Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00975

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00975

 

 

 

В ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2022/00909 дугаар шийдвэртэй,

В ХХК-ийн нэхэмжлэлтэй

Г ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, хохиролд нийт 31,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Эрдэнэбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ариунзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Манай компани 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр авто замын далангийн геодезийн ажил гүйцэтгэх гэрээг Г ХХК-тай байгуулж, мөн сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Хатан булаг суманд байрлах авто замын геодезийн ажлыг хийж эхэлсэн. Бид өдөр бүр хариуцагчаар хэмжилт хийлгэж, хэмжилт үнэн болохыг баталгаажуулдаг байсан.

Уг ажлын хөлсийг сарын 14,000,000 төгрөгөөр тохирсон. Гэрээний 1.4-т зааснаар төслийн ажил дуусах хүртэл нэхэмжлэгч нь гүйцэтгэгчээр оролцсон. Нэхэмжлэгч ямар нэгэн алдаа гаргаж байгаагүй, үүнтэй холбоотой хариуцагч тал бидэнд мэдэгдэл хүргүүлж байгаагүй.

Захиалагч тал нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, энэ тухайгаа бидэнд урьдчилж мэдэгдээгүй. Талууд ажлыг тухай бүрт нь үнэлж дүгнэдэг байсан. Хариуцагч компаниас зөвшөөрөл ирэхээр нэхэмжлэгч тал дараагийн ажлыг гүйцэтгэдэг байсан. Нэхэмжлэгч хууль болон гэрээнд заасан үүргийг бүрэн, зохих ёсоор гүйцэтгэсэн байтал хариуцагч ямар нэг шалтгаангүйгээр гэрээг цуцалж, ажлын хөлсийг төлөөгүй.

Иймд 2 сарын ажлын хөлсөнд 28,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 3,000,000 төгрөг, нийт 31,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Талууд 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Цогт цэций сумаас Дорноговь аймгийн Хангимандал сум хүртэлх замын хэмжилтийн ажил хийх, GPS хэмжилт хийх, хэмжилтийн гүйцэтгэлийг баталгаажуулахаар болсон. Нэхэмжлэгч нь мэргэжлийн бус, хийх ёстой ажлыг гэрээний 3.1-т зааснаар хийгээгүй, хийсэн ажил нь чанаргүй байсан тул 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэрээг цуцалсан.

Манай компани тус ажлыг өнөөдөр хүртэл хийж гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж байгаа. Нэхэмжлэгч биднийг асар их алдагдалд оруулсан. Нэхэмжлэгч тал өдөр бүр хийсэн ажлаа шалгуулах биш, ажилд гарах зөвшөөрлийг авдаг байсан. Учир нь нэхэмжлэгч талд ямар ч багаж хэрэгсэл байгаагүй тул манайхаас 31 төрлийн багаж өгч ажиллуулж байсан. Уг багажийг ажиллуулах зөвшөөрлийг л бид өдөр бүр өгдөг байсан. Талууд гэрээний үүргийг нэгтгэж ажлын хөлсөө тохирсон зүйл байхгүй. Бид хийсэн ажлын үр дүнгээ тохиролцъё гэсэн боловч нэхэмжлэгч тал ажлаа орхиод явчихсан.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г ХХК-аас 28,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,950 төгрөгийг улсын орлогод үлдээж хариуцагч Г ХХК-иас 297,930 төгрөггаргуулан нэхэмжлэгч В ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт цугларсан нотлох баримтанд тулгуурлаж бодит дүгнэлт гаргаагүй.

Г ХХК болон В ХХК-ууд Геодезийн ажил гүйцэтгэх тухай гэрээг 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулж, В ХХК-аар ажил гүйцэтгүүлсэн боловч хийх ёстой ажлыг чанарын шаардлагын дагуу хийж гүйцэтгээгүй, хийсэн ажлынх нь үнэлгээг гэрээний 2 талыг байлцуулан дүгнэх гэхэд В ХХК нь ажлаа орхин явсан.

Гэрээний хугацаа дуусаагүй байхад В ХХК ажлаа орхиж манай компанийг алдагдалд оруулсан.

Иймд дээрхи нөхцөл байдлыг тогтоож дүгнэлт өгөхийн оронд нэгэнт гэрээ хийсэн бол хөлсийг өгөх ёстой гэсэн дүгнэлтийг анхан шатны шүүхээс гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гэрээний 3.1-т гүйцэтгэгч нь гэрээт ажлыг захиалагчийн өгсөн техникийн нөхцөл, даалгаврын дагуу гэрээт хугацаанд чанартай гүйцэтгэх үүрэг хүлээнэ гэснийг ажил гүйцэтгэгч ноцтой зөрчсөн тул захиалагч талын санаачлагаар гэрээг цуцалсан. Үүнийг нэхэмжлэгч тал буюу В ХХК нь хүлээн зөвшөөрсөн тул ажлыг хаяж явсан, энэ тухай шүүх хуралдаан дээр ч маргаагүй. Тиймээс ажлаа чанартай сайн гүйцэтгэж байсан бол захиалагч тал гэрээ цуцлахгүй байсан. Шүүх гэрээ цуцлах үндэслэл, гэрээний дагуу ажил үүргээ чанартай сайн гүйцэтгэсэн эсэх талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Гэрээ байгуулсан болон 2 сарын хугацаанд гэрээт ажлыг хийсэн талаар маргаагүй. Харин гэрээт ажлын чанарын доголдлын талаар маргадаг. В ХХК-ийн хийсэн ажлыг өөрсдөө дахин хийсэн гэж амаар тайлбарласан боловч түүнтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй. Мөн 2 сарын хугацаанд ажлаа хийснийг хүлээн зөвшөөрдөг боловч чанаргүй хийсэн учраас гэрээг цуцалсан гэж тайлбарладаг. Геодезийн ажлыг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийдэг. Хэрэв өөр компаниар дахин хийлгэж доголдлыг арилгуулсан бол тэр талаар гомдол, шаардлага, нэхэмжлэл одоогоор гаргаагүй. Мөн манайхыг ажлын чанарын доголдлыг арилгасан тохиолдолд төлбөрийг төлөх талаар мэдэгдэл ирүүлээгүй. Ажил гүйцэтгэх гэрээний захиалагч тал гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй. Иймээс гэрээг цуцалсан талаар маргахгүй.

Харин Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалсан бол цуцлах хүртэл хугацааны хийж гүйцэтгэсэн ажлын буюу 2 сарын хугацааны хөлс төлөх үүрэгтэй. Гэрээний 1.5-д нэг сарын хөлс 14,000,000 төгрөг бөгөөд 2 сарын 28,000,000 төгрөг гэж хөлсийг тохиролцсон. Манай компанийн хувьд ажил орхиж явсан асуудал байхгүй. Гэрээний дагуу сар бүр төлбөр төлөх ёстой байхад 2 сарын хугацаанд ямар нэгэн төлбөр төлөгдөөгүй учраас төлбөрөөс болж маргаан үүссэн талаар анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч В ХХК хариуцагч Г ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 28,000,000 төгрөг, хохиролд 3,000,000 төгрөг, нийт 31,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Г ХХК нь В ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Геодезийн ажил гүйцэтгэх тухай гэрээг байгуулсан, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч В ХХК нь Дорноговь аймгийн нутаг дахь Ханги-Мандал чиглэлийн авто замын барилгын ажилд геодезийн хэмжилтийн ажлыг төслийн ажил дуусах хүртэл гүйцэтгэх, захиалагч Г ХХК ажлын хөлсөнд 1 сарын 14,000,000 төгрөг төлөх үүрэг тус тус хүлээсэн. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

4. Нэхэмжлэгч В ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар талууд маргажээ.

 

5.а. Анхан шатны шүүх нотолгооны үүргийг буруу хуваарилсан алдаа гаргасан нь шийдвэрт нөлөөлсөн байна. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, чанарын шаардлага хангаагүй гэж маргасан тохиолдолд гэрээнд заасан ажлыг зохих ёсоор хийж гүйцэтгэсэн гэх нөхцөл байдлыг нэхэмжлэгч нотлох үүрэгтэй болно. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч талыг тайлбараа нотлох ёстой гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

 

5.б. Нэхэмжлэгч В ХХК нь ажлыг актаар хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж, тайлбараа нотлохоор хэргийн 11-22 дахь талд авагдсан англи хэл дээр бичигдсэн, хуулбар баримтыг шүүхэд гаргаж өгчээ. Энэ бичмэл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт зааснаар монгол хэл дээр орчуулагдсан байх, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар эх хувь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байх шаардлагыг хангаагүй байна.

 

Энэ баримтыг анхан шатны шүүхийн шийдвэрт нотлох баримтаар үнэлээгүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх нотлох баримтаас хасаагүй байна. Хуульд заасан шаардлага хангаагүй баримтыг анхан шатны шүүх нотлох баримтаас хассан тохиолдолд уг баримтыг шүүхээр үнэлүүлэх тал нь баримтын шаардлага хангуулан өгөх боломжтой болно.

 

5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шүүх хууль буруу тайлбарласан, шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх үндэслэл тогтоогдож буй тул мөн хуулийн 165 дугаар зүйлийн 165.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2022/00909 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 298,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Э.ЗОЛЗАЯА