Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01460

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 08 05 210/МА2022/01460

 

 

М-ЭТ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2022/02309 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М-ЭТ ХХК-ийн хариуцагч Л ХХК-д холбогдуулан 44,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төртогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Манай компани 2019 оны 04 дүгээр сард Л ХХК-ийн захирал Ш.Болортой биечлэн уулзаад 05 дугаар сараас эхлэн 2019 оны намар хүртэлх хугацаанд дараах ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцон тус ажлуудыг өөрийн тоног төхөөрөмж, ажиллах хүч, шатахуунаар 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгчийн эзэмшлийн Булган аймгийн Орхон сумын Халиун багт байрлах уушгийн хөндий дэх 200 га газарт рапс тарих зориулалтаар түрээслүүлсэн ба 1 га газрийн түрээсийн төлбөр 60,000 төгрөг буюу 12,000,000 төгрөг, хавалтын өмнөх уриншний хор цацалт 1 га газрын уриншний хор цацах үнэлгээ 15,000 төгрөг буюу 3,000,000 төгрөг, газар боловсруулж хавалт хийсэн 1 га газар хавах үнэлгээ 25,000 төгрөг буюу 5,000,000 төгрөг, үрэлгээний ажил хийсэн 1 га газрын үрэлгээний үнэ 20,000 төгрөг буюу 4,000,000 төгрөг, тариалалтын талбайн зэрлэг ургамлыг устгах хор цацалт 1 га газарт хор цацах үнэ 15,000 төгрөг буюу 3,000,000 төгрөг, ургац нэмэгдүүлэх бордоо хийсэн 1 га газарт бордоо хийх үнэ 15,000 төгрөг буюу 3,000,000 төгрөг, намрын ургац хураах ажлуудыг хийсэн ба 1 га газарт комбайнаар ургац хураах үнэ 50,000 төгрөг буюу 10,000,000 төгрөг, 7 тн шатахуун зарцуулсан ба 1 тн дизель түлшний үнэ 1,500,000 төгрөг буюу 10,500,000 төгрөг нийт 50,500,000 төгрөгийн үнийн дүнтэй ажлыг хийж гүйцэтгэсэн. Бид, дээрх ажлуудыг 100 хувийн гүйцэтгэлтэй хийж гүйцэтгэсэн бөгөөд тухайн үед хариуцагч компанийн захирал Ш.Болор өөрийн дансаар 6,000,000 төгрөгийг өгсөн. Манай компани хариуцагч компанид төлбөртэй байсныг уг гүйцэтгэсэн ажлынхаа хөлсөнд суутган тооцох байдлаар тохиролцсон байдаг боловч хариуцагч нь ажлыг гүйцэтгэж дууссаны дараа хэлж ярьснаасаа буцаж өр төлбөрөө тооцохгүй гэсэн тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. 2018 онд нийт орон даяар цаг агаарын нөхцөл байдлын улмаас газар тариалангийн компаниуд ургацаа алдсан. Манай компани Булган аймагт 500 га эзэмшдэг бөгөөд хариуцагч Л ХХК болон өөр олон аж ахуйн нэгжтэй тариалан хийх гэрээтэй байсан хэдий ч цаг агаарын нөхцөл байдлын улмаас сайн ургац авч чадаагүй. Талуудаас бусад нэр бүхий хэд хэдэн аж ахуйн нэгж хоорондын өр төлбөрийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн. Ингээд манай компанийн зүгээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, зохигчдын эвлэрлийг батлан хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн захирамжийн дагуу 45,000,000 төгрөгийн өр төлбөртэй байсан. Тус захирамжийг албадан биелүүлэх ажиллагаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж байгаа бөгөөд өр төлбөрийг барагдуулахын тулд бид нар 2019 онд 200 га газарт тариалалтын ажил хийж гүйцэтгэж өгөөд авлага, өглөгийг хаахаар тохирсон. Ингээд хариуцагч нь манай компанийн эзэмшлийн 200 га газарт рапс тарих, тийнхүү тарих үйл ажиллагаанд бид тодорхой ажил гүйцэтгэсэн ба тариалалт дуусаж, намар болоход хариуцагч тал ургасан ургацыг хурааж аваад явсан. Ингэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж өр төлбөрийг тэглэх бичиг өгөх ёстой байсан боловч одоог хүртэл өгөөгүй байгаа учраас нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргаад хийсэн ажлынхаа хөлс, түрээсийн төлбөрийг нэхэмжилж байна. Өр төлбөрөө тэглэх ёстой байсан тул тухайн үед гэрээ байгуулаагүй, нийт 7 төрлийн ажлыг дарааллын дагуу хийж гүйцэтгэхдээ техник, тоног төхөөрөмжийг бид гаргаж, хариуцагчаас хор, бордоо, үрийг өөрсдөө сонгоод тариалалт хийсэн ба шатахууны зардлыг манай компани төлсөн. Үүнээс хожим тооцоход 50,500,000 төгрөг болсон бөгөөд 6,000,000 төгрөгийг төлсөн 6,000,000 төгрөгийг төлсөн учир 44,500,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч нь хариу тайлбартаа 20,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэдгийг шүүх хуралдаан дээр сонслоо. Гэтэл тус 20,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгийг Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгөөгүй, худал тайлбар өгч байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Манай компани нэхэмжлэгч М-ЭТ ХХК-аас 45,397,950 төгрөгийн авлагатай ба уг асуудлаар 2018 онд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад тус шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 509 тоот захирамжаар 45,397,950 төгрөгийг авахаар болсон. Гэвч тус төлбөрийг төлж барагдуулахгүй байсан тул нэхэмжлэгч компанийн захирал Ч.Батзоригтой уулзаж нийт авах мөнгө 45,397,950 төгрөгийн 20,000,000 төгрөгт Булган аймагт байрлах тариа хураалтын талбайг нь ашиглаж ургац тарихаар тохиролцож, холбогдох ажлыг тус компаниар гүйцэтгүүлсэн. Гэтэл 2019 оны намар ургац хураахад ургац муу байсан тул ямар нэгэн ургац хурааж аваагүй. Нэхэмжлэгч тал эдгээр 8 төрлийн ажил гүйцэтгэсэн гэж тухайн үед болон дараа нь манай компанид танилцуулаагүй ба зардал ийм болсон гэх асуудпыг бичгээр болон амаар мэдэгдээгүй тул хэдэн төгрөгийн зардал гарсныг мэдэхгүй, харин анх ярилцахдаа авах 20,000,000 төгрөгөөр уг талбайг ашиглан гэж тохиролцсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд талууд хоорондын өглөг, авлагыг харилцан тооцоохоор гүйцэтгэсэн ажлын хөлсийг өр төлбөрт суутгах байдлаар тохиролцсон боловч ажлыг гүйцэтгэж дууссаны дараа хариуцагчийг хэлж яриснаасаа буцаж өр төлбөрөө тооцохгүй гэсэн гэсэн байна. Гэтэл нэхэмжлэгч М-ЭТ ХХК-аас авах 45,397,950 төгрөгийн зөвхөн 20,000,000 төгрөгт газрыг нь ашиглахаар амаар ярьж тохиролцсон бөгөөд намрын хураалт гараагүй ургац аваагүй. Нэхэмжлэгчээс Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Д.Төгсбаярт өгсөн албан бичигт 40,000,000 төгрөгөөр талбайг ашиглуулж, үлдэгдэл 5,000,000 төлөхөөр харилцан тохиролцсон талаар ирүүлсэн албан бичигт хариу өгнө үү гэсэн албан бичгийг бид нар 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, улмаар 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөгийн ажлыг хариуцагч компаниар хийлгүүлсэн талаар албан бичгийн хариу өгсөн. Иймд, нэхэмжлэлийн шаардлагаас 20,000,000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Л ХХК-аас 20,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М-ЭТ ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 257,950 төгрөгийг гаруулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Шүүх гэрээний харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 327 дугаар зүйлийн 327.1 дэх хэсэгт заасан түрээсийн, хөдөө аж ахуйн газрын түрээсийн гэрээний харилцаа, мөн тариалалт хийсэн үйлдэл нь 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа гэж дүгнэсэн нь буруу. Бодит байдал дээр талууд Иргэний хуулийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгүүлэгчийн материалаар буюу Люксолюшн ХХК-ийн үр, бордоо, хороор Мон эг трейд ХХК нь өөрийн газарт, өөрийн ажиллах хүч, агрономчийн үйл ажиллагаагаар рапс тариалан хураан авч, хүлээлгэн өгөх ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

4.б. Шүүх талуудын маргаагүй үйл баримтад дүгнэлт хийж тариалалтын ажил гүйцэтгэсэн нь хөтөлбөргүйгээр тогтоогдохгүй байгаа тул шаардах эрхгүй мэтээр шүүхийн шийдвэрийн үндэслэлээ тодорхойлсон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Ингэхдээ шүүх ажил гүйцэтгэсэн нь тогтоогдохгүй байгаа боловч хариуцагч зарим хэсгийг нь зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас зөвшөөрсөн хэмжээний төлбөрийг хангаж шийдлээ гэсэн логикийн алдаа гаргасан.

4.в. Шүүх гэрийн мэдүүлгээр түрээсийн гэрээ байгуулсныг нотлохгүй, гэрч асуудлыг тодорхой мэдэхгүй байна гэсэн үндэслэлээр нотлох баримтаар тооцоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 40.2 дугаар зүйлд заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байдлыг авч үзээгүй үгүйсгэсэн нь хуульд нийцэхгүй байна. Шүүх тариалалт хийсэнтэй холбоотой баримтуудыг гаргаж өгөөгүй тул ажил гүйцэтгэсэн нь нотлогдохгүй гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг өөрчилж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Манай компани 2019 онд нэхэмжлэгч компанитай 2017 онд 45,000,000 төгрөгийн авлагатай байсан. Уг авлагын асуудлаар 2 компанийн захиралууд уулзаж тохиролцоод нэхэмжлэгч компанийн газар дээр 20,000,000 төгрөгөөр нэхэмжлэгч талын тайлбарласан ажлыг хийж гүйцэтгүүлсэн. 20,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа, үлдэгдэл 25,000,000 төгрөг манай компанид авлагатайгаар үлдэж байгаа. 20,000,000 төгрөгийн өр, авлагыг барагдуулсан талаар Булган аймгийн шүүхийн шийдвэрт албан бичгээр хандаж хариу өгсөн гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч М-ЭТ ХХК нь хариуцагч Л ХХК-д холбогдуулан 44,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 20,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 24,500,000 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 90-91/

Нэхэмжлэгч М-ЭТ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... манай компанийн эзэмшлийн Булган аймгийн Орхон сумын Халиун багт орших 200 га газрыг 2019 оны 05 дугаар сараас эхлэн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл рапс тарих зориулалтаар Л ХХК-д түрээслүүлсэн ба өөрийн тоног төхөөрөмж, ажиллах хүч, шатахуунаар хангахаар тохиролцож, нийт 50,500,000 төгрөгийн үнийн дүнтэй ажлыг хийж гүйцэтгэсэн. Бид, дээрх ажлуудыг 100 хувийн гүйцэтгэлтэй хийж гүйцэтгэсэн бөгөөд манай компани хариуцагч компанид төлбөртэй байсныг уг гүйцэтгэсэн ажлынхаа хөлсөнд суутган тооцох байдлаар тохиролцсон гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгч компаниас авах 45,397,950 төгрөгийн 20,000,000 төгрөгт Булган аймагт байрлах тариа хураалтын талбайг нь ашиглаж ургац тарихаар тохиролцож, холбогдох ажлыг тус компаниар гүйцэтгүүлсэн. Гэтэл 2019 оны намар ургац муу байсан тул ямар нэгэн ургац хурааж аваагүй. Нэхэмжлэгч М-ЭТ ХХК-аас авах 45,397,950 төгрөгийн зөвхөн 20,000,000 төгрөгт газрыг нь ашиглахаар амаар ярьж тохиролцсон гэж тус тус тайлбарласан. /хх 1-2, 40-41/

 

3. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах болон түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

3.а. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газар дээр өөрийн ажиллах хүч, тоног төхөөрөмжийг ашиглан рапс тариалах, хариуцагч нь хөлс төлөхөөр тохиролцжээ. Уг тохиролцооноос үзэхэд талуудын хооронд бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэг үүссэн гэж үзэхээргүй байна. Харин ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон үүрэг үүсчээ.

3.б. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 359.2 дахь хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг ба энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болдог.

Нэхэмжлэгч нь рапс тариалж, ургацыг хариуцагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байгаагаас үзэхэд тухайн гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Иймд талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй ба харин ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ. Энэ талаархи нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй.

 

4. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлгүй байна.

4.а. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон гэрч А.Батсайхан талууд ажлын хөлсийг хэрхэн тохиролцсон талаар 200 га газарт тодорхой хэмжээний өр төлбөрт суутгахаар тохирч байсныг нь би сонссон. Энэ хоёр техникийн төлбөр болон бусад зардлыг хэрхэн тооцох талаар хоорондоо тохиролцсон. Би тэр талаар ямар нэгэн мэдээлэлгүй гэсэн мэдүүлэг өгчээ. Уг гэрчийн мэдүүлэг нь талууд ажлын хөлсийг 50,500,000 төгрөгөөр тохиролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг нотлохгүй байна. Иймд гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцоогүй гэх гомдол үндэслэлгүй.

4.б. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэгчид төлөх хөлсийг 50,500,000 төгрөгөөр, хариуцагч нь 20,000,000 төгрөгөөр тохиролцсон гэж ажлын хөлсний хэмжээний талаар зөрүүтэй тайлбар гаргаж байгааг ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй гэж үзэхгүй. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт зааснаар гэрээний талууд ажлын хөлсний хэмжээг нарийвчлан тогтоогоогүй нөхцөлд л жишиг үнэлгээг, эсхүл зах зээлийн дундаж үнэлгээг баримтлах боломжтой болно. Харин талуудын тохиролцсон хөлсийг жишиг баримтлан тогтоох нь гэрээний чөлөөт байдлыг зөрчих үр дагавартай тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт болох газар тариалан эрхэлдэг компаниудын үнийн саналыг үндэслэж шүүх ажлын хөлсний хэмжээг тогтоох боломжгүй юм. Иймд газар ашиглах үнэ болон тариалалтын ажлын хөлс төлбөрийн талаар бүс нутгийн тариаланчдын жишиг үнийн саналыг үнэлээгүй гэх гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул шүүх хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 20,000,000 төгрөгийг хангаж, үлдэх 24,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй.

5. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2022/02309 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 359 дүгээр зүйлийн 359.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 гэснийг 343 дугаар зүйлийн 343.1 гэж өөрчилж, тус тус гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.БЯМБАСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.