Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2022/02309

 

 

 

 

 

                          

 

 

 

                  2022       05           17   

           101/ШШ2022/02309

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М ХХК-ийн гаргасан,

           

            Хариуцагч: Л ХХК-д холбогдох,

 

44,500,000.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б, өмгөөлөгч Г.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, гэрч А.Б, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

“Бид, хариуцагч “Л” ХХК-тай 2019 оны 04 дүгээр сард тус компанийн захирал Ш.Б-той биечлэн уулзаад 05 дугаар сараас эхлэн 2019 оны намар хүртэлх хугацаанд дараах ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцон тус ажлуудыг өөрийн тоног төхөөрөмж, ажиллах хүч, шатахуунаар 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэсэн. Үүнд,

 

  1. Нэхэмжлэгчийн эзэмшлийн Булган аймгийн Орхон сумын Халиун багт байрлах уушгийн хөндий дэх 200 га газарт рапс тарих зориулалтаар түрээслүүлсэн ба 1 га газрийн түрээсийн төлбөр 60,000.00 төгрөг буюу 12,000,000.00 төгрөг,
  2. Хавалтын өмнөх уриншний хор цацалт 1 га газрын уриншний хор цацах үнэлгээ 15,000.00 төгрөг буюу 3,000,000.00 төгрөг,
  3. Газар боловсруулж хавалт хийсэн 1 га газар хавах үнэлгээ 25,000.00 төгрөг буюу 5,000,000.00 төгрөг,

 

  1. Үрэлгээний ажил хийсэн 1 га газрын үрэлгээний үнэ 20,000.00 төгрөг буюу 4,000,000.00 төгрөг,
  2. Тариалалтын талбайн зэрлэг ургамлыг устгах хор цацалт 1 га газарт хор цацах үнэ 15,000.00 төгрөг буюу 3,000,000.00 төгрөг,
  3. Ургац нэмэгдүүлэх бордоо хийсэн 1 га газарт бордоо хийх үнэ 15,000.00 төгрөг буюу 3,000,000.00 төгрөг,
  4. Намрын ургац хураах ажлуудыг хийсэн ба 1 га газарт комбайнаар ургац хураах үнэ 50,000.00 төгрөг буюу 10,000,000.00 төгрөг,
  5. 7 тн шатахуун зарцуулсан ба 1 тн дизель түлшний үнэ 1,500,000.00 төгрөг буюу 10,500,000.00 төгрөг нийт 50,500,000.00 төгрөгийн үнийн дүнтэй ажлыг хийж гүйцэтгэсэн.

 

Бид, дээрх ажлуудыг 100 хувийн гүйцэтгэлтэй хийж гүйцэтгэсэн бөгөөд тухайн үед хариуцагч компанийн захирал Ш.Б өөрийн дансаар 6,000,000.00 төгрөгийг өгсөн. Манай компани хариуцагч компанид төлбөртэй байсныг уг гүйцэтгэсэн ажлынхаа хөлсөнд суутган тооцох байдлаар тохиролцсон байдаг боловч хариуцагч нь ажлыг гүйцэтгэж дууссаны дараа хэлж ярьснаасаа буцаж өр төлбөрөө тооцохгүй гэсэн тул энэхүү нэхэмжлэлийг гаргасан юм.

 

2018 онд нийт орон даяар цаг агаарын нөхцөл байдлын улмаас газар тариалангийн компаниуд ургацаа алдсан. Манай компани Булган аймагт 500 га эзэмшдэг бөгөөд хариуцагч “Л” ХХК болон өөр олон аж ахуйн нэгжтэй тариалан хийх гэрээтэй байсан хэдий ч цаг агаарын нөхцөл байдлын улмаас сайн ургац авч чадаагүй. Талуудаас бусад нэр бүхий хэд хэдэн аж ахуйн нэгж хоорондын өр төлбөрийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн. Ингээд манай компанийн зүгээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, зохигчдын эвлэрлийг батлан хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн захирамжийн дагуу 45,000,000.00 төгрөгийн өр төлбөртэй байсан. Тус захирамжийг албадан биелүүлэх ажиллагаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж байгаа бөгөөд өр төлбөрийг барагдуулахын тулд бид нар 2019 онд 200 га газарт тариалалтын ажил хийж гүйцэтгэж өгөөд авлага, өглөгийг хаахаар тохирсон.

 

Ингээд хариуцагч нь манай компанийн эзэмшлийн 200 га газарт рапс тарих, тийнхүү тарих үйл ажиллагаанд бид тодорхой ажил гүйцэтгэсэн ба тариалалт дуусаж, намар болоход хариуцагч тал ургасан ургацыг хурааж аваад явсан. Ингэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж өр төлбөрийг тэглэх бичиг өгөх ёстой байсан боловч одоог хүртэл өгөөгүй байгаа учраас нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргаад хийсэн ажлынхаа хөлс, түрээсийн төлбөрийг нэхэмжилж байна.

 

Өр төлбөрөө тэглэх ёстой байсан тул тухайн үед гэрээ байгуулаагүй, нийт 7 төрлийн ажлыг дарааллын дагуу хийж гүйцэтгэхдээ техник, тоног төхөөрөмжийг бид гаргаж, хариуцагчаас хор, бордоо, үрийг өөрсдөө сонгоод тариалалт хийсэн ба шатахууны зардлыг манай компани төлсөн. Үүнээс хожим тооцоход 50,500,000.00 төгрөг болсон бөгөөд 6,000,000.00 төгрөгийг төлсөн 6,000,000.00 төгрөгийг төлсөн учир 44,500,000.00 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч нь хариу тайлбартаа  20,000,000.00 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэдгийг шүүх хуралдаан дээр сонслоо. Гэтэл тус 20,000,000.00 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгийг Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгөөгүй, худал тайлбар өгч байна” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Манай компани нэхэмжлэгч “М” ХХК-иас 45,397,950.00 төгрөгийн авлагатай ба уг асуудлаар 2018 онд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад тус шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 509 тоот захирамжаар 45,397,950.00 төгрөгийг авахаар болсон. Гэвч тус төлбөрийг төлж барагдуулахгүй байсан тул нэхэмжлэгч компанийн захирал Ч.Б-той уулзаж нийт авах мөнгө 45,397,950.00 төгрөгийн 20,000,000.00 төгрөгт Булган аймагт байрлах тариа хураалтын талбайг нь ашиглаж ургац тарихаар тохиролцож, холбогдох ажлыг тус компаниар гүйцэтгүүлсэн. Гэтэл 2019 оны намар ургац хураахад ургац муу байсан тул ямар нэгэн ургац хурааж аваагүй.

 

Нэхэмжлэгч тал эдгээр 8 төрлийн ажил гүйцэтгэсэн гэж тухайн үед болон дараа нь манай компанид танилцуулаагүй ба зардал ийм болсон гэх асуудпыг бичгээр болон амаар мэдэгдээгүй тул хэдэн төгрөгийн зардал гарсныг мэдэхгүй, харин анх ярилцахдаа авах 20,000,000.00 төгрөгөөр уг талбайг ашиглан гэж тохиролцсон.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд талууд хоорондын өглөг, авлагыг харилцан тооцоохоор гүйцэтгэсэн ажлын хөлсийг өр төлбөрт суутгах байдлаар тохиролцсон боловч ажлыг гүйцэтгэж дууссаны дараа хариуцагчийг хэлж яриснаасаа буцаж өр төлбөрөө тооцохгүй гэсэн гэсэн байна. Гэтэл нэхэмжлэгч “М” ХХК-иас авах 45,397,950.00 төгрөгийн зөвхөн 20,000,000.00 төгрөгт газрыг нь ашиглахаар амаар ярьж тохиролцсон бөгөөд намрын хураалт гараагүй ургац аваагүй.

 

Нэхэмжлэгчээс Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Д.Т-т өгсөн албан бичигт 40,000,000.00 төгрөгөөр талбайг ашиглуулж, үлдэгдэл 5,000,000.00 төлөхөөр харилцан тохиролцсон талаар ирүүлсэн албан бичигт хариу өгнө үү гэсэн албан бичгийг бид нар 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, улмаар 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 20,000,000.00 төгрөгийн ажлыг хариуцагч компаниар хийлгүүлсэн талаар албан бичгийн хариу өгсөн. Иймд, нэхэмжлэлийн шаардлагаас 20,000,000.00 төгрөгийг төлөхөд татгалзахгүй” гэв

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжид 380,450.00 төгрөг төлсөн баримт,
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар,
  3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл,
  4. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
  5. “М” ХХК-ийн дүрэм,
  6. “Хаан банк” ХХК-ийн дансны хуулга,
  7. 2021.12.14, 2021.12.07-ны өдрийн тодорхойлолт,
  8. 2022.04.25-ны өдрийн “Г” ХХК-ийн үнийн санал,
  9. 2022.04.15-ны өдрийн “Б” ХХК-ийн үнийн санал,
  10. 2022.04 сарын “Ш” ХХК-ийн үнийн санал,
  11. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол,
  12. 2018.05.25-ны өдрийн 183/ГХ2018/00592 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас,
  13. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.25-ны өдрийн 183/ШЗ2018/06656 тоот захирамж,
  14. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.05-ны өдрийн 183/ШЗ2018/00509 тоот захирамж,
  15. Эд хөрөнгө хураах тухай тогтоол.

 

Хариуцагчаас өгсөн нотлох баримт:

 

  1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл,
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар,
  4. 2022.01.03-ны өдрийн “Л” ХХК-ийн албан тоот,
  5. Хариу тайлбар.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч “М” ХХК-иас хариуцагч “Л” ХХК-нд холбогдуулан 44,500,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

            Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан дараах төрлийн шаардлагыг гаргасан. Үүнд:

 

  • 200 га газрыг тариа тарих зориулалтаар түрээслүүлсэн ба түрээсийн төлбөр 12,000,000.000 төгрөг,
  • Хавалтын өмнөх уриншийн хор цацалт хийсэн ажлын хөлс 3,000,000.00 төгрөг,
  • Газар боловсруулж, хавалт хийсэн ажлын хөлс 5,000,000.00 төгрөг,
  • Үрэлгээний ажлын хөлс 4,000,000.00 төгрөг,
  • Тариалангийн талбайн зэрлэг ургамлын хор цацсан ажлын хөлс 3,000,000.00 төгрөг,
  • Ургац нэмэгдүүлэх бордоо цацсан ажлын хөлс 3,000,000.00 төгрөг,
  • Намар ургац хураасан ажлын хөлс 10,000,000.00 төгрөг,
  • Эдгээр ажлыг хийж гүйцэтгэхэд 7 тонн шатахуун зарцуулсан бөгөөд зардал 10,500,000.00 төгрөг, нийт 50,500,000.00 төгрөгөөс хариуцагч нь 6,000,000.00 төгрөгийг төлсөн тул үлдэх 44,500,000.00 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн.

 

Харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас 20,000,000.00 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзвэл Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

        1. Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгч “М” ХХК нь Булган аймгийн Орхон сумын Халиун багт 200 га газар эзэмшдэг бөгөөд тус газрыг хариуцагч “Л” ХХК-нд үр тариа тарих зориулалтаар түрээслүүлсэн байна. Тодруулбал, хариуцагч нь 2019 оны 05 дугаар сард тус газрыг хөдөө аж ахуйн зориулалтаар буюу рапс тарих, мөн нэхэмжлэгч нь хариуцагчид тариа тарих үйл ажиллагаанд ажил үйлчилгээ үзүүлэхээр тус тус харилцан тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 327 дугаар зүйлийн 327.1-д “Хөдөө аж ахуйн зориулалттай газрыг уг зориулалтаар ашиглуулахаар сууцны болон аж ахуйн зориулалтаар ашиглагдах байгууламжийн хамт, эсхүл тийм байгууламжгүйгээр түрээсэлж болно” гэж түүнчлэн 328 дугаар зүйлийн 328.1-д “Түрээслүүлэгч нь газрыг гэрээнд заасан зориулалтаар ашиглах шаардлага хангасан эд хөрөнгийн хамтаар түрээслэгчид шилжүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Л” ХХК-нд аж ахуйн буюу тариа тарих зориулалтаар ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй газрыг хариуцагчийн эзэмшил, ашиглалтанд хүлээлгэн өгөх, хариуцагч нь тийнхүү гэрээний зүйлийг хүлээн авснаар түрээслэх боломжтой болж, улмаар гэрээнд заасан төлбөрийг төлөх үүргийг хүлээх бөгөөд түүн дотроо хөдөө аж ахуйн зориулалттай газрыг ашиглуулахаар тохиролцсон байна.

 

Үүнээс гадна нэхэмжлэгч нь хариуцагчийг дээрх газрыг түрээслэн рапс тарихад нь тодорхой төрлийн ажил үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулсан гэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үгүйсгээгүй ба хавалтын өмнөх уриншийн хор цацалт, газар боловсруулж хавалт хийх, зэрлэг ургамал устгах хор цацах, ургац нэмэгдүүлэхэд шаардлагатай бордоо цацах, үрэлгээний ажил хийх, намрын ургац хураах гэсэн ажлыг тус тус үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд тодорхой ажлын үр дүнг шилжүүлэх үүрэг биш, харин хөлсөөр ажиллахаар болжээ.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, бас 359.2-т “Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд тодорхой нэг төрлийн гэрээ, хэлэлцээр бус хэд хэдэн гэрээний шинжийг агуулсан холимог төрлийн гэрээ байгуулагдсан байна.

 

Энэ талаар тус хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж, 198.5-д “Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна” гэж заажээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч “М” ХХК болон хариуцагч “Л” ХХК нарын хооронд хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн гэрээ, мөн ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбоотой хөлсөөр ажиллах гэрээг тус тус байгуулахаар харилцан тохиролцсон байна.

 

        1. Гэвч Иргэний хуулийн 327 дугаар зүйлийн 327.2-т “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол хөдөө аж ахуйн зориулалттай газрыг түрээслэхэд түрээсийн гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн зориулаттай газрын түрээсийн гэрээ нь түрээсийн гэрээний нэгэн төрөл болохын хувьд түрээсийн гэрээний бусад нийтлэг журам мөн адил хамаарах бөгөөд энэ хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж, түүнчлэн 318.4-т “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заасан.

 

            Тайлбарлавал, хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийн төрлөөс үл хамаарч түрээсийн гэрээг заавал бичгээр байгуулах ёстой бөгөөд энэ нь тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар хүчин төгөлдөр болох учиртай.

 

            Гэхдээ үл хөдлөх эд хөрөнгө түрээслэхтэй холбоотой талуудын хүсэл зоригийн илэрхийллийг зөвхөн бичгийн хэлбэрт тусгаж, тэдгээр хүмүүс гарын үсэг зурснаар гэрээг хүчин төгөлдөр болсон гэж үзэхгүй бөгөөд зайлшгүй улсын бүртгэлд бүртгүүлэхийг хуулиар шаардсан байна. Энэ талаар уг хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэж заасан.

 

            Гэтэл зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тэд 2091 оны 05 дугаар сард байгуулсан гэх түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүйгээс гадна улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна. Зүй нь, энэ тохиолдолд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн эрхийг түрээслэгч, түрээслүүлэгчийн аль нэг талын гаргасан мэдүүлгийг үндэслэн энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан журмын дагуу бүртгэнэ” гэж зааснаар тухайн гэрээг бүртгүүлэх ёстой байжээ.

 

Нэгэнт талууд түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар тухайн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй ба мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.11-т “Энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотолгооны бусад хэрэгслээр нотолж болно” гэж зааснаар түрээсийн гэрээг байгуулагдсан гэдгийг гэрчээр нотлох боломжгүй юм.

 

Иймд, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гээд 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, ..................” гэж зааснаар зохигчид түрээсийг гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн тул анхнаасаа хүчин төгөлдөр бус учраас нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч  “Л” ХХК-иас Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д “хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх” тухай шаардлагыг түрээсийн гэрээний дагуу гаргах эрхгүй.

 

Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд энэ хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж зааснаар түрээсийн гэрээний эрх, үүрэг үүсээгүй тул нэхэмжлэгчид хариуцагчаас 12,000,000.00 төгрөгийг энэхүү гэрээг үндэслэн нэхэмжлэх эрх байхгүй.

 

  1. Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно” гэж, мөн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, талуудын байгуулсан түрээсийн гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус байх тул тэдгээрт гэрээний дагуу авсан болон өгсөн зүйлийг үлдээх хууль зүйн үндэслэл байхгүй болдог учир тухайн зүйлийг харилцан буцаах үүрэг үүсдэг байна.

 

Энэ талаар тус хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гээд 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж, түүнчлэн 493 дугаар зүйлийн 493.1-д “Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна” гэж тус тус тодорхой зохицуулсан байна.

 

Гэхдээ гэрээ хүчин төгөлдөр бус байснаас улбаалан гэрээний талууд авсан, өгсөн зүйлийг харилцан буцаахад аль нэг тал үндэслэлгүйгээр хөрөнгөжиж үлдэх ёсгүй юм. Өөрөөр хэлбэл, нэгэнт эзэмшилдээ шилжүүлэн авсан түрээсийн зүйлийн эзэмшлийг буцаах боломжгүй тул хариуцагч нь эд хөрөнгийг ашигласантай холбоотой төлбөрийг нэхэмжлэгчид төлөх учиртай.

 

Гэвч нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Л” ХХК-нд 200 га газрыг эзэмшүүлж, ашиглуулахдаа 12,000,000.00 төгрөгөөр тохиролцсон гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 1 га газрыг түрээслэх түрээсийн төлбөрийн талаарх бусад байгууллагын өгсөн гэрээний үнийн санал нь хөдөлбөргүй баримт болж чадахгүй /х.х-ийн 55-57 хуудас/.

 

  1. Хөлсөөр ажиллах гэрээний хувьд хуульд заавал бичгээр байгуулахыг шаардаагүй ба талууд гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь рапс тарихтай холбоотой гэрээнд заасан ажил, үйлчилгээг зохих ёсоор хариуцагчид үзүүлсэн бол түүнээс хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг шатахууны зардлын хамт Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө” гэж зааснаар шаардаж болно.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т “Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ” гэж зааснаар зохигчид хийх ажил, хөлсний хэмжээний талаар тохиролцсон байх ёстой. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа хариуцагч “Л” ХХК-нд эдгээр ажил, түрээсийн төлбөрийг тус компанид төлөх өр төлбөрт тооцуулахаар болсон гэж маргасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00509 тоот захирамжаар нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Л” ХХК-нд 45,000,000.00 төгрөгийг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон ба тус захирамжийг албадан биелүүлэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хэрэгжүүлж байгаа ажээ /х.х-ийн 58-62 хуудас/.

 

Гэвч уг баримтаар зохигч нарыг хөдөө аж ахуйн зориулалттай газрыг тариа тарих зориулалтаар түрээслэсэн болон хөлсөөр ажиллах гэрээний хөлсийг шүүхийн захирамжаар төлбөл зохих 45,000,000.00 төгрөгийг оролцуулаад 50,500,000.00 төгрөг гэж тохирсон гэж шууд дүгнэхэд учир дутагдалтай байна. Учир нь, талуудын хооронд үүнийг бүрэн нотолсон гэрээ, хэлэлцээр бичгээр байгуулагдаагүй, хариуцагчийн зүгээс түрээсийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээний төлбөрийг өр төлбөрт харилцан тооцуулахаар тохиролцсон гэснийг үгүйсгэж байгаагаас гадна нэхэмжлэгч нь шатахуун авахад 10,500,000.00 төгрөгийн зардал гаргасан гэсэн тайлбар, мөн тариа тарихад хор, бордоо цацсан гэсэн боловч үүнтэй холбоотой баримт өгөөгүй /х.х-ийн 38 хуудас/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.2-т “Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно” гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй ч нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Л” ХХК-нд 200 га газрыг түрээслүүлэхдээ түрээсийн төлбөрийг 12,000,000.00 төгрөг гэж, түүнчлэн рапс тарихад хийж гүйцэтгэх ажлын хөлсийг шатахууны зардлын хамт 38,500,000.00 төгрөг гэж тохиролцсон гэсэн тайлбараа нотлохгүй байна.

 

Хэдийгээр шүүх хуралдаанд гэрчээр оролцсон этгээд зохигчдын хооронд дээр дурдсан харилцааны талаар харилцан ярилцсан зүйл байсан гэж мэдүүлсэн боловч тэрээр үйл баримтыг бүрэн мэдэхгүй байгаагийн сацуу бусад баримтаар нотлогдохгүй байна.

 

Харин хариуцагч “Л” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 20,000,000.00 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т “Энэ хуулийн 42.2-т заасан тайлбарыг зохигч тал гаргахдаа нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно” гэж зааснаар энэ тухай маргаагүй гэж үзнэ.

      

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 20,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24,500,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч “Л” ХХК-иас 20,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24,500,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380,450.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 257,950.00 төгрөгийг гаруулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР