Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2022/00985

 

 

 

 

 

 

 

 

2022 03 04 101/ШШ2022/00985

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 60,803,712 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019-10-01-ний өдөр хариуцагч Э ХХК-тай 19/10/01 тоот түрээсийн гэрээг байгуулж, М ХХК-ний Баянзүрх дүүрэг,  төвийн B1 дүгээр давхарт байрлах 450 м.кв талбайг 1 м,кв-т талбайг 18,000 төгрөгөөр тоооцж, сард тзрээсийн төлбөрт 8,100,000 төгрөг төлөх, гэрээг 1 жилийн хугацаатай түрээслүүлэхээр тохиролцсон. Гэрээний 7.3-т түрээслэгч нь төлбөрийг сар бүрийн 05-ны өдрийн дотор төлөх, тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол гэрээний 9.2-т заасны дагуу хоног тутам 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх үүргийг хүлээсэн.

Талууд гэрээг байгуулахдаа өмнөх түрээслэгч П  ХХК-ийн төлбөрийн үлдэгдэл 12,000,000 төгрөгийг хариуцагч Э ХХК нь манай компаний өмнө хариуцахаар тохиролцсон тул уг төлбөрийг хариуцагчаас суутгасан. Мөн гэрээ хэрэгжих явцад хариуцагчид учирсан бизнесийн хүндрэлийг шийдэх, төлбөрийн таатай нөхцөлийг олгох зорилгоор талууд 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Э ХХК нь М ХХК-д бараа материал нийлүүлэх, төлбөрийг хариуцагчаас төлөх түрээсийн төлбөрт тооцон суутгахаар харилцан тохиролцож, нийт 22,524,192 төгрөгийг түрээсийн төлбөрийн үлдэгдэлээс суутгасан. Хариуцагч нь гэрээний дагуу төлбөл зохих түрээсийн төлбөрийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор гүйцэтгээгүйгээс нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар түрээсийн төлбөрийн үлдэгдэл 48,944,662 төгрөг, алданги 19,959,050 төгрөг, нийт 68,903,712 төгрөгийн төлбөрийн үлдэгдлээс түрээсийн гэрээний дагуу байршуулсан 8,100,000 төгрөгийн дэнчинг хасч 60,803,712 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Энэхүү төлбөрийн үлдэгдлийг хариуцагч Э ХХК хүлээн зөвшөөрч байгаагаа 2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 20/021 тоот албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэн хэдий ч өнөөдрийг хүртэл түрээсийн гэрээний өр төлбөрийг барагдуулаагүй. Иймд хариуцагч Э ХХК-тай байгуулсан 19/10/01 тоот түрээсийн гэрээний дагуу төлөх түрээсийн төлбөрийн үлдэгдэл 60,803,712 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Э ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь түрээсийн гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулж байсан боловч цар тахлын нөлөөнөөс хамаарч түрээсийн төлбөрийг төлөх боломжгүй болсон. Гэрээний үүргээ биелүүлээгүй нь талуудаас үл шалтгаалах нөхцөл байдлаас болсон. Төлбөрийн тооцонд маргах зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага 60,803,712 төгрөгний хувьд маргах зүйл байхгүй. Бизнесийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй цар тахлын нөхцөл байдал үүссэн зэргийг харгалзан алдангийг багасгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс 19/10/01 тоот түрээсийн гэрээ /хх-ийн 8-14 тал/, 19/05/17 тоот түрээсийн гэрээ /хх-ийн 15-21 тал/, 19/010 тоот Э ХХК-ийн албан бичиг /хх-ийн 24 тал/, 6. 2019 оны 10-р сарын 01-ны өдрийн талбай хүлээлцэх акт /хх-ийн 25-26 тал/, 2019 оны 11-р сарын 18-ны өдрийн 286 тоот М ХХК-ийн албан бичиг /хх-ийн 27 тал/, 2020 оны 04-р сарын 09-ний өдрийн 20/14 тоот худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 28-30 тал/, 2020 оны 09-р сарын 15-ны өдрийн 294 тоот М ХХК-ийн албан бичиг, албан бичиг хүлээлцсэн тухай бүртгэл /хх-ийн 31-32 тал/, түрээсийн тооцоо /хх-ийн 33 тал/, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 20/015 тоот Э ХХК-ийн албан бичиг /хх-ийн 34 тал/ 2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 20/021 тоот Э ХХК-ийн албан бичиг /хх-ийн 35 тал/, "Э ХХК-ийн захирал Б-ийн гар бичмэл /хх-ийн 36 тал/, Хаан банк ХХК-ийн дансны хуулга /хх-ийн 37-42 тал/, Ү-2204016518 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хх-ийн 67 тал/ зэргийг тус тус баримтаар гарган өгсөн, харин хариуцагч тал хэрэгт баримт цуглуулж өгөөгүй, шүүхийн журмаар баримт бүрдүүлэх хүсэлт гаргаагүй.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ХХКйн нэхэмжлэлийн шаардлага түрээсийн төлбөрт 40,844,662 төгрөг, алданги 19,959,050 төгрөг, нийт 60,803,712 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 60,803,712 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Э ХХК нь нэхэмжлэлийн шаардлага түрээсийн төлбөр 40,844,662 төгрөг, алданги 19,959,050 төгрөг, нийт 60,803,712 төгрөгний тооцоон дээр маргахгүй, харин цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулж чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргасан.

Зохигчид 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 19/10/01 тоот түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нь М ХХК нь Баянзүрх дүүргийн   давхарт байрлах 450 м.кв талбайг барилгын материалын худалдааны зориулалтаар 2019 оны 10-р сарын 01-ний өдрөөс 2020 оны 10-р сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай түрээслүүлэх, Э ХХК нь сарын 8,100,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг сар бүрийн 05-ны өдрийн дотор төлөх, төлбөрөө төлөөгүй тохиолдолд хоног тутам 0.2 хувьтай тэнцэх алдангийг төлөх, дэнчин 8,100,000 төгрөг урьдчилан тушаах үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 8-14 тал/

Баянзүрх дүүргийн   хаягт байршилтай 8120,4 м.кв талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2010 оны 07 дугаар сарын 27-ны өдөр М ХХК бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 67 тал/

Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч түрээсийн зүйлийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч түрээсийн зүйлийг тодорхой хугацаанд ашигласан талаар маргаагүй.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан.

Зохигчид дээрх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байх боловч түрээсийн талбай нь худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсэг тул талуудын байгуулсан түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй гэж үзэх үндэстэй, өөрөөр хэлбэл түрээсийн гэрээ хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэх үндэстэй.

Зохигчийн хооронд байгуулагдсан 2019-10-01-ний өдрийн 19/10/01 тоот түрээсийн гэрээний 9.2-т зааснаар хариуцагч Э ХХК нь түрээсийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,2 алдангийг төлөхөөр тохиролцжээ.

Хариуцагч Э ХХК нь цар тахлын улмаас гэрээнд өөрчлөлт оруулах, төлбөрийг төлөх боломжгүй болсон талаар нэхэмжлэгч М ХХК-д хүсэлт гаргаж байгаагүй, энэ талаар мэдэгдээгүй. Шүүх алдангийг хуульд зааснаар багасгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э ХХК-иас түрээсийн төлбөр төлөх үүрэгт 60,803,712 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгох үндэстэй.

Нэхэмжлэгч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 461,970 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 461,968.56 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э ХХК-иас 60,803,712 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 461,970 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 461,968.56 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА