Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2022/00645

 

 

2022 02 15 101/ШШ2022/00645

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Ю ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Б,

Хариуцагч: Д.Ү нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 53,863,991 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц ,

Хариуцагч Д.Үын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц ,

Хариуцагч Ц.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ю ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б, Д.Ү нар 2017-09-13-ны өдөр 1/17/03/054 тоот зээлийн гэрээг байгуулж 22,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүү төлөх нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч нар гэрээний үүргийн биелэлтийн баталгаа болгож Баянзүрх дүүргийн  тоотод байрлах  нэгж талбарын газар, улсын бүртгэлийн Ү-22  гэрчилгээтэй 102 м.кв, хувийн орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлийн гэрээний дагуу 22,000,000 төгрөгийн зээлийг 2017-09-13-ны өдөр олгож үүргээ бүрэн биелүүлсэн боловч гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрөө бүрэн төлөөгүй, зээлийн хугацаа сунгах ЗХСН/18/3/016 тоот гэрээг байгуулж дахин нэг жилээр сунгаж 2019-09-13-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон боловч үүргээ биелүүлээгүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-д заасны дагуу зээл 22,000,000 төгрөг, хүү 24,138,324.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,725,666.67 төгрөг, нийт 53,863,991 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэтэл хариуцагч талаас 2,140,000 төгрөгийн төлөлт хийсэн баримтыг гаргаж өгсөн. Уг төлбөрийг зээлийн хүүгээс хасч зээлийн хүү 21,853,991 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,370,798 төгрөг, нийт 48,224,779 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт зааснаар Улсын бүртгэлийн Ү-22  гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн  м,кв талбайтай хувийн сууц,   дугаартай нэгж талбарын газар зэрэг хөрөнгүүдийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ю ХХК-тай 2017-09-13-ны өдөр ЗГ/17/03/054 тоот зээлийн гэрээг байгуулж 22,000,000 төгрөгийг зээлж авсан. ... зээлийн төлбөр 22,000.000 төгрөг, зээлийн хүү 24,138,324 төгрөг, нэмэгдүүлсэн хүү төгрөг 7,725,666 төгрөг, нийт 53,863,991 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа... гэжээ. Гэвч нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхийн үндэслэл тодорхой бус байна. Учир нь зээлийн гэрээний дагуу хүү шаардаж байгаа тохиолдолд тухайн хүү нь үндсэн зээлийн хэмжээнээс тооцогдож, тухайн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүүг тооцон боддог. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т үүргийг зохих ёсоор гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд Ц.Б миний бие зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор буюу 14,490,009 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд тус үүргийн гүйцэтгэлийг зээлийн гэрээний үндсэн төлбөрөөс суутгалгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан нь байх тул 22,000,000 төгрөгийн хэмжээг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Зээлийн гэрээний 2.5 ...Зээлийн хүүг үндсэн зээлийн дүнгийн үлдэгдэл хуанлийн 30 хоногт 3,5 хувиар бодно..., 2.9-т ... нэмэгдүүлсэн хүүг тооцох ба түүний хэмжээ нь 2.5-д заасан хүүгийн 20 хувьтай тэнцүү байна... гэж заасан. Эргэн төлөлт 14,490,009 төгрөгийн үүргийг нэхэмжлэлийн шаардлага дахь 22,000,000 төгрөгөөс хасч тооцсон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага дахь үндсэн хүү 24,138,342.33 төгрөг, нэмэгдүүлсэн 7,725,666.67 төгрөг бүхий үнийн дүнгүүд хууль болон гэрээнд заасан хууль зүйн үндэслэлийн дагуу багасах ёстой. Мөн Монгол улсад коронавирус цар тахал гарсны улмаас бүх нийтийн бэлэн байдал зарлаж, түүнтэй холбоотой Монгол улсын Засгийн газраас Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоох шийдвэр гарсан боловч нэхэмжлэлийн шаардлагын үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг огт багасгаагүй. Иймд Ю ХХК-ийн Ц.Б надад холбогдох иргэний нэхэмжлэлийн шаардлага болох 53,863,991 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хүү, нэмэгдүүлсэн хүү хэт их өссөн байгаа байдал нь зээлдэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр байх тул шүүх өөрийн эрх мэдлийн хүрээнд бууруулах боломжтой гэж үзэж байна. Нэхэмжлэлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг харьцуулж үзвэл хэт өндөр хүүгээр өрийн дарамт үүсгэж байгаа нь хариуцагчийн хувьд төлөх боломжгүй байдал үүсгэж байгаа юм. Хүү тооцоолол дээр маргаантай байгаа учир хариу тайлбар гаргах боломжгүй гэв.

Хариуцагч Д.Ү, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр Ц.Б Ю ХХК-тай 2017-09-13-ны өдөр ЗГ17/03/054 тоот зээлийн гэрээ байгуулж, 22,000,000 төгрөгийг авсан. Ю ХХК нь Ц.Бтай зээлийн гэрээ, барьцааны гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжит оролцогч нь Д.Ү биш юм. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т ...талууд хүсэлт зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан... тохиолдолд бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т ... гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах ..." гэж тус тус тодорхойлсноор Д.Ү миний бие тус гэрээнд гарын үсэг зураагүй. Иймд гэрээний оролцогч тал биш тул Д.Ү надад холбогдох иргэний хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нар нийт 16,800,009 төгрөгийг төлсөн бөгөөд эхний нэг жилийн хүү 9,240,000 төгрөгийг төлж дуусгасан байдаг. Хариуцагч нар үндсэн зээлийн гэрээний 2.2 дах хэсэгт зааснаар хугацааны эцэст 22,000,000 төгрөгийг төлөөгүй тул талууд харилцан тохиролцоод гэрээг дахин 1 жилийн хугацаатай сунгасан. Тус гэрээг байгуулахад зээлийн хүүний хуримтлал гэж байгаагүй, мөн нэмэгдүүлсэн хүүгийн хуримтлал байгаагүй. Цаашид төлөх графикаа тухайн гэрээнд заахдаа үндсэн зээлээс төлөгдөх төлбөрийг 2019-02-13-ны өдрөөс төлөхөөр тохирсон байдаг. Гэрээг сунгаснаас хойш 4 сарын хугацаанд 30 хоногийн 770,000 төгрөгийг төлнө, 02 сарын 13-ны өдрөөс хойш үндсэн төлөлт рүү орохоор хугацааг тогтоосон. Нийт төлөгдсөн 16,800,009 төгрөгөөс 16 сарын хүү 12,320,000 төгрөг төлөгдсөн. Нийт төлсөн төлбөрөөс 12,320,000 төгрөгийг хасахаар 4,480,009 төгрөг үлдэж байгаа. Энэ үнийн дүн нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үндсэн зээлээс хасагдах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан баримт, тооцооллоос харахад үндсэн зээл 22,000,000 төгрөгөөс 4,480,009 төгрөг хасагдаж 17,520,000 төгрөгийн үлдэгдэлтэй байх тооцооллыг хариуцагч тал гаргаж байгаа. Нэхэмжлэгч тал хүү болон нэмэгдүүлсэн хүүг бодохдоо Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны хамтран баталсан хүү бодох журмыг зөрчиж, үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөгдөөгүй гэж нэхэмжлэлд дурдсан нь бодит үнэнд нийцэхгүй байна. Нэмэгдүүлсэн хүү 4,370,798 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Монгол банкнаас баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү шимтгэл хураамжийн мэдээллийн ил тод байдлын журамд нэмэгдүүлсэн хүүг тодорхойлохдоо нэмэгдүүлсэн хүү гэж гэрээнд заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг эргүүлэн төлөөгүй тохиолдолд Иргэний хуульд заасан хувиас хэтрэхгүй хувь хэмжээгээр үндсэн хүүг нэмэгдүүлж тооцсон хүүгийн хэмжээг хэлнэ гэж заасан. Нэхэмжлэгч талын зээлийн тооцоо баримтаас харахад үндсэн зээл төлөгдөх хугацаа болоогүй байхад 16 сарын хугацаанд зөвхөн хүү төлөгдөж байгаа, хүү төлөгдөөгүй байхад үндсэн хүүгээс нэмэгдүүлсэн хүү тооцоод байгаа нь журам болон Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт заасныг зөрчиж байна. Хүүгээ төлөөгүй байхад хүүгээс нэмэгдүүлсэн хүү тооцсон нь хууль бус байх тул хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний 2.10 дах хэсэгт зааснаар зээлийг даруй төлөхийг шаардсан мэдэгдэл өгсөн тохиолдолд, нэмэгдүүлсэн хүүг тийнхүү мэдэгдэл өгсөн өдрөөс эхлэн тооцно гэж заасан. Хариуцагч мэдэгдлийг 2021-08-26-ны өдөр гардаж авсан, түүнээс өмнөх мэдэгдлийг гардаж аваагүй. Энэхүү мэдэгдлийг хүлээлгэж өгснөөс хойш нэмэгдүүлсэн хүү тооцохоор гэрээнд заасан. Мөн 2020-11-10-ны өдөр дэлхий нийтэд үүсээд байгаа ковид-19 гэдэг өвчин илэрсэн. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас 2020 оны 11 сарын 11-ний өдөр бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хатуу хөл хорио тогтоож аж ахуй нэгжийн үйл ажиллагааг хаасан хэд хэдэн удаагийн тохиолдол байдаг. Анх зээлийг авахдаа барилгын салбарт эргэлтийн хөрөнгөд зориулан авсан. Хатуу хөл хорионы улмаас барилгын салбар бүхэлдээ зогссон учир зээлийг зориулалтаар ашиглаж чадаагүй. Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зээлдэгч нь аливаа нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж төлөхөөс чөлөөлөгдөх эрхтэй талаар зохицуулсан. Тийм учраас нэмэгдүүлсэн хүү 4,370,798 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагад 21,853,991 төгрөгийн үндсэн хүүг шаардаж байгаа. Нэхэмжлэгч тал хууль болон гэрээнд заасны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Үүнээс болж хариуцагч нар их хүүгийн өрөнд орсон. Үүнийг харгалзан үзэн эрх хэмжээнийхээ хүрээнд хүүгээс багасгаж өгнө үү. 2019 оны 09 сарын 13-ны өдөр зээлийн нэмэлт гэрээний үүрэг дуусгавар болсон. Үүнээс хойш 2 жилийн дараа хүүгийн хуримтлал үүсгэж шүүхэд хандсан нь гэрээнд заасан 2 сарын дотор шүүхэд хандах гэсэн зохицуулалтыг хэрэглээгүй гэдгийг харгалзан үзнэ үү. Иймээс нэхэмжлэлийн шаардлага 48,224,779 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Нотлох баримтын хувьд: Нэхэмжлэгчээс зээлийн тооцоо, зээлийн өргөдөл, 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ17/03/054 дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн БГ/17/03/054 дугаартай Барьцааны гэрээ, уг гэрээний хавсралт А, 2017-09-14-ний өдрийн Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн дансны хуулга, 2018-08-07-ны өдрийн Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн дансны хуулга, 2020-01-03-ны өдрийн кассын орлогын ордер, 2018-09-13-ны өдрийн зээлийн хугацаа сунгах тухай гэрээ, улсын бүртгэлийн Ү-22  дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, 00  дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2020-04-03-ны өдрийн 1/47 тоот, 2020-08-10-ны өдрийн 1/87 тоот, 2020-12-11-ний өдрийн 1/136 тоот, 2021-03-04-ний өдрийн 1/11 тоот, 2021-08-26-ны өдрийн 1/86 тоот зээл, зээлийн хүү төлүүлэх тухай мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021-06-30-ны өдрийн 4-159/12040 тоот алба бичиг, хариуцагчаас Д.Үын Хаан банк ХХК-ийн   тоот дансны хуулга, Болд хаус ХХК-ийн Голомт банкны  тоот дансны хуулгыг тус тус баримтаар гарган өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ю ХХК нь хариуцагч Ц.Б, Д.Ү нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,000,00 төгрөг, зээлийн хүү 21,853,991 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,370,798 төгрөг, нийт 48,224,779 төгрөг гаргуулж, Ц.Бын өмчлөлийн Баянзүрх дүүрэг,  тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2  дугаартай, 00  тоот гэрчилгээний дугаартай, 102 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байрлах 00  тоот гэрчилгээний дугаартай,  нэгж талбарын дугаартай иргэний ахуйн хэрэгцээний зориулалттай газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ц.Б, Д.Ү нар нь зээлийн гэрээний хугацаа хэтэрснээс хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан.

Ю ХХК нь Ц.Б, Д.Ү нар 2017-09-13-ны өдөр ЗГ/17/03/054 дугаартай үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээг байгуулж 22,000,000 төгрөгийг, сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 2017-09-13-ны өдрийн Б/17/03/054 дугаартай барьцааны гэрээг байгуулсан. 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Зээлийн гэрээний хугацаа сунгах тухай гэрээ байгуулсан, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 16,800,009 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдож байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээ байгуулагджээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар гэрээнд заасан хугацаанд зээл болон зээлийн хүүг зээлдүүлэгчид буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т "Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, 453 дугаар зүйлийн 453.1-д "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.9-д нэмэгдүүлсэн хүүгийн талаар талууд харилцан тохиролцжээ.

Хариуцагч Ц.Б, Д.Ү, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар зээлийн тооцоо баримтаас харахад үндсэн зээл төлөгдөх хугацаа болоогүй байхад 16 сарын хугацаанд зөвхөн хүү төлөгдөж байгаа, хүү төлөгдөөгүй байхад үндсэн хүүгээс нэмэгдүүлсэн хүү тооцоод байгаа нь журам болон Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зээлдэгч нь аливаа нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө, зээлийн гэрээний хугацаа хэтэрсэнээс хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Иймд хариуцагч Ц.Б, Д.Ү нараас 48,224,789 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ю ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчдын хооронд 2017-09-13-ны өдрийн Б/17/03/054 дугаартай барьцааны гэрээг байгуулж Ц-н Бын өмчлөлийн Баянзүрх дүүрэг,   тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-  дугаартай, 0  тоот гэрчилгээний дугаартай, 102 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байрлах   тоот гэрчилгээний дугаартай,  нэгж талбарын дугаартай иргэний ахуйн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалжээ.

Зохигчдын хооронд байгуулсан дээрх барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангажээ.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ю ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 497,469.95 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ц.Б, Д.Ү нараас улсын тэмдэгтийн хураамжид 469,274 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Б, Д.Ү нараас 48,224,789 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ю ХХКомпанид олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ц.Б, Д.Ү нар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд хариуцагч Цэрэнхүүгийн Бын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 20-р хороо,  тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2  дугаартай,   тоот гэрчилгээний дугаартай, 102 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байрлах  тоот гэрчилгээний дугаартай,   нэгж талбарын дугаартай иргэний ахуйн хэрэгцээний зориулалттай газрыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 497,469.95 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ц.Б, Д.Ү нараас улсын тэмдэгтийн хураамжид 469,274 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ю ХХК олгосугай.

4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА