Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01371

 

 

 

 

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01371

 

 

 

 

 

 

                                     Д.Гын нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

               

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2022/02212 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Гын хариуцагч “ӨХХ” ХХН, Г.Гад холбогдуулан гаргасан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ цуцлах, 45,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхтайван, Г.Бүжин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагчийн өмгөөлөгч Г.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Д.Г нь 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өмгөөлөгч Г.Гтай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж, Г.Г нь “ЧХБ” ХХК, “НГ” ХХК-д холбогдох эрүү, иргэний хэрэгт үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан тус хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцон хууль зүйн туслалцаа үзүүлэх, үйлчлүүлэгч Д.Г нь хөлс төлөх үүргийг хүлээсэн.

Нэхэмжлэгч нь хариуцагч Г.Гын Хаан банк дахь ........... тоот данс руу 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 10,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны оны 10 дугаар сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 15,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөг шилжүүлсэн.

Иргэний хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг Г.Гын дүү гэх “ӨХХ” ХНН-ийн өмгөөлөгч Д.Отай гэрээ байгуулах шаардлагатай гэсний дагуу түүнтэй 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр тусад нь гэрээ байгуулсан. Өмгөөлөгч Д.Отай байгуулсан гэрээнд төлбөр тохиролцоогүй бөгөөд уг гэрээний дүн нь Г.Г өмгөөлөгчтэй байгуулсан гэрээний үнийн дүнд багтсан.

Нэхэмжлэгчийн зүгээс иргэний хэрэгт холбогдох бүхий л материалыг нотлох баримтын шаардлага ханган өмгөөлөгчид өгсөн боловч шүүх рүү хүргүүлээгүй, шаардлагатай ажиллагаа хийгээгүй учир материалуудаа буцаан авсан. Иргэний хэрэгт өмгөөлөгчийн зүгээс ажиллагаа хийгээгүй, эрх зүйн туслалцаа үзүүлээгүй.

Харин “ЧХБ” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хууль зүйн туслалцаа үзүүлэх байсан боловч өмгөөлөгч Г.Г нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагдан хорих эсэхийг шийдвэрлэх тухай шүүх хуралдаанд 1 удаа оролцсон. Үүнээс өөрөөр өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед туслалцаа үзүүлээгүй. Мөн шаардлагатай үед биечлэн уулзахгүй, утсаа авахгүй, зурвас бичихээр хариу өгөхгүй, холбоо барихгүй алга болсон.

Д.Г нь эрүүгийн хэрэгт холбогдон цагдан хоригдох хугацаанд өмгөөлөгч Г.Г ирж уулзаагүй, цагдан хоригдсоныг ч мэдээгүй, гэр бүлийн хүн болон н.У түүнд удаа дараа хандах гэсэн боловч хариу өгөхгүй зугтаж байсан.

Өмгөөлөгч Г.Г нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан цагаас эхлэн төлбөр нэхэж нэхэмжлэгчийн өндөр настай ээж болон эхнэр рүү нь утсаар ярьж “яаралтай төлбөрөө төл, үлдэгдэл бүх төлбөрөө төл, төлөхгүй бол нөхөр чинь шорондоо үлдэнэ, үйлчилгээ үзүүлэх боломжгүй, гэрээ байгуулсан учраас амлалтаа биелүүл, үгүй бол шүүхээр явна, эр хүн хэлсэндээ төлбөрөө төл” гэх зэргээр шаардаж байсан. Г.Г нь эрх зүйн туслалцаа үзүүлээгүй атлаа үргэлж төлбөр нэхэж байсанд их гомдолтой байна.

Түүнчлэн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд 2 иргэний нэр, регистрийн дугаарыг бичиж, гарын үсэг зурж баталгаажуулсан боловч тус гэрээний хавсралтад өмгөөллийн үйлчилгээ үзүүлэгч тал гэдэгт өмгөөллийн “ӨХХ” ХХН, захирал Г.Г гэж гарын үсэг зурж компанийн тамга, тэмдгийг дарсан байдаг.

Тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал нь Г.Г байх тул Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дах хэсэгт заасныг үндэслэн “ХХ” ХХН-ийг мөн хариуцагчаар татан оролцуулсан.

“ӨХХ” ХХН болон өмгөөлөгч Г.Г нар үйлчлүүлэгчид өмгөөлөгчийн туслалцаа шаардлагатай үед гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйлчлүүлэгч Д.Гын эрх ашгийн төлөө тууштай ажиллаагүй, ажилдаа хариуцлагагүй хандсан. Иймд Д.Г нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс хойш эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг цуцалсан.

Хариуцагч тал нэхэмжлэгчид 30,000,000 гаруй төгрөг төлөөд эвлэрэх санал тавьж 1 удаа уулзсан боловч амжилтгүй болсон. Иймд 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг цуцалж, хариуцагч өмгөөллийн “ХХ” ХХН болон өмгөөлөгч Г.Г нараас гэрээний төлбөрт төлсөн 45,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Д.Г түүний удирддаг “ГМК” ХХК-ийн зүгээс гаргасан өмгөөлөгч Г.Г, “ӨХХ” ХНН-ийн хооронд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдсан. Нэмэлт гэрээний 1-д “гэрээ байгуулагдмагц үйлчилгээний урьдчилгаа хөлс 45,000,000 төгрөгийг эрх зүйн туслалцаа авагч тал төлөх бөгөөд эргүүлэн шаардах эрхгүй болно”, 2 дугаарт “урьдчилгаа хөлс төлөгдсөнөөр эрх зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа бүрэн хэрэгжиж эхэлнэ. Эрх зүйн туслалцаа авагч тал өмгөөлөгчөөс татгалзсан тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүй” гэсэн заалтыг үйлчлүүлэгч тал хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан. Мөн гэрээний хавсралтанд эрх зүйн туслалцаа үзүүлэх ажлын болоод хэргийн хүрээ хязгаарыг талууд тохиролцсон.

Нэхэмжлэлийн шаардлагад Г.Гыг хууль зүйн туслалцаа үзүүлээгүй атлаа үйлчилгээний төлбөрөө байн байн шаарддаг, өөрийн дансан дах мөнгийг хоосолж гэх мэтээр өмгөөлөгчийн нэр хүндэд халдсан, ёс зүйгүй зүйлсийг зөвшөөрөхгүй.

Өмгөөлөгч Г.Г нь “ЧХБ” ХХК, “НГ” ХХК-тай холбогдох 190200607 дугаартай эрүүгийн хэрэгт үйлчлүүлэгч Д.Г түүний удирддаг “ГМК” ХХК-ийн эрх ашгийг хамгаалан ажилласан бөгөөд өмгөөлөгчийн зүгээс эрх зүйн туслалцаа авагчийн эрхийг зөрчөөгүй.

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалан 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гомдол, тайлбар, нотлох баримт, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүсэлт, тайлбар, нотлох баримт, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүсэлт гарган хариуг авч байсан.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мэдүүлэг авах ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалж хамт оролцсон. Баянзүрх дүүргийн прокурорын газар, Нийслэлийн прокурорын газарт үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалан хүсэлт, гомдлыг удаа дараа шат шатанд нь гаргаж хариуг авч ажилласан.

Д.Г нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “ӨХХ” ХНН-д өөрийн хүсэлтээр зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулахгүй байх, мөн нэхэмжлэлийг шүүхэд гаргахгүй байх тухай хүсэлт бичиж өгч байсан. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг цуцалсан тухай бичиг өгсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ӨХХ” ХХН болон тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал өмгөөлөгч Г.Г нараас 45,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Год олгож, нэхэмжлэгч Д.Гын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “ӨХХ” ХХН болон тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал өмгөөлөгч Г.Г нараас 382,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Год олгож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 3053 дугаар захирамжаар хариуцагч Г.Гын банкууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн 45,000,000 төгрөгийн хэмжээгээр зогсоосон бөгөөд уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3 дах хэсэгт заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Өмгөөлөгчийн мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн, өмгөөлөгч Г.Баяржаргал өвчтэй байсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ цахимаар, нотлох баримтын хамт явуулсан. Хүсэлтэнд дурдсан эмнэлгийн магадлагааны эх хувийг тус шүүхийн шүүгч Д.Золзаяагийн хянан шийдвэрлэж байсан Д.Б, Г.О нарт холбогдох иргэний хэрэг маргаанд хавсарган өгсөн тухайгаа тодорхой дурдсан. Гэтэл шүүх эсэргээр нь тайлбарлаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.2. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шүүхийн шийдвэр гарах зарчмыг зөрчсөн. “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний нэмэлт гэрээний 1-д гэрээ байгуулагдмагц үйлчилгээний урьдчилгаа хөлс 45,000,000 төгрөгийг эрх зүйн туслалцаа авагч тал төлөх бөгөөд эргүүлэн шаардах эрхгүй болно, 2-т урьдчилгаа хөлс төлөгдсөнөөр эрх зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа бүрэн хэрэгжиж эхэлнэ. Эрх зүйн туслалцаа авагч тал өмгөөлөгчөөс татгалзсан тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүй гэж заасныг үйлчлүүлэгч тал хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан байхад шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.3. “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний хавсралтанд эрх зүйн туслалцаа үзүүлэх ажлын болоод хэргийн хүрээ хязгаарыг талууд тохиролцсон бөгөөд “ГМК” ХХК, түүний захирал Д.Гын зүгээс “ЧХБ” ХХК болон “НГ” ХХК-д холбогдох эрүүгийн хэрэгт үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалж оролцохоор тохиролцсон. Гэтэл шүүх “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний хавсралтанд тусгагдаагүй Д.Гын удирддаг “НХСО” ХХК-ийн хэрэг маргаантай хариуцагчийн үйлдлийг холбож шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй шийдвэр болсон. Мөн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад тулгуурлаагүй зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд тулгуурлан шийдвэр гаргасанд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн үндсэн зарчмыг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

5.1. 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “ГМК” ХХК, захирал Д.Г нар “ӨХХ” ХХН, захирал Г.Г нарын хооронд “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулагдсан. Уг гэрээний хавсралтанд эрх зүйн туслалцаа үзүүлэх ажлын болон хэргийн хүрээ хязгаарыг талууд тохиролцсон. “ГМК” ХХК, захирал Д.Гын зүгээс “ЧХБ” болон НГ” ХХК-д холбогдох хэрэгт үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалж оролцохоор тохиролцон 190200607 дугаартай эрүүгийн хэрэгт үйлчлүүлэгч Д.Г, түүний удирддаг “ГМК” ХХК-ийн эрх ашгийг хамгаалан ажилласан. Д.Гын удирддаг “НХСО” ХХК-д холбогдох эрүүгийн хэрэг маргаанд эрх ашгийг нь хамгаалж оролцоогүй хэдий ч Д.Гыг цагдан хоригдсон байхад нь “ГМК” ХХК-ийн эрх ашгийн төлөө гомдол гаргаж таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлж байсан. “ГМК" ХХК-ийн “ЧХБ” ХХК-тай байгуулсан 3,000,000,000 төгрөгийн зээлийн асуудалтай холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Өмгөөлөгчийн зүгээс эрх зүйн туслалцаа авагчийн эрхийг зөрчөөгүй, гэрээнд заасан үүргээ бүрэн хэрэгжүүлж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, эрүүгийн хэрэг шийдэгдсэн. Шүүх Д.Гын удирддаг “НХСО” ХХК-ийн хэрэг маргаантай холбож хариуцагчийн эрх ашгийг илтэд хохироож хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч талаас өмгөөлөгчийн нэр хүндэд халдсан, эрээ цээргүй, ёс зүйгүй зүйлсийг шүүхэд мэдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ уг мэдүүлгийг няцаах, гүтгэлгийн шинжтэй худал болохыг нь нотлох баримтыг анхаарч үзэлгүй, хэт нэг талын эрх ашиг сонирхлыг хамгаалж, шударга бус шийдвэрлэсэнд гомдолтой байна. Үйлчлүүлэгч нь гэрээний заалтыг хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан байхад шүүх үнэлэлт дүгнэлт өгөлгүй нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

5.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г хөлөө гэмтээж хэвтэрт орсон хүндэтгэн үзэх шалтгаанаа шүүх болон шүүгчийн туслахад утсаар, и-мэйлээр, зурвасаар, фото зураг хэлбэрээр мэдэгдэж, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ илэрхийлсэн. Гэтэл шүүх хүндэтгэн үзэх шалтгаангүй, мэдэгдээгүй мэтээр дүгнэж хэргийг шийдвэрлэн, хуульд заасан мэтгэлцэх эрхийг хангаагүйд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж, мэтгэлцэх зарчмыг хангаж, хуулинд заасан эрхээ эдэлж, хэрэгжүүлэх боломжийг олгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч талд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд уг баримтад гарын үсэг зурсан байсан. Мөн хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлохдоо хөлийнхөө зургийг явуулсан. Уг зураг нь хариуцагчийн өмгөөлөгчийн хөл эсэх нь тодорхойгүй байсан тул хүндэтгэн үзэх шалтгаан нотлогдохгүй байна гэж шүүх дүгнэсэн нь зөв. Хариуцагчийн өмгөөлөгч би өөрийнхөө хүсэлтийн хамт хуулбар, баримт явуулсан гэж тайлбарладаг. Хуулбар, баримтаа явуулсан бол шүүгчийн туслах хэрэгт хавсаргана. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаан үргэлжилсэн нь хариуцагчийн буруу гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэлийг гардаж авсан атлаа тайлбараа ирүүлээгүй. Хуулийн этгээдээс авчирсан итгэмжлэлээ алдаатай авчирдаг. Мөн шүүх хуралдаанд ирдэггүй. Хариуцагчийг албадан ирүүлсэн, хариуцагч тал удаа дараа шүүх хуралдаанд саад учруулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэсэн. Шүүх талуудыг хангалттай мэтгэлцэх зарчмаар хангасан. Эрх зүйн туслалцаа үзүүлэх нэмэлт гэрээний 1 дэх хэсэгт төлбөрийг буцаан шаардах эрхгүй гэж заасан. Хуулиас давсан гэрээний заалт байх боломжгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь “ЧХБ” ХХК-тай холбоотой эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа авах ёстой мэт тайлбарладаг нь буруу. Эрх зүйн туслалцаа авах гэрээгээр “Нарны хүү сарны охин” ХХК, “ЧХБ” ХХК-д тус тус холбогдох эрүүгийн хэрэг, мөн “ЧХБ” ХХК-нд холбогдох иргэний хэрэгт эрх зүйн туслалцаа авах зорилгоор гэрээ байгуулсан. Өмгөөлөгч нь өмгөөлөгчийн ёс зүйн дүрмээр хариуцлага хүлээдэг. Үйлчлүүлэгчийн эрх ашгийг тууштай хамгаалах үүргээ биелүүлээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа хорих 461 дүгээр ангиас ирүүлсэн тодорхойлолтоор хариуцагч нь нэхэмжлэгчийг цагдан хоригдож байсан хугацаанд нэг ч удаа уулзаагүй, уулзсан талаар бүртгэл байхгүй байна. Үйлчлүүлэгч нь хууль зүйн туслалцаа авах эрхээр хангагдаагүй. Үзлэгийн тэмдэглэлээр үйлчлүүлэгчийн ар гэрийн зүгээс өмгөөлөгчид удаа дараа ажил, үүргээ биелүүлэх шаардлага тавьсан болох нь тогтоогддог. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нотлоогүй. Гомдол гаргасан баримтаа шүүхэд ирүүлээгүй. Гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээг цуцалж төлбөрөө буцаан шаардах эрхтэй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндсэлэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч “ӨХХ” ХХН, Г.Гад холбогдуулан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг цуцалж, 45,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв боловч хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй байна.

4. Талууд 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, нэхэмжлэгч Д.Г нь эрүүгийн хэрэгт хууль эрх зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх, гэрээ байгуулмагц үйлчилгээний урьдчилгаа хөлс 45,000,000 төгрөг төлөх, хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдэж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, түүнтэй адилтгах тогтоол, шийдвэр гарсны дараа байгуулсан гэрээний үлдэгдэл төлбөрийг шилжүүлэх, хариуцагч Г.Г хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцааг хуульд заасан арга хэрэгслээр үзүүлэхээр тохиролцсон байна. Улмаар мөн өдөр “ӨХХ” ХХН, түүнийг төлөөлж захирал Г.Г, “ГМК” ХХК-ийг төлөөлж Д.Г нар өмгөөлөл, эрх зүйн туслалцаа үзүүлэх ажлын болоод хэргийн хүрээ хязгаарыг “эрүүгийн хэрэгт эрх ашгийг хамгаалах, ЧХБ болон “НГ” ХХК-тай холбогдох эрүү, иргэний хэрэгт эрх ашгийг нь хамгаалах” гэж тодорхойлсон байна. /1хх149-151/

            Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Гын “Хаан банк” ХХК дахь дансанд өмгөөллийн ажлын хөлсөнд нийт 45,000,000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч мөнгийг хүлээж авсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй болно. /1хх11-15/

             5. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “эрх зүйн туслалцаа үзүүлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед ямар ч туслалцаа үзүүлээгүй, биечлэн уулзаагүй, утсаа аваагүй, хариу өгөөгүй, үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийн төлөө тууштай ажиллаагүй тул 2019.10.24-ний өдөр гэрээг цуцлахаа мэдэгдсэн” гэж нэхэмжлэгч тайлбарласан.

            Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

            Хариуцагч нь гэрээгээр тохиролцсон ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй боловч тодорхой хэмжээний ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Хэрэгт хариуцагч Г.Г нь ЧХБ болон “НГ” ХХК-д холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож Эрүүгийн Цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тайлбар, хүсэлт, Баянзүрх дүүргийн Прокурорын газарт 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүсэлт, Улсын Ерөнхий прокурорын газарт 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гомдол, Нийслэлийн Прокурорын газарт 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүсэлт, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гомдол тус тус гаргаж байсан, хариуцагчийн гаргасан дээрх хүсэлт, гомдолд холбогдох газраас тухай бүрт нь хариу өгч байсан, тэрээр хэрэг бүртгэлтийн хэрэгт хариуцагч Д.Гонг гэрчийн мэдүүлэг өгөхөд өмгөөлөгчөөр хамт оролцсон нотлох баримтууд хэргийн 1 дүгээр хавтасны 167, 170, 173, 176, 228-242, 2 дугаар хавтасны 2-9, 19-36 дугаар талд авагдсан байна. 

Нэхэмжлэгч тухайн маргаантай асуудлаар холбогдох газарт тайлбар, хүсэлт, гомдол гаргах, нотлох баримт гаргаж өгөх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгөхөд оролцох зэрэг ажлуудыг хийсэн талаар талууд маргаагүй, харин гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй, урьдчилгаа хөлс төлөгдсөнөөр эрх зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа бүрэн хэрэгжээгүй, гэрээний үүргээ хангалттай биелүүлээгүй талаар маргасан.

Гэрээгээр эрх зүйн туслалцаа авагч тал өмгөөлөгчөөс татгалзсан тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүй” гэж тохиролцсон учраас ажлын хөлсийг буцаан өгөх үндэслэлгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс нэхэмжлэгчийн ээж Ж.Даариймаа, эхнэр М.У нарын хариуцагч Г.Гтай гар утсаар харилцсан зурваст хийсэн үзлэгийн тэмдэглэл, Монголын Өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны хянан шалгагчийн маргаан үүсгэх тогтоол, Г.Гын өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар түдгэлзүүлсэн тухай Монголын Өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоол зэргээр хариуцагч Г.Г нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйл баримт тогтоогдсон. /1хх94-124, 205, 2хх12-13/

Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.2, 367.3 дахь хэсэгт “ажиллагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйн улмаас гэрээг цуцалсан бол ажиллагч ажлын хөлс шаардах эрхээ алдана, ажиллагч ажлынхаа хөлсийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг урьдчилан авсан үед гэрээ цуцлагдсан бол урьд олгосон хөлсийг буцаан төлүүлэхийг шаардах эрхтэй ...,” гэж заасан. Нэхэмжлэгч нь гэрээ цуцалж байгаа тохиолдолд цуцлах хүртэл хугацааны хөлсийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажилд тохирсон хөлсийг төлнө.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж өгөх байдлаар эвлэрэн хэлэлцэх санал гаргаж байсан, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “талууд эвлэрэх талаар уулзалт зохион байгуулсан боловч амжилтгүй болсон, хариуцагч тал 20,000,000-30,000,000 гаруй төгрөгийг өгөөд эвлэрэх боломжтой гэж ярьж байсан” гэх тайлбар, мөн хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ зэргийг харьцуулан үзэж хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлыг 15,000,000 төгрөгийн хэмжээнд үнэлэх боломжтой, хариуцагчаас нийт 30,000,000 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлтэй. /2хх79/

            6. Хариуцагч талыг шүүх хуралдаанд оролцуулаагүй, мэтгэлцэх эрхээр хангаагүй гэх гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй.

            Нэхэмжлэлд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хариуцагчийг албадан ирүүлэх, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлах, нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг шүүх хуульд заасан журмын дагуу явуулжээ. Шүүх хуралдаан хариуцагчаас шалтгаалан удаа дараа хойшилж байсан байх бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны товыг талуудад 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдсэн байна. /1хх28, 33-34, 42-43, 68, 71-72, 74, 81, 85, 138-143, 2хх15-17, 41-48, 52-59/

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагчийн өмгөөлөгч Г.Баяржаргал нар 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй болсон нь нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. /2хх65-72/

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2022/02212 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ӨХХ” ХХН болон тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Г.Г нараас 30,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Год олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... 57 дугаар зүйлийн 57.1 ...” гэснийг “...56 дугаар зүйлийн 56.2 ...” гэж, “... 382,950 ...” гэснийг “... 307,950 ...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 383,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

                         

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.НЯМБАЗАР

                     ШҮҮГЧИД                                   Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                  А.МӨНХЗУЛ