Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар

 

 

 

 

 

 

 

 

2022 05 12 101/ШШ2022/02212

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: хххххххххх тоот хаягт оршин суух, А овогт Д.Гү /РД: ххххххххххх/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххххххххххххх тоот, Өмгөөллийн ХХХН-ийн захирал, Г.Га /РД: ххххххххххх/,

Хариуцагч: ххххххххххххххххххххх тоот хаягт байрлах, Өмгөөллийн ХХХН /РД: ххххххххххххх/ нарт холбогдох,

Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ цуцлах, 45,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бүжин, Х.Энхтайван,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Гү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бүжин, Х.Энхтайван нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Гү нь 2019 оны 08 сарын 27-ны өдөр өмгөөлөгч Г.Гатай эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээг байгуулсан ба уг гэрээгээр өмгөөлөгч Г.Га нь Ч ХХК, Н ХХК-д холбогдох эрүү, иргэний хэрэгт үйлчлүүлэгчийн зөрчигдөж байгаа эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан тус хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцон хууль зүйн туслалцаа үзүүлэх, үйлчлүүлэгч Д.Гү нь өмгөөлөгчид тохиролцсон хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээсэн.

Ингээд Д.Гү нь өмгөөлөгч Г.Гаын Хаан банк дахь 000000000 тоот данс руу 2019 оны 08 сарын 27-ны өдөр 10,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 2019 оны 10 сарын 16-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны оны 10 сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөг, 2020 оны 09 сарын 06-ны өдөр 15,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөг шилжүүлсэн.

Дээрх гэрээний нэг ажил болох иргэний хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг Г.Га өмгөөлөгчийн дүү гэх Хнөхөрлөлийн өмгөөлөгч Д.Отай гэрээ байгуулах шаардлагатай гэж Г.Га өмгөөлөгч хэлсний дагуу түүнтэй 2019 оны 08 сарын 27-ны өдөр тусад нь гэрээ байгуулсан ба Д.О өмгөөлөгчтэй байгуулсан гэрээнд төлбөр тохиролцоогүй бөгөөд уг гэрээний дүн нь Г.Га өмгөөлөгчтэй байгуулсан гэрээний үнийн дүнд багтсан.

Д.Гү нь иргэний хэрэгтэй холбоотой шүүхэд гаргах өөрөөс шалтгаалах бүхий л материалыг өмгөөлөгчийн хэлснээр нотлох баримтын шаардлагад нийцүүлэн өмгөөлөгчид хүлээлгэн өгсөн боловч шүүх рүү хүргүүлээгүй, шаардлагатай ажиллагаа хийгээгүй учир материалуудаа эх хувиар нь буцаан авсан.

Иргэний хэрэгт өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн ажиллагаа хийгээгүй, эрх зүйн туслалцаа үзүүлээгүй. Иймд Д.О өмгөөлөгчид холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй ба нэхэмжлэл гаргах шаардлагагүй гэж үзсэн.

Харин Ч-д холбогдох эрүүгийн хэрэгт Нийслэлийн Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засагтай тэмцэх хэлтэс болон Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгчийн туслалцаа үзүүлэх байсан.

Өмгөөлөгч Г.Га нь тус эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагдан хорих эсэхийг шийдвэрлэх тухай шүүх хуралдаанд 1 л удаа оролцсон.

Үүнээс өөрөөр өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед ямар ч туслалцаа үзүүлээгүй, өмгөөлөгчийн туслалцаа шаардлагатай үед биечлэн уулзахгүй, утсаа авахгүй, мессэж бичихээр хариу өгөхгүй, холбоо барихгүй алга болсон.

Д.Гү нь эрүүгийн хэрэгт холбогдон цагдан хорих байранд хоригдох хугацаанд өмгөөлөгч Г.Га 1 ч удаа ирж уулзаагүй, цагдан хоригдсоныг ч мэдээгүй, гэр бүлийн хүн болон н.Уянга түүнд удаа дараа хандах гэсэн боловч хариу өгөхгүй зугтаж байсан.

Д.Гү Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтэст шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт удаа дараа тайлбар, мэдүүлэг өгөхөд 1 ч удаа ирж мэргэжлийн хууль зүйн туслалцаа үзүүлээгүй.

Өмгөөлөгч Г.Га нь хууль зүйн туслалцаа үзүүлэх нь битгий хэл гэрээ байгуулсан цагаас эхлэн төлбөр нэхэж өндөр настай ээж болон эхнэр хоёр руу утсаар ярьж яаралтай төлбөрөө төл, үлдэгдэл бүх төлбөрөө төл, төлөхгүй бол нөхөр чинь шорондоо үлдэнэ, үйлчилгээ үзүүлэх боломжгүй, гэрээ байгуулсан учраас амлалтаа биелүүл, үгүй бол шүүхээр явна, эрх хүн хэлсэндээ төлбөрөө төл гэх зэргээр шаардаж байсан.

Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан атлаа Д.Гүтой холбоотой эрүүгийн хэрэгт шаардлагатай туслалцаа, үйлчилгээ үзүүлээгүй мөртлөө цаг үргэлж төлбөр нэхэж шаардлагатай хууль зүйн туслалцаа үзүүлээгүйд үнэхээр их гомдолтой байдаг.

2019 оны 8 сарын 27-ны өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд Нэг талаас өмгөөлөгч Г.Га, ҮД: 0764, нөгөө талаас үйлчлүүлэгч Д.Гү, /РД: 000000000000/ нар харилцан тохиролцож байгуулав гэж 2 иргэний нэр, регистрийн дугаарыг бичиж, гарын үсэг зурж баталгаажуулсан боловч тус гэрээний хавсралт болох өмгөөлөл, эрх зүйн туслалцаа үзүүлэх ажлын болоод хэргийн хүрээ хязгаарыг батлахдаа өмгөөллийн үйлчилгээ үзүүлэгч тал гэдэгт өмгөөллийн Х ХХН, захирал Г.Га гэж гарын үсэг зурж компанийн тамга, тэмдгийг дарсан байна.

Мөн Өмгөөллийн Х ХХН-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нээлттэй мэдээллээс харахад гүйцэтгэх захирал нь Г.Га байх ба Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-т Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасан тул Өмгөөллийн ХХХН-ийг мөн хариуцагчаар татан оролцуулсан.

Өмгөөллийн ХХХН болон гүйцэтгэх захирал өмгөөлөгч Г.Га нар үйлчлүүлэгчид өмгөөлөгчийн туслалцаа шаардлагатай үед хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйлчлүүлэгч Д.Гүын эрх ашгийн төлөө тууштай ажиллаагүй, ажилдаа хариуцлагагүй хандсан, үйчлүүлэгч нь цагдан хоригдсон байхад шаардлагатай туслалцаа, үйлчилгээ үзүүлээгүй.

Иймд Д.Гү нь 2019 оны 10 сарын 24-ний өдөр өмгөөллийн ХХХН-д өөрийн өмнөөс хууль зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэн ажиллахгүй байх тухай хүсэлт гаргасан бөгөөд үүнээс хойш эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг цуцалсан гэж үзэж байгаа.

Ингээд 2020 оны 01 сарын 24-ний өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрт төлсөн мөнгөө шаардсан. Хариуцагч тал нэхэмжлэгчид 30,000,000 орчим төгрөг төлөөд эвлэрье гэсэн санал тавиад 1 удаа уулзсан ч амжилтгүй болсон.

Иймд 2019 оны 08 сарын 27-ны өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг цуцалж, хариуцагч өмгөөллийн ХХХН болон тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал ажилтай, өмгөөлөгч Г.Га нараас гэрээний төлбөрт төлсөн 45,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч өмгөөллийн ХХХН болон тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал ажилтай, өмгөөлөгч Г.Га нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гал-Очир шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Г.Гал-Очир миний бие иргэн Д.Гүын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд тус шүүхэд дараахь тайлбарыг гаргаж байна.

2019 оны 08 сарын 27-ны өдөр иргэн Д.Гү түүний удирддаг Г констракшн ХХК-ийн зүгээс гаргасан хүсэлтийн дагуу өмгөөлөгч Г.Га, Өмгөөллийн Хнөхөрлөлийн хооронд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдсан байдаг.

Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний нэмэлт гэрээний 1 дүгээрт Гэрээ байгуулагдмагц үйлчилгээний урьдчилгаа хөлс 45,000,000 төгрөгийг эрх зүйн туслалцаа авагч тал төлөх бөгөөд эргүүлэн шаардах эрхгүй болно, гэрээний 2 дугаарт Урьдчилгаа хөлс төлөгдсөнөөр эрх зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа бүрэн хэрэгжиж эхэлнэ. Эрх зүйн туслалцаа авагч тал өмгөөлөгчөөс татгалзсан тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүй гэсэн заалтыг үйлчлүүлэгч тал хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан.

Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хавсралтанд эрх зүйн туслалцаа үзүүлэх ажлын болоод хэргийн хүрээ хязгаарыг талууд тохиролцсон болно.

Нэхэмжлэгч талын зүгээс мэргэжлийн туслалцаа үзүүлээгүй атлаа өөрийн үйлчилгээний төлбөрөө шаардах болохоор байн байн залгадаг, өөрийн дансан дах мөнгийг хоосолж гэх мэтээр өмгөөлөгчийн нэр хүндэд халдсан, эрээ цээргүй,и ёс зүйгүй зүйлсийг шүүхэд мэдүүлсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжүй.

Ч болон Н ХХК-тай холбогдох 000000000 дугаартай эрүүгийн хэрэгт үйлчлүүлэгч Д.Гү түүний удирддаг Г констракшн ХХК-ийн эрх ашгийг хамгаалан ажилласан.

Г констракшн ХХК нь Ч-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 3,000,000,000 төгрөг зээлсэн асуудалтай холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд өмгөөлөгчийн зүгээс эрх зүйн туслалцаа авагчийн эрхийг зөрчөөгүй болно.

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалан 2019 оны 09 сарын 06-ны өдөр гомдол, тайлбар, нотлох баримт, 2019 оны 10 сарын 10-ны өдөр хүсэлт, тайлбар, нотлох баримт, 2019 оны 12 сарын 02-ны өдөр хүсэлт гарган хариуг авч байсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мэдүүлэг авах ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалж хамт оролцсон.

Баянзүрх дүүргийн прокурорын газар, Нийслэлийн прокурорын газарт үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалан хүсэлт, гомдлыг удаа дараа шат шатанд нь гаргаж хариуг авч ажилласан.

Д.Гү нь 2019 оны 10 сарын 24-ний өдөр Өмгөөллийн Хнөхөрлөлд өөрийн хүсэлтээр зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулахгүй байх, мөн нэхэмжлэлийг шүүхэд гаргахгүй байх тухай хүсэлтийг бичиж өгч байсан болно.

Мөн 2020 оны 01 сарын 24-ний өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг цуцалсан тухай бичгийг бичиж өгсөн.

Иймд Д.Гүын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Талуудын ирүүлсэн баримтууд:

Нэхэмжлэгч Д.Гү нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г.Бүжин, Х.Энхтайван нарт олгосон итгэмжлэл,

Өмгөөллийн ХХХН, түүний гүйцэтгэх захирал Г.Гатай 2019 оны 08 сарын 27-ны өдөр байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ, мөн өдрийн нэмэлт гэрээ, мөн 2019 оны 08 сарын 27-ны өдрийн өмгөөлөх, эрх зүйн туслалцаа үзүүлэх ажлын болоод хэргийн хүрээ хязгаар, өмгөөлөгч Д.Отай 2019 оны 08 сарын 27-ны өдөр байгуулсан иргэний хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

Д.Гүын Худалдаа хөгжлийн банк дахь 000000000 тоот дансны 2019 оны 10 сарын 16-ны өдрийн хуулга, мөн түүний Хаан банк дахь 000000000 тоот дансны 2019 оны 08 сарын 27-ны өдрийн хуулга,

Нарны хүү сарны охин ХХК-ийн Хаан банк дахь 0000000000 тоот дансны 2019 оны 10 сарын 20, 2019 оны 08 сарын 27-ны өдрүүдийн болон мөн тус компанийн Худалдаа хөгжлийн банк дахь 0000000000 тоот дансны 2019 оны 09 сарын 06-ны өдрийн хуулга,

Нарны хүү сарны охин ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

Г констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Даариймаагийн 2021 оны 07 сарын 29-ний өдрийн 63 дугаартай тодруулга, Нарны хүү сарны охин ХХК-ийн 2021 оны 07 сарын 29-ний өдрийн 107 дугаартай тодруулга, Д.Гү, М.Уянга нарын гэрлэлтийн гэрчилгээ,

Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны хянан шалгагчийн 2021 оны 12 сарын 21-ний өдрийн 35 дугаартай иргэн Д.Гүоос өмгөөлөгч Г.Гаад холбогдуулан гаргасан гомдолд маргаан үүсгэсэн тухай тогтоол,

Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 лгы 02 сарын 28-ны өдрийн МТ/04 дугаартай өмгөөлөгч Г.Гаыг Өмгөөллийн тухай хууль болон ёс зүйн дүрэм тус тус зөрчсөнд тооцон, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар түдгэлзүүлсэн тухай тухай тогтоол зэрэг нотлох баримтыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч Өмгөөллийн ХХХН болон Г.Га нар нь Г.Гал-т олгосон итгэмжлэл, Д.Гүын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт эрх зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч Г.Баяржаргалтай 2021 оны 06 сарын 25-ны өдөр байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

Д.Гүын 2019 оны 10 сарын 24-ний өдөр болон 2020 оны 01 сарын 24-ний өдөр Өмгөөллийн Хнөхөрлөлд гаргасан хүсэлт, гэрээ цуцлах тухай мэдэгдэл,

2019 оны 08 сарын 27-ны өдөр Д.Гүын Өмгөөллийн ХХХН-д гаргасан хүсэлт, мөн өдөр нь тус нөхөрлөл болон өмгөөлөгч Г.Га нар Г констракшн ХХК-Д.Гүтой байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, мөн өдрийн нэмэлт гэрээ, мөн 2019 оны 08 сарын 27-ны өдрийн өмгөөлөх, эрх зүйн туслалцаа үзүүлэх ажлын болоод хэргийн хүрээ хязгаар,

Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 01 сарын 17-ны өдрийн 10/145 дугаартай өмгөөлөгч Г.Гаад хүргүүлсэн ... хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн 000000000 дугаартай хэргийг хянасан тухай гомдлын хариу,

Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 12 сарын 16-ны өдрийн 4/2589 дугаартай өмгөөлөгч Г.Гаад хүргүүлсэн ... хэрэг бүртгэлийн 000000000 дугаартай хэрэгт .... гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсан тухай гомдлын хариу,

Мөн прокурорын газрын 2019 оны 12 сарын 31-ний өдрийн 4/40 дугаартай өмгөөлөгч Г.Гаад хүргүүлсэн хариу мэдэгдэх хуудас,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2019 оны 12 сарын 31-ний өдрийн 4/15 дугаартай өмгөөлөгч Г.Гаад хүргүүлсэн түүний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан хариу мэдэгдэх хуудас,

2021 оны 07 сарын 29-ний өдрийн 40 дугаартай шийтгэвэрийн дагуу Г.Га нь торгууль 100,000 төгрөгийг төлсөн баримт,

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмто хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Төмөрт өмгөөлөгч Г.Гаын 2019 оны 09 сарын 06, 2019 оны 10 сарын 10-ны өдрүүдэд гаргасан хүсэлтүүд,

Улсын ерөнхий прокурорт өмгөөлөгч Г.Гаын 2020 оны 01 сарын 21-ний өдөр гаргасан хүсэлт, Нийслэлийн прокурорын газарт өмгөөлөгч Г.Гаын 2019 оны 12 сарын 02, 2019 оны 12 сарын 23, 2020 оны 01 сарын 08-ны өдрүүдэд гаргасан хүсэлт, Баянзүрх дүүргийн прокурорын газарт 2019 оны 12 сарын 23-ны өдөрт гаргасан хүсэлт зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бүжингийн үзлэг хийлгэх тухай хүсэлтийг хүлээн авч 2021 оны 06 сарын 14-ний өдрийн 9373 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ж.Гүын төрсөн эх гэх Ж.Дариймаагийн эзэмшлийн 000000000дугаартай, саарал өнгөтэй, самсунг загварын гар утаснаас 2020 оны 02 сарын 06-ны өдрөөс 2020 оны 02 сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд өмгөөлөгч Д.Очирваанийн 00000000 дугаартай гар утас руу залгасан дуудлага, бичсэн мессэжүүдэд,

мөн түүний эхнэр гэх М.Уянгын 00000000 дугаартай /ногоон өнгөтэй, самсунг S10+ загварын гар утаснаас 2019 оны 10 сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд өмгөөлөгч Г.Гаын 99118675 дугаартай утас руу бичсэн мессеж, залгасан дуудлагуудын түүхэнд үзлэг хийхээр шийдвэрлэсний дагуу 2021 оны 07 сарын 29-ний өдөр үзлэгийг хийжээ.

 

Хариуцагч талын хүсэлтээр тус шүүхийн 2021 оны 12 сарын 22-ны өдрийн 64 дугаартай захирамжаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 12 сарын 23-ны өдрийн 657 дугаартай хэргийг хааж шийдвэрлэсэн тогтоол бүхий Эрүүгийн 000000000 дугаартай хэргээс:

Өмгөөлөгч Г.Гаын гаргаж байсан гомдол, хүсэлт, түүнд эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгч байсан хариу мэдэгдэх хуудас, мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож гарын үсэг зурсан мэдүүлэг болон байцаалтуудын хуулбаруудыг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн прокурорын газраас 2022 оны 01 сарын 17-ны өдрийн1/524 дугаартай албан бичгээр Д..Гү нь цагдаагийн байгууллагад 2019 оны 09 сарын 16, 2019 оны 10 сарын 20-ны өдрүүдэд нийт 2 удаа гэрчийн мэдүүлэг өгөхөд өмгөөлөгч Г.Га байлцсан тухай мэдүүлгүүд,

Улсын ерөнхий прокурорын газарт өмгөөлөгч Г.Гаын 2020 оны 01 сарын 21-ний өдөр гаргасан гомдол, түүний гомдлыг хянаад хүргүүлсэн 2020 оны 02 сарын 18-ны өдрийн 1/577 дугаартай гомдолд хариу өгсөн мэдэгдэх хуудас,

Нийслэлийн прокурорын газрын өмгөөлөгч Г.Гаад хүргүүлсэн 2019 оны 12 сарын 16-ны өдрийн 4/2589 тоот, 2019 оны 12 сарын 31-ний өдрийн 4/40 тоот, 2020 оны 01 сарын 17-ны өдрийн 10/145 дугаартай хариу мэдэгдэх хуудсууд,

Өмгөөлөгч Г.Гаын Нийслэлийн прокурорын газарт болон тус газрын ерөнхий прокурор Ш.Няморжид 2019 оны 12 сарын 02, 2020 оны 01 сарын 08-ны өдрүүдэд гаргасан хүсэлтүүд зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

2022 оны 03 сарын 31-ний өдрийн 7909 дугаартай захирамжаар нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооноос тус хороонд хүргүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих 461 дүгээр ангийн тоо бүртгэлийн албан бичгийг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсний дагуу Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн 2022 оны 01 сарын 04-ний өдрийн 01/14 дугаартай албан тоотыг шүүхэд ирүүлжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Гү нь хариуцагч Өмгөөллийн ХХХН-д болон тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Г.Га нарт холбогдуулан 2019 оны 08 сарын 27-ны өдөр байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ цуцлах, 45.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэн Д.Гүын Өмгөөллийн ХХХН-д 2019 оны 08 сарын 27-ны өдөр гаргасан хүсэлтэд Д.Гү миний бие Нарны хүү сарны охин ХХК болон Г констракшн ХХК-ийн ерөнхий захирал бөгөөд танай фирмээс хууль зүйн туслалцаа авах хүсэлтэй байна гэжээ.

Ингээд тэрээр Өмгөөллийн ХХХН, нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Г.Гатай 2019 оны 08 сарын 27-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан эрүүгийн хэрэгт хууль, эрх зүйн туслалцаа авахаар, Ч болон Н ХХК-тай холбоотой эрүү, иргэний хэрэгт эрх ашгийг хамгаалахаар,

Үйлчилгээний хөлсийг нэмэлт гэрээгээр зохицуулахаар харилцан тохирсон ба мөн өдрийн нэмэлт гэрээгээр үйлчилгээний хөлс, урьдчилгаа төлбөрт 45,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 6-9, 149-153 дугаар тал/

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг хүлээх бөгөөд энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил үйлчилгээ байж болохыг шаардана.

 

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба уг гэрээнд тэдгээр нь хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 6-9, 149-153 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Д.Гү нь 2019 оны 08 сарын 27-ны өдөр өмгөөлөгч Д.Отай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан иргэний хэрэгт эрх ашгаа хамгаалуулахаар тохирсон гэх ба тэрээр уг гэрээний дагуу ямар нэг үйлчилгээ аваагүй тул хэмээн тайлбар гаргасантай холбоотой хариуцагч тал маргаагүй.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 10 дугаар тал/

 

2019 оны 08 сарын 29-ны өдөр байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу үйлчилгээ авагч Д.Гү нь Өмгөөллийн ХХХН-ийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Г.Гаын Хаан банк дахь 000000000 тоот данс руу 2019 оны 08 сарын 27-ны өдөр 10,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 2019 оны 10 сарын 16-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны оны 10 сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөг, 2020 оны 09 сарын 06-ны өдөр 15,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөг шилжүүлсэн байх ба уг 45,000,000 төгрөг хариуцагч тал маргахгүй байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 11-15 дугаар тал/

 

Г констракшн ХХК-ийн 2021 оны 07 сарын 29-ний өдрийн 63 тоот тодуулгад ... Д.Гү нь 2019 оны 08 сарын 27-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг өмгөөлөгч Г.Гатай байгуулсан. Дээрх гэрээний төлбөрийг Д.Гү төлсөн. Тиймээс Д.Гү гэрээний төлбөрийг шаардах эрхтэй гэжээ.

Нарны хү сарны охин ХХК-ийн 2021 он 07 сарын 29-ний өдрийн 107 тоот тодруулгад ...Компанийн гүйцэтгэх захирал Д.Гү өмгөөлөгч Г.Гатай 2019 оны 08 сарын 25-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан.

Гэрээний төлбөрийг өмгөөлөгч Г.Гаын 000000000 тоот Хаан банкны данс руу манай компанийн Худалдаа хөгжлийн банкны 90457026932 тоот данс, Хаан банкны 0000000000 тоот данснаас 2019 оны 08 сарын 27-ны өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 09 сарын 06-ны өдөр 15,000,000 төгрөг, 2019 оны 10 сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөгийг компанийн данснаас Д.Гүын өмнөөс шилжүүлсэн гэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 88-89 дүгээр тал/

 

Үйлчлүүлэгч Д.Гү нь 2019 оны 08 сарын 27-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсанаас хойш буюу 2019 оны 10 сарын 27-ний өдөр Өмгөөллийн ХХХН-д дараах хүсэлтийг гаргасан ба ...Тус өмгөөллийн үйлчилгээний хүрээнд миний зөвшөөрөлгүй иргэний болон эрүүгийн хэрэгт хүсэлт, гомдол, нэхэмжлэл, ... хохирол зэргийг нэхэмжлэхгүй байхыг хүсье гэжээ.

Тэрээр 2020 оны 01 сарын 24-ний өдөр Өмгөөллийн ХХХН-д өмгөөллийн гэрээ цуцлах хүсэлтийг гаргасан ба Д.Гү миний бие тус хуулийн фирмээр үйлчлүүлэх гэрээ байгуулсан боловч миний эрх ашгийг хамгаалах ажиллагаа хийгээгүй, ... 2020 оны 01 сарын 10-ны өдөр 461-т хоригдсоноос хойш 1 удаа ч холбогдоогүй, Эрүүгийн цагдаагийн газрын асуудлыг шийдвэрлүүлж чадаагүй зэргийг үндэслэн гэрээг цуцалж байна. Иймд миний төлбөрийг буцаан олгоно уу гэсэн байна.

Уг гэрээ цуцлах тухай 2020 оны 01 сарын 24-ний баримтыг 01 сарын 27-ны өдөр хүлээн авлаа хэмээн тэмдэглэгджээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 147-148 дугаар хуудас, 148 дугаар хуудасны ар тал/

 

Хариуцагч талын хүсэлтээр тус шүүхийн 2021 оны 12 сарын 22-ны өдрийн 64 дугаартай захирамжаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 12 сарын 23-ны өдрийн 657 дугаартай хэргийг хааж шийдвэрлэсэн тогтоол бүхий Эрүүгийн 000000000 дугаартай хэргээс:

Өмгөөлөгч Г.Гаын гаргаж байсан гомдол, хүсэлт, түүнд эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгч байсан хариу мэдэгдэх хуудас, мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож гарын үсэг зурсан мэдүүлэг болон байцаалтуудын хуулбаруудыг тус тус нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн прокурорын газраас 2022 оны 01 сарын 17-ны өдрийн1/524 дугаартай албан бичгээр Д..Гү нь цагдаагийн байгууллагад 2019 оны 09 сарын 16, 2019 оны 10 сарын 20-ны өдрүүдэд 2 удаа гэрчийн мэдүүлэг өгөхөд өмгөөлөгч Г.Га байлцсан тухай мэдүүлгүүд,

Улсын ерөнхий прокурорын газарт өмгөөлөгч Г.Гаын 2020 оны 01 сарын 21-ний өдөр гаргасан гомдол, гомдлыг хянасан 2020 оны 02 сарын 18-ны өдрийн 1/577 дугаартай хариу мэдэгдэх хуудас,

Нийслэлийн прокурорын газрын өмгөөлөгч Г.Гаад хүргүүлсэн 2019 оны 12 сарын 16-ны өдрийн 4/2589 тоот, 2019 оны 12 сарын 31-ний өдрийн 4/40 тоот, 2020 оны 01 сарын 17-ны өдрийн 10/145 тоот хариу мэдэгдэх хуудсууд,

Өмгөөлөгч Г.Гаын Нийслэлийн прокурорын газарт, ерөнхий прокурор Ш.Нямдоржид 2019 оны 12 сарын 02, 2020 оны 01 сарын 08-ны өдрүүдэд гаргасан хүсэлтүүд зэрэг баримтуудыг ирүүлжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 210-211, 213-220, 222-246, 2 дугаар хавтасны 1-10 дугаар тал/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн 2021 оны 06 сарын 14-ний өдрийн 9373-р захирамжаар нэхэмжлэгч Д.Гүын төрсөн эх гэх Ж.Дариймаагийн эзэмшлийн 000000000дугаартай, саарал өнгийн самсунг загварын гар утаснаас 2020 оны 2 сарын 6-ны өдрөөс 2020 оны 2 сарын 7-ны өдрийг хүртэлх хугацаанд Н.Очирваанийн 00000000 дугаартай утас руу залгасан дуудлага, бичсэн мессежүүдэд,

эхнэр гэх М.Уянгын 00000000 дугаартай ногоон өнгийн самсунг S10+ загварын утаснаас 2019 оны 10 сарын 1-ний өдрөөс 2020 оны 2 сарын 5-ны өдрийг хүртэл хугацаанд өмгөөлөгч Г.Гаын 99118675 дугаартай утас руу бичсэн мессеж, залгасан дуудлагын түүхэнд тус тус үзлэг хийхээр шийдвэрлэн зохигчийг оролцуулан үзлэгийг 2021 оны 07 сарын 29-ний өдөр хийсэн байна.

Үзлэгийг хийсэнтэй холбогдуулан үзлэгээр илэрсэн нөхцөл байдлуудыг буюу хийсэн дуудлага, харилцан бичсэн мессэжүүдийн зургийг хуулбарлан авч үзлэгийн тэмдэглэлд хавсаргав.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 61-63, 94-122 дугаар тал/

 

Дариймаагийн Гү, Мөнхбаатарын Уянга нар 2010 оны 12 сарын 10-ны өдөр гэр бүл болсноо 2013 оны 03 сарын 09-ний өдөр иргэний гэр бүлийн гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсоныг дурдлаа.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 90 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч Д.Гү нь Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хороонд Өмгөөллийн ХХХН-ийн өмгөөлөгч Г.Гаыг эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан атлаа эрх зүйн туслалцаа үзүүлээгүй, эрх ашиг хамгаалаагүй гэх гомдлыг гаргажээ.

Тус хороо түүний гомдлыг шалгаад Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т Үйлчлүүлэгчид хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгч, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүр цаг алдалгүй өгөх, өмгөөллийн үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлах,

14.1.3-т Үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан шударгаар, тууштай хамгаалах гэж заасныг зөрчсөн байж болзошгүй хэмээн 2021 оны 12 сарын 21-ний өдөр 35 дугаар тогтоолоор маргаан үүсгэсэн байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 205-206 дугаар тал/

 

Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 02 сарын 28-ны өдрийн маргаан шийдвэрлэх хаалттай хуралдаанаар иргэн Д.Гүоос өмгөөлөгч Г.Гаад холбогдуулан гаргасан гомдлыг хэлэлцээд маргаан шалгах ажиллагааны явцад цугларсан баримтууд, хуралдаанд гомдол гаргагчийн гаргаж өгсөн баримт, хариуцагчийн гаргасан тайлбар зэргээр хариуцагч Г.Гаыг ёс зүйн дүрэм зөрчсн байна гэж үзжээ.

Өмгөөлөгч Г.Гаыг Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т Үйлчлүүлэгчид хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгч, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүр цаг алдалгүй өгөх, өмгөөллийн үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлах,

14.1.3-т Үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан шударгаар, тууштай хамгаалах,

Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1-т Өмгөөлөгч мэргэжлийн үйл ажиллагаандаа чин сэтгэлээсээ хандах бөгөөд хүчин чармайлт гаргаж, шуурхай зохион байгуулалттай ажиллана,

16 дугаар зүйлийн 16.1.3-т Үйлчилгээний явцын талаар тухай бүр үйлчлүүлэгчид мэдээлэх,

16.1.4-т Үйлчлүүлэгчийн мэдээлэл хүссэн үндэслэл бүхий хүсэлтийг шуурхай хангах гэж заасныг зөрчсөн болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих 461 дүгээр ангийн тоо бүртгэлээс гаргуулан авсан албан бичиг, харилцан бичсэн мессэж болон бусад цугларсан баримтаар тогтоогдож байна гэжээ.

Ингээд хорооны 2022 оны 02 сарын 28-ны өдрийн МТ/04 дугаар бүхий тогтоолоор өмгөөлөгч Г.Гаыг Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.3, Ёс зүйн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1, 16.1.3, 16.1.4-д заасныг тус тус зөрчсөнд тооцон,

Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.3 дахь заалтад заасны дагуу Г.Гаад өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар түдгэлзүүлэн,

Гомдол гаргагч Д.Гү нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагад хандан шалгуулж хохирлоо нэхэмжлэх эрхтэйг дурьдан,

Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдан, хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор ажиллагаанд оролцогчдод хүргүүлэхийг ажлын албанд даалган, тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж дурдан шийдвэрлэсэн байна.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 12-13 дугаар тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын цагдан хорих 461 дүгээр ангийн 2022 оны 01 сарын 04-ний өдрийн 01/14 тоот албан бичигт ... Дариймаагийн Гү нь тус ангид цагдан хоригдож байх хугацаандаа өмгөөлөгч Г.Гатай уулзалт хийсэн тухай уулзалтын бүртгэл, өмгөөлөгчид гарсан хоригдогчийн бүртгэлд бүртгэгдээгүй байна гэжээ.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 63-64 дүгээр тал/

 

Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 02 сарын 28-ны өдрийн МТ/04 дугаар бүхий төмгөөлөгч Г.Гаыг Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.3, Ёс зүйн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1, 16.1.3, 16.1.4-д заасныг тус тус зөрчсөнд тооцон, Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.3 дахь заалтад заасны дагуу Г.Гаад өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар түдгэлзүүлсэн тогтоолыг 2022 оны 03 сарын 14-ний өдөр хэргийн материалд хавсаргаснаас хойшхи хугацаанд хариуцагч тал 2022 оны 03 сарын 17, 2022 оны 03 сарын 25, 2022 оны 04 сарын 22, 2022 оны 05 сарын 04-ний өдрүүдэд тус тус хэргийн баримтуудтай танилцсан байна.

Хариуцагч тал уг маргаан шийдвэрлэсэн тогтоолын талаар маргаагүй бөгөөд уг тогтоолын талаар баримтаар эсэргүүцээгүй, тухайн маргаан шийдвэрлэсэн тогтоолд гомдол гаргасантай холбоотой баримтыг ирүүлээгүй тул уг тогтоолыг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Дээр дурдсан байдлуудаас үзэхэд хариуцагч тал нь талуудын хооронд байгуулагдсан өмгөөлөл, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр тохирсон үүргээ биелүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч Д.Гү нь Өмгөөллийн ХХХН болон тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал өмгөөлөгч Г.Га нарыг гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгаанаар эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг цуцалсан нь үндэслэлтэй.

Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.3-т Ажиллагч ажлынхаа хөлсийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг урьдчилан авсан үед гэрээ цуцлагдсан бол урьд олгосон хөлсийг буцаан төлүүлнэ гэж заасан ба гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгаанаар гэрээ цуцлагдсан тул эрх зүйн туслалцаа авагч тал өмгөөлөгчөөс татгалзсан тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүй гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй.

Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг баримтлан хариуцагч Өмгөөллийн ХХХН болон тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал өмгөөлөгч Г.Га нараас 45,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Гүод олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч талд 2022 оны 05 сарын 12-ны өдрийн 10 цагт шүүх хуралдаан болохыг хүрэлцэн ирэх боломжит хугацаанд буюу хуралдаан болохоос 14 хоногийн өмнө хариуцагч талд мэдэгдэн баталгаажуулжээ.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 65-72 дугаар тал/

 

Хариуцагч нарын төлөөлөгч Г.Гал-Очир нь хөлөө гэмтээсэн хэмээн гэмтсэн гэх хөлийг боосон байдалтай зургийг шүүхэд цахим шуудангаар ирүүлсэн бөгөөд тэрээр эмчид үзүүлэн түүнийг эмнэлгийн магадлагаагаар ажлаас чөлөөлсөн эсэх нь тодорхойгүй тул цахим шуудангаар ирүүлсэн хөлний зургийг үндэслээд Г.Гал-Очирыг эрүүл мэндийн шалтгааны улмаас хүрэлцэн ирэх боломжгүй байсан гэж үзэхгүй.

 

Мөн хариуцагчийн өмгөөлөгч Г.Баяржаргал өвчний улмаас хүрэлцэн ирэх боломжгүй, түүний өвчтэй гэх магадлагаа тус шүүх дэх өөр хэрэгт тэрээр хавсаргуулсан гэх бөгөөд өөр иргэний хэрэгт өгсөн баримтыг шүүх өөрийн санаачилгаар тухайн хэргээс нотлох баримтаар авах боломжгүй бөгөөд тэрээр өвчтэй гэх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй байна.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 73-76 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасныг үндэслэн хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг баримтлан хариуцагч Өмгөөллийн ХХХН болон тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал өмгөөлөгч Г.Га нараас 45,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Гүод олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Гүын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өмгөөллийн ХХХН болон тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал өмгөөлөгч Г.Га нараас 382,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Гүод олгосугай.

 

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2021 оны 02 сарын 23-ны өдрийн 3053 дугаар захирамжаар хариуцагч Г.Гаын банкууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн 45,000,000 төгрөгийн хэмжээгээр зогсоосон бөгөөд уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН