Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01036

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01036

 

 

 

БНСУ-ын К /К/-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар, даргалж, шүүгч А.Мөнхзул, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2022/01555 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч БНСУ-ын иргэн К /К/-гын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б, Б.Л нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,573,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагч Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч БНСУ-ын К /К/ нь Монгол Улсад А ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд уг компани Сүнжин гранд зочид буудлын өрөөг түрээслэн оффислож байсан бөгөөд Б.Б нь Солонгос аавтай ба Солонгос хэлээр чөлөөтэй ярьж бичдэг, зочид буудалд менежер орчуулагчийн ажил эрхэлдэг байсан. Б.Б нь өмгөөлөгч бөгөөд өмгөөлөгчийн албан ажлын өрөө нээж ажиллуулах хүсэлтэй байгаа тул мөнгөний шаардлагатай байна мөнгө зээлээч гээд 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 28-нд 2,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 30-нд Солонгос мөнгөөр 170,000 вон буюу Монгол мөнгөнд гуйвуулахад 382,500 төгрөг, нийт 10,382,500 төгрөгийг авч, 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр буцааж төлөх ёстой байсан боловч төлөхгүй байсаар 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэрээг бичгээр хийж эцсийн хугацаа 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр төлөхгүй бол хоног тутамд 0,3 хувийн алданги төлөхөөр гэрээ байгуулсан болно. Хариуцагч Б.Баас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,573,750 төгрөгийн нэхэмжлэл гаргаснаар хариуцагч Б.Лаас 8,000,000 төгрөгийг, хариуцагч Б.Баас 7,573,750 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Хариуцагч Б.Лын дансанд мөнгө шилжүүлэхдээ зээл гэж 8,000,000 төгрөгийг шилжүүлсэнийг Б.Л мэдэж байсан бөгөөд уг 8,000,000 төгрөгийг удаа дараа нэхэхэд наад мөнгийг чинь Б.Б хэрэглэсэн Б.Баас ав гэдэг байсан. К /К/ нь Солонгос улс руу 2021 оны 08 дугаар сард Монголоос яван явтлаа Б.Б болон Б.Л нартай уулзаж байсан бөгөөд зээлсэн мөнгөө авъя, явах болоод байна гэхэд өгнө өгнө гэсээр явуулсан учраас явах өдрийн өмнө надад итгэмжлэл хийж өгсөн болно. Хариуцагч Б.Лын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дашдулам яван явтлаа уулзаж байсныг хүлээн зөвшөөрч мэдүүлж байсан болно.

Иймд хариуцагч Б.Баас 7,573,750 төгрөгийг, хариуцагч Б.Лаас 8,000,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад Б.Баас үндсэн зээл 2,382,500 төгрөг, үүний алданги 1,191,250 төгрөг, нийт 3,573,750 төгрөгийг хариуцагч Б.Баас гаргуулж, хариуцагч Б.Лаас үндсэн зээл 8,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагч Б.Бын тайлбар, татгалзлын агуулга:

Хариуцагч Б.Б нь Сүнжин гранд зочид буудлын ерөнхий менежерийн ажил эрхэлдэг бөгөөд шаардлагатай тохиолдолд Солонгос хэлний орчуулагч хийдэг байсан. Хотгор шанага ХХК нь Сүнжин гранд зочид буудалд 2010-2018 он хүртэл оффислож ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд К, Б.Б нар нь бие биенийгээ мэддэг найз нөхөд болсон найз нөхдийн хүрээнд бие биедээ хэрэгтэй үед мөнгө төгрөгийн өгөө аваатай туслалцаа харилцаатай явдаг байсан. Хотгор шанага ХХК нь Солонгос улсын Засгийн газрын хөрөнгө оруулалттай Korean Mongolia Energy хувь эзэмшдэг компани бөгөөд уг Солонгос улс дахь Korean Mongolia Energy руугаа зардлын тайлан, санхүүгийн тайлан илгээж явуулдаг тэрэнд хэрэгтэй байна гэж хэлэн Б.Быг гарын үсэг зураад өгөөч гэж гуйсан болохоор нь гарын үсгээ зурсан байдаг. Б.Б нь юун дээр гарын үсгээ зурж байгаагаа мэдээгүй, найз нөхдийн харилцаатай учраас тусалж байна л гэж бодсон байдаг. Б.Б мөнгө авсан нь үнэн, зээлээч гэж хэлж зээлж аваагүй юм. Уг мөнгийг шилжүүлж Б.Бд өгөхдөө яах гэж зээл гэж бичиж хийснийг огт ойлгохгүй хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Кс /К/-гийн томилолтын хугацаа нь дуусч Солонгос руу явахдаа хүртэл зүв зүгээр найз нөхдийн харилцаатай байсан бөгөөд Солонгос явсаны дараагаас шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар Б.Б нь К /К/-руу залгасан боловч утсаа аваагүй ямар ч холбоо барихгүй болсон. Б.Бын гарын үсэг зурсан зээлийн гэх гэрээ нь анхнаасаа хүчин төгөолөх бус гэрээ юм. Хоёр талууд харилцан тэгш эрхтэйгээр хүсэл зоригооо харилцан илэрхийлж байж зээлийн гэрээ байгуулагддаг. Б.Б К /К/ нарын хооронд харилцан хүсэл зоригоо илэрхийлэгдэж гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй байна. Зээлийн гэрээний үүрэг үүсэхгүй юм.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.    Хариуцагч Б.Лын тайлбар, татгалзлын агуулга:

Б.Л нь К /К/ гэдэг хүнийг танина. Ажилладаг байгууллагаар нь үйлчлүүлдэг, мөн тухайн үед 8,000,000 төгрөгийг данс руу нь хийсэн ба Б.Лын зүгээс зээлж аваагүй. Мөн ямар учраас шүүхэд өгч 8,000,000 төгрөгийг нэхэмжлээд байгааг гайхаж байна. Дансанд нь 8,000,000 төгрөг орж ирснийг мэдээгүй байдаг.

Иймд энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

4. Хариуцагч Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэл агуулга:

Хариуцагч Б.Б нь Сүнжин гранд зочид буудлын ерөнхий менежерийн ажил эрхэлдэг бөгөөд шаардлагатай тохиолдолд Солонгос хэлний орчуулагч хийдэг байсан. К /К/ нь Сүнжин гранд зочид буудалд ажил нь оффислож ажилладаг байсан болохоор ажлын журмаар танилууд юм. Тус шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан нэхэмжлэлд Б.Быг мөнгө зээлээд төлөхгүй байна гэх нэхэмжлэл гаргажээ. Мөн өмгөөлөгч гэж бичсэн байгаа нь худал бичсэн байна. Б.Б нь мөнгө зээлээгүй мөн өмгөөлөгч биш. 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр К /К/ нь уулзая манай ажил дээр ороод ирээч нэг тус болооч гээд хэлэхэд нь уулзсан байдаг. К /К/ нь манай компанийн тайлан санхүү нийлэхгүй байна тус мөнгийг би өөр зүйлд зарцуулсан юм, чамд ямар нэгэн асуудал гаргахгүй ээ санхүү тайлан нийлэхгүй байгаа болохоор тайлан санхүү нийлж цааш нь компани руу илгээх юм гээд тус гэрээнд гарын үсгээ зурж тус болооч гэж гуйсан, дараа нь ямар нэгэн асуудал болохгүй юм байгаа биз дээ гэхэд чамд ямар нэгэн асуудал үүсэхгүй миний асуудал гэж хэлсэн гэрээ нь Солонгос хэл дээр байсан, уг гэрээг сайн уншиж танилцаагүй ажил хэргийн танилууд учраас К /К/-д итгэн гарын үсэг зурсан байдаг. Тиймээс К /К/-гаас мөнгө зээлээч гэж зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлж аваагүй болно. Гэрээг байгуулахад хоёр талууд тэгш эрхтэйгээр хүсэл зоригоо харилцан илэрхийлж байж гэрээ байгуулагддаг, К /К/ нь Б.Быг хууран мэхэлж гэрээнд гарын үсэг зуруулсан байгаа тул 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Б нь өөрийгөө өмгөөлөгч болж байгаа өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх ажлын өрөө нээж ажиллуулах хүсэлттэй байгаа тул 10,382,500 төгрөгийг зээлж авсан бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр төлж дуусгахаар бичгээр гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны гэрээ байгуулсан болно. К /К/ нь компанийн тайлан санхүү нийлэхгүй байна мөнгийг би өөр зүйлд зарцуулсан юм чамд ямар нэгэн асуудал гарахгүй санхүү тайлан нийлэхгүй байгаа болохоор тайлан санхүү нийлж цааш компани руу илгээх юм гээд гарын үсэг зуруулсан гэж нэхэмжлэлдээ дурджээ. Хэрвээ К /К/-д санхүүгийн баримт шаардлагатай байсан бол заавал зээлийн гэрээ байгуулах ямар шаардлагатай юм бэ мөн зээлийн гэрээг хугацаанд төлөхгүй бол 0,3 хувийн алданги төлөхөөр тохиролцохгүй байх байсан. К /К/ болон Б.Б нарын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан, зохигчдийн хооронд гэрээг бичгээр хийгдсэн болно. Ирэгний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгө ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийн тус тус хүлээдэг. Зээлдэгч Б.Б нь гэрээний зүйл болох мөнгийг өөрийн эхнэр Б.Лын данс руу болон өөрөө бэлнээр гардаж, шилжүүлж авсан тохиолдолд мөнгийг эргүүлэн төлөх үүрэг үүсэх үндэслэлтэй билээ. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж заажээ. Зээлдэгч, зээлдүүлэгчид шилжсэн буюу мөнгийг шилжүүлсэнээр өмчлөх эрхийг ч мөн шилжүүлж байгаа тул өөрийн өмчлөлд авсан эд хөрөнгө мөнгийг зээлдэгч эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй бөгөөд Б.Б зээлийн гэрээний зүйл болох мөнгийг өөрөө захиран зарцуулсан билээ. Зээлийн гэрээний үндсэн шинж нь мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд бүрэн шилжүүлсэнээр тодорхойлогддог. Иймд зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн тул 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ хуулийн дагуу байгуулсан тул хүчин төгөлдөр бусд тооцуулах нь үндэслэлгүй юм. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч Б.Б би өртэй учраас эхнэрийнхээ данс руу шилжүүлсэн болно. Мөн өөрийгөө өмгөөлөгч гэж худлаа ярьсан байна гэжээ.

6.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Баас зээлийн гэрээний үүрэгт 2,382,000 /хоёр сая гурван зуун наян хоёр мянга/ төгрөгийг, хаиуцагч Б.Лаас зээлийн гэрээний үүрэгт 8,000,000 /найман сая/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч К /KimTaeho/-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс алданги 1,191,250 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагч Б.Бын нэхэмжлэгч К /К/-д холбогдуулан гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,818 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,070 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас улсын тэмдэгтийн хураамжид 53,070 /тавин гурван мянга дал/ төгрөг, хариуцагч Б.Лаас улсын тэмдэгтийн хураамжид 142,950 / нэг зуун дөчин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч К /К/-д олгож, хариуцагч Б.Бын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 54,749 /тавин дөрвөн мянга долоон зуун дөчин ес/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Бд олгож шийдвэрлэжээ.

7. Хариуцагч Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Д.Болдын нь ... 2,000,000 төгрөгийг К /К/ нь надаас авч миний нүдэн дээр Баяраа гэх залууд өгсөн ... гэх мэдүүлгийг өгсөн бөгөөд гэрчийн мэдүүлэг болон 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 170,000 вон буюу 382,500 төгрөг нь нотлогдохгүй байна. Гэрч худал мэдүүлэг өгч болно. Шүүгч нотлох баримт бичиггүйгээр гэрчийн мэдүүлгийг үндэслэж шийдвэрлэж Гэрчийн мэдүүлгийг 100% үнэлж шийдвэр гаргаж болохгүй юм. Гэрчийн мэдүүлээд байгаа 2,000,000 төгрөг болон 382,500 төгрөг нь хавтас хэрэгт авагдсан ямар нэгэн банкны дансны хуулга зэрэг баримт бичгээр нотлогдохгүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж өгсөнөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно. Энэ нь дансны шилжүүлэг болон дансны хуулгаар хавтаст хэрэгт нотлохгүй байгаа тул, шүүгч хуулийг буруу хэрэглэсэн. Бтай холбоотой шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Гомдолд дурдаж буй гэрчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй гэсэн нь үндэслэлгүй. Зээлийн гэрээг К /К/-тай харилцан тохиролцож байгуулсан, тус зээлийн гэрээ хэрэгт авагдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчид хууль сануулсны дараагаар гэрчийн мэдүүлэг авсан. Заавал дансаар болон, шилжүүлгээр мөнгө шилжүүлснээр авсан гэж үзнэ гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, бэлнээр авах боломжтой ба авсан гэдэг нь зээлийн гэрээгээр нотлогддог. Шүүхэд гэрч мэдүүлэг өгөхдөө, хууль зөрчсөн, худал мэдүүлэг өгсөн асуудал байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж, шүүхийн шийдвэрт гарсан тооцооллын болон хууль хэрэглээний алдааг залруулав.

2. Талууд дараахь асуудлаар маргажээ.

2.а. Нэхэмжлэгч К /К/ нь Б.Лаас 8,000,000 төгрөг, Б.Баас 7,573,750 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2.б. Нэхэмжлэгч К /К/ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 170,000 вон буюу 382,500 төгрөг, нийт 10,382,500 төгрөгийг зээлдүүлсэн, 8,000,000 төгрөгийг Б.Бын эхнэр Б.Лын Хаан банкин дахь 5720802067 тоот дансанд 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зээл гэсэн агуулгаар шилжүүлсэн гэж тайлбарласан.

2.в. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч К /К/ нь хариуцагч Б.Бд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс 4,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн уг татгалзлыг батлаагүй байх тул энэ талаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.а. Нэхэмжлэгч К /К/ нь 8,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкин дахь 5920236218 тоот данснаас Б.Бын эхнэр Б.Лын Хаан банкин дахь 5720802067 тоот дансанд 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр зээл гэсэн утгаар шилжүүлсэн. /хх 81/

3.б. Гэрч Д.Болд ... 2,000,000 төгрөгийг Б.Бд өгсөн гэх мэдүүлэг өгсөн. /хх116-117/

3.в. Дээрх бичгийн баримт болон хариуцагч Б.Лын ...нэхэмжлэгчийг танина, 8,000,000 төгрөгийг миний данс руу хийсэн, гэхдээ зээлж аваагүй гэх тайлбарыг харьцуулан үнэлэхэд, нэхэмжлэгч болон хариуцагч Б.Л нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байна. Өөрөөр хэлбэл, талууд харилцан мөнгө зээлэх, буцаан төлөхөөр тохиролцсон хүсэл зоригийн илэрхийлэл байхгүй байна.

Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг бус харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан бусдын хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөнтэй холбоотой үүрэг үүссэн байна. Иймээс К /К/ нь Б.Лд шилжүүлсэн 8,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 492.1.1-д зааснаар буцаан шаардах эрхтэй байна. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

4. Нэхэмжлэгч болон хариуцагч Б.Б нарын хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар дараах нотлох баримт хэрэгт авагджээ.

4.а. Хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагын татгалзал, сөрөг нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлээ ... бичгээр байгуулсан зээлийн гэрээ нь Солонгос хэл дээр байсан, уг гэрээг сайн уншиж танилцаагүй, ажил хэргийн танилууд учраас К /К/-д итгэн гарын үсэг зурсан, иймээс Иргэний хуулийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж тайлбарласан.

4.б. Анхан шатны шүүх Д.Болдоос гэрчийн мэдүүлэг авахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасны дагуу зохих журмын дагуу хүлээх хариуцлагын талаар сануулсан. /хх 116/ Иймд уг мэдүүлгийг мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар үнэлснийг буруутгах боломжгүй юм.

Гэрч Д.Болд ...2,000,000 төгрөгийг өгсөн гэж мэдүүлсэн /хх116-117/ боловч 170,000 вон буюу 382,500 төгрөг өгсөн талаар тодорхой мэдүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, 2,000,000 төгрөгийг К /К/-гаас Б.Бд өгснийг харснаа мэдүүлсэн байна.

Иймд хариуцагч Б.Баянжаргалын зээлийн гэрээг хууран мэхэлж хийсэн гэх тайлбар үндэслэлгүй, нэхэмжлэгч болон хариуцагч Б.Б нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг заасан зээлийн гэрээ амаар байгуулагдсан гэж үзнэ. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

4.в. Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Баас 2,000,000 төгрөгийг зээлийн үүрэгт гаргуулах нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцнэ.

Нэгтгэн дүгнэвэл хариуцагч Б.Б нь К /К/-гаас зээлсэн 2,000,000 төгрөгийг, Б.Л нь үндэслэлгүй шилжүүлэн авсан 8,000,000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй. Нэхэмжлэлийн үлдэх хэсэг баримтаар нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгов.

 

Иймээс хариуцагч Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын 170,000 вон буюу 382,500 төгрөг авсан гэдэг нь нотлогдохгүй гэх хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2022/01555 дугаар 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Баас 2,000,000 төгрөг, хариуцагч Б.Лаас 8,000,000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч К /К/-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,191,250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтын 53,070 гэснийг 46,950 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Баас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,070 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ