Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2022/0977

 

 

 

 

 

   

 

 2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2022/0977

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны хоёрдугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Гомдол гаргагч: И******* ХХК

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н******** , С.М***** , Б.Б******;

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч С.Г********** ;

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М******** , У.Х********;

Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч С.Г********** ийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 0002282 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******** , С.М***** , өмгөөлөгч Б.Б******, хариуцагч С.Г********** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******** , У.Х******** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдол гаргагч И******* ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч С.Г********** ийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 0002282 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-аар гомдол гаргаж байна.

2.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч С.Г********** нь тус газрын агентлагийн даргын 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 01/14 дугаартай удирдамжийн дагуу цементийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа, цементийн үнийн өсөлт нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэхэд 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хяналт шалгалт хийхэд зах, худалдааны төвүүдэд цементийн хомсдол үүсэж, цементийн нийлүүлэлт эрс багассан хугацаанд У**** ХНН-ийн АБТЭМА-44-д цемент хүлээн авсан М****************** ХХК, М********* ХХК-ийн гэрээт борлуулагч нийт 15 аж ахуй эрхлэгчид холбогдуулан дээрх хугацаанд цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоох гэрээ, хэлцэл (картель) байгуулсан байж болзошгүй, хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байж болзошгүй зөрчилд 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

3.Хариуцагч С.Г********** нь 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, гомдол гаргагч И******* ХХК 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд хандсан байна.

4. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0002282 тоот шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. Үүнд:

4.1. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөө, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан зохицуулалтын урьдач нөхцөл нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно гээд 12.1.10 дахь хэсэгт хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх гэсэн нөхцөл бүрдсэн эсэхийг эрх бүхий тэгээд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шалган тогтоох шаардлагатай байсан гэж;

4.2.Аливаа зөрчилд хохирогч тогтоогдож хохирлыг тооцон гаргадаг, мөн хохирлын тооцоог гаргахдаа хуульд заасан эрх, үүргийнхээ хүрээнд эрх бүхий албан тушаалтан нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй байсан талаар;

4.3.Хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх, зөрчил болон өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн байдлыг тогтоогоогүй, цементийн үнийг зохиомлоор хөөрөгдсөн гэх зөрчил нь хуулийн дээрх зохицуулалт хамаарахгүй гэж;

4.4.Ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг төрөөс хүчээр тогтоох гэж оролдох, улмаар хуулийн албадлагын арга хэмжээ авч байгаа нь зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн үндсэн дээр үнэ тогтдог чөлөөт эдийн засгийн зарчимд огт нийцэхгүй гэжээ.

 

5. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

И******* ХХК нь барилгын материалын худалдаа, автомашинаар ачаа тээвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж бөгөөд манай компанид Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002282 дугаартай шийтгэх хуудсаар хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль оногдуулсан.

Ингэхдээ биднийг 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэх үндэслэлээр торгууль оногдуулсан.

Гэвч хариуцагчаас шийтгэлийн хуудаст баримталсан Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан "хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан зохицуулалтын урьдач нөхцөл нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан "Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гээд 12.1.10 дах хэсэгт "хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх гэсэн нөхцөл бүрдсэн эсэхийг эрх бүхий этгээд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шалган тогтоох шаардлагатай.

Аливаа зөрчилд хохирогч тогтоогдож хохирлыг тооцон гаргадаг, мөн хохирлын тооцоог гаргахдаа хуульд заасан эрх, үүргийнхээ хүрээнд эрх бүхий албан тушаалтан нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ" гэж заасан.

Гэтэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2022 оны 09 дүгээр 01-ний өдрийн 0002282 дугаартай шийтгэлийн хуудаст хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх зөрчил болон өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн байдлыг тогтоогоогүй, цементийн үнийг зохиомлоор хөөрөгдсөн гэх зөрчил нь хуулийн энэхүү зохицуулалтад хамааралгүй юм.

Учир нь, манай "И********" ХХК нь цементийн үйлдвэрлэгч биш бөгөөд зах зээлд давамгай байдал үүсгээгүйн зэрэгцээ мөн бусадтай үгсэн хуйвалдаж үнэ тогтоож картель үүсгэх угаас боломжгүй жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж юм.

Манай компани нь цемент хүлээн авах, ачиж буулгах зардал, тээврийн зардал, ажиллах хүч, түлш шатахууны зардал, олох боломжтой ашиг зэргийг тооцон үзсэний үндсэн цементийн үнийг өөрсдөө тогтоож борлуулсан нь хэрэглэгчийн эрхийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг ингэж төрөөс хүчээр тогтоох гэж оролдох, улмаар ийм зорилгоор хуулийн албадлагын арга хэмжээ авч байгаа зах зээлийн эрэлт нь нийлүүлэлтийн үндсэн дээр үнэ тогтдог чөлөөт эдийн засгийн зарчимд огт нийцэхгүй.

Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагчийн 2022 оны 09-р сарын 01-ний өдрийн 0002282 дугаартай шийтгэлийн хуудсыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д "захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах", мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт, хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох" гэж заасныг үндэслэн хүчингүй болгож өгнө үү гэв.

 

6.Хариуцагч С.Г********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Агентлагийн даргын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/14 дугаартай удирдамжийн дагуу цементийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа, цементийн үнийн өсөлт нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэхэд 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасныг удирдлага болгон зах, худалдааны төвүүдэд цементийн хомсдол үүсэж, цементийн нийлүүлэлт эрс багассан цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл (картель) байгуулсан байж болзошгүй, хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байж болзошгүй зөрчилд 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 2202000204 дугаартай зөрчлийн хэрэг нээж зөрчил шалгах ажиллагааг явуулахад "Г*******", "44", Б******** дүүрэгт байрлах "Ц***", 000 зэрэг зах, худалдааны төвүүдэд "М********* " ХХК, "М****************** " ХХК-ийн цементийн үнэ 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нэмэгдсэн.

Мөн дотоодын цемент үйлдвэрлэгч аж ахуй эрхлэгчид нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 12-ны өдрүүдэд түүхий эдийн үнэ, тээврийн зардал өссөнөөс шалтгаалан цементийн үнийг нэмэгдүүлснээс хойш 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар цементийн үнэд өөрчлөлт оруулаагүй.

Зах зээлийн дийлэнх хувийг эзэлдэг "М****************** " ХХК, "М********* " ХХК-ийн БНХАУ-аас импортоор оруулж ирдэг цементийн уутны нийлүүлэлт 2022 оны 06 дугаар сард тасалдсан, "М****************** " ХХК-ийн хувьд У**** ХНН-тай цемент вагонд ачих төлөвлөгөөт гэрээний гүйцэтгэл хангалтгүй, хагас вагоны хангалт багассанаас шалтгаалан 44 зах дахь цементийн нийлүүлэлт 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрүүдэд тасалдаж, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн цементийн нийлүүлэлт эрс багассан.

Түүнчлэн зах, худалдааны төвүүдэд цементийн хомсдол үүсэж, цементийн нийлүүлэлт эрс багассан хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд "М****************** " ХХК, "М********* " ХХК-ийн гэрээт борлуулагч "И********" ХХК нь У**** ХНН-ийн АБТЭМА-44-д 330 тн цемент хүлээн авсан.

"И********" ХХК нь "М****************** ХХК-иас 1 тонн цементийг 275,500 төгрөгөөр, М********* ХХК-иас 1 тонн цементийг 260,600 төгрөгөөр худалдан авах гэрээтэй болох нь тогтоогдсон. Дотоодын цемент үйлдвэрлэгч аж ахуй эрхлэгчдээс цементийн үнэд өөрчлөлт оруулаагүй, тээврийн зардал /вагон/ болон бусад зардал өсөөгүй байхад "И********" ХХК нь *************** дүүрэгт байрлах барилгын материалын "44" захад цементийн нийлүүлэлт эрс багассан, хомсдол үүссэн нөхцөл байдлыг ашиглан 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 16-ны өдрүүдэд 1 тонн тутамд 340,000 төгрөгөөр худалдан борлуулж байсан цементийг 06 дугаар сарын 20-ны өдрөөс 430,000 төгрөг болгон цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн худалдан борлуулж хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн болох нь тус компанийн депозит данс, "И******* ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С***** овогтой М******** депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлээр тус тус нотлогдон тогтоогдсон.

Дээрх зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар И******* ХХК нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасныг зөрчиж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон тул тус компанид Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 002282 дугаартай шийтгэлийн хуудас нь үндэслэлтэй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу "И******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, гомдол гаргагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Анх Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/14 дүгээр Хяналт шалгалтын удирдамжийн дагуу цемент худалдан борлуулж буй аж ахуйн эрхлэгчдийн үйл ажиллагаа, цементийн үнийн өсөлт нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийхэд цементийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа, цементийн үнийн өсөлт нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэхэд 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хяналт шалгалт хийхэд зах, худалдааны төвүүдэд цементийн хомсдол үүсэж, цементийн нийлүүлэлт эрс багассан хугацаанд У**** ХНН-ийн АБТЭМА-44-д цемент хүлээн авсан М****************** ХХК, М********* ХХК-ийн гэрээт борлуулагч нийт 15 аж ахуй эрхлэгчид холбогдуулан дээрх хугацаанд цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрч, үүний дагуу улсын ахлах байцаагч С.Г********** Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу зөрчлийн хэрэг нээсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн тогтоол, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Хяналт шалгалтын удирдамж зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

3.Зөрчлийн хэргээс үзвэл хариуцагч улсын байцаагч нь Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3, 4.13 дугаар зүйлд заасны дагуу Хаан банк ХХК-аас 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 29/5090 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн И******* ХХК-ийн Хаан банкны 00000000000 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийхэд 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 06 дугаар сарын 20-ны өдрүүдэд цементийг 1 тн тутамд 260,000-350,000 төгрөгөөр, 06 дугаар сарын 21-ээс 07 дугаар сарын 08-ны өдрүүдэд цементийг 1 тн тутам 320,000-450,000 төгрөгөөр тус тус, мөн И******* ХХК-ийн Хас банкны 00000000 дугаартай дансанд үзлэг хийхэд 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1 тн тутамд 420,000 төгрөгөөр цемент худалдсан болох нь тогтоогджээ.

Харин И******* ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С****** овогтой М******-н Хаан банкны 0000000000 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийхэд 2022 оны 06 дугаар сарын 14-ны өдрөөс 06 дугаар сарын 16-ны өдрүүдэд цементийг 1 тн тутамд 340,000 төгрөгөөр, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 07 дугаар сарын 06-ны өдөр цементийг 1 тн тутам 420,000-450,000 төгрөг буюу тээвэр, НӨАТ орсон үнээр тус тус худалдан борлуулсан нь депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон холбогдогчоос авсан мэдүүлэг зэргээр нотлогдоно.

Зах, худалдааны төвүүдэд цементийн хомсдол үүсэж, цементийн нийлүүлэлт эрх багассан хугацаанд М****************** ХХК, М********* ХХК-ийн гэрээт борлуулагч нийт 15 аж ахуй эрхлэгчид цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоох гэрээ, хэлцэл (картель) байгуулсан байж болзошгүй, хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байж байж болзошгүй зөрчилд буюу эрэлт ихсэж, нийлүүлэлт багассан үед хяналт шалгалт хийх нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын эрх хэмжээ, үүрэг мөн бөгөөд Өрсөлдөөний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2, 22.1.3-т аж ахуй эрхлэгч, байгууллага, иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэл, өөрийн санаачилгаар гэж заасныг, түүнчлэн Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3, 4.13-т тус тус заасныг зөрчөөгүй байна.

 

5.Өрсөлдөөний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т зааснаар Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалтыг өөрийн санаачилгаар эсхүл хуульд заасан бусад үндэслэлээр явуулах ба эрэлт ихсэж, нийлүүлэлт багассан үед өрсөлдөөнийг хязгаарлах, хэрэглэгчийг хохироох худалдааны арга хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдалд зөрчил шалгах ажиллагаа явуулах үндэслэл болох тул эрх бүхий албан тушаалтны нотлох баримт, цуглуулан зөрчил үйлдэгдсэн эсэхийг шалгаж тогтоох зорилгоор зөрчлийн хэрэг нээсэн нь үндэслэлтэй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа холбогдох хууль, тогтоомжийн дагуу явагдсан байна.

6.Иймд дээрх үндэслэлүүдээр И******* ХХК-нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасныг зөрчиж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан болохыг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу шийтгэл ногдуулсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0002282 тоот шийтгэлийн хуудас хууль ёсны бөгөөд гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх заалтад заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч И******* ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч С.Г********** т холбогдуулан гаргасан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч С.Г********** ийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 0002282 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн дүгээр 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ