Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2022/01555

 

 

 

 

 

2022 04 06

101/ШШ2022/01555

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: К нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Б

 

Хамтран хариуцагч: Б.Лнарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 15,573,750 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Бын нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтанцэцэг,

Хариуцагч Б.Лын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дашдулам,

Хариуцагч Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цацрал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч К, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

БНСУ-ын иргэн К нь Монгол Улсад Х ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд уг компани Сүнжин гранд зочид буудлын өрөөг түрээслэн оффислож байсан бөгөөд Б.Б нь Солонгос аавтай ба Солонгос хэлээр чөлөөтэй ярьж бичдэг, зочид буудалд менежер орчуулагчийн ажил эрхэлдэг байсан. Б.Б нь өмгөөлөгч бөгөөд өмгөөлөгчийн албан ажлын өрөө нээж ажиллуулах хүсэлтэй байгаа тул мөнгөний шаардлагатай байна мөнгө зээлээч гээд 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 28-нд 2,000,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 30-нд Солонгос мөнгөөр 170,000 вон буюу Монгол мөнгөнд гуйвуулахад 382,500 төгрөг, нийт 10,382,500 төгрөгийг авч, 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр буцааж төлөх ёстой байсан боловч төлөхгүй байсаар 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэрээг бичгээр хийж эцсийн хугацаа 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр төлөхгүй бол хоног тутамд 0,3 хувийн алданги төлөхөөр гэрээ байгуулсан болно.

Хариуцагч Б.Баас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,573,750 төгрөгийн нэхэмжлэл гаргаснаар хариуцагч Б.Лаас 8,000,000 төгрөгийг, хариуцагч Б.Баас 7,573,750 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Хариуцагч Б.Лын дансанд мөнгө шилжүүлэхдээ зээл гэж 8,000,000 төгрөгийг шилжүүлсэнийг Б.Л мэдэж байсан бөгөөд уг 8,000,000 төгрөгийг удаа дараа нэхэхэд наад мөнгийг чинь Б.Б хэрэглэсэн Б.Баас ав гэдэг байсан. К нь Солонгос улс руу 2021 оны 8 дугаар сард Монголоос яван явтлаа Б.Б болон Б.Л нартай уулзаж байсан бөгөөд зээлсэн мөнгөө авъя, явах болоод байна гэхэд өгнө өгнө гэсээр явуулсан учраас явах өдрийн өмнө надад итгэмжлэл хийж өгсөн болно. Хариуцагч Б.Лын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дашдулам яван явтлаа уулзаж байсныг хүлээн зөвшөөрч мэдүүлж байсан болно.

Иймд хариуцагч Б.Баас 7,573,750 төгрөгийг, хариуцагч Б.Лаас 8,000,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад Б.Баас үндсэн зээл 2,382,500 төгрөг, үүний алданги 1,191,250 төгрөг, нийт 3,573,750 төгрөгийг хариуцагч Б.Баас гаргуулж, хариуцагч Б.Лаас үндсэн зээл 8,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цацрал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Б нь Сүнжин гранд зочид буудлын ерөнхий менежерийн ажил эрхэлдэг бөгөөд шаардлагатай тохиолдолд Солонгос хэлний орчуулагч хийдэг байсан. Хотгор шанага ХХК нь Сүнжин гранд зочид буудалд 2010-2018 он хүртэл оффислож ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд К, Б.Б нар нь бие биенийгээ мэддэг найз нөхөд болсон найз нөхдийн хүрээнд бие биедээ хэрэгтэй үед мөнгө төгрөгийн өгөө аваатай туслалцаа харилцаатай явдаг байсан. Хотгор шанага ХХК нь Солонгос улсын Засгийн газрын хөрөнгө оруулалттай Korean Mongolia Energy хувь эзэмшдэг компани бөгөөд уг Солонгос улс дахь Korean Mongolia Energy руугаа зардлын тайлан, санхүүгийн тайлан илгээж явуулдаг тэрэнд хэрэгтэй байна гэж хэлэн Б.Быг гарын үсэг зураад өгөөч гэж гуйсан болохоор нь гарын үсгээ зурсан байдаг. Б.Б нь юун дээр гарын үсгээ зурж байгаагаа мэдээгүй, найз нөхдийн харилцаатай учраас тусалж байна л гэж бодсон байдаг. Б.Б мөнгө авсан нь үнэн, зээлээч гэж хэлж зээлж аваагүй юм. Уг мөнгийг шилжүүлж Б.Бд өгөхдөө яах гэж зээл гэж бичиж хийснийг огт ойлгохгүй хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. К-гийн томилолтын хугацаа нь дуусч Солонгос руу явахдаа хүртэл зүв зүгээр найз нөхдийн харилцаатай байсан бөгөөд Солонгос явсаны дараагаас шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар Б.Б нь К руу залгасан боловч утсаа аваагүй ямар ч холбоо барихгүй болсон. Б.Бын гарын үсэг зурсан зээлийн гэх гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ юм. Хоёр талууд харилцан тэгш эрхтэйгээр хүсэл зоригоо харилцан илэрхийлж байж зээлийн гэрээ байгуулагддаг. /Иргэний хуулийн 56.1.2, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлий 59.1/ Б.Б К хоёрын хооронд харилцан хүсэлт зоригоо илэрхийлэгдэж гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй байна. Зээлийн гэрээний үүрэг үүсэхгүй юм.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Л, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дашдулам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Л нь К гэдэг хүнийг танина. Ажилладаг байгууллагаар нь үйлчлүүлдэг, мөн тухайн үед 8,000,000 төгрөгийг данс руу нь хийсэн ба Б.Лын зүгээс зээлж аваагүй. Мөн ямар учраас шүүхэд өгч 8,000,000 төгрөгийг нэхэмжлээд байгааг гайхаж байна. Дансанд нь 8,000,000 төгрөг орж ирснийг мэдээгүй байдаг.

Иймд энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч Б.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цацрал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Б.Б нь Сүнжин гранд зочид буудлын менежрийн ажил эрхэлдэг бөгөөд Солонгос хэлтэй шаардлагатай үед ажлын шаардлагаар Солонгос хэлний орчуулагч хийдэг. К нь Сүнжин гранд зочид буудалд ажил нь оффислож ажилладаг байсан болохоор ажлын журмаар танилууд юм. Тус шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан нэхэмжлэлд Б.Быг мөнгө зээлээд төлөхгүй байна гэх нхэмжлэл гаргажээ, мөн өмгөөлөгч гэж бичсэн байгаа нь худал бичсэн байна. Б.Б нь мөнгө зээлээгүй мөн өмгөөлөгч биш билээ. 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр К нь уулзая манай ажил дээр ороод ирээч нэг тус болооч гээд хэлэхэд нь уулзсан байдаг. К нь манай компанийн тайлан санхүү нийлэхгүй байна тус мөнгийг би өөр зүйлд зарцуулсан юм, чамд ямар нэгэн асуудал гаргахгүй ээ санхүү тайлан нийлэхгүй байгаа болохоор тайлан санхүү нийлж цааш нь компани руу илгээх юм гээд тус гэрээнд гарын үсгээ зурж тус болооч гэж гуйсан, дараа нь ямар нэгэн асуудал болохгүй юм байгаа биз дээ гэхэд чамд ямар нэгэн асуудал үүсэхгүй миний асуудал гэж хэлсэн гэрээ нь Солонгос хэл дээр байсан, уг гэрээг сайн уншиж танилцаагүй ажил хэргийн танилууд учраас К-д итгэн гарын үсэг зурсан байдаг. Тиймээс Кгаас мөнгө зээлээч гэж зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлж аваагүй болно. Гэрээг байгуулахад хоёр талууд тэгш эрхтэйгээр хүсэл зоригоо харилцан илэрхийлж байж гэрээ байгуулагддаг, К нь Б.Быг хууран мэхэлж гэрээнд гарын үсэг зуруулсан байгаа тул 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна, уг сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч К, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтанцэцэг сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Б нь өөрийгөө өмгөөлөгч болж байгаа өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх ажлын өрөө нээж ажиллуулах хүсэлттэй байгаа тул 10,382,500 төгрөгийг зээлж авсан бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр төлж дуусгахаар бичгээр гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны гэрээ байгуулсан болно. К нь компанийн тайлан санхүү нийлэхгүй байна мөнгийг би өөр зүйлд зарцуулсан юм чамд ямар нэгэн асуудал гарахгүй санхүү тайлан нийлэхгүй байгаа болохоор тайлан санхүү нийлж цааш компани руу илгээх юм гээд гарын үсэг зуруулсан гэж нэхэмжлэлдээ дурджээ. Хэрвээ К-д санхүүгийн баримт шаардлагатай байсан бол заавал зээлийн гэрээ байгуулах ямар шаардлагатай юм бэ мөн зээлийн гэрээг хугацаанд төлөхгүй бол 0,3 хувийн алданги төлөхөөр тохиролцохгүй байх байсан. К болон Б.Б нарын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан, зохигчдын хооронд гэрээг бичгээр хийгдсэн болно. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгө ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийн тус тус хүлээдэг. Зээлдэгч Б.Б нь гэрээний зүйл болох мөнгийг өөрийн эхнэр Б.Лын данс руу болон өөрөө бэлнээр гардаж, шилжүүлж авсан тохиолдолд мөнгийг эргүүлэн төлөх үүрэг үүсэх үндэслэлтэй билээ. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж заажээ. Зээлдэгч, зээлдүүлэгчид шилжсэн буюу мөнгийг шилжүүлсэнээр өмчлөх эрхийг ч мөн шилжүүлж байгаа тул өөрийн өмчлөлд авсан эд хөрөнгө мөнгийг зээлдэгч эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй бөгөөд Б.Б зээлийн гэрээний зүйл болох мөнгийг өөрөө захиран зарцуулсэн билээ. Зээлийн гэрээний үндсэн шинж нь мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд бүрэн шилжүүлсэнээр тодорхойлогддог. Иймд зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн тул 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ хуулийн дагуу байгуулсан тул хүчин төгөлдөр бусд тооцуулах нь үндэслэлгүй юм. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч Б.Б би өртэй учраас эхнэрийнхээ данс руу шилжүүлсэн болно. Мөн өөрийгөө өмгөөлөгч гэж худлаа ярьсан байна гэв.

 

Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний орчуулга, Солонгос хэл дээрх гэрээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цацралын тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цацралын гаргасан сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Монголын өмгөөлөгчдийн холбооны 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01/1575 дугаартай албан бичиг, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дашдуламын хариу тайлбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цацралын хариу тайлбарыг тус тус зохигчдоос шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Хаан банк ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 50/13859 дугаар албан бичиг, Кгийн Хаан банкин дахь Х тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банк ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 50/400 дугаар албан бичиг, 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гэрч Д.Б авсан мэдүүлэгийг тус тус зохигчдын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч К /К/ нь хариуцагч Б.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,382,500 төгрөг, алданги 5,191,250 төгрөг, нийт 15,573,750 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Б.Лыг татан оролцуулсан ба 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, хариуцагч Б.Баас 7,573,750 төгрөг, хариуцагч Б.Лаас 8,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч Б.Баас үндсэн зээл 2,382,500 төгрөг, алданги 1,191,250 төгрөг, нийт 3,573,750 төгрөг гаргуулахаар, хариуцагч Б.Лаас зээл 8,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

Хариуцагч Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б.Б болон К нарын хооронд харилцан хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй, зээлийн гэрээний үүрэг үүсэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа бөгөөд тэрээр нэхэмжлэгч Кд холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч Б.Лын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 8,000,000 төгрөгийг данс руу нь хийсэн ба Б.Лын зүгээс зээлж аваагүй, мөн ямар учраас 8,000,000 төгрөгийг нэхэмжлээд байгааг гайхаж байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээ хуулийн дагуу байгуулагдсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

1. Нэхэмжлэгч К /К/ болон хариуцагч Б.Б нар нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Зээлийн гэрээ-г бичгээр байгуулж, Б.Б нь Кгаас өмнө нь зээлж авсан 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 8,000,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 2,000,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 170,000 вон буюу 382,500 төгрөг, нийт 10,382,500 төгрөгийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурж, өмнө нь үүссэн зээлийн харилцааг баримтжуулсан нь зохигчдын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзнэ.

 

Дээрх зээлийн 8,000,000 төгрөгийг К нь өөрийн Хаан банкин дахь 5920236218 тоот данснаас Б.Бын эхнэр Б.Лын Хаан банкин дахь Тоот дансанд 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Зээл гэсэн утгаар шилжүүлсэн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөн банкны 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн  дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байх бөгөөд уг мөнгийг Б.Л нь Кгийн дансанд буцаан шилжүүлсэн болох нь тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж зааснаар хэлцэл бодитоор хийгдсэн гэж үзнэ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Д.Б нь ... 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр К нь надруу залгаж, мөнгө хэрэгтэй байна гэхэд нь би бэлэн мөнгө байна гэсэн чинь хүрээд ир гээд, би Сүнжин гранд дээр очиж, 2,000,000 төгрөгийг К нь надаас авч, миний нүдэн дээр Баяраа гэх залууд өгсөн ... гэх мэдүүлэгийг өгсөн бөгөөд энэхүү зээлтэй холбоотой асуудал нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээнд тусгагдсан байна.

 

Эдгээрээс үзвэл К болон Б.Б нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 170,000 вон буюу 382,500 төгрөг, нийт 2,382,500 төгрөгийн, К болон Б.Л нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөгийн зээлийн гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.4Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно, 196 дугаар зүйлийн 196.1.2гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэж тус тус зааснаар байгуулагдсанд тооцох үндэслэлтэй байна.

 

К болон хариуцагч Б.Б нар нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Зээлийн гэрээ-г бичгээр байгуулж, өмнө үүссэн зээлийн харилцаагаа баримтжуулсан боловч эдгээр мөнгийг зээлж авч байх цаг хугацаанд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алдангийн талаар тохиролцоогүй байх тул уг гэрээний дагуу алданги тооцох үндэслэлгүй байна.

 

Эдгээрээс үзвэл хариуцагч нарын зээлийн харилцаа үүсээгүй, мөнгө зээлж аваагүй гэх тайлбар, татгалзал нь үндэслэлгүй, энэхүү тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Б.Баас үндсэн зээл 2,382,500 төгрөг, хариуцагч Б.Лаас 8,000,000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Хариуцагч Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Кд холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хууран мэхэлж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж тайлбарлаж байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд ...К нь манай компанийн тайлан санхүү нийлэхгүй байна тус мөнгийг би өөр зүйлд зарцуулсан юм, чамд ямар нэгэн асуудал гаргахгүй ээ санхүү тайлан нийлэхгүй байгаа болохоор тайлан санхүү нийлж цааш нь компани руу илгээх юм гээд тус гэрээнд гарын үсгээ зурж тус болооч гэж гуйсан, дараа нь ямар нэгэн асуудал болохгүй юм байгаа биз дээ гэхэд чамд ямар нэгэн асуудал үүсэхгүй миний асуудал гэж хэлсэн гэрээ нь Солонгос хэл дээр байсан, уг гэрээг сайн уншиж танилцаагүй ажил хэргийн танилууд учраас К-д итгэн гарын үсэг зурсан байдаг... гэх тайлбарыг гаргаж байх боловч энэ нь баримтаар нотлогдохгүй, гэрээ солонгос хэл дээр үйлдэгдсэн ба Б.Б нь солонгос хэлтэй болох нь зохигчдын тайлбараар тогтоогддог бөгөөд гэрээний агуулгыг сайтар ойлгоогүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Энэхүү сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээс үзэхэд хууран мэхэлж, гэрээнд гарын үсэг зуруулсан гэх агуулга байх бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн хүсэл зоригийг гүйцэлдүүлэхийн тулд хариуцагчийг хууран мэхэлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй, дээр дурдсанчилан зохигчдын хооронд зээлийн харилцаа үүссэн ба Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т заасан гомдлын шаардлага гаргах 1 жилийн хугацаа өнгөрсөн байна.

 

Нөгөөтэйгүүр дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэх үндэслэлийн хувьд тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд эдгээрээс үзвэл хариуцагч Б.Бын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлж, улсын тэмдэгтийн хураамж төлөх бөгөөд хариуцагч Б.Б нь 10,382,500 төгрөгийн үнийн дүнтэй зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан тул уг үнийн дүнгээс тооцож улсын тэмдэгтийн хураамж төлөхөөр буюу 181,070 төгрөгийг төлөхөөр байхад 235,819 төгрөгийг төлж 54,749 төгрөгийг илүү төлсөн байх тул мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар улсын орлогоос буцаан гаргуулах нь зүйтэй байна.

 

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасан журмаар хуваарилах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1заасныг баримтлан хариуцагч Б.Баас зээлийн гэрээний үүрэгт 2,382,000 /хоёр сая гурван зуун наян хоёр мянга/ төгрөгийг, хариуцагч Б.Лаас зээлийн гэрээний үүрэгт 8,000,000 /найман сая/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч К /К/-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс алданги 1,191,250 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагч Б.Бын нэхэмжлэгч К /К/-д холбогдуулан гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,818 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,070 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас улсын тэмдэгтийн хураамжид 53,070 /тавин гурван мянга дал/ төгрөг, хариуцагч Б.Лаас улсын тэмдэгтийн хураамжид 142,950 /нэг зуун дөчин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч К /К/-д олгож, хариуцагч Б.Бын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 54,749 /тавин дөрвөн мянга долоон зуун дөчин ес/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Бд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ