийн б/49, 2020-05-08-ны өдрийн б/54 тоот албан бичгүүдээр нотлогдож байна. /1-р хх 123-132 тал/

Иймд нэхэмжлэгч С.О-н нэхэмжилсэн 2020 оны 5-р сараас 2020 оны 10-р сарыг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 150,000,000 төгрөг, олох байсан орлого 60,000,000 төгрөгийг хариуцагч Р ХХК нь хариуцах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 210,000,000 төгрөг, нэхэмжлэгч С.О-н тодорхойлсон төсөвчин С.О-ийн гаргасан үнэлгээгээр тооцох үндэслэлгүй байх тул зөрүү 43,065,020 төгрөг, нийт нэхэмжлэлийн шаардлагаас 253,065,020 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р ХХК-иас түрээсийн гэрээгээр түрээслүүлж байсан эд хөрөнгөд засвар хийхэд гарах зардал 217,435,428 төгрөг, шинжээчийн дүгнэлтийг гаргуулахад гаргасан зардал 7,000,000 төгрөг, нийт 224,435,425 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 253,065,020 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн хариуцагч Р ХХК-иас нэхэмжлэгч С.О-д холбогдуулан гаргасан 2017 оны 01-р сарын 23-ны өдрийн 17/01 дүгээр Ажлын байр түрээслэх гэрээ-ний 5 дугаар зүйлийн 5.6-д заасан зүйлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 3,300,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Хариуцагч Р ХХК Талуудын хооронд байгуулсан 2017 оны 01-р сарын 23-ны өдөр байгуулсан ажлын байр түрээслэх гэрээ нь хуулийн хүрээнд хүчин төгөлдөр бус. Түрээсийн гэрээнд үндэслэл болгосон Иргэний хуулийн 262 дугаар зүйл нь Зээлээр худалдах, худалдан авах гэрээг үндэслэл болгосон байдаг. Иргэний хуулийн 318.3 дахь зохицуулалтыг зөрчсөн, ийнхүү зөрчсөн нь 318.4-т заасны дагуу хүчин төгөлдөр бус болно. Түрээслүүлэгч, түрээслэгч нар нь Монгол болон БНХАУ-ын иргэн байтал түрээсийн гэрээг зөвхөн Монгол хэл дээр үйлдсэн, компанийн өмнөх өмчлөгчдийг төөрөгдүүлэх нөхцөлтэй хийгдсэн байх ба БНХАУ-ын иргэдийг залилсан байж болзошгүй нөхцөл байдал үүсгэж байгаа гэж тайлбарлаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. 2017 оны 01-р сарын 23-ны өдөр байгуулсан ажлын байр түрээслэх гэрээ, гэрээний 5 дугаар зүйлийн 5.6-р заалтын талаар хариуцагч тал гэрээнд өөрчлөлт оруулахаар болон эрх зөрчигдсөн талаар нэхэмжлэгч буюу түрээслэгч талд хүсэлт гаргаж байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Нэхэмжлэгч С.О-с улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2,808,352 төгрөг, хариуцагч Р ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2,025,700 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Р ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,280,127 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р ХХК-иас 224,435,425 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Оад олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 253,065,020 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч С.О-д холбогдуулан гаргасан 2017 оны 01-р сарын 23-ны өдрийн 17/01 дугаар Ажлын байр түрээслэх гэрээ-ний 5 дугаар зүйлийн 5.6-д заасан зүйлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 3,300,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Р ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2,808,352 төгрөг, хариуцагч Р ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2,025,700 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Р ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,280,127 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.О-д олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА