Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2022/00795

 

 

2022 02 23 101/ШШ2022/00795

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн Ц.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн С.Ж, О.Г нарт холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн төлбөр 10,000,000 төгрөг, засварын зардалд 3,500,000 төгрөг, нийт 13,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

10,374,823 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц ,

Хариуцагч бөгөөд хариуцагч О.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Н ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019-12-09-ний өдөр Баянзүрх дүүргийн   тоот 110,15 м.кв орон сууцыг 238,000,000 төгрөгөөр худалдан авах талаар өмчлөгч О.Г, С.Ж нартай ярилцсан, төлбөр 238,000,000 төгрөгийг хоёр хувааж төлөхөөр тохиролцсон. Тухайн орон сууцыг Худалдаа хөгжлийн банкнаас зээл авч худалдан авна гэдгээ тэдэнд хэлж ярилцан байранд урьдчилан ороод засвар хийх зөвшөөрөл авсан, орон сууцанд 12 сарын 13-ны өдөр орсон. 2020-12-19-ний өдөр урьдчилгаа 10,000,000 төгрөгийг О.Г-ийн Хаан банкны  тоот данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрийг 2020-01-30-ны дотор төлж дуусгана гэж аман тохиролцоо хийсэн ба 2020 онд Соvіd-19-ээс хамаараад банкны зээл судлалын асуудал хойшлогдсон гэсэн хариу ирсэн, энэ талаараа байрны эзэнд хэлэхэд байр чөлөөлөн гар гэсэн хариу өгсөн байгаа. Тухайн үед байрны эзэнд зээл хойшлогдсоноос хамааран нөхцөл байдал удааширсан байгаа тухай тайлбарлаж, нэмж хугацаа өгөх хүсэлт тавьсан хэдий ч тэд тухайн байдлыг зөвшөөрөхгүй байрнаас гарахыг шаардсан. 2020-03-28 ны өдөр байрнаас гарч байрыг хүлээлгэн өгсөн. Уг байранд 3,500,000 төгрөгний засвар хийсэн. Байрнаас нь гарах үед миний бие 2019-12-14-ний өдрөөс 2020-03-28-ны өдөр хүртэлх 3 сар 14 хоногийн сарын түрээс төлөөд үлдэгдэл мөнгөө буцаан авах хүсэлт гаргасан боловч тэд үл зөвшөөрөн хэл амаар доромжлон буцааж өгөөгүй. Иймд засвар хийсэн зардал 3,500,000 төгрөг, урьдчилгаа төлбөрт өгсөн 10,000,000 төгрөг, нийт 13,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч С.Ж, О.Г нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Ж нь REMAX компанийн олж өгсөн иргэн Ц.Од Баянзүрх дүүргийн  тоот 110.15 м,кв орон сууцыг 238,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, 2019-12-10-ны өдөр түлхүүр гардуулан өгсөн. Ц.О эхний 50 хувийн төлбөрийг 12-р сардаа багтаан төлөх, сүүлийн 50 хувийн төлбөрийг 2020 оны 1-р сард багтаан төлөхөөр амаар гэрээ байгуулж тохиролцсон. Гэвч миний эхнэр О.Г нь урьдчилгаа авахгүйгээр хүмүүс байрандаа орууллаа ер нь наймаа тохирохгүй юм байна, энэ хүмүүсийг байрнаасаа гаргахаар REMAX компанид хандсан тул Ц.О нь 12-р сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөгийн урьдчилгааг О.Гийн дансанд хийсэн. 2020 оны 12-р сарын 10-нд түлхүүр авсанаас хойш тэд өөрсдийн хүсэлт санаачлагаар тухайн байрандаа хөнгөн засвар хийж байсан. Бид дараагийн төлбөрийг 2020 оны 1-р сардаа багтаан төлөхийг хүлээсэн боловч 2020 оны 4-р сар хүртэл ямар ч төлбөр төлөөгүй тул бид удаа дараа гарахыг шаардаж байсан ч 5-р сард Ц.О-ийн эцэг, эх нь түүний эд хогшил, тавилгуудыг нүүлгэсэн. Тиймээс бид дараах байдлаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Засвар хийх санаагаа өөрөө гарган хийсэн тул бид засварын зардлыг төлөх нь үндэслэлгүй, төлбөрөө төлөхийг удаан хугацаанд хүлээцтэй хүлээсэн. Утсаа авдаггүй, уулзана гэсэн цаг хугацаандаа уулздаггүй байсан гэв.

Хариуцагч С.Ж, О.Г нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ц.О нь Баянзүрх дүүргийн   тоот орон сууцыг худалдан авах тохиролцооны дагуу төлбөрийг төлсөн бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байсан. 2019-12-09-ний өдөр 100,000,000 төгрөг, 2019 оны 12 сардаа багтаан төлөх, үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр төлөхөөр тохирсон. Хариуцагч Ц.Од 2019-12-10-ны өдөр орон сууцны түлхүүрийг хүлээлгэж өгсөн, хариуцагч орон сууцанд орсон даруй засвар хийж эхэлсэн. Хэлэлцэж тохирсны дагуу орон сууцны төлбөрийн урьдчилгаа 100 сая төгрөгийг төлөхгүй байсан тул энэ талаар сануулахад О.Гийн Хаан банкны  тоот дансанд 10,000,000 төгрөгийг 2019-12-19-ний өдөр шилжүүлсэн. Ингээд шинэ он гараад тодорхой хугацаа өнгөрөхөд Ц.О байрны үлдэгдэл төлбөр төлөөгүй, төлбөрөө төлөхийг сануулахад банкны зээл хөөцөлдөж байна, таньдаг хүн удахгүй гаргаад өгнө гэдэг байсан. Гэвч хугацаа өнгөрөх тусам хариуцагчийн үгэнд итгэхэд бэрх болж, байрны асуудлаас болж бид хоорондоо маргаж муудалцах болсон. Хариуцагч Ц.О-ийг бид 5 сар хүлээж, орон сууцаа эзэмшүүлж ашиглуулсан байтал урьдчилгаанд төлсөн төлбөрөө, засварын зардлын хамт нэхэмжилж иргэний шүүхэд хандсан. Хариуцагчаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бид хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: 2019.12.10-2020.5.10 хүртэл хугацаанд бидний орон сууцанд суухдаа СӨХ-ны төлбөр 1,050,950 төгрөг, цахилгааны төлбөр 163,873 төгрөгийг огт төлөөгүй, мөн бид хариуцагчийг орон сууцандаа байлгасан 5 сарын хугацаанд хэрвээ уг орон сууцаа бусдад хөлсөлсөн бол тухайн үеийн зах зээлийн ханшаар нэг сарын 1,800,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийн орлого олох боломжтой байсан. Засвар хийхдээ бидний авсан байсан хүүхдийн ваннад шохой зуурч ашигласан, ванныг 160,000 төгрөгөөр худалдан авсан байсан. О.Г, С.Ж бид байрны эзэмшлийг Ц.Од шилжүүлсэн нь гол нөхцлийн талаар харилцан тохирсон гэж үзэх тул талуудын хооронд үүргийн эрх зүйн харилцаа үүссэн буюу худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Гэвч Ц.О гэрээгээр тохирсон үүргээ зөрчиж, тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тул Иргэний хуулийн 219-р зүйлийн 219.1-т заасны дагуу хохиролд 10,374,823 төгрөгийг Ц.О-с нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ц.О сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Миний зүгээс уг байрны төлбөрийг хуваан төлөх нөхцөл тавьсан ба Худалдаа хөгжлийн банкны зээл гарах үед үлдэгдэл төлбөрийг төлөх нөхцөл тавихад тэд зөвшөөрсөн. Уг байрыг миний бие худалдан авах туйлын их хүсэлтэй байсан тул засварын ажил хийх талаар С.Жд хэлэхэд тэрээр зөвшөөрч түлхүүрээ 2019-12-13-ны өдөр надад өгсөн. Банкны зээл цар тахалтай холбоотойгоор хойшлогдсон, миний бие орон сууцыг 2020-03-29-ний өдрийг хүртэл 3 сар 19 хоногийн хугацаанд амьдарч орон сууцны түлхүүрийг буцаан өгсөн. 2021-05-10-ны өдөр хүртэл орон сууцанд байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. С.Ж байрыг зарах гэж байгаа өөр хүмүүст үзүүлнэ гээд том тавилгаа зарагдтал үлдээж болно гэж хэлсэн. Орон сууцандаа 5 сарын хугацаанд хөлсөлсөн бол тухайн үеийн зах зээлийн ханш 1,800,000 гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, тухайн үед байрны үнэ уналттай байсан ба тавилгатай байр 1,000,000 төгрөг тавилгагүй хоосон байр 800,000 төгрөгийн ханштай байсан. Иймд миний бие өөрийн амьдарч байсан хугацаа буюу 3 сар 19 хоногийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Мөн хүүхдийн хятад ванн 160,000 төгрөгөөр авсан шинэ гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна, хуучирсан байсан. Тухайн үед О.Гд шинэ ванн худалдан авч өгье гэхэд зөвшөөрсөн. Ванны үнэ нь 50,000-70,000 төгрөгийн хооронд байсан. Мөн намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие байрны түрээс 3 сар 19 хоногийн 2,906,000 төгрөг, цахилгааны төлбөр 163,873 төгрөг, СӨХ-ийн төлбөр 574,000 хүүхдийн ванны 50,000 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нийт 3,693,873 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгчээс 5076461865 дугаартай Хаан банк ХХК-ийн дансны хуулга /ХХ-ийн 5-12 тал/, Ч.П-н гар бичмэл /ХХ-ийн 77 тал/, хүүхдийн ванны фото зураг /ХХ-ийн 90 тал/, 2019-12-13-ны өдрийн зарлагын баримт /ХХ-ийн 96-97 тал/, Меско консалтинг ХХК-ийн тодорхойлолт /ХХ-ийн 222 тал/,

Хариуцагчаас Д  ХХК-ийн тодорхойлолт /ХХ-ийн 46 тал/, СӨХ-ийн төлбөр төлсөн талаарх баримт /ХХ-ийн 47 тал/, О.Гийн  дугаартай Хаан банк ХХК-ийн дансны хуулга /ХХ-ийн 48-49 тал/, 2021-02-05-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээ /ХХ-ийн 50-51 тал/, Ү-2  дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /ХХ-ийн 57 тал/, орон сууцны фото зургууд /ХХ-ийн 53-72 тал/, Ү-22  дугаартай үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /ХХ-ийн 170 тал/, Тэнхлэг зууч ХХК-ийн тодорхойлолт /ХХ-ийн 208 тал/, 2021-12-07-ны өдрийн кассын орлогын ордер /ХХ-ийн 209 тал/, хариуцагч О.Гийн   тоот Хаан банк ХХК-ийн дансны 2021-09-30-ны өдрийн хуулга /ХХ-ийн 210 тал/ зэрэг баримтуудыг тус тус нотлох баримтаар ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.О хариуцагч С.Ж, О.Г нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн төлбөр 10,000,000 төгрөг, засварын зардал 3,500,000 төгрөг, нийт 13,500,000 төгрөг гаргуулах, хариуцагч С.Ж, О.Г нар нь 10,374,823 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч С.Ж, О.Г нар нь Баянзүрх дүүргийн   тоотод байрлах 110,51 м.кв талбай бүхий орон сууцыг 238,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож худалдан авагч Ц.О-ийн эзэмшилд шилжүүлэх үүргээ биелүүлсэн. Ц.О төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээс орон сууцаа 2021 оны 5-р сард буцаан авсан, бид үүргээ зөрчөөгүй тул урьдчилгаанд төлсөн 10,000,000 төгрөг, засварын зардал 3,500,000 төгрөг, 13,500,000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж, нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага 10,374,823 төгрөгнөөс 3,693,873 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 6,680,950 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх дор дурдсан үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Зохигчид 2019 оны 12-р сарын 09-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж, уг гэрээгээр худалдагч С.Ж, О.Г нар нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал тауны 803 дугаар байрны 201 тоотод байрлах 110,51 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлэх, худалдан авагч Ц.О нь орон сууцны үнэд 238,000,000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сард 50 хувь, 2020 оны 01 дүгээр сард үлдэх 50 хувийг төлөх үүргийг тус тус хүлээсэн үйл баримтын талаар талуудын хэн аль нь тайлбарласан, уг үйл баримтад хэн аль нь маргаагүй.

Талуудын дээрх тайлбараас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Мөн талууд орон сууцны төлбөрийг төлж дууссаны дараа худалдагч С.Ж, О.Г нар нь гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагч Ц.Од шилжүүлэхээр тохиролцсон болох нь тэдгээрийн гаргасан тайлбараар тогтоогдсон. Талуудын дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч буюу худалдан авагч Ц.О нь 2019 оны 12-р сарын 13-ны өдөр гэрээний зүйл болох орон сууцыг эзэмшилдээ авч, 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэл амьдарч түлхүүрийг С.Жд өгсөн, 2020 оны 05-р сарын 09-ний өдөр орон сууцнаас үлдээсэн эд зүйлийг бүрэн авч чөлөөлж өгсөн талаар тайлбарыг гаргасан.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй. Уг үүргээ худалдан авагч Ц.О нь биелүүлээгүй, гэрээгээр тохирсон хугацаа буюу 2019 оны 12 дугаар сард 50 хувь, 2020 оны 01 дүгээр сард үлдэх 50 хувийг төлөх үүргээ 2020 оны 5-р сард байрыг бүрэн чөлөөлж өгөх хүртэл зөрчжээ.

Худалдагч С.Ж, О.Г нараас худалдан авагч Ц.О-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг мэдэгдэж, үүрэг гүйцэтгэх хугацааг сунгаж 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэл нэмэлт хугацаа олгосон дээр зохигч маргаагүй. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан.

Иймд худалдагч нараас худалдагчид үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч үр дүн гараагүй байх тул худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар гэрээний талууд гэрээний дагуу шилжүүлсэн зүйлийг харилцан буцаан өгөх журамтай.

Зохигчдын тайлбараар худалдан авагч Ц.О нь орон сууцны эзэмшлийг худалдагч С.Ж, О.Г нарт буцаан шилжүүлсэн, мөн гэрээний урьдчилгаа төлбөрт худалдан авагч нь 10,000,000 төгрөгийг худалдагч нарт шилжүүлсэн болох нь тогтоогдсон.

Иймд хариуцагч С.Ж, О.Г нараас гэрээнээс татгалзсантай холбоотойгоор урьдчилгаа төлбөрт шилжүүлэн авсан 10,000,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Ц.Од олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасанд нийцэж байна.

Харин нэхэмжлэгч Ц.О нь гэрээний зүйл болох орон сууцанд 3,500,000 төгрөгийн үнэ бүхий засвар хийсэн гэж уг мөнгөн хөрөнгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан боловч уг шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Орон сууцны ханын цаас буюу обойг сольж, таазанд шинээр эмульс хийх ажлыг иргэн Ч.П д 1,500,000 төгрөг өгч засварыг хийлгэсэн гэх боловч уг иргэнд ажлын хөлс төлсөн талаархи баримтыг шүүхэд ирүүлээгүй. Ч.П с гаргасан тодорхойлолтод ... дансаар авсан мөнгөө хавсаргав гэх боловч уг иргэнд ажлын хөлс дансаар шилжүүлсэнтэй холбоотой баримт үгүй байна.

Барилгын материал худалдан авсан гэх зардалд нийт 1,994,500 төгрөг гарсан гэх 2 хуудас бүхий зарлагын баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, зарлагын баримтад бичигдсэн барилгын материалыг маргааны зүйл болох орон сууцанд ашигласан гэдэг нь тогтоогдоогүй.

Нэхэмжлэгч Ц.О нь худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үндсэн үүргээ биелүүлээгүй байхдаа гэрээний зүйл болох орон сууцанд өөрийн амьдрах нөхцөл байдалд нийцүүлэн ханын цаасыг сольж, таазыг өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэх замаар буюу өнгө болон будгийг өөрчилсөн гэж үзнэ.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй гэж заасан. Худалдах, худалдан авах гэрээ цуцлагдахад хариуцагч С.Ж, О.Г нар буруугүй болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч Ц.О-ийн засварын зардлыг шаардсан нь үндэслэлгүй байх тул түүний 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч С.Ж, О.Г нараас 10,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох.

Хариуцагч С.Ж, О.Г нарын нэхэмжлэгч Ц.О с 10,374,823 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Ц.О 3,693,873 төгрөгийг төлөхийг зөвшөөрч маргаагүй.

Худалдах, худалдан авах гэрээ нь нэхэмжлэгч Ц.О-ийн буруутай үйлдэл буюу түүний гэрээгээр хүлээсэн үүрэг биелүүлээгүйтэй холбоотойгоор цуцлагдсан байх тул хариуцагч С.Ж, О.Г нар нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар 10,374,823 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Ц.О нь 2020-12-13-ны өдрөөс 2021-03-29-ний өдрийг хүртэл 3 сар 19 хоногийн хугацаанд орон сууцанд амьдарч, орон сууцыг эзэмшиж ашигласан. 2021-05-19-ний өдөр орон сууцанд үлдээсэн байсан эд хөрөнгөө авсан гэх үйл баримт дээр маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагаас 3,693,873 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.

Нэхэмжлэгч Ц.О хариуцагч С.Ж, О.Г нарын орон сууцыг эзэмшиж байх хугацаанд тухайн үеийн түрээсийн төлбөр 800,000-1,000,000 төгрөгний ханштай байсан тайлбарлаж М  консалтинг ХХК, Ремакс ХХК-ийн түрээсийн үнийн ханшийг тодорхойлсон баримтыг шүүхэд ирүүлсэн. /хх-ийн 222-224 тал/

Хариуцагч С.Ж, О.Г нар нь Баянзүрх дүүргийн   тоотод байрлах 110,51 м.кв талбай бүхий орон сууцны түрээсийн ханш 1,800,000 төгрөг байсан гэх байдлаа нотлож Т  ХХК-ийн ханшийн баримтыг ирүүлсэн. /хх-ийн 208 тал/

Шүүхээс түрээсийн ханшийг тодруулахаар Үндэсний статистикийн хорооноос нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн боловч 2022-01-28-ны өдрийн 06/95 албан бичгээр Баянзүрх дүүргийн   хотхоны орон сууцны түрээсийн үнийн мэдээлэл нь хэрэглээний үнийн судалгаанд хамрагдахаар сонгогдоогүй, үнийг судалдаггүй тул гаргаж өгөх боломжгүй гэсэн хариуг ирүүлжээ.

Зохигчийн шүүхэд ирүүлсэн М  консалтинг ХХК, Ремакс ХХК, Тэнхлэгч зууч ХХК-иудын бичгийн баримтанд үндэслэн дундаж ханшийг 1,400,000 төгрөгөөр тооцож, нэхэмжлэгч Ц.О с 2020-12-13-ны өдрөөс 2021-05-19-ний өдрийг хүртэлх хугацаанд орон сууцыг эзэмшиж ашигласан байх тул төлбөрт 7,000,000 төгрөгийг гаргуулж С.Ж, О.Г нарт олгох нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасанд нийцнэ гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч Ц.О с 8,264,823 төгрөгийг гаргуулж хариуцагч С.Ж, О.Г нарт олгож, 2,110,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох.

Хариуцагч С.Ж, О.Г нар нь орон сууцыг түрээслэсэн бол сард 1,800,000 төгрөгөөр түрээслэж болох байсан, хүүхдийн банныг 160,000 төгрөгөөр худалдаж авсан гэх тайлбарыг гаргаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,500 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 180,950 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 174,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч Ц.О с 147,187 төгрөгийг гаргуулж хариуцагч нарт олгож, хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт тус тус зааснаар хариуцагч С.Ж, О.Г нараас 10,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Од олгож, нэхэмжлэлээс 3,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ц.О с 8,264,823 төгрөгийг гаргуулж хариуцагч С.Ж, О.Г нарт олгож, сөрөг нэхэмжлэлээс 2,110,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар 231,500 төгрөг, хариуцагч нараас төлсөн 180,950 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч С.Ж, О.Г нараас 174,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч Ц.О с 147,187 төгрөгийг гаргуулж хариуцагч нарт олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА