Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01306

 

М- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч М.Баясгалан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2022/00985 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М- ХХК-ийн хариуцагч Э- ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт нийт 60,803,712 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбулаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Талууд 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн гэрээг байгуулж, нэхэмжлэгч нь 450 м.кв талбайг сарын 8,100,000 төгрөгөөр, 1 жилийн хугацаатай хариуцагчид түрээслүүлсэн. Талууд гэрээ байгуулахдаа өмнөх түрээслэгч Пропер планинг консалтинг ХХК-ийн төлбөрийн үлдэгдэл 12,000,000 төгрөгийг хариуцагч Э- ХХК нь манай компанийн өмнө хариуцахаар тохиролцсон тул уг төлбөрийг хариуцагчаас суутгасан. Мөн гэрээ хэрэгжих явцад хариуцагчид учирсан бизнесийн хүндрэлийг шийдэх, төлбөрийн таатай нөхцөлийг олгох зорилгоор талууд 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Э- ХХК нь М- ХХК-д бараа материал нийлүүлэх, төлбөрийг хариуцагчаас төлөх түрээсийн төлбөрт тооцон суутгахаар харилцан тохиролцож, нийт 22,524,192 төгрөгийг түрээсийн төлбөрийн үлдэгдэлээс суутгасан. Хариуцагч нь гэрээний дагуу төлбөл зохих түрээсийн төлбөрийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор гүйцэтгээгүйгээс нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар түрээсийн төлбөрийн үлдэгдэл 48,944,662 төгрөг, алданги 19,959,050 төгрөг, нийт 68,903,712 төгрөгийн төлбөрийн үлдэгдлээс түрээсийн гэрээний дагуу байршуулсан 8,100,000 төгрөгийн дэнчинг хасч 60,803,712 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Энэхүү төлбөрийн үлдэгдлийг хариуцагч Э- ХХК хүлээн зөвшөөрч байгаагаа 2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 20/021 тоот албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэн хэдий ч өнөөдрийг хүртэл түрээсийн гэрээний өр төлбөрийг барагдуулаагүй. Иймд хариуцагч Э- ХХК-тай байгуулсан 19/10/01 тоот түрээсийн гэрээний дагуу төлөх түрээсийн төлбөрийн үлдэгдэл, алдангид нийт 60,803,712 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай байгууллага нь түрээсийн гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулж байсан боловч цар тахлын нөлөөнөөс хамаарч түрээсийн төлбөрийг төлөх боломжгүй болсон. Гэрээний үүргээ биелүүлээгүй нь талуудаас үл шалтгаалах нөхцөл байдлаас болсон. Төлбөрийн тооцоонд маргах зүйл байхгүй. Бизнесийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй цар тахлын нөхцөл байдал үүссэн зэргийг харгалзан алдангийг багасгаж өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э- ХХК-аас 60,803,712 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М- ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 461,970 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Э- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 461,968.56 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М- ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Хэргийн оролцогч талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ байгуулсан боловч дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас манай байгууллага нь үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон бөгөөд энэ нь Иргэний хуулийн 319 дүгээр зүйлийн 319.2 дах хэсэг болон мөн хуулийн 220 дугаар зүйлийн 220.3 дах хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн тухай нэхэмжлэгч талд манай зүгээс удаа дараа мэдэгдсэн, нэхэмжлэгч ч тус нөхцөл байдлыг мэдэх бүрэн боломжтой байсан нөхцөл байдлыг харгалзалгүйгээр алдангийг бүрэн хэмжээнд хангаж шийдвэрлэснийг манай зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс 19,950,050 төгрөгийн алдангийг нэхэмжилсэн байх бөгөөд энэ нь үйл ажиллагаа явуулаагүй буюу Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр бүх нийтийн хөл хорио тогтоосон өдрүүдийг тооцон оруулсан байгаа нь үндэслэлгүй байх бөгөөд манай зүгээс 7,285,000 төгрөгийн алдангийг хасаж тооцох нь зүйтэй байсан гэж үзэж байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч талын мэдэгдсэн гэх мэдэгдлүүд байдаггүй, түрээсийн төлбөрөө төлнө гэх мэдэгдлийг өгсөн байдаг. Түрээсийн гэрээг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж 1 жилийн хугацаатай байгуулсан. Хатуу хөл хорио 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн нийт 7 удаа хатуу хол хорио тогтоосон. Тайлбарлаж байгаа нөхцөл байдал нь түрээсийн гэрээний хугацаанд хамаарахгүй. Хэргийн 35 дугаар талд хариуцагч компанийн хүсэлт авагдсан. Тус хүсэлтдээ 60,803,712 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, хуваарийн дагуу төлнө гэсэн байдаг. Хариуцагчийн зөвшөөрсөн дүнгээр нэхэмжилсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч М- ХХК нь хариуцагч Э- ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр 40,844,662 төгрөг, алданги 19,959,050 төгрөг, нийт 60,803,712 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасны алдангийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Зохигчид 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч М- ХХК нь Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Их тойруу 93 тоот, А блок-В1 давхарт байрлах 450 м.кв талбайг үйлчилгээний зориулалтаар 1 жилийн хугацаатай түрээслүүлэх, хариуцагч Э- ХХК нь түрээсийн төлбөр 8,100,000 төгрөгийг сар бүрийн 05-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцож, хариуцагч нь түрээсийн зүйлийг ашигласан болох нь талуудын тайлбар, түрээсийн гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 8-14-р тал/.

4.Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Түрээсийн зүйл болох 450 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь 8,120.4 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсэг болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хуулийн шаардлага тавигдахгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв байна. /хх-ийн 67-р тал/

4.а.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул талуудын хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай. .

4.б.Хариуцагч Э- ХХК нь түрээсийн төлбөрийн үлдэгдэл 40,844,662 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тул анхан шатны дээрх төлбөрийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

4.в.Алданги 19,959,050 төгрөг гаргуулах шаардлагын тухайд талууд түрээсийн гэрээний 9.2-т түрээслэгч тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх алдангийг түрээслүүлэгч талд нэмж төлөх-өөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгийг зөрчөөгүй, нэхэмжлэгч М- ХХК нь дээрх хууль буюу гэрээнд зааснаар алданги шаардах эрхтэй.

4.г.Гэвч дэлхий нийтэд тархсан ковид-19 буюу шинэ төрлийн коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд удаа дараа улс орон даяар хөл хорио тогтоосонтой холбоотойгоор бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож байсан нь нийтэд илэрхий үйл баримтад тооцогдох юм. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан алдангийг 7,285,000 төгрөгөөр багасгаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасан хуулийн агуулгад харшлахгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд алдангийг 12,674,050 төгрөгийн хэмжээнд хангаж, хариуцагч Э- ХХК-аас нийт 53,518,712 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 7,285,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2022/00985 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 ... гэсний дараа 232 дугаар зүйлийн 232.6 гэж нэмж, .... 60,803,712 ... гэснийг 53,518,712 гэж, ... олгосугай. гэснийг олгож, нэхэмжлэлээс 7,285,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дах заалтын ... 461,968.56 ... гэснийг 425,544 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 131,510 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Г.ДАВААДОРЖ