Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 45

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр,

Улсын яллагч Х.Гүнжидмаа,

Хохирогч Б.Дамчаа, Б.Баатарсүрэн, Ч.Пүрэвхүү, И.Энэбиш, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан,

Шүүгдэгч Б.Чойдорж, түүний өмгөөлөгч М.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

 Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  Б.Чойдоржид холбогдох 201407000179 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 05-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын харьяат, халх, 1958 оны  04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3 дугаар багт оршин суух, аминдаа 150 гаруй толгой малтай, улсын аварга малчин 2000 онд авсан, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, ВЖ58041216 регистрийн дугаартай, Өндөр овогт Банзрагчийн Чойдорж гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Чойдорж нь шунахай сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2014 оны 08-09 сарын үед Говь-Алтай аймгийн Чандмань сумын 3 дугаар багийн иргэн Б.Дамчаагийн 2 ат, 1 шилбэ, Б.Баатарсүрэнгийн 3 ингэ, 2 шилбэ, 1 буур, 1 гунж, Лхашидын 1 ат, Пүрэвхүүгийн 1 ат, 1 шүдлэн, И.Энэбишийн 1 ингэ, Тогтохбаярын 1 ат, Нямжанцангийн 1 гунж, нийт 16 тооны тэмээг буюу олон тооны мал хулгайлж нийт 19.500.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан заалтад хамаарч Говь-Алтай аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Б.Чойдорж нь шунахай сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2014 оны 08-09 сарын үед Говь-Алтай аймгийн Чандмань сумын 3 дугаар багийн иргэн Б.Дамчаагийн 2 ат, 1 шилбэ, Б.Баатарсүрэнгийн 3 ингэ, 2 шилбэ, 1 буур, 1 гунж, Лхашидын 1 ат, Пүрэвхүүгийн 1 ат, 1 шүдлэн, И.Энэбишийн 1 ингэ, Тогтохбаярын 1 ат, Нямжанцангийн 1 гунж, нийт 16 тооны тэмээг буюу олон тооны мал хулгайлж нийт 19.500.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Б.Чойдоржийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би 2014 оны 08 дугаар сард аймаг орж ирээд Батхүүгийнд буусан. Машинтай явж байсан. Намайг ирэх үед хүүхдүүд тэмээнд явсан Эрдэнэбат гэдэг хүн тэмээ авч явна гээд Батхүүгийнд түүний аав, ээж эхнэр нь дөрвүүлээ байсан. Би цай уугаад хөдөлсөн. Замд 100 гаран тэмээ байсан. Тэрэн дотор миний 2 тэмээ байсан. Буруу талын чих онь, зөв талын чих сүйх эмтэй бор тайлаг яг ижил эмтэй шар шилбэн гунж хоёр байсан. Би Батхүүтэй утсаар яриад миний хоёр тэмээ энд байна энэ хоёрыг өгөх боломж байна уу? гэсэн за гэсэн тэгээд би яваад өгсөн маргааш нь 2 тэмээг чинь өгчихлөө гээд 1.400.000 төгрөг тоолж өгсөн. Миний тэмээ эмтэй болохоос тамга байхгүй. Батхүүгийн 6 удаагийн мэдүүлэг байгаа боловч 6 өөр байна бүгд худлаа буруу байна. Бид хоёр нүүрэлдэж байцаагдаж байсан тэр үед дуугай болоод ганцаараа байцаагдах үедээ дандаа буруу мэдүүлэг өгсөн байна. Би хавтаст хэргээс уншуулаад өмгөөлөгчдөө хэлсэн. Батхүү намайг ингэмээргүй байна манай авгайн төрсөн дүүгийн том хүүхэд байгаа юм. Би энэ тэмээг аваагүй. Би хоёр жил гаран явсны эцэст энэ тэмээг авсан хүмүүсийг олсон байгаа. Энх-Амгалан гэж миний хоёр дугаар хүү олж өгсөн. Би Дамчаа гуайд хэлж байж би аваагүй шүү сайн шалгуулж байгаад нэр төрөө сэргэтэл хөөцөлдөж байгаад таны тэмээг чинь авсан хүнийг олж өгнө гэж хэлсэн та хүүхэнтэйгээ ирсэн Дамчаа надад чи олж өгөөрэй чамайг авсан гээд байгаа шүү гэсэн би тэр үед өөрийгөө шүүлгэчихээд нутагтаа очиж олж өгнө гэж хэлсэн түүнийхээ дагуу олсон. Оройн бууц багийн Нацагийн Отгонбаяр, Баян овоо багийн Цамбын бүдүүн банди нар байсан. Азжаргал гэдэг хүн байцаалгасан байгаа юм. Цамбын банди гэдэг нь олон эрэгтэй дүүтэй нэг эрэгтэй дүүг нь Азжаргал гэдэг санагдаад байна. Банди гэдэг хүний нэрийг олж чадахгүй, явж чадахгүй байна. Энэ хүмүүс тууш авч ирж хашсан байх. Энэ нь баталгаатай манай хүү тэмээ авсан хүнийг олсон шүү та өөрөө явж хөөцөлдөөрэй Отгонбаяр, банди гэдэг хоёр хүн байсан байна шүү гэсэн. Хүмүүстэй уулзаж асуух үед Отгонбаяр Банди нар Нямжав гэдэг хүнд 2 тэмээний мах өгсөн бид нартай утсаар ярьсан авах гээд очих үед өгчихсөн байсан гэж хэлсэн. Түүнийг би 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн байцаалтад өмгөөлөгчөө дуудаж байгаад байцаалтад хэлсэн. Тэр мах авсан хүмүүсийг асуусан байна. Би заримыг нь уншиж чадахгүй байна. Манай тэнд Алтангэрэл гэж нэрлэгддэг энэ хэрэг дээр Дэлгэрдалай гэдэг хүн байна. Энэ хүн өөрөө онгин тамгатай хүрэн тэмээг нуурын тэндээс хүнээс авлаа гээд явган туугаад явж байхад нь би таарсан. Гэтэл өөрөө ийм мэдүүлэг өгөөд байж байна. Цагаан бөхтэй улаан тэмээ, 2 тэмээ тууж байсан тэрэнд өгсөн. Гэтэл одоо миний гэрч болоод байна. Манай тэнд Алтангэрэл гэж дууддаг юм. Гэрч болоод байгаа хүмүүс бүгд миний хадам талын хүмүүс байна. Би энэ хүмүүст гайхаад байна. Би үнэхээр гомдолтой байна. Хуулийн байгууллагын та нар бүгд нийлээд намайг сэтгэлийн шаналалаас гаргаж өнгө үү. Энэ онги тамга би тэмээн дээр дараагүй 4 ингэн дээр тамга дараатай байсан. Надад эр тэмээ байхгүй би ээлжийн 10 гаран тэмээтэй байгаа. Отгонбаяр Цамбын Банди нар хоёулаа явсан. Анх алтанд явж байна гэж явсан байгаа юм манай хүүхэд ийм сураг гаргаж ирсэн. Би хүүхдээ чи надтай очоод хэлээд өгөөч аав нь хэцүү байдалд байна гэхээр би хэлэх шаардлагатай бол хэлэх газар нь хэлнэ гэж байсан. Та бүхэн миний үнэн зөвийг тунгааж өгч намайг энэ сэтгэлийн дарамтаас гаргаж өгнө үү...” гэх мэдүүлэг, 

Хохирогч Б.Дамчаагийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Үйлийн үр гэж байна шүү дээ. Хохирлыг гол толгойлж байгаа хүн нь би байгаа юм. Б.Чойдоржоос хүсэх зүйл байна гомдолтой байна. хууль энэ хүнийг ямар нэгэн зүйл ангиар хариуцлага хүлээлгэх байх. Энэ хүн нээрээ л хүн чанартай юм бол хэлэх хэрэгтэй би хуулийн бүх хүмүүстэй уулзсан. Та энэ хэргээс мултрахгүй би амьд байсан цагтаа танаас салахгүй. Цогбадрах үнэхээр сайхан хүн байсан надад уйлаад хэлж байсан мал алдах хэцүү шүү гээд надад хэлсэн Мөнхбат гэдэг багийн даргаас танай тэмээ бүрэн үү гэхэд бүрэн гэсэн байсан. Тэр шар атаар хөөцөлдсөөр байгаад танай нутаг орсон. 4 хүүхэд тэмээгээ хайгаад 25 хоног явсан. Цогбадрах хэл өгсөн байсан. Буцаж ирээд Чойдорж гэдэг хүний хашаанд манай тамгатай тэмээ байсан гэж ярьж байна гэсэн. Тэгээд би сумаас хэсгийн төлөөлөгчийг машинтай нь аваад явсан. Чойдоржийн хашаанд манай эндэхийн биш өөр нутгийн олон тэмээ байна гэж хэлсэн байгаа юм очоод үзэх үед нь 16 тэмээ байсан байгаа юм. Тэгээд танд хэлж байна би хоёр тэмээ алдсан та мэдэх үү гэхээр нь би мэдэхгүй гэсэн тэгээд намайг хэлсэн гэж битий хэлээрэй гээд байсан. 3 хоноод ирэх үедээ Батхүүг аваад ирсэн байсан. Сураг тавиад байх үед хүүхүүд ирсэн байсан. Тэгээд аймаг явсан тэр үед Батхүү явж байсан тэр хүн та Чойдоржтой битгий зууралдаарай гэж хэлсэн. Тэр нас барсан хүн манайхаар тэндээ ирсэн хүн яваад байсан зүйл байхгүй гээд намайг гаргаж өгөөд өвөө минь би танд сайхан сэтгэл гаргаж хэлсэн шүү гэсэн. Би тэр хүнийг нас барсан талаар мэдээгүй байсан. Чойдоржийн хүү тэнд явж байна гэхээр соргог байдаг. Чойдоржийн хийсэн хэрэг хэрэг болдоггүй гэж ярьж байсан үнэн үү. Та авсан нь авсан би таныг өршөөхгүй. Миний хоёр алтан медальтай ат, хоёр хүрэл медальтай ат байгаа. Би сайхан сэтгэлээр орон нутгийн үнээр үнэлсэн байгаа. Та өөрөө хүлээгээд яв. Би өдрийг хүртэл үнэн шударга явлаа. Чи би аварга малчин гэж яаж хэлж чадаж байгаа юм. Хүйтэн сэтгэлтэй муу замаар явдаг хүн байна. Чи хуулиас мултарч болно. Хуулийн хугацааг хүчингүй болох гээд байсан Батмагнайд би баярлаж байна ингэж ажиллах ёстой. Гансэлэмтэй уулзах үед би шийдэж өгнө гэсэн боловч худлаа яриад алга болсон. Чамаас хохирлоо авна би 3 жилийнхээ төлийг авна. Энэ их сайхан сэтгэлтэй хүн байна. Би тэгэхгүй 1 тонн гаран бензин шатаасан 4 залууг 25 хоног явуулсан. Мөнхөө гэдэг айлын гадаа миний ат байсан ийм тодорхой баримттай зүйлээс чи мултрахгүй. Чиний өмчид байгаа хашаанаас чамаас өөр хэн хаших юм. Чи манай сумд их хөлтэй хүү чинь их хөлтэй Л.Баатараар их хөлөлдөг Бууцагаанаар их хөлөлдөг энэ бол хойшоо их хөлтэй. Одоо хулгай хийхээ болиод энэ хэргээ хүлээгээд таслан зогсоо. Чи ямар ичдэггүй юм улсын аварга малчин байж ингэж болохгүй чамайг хулгай хийдэг гэж өгөөгүй олон сайхан хулгайч хүүхэд гаргасан гэж өгөөгүй чи үнэхээр ичдэггүй үнэхээр сайн эр байна. 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 16 тэмээ байсан нь баталгаатай чи байсан гэж хэлж байгаа шүү ухаантай хүн бол бодоорой. Батхүү, Цогбадрах нарын мэдүүлэг үнэн зөв байна. Чи зуучилсан хүнээ л хэлчих чи мэдээж 230 км цаанаас миний тэмээг ах дүү тамга тэмдгээр нь туухгүй шүү дээ улаан шалын хоолой гэж зуны цагт тэмээний их орон байдаг захаас нь туувал туух л байсан. Бидний тэмээг тууна гэж туусан шүү дээ. Муу нөхөрөө битгий өрөвд өөрийгөө бод өөрөө үйлдсэн бол одоо хэргээ хүлээ. Чи муу нэртэй хүн байна шүү...” гэх мэдүүлэг,

Хохирогч И.Энэбишийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Энэ хэргийг дахин сайн шалгаж өгнө үү. 2014 оны 07 дугаар сарын 15-ны үед наадам болж байх үед энэ тэмээ алдагдсан. 07 дугаар сарын 21-ний өдөр тэр тэмээ энэ хүний хашаанд хашаатай байсан гэж Цогбадрах хэлсэн. Энэ хүн нутагтаа муу нэртэй хүн байна. Тэмээгээ алдаад асуусан манай хүү лам байсан мэргэлүүлэх үед байхгүй байна гэсэн. Би өөрөө яваад энэ хүний нутгаар орсон. Тэр хашаа нь их том хашаа байсан үүд нь модон хашлагатай байсан тэмээний хараал идсэн хашаа. Хэн хэнээс мэдээлэл авсан талаар мэдэхгүй энэ хүн муу нэртэй хүн байна. Батхүүг их шударга гэж хэлсэн ах дүү хүмүүс эвлэрсэн байгаа. Би тэмээнийхээ 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Тэмээний төлөө уйлна гэж хэцүү асуудал шүү дээ. Энэ хүнтэй маргасан хүмүүс үхдэг юм байна нутгийнх нь хүмүүс айгаад байсан. Энэ хүн Чандмань сумд хөлтэй яагаад гэхээр чадалгүй хүмүүсийн тэмээг нэг нэгээр нь түүсэн байгаа юм. Бид нарын амьдралыг таван хуруу шигээ мэддэг хүн туусан. Би тэр Чойдоржтой уулзах гэж ирсэн. Энэ насандаа хүний хэрэг хүлээхгүй шүү та тэрийг аваад ир гэж хэлээгүй л байх. Энэ хүнийг шоронд оруулаад яах бэ тэр хүмүүсийг нь хэлчих. Тэрийг л бид нарт хэлчих 10 тамын нэг там болгоод өгөөч. Би юу ч хэлэхгүй. Хэн тууж авч очиж өгсөн юм. Чойдоржийг өөрөө тууж очсон гэж би хэлэхгүй нэг хүн хэл өгч борлуулаад өгөөч гэсэн байх ямар ч байсан авсан. Чи ийм настай хүн байж тэр нохойгоос болоод ингэлээ гэж бодоод сууж байгаа байх. Би амьд байгаа хугацаандаа Шар ингэнийхээ төлөө үзнэ. Та Око Банди гэж битий хэлээрэй. Та намайг нэг тамтай болгочихвол би инээгээд явна. Улсын аварга малчин гэж зүгээр авдаг зүйл биш шүү дээ та нүүр бардам зогсох ёстой шүү таныг үнэлж байсан. Үхсэн хүн үг хэлэхгүй та Цогбадрах болон бид нарт битгий өшөөрэй. Та өөрөө гардаагүй шүү би хийгээгүй энэ хэлсэн гэж битгий хэлээрэй эндээс тууж ирсэн хүн байгаа. Би танаас мөнгө авах гээгүй таныг шоронд оруулахгүй. Та айдас дунд амьдрах хэцүү байгаа шүү дээ шүүх дуудлаа гэхэд ямар ч хүн айдаг шүү дээ. Бид нарын тэмээг ямар хүн үүнийг борлуулаарай гэж өгсөн юм. Та нэр хүндтэй настай гэж байна тийм бол тийм байх ёстой. Миний шавь нараас хулгайлсан байх тэр хүнээс би гомдол нэхнэ та тэрийг хэлчих. Буянаа хэмжээнд нь байлгаж нүглийг хэмжээ саванд нь байлгах хэрэгтэй. Нэг өдөр шуналынхаа уутны амыг барьж. Таны банкны дансыг шүүхэд тэр хүмүүс рүү явуулсан л байгаа. Би мэдэж байна. Таны хүүхдүүдийг ярьж байна лээ хар наймаа хатуу хулгай хоёр хүнээс гарна. Та хэлчих би танаас гуйж байна. Би таныг ялд унагахгүй хэлчих. Та миний тэмээний мөнгийг миний дансанд заавал хийгээрэй хойч үеээ хэлж сургаж яваарай танай эхнэр сайн хүн гэсэн хамаг юм нь танд байна шүү. Танай нутгийн хүмүүс хэлж байна лээ согтуу хүн ирээд Чандманаас хэдэн тэмээ тууж ирсэн одоо алга гээд байгаа юм. Тэмээ авдаг хүн их муухай хүн байх та хуулийн өмнө бөхийхгүй бол малын өмнө жирийн хүний өмнө бөхийж энэ хөгшин бид хоёрт хэлээч. Таныг шоронд битгий оруул гэж би гуйна тууж авч ирсэн хүмүүсийг хэлчих. Та садан хүнтэйгээ ярьсан байсан. Батхүүг ярих хэрэггүй би тэр хүнтэй уулзах ёстой байж тэр үед уулзсан бол одоо ингэж явахгүй байсан юм. Тэр тэмээ яргалдаг хашаагаа болиоч тэр тэмээний зургийг би харж чадахгүй. Та тэрийг бодооч та улсын аварга байж мал хайрлаач тэр хулгайч нарыг хөөгөөд явуулаач тэр миний ингэ яаж байсан талаар хэлчих. Миний Шар ингийг чи төлж өгөөрэй намайг үхсэн байсан ч тэр газар нь авч очиж өгөөрэй. Хаана уяатай байсан талаар хэлчих тэндээс ганцхан хүний тэмээ үлдсэн нь Лхашидын тэмээ одоо бүгдийг нь идэх байх гэж харамсаж байгаа байх. Чи хэн тууж авч өгсөн хүнийг хэлчих би тэр хүн рүү явна. Хүн тэмээ хоёрын нулимс ижилхэн шүү /гээд уйлав/. Би тэр хашааг харж чадаагүй нулимс гоожоод байсан. Лхашидын тэмээг их тамалсан байсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Баатарсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би 7 тэмээ алдсан Улаан үзүүр, Хүрэн шаваг гэдэг газар байсан. Бэлчээр нэгтэй газар байгаа юм. Зун явж харж чадаагүй 3 ингэ, 3 шилбэ, 1 буур алдсан ингээд 7 тэмээ...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ч.Пүрэвхүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би хоёр тэмээ алдсан. Би ээжтэйгээ байдаг юм. Гэрээс гарч чадахгүй тул тэмээнийхээ араас явж чадаагүй энэ хөгшин голдуу явсан. Миний тэмээ энэ хүний тэмээнд байдаг байсан. Би явж чадаагүй миний тэмээ 8 тоо тамгатай улаан шар ат их сайхан ат байсан. Нөгөөдөх нь энэ хүний ботгон тэмээ энэ хүн өөрөө эм тамгыг нь хийсэн тэмээ байгаа юм...” гэх мэдүүлэг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Дамчийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би 2014 оны 08 сараас хойш алдсан тэмээгээ хайсан. 2017 оны 07 сарын 21-ны өдөр миний алдсан тэмээнүүд Б.Чойдоржийн хашаанд хашаатай байсан гэж Т.Цогбадрах гэдэг хүнээс сонссон. Т.Цогбадрахын дүү нь хашаанд хашаатай байсан тэмээг хараад Цогбадрахад хэлээд очиж үзсэн байсан. Энэ тэмээнүүд манай сумын тэмээ биш байна. Онги буюу О үсгэн тамгатай тэмээ байна гэсэн. Манай сумын нийт 7 хохирогчийн 17 тэмээ алга болсон. Тухайн үед Т.Цогбадрах надруу яриад борлогтой тэмээнд таны нэг тэмээ байна, хурдан ирж ав хоёр тэмээг Б.Чойдорж хүргэн Батхүү гэдэг хүнээр заруулаад махны ченж Эрдэнэбатад зарсан гэж хэлсэн. Тэгээд би хүү Д.Тогтохбаярыг Баянхонгор аймгийн Баацагаан сумын Харгант багийн Муруй гэж газраас миний зөв талын шанаа, зөв талын хөлөрдөг өгзөг дээрээ О буюу онги тамгатай ширээ бөхтэй улаан ат мөн байхыг авсан…” гэх мэдүүлэг /2-р хх 89-рт/,

Гэрч З.Мөнхбатын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Баянхонгор аймгийн Баацагаан  сумын 3 дугаар багт надаас өөр онги буюу О үсгэн тамга дардаг айл байхгүй. Манайх тэмээнийхээ зөв талын гуяны хүйтэн хонгон дээр онги тамга дардаг, 1 дүгээр багийн мөнжүүрийн Шарав нь тэмээнийхээ зөв талын шанаанд нь онги тамга дардаг байсан. Баацагаан сумд өөр онги буюу О үсгэн тамга дардаг хүн байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх 92-рт/,

Гэрч Б.Уранчимэгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би Батхүүгийн эхнэр нь байгаа юм. Чойдорж 2014 оны намар манайд ирээд манай хоёр тэмээ энд ойрхон тэмээн дотор байна. Миний тэмээг Эрдэнэбатад зараад мөнгийг нь аваад өг ах нь завгүй байна гэж хэлээд явсан. Тэр орой нь Батхүү бид хоёр хоёр тэмээг нь зараад Б.Чойдоржид мөнгийг нь аваачиж өгсөн. Нэг удаагийн явалтаар 2 тэмээг зарж мөнгийг нь Чойдоржид өгсөн юм...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 94-95-рт/,

Гэрч Т.Цогнэмэхийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2014 оны 07 сарын 20-ны үед би тэмээ цуглуулаад Хар нүдэн гэх газрын хашааны хажуугаар гарч явахад Чойдоржийн хашаанд бараан голдуу тэмээ байсан. Би тухайн тэмээнүүдийг гаднаас нь харахад манайхны хайж байгаа тэмээ биш байхаар нь сайн ажиглаж хараагүй дараа нь би энэ талаар өөрийн төрсөн ах Т.Цогбадрахад хашаатай тэмээ байсан талаар хэлж байсан. Чойдоржийн хашаанд байсан тэмээний талаар талийгаач ах Т.Цогбадрах нь сайн мэдэж байсан бөгөөд хохирогч гээд тэмээ хайж явсан хүмүүст хэлсэн гэсэн... Тэмээндээ тамга дарж байхыг би мэдэхгүй. Тэмээний хээ зөв чихэнд онь буюу тэмээний чихний үзүүр хэсгийг ухаж хайчилдаг юм Б.Чойдоржийнх онги буюу О үсгэн тамга дардаггүй. Нэгдэл гэж байхад хэрэглэж байсан хоёр нүдтэй саран тамга адуундаа дардаг....” гэх мэдүүлэг /2-р хх 96-97-рт/,

Гэрч М.Алтангэрэлийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Манайх 30 орчим тэмээтэй. Адуундаа онги буюу о үсгэн тамга дардаг байсан. 2015 онд 2-3 гунжин ингэнд онги буюу о үсгэн тамга дарсан байгаа. Урьд нь тэмээндээ тамга дарж байгаагүй. Б.Чойдорж тэмээнийхээ зөв чихэнд ухмал им хийдэг юм. Тамга дардаггүй. Б.Чойдоржтой олон жилийн турш айл саахалт нутаглаж байна. Б.Чойдоржийн онги буюу О үсгэн тамга байхгүй. Б.Чойдоржийнх үржлийн голдуу тэмээтэй. Сүүлийн 2 жилийн хугацаанд тэмээ худалдаж авсан талаар юм сонсож байгаагүй юм байна...” гэх мэдүүлэг /2-р хх 98-99-рт/,

Гэрч Б.Дэлгэрдалайн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2014 оны намар Б.Чойдорж нь манай гадаа тэмээ тууж ирээд Эрдэнэбатад зараагүй харин Батхүү нь эхнэр Уранчимэгийн хамт хоёр тэмээ тууж ирээд махны ченж Эрдэнэбатад тэмээ зарсан юм. Шаам хүрэн тайлаг, хойд хөлөрдөг дээрээ онги буюу О үсгэн тамгатай, ширээ хүрэн халтар гунж мөн адил хөлөрдөг хонгон дээрээ онги буюу О үсгэн тамгатай байсан. Шанаандаа онги тамга байсан эсэхийг би анзаарч хараагүй учир нь хоёр тэмээг ачих гэж байхад нь араас нь тууж машины тэвшин дээр гаргалцсан юм. Б.Чойдоржийг нутгийн хүмүүс эвгүй хүн гэж ярьдаг юм. Би энэ талаар сайн мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /2-р хх 100-101-рт/,

Гэрч С.Бат-Өлзийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2014 онд манайх 15 орчим тэмээ тоолуулсан. Бод малынхаа зөв талын чихийг хойноос нь сүйхэлж буруу талын чихэнд нь онь им хийдэг юм. Ямар нэгэн тамга дарж байгаагүй. Манайх од саран тамгатай, хүү Энх-Амгаландаа уламжлуулж өгсөн. Манайх ганц тийм тамга байсан. Өөр тамга байгаагүй. Манайх О буюу онги үсгэн тамга дардаггүй. Хэрэв Батхүүгийн Эрдэнэбатад зарсан хоёр тэмээг манай тэмээнээс аваагүй, Мөгдөөгийн тэмээнээс авсан бол манай тэмээ биш байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /2-р хх 102-103-рт/,

Гэрч Ц.Батхүүгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би яг хэзээ гэдэг он сарыг сайн санахгүй байна. Т.Мөнх-Эрдэнийн тэмээнд байсан зөв хацар зөв хөлөрдөг хонгон дээрээ О буюу онги тамгатай бор тайлаг, зөв хацар зөв хөлөрдөг хонгон дээрээ О буюу онги тамгатай халтар гунж хоёрыг Эрдэнэбатад гэдэг махны ченжид өгсөн. Тэр хоёр тэмээг Б.Чойдорж нь миний тэмээ байгаа юм, хүнээс худалдаж авсан гэж хэлж байсан... Би Эрдэнэбатад надаар заруулсан хоёр тэмээг би Чойдоржийн тэмээ биш гэдгийг мэдэж байсан учир танай тэмээ мөн юм уу гэхэд Б.Чойдорж хүнээс худалдаж авсан юм гэж ярьж байсан. Б.Чойдоржийнх 20 орчим тэмээтэй. Тэмээндээ тамга дардаггүй. Чихэнд нь им хийдэг юм...” гэх мэдүүлэг/2-р хх 105-106-рт/,

Шүүгдэгч Б.Чойдоржийн мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлсэн: “...Би Батхүүгээр буруу талын чих онь зөв талын чих сүйх имтэй бор хөгшин тайлаг,  мөн  адил  имтэй  шар  гунж хоёрыг Батхүүгээр заруулж нийт 1.400.000 төгрөг авсан... Ц.Батхүү нь мал танихдаа муу гэхдээ манай тэмээг хараад танина... Би 2014 онд хүнээс нэг ч тэмээ худалдаж аваагүй. Ц.Батхүүгээр заруулсан хоёр тэмээ нь манай тэмээ мөн байсан бол ямар нэгэн тамгагүй байх ёстой. Би Батхүүгээр нэг удаагийн үйлдлээр хоёр тэмээ заруулсан юм...” гэх мэдүүлэг /2-р хх 111-112-рт/,

Гэрч Л.Эрдэнэбатын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2014 оны 08 дугаар сарын 10-д өнгөрсөн байсан. Он сарыг яг нарийн сайн санахгүй байна. Баацагаан сумын 3 дугаар багийн Мөнхөөгийн худаг гэх газраас ширээ хар шилбэн гунж, хөх тайлаг гэх 2 тооны тэмээг 1.450.000 төгрөгт бодож авсан юм...” гэх мэдүүлэг/1-р хх 131-рт/,

Гэрч Т.Цогбадрахын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2014 оны 07 сарын 21-ний өдөр Талын гүн, Хар нүдэн гэх газарт өөрийнхөө тэмээг бөөгнүүлж бүртгэх гэж яваад Б.Чойдоржийн Хар нүдэн гэх газар байх хаваржааны хашаанд 16 тооны тэмээг хашсан  байхыг харсан. Миний харсан тэмээнүүд голдуу баруун зүсний тэмээ байсан ба миний ажиж сайн харснаар бол зөв талын хүйтэн хонгон дээрээ хөндлөн 8 тоон тамгатай улаан тэмээ, зөв талын хүйтэн хонго цавь орчимруугаа хас тамгатай улаан буур байсан, бусад тэмээнүүд нь онги буюу О үсгэн тамгатай байна гэж харж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 137-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Уг гэмт хэрэг гарах болсон үндсэн  шалтгаан нь  шүүгдэгчийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй хэдий ч шүүх хуралдаанд мэдүүлж байгаа шүүгдэгчийн мэдүүлэг болон гэрч нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүдэд дүгнэлт хийхэд хууль бус, нууц аргаар, шунахай сэдэлтээр, ашиг олох гэсэн санаа зорилгоор уг гэмт хэргийг үйлдсэн гэж шүүх үзлээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Махны ченж Эрдэнэбатын Батхүүгээс худалдаж авсан тэмээний зураг/1-р хх 29-рт/, Б.Чойдоржийн 2013 оны мал тоологын дүн А дансны хуулга/хх 15-рт/, гэрч Мөнхбатын мэдүүлэг/хх 54-рт/, гэрч Т.Цогбадрахын мэдүүлэг/хх 55-рт/, гэрч Т.Цогбадрахыг хоёр дахь удаагаар өгсөн мэдүүлэг/хх 129-рт/, Цогбадрахыг Хар нүдэн гэх газар байх Чойдоржийн хашаанд очуулж хашаан танилуулж Чойдоржийн тэмээнд үзлэг хийлгэсэн тэмдэглэл, гэрэл зургууд/хх 154-161-рт/,   гэрч Цэрэндуламын мэдүүлэг/2-р хх 134-рт/, Отгонбаяраас мах авсан гэх хүнээс гэрчээр асуусан тэмдэглэл/хх 135-рт/, гэрч Мөнхзулын мэдүүлэг/хх 136-рт/, Азжаргалын мэдүүлэг/хх 149-рт/, гэрч Мөнхбатын мэдүүлэг/2-р хх 92-рт/, гэрч Б.Уранчимэгийн мэдүүлэг/хх 94-95-рт/, Т.Цогнэмэхийн мэдүүлэг/хх 96-97-рт/, гэрч М.Алтангэрэлийн мэдүүлэг/хх 98-99-рт/, гэрч Б.Дэлгэрдалайн мэдүүлэг/хх 100-101-рт/, шүүгдэгч Б.Чойдорийн гэрчээр мэдүүлэг өгсөн мэдүүлэг/хх 111-112-рт/, гэрч Л.Эрдэнэбатын/хх 165-рт/ мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг,

Хохирогч нарын өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн хүсэлтээр: Гэрч З.Мөнхбатын мэдүүлэг/хх 92-рт/, гэрч Б.Уранчимэгийн мэдүүлэг/хх 94-95-рт/, гэрч Т.Цогнэмэхийн мэдүүлэг/хх 96-97-рт/, гэрч М.Алтангэрэлийн мэдүүлэг/хх 98-99-рт/, гэрч Б.Дэлгэрдалайн мэдүүлэг/хх 100-101-рт/, гэрч Ц.Батхүүгийн мэдүүлэг/хх 105-106-рт/, гэрч Л.Эрдэнэбатын мэдүүлэг/1-р хх 131-рт/, гэрч Т.Цогбадрахын мэдүүлэг/1-р хх 137-рт/, эд зүйлийн үнэлгээ/1-р хх 165-рт/, хураан авсан тогтоол/1-р хх 123-124-рт/ зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяагийн хүсэлтээр: Нотлох баримтыг хэрэгт хамааралгүй зүйл хавсаргасан гэж үзэж байна. Баянхонгор аймагт нядалсан тэмээний зургийг хулгайн тэмээний зураг гэж хавсаргасан байгаа хавтаст хэргийн 30-33-рт байгааг нотолгооны зүйлийг нотлох баримтаар тооцохгүй байх хүсэлт гаргаж байна. Прокурорын тогтоол мөрдөн байцаах ажиллагааг түдгэлзүүлсэн тогтоол, сэргээх санал, гэрч Бат-Өлзийгийн мэдүүлэг/хх 129-рт/, 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хэргийг түдгэлзүүлсэн боловч түдгэлзүүлсэн шалтгаан арилсан гэсэн тогтоол, гэрч Ц.Батхүүгийн мэдүүлэг/хх 105-106-рт/, гэрч Т.Цогбадрахын мэдүүлэг/хх 129-рт/, ял шалгах хуудас/хх 181-рт/, Ганбаатар прокурорын тогтоолууд, 2017 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн прокурорын тогтоол, хохирогч, өмгөөлөгч нарт хэргийн материал, шинжээчийн дүгнэлт танилцуулаагүй өнөөдөр шүүх дээр ирээд танилцсан байгаа/ 2-р хх 148-рт/ байгааг зэрэг нотлох баримтуудыг,

Эд мөрийн баримтаар хураагдсан “...шүүгдэгч би хэрэглээд пиндээ хийдэг байсан гэж тайлбарласан Чойдоржийн гэр, пингээс аваагүй Чойдоржийн хүү Ч.Энхамгалангаас очиж авсан Онги буюу “О” үсгэн тамга 1 ширхэг...” зэргийг тус тус шинжлэн судалж, үзлэг хийв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Б.Чойдоржийг  сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  эд мөрийн баримт болон бусад бичгийн нотлох баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

 

 Талуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт, гомдол гаргаагүй бөгөөд харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “1-р хавтаст хэргийн материалын 30-33-рт байгаа тэмээний гэрэл зургийн үзүүлэлтүүд нь хэний тэмээний зураг болох нь тодорхойгүй энэ хэрэгт хамааралгүй мөн гэрч Батхүүгийн 6 удаагийн мэдүүлэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн байх тул нотлох баримтуудаас хасуулах хүсэлт гаргасныг шүүх хянан хэлэлцээд хавтаст хэргийн 30-33 дугаар хуудсанд байгаа тэмээний гэрэл зураг нь тухайн хэрэгт хамааралгүй нөхцөл байдлыг тодруулсан байх тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйлд зааснаар уг баримтыг дахин шинжлэн судлахгүй энэ нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзлээ. Харин гэрч Батхүүг гэрчээр байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нотлох баримтаас хасуулах тухай өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Чойдоржийн үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  “Бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэгтэй дүйцэж байгаа боловч эрүүгийн хариуцлагын хувьд хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан тул  Эрүүгийн  хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, түүний эрх зүйн байдлын дээрдүүлсэн хууль буюу Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнээр зүйлчилж шүүгдэгч Б.Чойдоржийг бусдын эд хөрөнгийг буюу олон тооны мал хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Чойдорж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй гэсэн Эрүүгийн хураг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдэлж * би энэ хэргийг хийгээгүй намайг гүтгэж байна * гэж мэдүүлж байгаа нь хэдий ч хавтаст хэрэгт байгаа гэрч  Т.Цогнэмэхийн “...2014 оны 07 сарын 20-ны үед би тэмээ цуглуулаад Хар нүдэн гэх газрын хашааны хажуугаар гарч явахад Чойдоржийн хашаанд бараан голдуу тэмээ байсан.гэх мэдүүлэг, гэрч М.Алтангэрэлийн “...Б.Чойдорж тэмээнийхээ зөв чихэнд ухмал им хийдэг юм. Тамга дардаггүй. Б.Чойдоржтой олон жилийн турш айл саахалт нутаглаж байна. Б.Чойдоржийн онги буюу О үсгэн тамга байхгүй. Б.Чойдоржийнх үржлийн голдуу тэмээтэй. Сүүлийн 2 жилийн хугацаанд тэмээ худалдаж авсан талаар юм сонсож байгаагүй юм байна...” гэх мэдүүлэг, гэрч Б.Дэлгэрдалайн “...2014 оны намар Б.Чойдорж нь манай гадаа тэмээ тууж ирээд Эрдэнэбатад зараагүй харин Батхүү нь эхнэр Уранчимэгийн хамт хоёр тэмээ тууж ирээд махны ченж Эрдэнэбатад тэмээ зарсан юм. Шаам хүрэн тайлаг, хойд хөлөрдөг дээрээ онги буюу О үсгэн тамгатай, ширээ хүрэн халтар гунж мөн адил хөлөрдөг хонгон дээрээ онги буюу О үсгэн тамгатай байсан. Шанаандаа онги тамга байсан эсэхийг би анзаарч хараагүй учир нь хоёр тэмээг ачих гэж байхад нь араас нь тууж машины тэвшин дээр гаргалцсан юм…гэх мэдүүлэг, гэрч С.Бат-Өлзийгийн “...2014 онд манайх 15 орчим тэмээ тоолуулсан. Бод малынхаа зөв талын чихийг хойноос нь сүйхэлж буруу талын чихэнд нь онь им хийдэг юм. Ямар нэгэн тамга дарж байгаагүй. Манайх од саран тамгатай, хүү Энх-Амгаландаа уламжлуулж өгсөн. Манайх ганц тийм тамга байсан. Өөр тамга байгаагүй. Манайх О буюу онги үсгэн тамга дардаггүй. Хэрэв Батхүүгийн Эрдэнэбатад зарсан хоёр тэмээг манай тэмээнээс аваагүй, Мөгдөөгийн тэмээнээс авсан бол манай тэмээ биш байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг, гэрч  “...Би яг хэзээ гэдэг он сарыг сайн санахгүй байна. Т.Мөнх-Эрдэнийн тэмээнд байсан зөв хацар зөв хөлөрдөг хонгон дээрээ О буюу онги тамгатай бор тайлаг, зөв хацар зөв хөлөрдөг хонгон дээрээ О буюу онги тамгатай халтар гунж хоёрыг Эрдэнэбатад гэдэг махны ченжид өгсөн. Тэр хоёр тэмээг Б.Чойдорж нь миний тэмээ байгаа юм, хүнээс худалдаж авсан гэж хэлж байсан... Би Эрдэнэбатад надаар заруулсан хоёр тэмээг би Чойдоржийн тэмээ биш гэдгийг мэдэж байсан учир танай тэмээ мөн юм уу гэхэд Б.Чойдорж хүнээс худалдаж авсан юм гэж ярьж байсан. Б.Чойдоржийнх 20 орчим тэмээтэй. Тэмээндээ тамга дардаггүй. Чихэнд нь им хийдэг юм...” гэх мэдүүлэг, гэрч Л.Эрдэнэбатын  “...2014 оны 08 дугаар сарын 10-д өнгөрсөн байсан. Он сарыг яг нарийн сайн санахгүй байна. Баацагаан сумын 3 дугаар багийн Мөнхөөгийн худаг гэх газраас ширээ хар шилбэн гунж, хөх тайлаг гэх 2 тооны тэмээг 1.450.000 төгрөгт бодож авсан юм...” гэх мэдүүлэг, гэрч Т.Цогбадрахын “...2014 оны 07 сарын 21-ний өдөр Талын гүн, Хар нүдэн гэх газарт өөрийнхөө тэмээг бөөгнүүлж бүртгэх гэж яваад Б.Чойдоржийн Хар нүдэн гэх газар байх хаваржааны хашаанд 16 тооны тэмээг хашсан  байхыг харсан. Миний харсан тэмээнүүд голдуу бараан зүсний тэмээ байсан ба миний ажиж сайн харснаар бол зөв талын хүйтэн хонгон дээрээ хөндлөн 8 тоон тамгатай улаан тэмээ, зөв талын хүйтэн хонго цавь орчимруугаа хас тамгатай улаан буур байсан, бусад тэмээнүүд нь онги буюу О үсгэн тамгатай байна гэж харж байсан...” гэх мэдүүлэгүүдээр шүүгдэгчийн дээрхи мэдүүлэгүүд нь няцаагдаж байна гэж шүүх үзлээ.

Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан дүгнэлтдээ..Шүүгдэгч Б.Чойдорж нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг бөгөөд эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсноор төгссөнд тооцогддог бөгөөд шүүгдэгч нь өөрийн эзэмшил бүхий хашаандаа уг 16 тооны тэмээг хашсанаар энэ гэмт хэрэг төгссөн гэж шүүхээс дүгнэв.  

Иймд шүүгдэгч Б.Чойдоржоос 3.800.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Дамчаад, 2.300.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Пүрэвхүүд, 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч И.Энэбишид, 1.500.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Тогтохбаярт, 750.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Нянцандашид, 7.250.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Баатарсүрэн нарт тус тус олгох нь зүйтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт зэрэг бусад нотлох баримтуудаар Б.Чойдорж нь гэм буруутай болох нь тогтоогдож байгаа бөгөөд дээрхи гэмт хэрэг нь 2014 онд үйлдэгдсэн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 2015 оны Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чойдоржид холбогдох эрүүгийн 201707000179 дугаарын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Уг гэмт хэрэг нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ-Уул багийн нутаг дэвсгэрээс эхлэн үйлдэгдсэн бөгөөд Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутаг дэвсгэрт  Б.Чойдорж нь өөрийнхөө хашаанд 16 тооны тэмээг хашсанаар төгссөн байна. Мөн тухайн хэргийн нэр бүхий 7 хохирогч болон гэрч нарын ихэнхи нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын Эрдэнэ-Уул, Өлзийбулаг багуудад оршин суудаг тул хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг шуурхай, бүрэн гүйцэд явуулахын тулд хохирогч нарын олонхи нь байгаа газарт хэрэгт бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж дуусгажээ.

 

Энэхүү нөхцөл байдал нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Чойдоржид холбогдох эрүүгийн 201407000179 дугаартай хэргийг  хянан хэлэлцэж эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Б.Чойдоржийн өмчлөлийн 56 тооны малыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан тамга 1 ширхэгийг шүүгдэгч Б.Чойдоржид буцаан олгож, шүүгдэгч Б.Чойдорж нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нарт хохирол төлөгдөөгүй, шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа ирсэн зэргийг тус тус дурдах зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Өндөр овогт Банзрагчийн Чойдоржийг бусдын эд хөрөнгийг буюу олон тооны мал хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чойдоржид холбогдох эрүүгийн 201707000179 дугаарын хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чойдоржоос 3.800.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Дамчаад, 2.300.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Пүрэвхүүд, 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч И.Энэбишид, 1.500.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Тогтохбаярт, 750.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Нянцандашид, 7.250.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Баатарсүрэнд тус тус олгосугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Б.Чойдоржийн өмчлөлийн 56 тооны малыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан тамга 1 ширхэгийг шүүгдэгч Б.Чойдоржид буцаан олгосугай.

5. Шүүгдэгч Б.Чойдорж нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нарт хохирол төлөгдөөгүй, шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа ирсэн зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Чойдоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.МӨНХТУЯА