Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2022/01388

 

 

 

 

 

2022 03 28

101/ШШ2022/01388

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У ОНӨААТҮГ-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажлаас үндэслэлгүй халагдсан тул өмнө эрхэлж байсан ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлэх. 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 4 сар 6 хоногоор бодохоор 6,201,672 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэгчийг ёс зүйн зөвлөлийн хурлаар ёс зүйн ноцтой зөрчил үүсгэсэн гэж дүгнээд хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч тус ёс зүйн зөвлөл нь ажиллах журмынхаа 3.2-т заасан зүйлийг болон 6.9-г тус тус зөрчсөн. Ун гэх хүнтэй маргалдсан гэх зүйлтэй холбоотой баримт байхгүй байхад зөвхөн түүний гомдолд үндэслэж ёс зүйн зөвлөлөө хуралдуулсан байдаг. Өөрөөр хэлбэл тайлбарт үндэслэж хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан. Уртай холбоотой маргаан гэсэн боловч түүний эгчтэй болон нэхэмжлэгчийг өөрийг нь ёс зүйгүй гэж ташааруулсан. Ёс зүйн зөвлөлийн хуралд болон шүүхэд мэдүүлэг өгсөн хүмүүсээс Лс бусад гэрч нь У-т ажиллаж байгаа хүмүүс. 2019 онд доромжилж байсан гэдэг боловч тэр хугацаанд нь нэхэмжлэгч ажилдаа явдаггүй байсан. Аарцаг нурууны гэмтлээс болж нэхэмжлэгч ажилдаа очиж чадахгүй тул эгч нь очдог байсныг хэрүүл хийдэг байсан гэж байгаа нь зохисгүй. Нэхэмжлэгчийг ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар нэхэмжлэгчийн ноцтой зөрчил гаргасан гэдэг нь нотлогддоггүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэгч ёс зүйн ноцтой зөрчил гаргасан учраас ажлаас халсан. Байгууллагын ёс зүйн хороо ажиллах журмынхаа хүрээнд ажиллаж, нэхэмжлэгчийг хуралд оролцуулах боломжоор бүрэн хангасан. Өөрөө тухайн үед хуралд оролцож, эрхээ хамгаалах боломжтой байсан боловч хуралд оролцоогүй. Тухайн хурлаар зөвхөн нэхэмжлэгчийн асуудлыг биш 4-5 хүний асуудлыг хэлэлцсэн бөгөөд 11:56 цагийн үед гэрчээр асуугдсан, ёс зүйн зөвлөлийн хуралд нэхэмжлэгчийн материалыг хариуцаж байсан Р.Л таны асуудлыг хэлэлцэх гэж байна гэдэг тухай утсаар ярьж, мессеж бичиж мэдэгдсэн ч хуралдаа ирээгүй, оролцоогүй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгийн гаргасан зөрчлийг дүгнээд Хөдөлмөрийн гэрээний 2.2.9, 5.3, ёс зүйн дүрмийн 5.1, 5.2, 5.10, 5.2.3-т заасан үүргээ биелүүлээгүй, бусадтай маргасан нь ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж гэрээг цуцалсан. Ёс зүйн зөвлөлийн зүгээс хамт ажиллаж байсан хүмүүсээс нь тодорхойлолт, мэдүүлэг авахад тэдгээр нь нэхэмжлэгчийг ёс зүйн хэм, хэмжээ алддаг, ар гэрээс нь ирж хэл ам хийдэг талаар тодорхой мэдүүлсэн. Түүнээс гадна нэхэмжлэгч нь манай эгч ажил дээр огт очиж байгаагүй гэдэг боловч гэрчүүд ирж байсан гэдэг талаар мэдүүлэг гаргасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү, хариуцагчийн гаргасан шийдвэр нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчил, бодит байдалд нийцсэн учраас үндэслэлтэй шийдвэр гаргасан гэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлох үүргийн хүрээнд 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, хариуцагчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/719 тоот нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаал, дансны хуулга, ажил олгогчид гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 4-29 дэх тал/, Хариуцагч татгалзлаа нотлох үүргий хүрээнд Хөдөлмөрийн дотоод журам, Ажилтны ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн гэрээ, Уын Ёс зүйн зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэл, дүгнэлт, Ёс зүйн зөвлөлийн ажиллах журам, Ёс зүйн дүрэм, ажилтан Ц.Ун ГГСЗТ-д үзүүлсэн баримт, гомдол, ажилтан Э.Д Ө.Л Э.Э, Х.Т, Ч.Гд нарын тодорхойлолт /хавтаст хэргийн 28-85 дахь тал/, Шүүхийн журмаар иргэн Э.Д Ө.Л Э.Э, Х.Т, Ч.Гд нараас авсан мэдүүлэг, хариуцагчийн хүсэлтээр хийгдсэн үзлэгийн тэмдэглэл /хавтаст хэргийн 115-122,139-151, 156-157 дэх тал/-ийг тус тус нотлох баримтаар гаргаж бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газарт холбогдуулан тус газрын Нийтийн үйлчилгээний албаны Нийтийн биеийн тамир-Спортын хэсгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6,201,672 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, хариуцагч ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон учир ажлаас халсан гэх тайлбарыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Зохигчийн хооронд Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар эрх зүйн маргаан үүссэн байна. Хариуцагч, нэхэмжлэгчтэй 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар зохигч нь 2013 оны 07 дугаар 2021 оны 11 дүгээр сар 19-ний өдрийг хүртэл хугацаанд хөдөлмөрийн харилцаатай байжээ. Хариуцагч 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/719 тоот тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас халжээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан хариуцагч 2021 оны Б/719 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэл болгосон нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн харилцааг зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсан гэж үзэхээр байгаа нь Хөдөлмөрийн дотоод журам, Ажилтны ёс зүйн дүрэм болон Хөдөлмөрийн гэрээний 2.2, 2.2.9-д Бусадтай зүй бусаар харьцах, хэл амаар доромжлох, бусдын чөлөөнд халдах зөрчил гаргасан гэж дүгнэснээр тодорхойлогдож байна. Энэ нь сахилгын ноцтой зөрчилд тооцогдох бөгөөд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үр дагавартай байна. Нэхэмжлэгч нь бусадтай зүй бусаар харьцаж, хэл амаар доромжлон, эрх чөлөөнд халдсан зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж, татгалзлын үндэслэлээ нотолжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч талын хэн нь шаардлага, татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй. Ажилтныг ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан эсэхтэй холбоотой хөдөлмөрийн эрх зүйн маргааны хувьд нотлох үүргийн хуваарилалтаар ажилтныг ажлаас халсан үндэслэл, шалтгаанаа ажил олгогч шүүхийн өмнө эхэлж нотлох үүрэгтэй, тийнхүү нотолж чадаагүй бол ажилтныг хууль бусаар халсан гэж үздэг.

Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх зөрчлийг нэхэмжлэгч гаргасан гэж үзэх хангалттай нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т ажил олгогч санаачилсан шалтгаанаар ажилтныг ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталж, ажилтны гаргасан зөрчил эсхүл ажлаас халах шалтгаан болсон үйл баримт, дүгнэлт нь зохих хууль, дүрэмд нийцсэн буюу гаргасан ажилтны гаргасан зөрчил хариуцлагын хэмжээ нь хоорондоо уялдаатай байх ёстой. Ингэснээр ажилтныг ажлаас халах шалтгаан тодорхой болж, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан ... гэх үндэслэл үгүйсгэгдэх боломжтой.

Гэвч хариуцагчийн дээрх Б/719 тоот тушаалд дурдсанаар нэхэмжлэгчийг ажлаас халсан шалтгаан нь үндэслэл бүхий болоогүй нь нэхэмжлэгчийг хууль бусаар халсан гэж үзнэ.

Ус сувгийн удирдах газрын Ёс зүйн зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дүгнэлтээр нэхэмжлэгч ёс зүйн ноцтой зөрчил үүсгэсэн гэх дүгнэлтийн үндэслэлээ хариуцагч тал ажилтан Э.Д Ө.Л Э.Э, Х.Т, Ч.Гд нарын тодорхойлолтыг үндэслэл болгожээ. Шүүхийн журмаар тухайн иргэдийг болон мөн ажилтан Р.Лж, Л.Г, иргэн Д.Э нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулан мэдүүлэг авсан. Гэрч нар нэхэмжлэгч Д.Б, ажилтан Ц.Ун нарын хооронд 2020 оны 07 дугаар сарын 08, 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тус тус маргаан үүсч Д.Б нь Ц.Уийн биед халдаж гэмтэл учруулсан, эд зүйлийг нь гэмтээсэн, устгасан үйл явдлыг, мөн зүй бусаар харьцсан гэх байдлыг шууд хараагүй, сонсоогүй харин энэ тухай ажилтан Ц.Уаас сонссон, түүний гаргасан гомдлоос мэдсэн гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэж хуульчилсан. Гэрч нарын хувьд өөрийн шууд харсан, сонссон зүйлийн талаар буюу нэхэмжлэгч Д.Б, ажилтан Ц.У нарын хооронд маргаан, Д.Бын зүй бус үйлдлийг гэрчилж Ёс зүйн зөвлөлд тодорхойлолт, тайлбар гаргасан бус тухайн үйл явдлын талаар бусдаас дам байдлаар сонссон зүйлийн тухай, мөн өөртэй нь зохисгүй харилцдаг байсан, харилцааны доголдолтой зэрэг зан байдлын нь талаар тодорхойлжээ. Энэ нь нэхэмжлэгчийн зүй бус үйлдлийг шууд гэрчилсэн буюу хэрэгт ач холбогдол бүхий байдлыг мэдэж байсан мэдэж байгаа гэж үзэхгүй.

Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчид ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулахдаа өөр бусад үйл баримтыг нягтлан шалгаж тогтоогоогүй нь учир дутагдалтай болжээ. Ажилтнуудын маргаан, нэхэмжлэгчийн зүй бус үйлдэл, зохисгүй харилцааны талаар шууд гэрчилсэн хүнгүй, тухайн байгууллага хяналтын камер ажиллуулдаггүй нь байгууллагын дотоодод үүсч болох аливаа зөрчилт байдлаас урьдчилан сэргийлэх, бий болсон үйл явдлыг хөдөлбөргүй тогтооход ажил олгогчийн зүгээс хайхрамжгүй хандсан байна. Ажилтан Ц.Угийн хувьд нэхэмжлэгчийн үйлдлийн улмаас гарын хуруу нь гэмтсэн гэх боловч энэ талаархи нотлох баримтыг ажил олгогчид гаргаагүй, нотлоогүй байна.

Иймд хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох үр дагавар бүхий ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийг ажлаас халсан гэж үзэн Д.Бвыг хариуцагч У холбогдуулан тус газрын Нийтийн үйлчилгээний албаны Нийтийн биеийн тамир-Спортын хэсгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6,201,672 төгрөг гаргуулахаар буюу 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хугацаанд хамааруулан нэхэмжилсэн, дурдсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг гаргасан ба шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож байгаа тул нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хэсэгчлэн хангах үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баримтлан нэхэмжлэгчийн 2021 оны 08-10 дугаар саруудад бүтэн авч байсан гурван сарын үндсэн цалингийн нийлбэр /3,663,690/3=1,221,230/-ээс тооцоход нэг сарын үндсэн цалин 1,221,230 төгрөг ба ажилгүй байсан бүтэн 4 сар /1,221,230х4=4,884,920/, 6 хоног /56,801х6=340,808/-ийн цалин 5,225,728 төгрөг болсныг хариуцагчаас нөхөн гаргуулж, нэхэмжлэлээс 975,944 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хугацаагаар тооцон нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчид олговол зохих 5,225,728 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих ёсоор суутган тооцож олгохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б -ыг хариуцагч У ОНӨААТҮГ-ын Нийтийн үйлчилгээний албаны Нийтийн биеийн тамир-Спортын хэсгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,225,728 төгрөг гаргуулж, Д.Бын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хугацаагаар нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагч У ОНӨААТҮГ-т даалгаж, нэхэмжлэлээс 975,944 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч У ОНӨААТҮГ-аас 168,761 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ