Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/00761

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/00761

 

 

 

Юнайтед финанс ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2022/00645 дугаар шийдвэртэй

Юнайтед финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Болдбаатар, Д.Үүрцайх нарт холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 48,224,779 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат, хариуцагч Ц.Болдбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Агар-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Юнайтед финанс ББСБ ХХК нь Ц.Болдбаатар, Д.Үүрцайх нартай 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ/17/03/054 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 22,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүү төлөхөөр харилцан тохиролцсон. Зээлдэгч нар гэрээний үүргийн биелэлтийн баталгаа болгож Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөм 22-5A тоотод байрлах 18660312144728 нэгж талбарын газар, улсын бүртгэлийн Ү-2204049610 гэрчилгээтэй 102 м.кв хувийн сууцыг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Юнайтед финанс ББСБ ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлж 22,000,000 төгрөгийг зээлдэгч нарт олгосон боловч зээлдэгч нар зээлийн төлбөрийг хугацаандаа бүрэн төлөөгүй тул ЗХСГ/18/3/016 тоот гэрээ байгуулж, зээлийн гэрээг нэг жилийн хугацаагаар сунгаж, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дотор төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд 2,140,000 төгрөгийн төлөлт хийсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээл 22,000,000 төгрөг, зээлийн хүү 21,853,991 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,370,798 төгрөг, нийт 48,224,779 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт зааснаар барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ц.Болдбаатарын татгалзал, тайлбарын агуулга: Миний бие Юнайтед финанс ББСБ ХХК-тай 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ/17/03/054 тоот зээлийн гэрээг байгуулж 22,000,000 төгрөгийг зээлсэн. Нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхийн үндэслэл тодорхой бус байна. Учир нь зээлийн гэрээний дагуу хүү шаардаж байгаа тохиолдолд хүүг үндсэн зээлээс тооцож, тухайн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүүг тооцдог. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг зохих ёсоор гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд зээлийн гэрээний үүрэгт төлсөн 14,490,009 төгрөгийг үндсэн төлбөрөөс суутгалгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан нь тул 22,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээний 2.5-д ...Зээлийн хүүг үндсэн зээлийн дүнгийн үлдэгдэл хуанлийн 30 хоногт 3,5 хувиар бодно гэж, 2.9-д ...нэмэгдүүлсэн хүүг тооцох ба түүний хэмжээ нь 2.5-д заасан хүүгийн 20 хувьтай тэнцүү байна гэж тус тус заасан ба эргэн төлөлтийн 14,490,009 төгрөгийг 22,000,000 төгрөгөөс хасаж тооцвол нэхэмжлэлийн шаардлага дахь хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь хууль болон гэрээнд заасны дагуу багасах ёстой. Мөн Монгол Улсад коронавирус цар тахал гарсны улмаас бүх нийтийн бэлэн байдал зарлаж, түүнтэй холбоотой Засгийн газраас Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоох шийдвэр гарсан байтал Юнайтед финанс ББСБ ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгаагүй. Зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг харьцуулж үзвэл нэхэмжлэлийн шаардлагын хүү, нэмэгдүүлсэн хүү хэт өндөр байгаа нь зээлдэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр байх тул шүүх өөрийн эрх мэдлийн хүрээнд бууруулах боломжтой гэжээ.

 

3. Хариуцагч Д.Үүрцайхын татгалзал, тайлбарын агуулга: Миний нөхөр Ц.Болдбаатар нь Юнайтед финанс ББСБ ХХК-тай 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ17/03/054 тоот зээлийн гэрээ байгуулж, 22,000,000 төгрөгийг зээлсэн.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт нийт 16,800,009 төгрөг төлсөн бөгөөд эхний нэг жилийн хүү 9,240,000 төгрөгийг төлж дуусгасан. Зээлийн гэрээний 2.2-т заасан хугацааны эцэст хариуцагч нар 22,000,000 төгрөгийг төлөөгүй тул талууд харилцан тохиролцож зээлийн гэрээний хугацааг 1 жилээр сунгахад зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хуримтлал байгаагүй. Нэмэлт гэрээгээр зээлийн гэрээний хугацааг сунгасан өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл сар бүр 770,000 төгрөгийг төлөхөөр, мөн оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс хойш үндсэн төлөлт рүү орохоор тохиролцсон. Хариуцагч нарын төлсөн нийт 16,800,009 төгрөгөөс 16 сарын хүү болох 12,320,000 төгрөгийг хасахаар 4,480,009 төгрөг үлдэх ба энэ нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үндсэн зээлээс хасагдах хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн зээлийн тооцооны баримтаас харахад үндсэн зээлийн хугацаа дуусаагүй байхад 16 сарын хугацаанд зөвхөн хүү төлөгдөж байгаа, хүү төлөгдөөгүй байхад үндсэн хүүгээс нэмэгдүүлсэн хүү тооцоод байгаа нь Монгол банкнаас баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү шимтгэл хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам болон Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг зөрчиж байна. Хэрэгт авагдсан баримт, тооцооллыг үндэслэн үндсэн зээл 22,000,000 төгрөгөөс 4,480,009 төгрөгийг хасаж 17,520,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Гэрээний 2.10-т зээлийг даруй төлөхийг шаардсан мэдэгдэл өгсөн тохиолдолд, нэмэгдүүлсэн хүүг тийнхүү мэдэгдэл өгсөн өдрөөс эхлэн тооцно гэж заасан. Хариуцагч мэдэгдлийг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гардаж авсан, түүнээс өмнөх мэдэгдлийг гардаж аваагүй. Мөн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсад Коронавируст цар тахал илэрсэнтэй холбоотойгоор Засгийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хатуу хөл хорио тогтоож аж ахуй нэгжийн үйл ажиллагааг хэд хэдэн удаа хаасан. Хариуцагч нар нь зээлийг барилгын салбарын эргэлтийн хөрөнгөд зориулан авсан. Хатуу хөл хорионы улмаас барилгын салбар бүхэлдээ зогссон учир зээлийг зориулалтаар ашиглаж чадаагүй. Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зээлдэгч нь аливаа нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж төлөхөөс чөлөөлөгдөх эрхтэй талаар зохицуулсан. Иймд нэмэгдүүлсэн хүү 4,370,798 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч тал хууль болон гэрээнд заасны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс болж хариуцагч нар өндөр дүнтэй хүүгийн өрөнд орсон. 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн нэмэлт гэрээний үүрэг дуусгавар болсон ба үүнээс хойш 2 жилийн хүүгийн хуримтлал үүсгэж шүүхэд хандсан нь гэрээнд заасан 2 сарын дотор шүүхэд хандах гэснийг баримтлаагүйг шүүхээс харгалзан үзнэ үү. Нэхэмжлэлийн шаардлага 48,224,779 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн Ц.Болдбаатар нь Юнайтед финанс ББСБ ХХК-тай барьцааны гэрээ байгуулсан бөгөөд энэ гэрээний үүргийг надаас шаардах боломжгүй. Учир нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т ...талууд хүсэлт зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан... тохиолдолд бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ гэж, 196 дугаар зүйлийн 196.1.2-т ...гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах ..." гэж тус тус тодорхойлсноор миний бие гэрээнд гарын үсэг зураагүй, гэрээний нэг тал биш. Иймд надад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Болдбаатар, Д.Үүрцайх нараас 48,224,789 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Юнайтед финанс ББСБ ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Болдбаатар, Д.Үүрцайх нар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд хариуцагч Цэрэнхүүгийн Болдбаатарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Баяндөхөм 22 гудамж, 5А тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204049610 дугаартай, 000247612 тоот гэрчилгээний дугаартай, 102 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байрлах 000449170 тоот гэрчилгээний дугаартай, 18660312144728 нэгж талбарын дугаартай иргэний ахуйн хэрэгцээний зориулалттай газрыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 497,469.95 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ц.Болдбаатар, Д.Үүрцайх нараас улсын тэмдэгтийн хураамжид 469,274 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Юнайтед финанс ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч нарын төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

5.а. Шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасны дагуу үнэлээгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Хариуцагч нарын нэхэмжлэгчид төлсөн 16,800,009 төгрөгөөс эхний нэг жилийн хүү 9,240,000 төгрөгийг хасаад үлдэх 7,560,009 төгрөгийн 3,080,000 төгрөг нь эхний 4 сарын хүүд, үлдэх 4,480,009 төгрөг нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үнсэн зээл 22,000,000 төгрөгөөс хасагдаж үндсэн зээлийн үлдэгдэл 17,520,000 төгрөг болох байтал шүүх хэргийн нөхцөл байдал, үүрэг гүйцэтгэсэн хэмжээ, үүрэг гүйцэтгэх дарааллын талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

5.б. Үндсэн зээлийн үлдэгдэл 17,520,000 төгрөг, сарын хүү нь 613,200 төгрөг болно. Нэхэмжлэгч нь 28 сарын хугацааны үндсэн хүүг бууруулалгүйгээр 770,000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн тул 4,157,991 төгрөгийн үндсэн хүү нь хууль бус байна.

 

5.в. Мөн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 1 жилийн хугацаанд зөвхөн хүү төлж, үндсэн зээлийг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн төлөхөөр талууд харилцан тохиролцсон байхад зээлийн хүүг хугацаа хэтрүүлсэн гэж үзэж нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлийн хүүгийн 20 хувиас тооцсон бөгөөд үндсэн зээл багассан тохиолдолд хүү дагаж багасах тул нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ мөн багасах ёстой байтал нэхэмжлэгч тал үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн хүү шаардаж байгаа тул бүхэлд нь зөвшөөрөхгүй. Мөн зээлийн гэрээний 4.5, 4.6-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой байхад гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй санаатайгаар хариуцагч нарыг их хэмжээний зээлийн хүүгийн дарамтад оруулсан.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгоогүй, нэхэмжлэлийн шаардлага ямар баримтад үндэслэж байгаа, хэрэгт авагдсан ямар баримтыг хэрхэн үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан талаар үндэслэх хэсэгтээ дурдаагүй, хариуцагчийн маргаж буй татгалзлын талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндсэн зээлийн 22,000,000 төгрөгөөс хүүд төлсөн 17,520,000 төгрөгийг хасаад 4,482,000 төгрөг, мөн үндсэн хүүгээс 4,157,991 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,370,798.20 төгрөг нийт 13,008,789 төгрөг хууль зүйн үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах гомдолд дурдагдсан төлөлтүүд зээлийн гэрээний үндсэн хугацаа болон зээлийн гэрээний сунгасан хугацаанд төлсөн учраас зээлийн хүүгээс хасаж тооцсон. Уг төлөлтүүдийг үндсэн төлөлтөөс хасах хууль зүйн үндэслэл бүрдээгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаж, анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Юнайтед финанс ББСБ ХХК нь хариуцагч Ц.Болдбаатар, Д.Үүрцайх нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 48,224,779 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Юнайтед финанс ББСБ ХХК нь 22,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч Ц.Болдбаатар, Д.Үүрцайх нар нь зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлийг төлөх, хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зохигчид тохиролцжээ. /хх13-14/

 

4. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Юнайтед финанс ББСБ ХХК нь Ц.Болдбаатар, Д.Үүрцайх нартай барьцааны гэрээ байгуулж, Ц.Болдбаатарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204049610 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Баяндөхөм 22 гудамж, 5А тоотод байрлах 102 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 000449170 тоот гэрчилгээний дугаартай, 18660312144728 нэгж талбарын дугаартай иргэний ахуйн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар болон хэргийн 17-22 дугаар тал дахь баримтаар тогтоогдсон байна.

 

4а.Зохигчдын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан зээл болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж, хэн аль нь гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу уг хэлцлүүд нь хүчин төгөлдөр болжээ.

 

4б.Юнайтед финанс ББСБ ХХК нь Ц.Болдбаатар, Д.Үүрцайх нарт зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн, мөн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримтын талаар зохигчдын хэн аль нь маргахгүй байна.

 

4в.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан барьцааны гэрээ тус тус байгуулагдсан талаар зөв дүгнэжээ.

 

5.Мөн зохигчид 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ЗХСГ/18/3/016 тоот гэрээ байгуулж, зээлийн гэрээний хугацааг 1 жилийн хугацаагаар сунгаж, уг гэрээгээр сар бүр 3,5 хувийн хүү төлөх, зээл болон хүүг хуваарийн дагуу зохих ёсоор төлөх, хэрэв зээл эргэн төлөлтийн хуваарийг зөрчвөл нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцсон байна. /хх24-25/

 

5.а.Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгчид 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд нийт 16,800,009 төгрөг төлсөн болох нь хэргийн 92 дугаар тал дахь зээлийн тооцооны баримт болон талуудын тайлбараар тогтоогджээ.

 

5.б.Талууд зээлийн гэрээгээр 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл сар бүр зээлийн хүүд 770,000 төгрөг төлөх, харин үндсэн зээл 22,000,000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр бүхэлд нь төлөхөөр тохиролцсон, харин зээлийн сунгалтын гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчид 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр зээлийн хүүд 770,000 төгрөг төлөх, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн сар бүр зээл, зээлийн хүүг төлөхөөр тохиролцсон байна.

 

5.в.Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт төлсөн 16,800,009 төгрөгийг зээл, зээлийн хүүд хасаж тооцолгүй зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 48,224,779 төгрөг шаардсан нь үндэслэл муутай байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон тул давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн нотлох баримтуудад дүгнэлт өгөх замаар уг алдааг залруулах боломжтой.

 

6.Дээрх зээлийн болон зээлийн сунгалтын гэрээгээр нэхэмжлэгчид хариуцагч нар нь 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх нийт 16 сарын хугацааны хүүд 12,320,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан тул нэхэмжлэгчид хариуцагч нарын төлсөн 16,800,009 төгрөгөөс 12,320,000 төгрөгийг хасвал 4,480,009 төгрөг үлдэнэ. Энэ мөнгийг үндсэн зээл 22,000,000 төгрөгөөс хасвал үндсэн зээлийн үлдэгдэл 17,520,000 төгрөг болж байх тул энэ талаар гаргасан хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангана. /5.а/

 

6.а.Нэхэмжлэгч нь шүүхэд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул хариуцагч нар зээлийн үлдэгдэл 17,520,000 төгрөгийн 32 сар 14 хоногийн хүүд 19,908,560 төгрөгийг төлөх үүрэгтэй. Иймд хариуцагч нарын нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны зээлийн хүүг бууруулалгүйгээр сар бүр 770,000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн 4,157,991 төгрөгийн үндсэн хүү нь хууль бус гэх гомдол үндэслэлтэй байна. /5.б/

 

6.б.Мөн зээлийн гэрээний 2.9-д үндсэн зээл, хүүг гэрээнд заасан хуваарийн дагуу хугацаанд нь зохих ёсоор төлж чадаагүй бол зөрчил гаргасан өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн хүүг тооцох ба хэмжээ нь сарын 3.5 хувийн хүүгийн 20 хувьтай тэнцүү байхаар тохиролцсон тул зээлийн хүү 19,908,560 төгрөгийн 20 хувь 3,981,732 төгрөг болж байна. Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 17,520,000 төгрөг, зээлийн хүү 19,908,560 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,981,732 төгрөг, нийт 41,410,292 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,814,497 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. Талууд гэрээгээр нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон тул хариуцагч нарын үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн хүү шаардсан гэх гомдлыг хангах үндэслэлгүй. /5в/

7.Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд шүүх барьцааны гэрээ хуульд заасан шаардлага хангасан тул Ц.Болдбаатар, Д.Үүрцайх нар нь зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгүүдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2022/00645 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 48,224,789 төгрөгийг гэснийг 41,410,292 төгрөгийг гэж, олгосугай гэснийг ...олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,814,497 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын 469,274 төгрөгийг гэснийг, 365,001 төгрөгийг гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Болдбаатар, Д.Үүрцайх нарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ