Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2023/0082

 

 

 

 

 

 

И ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н

Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч С.Г-н 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002282 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 977 дугаар шийдвэр

Гомдол гаргагч: “И ” ХХК

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын улсын байцаагч С.Г

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагч И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, С.М, өмгөөлөгч Б.Б

Хариуцагч С.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, У.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2022/0827/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч “И ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч С.Г-ийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн  0002282 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.   

2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 977 дугаар шийдвэрээр Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “И ” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч С.Г т холбогдуулан гаргасан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч С.Г ийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002282 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3.1. ...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Учир нь, анхан шатны шүүхийн шийдвэрт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хяналт шалгалт явуулах эрх хэмжээг Өрсөлдөөний тухай хуулиар олгосон учраас хяналт шалгалт үндэслэлтэй явагдсан гэдгээс өөр дүгнэлтийг шүүхээс хийгээгүй нь учир дутагдалтай байна. Хэдийгээр хяналт шалгалтын ажиллагаа явуулах эрхийг хуулиар олгосон ч “И ” ХХК-д шийтгэл оногдуулах үндэслэлтэй байсан эсэх оногдуулсан шийтгэл нь хуулийн хүрээнд үндэслэлтэй тавигдсан эсэхэд шүүх дүгнэлт өгөөгүй.

3.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10 дахь хэсэгт заасан “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” хуулийн заалтыг тайлбарлаж, “И ” ХХК нь хэрэглэгчдийг хууль бусаар хохироосон эсэхийг хянаж шийдвэрлээгүй. Хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх гэдэг нь хууль, хууль тогтоомж, эсхүл хэм хэмжээний акт зөрчиж хууль бус үйл ажиллагаа явуулах, энэхүү хууль бус ажиллагааны улмаас хохирсон хэрэглэгчтэй байхыг шаардах юм. Гэтэл бидний хувьд ямар нэгэн хууль хэм хэмжээний акт зөрчсөн зүйл байхгүй төдийгүй бусадтай хүсэл зоригийн илэрхийлэл нэгдэж хувийн эрх зүйн худалдах худалдан авах гэрээг байгуулан бусдад цемент зарсан байдаг бөгөөд хэрэв тухайн этгээдэд хохиролтой бол бидэнтэй тохиролцож, цемент худалдаж авахгүй байсан нь тодорхой. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас торгууль оногдуулсан үндэслэлээ тайлбарлахдаа биднийг “хэт өндөр үнэ тогтоож хэрэглэгчийг хууль бусаар хохироосон” гэж үзсэн буюу “И ” ХХК-ийн Хаан банкны 5429292648 дугаартай данс болон гүйцэтгэх захирал С.М-н Хаан банкны 5429104270 дугаартай дансанд хийсэн үзлэгээр 275.600 төгрөгөөр авсан цементээ 2022 оны 06 дугаар сарын 11-нээс 06 дугаар сарын 20-ны өдрүүдэд 1 тн цементийг 260.000-350.000 төгрөгөөр, 6 дугаар сарын 21-нээс 07 дугаар сарын 08-ны өдрүүдэд 1 тн цементийг 320.000-420.000 төгрөгөөр худалдсан нь хэт өндөр үнэ гэж үзсэн.

3.3. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар “М ” ХХК-ийн үйлдвэрийн үнэ 2022 оны 06 дугаар сарын 22-ноос өсөж задгай цементийн үнэ 310.600 төгрөг болсон байдаг. Мөн анхан шатны шүүхээс дүгнэхдээ “...энэ үнэд тээвэр, НӨАТ орсон үнээр худалдан борлуулсан нь нотлогдож байна...” гэж дүгнэсэн нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор судлалгүйгээр шийдвэрлэсэн. Бидний хувьд 330 тонн цементийг Дорноговь аймгийн Д, Өргөн сумдаас нааш нь тээвэрлэх вагон тээврийн зардал, Улаанбаатарт вагонаар бууснаас эхлэн нааш цааш нь зөөвөрлөх бүрт тээврийн зардал, ачиж буулгах хөлс, хадгалж буй газрын агуулахын төлбөр, саравчны төлбөр, ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл, Улаанбаатар хот доторх хүргэлтийн хөлсийг авч өөрсдөө хүргэлт хийж өгдөг, жишээлбэл худалдан авагч Улаанбаатар хот дотор төдийгүй орон нутагт өөрсдийн барилга барьж буй талбайд хүргэлт хийлгэх сонирхолтой байдаг. Худалдан авагчид нь цементний үнийн хамт хүргэлтийн хөлсийг хамтад нь шилжүүлэхээс биш тусад нь дахин хүргэлт гэж салгаж шилжүүлдэггүй, энэ нь ч дансны хуулгаас тодорхой харагдах юм. Үүнийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ч, шүүхийн шатанд ч анхаарч үзэлгүй шийдвэр гаргасан. Аж ахуй эрхлэхэд олон төрлийн зардал гарч байгаа нь хэт өндөр үнэ тогтоосон зөрчилд тооцогдохгүй юм. Анхан шатны шүүх хуралдааны явцад ч бидний зүгээс хариуцагч талаас хууль бус худалдааны арга гэдэг нь ямар хууль хэм хэмжээ зөрчиж байгаа болох, хэт өндөр үнэ гэж хэдэн төгрөг болох, үндэслэлтэй нэмэгдүүлэх үндэслэлгүй нэмэгдүүлснийг яаж тогтоож байгааг асуусан боловч хариуцагчаас ямар хэм хэмжээ зөрчиж байгаа болохоо тайлбарлахгүй, үнийг 1 түвшинд барихыг оролдоогүй зэргээр өөрийн байр суурь, татгалзлаа үгүйсгэж зөрчилтэй байр суурь илэрхийлсэн болно.

3.4. 44 барилгын зах дээр 13 саравчийг 22 аж ахуй нэгж түрээсэлдэг бөгөөд хавтаст хэрэгт авагдсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Цементийн үнэд хийсэн хяналт шалгалтын танилцуулгад 44, Цайз, Гурвалжин, 100 айл зэрэг Улаанбаатар хот доторх томоохон барилгын материалын захуудад 2022 оны 06 дугаар сарын 11-нээс 26-ны өдрүүдэд үнийн өсөлт явагдаж цементийн хомсдол үүссэн талаар мэдээллийг тусгасан байдаг. Энэ нь уутны хомсдолоос үүдэн үйлдвэрээс цемент үйлдвэрлэгдэж гарахгүй удсан, төмөр замын эргэлт удааширснаас үүдэн цементийн хомсдол үүсэхэд нөлөөлсөн. Энэ байдлыг ч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас олж тогтоосон байдаг төдийгүй хавтаст хэрэгт авагдсан “Монцемент билдинг материалс” ХХК, “М ” ХХК болон УБТЗ ХХН-ийн Мэдээлэл хүргүүлэх тухай албан тоотуудаас тодорхой харагддаг. Гэтэл Улаанбаатар хот даяар цементний үнэ өссөн байдалтай байхад анхан шатны шүүх үүн дээр дүгнэлт хийгээгүй. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 22 аж ахуй нэгжийг бүгдийг нь шалгасан хэрнээ 6 аж ахуйн нэгж л тухайн үед, шалгалт хийсэн хугацаанд улс орон даяар цементний үнэ хөөрөгдсөн мэт болгож торгууль оногдуулж байгаа нь үндэслэлгүй, шударга бус шийдвэр юм.

3.5. Өрсөлдөөний тухай хуулинд зааснаар үзвэл шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь зах зээлд дараах байдлаар хяналт тавих зохицуулалттай байна. Үүнд: Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй нэгж давамгай байдлаа хууль бусаар ашиглаж буй эсэх, аж ахуй эрхлэгчид хоорондоо картель байгуулах зэрэг асуудалд хяналт тавих чиг үүрэгтэй байна. Тэгвэл зах зээл дээрх үнэ тогтоох процесст хэрхэн оролцох талаар Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлд өрсөлдөөнийг хязгаарлахыг хориглох Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын чиг үүргийг тусгасан байх бөгөөд 13.2.4 дэх хэсэгт “Бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахад, эсхүл нэг хэмжээнд барихад чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан байдаг. Гэтэл шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас энэхүү хуульд заасан чиг үүргээ зөрчиж акт тавьж байна.

3.6. 1992 оны Үндсэн хуулиар бид “дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна” гэж тунхаглаж чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэн. 2002 оны Монгол Улсын Иргэний хуулийн 25.2 дах хэсэгт “компани нь ашиг олох зорилготой ашгийн төлөө хуулийн этгээд байна" гэж томьёолсон байдаг. Гэтэл төрийн байгууллага болох шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон анхан шатны шүүхээс нийлүүлэлт багасаж, эрэлт ихэссэн бол үнэ өсдөг, нийлүүлэлт ихсэж эрэлт багассан бол үнэ буурдаг чөлөөт зах зээлийн зүй тогтлыг ойлголгүй ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж буй компанийн бизнесийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, цементийг хэдэн төгрөгөөр зарсан, зарсан мөнгөн дүн нь үндэслэлтэй байсан эсэх тухайд шүүхээс дүгнэлт хийгээд сууж буйд харамсаж байгаа төдийгүй хэрэв энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр хэвээр үлдвэл төрийн байгууллагаас хэдийд ч аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагаанд оролцох, үнэ тогтоох процесст оролцож эхлэх юм.

3.7. “И ” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын зардлын задаргааг шүүхэд баримтаар хүргүүлсэн байх бөгөөд уг баримтаар бидний хувьд тухайн сард олсон орлогоосоо зардал өндөр, алдагдалтай ажилласан байсан. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар “...хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсан нь хэрэв бидний олсон 7.987.724 төгрөг (байгууллагын тухайн сарын зардал цемент худалдан авсан үнэ, тээвэрлэлт, ажлын хөлс, үйл ажиллагааны зардлууд 25 сая төгрөг байсан) хууль бус орлого бол шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хураах, хэрэглэгчид учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулах санкцтай байна. Гэтэл биднийг зөвхөн хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон нь энэхүү зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хэлбэрийн төдий явагдсаныг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас энэ үүргээ биелүүлээгүйг нотлон харуулж байна. Энэхүү торгууль оногдуулсан хуулийн заалтад анхан шатны шүүхээс дүгнэлт хийж, торгууль оногдуулсан нь үндэслэлтэй байсан эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

3.8. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.1.2 дахь хэсэгт зааснаар Нийслэл дэх анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 977 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

4. Хариуцагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

2.1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас агентлагийн даргын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/14 дугаартай удирдамжийн дагуу “цементийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа, цементийн үнийн өсөлт нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэхэд ...хяналт шалгалтыг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны хооронд хийж гүйцэтгэхээр зааж, хариуцагч уг удирдамжийн хүрээнд хяналт шалгалтыг хийжээ.

2.2. Хавтаст хэрэгт авагдсан 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Цементийн үнийн өсөлтөд хийсэн хяналт шалгалтын танилцуулгад “...Зах худалдааны төвүүдэд цементнийн хомсдол үүсэж, цементийн нийлүүлэлт эрс багассан хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд “Мо” ХХК, “М” ХХК-ийн гэрээт борлуулагч “И ” ХХК нь УБТЗ ХНН-ийн АБТЭМА-44-д 330 тн цемент хүлээн авсан байна. “И ” ХХК нь “Монцемент билдинг материалс” ХХК-иас 1 тонн цементийг 275.500 төгрөгөөр, “М ” ХХК-иас 1 тонн цементийг 260.600 төгрөгөөр худалдан авсан бөгөөд Сонгинохайрхан дүүрэгт байрлах барилгын материалын “44” захад 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 16-ны өдрүүдэд 1 тонн тутамд 340.000 төгрөгөөр, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1 тонн цементийг 430.000 төгрөг болгон нэмэгдүүлсэн үнээр худалдан борлуулж, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т “заасныг зөрчиж хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй, цементийн үнийг хэлэлцэн тогтоох гэрээ, хэлцэл, /картель/ байгуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна” гэж үзсэний улмаас уг зөрчилд 2022 оны 07 дугаар сарын 06-ний өдөр 2202000204 дугаартай зөрчлийн хэрэг нээж шалгах ажиллагааг явуулсан гэж тэмдэглэгдсэн байна.

2.3 Улмаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын Улсын ахлах байцаагч С.Г  нь “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан” гэх үндэслэлээр 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 0002282 дугаартай шийтгэлийн хуудсаар “И ” ХХК-д 20.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргагч “И ” ХХК “...хэт өндөр үнэ тогтоож хэрэглэгчийг хууль бусаар хохироосон” гэж үзэж “И ” ХХК-ийн Хаан банкны 5429292648 дугаартай данс болон гүйцэтгэх захирал С.М гийн Хаан банкны 5429104270 дугаартай дансанд хийсэн үзлэгээр 275.600 төгрөгөөр авсан цементээ 2022 оны 06 дугаар сарын 11-нээс 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 1 тн цементийг 260.000-350.000 төгрөгөөр, 06 дугаар сарын 21-нээс 07 дугаар сарын 08-ны өдрүүдэд 1 тн цементийг 320.000-420.000 төгрөгөөр худалдсан нь хэт өндөр үнэ гэж үзсэн. Гэтэл “М ” ХХК-ийн үйлдвэрийн үнэ 2022 оны 06 дугаар сарын 22-ноос задгай цементийн үнэ 310.600 төгрөг болсон байдаг. Бидний хувьд 330 тн цементийг Дорноговь аймгийн Д, Өргөн сумдаас нааш нь тээвэрлэх вагон тээврийн зардал, ачиж буулгах хөлс, хадгалж буй газрын агуулахын төлбөр, саравчны төлбөр, ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл, Улаанбаатар хот доторх хүргэлтийн хөлсийг авч өөрсдийн барилга барьж буй талбайд хүргэлт хийлгэх сонирхолтой байдаг. Худалдан авагч нь хүргэлтийн үнийг цемент худалдан авсан үнэтэй хамт шилжүүлдэг болохоос тусад нь шилжүүлдэггүй. Хариуцагч эдгээр нөхцөл байдлыг нарийн шалгаж тогтоолгүйгээр шийтгэл ногдуулсан нь хуульд нийцэхгүй....” хэмээн гомдол гарган маргасан байна.

2.4. Хариуцагч “И” ХХК нь Сонгинохайрхан дүүрэгт байрлах барилгын материалын 44 захад цементийн нийлүүлэлт эрс багассан, хомсдол үүссэн нөхцөл байдлыг ашиглан 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 06 дугаар сарын 20-ны өдрүүдэд 1 тн тутамд 260.000-350.000 төгрөгөөр, 06 дугаар сарын 21-нээс 07 дугаар сарын 08-ны өдрүүдэд 1 тн тутам 320.000-450.000 төгрөгөөр тус тус, мөн “И ” ХХК-ийн дансанд Хаан банкны 5001632630 дугаартай дансанд үзлэг хийхэд 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1 тн тутамд 420.000 төгрөгөөр, Сергей овогтой М гийн Хаан банкны 5429104270 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийхэд 2022 оны 06 дугаар сарын 14-ны өдрөөс 06 дугаар сарын 16-ны өдрүүдэд цементийг 1 тн тутамд 340.000 төгрөгөөр, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 07 дугаар сарын 06-ны өдөр цементийг 1 тн тутам 420.000-450.000 төгрөгөөр буюу тээвэр, НӨАТ орсон үнээр тус тус худалдан борлуулсан нь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдсон тул Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасныг зөрчиж хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан...” гэж тайлбарласан байна.

2.5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн маргаж буй асуудалд эрх зүйн дүгнэлт өгөлгүйгээр маргаагүй асуудлаар буюу хяналт шалгалт явуулах эрхтэй эсэх талаар дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

2.6. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-т “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж, 12 дугаар зүйлийн 12.1.10-т “...хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэж, Зөрчлийн тухай хуулийн 10.7-дугаар зүйлийн 4.7-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан байна.

2.7. Уг хуулийн зохицуулалтаас үзэхэд Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйл нь аж ахуй эрхлэгчээс өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглосон үйлдэл, эс үйлдэхүйг тодорхой зааж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох арга хэрэгслийг хориглосон, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйл нь Өрсөлдөөний тухай хуульд заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, зөрчсөн, иргэн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах асуудлыг зохицуулжээ.

2.8. Гэтэл хариуцагчийн гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002282 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа гомдол гаргагч “И ” ХХК нь хэрэглэгчийн эрхийг ямар аргаар хохироосон, хууль бусаар ямар хэмжээний ашиг, орлого олсон, нийт учруулсан хохирол төлбөр, хуулийн этгээд , иргэний аль нь тухайн зөрчлийг гаргасан эсэхийг тогтоолгүйгээр “И ” ХХК-ийн Хаан банкны 5429292648 дугаартай депозит данс, “И ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С овогтой М гийн Хаан банкны 5429104270 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлээр зөрчил үйлдсэн гэдэг нь тогтоогдсон гэж үзэж байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ” гэж, мөн зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан, прокурор нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримтыг гаргуулан авч болно”, 4.15 дугаар зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, гэж, 7.1 дүгээр зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна”, 7.1 дүгээр зүйлийн 1.1-т “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

2.9. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, маргааны үйл баримтанд үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй, холбогдох хуулийг зөв тайлбарлалгүй гомдол гаргагч “И ” ХХК-ийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002282 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 977 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэг, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, мөн зүйлийн 1.1-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч И ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч С.Г-ийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002282 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.    

  

 

 

 

ШҮҮГЧ                                          Т.ЭНХМАА

 

ШҮҮГЧ                                          А.САРАНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                               О.ОЮУНГЭРЭЛ