Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2022/00675

 

 

 

 

 

 

2022 02 16

101/ШШ2022/00675

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Х холбогдох

 

Орон сууц худалдах, худалдан авах гэрээ цуцалснаас учирсан хохирол 43,047,064 төгрөг гаргуулах, орон сууцнаас албадан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч Д.Хийн Б ХХК болон Д.Х нарын хооронд байгуулагдсан 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З, Ж.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Р.П,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б" ХХК нь 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр иргэн Д.Хтэй орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж 2 өрөө 46,08 м.кв талбайтай орон сууцыг 113,531,904 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцож урьдчилгаа төлбөрт нийт үнийн дүнгийн 15 хувь болох 17,030,000 төгрөгийг бэлнээр авч үлдэгдэл 96,501,904 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 71 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэйгээр сар бүр 1,900,000 төгрөг төлөхөөр тохиролцож, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Хийн нэр дээр шилжүүлэхээр гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч нь гэрээний үүргээ удаа дараа зөрчиж графикийн дагуу төлбөрөө төлөхгүй манай компанид их хэмжээний хохирол учруулж байна. Хариуцагч нь гэрээ байгуулсан өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл тус орон сууцанд амьдарч байгаа бөгөөд тус орон сууц нь Б ХХК-ийн өмч юм. Нэхэмжлэгч нь Д.Хт гэрээний үүргээ удаа дараа зөрчиж компанид их хэмжээний хохирол учруулж байгаа тул орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээг цуцалж, гэрээ цуцалсантай холбоотой хохирлоо шаардана гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь тус гэрээний 4.1.2, 5.3-т заасны дагуу гэрээг цуцалж өөрт учирсан хохирол зардлаа нэхэмжилж байна. Мөн тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч нь компанид удаа дараа эвлэрэн хэлэлцэх санал гаргаж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж төлбөрөө хэвийн нөхцөлд оруулах хугацаа олгосон боловч төлбөрөө төлөөгүй өнөөдрийг хүрч байна. Хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр төлөөгүй бөгөөд хариуцагчийн төлсөн 31,030,000 төгрөгийг төлбөрөөс хасч тооцоход татгалзах зүйлгүй.

Иймд 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн орон сууц зээлээр худалдах худалдан авач гэрээ цуцалсантай холбоотой хохирол болох 43,047,064 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, Баянзүрх дүүрэг, тоот орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Хийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд хандан Б ХХК-иас хариуцагч Д.Хт холбогдуулан гаргасан 43,047,064 төгрөг гаргуулах, орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээнд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, зарим шаардлагыг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагч Д.Х миний бие тус компанийг надад холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардан авсан 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд хүрэлцэн очиж нэхэмжлэлээ гардан хүлээж авахаас өмнө Б ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Г нь 2020 3 дугаар сарын 25-ны өдөр манай өмгөөлөгч ажлын байранд ирсэн байгаа, шүүхэд очихоос өмнө манай өмгөөлөгчтэй уулз гэсний дагуу тус компаний өмгөөлөгч Д.Зтай компаний байранд нь уулзсан. Тус компаний байр нь миний худалдан авч буй орон сууцны 1-р давхарт байрладаг. Өмгөөлөгч Д.З нь хариуцагч миний шүүхэд 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гарган өгсөн хариу тайлбарыг яаж бичиж өгөх ерөнхий утгыг надад зөвлөсөн бөгөөд хэрвээ ийм утгатай тайлбарыг шүүхэд өгчихвөл гаргасан нэхэмжлэлээ татан авна гэсэн учир миний бие шүүхэд хандан гар бичмэлээр нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгчийн надад хэлсэн утга санааг илэрхийлсэн хариу тайлбарыг бичиж өгсөн. Тайлбар бичиж шүүхэд өгөөд буцаж нэхэмжлэгч байгууллагын ажлын оффист ирсэний дараагаар өмгөөлөгч нь нэгэнт өмнөх нэхэмжлэлээ татан авч байгаа учир гэрээг нэмэлтээр өөрчлөлт хийе гэснээр нь шүүхэд гаргасан нэхэмжлэл цаашид үргэлжлэхгүй, дуусгавар болсон гэж ойлгосон учир нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнд нь гарын үсэг зурж өгсөн бөгөөд гүйцэтгэх захирал М.Гэрэлмаа болон өмгөөлөгч Д.З нарт нь төлбөр 2020 оны 5 дугаар сарын 30-наас хийгдэх тухайд хэлэхэд тэд зөвшөөрнө гэж байсан. Тухайн үед би Өндөр Алтайн зам ХХК-д шинээр ажилд орж байгаа учир орон сууцны төлбөр тооцооны асуудлаар гарсан дутуу төлбөрийг нөхөн төлөх боломжтойгоо илэрхийлсэн нь үнэн бөгөөд харин нэхэмжлэлээ шүүхээс татан авна гэсэн учир 2020 оны 5 дугаар сарын 30-наас хойш төлбөр хийгдэх боломжтой, шинэ ажилд орж байгаа, эхний 20 хоног орчим хугацаа туршилтын хугацаа байхаар тохирсон учир тэднийг намайг төөрөгдүүлэн хууран мэхлэж надад илтэд хохиролтой байж болохоор гэрээг өөрчилсөн гэж ойлгоогүй. Миний бие Улаанбаатар хотод оршин суух хаягггүй, өөрийн оршин суух орон нутгийн хаягандаа ирэн очин амьдарч байсан, 2020 оны 4 дүгээр сараас Говь-Алтай аймагт ажиллаж байгаа, энэ ажил 3 жил гаруй хугацаанд үргэлжлэх бөгөөд цалин хөлс нэхэмжлэгчийн анх хийсэн гэрээний дагуу төлбөрөө төлөх, дутуу төлбөрийг нөхөн төлөх боломжтой хэмжээнд хүрнэ гэж бодож байгаа. 2020 оны 02 дугаар сараас эхлэн зөвхөн Монгол улс төдийгүй бүх дэлхий нийтээр онц байдал зарлагдан цар тахлын хэмжээнд вирусын гаралтай өвчлөл бүртгэгдсэн нь нийтэд илэрхий баримт учир нэхэмжлэгч байгууллага ч бусад байгууллагын ижил санхүүгийн хүндрэлтэй асуудалтай тулгарч байгааг ойлгож байгаа. Гэхдээ давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл бүх дэлхий нийтийг хамарч байгаа учир нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан хэмжээний хүрээнд тооцон төлөх үүрэгтэйгээ ойлгож байгаа боловч шаардсан хэмжээгээр нь бүрэн төлөх, мөн орон сууцнаас гарах чөлөөлж өгөх тухай шаардлагыг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

Хариуцагч Д.Хийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Б ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд хандан хариуцагч Д.Хт холбогдуулан гэрээ цуцалснаас үүдэлтэй хохирол 21,884,664 төгрөг гаргуулах, орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байх бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн байдаг. Хариуцагч Д.Х нь Б ХХК-тай 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулан төлбөртөө 31,030,000 төгрөгийг төлсөн байх үед нэхэмжлэгч шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар иргэн Д.Х болон Б ХХК-ийн хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд талуудын хооронд дахин ямар нэгэн гэрээ хэлцэл хийх ажиллагаа явагдах эрх зүйн үндэслэлгүй байсан гэж үзэж байна. Гэтэл нэхэмжлэгч нь өмнөх төлөгдсөн 31,030,000 төгрөгийг үндсэн гэрээний үнийн дүнд тооцон авч үлдэж нэмэлтээр 82,528,210 төгрөгийн төлбөрт иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчтай дахин гэрээ хийж өмнөх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан гэж ойлгогдохоор ойлголтыг хариуцагчид төрүүлжээ. Тиймээс ч хариуцагч шүүхээс нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гардан хүлээж авсан байх бөгөөд уг нэхэмжлэлийг гардан хүлээж авахаас өмнө Б ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан болох гүйцэтгэх захирал М.Г, тус компаний хуулийн зөвлөх нартай компаний байранд нь уулзсан байна. Дээрхи уулзалтаар Б ХХК-ийн зүгээс хариуцагчийн шүүхэд 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гарган өгсөн хариу тайлбарыг яаж бичиж өгөх ерөнхий утгыг нь зөвлөсөн байх бөгөөд хэрвээ ийм утгатай тайлбарыг шүүхэд өгчихвөл гэрээг цаашид үргэлжлүүлэх ба шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авна гэсэн учир хариуцагч Д.Х нь шүүхэд хандан гар бичмэлээр нэхэмжлэгч байгууллагын зүгээс илэрхийлсэн утга санаа бүхий хариу тайлбарыг бичиж өгчээ. Тайлбар бичиж шүүхэд өгөөд буцаж нэхэмжлэгч байгууллагын ажлын оффист ирсэний дараагаар нэхэмжлэгч байгууллагын зүгээс нэгэнт өмнөх нэхэмжлэлээ татан авч байгаа учир гэрээг нэмэлтээр өөрчлөлт хийе гэснээр нь шүүхэд гаргасан нэхэмжлэл цаашид үргэлжлэхгүй, дуусгавар болсон гэж хариуцагч ойлгосон учир нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнд нь гарын үсэг зурж өгсөн боловч шүүхээс нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлээ татан аваагүй, харин ч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтдаа дээрх 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн гэрээг шинээр нотлох баримтаар гарган өгсөн байна. Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч Д.Хтэй байгуулсан 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Орон сууцыг зээлээр худалдах худалдан авах гэрээ-ний дагуу орон сууцнаас албадан гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан хугацаанд өөрт ашигтай байдлаар орон сууцыг бүхэлд нь авах зорилгоор нэмэлт гэрээг хууран мэхлэж хийсэн гэж үзэх бүрэн үндэстэй. Учир нь нэхэмжлэгч байгууллага нэгэнт шүүхэд хандан зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргаж уг нэхэмжлэл бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хянагдаж байх үед дахин гэрээ хэлцэл хийх ямар ч шаардлагагүй байсан байх бөгөөд хэрвээ үнэхээр гэрээ хэлцэл нэмэлтээр буюу шинээр хийхэд хүрвэл өмнө нь байгуулсан гэрээний дагуу шаардаж буй нэхэмжлэлийн шаардлагаа татан авах буюу эсхүл уг шаардлагынхаа хүрээнд эвлэрэн хэлэлцэж энэ тухайгаа шүүхээр баталгаажуулсан захирамж гаргуулсан байх нь зүйд нийцэх байсан гэж үзэж байна. Хариуцагч нэгэнт 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 31,030,000 төгрөгийг төлсөн, энэ төлбөр нь өмнөх гэрээний үүргийн гүйцэтгэлд нэгэнт тооцогдсон байхад шүүхэд дахин нэг гэрээг иргэний хэрэг үүсгэснээс хойш гарган өгч байгаа нь хэргийн талаар шийдвэр гаргах үед энэ гэрээг хэрхэн яаж үнэлэх эсэх нь тодорхойгүй байдалд хүргэх нөхцөл байдал нь 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн гэрээг хууран мэхлэж хийсэн хэлцэл болохыг илэрхийлэх үйл баримт болох юм.

Иймд 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн талуудын хооронд байгуулагдсан Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна гэв.

 

Нэхэмжлэгч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Д.Х нь гэрээний үүргээ биелүүлэхгүй манай компанид маш их хэмжээний хохирол учруулж байгаа болно. Хариуцагч нь гэрээний нэмэлт өөрчлөлтийг өөрийн санаачилгаар хүсэлт гаргасны дагуу байгуулсан. Гэвч хариуцагч нь гэрээний өөрийн санал гаргасан хугацаандаа мөн үүргээ биелүүлээгүй. Тус гэрээ нь хуулийн дагуу сайн дурын үндсэн дээр хийгдсэн гэрээ болно.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримтын хувьд:

Нэхэмжлэгчээс: шүүхэд гаргасан нэхэмжлэл, Б ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хохирлын тооцоолол, Б ХХК болон Д.Х нарын хооронд байгуулагдсан 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 183 дугаартай Орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах гэрээ, Зээлийн эргэн төлөх график, 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханш, Д.Хийн иргэний үнэмлэхний хуулбар, Б ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 019/070 дугаартай шаардлага хүргүүлэх нь, Б ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Алдангийн тооцооны хүснэгт, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Байр хүлээлгэн өгсөн акт, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, мөн өдрийн хохирлын тооцоолол, 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн хохирлын тооцоолол, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2019 оны БЗДүүрэг дэх Аман хуур 2 хотхоны 2 өрөө орон сууц үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хохирлын тооцоолол,

Хариуцагчаас: Д.Хийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, Өндөр алтай зам ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 11/20 дугаартай тодорхойлолт, Д.Хийн Б ХХК-ийн захиргаанд 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гаргасан өргөдөл, мөн өдрийн Аман хуур 2 хотхоны маркетингийн албанд гаргасан өргөдөл, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээлийн эргэн төлөх график, 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбар, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан сөрөг нэхэмжлэл, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2019 оны БЗДүүрэг дэх Аман хуур 2 хотхоны 2 өрөө орон сууц үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан-г тус тус баримтаар шүүхэд ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Д.Хт холбогдуулан шүүхэд анх гэрээ цуцалснаас учирсан хохирол 21,884,664 төгрөг гаргуулах, орон сууцнаас албадан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, орон сууц худалдах-худалдан авах гэрээ цуцалснаас учирсан хохирол 43,047,064 төгрөг гаргуулах, орон сууцнаас албадан гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч Д.Х нь нэхэмжлэгч Б ХХК-д холбогдуулан зохигчдын хооронд байгуулагдсан 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч Д.Х нь 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан гэрээгээр тохирсон эргэн төлөх хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй талаар эсэргүүцээгүй ба тэрээр 2020 оны 4 дүгээр сараас ажил эрхэлж байгаа, шаардсан хэмжээгээр төлбөрийг төлнө, орон сууц чөлөөлөхийг зөвшөөрөхгүй гэж, нэхэмжлэгч нь гэрээний нэмэлт өөрчлөлтийг Д.Хийн өөрийн санаачилга, хүсэлтийн дагуу байгуулсан боловч өөрийн санал гаргасан хугацаандаа үүргээ биелүүлээгүй гэж тус тус үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь орон сууц худалдах-худалдан авах гэрээ цуцалснаас учирсан хохирол 43,047,064 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хохирлын тооцооллын хувьд 2018 оны 8 дугаар сараас 2021 оны 6 дугаар сар дуусталх хугацааны нийт 35 сарын түрээсийн төлбөр ба 1 сарын түрээсийн төлбөрийг 1,152,000 төгрөгөөр тооцон 40,320,000 төгрөг, урамшуулал 227,064 төгрөг, засвар хийх зардал 2,500,000 төгрөгийг тус тус гаргуулахаар шаарджээ.

 

Б ХХК нь Д.Хтэй 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 183 дугаартай Орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах гэрээбайгуулж, Баянзүрх дүүргийн тоот, 2 өрөө, 46,08 мкв талбайтай орон сууцыг Д.Х нь нийт 113,531,904 төгрөгөөр зээлээр худалдан авахаар, орон сууцны нийт үнийн дүнгийн 15 хувь буюу 17,030,000 төгрөгийг урьдчилгаанд төлөхөөр, 85 хувь буюу 96,501,904 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш нийт 71 сарын дотор жилийн 8 хувийн хүүтэйгээр төлөхөөр харилцан тохиролцож, уг төлбөрийг 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд төлөхөөр зээлийг эргэн төлөх хуваарь гаргасан болох нь зохигчдын тайлбар, 183 дугаартай гэрээ зэргээр тогтоогдож байна. /1хх-7-11 тал/

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.

 

Дээрх гэрээний 6.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Д.Хтэй 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Байр хүлээлгэн өгсөн акт-ыг үйлдэж, Баянзүрх дүүргийн тоот, 2 өрөө, 46,08 мкв талбайтай орон сууцыг хариуцагч Д.Хт хүлээлгэн өгсөн байна. /1хх-19 тал/

 

Хариуцагч Д.Х нь гэрээний дагуу урьдчилгаанд 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 17,030,000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 4,000,000 төгрөг, нийт 31,030,000 төгрөгийг төлсөн байна.

 

Гэрээний дагуу нийт 31,030,000 төгрөг төлсөний хувьд зохигчид маргадаггүй болно.

 

Хариуцагч нь гэрээ байгуулагдсанаас хойш гэрээний үүрэгт нийт 31,030,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байх бөгөөд нэхэмжлэгч нь уг төлөлтөөс үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрт хэдэн төгрөг хэрхэн тооцсон болох нь баримтаар тогтоогдохгүй байх ба Б ХХК-иас 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 019/070 дугаартай шаардлагыг Д.Хт хүргүүлсэн, ийнхүү шаардлага ирснээс хойш 2019 оны 11 дүгээр сарын 11 болон 12 дугаар сарын 23-ны өдөр нийт 6,000,000 төгрөгийн төлөлтийг хийсэн байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний эргэн төлөх графикийн дагуу хариуцагч нь тодорхой төлөлтүүдийг хийсэн боловч хуваарьт хугацаанаас хожимдуулах, сар бүр төлөх төлбөрийг тогтсон нэг үнийн дүнгээр бус янз бүр төлөх буюу гэрээгээр хүлээсэн тогтоосон хугацаанд төлбөр төлөх үүргээ хэтрүүлж, зөрчил үүсгэсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь удаа дараа мэдэгдэл өгсөн гэх боловч хэрэгт 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн шаардлага хүргүүлснээс өөр баримт хэрэгт авагдаагүй, баримтаар тогтоогдохгүй байна.

 

Ийнхүү тодорхой төлөлтийг хариуцагч талаас хийсэн боловч нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэрээ цуцалснаас учирсан хохирол шаардсан нэхэмжлэлийг гаргасан байна.

 

2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн эргэн төлөх графикийн дагуу хариуцагч нь эхний төлөлтийг 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төлөхөөр, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах үе буюу 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрт 23,400,000 төгрөгийг төлөхөөс энэ хугацаанд хариуцагч нь 14,000,000 /31,030,000 17,030,000/ төгрөгийг төлж, 9,400,000 төгрөгийн зөрчилтэй буюу ойролцоогоор 5 сарын зөрчил үүсгэсэн байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Д.Хийг гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ заасан хугацаанд биелүүлээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзах эрхтэй юм.

 

Гэвч дээр дурдсан үйл баримтуудаас дүгнэхэд гэрээний үүргийн зөрчил үүссэн боловч нэхэмжлэгчийн шаардлага хүргүүлснээс хойш хариуцагч нь нэхэмжлэгчид 6,000,000 төгрөгийн үндсэн болон хүүгийн төлбөрт төлөлт хийж байсан нь мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд гэрээнээс татгалзаж болохгүй үндэслэлд хамаарч байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч үүргийн ялимгүй зөрчлийн улмаас гэрээ цуцалсан нь үндэслэлгүй байх тул гэрээ цуцалснаас учирсан хохирол шаардах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Д.Х нь Баянзүрх дүүрэг,  тоотын орон сууцыг 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өнөөг хүртэл өөрийн эзэмшил, ашиглалтандаа байлгаж байгаа бөгөөд нэхэмжлэгч нь 2018 оны 8 дугаар сараас 2021 оны 6 дугаар сар дуусталх хугацааг түрээсэлсэн гэж үзэн 1 мкв талбайг 25,000 төгрөгөөр тооцон 1 сарын түрээсийн төлбөрийг 1,152,000 /46,08 мкв х 25,000/ төгрөгөөр тооцохдоо Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2019 онд гаргасан БЗДүүрэг дэх өрөө орон сууц үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан-г үндэслэн тодорхойлсон гэх тайлбарыг гаргаж буй нь үндэслэлгүй байна.

 

Нөгөөтэйгүүр Баянзүрх дүүрэг,  2 өрөө орон сууцыг тухайн цаг хугацаанд 1 сарын 1,152,000 төгрөгөөр түрээслэгддэг болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Д.Х нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан байдаг бөгөөд энэ өдрөө 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан, ийнхүү өөрчлөлт оруулахдаа түрээсийн төлбөр болон бусад зардлын талаар харилцан тохиролцсон боловч Д.Х нь уг гэрээг эсэргүүцсэн тайлбарыг гаргаж, улмаар уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Мөн нэхэмжлэгч нь урамшуулал 227,064 төгрөг, засвар хийх зардал 2,500,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн бөгөөд эдгээр нь баримтаар нотлогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгчийн хувьд гэрээний ялимгүй зөрчилтэй байхад гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байх боловч 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 183 дугаартай Орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа ба гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой болон өөр үндэслэл, шаардлагаар дахин нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй юм.

 

Зохигчид нь 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байх бөгөөд өмнөх гэрээний 4.1.2 дахь заалтыг Хэрэв худалдан авагч нь үүргээ зохих ёсоор, хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд худалдагч тал нь гэрээг цуцалж, гэрээнээс үүдэлтэй хохирлыг шаардана. Энэ тохиолдолд худалдагч тал гэрээ цуцалснаас үүсэх хохирлыг орон сууц хөлсөлсөнд тооцож, хөлсийг 1мкв-ийг 25,000 төгрөгөөр тооцож, мөн тухайн байрыг ашигласны дараах засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг /2,500,000 төгрөг/, нотариат үнэлгээний зардал болон өмгөөлөгчийн хөлс болох үнийн дүнгийн 10 хувь, зуучлагчийн хөлс /гэрээний нийт үнийн дүн 2,2 хувиар тооцно/ зэрэг холбогдох зардлуудыг тооцож урьдчилгаа төлбөрт төлсөн төлбөрөөс суутгаж авна гэж өөрчлөн найруулсан байна. /1хх-40 тал/

 

Ийнхүү дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан өдөр Д.Х нь Б ХХК-ийн захиргаанд ...Миний бие нь тус компанитай орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч гэрээний графикийн дагуу төлбөр төлөгдөөгүйн улмаас 12,500,000 төгрөгийн графикт төлбөр хуримтлагдсан байгаа. Уг төлбөрийг би 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна. Үүнээс хойшхи графикт төлөлтийн төлөх хугацааг цаг хугацаандаа төлж байхаа амлаж байна. Хэрвээ төлөлтөө 1 сараар хугацаа хэтэрч төлбөр төлөөгүй тохиолдолд 99 тоот байрыг гэрээ цуцалж, компанид учирсан хохирлыг бүрэн төлж байрыг хүлээлгэн өгөх болно гэсэн өргөдлийг гаргажээ. /1хх-38 тал/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь хууран мэхэлж дээрх гэрээг байгуулсан гэх агуулгаар сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж, гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардлагаа тодорхойлсон ба шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн явцад уг шаардлагын хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тодорхойлж байна.

 

Дээрх гэрээний агуулга болон Д.Хийн гаргасан өргөдлийн агуулга зэргээс үзэхэд тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хэлцлийг хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгосон буюу дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлд тохирох улсын тэмдэгтийн хураамжид нийт 337,573.3 төгрөг төлөх ёстой байсан ба 407,184 төгрөгийг төлж, 69,610.7 төгрөгийг илүү төлсөн, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамжид 113,932.4 төгрөг төлөх ёстой байсан ба 113,935 төгрөгийг төлж, 2 төгрөг 6 мөнгийг илүү төлсөн байна.

Хариуцагч нь 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд уг гэрээ нь өмнөх 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан байх ба уг гэрээний графикийн дагуу нийт 123,555,168 төгрөг төлөхөөс 31,030,000 төгрөгийг төлж, үлдэгдэл нь 92,525,168 төгрөг байх ба үүнээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцвол 620,576 төгрөгийг төлөх ёстойгоос 570,592 төгрөгийг төлсөн буюу 49,984 төгрөгийг дутуу төлсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д Нэхэмжлэл гаргах үед түүний үнийг шууд тогтооход бэрхшээлтэй байвал шүүгч улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг урьдчилан тогтоож, тухайн хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа шүүхээс тогтоосон нэхэмжлэлийн үнэд тохируулан нөхөн төлүүлэх буюу урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцааж олгоно гэж зааснаар нэхэмжлэгчийн илүү төлсөн 69,613.3 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн дутуу төлсөн 49,984 төгрөгийг хариуцагчаас нөхөн гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй ба мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 225 дугаар зүйлийн 225.4.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Хт холбогдуулан гаргасан орон сууц худалдах-худалдан авах гэрээ цуцалснаас учирсан хохирол 43,047,064 төгрөг гаргуулах, орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, зохигчдын хооронд байгуулагдсан 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 684,336 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 570,592 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 69,613.3 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгож, хариуцагч Д.Хээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 49,984 төгрөг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж, нэхэмжлэгч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 620,576 төгрөгийг гаргуулж, хариуцагч Д.Хт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ