Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2022/00909

 

 

 

 

 

2022 03 01 101/ШШ2022/00909     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: В ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г ХХК -д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, зардалд 31,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр авто замын далангийн геодезийн ажил гүйцэтгэх гэрээг хариуцагчтай байгуулж, 25-ны өдөр нь Дорноговь аймгийн Хатан булаг суманд байрлах авто замын геодезийн ажлаа хийж эхэлсэн. Өдөр бүр бид хариуцагч талаар хэмжилт хийлгэж, хэмжилт үнэн болохыг баталгаажуулдаг байсан. Хариуцагч тал 6 дугаар сарын 28-ны өдөр гэрээг цуцлах хүсэлт гаргаад уг ажил дуусгавар болсон. Энэ хугацаанд бид урьдчилгаа болон ажил гүйцэтгэсэн төлбөр огт аваагүй, үүнийгээ нэхэмжилж байна. 3 сая төгрөг нь өмгөөлөгчийн хөлс, 28 сая төгрөг нь геодезийн 2 сарын ажлын үнийн дүн. Уг ажлыг сарын 14 сая төгрөгөөр тохирсон. Гэрээний 1.4-т зааснаар төслийн ажил дуусах хүртэл нэхэмжлэгч нь гүйцэтгэгчээр оролцсон. Нэхэмжлэгч ажлын хугацаандаа ямар нэгэн алдаа гаргаж байгаагүй, үүнтэй холбоотой хариуцагч тал бидэнд мэдэгдэл хүргүүлж байгаагүй. Захиалагч тал гэрийг хэдийд ч цуцлах эрхтэй гэдэг үндэслэлээр нэг талын саналаар гэрээг цуцалж энэ тухайгаа урьдчилж мэдэгдээгүй. Талууд хоорондоо ажлыг тухай бүрт нь үнэлж дүгнэдэг байсантай холбоотой баримт хавтаст хэргийн 10 дугаар талаас эхэлдэг. Хариуцагч компаниас зөвшөөрөл ирэхээр нэхэмжлэгч тал дараагийн ажлыг гүйцэтгэдэг байсан. Нэхэмжлэгч хууль болон гэрээнд заасан үүргийг бүрэн болон зохих ёсоор гүйцэтгэсэн байтал хариуцагч ямар нэг шалтгаангүйгээр гэрээг цуцалж, ажлын хөлсийг төлөөгүй. Тиймээс Иргэний хуулийн 227.3-д зааснаар өмгөөлөгчийн зардлыг, Иргэний хуулийн 351.1.1, 355.6, 367.1-д зааснаар 2 сарын ажлын хөлс 28 сая төгрөг, нийт 31 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ю.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Талууд 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр талууд гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Цогт цэций сумаас Дорноговь аймгийн Хангимандал сум хүртэлх замын хэмжилтийн ажил хийх, жпс хэмжилт хийх, хэмжилтийн гүйцэтгэлийг баталгаажуулахаар болсон. Нэхэмжлэгч нь мэргэжлийн бус, хийх ёстой ажлыг гэрээний 3.1-т зааснаар хийгээгүй, хийсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй. авто замын барилгын ажлын түвшин зөрж, тэнхлэг савах гэх мэтээр хийсэн ажил нь чанаргүй байсан тул 6 сарын 28-нд гэрээг цуцалсан. Манай компани тус ажлыг өнөөдөр хүртэл хийж гүйцэтгүүлж байгаа. Нэхэмжлэгч биднийг асар их алдагдалд оруулсан. Нэхэмжлэгч тал өдөр бүр хийсэн ажлаа шалгах биш, ажилд гарах зөвшөөрлийг авдаг байсан. Учир нь нэхэмжлэгч талд ямар ч багаж хэрэгсэл байгаагүй тул манайхаас 31 төрлийн багаж өгч ажиллуулж байсан. Уг багажийг ажиллуулах зөвшөөрлийг л бид өдөр бүр өгдөг байсан. Нэхэмжлэгчийн хийсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй. Талууд гэрээний үүргийг нэгтгэж ажлын хөлсөө тохирсон зүйл байхгүй. Бид хийсэн ажлын үр дүнгээ тохиролцъё гэсэн боловч нэхэмжлэгч тал ажлаа орхиод явчихсан гэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлох үүргийн хүрээнд 2021.04.23-ны өдрийн 21/001 тоот Геодезийн ажил гүйцэтгэх тухай аж ахуйн гэрээ, 2021.08.04-ний өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Гэрээт ажлыг гүйцэтгэсэн тухай зөвшөөрлийн баримт /нотлох баримтаар үнэлээгүй/, 2021.06.30-ны өдрийн 21/001 тоот нэхэмжлэх, ажлын хөлс төлсөн баримтыг тус тус шүүхэд гаргасан /хавтаст хэргийн 4-5, 8-9, 10-22, 83-84 дэх тал/. Хариуцагч татгалзлын үндэслэлээ тайлбарласан хариу тайлбарыг /хавтаст хэргийн 54 дэх тал/ шүүхэд гаргаж, өөр баримт шүүхэд нотлох баримтаар гаргаагүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ВХХК, хариуцагч Г ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 28,000,000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 3,000,000 төгрөг, нийт 31,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч ажлыг чанаргүй гүйцэтгэсэн учир ажлын үр дүнг хүлээн аваагүй гэх тайлбарыг гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Талууд 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 21/001 тоот Геодезийн ажил гүйцэтгэх тухай аж ахуйн гэрээ-г байгуулсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Нэхэмжлэгч нь тус гэрээний дагуу 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 06 дугаар сарын 28-ны өдрийн хугацаанд гэрээнд заасан газар болох Дорногвь аймгийн нутаг дахь Ханги-Мандал чиглэлийн авто замын барилгын ажилд геодезийн хэмжилтийн ажлыг гүйцэтгэсэн талаар хэргийн оролцогч маргаагүй байна. Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нотлох баримтуудаар зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ. Хэргийн оролцогч тус 21/001 тоот гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Нэхэмжлэгч гэрээгээр гүйцэтгэсэн хугацааны ажлын хөлсийг хариуцагчаас шаардсан бол нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн геодезийн хэмжилтийн ажил нь чанарын шаардлага хангаагүй, ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүй үндэслэлээр хариуцагч хөлс төлөхөөс татгалзжээ. Зохигчийн хооронд гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдолтой холбоотойгоор ажил гүйцэтгүүлэгч буюу хариуцагч гэрээг цуцалсан, хөлс төлөхөөс татгалзсантай холбоотой маргаан үүсчээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн нь хариуцагчийн өмчлөлд шилжих хуулийн зохицуулалттай. Нэхэмжлэгчийн хоёр сарын хугацаанд гүйцэтгэсэн гэх ажил, түүний үр дүнг хариуцагч тухай бүр хүлээн авч геодезийн хэмжилтийг үндэслэн зам барилгын ажлыг гүйцэтгэж байсан, хариуцагч уг ажлын биет байдлын доголдолтой эсэхийг тухайн цаг хугацаанд тодорхойлох боломжтой байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авч 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн, хариуцагч талд 11 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч хэн аль нь гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаархи баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй бөгөөд хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн геодезийн хэмжилт-ийн ажил нь чанарын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлээс татгалзсан боловч энэ талаархи баримтыг шүүхэд гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлаа нотлоогүй, нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна.

Өөрөөр хэлбэл 21/001 тоот гэрээний 1.2-т заасан ажлыг нэхэмжлэгч гүйцэтгэсэн талаар зохигч маргаагүй, харин гүйцэтгэсэн ажил биет байдлын доголдолтой байсан талаар зохигч маргаж буй тохиолдолд нотлох үүргийн хуваарилалтын дагуу нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын биет байдлын доголдлыг нотлох үүрэг хариуцагчид ногдоно.

Хариуцагчийн санаачилгаар гэрээ цуцлагдсан тухай нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан ба хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа ВХХК гэрээнд заасан ажил үүргээ зохих ёсоор хийж гүйцэтгээгүй бөгөөд хийж гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангахгүй, авто замын барилгын ажлын түвшин зөрж, тэнхлэг савуулж талбай дээр манай компани нь их хэмжээний ажил дахин хийлгүүлж алдагдалд оруулсан. Тиймээс арга буюу манай компанийн зүгээс гэрээг цуцалсан гэжээ. Гэрээг цуцлах үндэслэл нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг хариуцагч хүлээн авах үед доголдлыг илрүүлсэн, энэ нь захиалагч буюу хариуцагчийн зүгээс гэрээг цуцалж цаашид гэрээнд заасан ажлыг нэхэмжлэгчээр гүйцэтгүүлэхээс татгалзсан гэж үзэхээр байна.

Хариуцагч нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан 6 сарын буюу гэрээг цуцалсан 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс хойшхи хугацаанд мөн хуулийн 352 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдолтой холбогдуулан хариу шаардлага гаргасан, зардлаа нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх үйл баримт талуудын тайлбар, хэрэгт цугларсан баримтын хүрээнд тогтоогдоогүй. Энэ нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн геодезийн хэмжилтийн ажил биет байдлын доголдолтой байсан гэх хариуцагчийн татгалзлыг үгүйсгэхийн зэрэгцээ хариуцагч мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-т зааснаар шаардлага гаргах эрхээ алджээ.

Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг өөрөө дахин шинээр гүйцэтгэсэн гэх боловч Геодези, зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.6-д зааснаар геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийгдэх ажилд хамаарах учир уг ажлыг хариуцагч өөрөө гүйцэтгэсэн гэх үндэслэлгүй, түүнчлэн тусгай зөвшөөрөл бүхий этгээдээр уг геодезийн хэмжилтийн ажлыг дахин шинээр гүйцэтгүүлсэн гэх баримтыг шүүхэд гаргаагүй болно.

Иймд зохигчийн хооронд байгуулсан гэрээний 1.5-д гэрээт ажлын үнэ нь нэг сарын 14,000,000 төгрөг байна гэснийг үндэслэн нэхэмжлэгчийн хоёр хугацаанд гүйцэтгэсэн геодезийн хэмжилтийн ажлын хөлс 28,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгох нь зүйтэй.

Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой нэхэмжлэгч хууль зүйн туслалцаа авч шүүхэд нэхэмжлэл гаргасан, өмгөөллийн хөлсөнд 3,000,000 төгрөг төлснийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ. Нэхэмжлэгч, өмгөөлөгч Х.А нарын хооронд 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдсан, тус гэрээний дагуу өмгөөлөгч Х.А хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд оролцсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон тухай үйл баримтаар тогтоогдож байна. Гэрээний 2.1, 2.2-т өмгөөлөгчийн хөлсний хэмжээ, хөлсийг хэрхэн төлөх талаа заасан ба нэхэмжлэгч нь өмгөөлөгчид хөлс баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасны дагуу гэрээний үүргээ зөрчсөн тал нь гэрээ цуцалсантай холбогдон гэрээний нөгөө талаас гарсан зардлыг нөхөн төлөх үүрэгтэй. Хариуцагч гэрээгээр гүйцэтгүүлсэн ажлын хөлсийг нэхэмжлэгчид төлөхөөс татгалзсан нь үндэслэлгүй талаар шүүх дүгнэсэн, гэрээний үүргийг шаардахтай холбоотой хууль зүйн маргаан үүсгэх, шүүхэд нэхэмжлэл гаргахын тулд нэхэмжлэгч хууль зүйн туслалцаа авч нэмэлт зардал гаргасан гэрээ цуцалсантай холбоотой хохиролд нэгэн адил тооцогдоно.

Гэвч хэрэгт өмгөөлөгчид хөлс баримт нотлох баримтаар авагдаагүй, нөгөөтэйгүүр өмгөөлөгч Х.А нь Хувь хүний орлогын албан татварын тухай (2019.03.22) хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан татвар төлөгчийн хувьд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.2, 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан мэргэжлийн үйл ажиллагааны эрхэлсний орлогод ногдох татварыг төлж тайлагнасан нь тодорхойгүй, хуульд заасан журмаар тайлагнаагүй тухай нэхэмжлэгч (нэхэмжлэгчийн өмгөөлөгч) тал тайлбарлаж байна.

Өөрөөр хэлбэл хууль зүйн мэргэжлийн үйл ажиллагааны орлогыг мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-д заасан хугацаанд татварын байгууллагад тайлагнан татвар төлснөөр тухайн орлого хууль ёсны болохыг илэрхийлж, түүнтэй холбоотой шаардах эрхийг бий болгоно. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүрэг шаардахтай холбоотой хууль зүйн үйлчилгээ авч өмгөөлөгчид хөлс төлөн нэмэлт зардал гаргасан нь баримтаар нотлогдохгүй, өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэгчээс төлбөр хүлээн авсныг илэрхийлэх хууль ёсны баримтгүй учир хариуцагчаас 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан зардалд тооцохгүй ба хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иймд хариуцагч Г ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 28,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ВХХК-д олгож, нэхэмжлэлээс нэмэлт зардал 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Г ХХК /5684145/-иас 28,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ВХХК /6218504/-д олгож, нэхэмжлэлээс 3,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,950 төгрөгийг улсын орлогод үлдээж хариуцагч Г ХХК-иас 297,930 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ВХХКолгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ