Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 01994

 

 

 

 

 

 

 

 

 

 “Б”ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/02685 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Б”ХХК-ийн хариуцагч Д.Х-т холбогдуулан гаргасан гэрээ цуцалсны улмаас учирсан хохирол 28 071 064 төгрөгийг гаргуулах, орон сууцнаас албадан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Тус компани нь 2018 оны 07 сарын 31-ний өдөр иргэн Д.Х-тэй орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2 өрөө 46.08 м.кв орон сууцыг 113 531 904 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт нийт үнийн дүнгийн 15 хувь болох 17 030 000 төгрөгийг бэлнээр авч үлдэгдэл 96 501 904 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 71 сарын хугацаатай 8 хувийн хүүтэйгээр сар бүр 1 900 000 төгрөг төлөхөөр тохиролцож, төлбөрийг төлж барагдуулсан тохиолдолд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Х-ийн нэр дээр шилжүүлэхээр гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч нь гэрээний үүргээ удаа дараа зөрчиж графикийн дагуу төлбөрөө төлөхгүй компанид хохирол учруулж байна.

Хариуцагч нь гэрээ байгуулсан өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл тус орон сууцанд амьдарч байгаа бөгөөд тус орон сууц нь нэхэмжлэгч компанийн өмч юм. Д.Х- нь гэрээний үүргээ зөрчиж байгаа тул орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээ цуцалсантай холбоотой хохирлоо шаардана гэдгээ удаа дараа мэдэгдсэн.

Иймд 2018 оны 07 сарын 31-ний өдрийн орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалсантай холбоотой хохирол 28 071 064 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, Баянзүрх дүүргийн 14-р хороо, Аман хуур 1 хотхон, 40-р байр, 99 тоот орон сууцнаас хариуцагчийг албадан гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч 2020 оны 03 сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б”ХХК-тай 21 884 000 төгрөг өгч авах асуудалтай байгаа. “Б”ХХК-тай тохиролцож 21 884 000 төгрөгийг 2020 оны 05 сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар тохиролцсон гэжээ.

 

Хариуцагч 2020 оны 05 сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийг гардан авахаас өмнө нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Золзаяатай уулзсан. Өмгөөлөгч Д.Золзаяа 2020 оны 03 сарын 25-ны өдөр гарган өгсөн хариу тайлбарыг яаж бичиж өгөх ерөнхий утгыг надад зөвлөсөн бөгөөд “хэрвээ ийм утгатай тайлбар өгвөл нэхэмжлэлээ татан авна” гэсэн учир өмгөөлөгчийн надад хэлсэн утга санаатай хариу тайлбарыг бичиж өгсөн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь “нэгэнт нэхэмжлэлээ татан авч байгаа учир гэрээнд нэмэлт өөрчлөлт хийе” гэснээр шүүхэд гаргасан нэхэмжлэл цаашид үргэлжлэхгүй гэж ойлгосон учир нэмэлт өөрчлөлт хийсэн гэрээнд гарын үсэг зурж өгсөн.

Миний бие 2020 оны 04-р сараас Говь-Алтай аймагт ажиллаж байгаа. Энэ ажил 3 жил гаруй хугацаанд үргэлжлэх учир цалин хөлс нэхэмжлэгчийн анх хийсэн гэрээний дагуу төлбөрөө төлөх, дутуу хэмжээнд төлбөрийг нөхөн төлөх боломжтой хэмжээнд хүрнэ гэж бодож байна. Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан хэмжээний хүрээнд тооцон төлөх үүрэгтэйгээ ойлгож байгаа боловч шаардсан хэмжээгээр нь бүрэн төлөх, мөн орон сууцнаас албадан гаргах шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Х-ээс 22 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б”ХХК-д олгож, үлдэх 6 071 064 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Амар хуур 2 хотхон, 40-р байрны 99 тоот орон сууцыг хариуцагч Д.Х-ийн эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407 184 төгрөгөөс илүү төлсөн 69 611 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч “Б”ХХК-д олгож, нэмэгдүүлсэн шаардлагадаа төлсөн 113 935 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Х-ээс нийт 338 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Бэстрэмикон” ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэргийг оролцогчдыг илт ялгаварлан гадуурхаж, хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн. Миний бие Б.Баярмаа нь 2020 оны 07 сарын 20-ны өдөр нэхэмжлэгч талаас гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг гардан авсан бөгөөд уг гардуулсан баримтад 2020 оны 08 сарын 03-ны өдрийн дотор хариу тайлбараа өгч нотлох баримт гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэж оролцох эрхтэй боловч 2020 оны 07 сарын 27-ны өдөр шүүх хуралдааныг хийж хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн.

Мөн нэхэмжлэгч тал 2019 оны 08 сарын 28-ны өдөр хариуцагч Д.Х-т 019/070 дугаар шаардлагыг хүргүүлсэн гэж шүүх дүгнэсэн боловч энэ шаардлагыг хүргүүлсэн, хүлээн авсан тухай баримтгүй байгааг шүүх үндэслэлтэй дүгнээгүй. Мөн хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гаргахад шүүх хүлээн аваагүй.

Анхан шатны шүүх түрээсийн төлбөр гэж 22 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл гэрээнд түрээсийн төлбөр тооцон төлбөр гаргуулах тухай ямар ч заалт байхгүй байхад шүүх санаачилгаараа “1 сарын түрээсийн төлбөрийг талуудын гэрээгээр тохиролцсоны дагуу 2018 оны 09 сарын 05-ны өдрөөс 2019 оны 08 сарын 05-ны өдрийн хооронд сар бүр төлж байсан 1 000 000 төгрөгийн хэмжээнд тооцон 2018 оны 09 сараас 2020 оны 06 сарыг дуустал 22 сарын түрээсийн төлбөрт нийт 22 000 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв” гэсэн нь хууль бус шийдвэр болно. Нэхэмжлэгч түрээсийн төлбөр гэж нэхэмжлээгүй харин учирсан хохирол гэж нэхэмжилсэн байх бөгөөд өөрт учирсан гэх хохирлоо баримтаар нотлоогүй.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.3-т гэрээний үүрэг хэрэгжих хүртэл хугацаанд гэрээ хүчинтэй байхаар заасан заалт нь нэхэмжлэгчийн нэхэмжилж буй заалтуудтай зөрчилдөн гэрээ анхнаасаа зөрчилтэй гэж үзэхээр хийгдсэн гэрээ болохыг шүүх анхаарахгүйгээр зөв зүйтэй дүгнэлт хийхгүйгээр хариуцагчийг албадан гаргах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

 

Нэг. Нэхэмжлэгч “Б”ХХК нь хариуцагч Д.Х-т холбогдуулан гэрээ цуцалсны улмаас учирсан хохирол 21 884 664 төгрөгийг гаргуулах, орон сууцнаас албадан гаргуулах шаардлагыг анх гаргаж /хх 1/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад учирсан хохирол гаргуулах шаардлагаа 6 186 400 төгрөгөөр ихэсгэж /хх 77/, нийт 21 078 064 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Дээрх ихэсгэсэн шаардлагыг шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2020 оны 07 сарын 20-ны өдөр гардуулж, уг шаардлагатай холбоотой хариу тайлбараа 2020 оны 08 сарын 03-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн байна. /1хх 112/

 

Гэвч анхан шатны шүүх хариуцагч талаас нэмэгдүүлсэн шаардлагад хариу тайлбар өгөхөөр тогтоосон хугацаа дуусаагүй байхад буюу 2020 оны 07 сарын 27-ны өдөр шүүх хуралдааныг хийж, маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасан зохицуулалтад нийцээгүй байна.

 

Хоёр. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор талуудын байгуулсан 2018 оны 09 сарын 31-ний өдрийн 183 тоот “Орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах гэрээ” /хх 7-11/, 2020 оны 03 сарын 25-ны өдрийн “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ” /хх 40-42/-г тус тус шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Хариуцагч тал дээрх “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-г хууран мэхэлж хийсэн хэмээн маргаж, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг /хх 69/ шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзан шийдвэрлэжээ. /хх73-75/

 

Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт үндсэн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэхээр зохицуулсан байх боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хариуцагч маргаж сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд түүнийг хүлээн авахгүйгээр маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

 

Гурав. Анхан шатны шүүх гэрээг цуцалсан нь үндэслэлтэй хэмээн дүгнэж, хариуцагчаас 22 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийг орон сууцнаас албадан гаргуулахаар шийдвэрлэсэн байх боловч хариуцагчийн зүгээс гэрээний төлбөрт төлсөн гэх 31 030 000 төгрөгийг хэрхэх талаар дүгнээгүй орхигдуулсан байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэсэн боловч энэхүү магадлал нь хариуцагч талын шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэх, шүүх хуралдааны товыг лавлах үүргээ хэрэгжүүлдэггүй, шүүх хуралдаанд оролцох эрхээ хэрэгжүүлээгүй атлаа үндэслэлгүйгээр хойшлуулах хүсэлт гаргадаг үйлдлийг зөвтгөөгүй болохыг тайлбарлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/02685 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 сарын 20-ны өдөр төлсөн 338 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                     

                                                    ШҮҮГЧИД                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                     Д.НЯМБАЗАР