Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2022/0865

 

 

 

 

 

 

 

   2022          11           21                                    128/ШШ2022/0865

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга  даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Ө***” ХХК /РД:5***/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.С*** /РД:ЧР8***/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ш.Б*** /ШТЭҮ:2136/

Хариуцагч: Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны хэлтсийн ахлах шинжээч Б.Б***, Хуулийн хэлтсийн шинжээч С.Ц*** нарын хоорондын Бүтээгдэхүүн хуваах гэрээг сунгахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С***, өмгөөлөгч Ш.Б***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Т*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч “Ө***” ХХК тус шүүхэд хандан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад холбогдуулан “... “Н***” талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх “Бүтээгдэхүүн хуваах гэрээ” болон хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан, хүсэлтийг буцаан хүргүүлсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмал, газрын тосны газар болон “Ө***” ХХК-ийн хооронд “Н***” талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ” болон хайгуулын тусгай зөвшөөрлийг давагдашгүй хүчин зүйлийн үргэлжилсэн хугацаа буюу 2 жилийн хугацаагаар сунгахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад даалгах”-аар маргаж байна.
  2. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн “Газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” 192 дугаар тушаалаар нэхэмжлэгч “Ө***” ХХК-д “Өмнөговь аймгийн Ханхонгор, Номгон, Ханбогд, Цогтцэций, Цогт-Овоо, Манлай, Баян-Овоо сумдын нутаг дэвсгэр, “Н***” нэртэй газарт уламжлалт газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл”-ийг 8 жилийн хугацаатай олгосны дагуу нэхэмжлэгч нь 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Газрын тосны газар /хуучнаар/-тай “Н***” талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар Газрын тосны газар болон “Ө***” ХХК-ийн хооронд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г байгуулсан.

                 Улмаар 2020 оноос дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахал гаргасантай холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газарт хандан бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06/022 дугаар албан бичгээр гаргасныг Ашигт малтмал, газрын тосны газраас 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/1128 дугаар албан бичгээр татгалзсан хариуг өгсөнтэй холбогдуулан, 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 08/022 дугаартай албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хандан “...давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлыг харгалзан “Н***” талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар Бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацааг давагдашгүй хүчин зүйлийн үргэлжилсэн хугацаагаар сунгах асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх”-ийг хүссэн өргөдлийг гаргасан.

                 Хүсэлтийн хариуд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 08/735 дугаар албан бичгээр “хугацаа сунгах боломжгүй” хэмээн өгсөнийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр анх тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

            3. Нэхэмжлэгчээс тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

            “..."Ө***" ХХК нь “Н***” талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааны эрхлэх талаар Ашигт малтмал, газрын тосны газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан ажиллаж байна. Тус компаниас Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимаас олгосон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ болон Газрын тосны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дах хэсэгт "Давагдашгүй хучин зүйлийн улмаас гэрээлэгчийн үйл ажиллагаа нэг жилээс дээш хугацаагаар саатсан бол төрийн захиргааны төв байгууллага хайгуул, ашиглалтын хугацаан дээр уг хугацааг сунган тооцно", Бүтээгдэхүүн хуваах гэрээний 23.2.3-д "давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээлэгчийн үйл ажиллагаа нэг жилээс дээш хугацаагаар саатсан бол хайгуул, ашиглалтын хугацаан дээр уг саатсан хугацааг нэмж тооцох талаар төр захиргааны байгууллага санал, дүгнэлт гаргаж, газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлнэ", Бүтээгдэхүүн хуваах гэрээний 23 дугаар зүйлийн 23.2.2-т "давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний аль нэг тал энэхүү гэрээний нөхцлийг биелүүлээгүй тохиолдолд гэрээг зөрчсөнд тооцохгүй" гэж заасны дагуу “Н***” талбайд Газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар Бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацааг сунгуулах тухай 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06/022 дугаар бүхий хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан бөгөөд уг хүсэлтийг шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/1128 дугаартай албан бичгийг хүлээн авсан болно. Ашигт малтмал, газрын тосны газар нь уг албан бичгээрээ “...хайгуулын хугацаа дуусгавар болсон тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэсэн хариу ирүүлсэн тул Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 08/022 дугаартай албан бичгээр “...давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлыг харгалзан “Н***” талбайд Газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар Бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацааг давагдашгүй хүчин зүйлийн үргэлжилсэн хугацаагаар сунгах асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг хүргүүлсэн болно. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд дэмжлэг хүсэх тухай хүсэлтийг 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүргүүлсний дараа 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр тус яаман дээр Газрын тосны бодлогын газрын ахлах мэргэжилтэнтэй уулзалт хийсэн боловч “хугацаа сунгах боломжгүй” гэсэн хариу бичгээр өгсөн бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газраас 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 08/735 дугаартай албан бичгээр “...хүсэлтийг буцаан хүргүүлж байна” гэсэн хариу ирүүлсэн. Иймд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Н***” талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааны эрхлэх талаар Газрын тосны газар болон "Ө***" ХХК-ийн хооронд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацааг сунгах хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж мэдэгдсэн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн албан бичгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж байна.

             Мөн манай компанийн зүгээс 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 10/022 дугаартай албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ё***-д “Н***” талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааны эрхлэх тусгай зөвшөөрлийг 2 жилээр сунгах хүсэлтийг дахин хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй тул энэхүү гомдлыг гаргасан. Уг газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулснаас хойш дэлхий болон Монгол улсад үүссэн эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулагчдын Монголын талаарх хандлага, МонголУулсын Засгийн газар, Улсын онцгой комисс нь 2019 оны 2 дугаар сараас Улсын хэмжээнд Онцгой байдлын бүх нийтийн бэлэн байдлын түвшинд шилжүүлсэн, мөн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон 2014 оны 9 дугаар сарын 01-ний өдрийн Монгол Улсын Газрын тосны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дах хэсэгт “давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээлэгчийн үйл ажиллагаа нэг жилээс дээш хугацаагаар саатсан бол төрийн захиргааны төв байгууллага хайгуул ашиглалтын хугацаан дээр уг хугацааг сунган тооцно" гэж заасан, түүнчлэн “Н***” талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааны эрхлэх талаар Газрын тосны газар болон "Ө***" ХХК-ийн хооронд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний 23 дугаар зүйлийн 23.2.2-т “давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний аль нэг тал гэрээний нөхцөлийг биелүүлээгүй тохиолдолд гэрээг зөрчсөн тооцохгүй" гэж заасны дагуу “Н***” талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааны эрхлэх тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар сунгах нөхцөл байдал үүссэн болно. Иймд 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Монгол Улсын Газрын тосны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дах хэсэгт “давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээлэгчийн үйл ажиллагаа нэг жилээс дээш хугацаагаар саатсан бол төрийн захиргааны төв байгууллага хайгуул, ашиглалтын хугацаан дээр уг хугацааг сунган тооцно" гэж заасан, мөн “Н***” талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар Газрын тосны газар болон "Ө*** ХХК-ийн хооронд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний 23 дугаар зүйлийн 23.2.2 -т “давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний аль нэг тал энэхүү гэрээний нөхцөлийг биелүүлээгүй тохиолдолд гэрээг зөрчсөн тооцохгүй” гэж заасны дагуу “Н***” талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу 2 жилийн хугацаагаар сунгахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад даалгаж өгнө үү” гэв.

  1. Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***, С.Ц*** нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2020 оны А/34 дүгээр тушаалаар байгуулагдсан бүтээгдэхүүн хуваах гэрээний биелэлтийг дүгнэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

                 Тус ажлын хэсэг “Н***” талбайн Бүтээгдэхүүн хуваах гэрээнд хайгуулын эхний 8 жил 2014-2022 онд заавал хийх ажил үүрэгт 26,8 сая ам.доллар зарцуулахаар тусгасан боловч компани гэрээ байгуулснаас хойш хайгуулын ажил огт хийгээгүй. Мөн 2017-2019 онд хайгуулын ажлын төлөвлөгөө батлуулаагүй гэж дүгнэсэн байна.

                 Тухайлбал, хайгуулын ажлын төлөвлөгө, төсвийг 2014 оны 5 дугаар сарын 20, 2015 оны 9 дүгээр сарын 03, 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр тус тус батлуулсан байх боловч хайгуулын ажил хийгээгүй нь Газрын тосны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 2014-2021 онуудад тусгай зөвшөөрлийн төлбөрт нийт 734,870.13 ам.долларын төлбөр төсөвт тевлөрүүлэхээс 704,808.50 ам.долларыг төлөгуй, сургалтын урамшуулалд 280.000 ам.долларыг төлөхөөс 260.000 ам.долларыг төлөөгүй, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны дэмжлэгт 400.000 ам.долларыг төлөхөс 325,000 ам.долларыг төлөөгүй, нийт 1.3 сая ам.долларын төлбөрийн улдэгдэлтэй байгаа нь Газрын тосны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-ыг тус тус зөрчсөн байна.

                 Тодруулбал, "Ө***" ХХК нь газрын тосны хайгуулын Н*** талбайд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Гэрээлэгч байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын барьцаа хөрөнгө төвлөрүүлж байсан мэдээлэл байхгүй, жил бүрийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг тухайн яамаар батлуулаагуй, байгаль орчинд нөлөөлөх үйл ажиллагаа явуулаагүй, хууль тогтоомжийн дагуу төлөх ёстой төлбөр, хураамжийг төлж барагдуулаагүй хэмээн үзэж Газрын тосны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д заасны дагуу Бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлах саналыг гаргажээ.

                 Газрын тосны тухай хууль болон Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагыг Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2/249, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/743, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 1/1886, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1/2490, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1/5897, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/85, 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1/4178, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 3/8716 дугаартай албан бичгүүдээр хүргүүлсэн боловч гэрээлэгч компани ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.

                 Түүнчлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/250 дугаартай тушаалаар газрын тосны гэрээлэгч компаниудын Бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийг шалгаж, цаашид авах арга хэмжээний санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж, Ө*** XXК-тай газрын тосны хайгуулын Н*** талбайд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийг хангалтгүй, гэрээ байгуулснаас хойш ямарч үйл ажиллагаа явуулаагүй тул цуцлах үндэслэл бүрдсэн гэж үзсэн. Иймд Ашигт малтмал, газрын тосны газраас Бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлах талаар компанид 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1/1252 дугаар албан бичгээр мэдэгдсэн байна.

                 Мөн Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад талуудын хусэл зориг, хяналтаас гадуур даван туулах сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн болохыг нотолж, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02/36 дугаартай гэрчилгээ олгожээ.

                 Тус компани Ковид-19 цар тахал дэгдэхээс өмнө буюу 2015 оноос хойш хугацаанд хайгуулын ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, уг талбайд гэрээлэгч байгууллагад хамаарах эд хөрөнгө, барилга байгууламж бариагүй, холбогдох төлбөр хураамжийг төлж барагдуулаагүй нь Газрын тосны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5, тус талбайд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний 4 1.1, 4 1.3, 4.1.4, 7.1 5, 8 1.3, 12 1 1, 13.4.1, 13.5 1, 13.6.1 дэх заалтыг тус тус зөрчсөн байна.

                 Иймд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас тус компанид хүргүүлсэн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Ө***" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх, нэхэмжлэгч “Ө***” ХХК-иас тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан хэлэлцэн, үндэслэлгүй байна гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж маргасан. Үүнд:

                 1. Газрын тосны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дах хэсэгт "Давагдашгүй хучин зүйлийн улмаас гэрээлэгчийн үйл ажиллагаа нэг жилээс дээш хугацаагаар саатсан бол төрийн захиргааны төв байгууллага хайгуул, ашиглалтын хугацаан дээр уг хугацааг сунган тооцно", Бүтээгдэхүүн хуваах гэрээний 23 дугаар зүйлийн 23.2.2-т "давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний аль нэг тал энэхүү гэрээний нөхцөлийг биелүүлээгүй тохиолдолд гэрээг зөрчсөнд тооцохгүй", 23.2.3-д "давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээлэгчийн үйл ажиллагаа нэг жилээс дээш хугацаагаар саатсан бол хайгуул, ашиглалтын хугацаан дээр уг саатсан хугацааг нэмж тооцох талаар төр захиргааны байгууллага санал, дүгнэлт гаргаж, газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлнэ" гэж заасан байхад сунгахгүй эс үйлдэхүй гаргаж байгаа нь хууль бус,

                 2. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээлэгчийн үйл ажиллагаа нэг жилээс дээш хугацаагаар саатсан болох нь Монгол Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02/36 дугаар “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force majeure/-ийн гэрчилгээгээр нотлогдоно,

                 3. Бид өнгөрсөн хугацаанд хамтран ажиллах хөрөнгө оруулагчаа хайж байсан бөгөөд одоо гэрээний хугацааг сунгавал үйл ажиллагаа явуулахад бэлэн зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

            3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

            Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 300 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн Ханхонгор, Номгон, Ханбогд, Цогтцэций, Цогт-Овоо, Манлай, Баян-Овоо сумдын нутаг дэвсгэрт байрлах “...газрын тосны хайгуулын “Н***” талбайд Газрын тосны газар, “С***” ХХК-ийн хооронд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний газрын тос (уламжлалт)-ны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх эрх, үүргийг “Ө***” ХХК-д шилжүүлэхийг” зөвшөөрч,  мөн өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр “...Бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүргийг шилжүүлж авсан “Ө***” ХХК нь “С***” ХХК-ийн 2014 онд төлөвлөсөн хайгуулын ажлыг 2015 онд багтаан нөхөн хийж дуусгах, бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан төлбөр, урамшууллыг хугацаанд нь төлөх зэрэг асуудлыг 3 талт гэрээнд тусган хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Газрын тосны газрын даргад... даалгаж” шийдвэрлэсэн болох нь,

Газрын тосны газар 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр “Эрх, үүрэг шилжүүлэх гэрээ”-г “С***” ХХК болон “Ө***” ХХК-тай байгуулж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 192 дугаар тушаалаар нэхэмжлэгч “Ө***” ХХК-д “Н*** талбайд уламжлалт газрын тос хайх” аж ахуйн үйл ажиллагааны 193 дугаар тусгай зөвшөөрлийг олгон, Газрын тосны газраас “Ө***” ХХК-тай 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр “Н***” талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар Газрын тосны газар болон “Ө***” ХХК-ийн хооронд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г шинэчлэн байгуулсан болох нь,

Нэхэмжлэгч нь “хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн боловч холбогдох ажлыг хийгээгүй”, “бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу төлөгдөх төлбөр, урамшууллуудыг төлөөгүй”, “тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй” зэргээр  Газрын тосны тухай хууль болон бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүйтэй холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газраас 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Шаардлага хүргүүлэх тухай” 1/1743 дугаар албан бичгийг, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Төлбөр нэхэмжлэх тухай” 9/664 дүгээр албан бичгийг, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “Шаардлага хүргүүлэх тухай” 1/1886 дугаар албан бичгийг, 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “Төлбөр нэхэмжлэх тухай” 1/3338 дугаар албан бичгийг, 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр “Төлбөр нэхэмжлэх тухай” 9/4995 дугаар албан бичгийг, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “...гэрээг цуцлах тухай саналыг холбогдох байгууллагад хүргүүлэх гэж буй” тухай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1/5897 дугаар албан бичгийг, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Төлбөр нэхэмжлэх тухай” 9/9068 дугаар албан бичгийг, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “Төлбөр нэхэмжлэх тухай” 9/879 дүгээр албан бичгийг, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “Төлбөр нэхэмжлэх тухай” 9/3284 дүгээр албан бичгийг, 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр “Гэрээний хэрэгжилтийг хангаж ажиллах талаар шаардлага хүргүүлэх тухай” 1/4178 дугаар албан бичгийг, 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр “Төлбөр нэхэмжлэх тухай” 1/5919 дүгээр албан бичгийг, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 3/8716 дугаар албан бичгийг, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Төлбөр нэхэмжлэх тухай” 9/512 дугаар албан бичгийг, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “... танай компанитай байгуулсан БХГ-г цуцлах асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох газарт хүргүүлсэн” тухай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1/1252 дугаар албан бичгийг, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “Төлбөр нэхэмжлэх тухай” 4/350 дугаар албан бичгийг, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Төлбөр төлөх тухай” 4/254 дүгээр албан бичгийг, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “Төлбөр төлөх тухай” 4/545 дугаар албан бичгийг тус тус нэхэмжлэгч “Ө***” ХХК-д хүргүүлж байсан болох нь,

Нэхэмжлэгчээс Газрын тосны тухай хууль болон бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүйтэй холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газраас хариуцлага тооцуулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандсаныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 09/2888 албан бичгээр “...Газрын тосны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасны дагуу ... тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, хүчингүй болсноос хойш таван жилийн хугацаанд дахин хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байх талаар арга хэмжээ авч ажиллах” чиглэлийг өгсөн болох нь,

Нэхэмжлэгч “Ө***” ХХК-иас 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 05/022 дугаар албан бичгээр гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан баримтыг үндэслэн Монгол Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас нэхэмжлэгчид 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр олгосон 02/36 дугаар “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force majeure/-ийн гэрчилгээ”-нд нэхэмжлэгч нь “...Газрын тосны газартай байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний үүргээ биелүүлэх зорилгоор 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр “Т***” ХХК-тай “Харилцан ойлголцлын санамж бичиг” зурж хамтран ажиллахаар тохиролцсон” болохыг тэмдэглэсэн болох нь,

2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06/022 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандан “...бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацааг сунгуулах тухай” хүсэлтийг гаргасныг Ашигт малтмал, газрын тосны газраас 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/1128 дугаар албан бичгээр татгалзсан хариуг өгсөнтэй холбогдуулан 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 08/022 дугаартай албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хандан “...давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлыг харгалзан “Н***” талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар Бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацааг давагдашгүй хүчин зүйлийн үргэлжилсэн хугацаагаар сунгах асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх”-ийг хүссэн өргөдлийг гаргасан. Тухайн хүсэлтийн хариуд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 08/735 дугаар албан бичгээр “Газрын тосны хайгуулын Н*** талбайд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй, Ашигт малтмал, газрын тосны газарт төлөх өр төлбөрийн асуудлаа шийдэхгүй байгаа тухай дүгнэлтийг тус яаманд Ашигт малтмал газрын тосны газраас ирүүлсэн. Танай компани Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газраас олгосон эрхийн дагуу байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүй байна. Иймд Бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилт хангалтгүй байгаа тул хайгуулын хугацаа сунгах хүсэлтийг үүгээр буцаан хүргүүлж байна” хэмээн татгалзсан хариуг өгсөн болох нь,

Улмаар, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн ээлжит хураалдаанаар “...Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй газрын тосны хайгуулын ... Н*** талбайн гэрээлэгч “Ө***” ХХК-тай .... Газрын тосны газрын (хуучин нэрээр) 2015-2016 онд тус тус байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Б***-д даалгаж”[1] шийдвэрлэсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 300 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 43 дугаар тэмдэглэл, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Бүтээгдэхүүн хуваах гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Газрын тосны газар, “Ө***” ХХК хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг, Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/1743, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 9/664, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 1/1886, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 9/879, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 9/3284, 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1/4178, 2018 оны 9 дүгээр сарын 30-ны 1/5919, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 3/8716, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 9/512, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1/1252, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 4/350, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 4/254, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 4/545 дугаар албан бичиг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 09/2888 дугаар албан бичиг, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн танхимын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02/36 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ болон холбогдох нотлох баримтаар тогтоогдож байна.

4. Газрын тосны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид "төрийн захиргааны төв байгууллага" гэх/ газрын тосны асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 8.1.5-д “хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох, хугацааг нь сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох”, 9 дүгээр зүйлийн 9.1-т “Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид "төрийн захиргааны байгууллага" гэх/ газрын тосны асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”,  9.1.21-т “бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчлөх саналыг төрийн захиргааны төв байгууллагад гаргах”,  11 дүгээр зүйлийн 11.2-т “Гэрээлэгч дараах үүрэг хүлээнэ”, 11.2.1-т “Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг мөрдөж, гэрээнд заасан үүргээ биелүүлэх”, 11.2.2-т “гэрээнд заасан үйл ажиллагааг явуулах”, 11.2.3-т “жилийн төлөвлөгөө, төсвийг төрийн захиргааны байгууллагаар батлуулж, хэрэгжүүлэх”, 13 дугаар зүйлийн 13.1-т “Гэрээний хугацаа дуусгавар болсон, эсхүл энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гэрээг цуцлах тохиолдолд төрийн захиргааны байгууллага гэрээний биелэлтийг дараах үзүүлэлтээр дүгнэнэ”, 13.1.1-т “гэрээлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх”, 13.1.3-т “гэрээлэгч хууль тогтоомжийн дагуу төлөх ёстой татвар, төлбөр, хураамжийг төлж барагдуулсан эсэх”, 18 дугаар зүйлийн 18.12-т “Хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгэх үүргээ хоёр буюу түүнээс дээш удаа биелүүлээгүй тохиолдолд хайгуулын хугацааг сунгахгүй”, 38 дугаар зүйлийн 38.3-т “Давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээлэгчийн үйл ажиллагаа нэг жилээс дээш хугацаагаар саатсан бол төрийн захиргааны төв байгууллага хайгуул, ашиглалтын хугацаан дээр уг хугацааг сунган тооцно” хэмээн,

            Захиргааны ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т “Захиргааны гэрээнд энэ хуулийн Тавдугаар бүлэгт зааснаас гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ” хэмээн,

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэхэмээн,

Газрын тосны газраас “Ө***” ХХК-тай 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “Н***” талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар Газрын тосны газар болон “Ө***” ХХК-ийн хооронд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний 7 дугаар зүйлийн 7.1.5-д “хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгэх үүргээ хоёр буюу түүнээс дээш удаа биелүүлээгүй тохиолдолд хайгуулын хугацааг сунгахгүй”, 23 дугаар зүйлийн 23.2.2-т “давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний аль нэг тал энэхүү гэрээний нөхцөлийг биелүүлээгүй тохиолдолд гэрээг зөрчсөнд тооцохгүй”, 23.2.3-т “давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээлэгчийн үйл ажиллагаа нэг жилээс дээш хугацаагаар саатсан бол хайгуул, ашиглалтын хугацаан дээр нь уг саатсан хугацааг нэмж тооцох талаар төрийн захиргааны байгууллага санал, дүгнэлт гаргаж газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлнэ” хэмээн тус тус заасан.

5. Үүнтэй холбогдуулан шүүх, Газрын тосны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсгийн зохицуулалт нь мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.21 дэх заалт болон “Н***” талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар Газрын тосны газар болон “Ө***” ХХК-ийн хооронд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний 23.2.3-т тухайлан заасанчлан газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас “хугацааг нэмж тооцох тухай” санал, дүгнэлтийг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх замаар хэрэгжих агуулгатай.

Тухайн тохиолдолд Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад эл төрлийн хүсэлтийг гаргаж байгаагүй. Харин ч дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын халдвар дэгдэхээс өмнө буюу 2016 оны 1/1743, 2017 оны 9/4995, 2017 оны 1/5897 дугаар албан бичгүүдээр нэхэмжлэгч “Ө***” ХХК-д Газрын тосны тухай хууль тогтоомж болон 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Газрын тосны газартай байгуулсан “Н***” талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар Газрын тосны газар болон “Ө***” ХХК-ийн хооронд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ээр хүлээсэн үүргээ зохих биелүүлээгүйн улмаас “...гэрээг цуцлах тухай саналыг холбогдох байгууллагад хүргүүлэх гэж буй” талаар, 2019 оны 1/1252 дугаар албан бичгээр нэхэмжлэгч компанитай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлах асуудлыг шийдвэрлүүлэхээр газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хандсан болохоо нэхэмжлэгчид мэдэгдэж байсан зэрэг үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгчээс гаргасан “гэрээний хугацаа сунгуулах тухай” хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Мөн, тус өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг шүүхээс хуульд заасан журмын дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт мэдэгдсэн ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тосны тухай хуулийн 8 дугаар зүйлийн  8.1.5, 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн “Ө***” ХХК-иас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад холбогдуулан гаргасан “...Н*** талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх “Бүтээгдэхүүн хуваах гэрээ” болон хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан, хүсэлтийг буцаан хүргүүлсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмал, газрын тосны газар болон “Ө***” ХХК-ийн хооронд Н*** талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ” болон хайгуулын тусгай зөвшөөрлийг давагдашгүй хүчин зүйлийн үргэлжилсэн хугацаа буюу 2 жилийн хугацаагаар сунгахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.МӨНХТУЛГА

 

 

 

 

[1] https://mongolia.gov.mn/news/view/26440