Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00853

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00853

 

 

 

С.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16ы өдрийн 101/ШШ2022/00668 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.О-ын хариуцагч РР.О- ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 477,100,455 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ажлын байр түрээслэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.6 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 3,300,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс, хариуцагчийн төлөөлөгч Ц.Ганхуяг, хариуцагчийн өмгөөлөгч Э.Жаргал, Б.Зоригтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний нөхөр Ш.Энхтуяа нь анх 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ажлын байр түрээслэх гэрээ байгуулж, 2122 м.кв талбай бүхий газарт байрлах зоорийн давхартайгаа нийт 4 давхар 1800 м.кв үл хөдлөх эд хөрөнгөө РР.О- ХХК-д түрээслүүлсэн. Миний хань нас барсан тул С.О- би 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажлын байр түрээслэх гэрээг РР.О- ХХК-тай шинэчлэн байгуулж, энэхүү гэрээний дагуу хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлсээр ирсэн. Гэтэл РР.О- ХХК нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хоёр тал харилцан тохиролцож гэрээгээ цуцалж, түрээсэлж буй үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлцэж байгаа мэтээр бичиг үйлдэн гарын үсэг зурж түрээслүүлэгч С.О- над руу явуулсан байсан тул миний бие уг албан бичигт 1. талууд гэрээг цуцлах талаар харилцан тохиролцоогүй, 2. талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар гэрээг цуцлах тохиолдолд гэрээг цуцлах тал нөгөө талдаа 2 сарын өмнө урьдчилан мэдэгдэхээр заасан талаар хариу албан бичиг хүргүүлсэн боловч 6 сарын эхээр түрээсэлж буй объектоо хүлээлгэж өгөлгүйгээр дур мэдэн хаяад нүүсэн байсан. РР.О- ХХК түрээслэх явцдаа манайд мэдэгдэхгүйгээр бүтэц, өрөөний зохион байгуулалтыг өөрчилсөн. Иймд 2020 оны 05 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 150,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны олох байсан орлого 60,000,000 төгрөг, шинжээчийн зардал 7,000,000 төгрөг, засварын зардал 260,500,445 төгрөг, нийт 477,500,445 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Түрээсийн байрыг сургуулийн зориулалттай болгож засварлах төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Учир нь түрээслүүлэгч нь уг барилгыг цаашид сургуулийн зориулалтаар ашиглах огтоосоо бодолгүй байгаа нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээрээс харагддаг. Оюу элит бүрэн дунд сургууль тусгай зөвшөөрөлгүй байгаа зэргээс дээрх үйл ажиллагааг явуулахгүй гэж үзэж байна. 5 сарын түрээсийн төлбөрт 150,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Бидний зүгээс 2020 оны 02 дугаар сараас эхлэн хүсэлт, мэдэгдэл, саналыг хүргүүлж байсан тул гэрээг цуцлах саналыг хуульд заасан хугацаанд хүргүүлсэн. Ийнхүү уг хугацаа нь 2020 оны 05 дугаар сараар дуусгавар болсон тул бидний зүгээс түрээсийн байрыг хүлээлгэн өгсөнд тооцогдоно. Талуудын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан ажлын байр түрээслэх гэрээ нь хуулийн хүрээнд хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Түрээсийн гэрээнд Иргэний хуулийн 262 дугаар зүйл буюу зээлээр худалдах-худалдан авах гэрээг үндэслэл болгосон байдаг. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь зохицуулалтыг зөрчсөн тул 318.4-т заасны дагуу хүчин төгөлдөр бус болно. Улсын комисс барилга байгууламжийг хүлээж авахад аль хэдийн эмнэлгийн зориулалттай ашиглаад эхэлчихсэн байсан. Тиймээс үүнийг сургуулийн зориулалттай болгон засах нөхцөл бүрдэхгүй. Ковидын улмаас бидний үйл ажиллагаа явагдах боломжгүй болж, нэхэмжлэгч тал бидэнд ямар нэгэн хөнгөлөлт үзүүлээгүй учраас энэ байранд явуулж байсан үйл ажиллагаагаа зогсоосон. Иймд нэхэмжлэлийн шаардлага 477,500,445 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нь хариуцагчаас үндэслэлгүйгээр гэрээний төлбөр нэхэмжилсэнтэй холбогдуулан хариуцагч байгууллага нь шинжээч томилуулах нөхцөл байдал үүссэн. Ийнхүү холбогдох шинжээчийн зардалд 3,300,000 төгрөгийг төлж хариуцагч байгууллагад хохирол учраад байна. Иймд талуудын хооронд байгуулсан ажлын байр түрээслэх гэрээтэй холбоотой маргаанд нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс хариуцагчид учирсан 3,300,000 төгрөгийн хохирлыг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч нь анхнаасаа уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эмнэлгийн зориулалтаар ашиглахыг мэдэж байсан. Мөн гэрээний 5.6 дахь заалт нь Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт заасан түрээслэгчийн хариуцлагыг зөрчсөн заалт байх тул хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан байдаг ба энэхүү шаардлагыг хангаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд талуудын хооронд байгуулсан ажлын байр түрээслэх 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 17/01 дугаар гэрээний 5 дугаар зүйлийн 5.6 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаж байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлийн татгалзал, тайлбарын агуулга: Эмнэлгийн зориулалттай үйл ажиллагаа явуулахыг нь бид мэдэж байсан. Гэхдээ эмнэлгийн зориулалттай үйл ажиллагаа явуулна гэдэг нь дураараа бүтэц зохион байгуулалтыг нь өөрчлөөд, дураараа хана гаргаад, хаалгыг нь өргөсгөөд, нэмэлтээр бохирын шугам гаргаад, цахилгаан монтаж тавь гэсэн үг биш. Гэрээний гол зохицуулалт хэрэв шаардлагатай засвар үйлчилгээг хийх бол бичгээр мэдэгдэнэ гэсэн байгаа. Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар гэрээний 5.6 дахь заалтыг хүчингүй болгох боломжгүй. Хэсэгчлэн түрээслэж байгаа тохиолдолд заавал улсын бүртгэлийн байгууллагад тухайн гэрээг бүртгүүлэх шаардлагагүй байдаг. Бусад хэсгийг түрээслэдэг, агуулахад бидний өөрсдийн ашигладаг нэг өрөө байдаг. Хэдийгээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар бүртгүүлээгүй ч харилцан тохиролцоод үүргээ хүлээн зөвшөөрөөд явсан тохиолдолд гэрээг хүчин төгөлдөрт тооцно гэсэн заалт байдаг. 2011 оноос хойш 2020 он хүртэл 9 жилийн туршид түрээсийн гэрээний дагуу хариуцагч тал мөнгийг төлдөг байсан. Хугацаа дуусахаар сунгаад гэрээний харилцааг үргэлжлүүлээд байсан. Нийт 3 удаа сунгасан. Шинжээчийн зардалд 3,300,000 төгрөг гарсан гэж хэлдэг. Ийм байх боломжгүй. Шинжээчийн зардал тухайн үнийн дүнгийн 1-2 хувь байдаг. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч РР.О- ХХК-аас 224,435,425 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.О-ад олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 253,065,020 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч С.О-ад холбогдуулан гаргасан 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 17/01 дүгээр ажлын байр түрээслэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.6-д заасан зүйлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 3,300,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч РР.О- ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,808,352 төгрөг, хариуцагч РР.О- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,025,700 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч РР.О- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,280,127 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.О-ад олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.а. Талуудын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ажлын байр түрээслэх гэрээ анх байгуулж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Гэтэл 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 219/2012 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт гаран 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байдаг. Анхан шатны шүүх нь энэхүү нотлох баримтуудын цаг хугацааны дарааллыг зөв зохистой үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх нөхцлийг хангахгүй байна.

Хавтаст хэрэгт нэхэмжлэгч нь анх барилгыг хүлээлгэж өгөх үеийн зураг авагдаагүй байдаг ба мөн цаг хугацааны хувьд эмнэлгийн үйл ажиллагаа эхэлснээс хойш үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2204042888 дугаартай гэрчилгээ олгогдсон байдаг. Гэтэл шүүх анх байсан нөхцөл байдлыг өөрчилснөө хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн хэмээн буруу тайлбарлан холбогдох нотлох баримт хэрэгт авагдаагүй байтал авагдсан байна хэмээн дүгнэж шүүхийн шийдвэрийг гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлах ажиллагаа хийгдэх шаардлагыг хангаагүй байна. Хариуцагч нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газраас анх барилга ашиглалтад оруулахад шаарддаг материал буюу барилгын холбогдох зургуудыг гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх хэрэгт ач холбогдол бүхий дээрх нотлох баримтыг тодорхойгүй хэмээн үзэж хүсэлтийг хангаагүйгээс нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлах ажиллагаа хийгдэх боломжгүй болох нөхцөл байдлыг бүрдүүлснээс үүдэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болох нь илтэд харагдаж байна.

6.б. Анхан шатны шүүх ямар шалтгаанаар ямар үндэслэлээр Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбооны гаргасан шинжээчийн дүгнэлтийг сонгосон нь үндэслэл бүхий эргэлзээ төрүүлж байна. Учир нь шүүхээс шинжээч томилох захирамжийг гаргахдаа тухайн барилгыг хэвийн ашиглах боломжтой болгоход гарах зардлыг тодорхойлох гэсэн асуултыг тавьсан байдаг. Гэтэл дээрх шинжээчийн дүгнэлт нь сургуулийн зориулалттайгаар ашиглахад гарах төсвийн задаргаа буюу шинээр сургуулийн барилгын дотор заслыг хийхтэй холбоо бүхий дүгнэлтийг гаргасан байдаг. Ийнхүү дүгнэлт гаргахдаа хариуцагч байгууллагыг оролцуулалгүй дүгнэлт гаргасан байдаг. Мөн шүүгчийн захирамжийн асуулгад тохирсон бус өөр байдлаар төсөв гаргаж шинжээчийн дүгнэлтийг бэлтгэсэн байдаг ба энэ талаар хариуцагч байгууллага нь уг шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй талаархи гомдлыг мөн адил гаргасан боловч түүнийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүйгээр шүүх хуралдааныг явуулсан байдаг.

6.в. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт /шүүхийн шийдвэрийн 13 дугаар тал/ Учир нь: ... Түрээслүүлэгч, түрээслэгч нар нь Монгол болон БНХАУ-ын иргэн байтал түрээсийн гэрээг зөвхөн монгол хэл дээр үйлдсэн, компанийн өмнөх өмчлөгчдийг төөрөгдүүлэх нөхцөлтэй хийгдсэн байх ба БНХАУ-ын иргэдийг залилсан байж болзошгүй нөхцөл байдал үүсгэж байгаа гэж тайлбарлаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй... хэмээн дүгнэж сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн зохигчдын хооронд байгуулсан гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй тухай албан тоотод тодоос тод цагаан дээр хараар бичигдсээр байтал нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж байгаа нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаагүй болох нь тогтоогдож байна хэмээн үзэж байна.

6.г. Хариуцагч талаас нэхэмжлэгчид Ковид-19 цар тахалтай холбоотой түрээсийн төлбөрөө буулгаж өгөөч, өөрчлөлт оруулж өгнө үү гэх агуулга бүхий олон албан тоотуудыг явуулсаар байтал нэхэмжлэгч нь хүнлэг биш хандсаны улмаас хариуцагчийн зүгээс дээрх барилгыг цаашид түрээслэх санхүүгийн нөхцөл байдал хүндэрч аргагүйн эрхэнд чөлөөлсөн байдаг. Гэтэл шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэлгүй, хариуцагчийн ач холбогдол бүхий нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, үндэслэлгүй шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна.

Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлах нөхцөл бололцоогоор хангах үүднээс хэргийг анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

7.а. Хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх явцдаа тухайн хөрөнгөд засвар үйлчилгээ хийж эмнэлгийн зориулалтаар ашиглаж байсан болох нь үзлэг болон гэрэл зургаар баталгаажиж тогтоогдсон гэж шүүх дүгнэлт хийсэн нь буруу байна гэсэн гомдол нь үндэслэлгүй. Учир нь 1 дүгээр хавтаст хэргийн 34-54 дүгээр талд хариуцагч талын орхиод явсан үл хөдлөх эд хөрөнгийн эвдрэл гэмтэл, тайлбарыг агуулсан баримтууд авагдсан. Энэ баримтаас үл хөдлөх эд хөрөнгийг ямар байдалтай орхиж явсан, ямар эвдрэл гэмтэл байгаа, бүтэц зохион байгуулалтыг яаж өөрчилсөн гэдгийг харж болно.

7.б. Нэхэмжлэл гаргаснаас хойш 14 хоногийн дараа үзлэг хийлгэх хүсэлт гаргасан нь 1 дүгээр хавтаст хэргийн 98 дугаар талд авагдсан. Бид эвдрэл гэмтлийг гэрэл зургаар харуулсан хэдий ч гэрэл зураг нөхцөл байдлыг бүрэн гүйцэд илэрхийлж чадахгүй тул тухайн хөрөнгө ямар байдалтай байгаа талаар дүгнэхийн тулд шүүх үзлэг хийж баталгаажуулж өгөхийг хүссэн. 1 дүгээр хавтаст хэргийн 158 дугаар талд хариуцагчаас өөрсдөөс нь гаргаж өгсөн гэрэл зураг авагдсан байдаг. Мөн хавтаст хэрэгт 3 шинжээчийн дүгнэлт байгаа. 2 дугаар хавтаст хэргийн 19-23 дугаар талд авагдсан шинжээч нарын үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хавсралтаас эвдрэл гэмтлийг харж болно. Гэхдээ хэрэгт авагдсан гэрэл зургуудыг уг маргаан бүхий хөрөнгийнх мөн эсэх талаар маргаагүй атлаа уг гэрэл зургаар дүгнэлт хийсэн нь буруу байна гэж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Түүнчлэн үзлэг хийсэн баримтыг үнэлж шийдвэр гаргасан нь буруу гэж байгаа боловч хариуцагч талын хүсэлтээр шүүх үзлэг хийсэн.

7.в. Шүүх нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй гэж байгаа боловч архивын хувийн хэрэг, улсын комиссын акт, барилгыг ашиглалтад оруулахтай холбоотой бүх баримтуудыг хариуцагч тал шүүх хуралдаанд гаргаж өгсөн. Бид уг баримтуудтай хуралдааны өмнө танилцаад шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан.

7.г. Мөн хохирол үнэлгээчдийн холбооны дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь ойлгомжгүй гэх гомдол үндэслэлгүй. Учир нь хэрэгт 3 шинжээчийн дүгнэлт авагдсан. Тиймээс бид бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлт гаргаж энэ асуудлыг мухарлуулсан. Гэвч уг шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй атлаа ийм хүсэлт гаргасан, хүсэлтийг яаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна гэж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой тайлбар өгсөн болохоос хүсэлт гаргаагүй.

7.д. Сөрөг нэхэмжлэлтэй холбоотой тайлбарлахад бид гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй, гэхдээ хүчин төгөлдөр гэж маргасан. Учир нь бид объектыг хэсэгчлэн түрээслэсэн учраас бүртгүүлэх шаардлагагүй гэж тайлбарласан. Хэдийгээр гэрээгээ бүртгүүлээгүй ч гэсэн 9 жил түрээслэсэн.

Иймээс гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журамд нийцүүлэн явуулсан, талуудын нотлох баримт бүрдүүлэх эрх бүрэн хангагдсан байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч С.О- түрээсийн төлбөр 150,000,000 төгрөг, хохирол /олох ёстой байсан орлого/ 60,000,000 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 7,000,000 төгрөг, төсөвчний ажлын хөлс 2,600,000 төгрөг, хохирол /засварын зардал/ 260,500,445 төгрөг, нийт 480,100,445 төгрөгийг хариуцагч РР.О- ХХК-аас гаргуулах нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган 477,500,445 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.6 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, шинжээчийн зардал 3,300,000 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

3. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүсч, нэхэмжлэгч С.О- 3 давхар байрыг зоорийн давхрын хамт хариуцагч РР.О- ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн, хариуцагч түрээсийн төлбөр төлөх үүрэг хүлээсэн үйл баримт тогтоогджээ. Хариуцагч РР.О- ХХК-ийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул гэрээ хүчин төгөлдөр бус гэх тайлбар үндэслэлгүй байна. Талууд түрээсийн гэрээг 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 5 жилийн хугацаатай байгуулж /1хх 9-11/, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 1 жилийн хугацаатай шинэчлэн байгуулсан /1хх 12-17/, гэрээний хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дууссан боловч түрээслэгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг түрээслүүлэгч татгалзаагүй байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцлөөр сунгасанд тооцно. 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэрээ цуцлагдах хүртэлх 9 жилийн хугацаанд гэрээний харилцаа үргэлжилсэн үйл баримтаас дүгнэхэд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх хүсэл зоригийн агуулга тодорхой байх тул уг гэрээг хэлбэрийн шаардлага зөрчсөн гэдгээр хүчин төгөлдөр бус гэж тооцох боломжгүй байна. Иймд зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр тул талуудын хэн аль нь гэрээний үүргийг шаардах эрхтэй юм.

 

4. Талууд гэрээний 5.6 дахь заалт хүчин төгөлдөр эсэх, түрээслэгч үүргээ зөрчсөний улмаас түрээслүүлэгчид хохирол учирсан эсэх, түрээслэгч нь хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөр, хохирол төлөх эсэх, шинжээчийн зардлыг хэн төлөх талаар маргаж байна.

4.а. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Гэрээгээр түрээслэгч 5.6-д заасан үүргийг хүлээсэн нь гэрээний талуудын өөрсдийнх нь хүсэл зоригоор тодорхойлогдсон байх тул уг заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй.

4.б. Гэрээний 5.7-д түрээслэгч нь өөрийн хүлээн авсан ажлын байрыг түрээслүүлэгчийн зөвшөөрөл, барилгын стандарт шаардлагын дагуу засаж тохижуулахаар заасан байх ба хариуцагч нь барилгыг засаж тохижуулахдаа нэхэмжлэгчээс зөвшөөрөл авсан гэх баримтгүй байна. /1хх-14/ Хэрэгт авагдсан барилгын зургийн гүйцэтгэгч Монгол Улсын зөвлөх архитектор Д.Долсонжавын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлтэд Тус сургуулийн барилгыг түрээслэгч РР.О- ХХК нь түрээслүүлэгч талын болон зургийн архитекторын зөвшөөрөлгүй сантехникийн инженерийн шугам сүлжээг өөрчилж бохирын шугамыг ил холбож хийсэн, өрөө бүрт шинээр угаалтуур хийж шугамын холболт нь ил задгай байгаа нь батлагдсан зураг төслийг зөрчсөн, хичээлийн анги танхимын зориулалтаар хийгдсэн барилгын зургийг дур мэдэн өөрчилж өрөө тасалгаанууд шинээр гаргасан, барилгын батлагдсан зургийг зөрчиж цахилгааны ил монтажууд шинээр хийгдэж цахилгааны утаснууд ил задгай байгаа нь гал гарах эрсдлийг бий болгох аюултай нөхцөл байдлыг үүсгэсэн, түрээслэгч талаас ямар ч зөвшөөрөлгүй барилгын бүтэц хийцэд өөрчлөлт оруулсан, ус, цахилгаан, сантехникийн инженерийн шугам сүлжээг өөрчилсөн гэж /1хх-30/, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 02-07-117/1063 дугаар дүгнэлтэд Шалгалтаар уг сургуулийн барилгад түрээслэгч тал эмнэлгийн үйл ажиллагаа явуулахдаа анги танхимуудын төлөвлөлт, усан хангамж, ариутгах татуургын шугам хоолой, агаар сэлгэлт болон цахилгааны монтажны сувагчлалыг барилгын анхны батлагдсан зураг төслөөс өөрчилсөн, инженерийн шугам сүлжээг ил задгай угсарсан, өөрчлөлтийн зураг төсөл байхгүй, хана, тааз, амалгааны өнгө будаг, шавардлага болон ханын цаас хууларч унасан, зарим өрөө агаарын сэлгэлтгүйгээс цонхны амалгаа, хана таазны булан хэсгээр чийгтэж мөөгөнцөр ургасан, ариун цэврийн өрөөнүүдийн таазны өнгөлгөөг шатамхай материалаар хийсэн, өнгөлгөө материал доош унасан, гал тогоо байрлах өрөөний агааржуулалалтын хоолойг цонхоор гадагш гаргасан гэж /1хх 26-27/ тус тус зааснаас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр барилгын хийц, зохион байгуулалтыг өөрчилж зассан нь нотлогдож байна.

Талууд гэрээний зүйлийг эмнэлгийн зориулалтаар түрээслэхээр гэрээгээр тохиролцсон байх ба хариуцагч нь барилгыг гэрээнд заасан зориулалтаар ашигласны үр дүнд тухайн барилга муудсны хариуцлагыг хүлээхгүй гэж тайлбарладаг боловч энэхүү үндэслэл нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4-д заасан нөхцлөөр хязгаарлагдах бөгөөд түрээслэгч нь түрээслэн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх үүрэг хүлээнэ. Талууд элэгдлийн талаар гэрээгээр тохиролцоогүй байх ба нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр барилгын хийц, зохион байгуулалтыг өөрчилснийг ердийн элэгдэл гэж үзэх боломжгүй.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэх ба түрээслэгч нь 289 дүгээр зүйлийн 289.1.3, 289.1.4-д заасан үүргээ биелүүлээгүй нь нотлогдож байх тул 288 дугаар зүйлийн 288.2.2-т зааснаар түрээслүүлэгч нь өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч тэргүүлэх төсөвчин С.Оюунчимэг, Ц.Сарангэрэл нарын гаргасан 20/20 дугаартай төсвийг үндэслэн хохиролд 260,500,445 төгрөг нэхэмжилсэн байх ба нэхэмжлэгчийн гаргаж өгсөн уг төсвөөс гадна хэрэгт нийт 3 удаагийн шинжээчийн дүгнэлт авагдсан, шүүх Монголын Хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбооны шинжээчийн дүгнэлтийг үндэслэж хохирлыг гаргуулсан байна. Хариуцагч давж заалдах гомдолдоо шүүхээс шинжээч томилох захирамжийг гаргахдаа тухайн барилгыг хэвийн ашиглах боломжтой болгоход гарах зардлыг тодорхойлох гэсэн асуултыг тавьсан байдаг. Гэтэл дээрх шинжээчийн дүгнэлт нь сургуулийн зориулалттайгаар ашиглахад гарах төсвийн задаргаа буюу шинээр сургуулийн барилгын дотор заслыг хийхтэй холбоо бүхий дүгнэлтийг гаргасан байдаг. Ийнхүү дүгнэлт гаргахдаа хариуцагч байгууллагыг оролцуулалгүй дүгнэлт гаргасан байдаг... энэ талаар хариуцагч байгууллага нь уг шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй талаархи гомдлыг мөн адил гаргасан боловч түүнийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүйгээр шүүх хуралдааныг явуулсан байдаг. гэжээ.

а/ Шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШЗ2021/09677 дугаар захирамжаар үл хөдлөх эд хөрөнгийг зориулалтын дагуу хэвийн ашиглах боломжтой болгоход ямар хэмжээний зардал гарах болохыг тогтоолгохоор шинжээч томилсон байх ба шинжээчийн дүгнэлтээр үл хөдлөх эд хөрөнгийг өмнөх байдалд нь сэргээн засварлахад шаардлагатай зардлын хэмжээг тогтоосныг шүүгчийн тавьсан асуултын дагуу шинжилгээ хийгээгүй гэж үзэх үндэслэлгүй.

б/ Шинжээчийн дүгнэлтэд Шүүгчийн захирамжийн дагуу хөрөнгийн бодит байдалтай танилцаж үзлэг хийх тухайгаа 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс, хариуцагчийн өмгөөлөгч Э.Жаргал нарт хэлэхэд хариуцагч тал амжихгүй гэх тул 30-ны өдрийн 16 цагт хийх болсон тухайгаа хэлсэн ба хариуцагч талаас хүн ирээгүй гэж тэмдэглэсэн байх ба үүнийг үгүйсгэсэн баримтыг хариуцагч талаас шүүхэд гаргаагүй. Иймд хариуцагчийн дүгнэлт гаргахдаа оролцуулаагүй гэх гомдол үндэслэлгүй байна.

в/ Хариуцагч 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд тайлбар гаргах тухай б/23 дугаар албан бичгээр Монголын Хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбооны шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар шүүхэд тайлбар ирүүлсэн байх ба харин дахин, эсхүл нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй байна. Иймд хариуцагч байгууллага нь уг шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй талаархи гомдлыг мөн адил гаргасан боловч түүнийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүйгээр шүүх хуралдааныг явуулсан гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Иймд шүүх Монголын Хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбооны шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохиролд 217,435,428 төгрөг гаргуулсныг буруутгах үндэслэлгүй.

4.в. Нэхэмжлэгч нь хохирол 60,000,000 төгрөг, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөр 150,000,000 төгрөг нэхэмжилснийг шүүх хэрэгсэхгүй болгосон байх ба энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй.

4.г. Шинжээчийн ажлын хөлсөнд нэхэмжлэгч нь 7,000,000 төгрөг, хариуцагч нь 3,000,000 төгрөг тус тус нэхэмжилсэн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар шинжээчийн ажлын хөлс нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулах тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилсэн шинжээчийн ажлын хөлс 7,000,000 төгрөгийг хариуцагчаар бүхэлд нь нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Харин хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байх тул хариуцагчийн нэхэмжилсэн шинжээчийн ажлын хөлс 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлгүй. Энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

5. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг үндэслэсэн нь оновчгүй болжээ.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээнээс татгалзсан тал өөрт учирсан хохирлоо шаардах эрхийг зохицуулсан байх ба хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч гэрээг цуцалсан бөгөөд ийнхүү гэрээг цуцалсантай холбогдуулан хариуцагч нь хохирол шаардаагүй байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд үүргийн гүйцэтгэлд саад болох нөхцөл байдалтай холбоотой асуудлыг зохицуулсан байх ба түрээсийн гэрээний хувьд энэ талаар гэрээний эрх зүйн хэсэгт нарийвчлан зохицуулсан байна. Иймд хууль хэрэглээний зарчмаар тухайн маргаантай харилцааг илүү нарийвчлан зохицуулсан заалтыг баримтлах нь оновчтой юм.

 

6. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон шүүхийн зардлын хувьд өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16ы өдрийн 101/ШШ2022/00668 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 227 дугаар зүйлийн 227.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх гэснийг 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2 дахь гэж, 224,435,425 гэснийг 217,435,428 гэж, 253,065,020 гэснийг 259,665,027 гэж, 2 дахь заалтын 1,280,127 гэснийг 1,245,128 гэж, 3, 4, 5 дахь заалтын дугаарыг 4, 5, 6 гэж тус тус өөрчилж, 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас шүүхийн зардалд 3,220,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэсэн заалт нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,281,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.БЯМБАСҮРЭН