Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 153

 

Б.Чо-ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаар магадлалтай 201407000179 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1958 онд төрсөн, 59 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгүүлж байгаагүй, Б.Чо- нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Олон тооны мал хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Чо-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны мал хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлүүдэд заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Б.Чо-ид оногдуулсан 3 жил хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чо-оос 3.990.771 төгрөг гаргуулж хохирогч Б.Да-д, 2.490.771 төгрөг гаргуулж хохирогч Ч.Пү-д, 1.190.771 төгрөг гаргуулж хохирогч И.Эн-ид, 1.690.771 төгрөг гаргуулж хохирогч Д.То-т, 895.171 төгрөг гаргуулж хохирогч Д.Ня-ид, 7.240.771 төгрөг гаргуулж хохирогч Б.Ба-д, 145.171 төгрөг гаргуулж хохирогч С.Лх-ад тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа гаргасан гомдолдоо “...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3.1, 3.2-т зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Прокурорын шатанд тухайн хэргийн эзэн холбогдогч нь тогтоогдохгүй гэх үндэслэлээр Б.Чо-ид холбогдох эрүүгийн хэрэг удаа дараа хэрэгсэхгүй болж байсан. Шүүх Б.Чо-ийг гэм буруутайд тооцсон атлаа уг тэмээг хаанаас, хэзээ, хэн яаж авсныг нарийвчлан шалгаагүй, хэн тууж хаваржаанд нь хашсан, хаана хэн борлуулсан нь тодорхойгүй байхад шүүх хэргийн материалыг үнэн зөв дүгнэлгүй Эрүүгийн хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тэмээг нядалсан гэрэл зургийн үзүүлэлтүүд энэ хэрэгт огт хамааралгүй зургийг нотлох баримт болгон хавсаргаж Б.Чо-ийг нядалсан мэтээр харьцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг зөрчсөн нь хохирогч нарт Б.Чо-ийг хууль бус үйлдэл хийсэн мэтээр танилцуулж итгэл үнэмшил төрүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Б.Чо-ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх хэлсэн саналдаа “М.Энхзаяа өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг бүрэн дэмжиж байна. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч нарын мэдүүлгээр тухайн хэргийг нотлогдсон гэж үзэж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Шүүгдэгч нь анхнаасаа мөрдөн байцаалтын шатанд тогтвортой үнэн зөв мэдүүлэг өгч байсан. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар ч гэсэн мөн адил шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг нотлогддог. Шүүгдэгч Б.Чо-ийг хохирогч нарын 16 тооны тэмээг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа уг тэмээнүүд хаанаас, хэзээ алга болсон гэдгийг нарийвчлан шалгаагүй, мөн хэн тууж хаваржаанд хашсан, хаана, хэн, хэдэн төгрөгөөр борлуулсан нь тодорхойгүй байхад шүүх дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн. Тэмээ нядалсан гэх гэрэл зургууд нь тухайн хэрэгт огт хамааралгүй байхад нотлох баримтын хэмжээнд үнэлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт шалгавал зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулсан бөгөөд хэрэгт гэрчээр байцаалт өгсөн нэр бүхий иргэдийн мэдүүлгээр шүүгдэгч Б.Чо- нь 16 тооны тэмээг хулгайлж, нядалсан болох нь нотлогдон тогтоогдсон. Тухайн хэрэгт дээд шатны прокурорын он, сар тавигдаагүй тогтоол байгаа бөгөөд тухайн тогтоолыг харахад техникийн шинжтэй алдаа болох нь харагдаж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй учраас шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Чо- нь 2014 оны 08 дугаар сараас 09 дүгээр сарын үед Говь-Алтай аймгийн Чандмань сумын 3 дугаар багийн иргэн Б.Да-, Б.Ба-, С.Лх-, Ч.Пү-, И.Эн-, Д.То, Д.Ня- нарын 16 тооны тэмээг буюу олон тооны мал хулгайлж нийт 19.500.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Чо-ийг бусдын олон тооны мал хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж үзэв.

Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч Б.Чо- нь бусдын олон тооны мал хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон гэсэн шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үйл баримт, нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                           ДАРГАЛАГЧ                                       Б.ЦОГТ

                                           ШҮҮГЧ                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                                       Д.ГАНЗОРИГ

                                                                                                       Ч.ХОСБАЯР

                                                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН