| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2022/0288/З |
| Дугаар | 128/ШШ2022/0937 |
| Огноо | 2022-12-12 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2022/0937
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Ө*******, Н.Н*******, Р.Ц*******, М.С*******, П.М*******, О.Г*******, Ц.Н*******, А.С*******, М.Э*******, Г.Б*******, Б.Б*******, А.Б*******
Нэхэмжлэгч М.С*******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Т*******
Нэхэмжлэгч Р.Ц*******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.М*******
Нэхэмжлэгч Ц.Н*******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц*******
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Хот байгуулалт, хөгжлийн газар
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.У*******
Хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б*******, Д.Н*******
Гуравдагч этгээд: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.У*******
Маргааны төрөл: Нэхэмжлэгч нарын эзэмшлийн гараашийн доорх газрыг албадан чөлөөлүүлэх тухай шийдвэр нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б*******, нэхэмжлэгч М.С*******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.М*******, хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У*******, хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Ө*******, Н.Н*******, Р.Ц*******, Ч.С******* нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дипломат байгууллагуудын орон сууцны зүүн талд байрлах 60 автомашины гараашийн 8, 9, 10, 11 дүгээр байршилд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШЗ2022/2711 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.
Мөн нэхэмжлэгч П.М*******, О.Г*******, Ц.Н*******, А.С*******, М.Э*******, Г.Б*******, Б.Б*******, А.Б******* нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дипломат байгууллагуудын орон сууцны зүүн талд, 30а байрны баруун талд байрлах 60 автомашины гараашийн нураах холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 3868 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, мөн оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШЗ2022/7148 дугаар захирамжаар дээрх хэргүүдийг нэгтгэсэн болно.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралтын 101 дэх хэсэг “Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, орон сууцны 30а дугаар байрны баруун талын гараашууд”-ын өөрсдөд хамаарах хэсгийг тус тус хүчингүй болгуулах” гэж тодруулж, харин Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан “Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн МЗХ2022/09-035 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэн гаргасан тул тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШЗ2022/8072 дугаар захирамжаар Хот байгуулалт, хөгжлийн газрыг хамтран хариуцагчаар татсан.
Иймд шүүх Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралтын 101 дэх хэсэг “Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, орон сууцны 30а дугаар байрны баруун талын гараашууд”-ын өөрсдөд хамаарах хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн МЗХ2022/09-035 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах” тухай шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
3. Нийслэлийн Засаг даргын 1997 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А-69 дүгээр захирамжаар “Т*******” ББХК-д Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах 0,03 м.кв газрыг автомашины гараашийн зориулалтаар 4 жилийн хугацаагаар ашиглуулжээ.
“Т*******” ББХК болон иргэн Ж.Ц******* нар 1997 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хувийн машины гарааш барих тухай гэрээг байгуулж, улмаар Р.Ц*******-д 11 тоот гараашийг худалдсан байна.
Мөн Р.Ц******* нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай 1997 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 24 м.кв газрыг гараашийн зориулалтаар 4 жилийн хугацаагаар ашиглах гэрээ байгуулсан байна.
4. Нийслэлийн Засаг даргын 1998 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А-122 дугаар захирамжаар Чингэлтэй дүүрэгт байрлах 60 автомашины гараашийн барилгыг тус дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дипломат байгууллагуудын орон сууцны зүүн талд байрлуулахаар журамлажээ.
Гэвч дээрх гараашуудын газрыг эзэмшүүлэх захирамж гаргахгүй байсан тул иргэн Л.Б*******-с Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 1998 оны А/122 дугаар захирамжийг үндэслэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 60 автомашины гараашийн зориулалтаар 0,08 га газар олгогдсон “С*******” ХХК-ийн гүйцэтгэсэн №7 боксыг эзэмшигч надад гараашийн зориулалтаар 13 м.кв газрыг эзэмшүүлэх эрхийг олгосон захирамж гаргаж өгөхийг даалгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 464 дүгээр шийдвэрээр бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 31 дүгээр магадлалаар хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгч М.С******* нь 2012 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 30а байрны 27 тоот орон сууцыг гараашийн хамт худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авчээ.
6. Харин 9 тоот гараашийн газрыг Ч.С******* гэх иргэн 2004 оны 10 дугаар сарын 25-ны өдөр газрын албатай газар эзэмших гэрээ байгуулан эзэмшиж байгаад нэхэмжлэгч Н.Н*******-д 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гараашийг худалдах, худалдан авах гэрээгээр худалдсан байна.
7. Нэхэмжлэгч О.Г*******, М.Э*******, Г.Б*******, Б.Б*******, А.Б******* нар нь гараашийн газрын төлбөрийг төлж байсан баримтууд хэрэгт авагджээ.
8. Харин нэхэмжлэгч Ц.Н******* нь 14 тоот гараашийн газрыг ашиглахаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай 1997 оны 10 дугаар сарын 23-ны өдөр газар ашиглах гэрээг байгуулжээ.
7. Нэхэмжлэгч А.С******* нь 1999 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “С*******” ХХК-тай гарааш барьж эзэмших гэрээг байгуулж улмаар 17 тоот гараашийг эзэмшжээ.
8. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дүгээр захирамжаар 2022 оныг “Хотын иргэний жил” болгон зарласан байна.
Улмаар Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжаар нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг баталжээ.
Уг байршилд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 30а байрны баруун талд байрлах 30 ширхэг гараашийн газар багтжээ.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас дээрх захирамжийн хэрэгжилтийг хангаж, холбогдох ажлыг зохион байгуулахыг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01-07/1054 дүгээр албан бичгээр Хот байгуулалт, хөгжлийн газарт хүргүүлсний дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт “Дээрээ тохижилт бүхий газар доорх авто зогсоолын барилга” барих МЗХ2022/09-035 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр олгожээ.
9. Нэхэмжлэгч нар дээрх захирамжийг эс зөвшөөрч 2022 оны 03 дугаар сарын 24 болон 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрүүдэд тус тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
10. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Нэхэмжлэгч бид нар өөрсдийн эзэмшлийн гараашуудаа:
Нийслэлийн Засаг даргын 1997 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Газар ашиглуулах, эзэмшүүлэх эрх олгох тухай" А-69 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэлтэй, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэр, Дипломат байгууллагуудын орон сууцны зүүн талд байрлах 60 авто машиныг барих зөвшөөрөлтэй, зохих барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгавартай, техникийн нөхцлүүдийн дагуу баригдсан гаражнуудыг "Т*******" ББХК-иас;
Мөн Нийслэлийн Засаг даргын 1998 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Гаражнуудыг журамлах тухай" А-122 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлтэй, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэр, Дипломат байгууллагуудын орон сууцны зүүн талд байрлах 60 авто машиныг барих зөвшөөрөлтэй, зохих барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгавартай, техникийн нөхцлүүдийн дагуу баригдсан гаражнуудыг "С*******" ХХК-иас тус тус худалдан авч өнөөдрийг хүртэл тухайн гараашуудыг зориулалтын дагуу ашиглаж байгаа билээ.
Иргэд бидний ашиглаж байгаа гараашуудыг Нийслэлийн Засаг даргын 1997 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн "Газар ашиглуулах, эзэмшүүлэх эрх олгох тухай" А-69 дүгээр захирамж болон 1998 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Гараашуудыг журамлах тухай" А-122 дугаар захирамжаар эрх авсан компани барьж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд худалдсан бөгөөд тус иргэдээс худалдаж авсан зохих газрын гэрээг дүүргийн газрын албатай байгуулж ирсэн, дээр дурдсан захирамж, хувийн авто машины гарааш барих гэрээ, иргэдтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, бодит байдал дээр анхны зориулалт зөрчсөн зүйлгүй, түгжрэл үүсгэж, ногоон байгууламж барих талбайд байрлаагүй болно.
Түүнчлэн 2000 оноос хойш өнөөг хүртэл газар эзэмших гэрчилгээний зөвшөөрлийг баталгаажуулж өгөхгүй байгаа.
Мөн хэрэг нэгтгэсэнтэй холбогдон Б.Ө******* нарын нэхэмжлэлтэй хэрэгт Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн M3X2022/09-035 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар авагдаж, маргаан бүхий газар буюу Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, орон сууцны 30а байрны баруун тал 0,45 га газарт “Дээрээ тохижилт бүхий газар доорх авто зогсоолын барилга"-ыг барихаар тус даалгаварт тусгаж баталгаажуулсан байна. Гэтэл нэхэмжлэгч нарын хэн нь ч энэ талаар огт мэдээгүй.
Tyc зorcooлын барилга нь энэ онд хэрэгжихээр төлөвлөгдсөн анхны тохиолдол биш бөгөөд 2010 оноос хойш хотын үе үеийн эрх бүхий албан тушаалтнууд маргаан бүхий газарт барилга барих зөвшөөрлийг олгосоор ирсэн байдаг. Ийнхүү “нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчин амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах нэрээр иргэд, оршин суугчдын Үндсэн хуулиар олгогдсон өмчлөх эрхэд ямар ч үндэслэлгүйгээр халдаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Хариуцагчийн энэхүү шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан суурь зарчмыг ноцтой зөрчсөн төдийгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан хуульд үндэслэх, үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангаж, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг тус тус зөрчсөн, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасан захиргааны шийдвэр гаргах нөхцөл байдал, холбогдох нотлох баримтуудыг цуглуулах, судалгаа хийх, баримтаар тогтоох, сонсох ажиллагаа явуулах үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас ийнхүү алдаатай шийдвэрүүд гаргасан байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралтын 101 дэх хэсэг “Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, орон сууцны 30а дугаар байрны баруун талын гараашууд”-ын өөрсдөд хамаарах хэсгийг тус тус хүчингүй болгуулж, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн МЗХ2022/09-035 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулж өгнө үү.” гэжээ.
11. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус гараашууд 1997 оны А/69, 1998 оны 122 дугаар Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар олгоод гараашийн зориулалтаар ашиглана гээд хувиараа эрхлэх аж ахуй нарт олгосон байдаг. Түүний дагуу нийт 60 гарааш баригдаад 30 гарааш нь тодорхой иргэдийн нэр дээ байгаа. 30 дипломатуудын хотхонд хамаарах байдлаар 60 гарааш өнөөдрийн байдлаар тухайн газар байршиж байна.
Нийслэлийн Засаг даргын А/388 дугаар захирамж гарахдаа ямар зорилго, зориулалтаар гарсан бэ гэхээр авто замын түгжрэлийг бууруулах, газар ашиглалтыг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх чиглэлд гараад байна. А/388 дугаар захирамж газрын зөрчил арилгахтай холбогддог. Эдгээр 12 иргэн ямар нэгэн байдлаар Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн зөрчил байхгүй. Иргэн, хуулийн этгээдийг хохироосон нийтийн ашиг сонирхолд хохирол учруулахуйц үйлдэл, үйл ажиллагаа явуулсан зүйл ч байхгүй.
Гараашуудын байрлалын хувьд Г хэлбэртэй, зөвхөн хойд талаараа 30а байрны хаалт хэсгээр ордог. Баруун, урд талаараа ямар нэгэн авто зам байтугай явган хүн зорчих хөдөлгөөнийг хязгаарлаагүй. 30 гараашийг буулгалаа гэж бодоход захирамж дээр дурдаж байгаа зорилго биелэх үгүйг анхаарах зүйтэй. Үлдсэн залгаа байгаа 30 гарааш өнөөдрийг хүртэл буулгагдаагүй байгаа. Ийм нөхцөл байдалд авто замын сүлжээ, түгжрэлийг бууруулах, явган хүний хөдөлгөөнд эерэг нөлөөл бие болгох зорилго биелэхгүй.
Өмнө ийм шийдвэр гарч байсан. Тухайн шийдвэртэй н.М******* иргэн маргаад шүүхээр 2011, 2012 онд шийдвэрээ гаргуулаад, хууль ёсоор газрыг эзэмших эрхтэй, гараашийг ч эзэмших эрхтэй гэсэн дүгнэлтийг шүүхээс хийж байсан. Нэг мөр хуулийг хэрэглэх үүднээс тухайн шийдвэрүүдийг нэхэмжлэгчийн зүгээс хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Тухайн маргаан бүхий газар Гаалийн ерөнхий газрын барилгыг барина гэдэг төлөвлөлт хийгдээд Гаалийн ерөнхий газарт газар олгосон шийдвэртэй СӨХ маргаад энэ СӨХ орчмын газар гэдэг дүгнэлт бүхий шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байгаа.
Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх” гэж заасан. Нэгэнт энэ үл хөдлөх эд хөрөнгө мөн. Гэрчилгээтэй байна уу, үгүй юу гэдэг нь хөрөнгө гэж тооцох үндэслэл биш. Өмч өөрөө бий болж байж дараа нь бүртгэгддэг. Бүртгэгдсэнээр тодорхой эрх зүйн харилцаанд ороод боломжийг өмчлөгчдөө олгодог. Бүртгэл өөрөө өмчийг бий болгодоггүй. Гарааш баригдчихсан тодорхой зардал мөнгө зарцуулагдчихсан байхад өмч биш, юу ч биш гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Тэгсэн мөртлөө газрын төлбөр аваад байдаг ойлгомжгүй зүйл байна. Нэхэмжлэгч тодорхой хэмжээнд гэрчилгээ авъя, гэрээ байгуулъя гэдэг хүсэл сонирхлоо илэрхийлээд явж байсан гэдгээ хэлж байна. Засаг дарга, газрын алба, хариуцсан нэгж хэлтсүүд гэрчилгээ гаргуулах шаардлагагүй газрын төлбөрөө төлөөд явж бай гэдэг байдлаар өнөөдөр 1997, 1998 оноос хойш 25 жил болсон байна.
Бодитоор гараашаа эзэмшээд ашиглаад явж байгаа хүмүүс нэхэмжлэл гаргасан. 1997, 1998 оны Засаг даргын захирамжуудын үр дагавар үйлчлэл өнөөдрийг хүртэл хүчинтэй явах ёстой. Яагаад гэвэл 1998 оны А/122 дугаар захирамжийн 1 дэх заалтад “Нийслэл хотод авто машины тоо эрс нэмэгдэж, орон сууц, хорооллуудад нийтийн эзэмшил болон хүүхдийн тоглоомын талбай, инженерийн шугам сүлжээн дээр байрлуулсан гараашнуудыг журамлах зорилгоор нүүлгэн шилжүүлэх, гараашнуудыг түр байршуулахыг нэгдүгээр хавсралтын дагуу” гэж байгаа. Шинээр баригдах төвлөрсөн гараашнуудын байршлуудыг хоёрдугаар хавсралтын дагуу тус тус баталсугай гэж заасан. Өнөөдрийн 60 гарааш бол тус захирамжийн 2 дугаар хавсралтаар батлагдсан. Түр гэж тодорхойлогдохгүй тийм гараашнууд. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасныг шүүх анхаараасай гэж хүсэж байна.” гэв.
12. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У******* татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
“Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, 20.2.2-т газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зерчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах гэж заасан бөгөөд нийслэлийн Засаг дарга нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх зөрчил арилгах тухай А/388 дугаар захирамжийг гаргасан болно.
1994 оны Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг энэ хуульд заасан хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр эзэмшүүлнэ” гэж заасан боловч нэхэмжлэгч нарт тухайн үедээ гэрээгээр газар ашиглуулж байсан гэж үзэж байна.
Төрийн өмчийн газрын ашиглаж, ашигтай чанарыг гаргаж байгаа бол хуульд заасны дагуу төлбөр төлөх нь тухайн этгээдийн үүрэг тул захиргааны байгууллагаас холбогдох хугацаанд төлбөр авч ашиглуулж байсан.
Одоо маргаан бүхий газарт байрлаж буй тухайн гараашууд нь газар эзэмших эрхгүй тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д тус тус заасны дагуу газар чөлөөлөх арга хэмжээ авахаар нийслэлийн Засаг дарга нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх зөрчил арилгах тухай А/388 дугаар захирамжид тусгасан болно.
Иймд нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн A/388 дугаар захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
13. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урангоо шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Газрын тухай хуульд заасны дагуу газрыг шийдвэр, гэрээ, гэрчилгээний үндсэн дээр газрыг эзэмших, ашиглах ёстой. Нэхэмжлэгч нарын хувьд хуулийн дагуу эзэмшиж байгаа шийдвэр байхгүй учир тухайн газрыг зөвшөөрөлгүй ашиглаж байна гэдэг үндэслэлээр А/388 дугаар захирамжийн хүрээнд энэ захирамжид багтаж байгаа. 1997 оны 69 дүгээр шийдвэрийн хүрээнд нэхэмжлэгч нар гараашийг баригдсан гэж үзэж байгаа. Нэгж талбар бүр гэрээ гэрчилгээтэй байна. 1997 онд гэрээ, гэрчилгээг авсан ч гэсэн 2002 оноос өмнө 1994 оны газрын тухай хууль хугацаатай байгаа. Газар эзэмшигч нь тухайн газрын гэрээ, гэрчилгээг сунгуулах үүрэгтэй. Газар эзэмших эрх нь дуусгавар болсон учраас нэхэмжлэгч нарт газрыг чөлөөлөх үүрэг нь үүсэж байгаа юм. Тиймээс маргаан бүхий захирамжийн хүрээнд тухайн газрыг зөвшөөрөлгүй эзэмшиж, ашиглаж байгаа үндэслэлээр чөлөөлөөд, орчны нийтийн ашиг сонирхлын үүднээс оршин суугчид бүрэн ашиглах тохижилт хийгдэх боломжтой байгаа.
… н.Б*******-ийн нэхэмжлэлтэй хэргийг холбож яриад байна. Даалгах нэхэмжлэлийн агуулгатай тусдаа өргөдөл, гомдол өгөөд шийдвэрлээгүй байна гээд явж байсан. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан. Нэхэмжлэгч нарын хувьд ямар нэгэн байдлаар шийдвэрүүд байхгүй учраас хууль ёсны эрх ашиг сонирхол гэдэг зүйл яригдахгүй гэж үзэж байна.” гэв.
14. Хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
“Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах тухай албан бичиг ирүүлсэн бөгөөд тус захирамжид Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, орон сууцны 30а байрны баруун талд 0.45 га газар багтсан.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжигдсэнээр 2345 м.кв талбайд газар доорх -1, -2 давхар “Дээрээр тохижилт бүхий газар доорх авто зогсоолын барилга" барих 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ГБМЗХ2022/09-035 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон байна.
Нийслэлийн Засаг дарга нь тус газрыг харьяалах дээд шатны байгууллага бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх явцад гарсан захиргааны акт байна. Газар олголт болон түүнтэй холбоотой асуудлыг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар шийдвэрлэдэггүй болно.
Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
15. Хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4-д заасныг үндэслээд газар эзэмших эрхийн зөвшөөрөлгүй, зөрчилтэй иргэдийг хууль бус гэж үзэж Нийслэлийн Засаг даргын А/388 дугаар захирамжийн дагуу арга хэмжээ авсан. Эдгээр иргэд нь газар эзэмших эрхийн гэрээ байгуулаагүй, эрх бүхий байгууллага, албан тушаал захирамж шийдвэр гараагүй. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1, 21.2.2-т зааснаар Нийслэлийн Засаг дарга нь авто машины гараашны зориулалтаар иргэнд газар эзэмшүүлэх эрх байхгүй, үүрэг хүлээгээгүй болно.
Иймд Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу төр өөрийн өмчлөлийн газраа чөлөөлсөн байна. Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн МЗХ/202209035 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар бол Нийслэлийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр хууль зүйн үндэслэлтэй. Төр өөрийнхөө эрхийнхээ хүрээнд гаргасан захиргааны акт байгаа.” гэв.
16. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
“Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/388 дугаар захирамжийн дагуу Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах орон сууцны 30а байрны баруун талд байрлах 30 гараашийг чөлөөлж, тус байрлалд авто зам, явган хүний зам, тохижилтын нэгдсэн зураг төслийг боловсруулж, батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт тус тус даалгасан.
30 гараашийг чөлөөлсөн тохиолдолд нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/388 дугаар захирамжийн зорилтын хүрээнд тус хорооны оршин суугчдад нийтээр ашиглаж болохуйц тохижилт хийгдэх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
17. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Тухайн газар дээр чөлөөлөх асуудлыг Газар зохион байгуулалтын алба хэрэгжүүлж байгаа. А/388 дугар захирамжийн хүрээнд хэрэгжилтийн асуудлыг Хот байгуулалт, хөгжлийн газраас хариуцаад ажиллаж байгаа. Үүний дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар дээр гарч байгаа. Тохижилтыг хийгдээд дууссаны дараа Нийслэлийн Засаг даргын Тамгын газар дүүрэг рүү шилжүүлнэ. Дүүрэг тухайн тохижилттой холбоотойгоор арчлалтыг хийгээд явна. Тухайн тохижилт нь оршин суугчдад зориулсан.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэлээ.
Учир нь нэхэмжлэгч Б.Ө*******, П.М******* нар нь өөрсдийн эзэмшиж байсан гэх гараашуудын доорх газрыг эзэмших гэрээгүй, газрын төлбөр төлж байсан баримтгүй, маргаан бүхий гараашуудын хууль ёсны эзэмшигч, өмчлөгч болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5.“нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан;”, 109 дүгээр зүйлийн 109.2.“Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж зааснаар тус захиргааны хэргийн Б.Ө*******, П.М******* нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
2. Тодорхойлох хэсэгт дурдсанчлан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, орон сууцны 30а дугаар байрны баруун талд байрлах гараашуудын газрыг анх Нийслэлийн Засаг даргын 1997 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А-69 дүгээр захирамжаар “Т*******” ББХК-д ашиглах эрхийг олгосноор баригдаж, Нийслэлийн Засаг даргын 1998 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А-122 дугаар захирамжаар дээрх гараашуудын барилгыг тус дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дипломат байгууллагуудын орон сууцны зүүн талд байрлуулахаар журамлажээ.
Түүнчлэн дээрх гараашуудын газрыг иргэд эзэмших эрхтэй буюу гараашууд нь зөвшөөрөлтэй баригдсан болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 464 дүгээр шийдвэрээр тогтоогдож байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.“Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 34 дүгээр зүйлийн 34.1.“Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.” гэж заажээ.
Нэгэнт тус байршил дахь гараашууд зөвшөөрөлтэй баригдсан тул газар эзэмшүүлэх шийдвэрийг үндэслэн газрын гэрээ, гэрчилгээ олгох нь захиргааны байгууллын үүрэг байх бөгөөд нэхэмжлэгч иргэд дээрх хуульд зааснаар хүчин төгөлдөр газар эзэмших гэрээ, гэрчилгээгүй боловч нэхэмжлэгч нар гэрээ байгуулж, гэрчилгээ олгуулахаар очиход газрын төлбөрөө төлж байхад болох талаар тайлбарлаж байсан гэж мэтгэлцэж байх тул Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.“Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө.” гэж зааснаар маргаан бүхий гараашуудын газрыг эзэмшиж байсан гэж үзэхээр байна.
Мөн газрыг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхдээ газрын гэрээ гэрчилгээг олгоогүй үндэслэл, газар эзэмших эрхтэй байсан эсэх зэрэг асуудлыг судалж нөхцөл байдлыг тогтоогоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24.1.“Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2.“Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.” гэж заасан шийдвэр гарах бүхий л нөхцөл байдлыг тогтоох үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй байна.
3. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамж нь нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай дахь орц, гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж байгаа гэсэн үндэслэлээр газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахаар гарсан боловч нэхэмжлэгч нарын эзэмшиж буй гэх гараашууд байрлаж байгаа газар нь дээрх захирамжид заасан үндэслэлд хамаарч байгаа эсэхийг хангалттай тогтоогоогүй байна.
Дээрх байдлаар Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамж нь хууль бус болох нь тогтоогдож байх тул Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралтын 101 дэх хэсэг “Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, орон сууцны 30а дугаар байрны баруун талын гараашууд”-ын Н.Н*******, Р.Ц*******, М.С*******, О.Г*******, Ц.Н*******, А.С*******, М.Э*******, Г.Б*******, Б.Б*******, А.Б******* нарт хамаарах хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
4. Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хот байгуулалт, хөгжлийн газраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт олгосон “Дээрээ тохижилт бүхий газар доорх авто зогсоолын барилга"-ыг барих 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн M3X2022/09-035 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар мөн адил хууль бус акт болох юм.
Учир нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт газар эзэмшүүлсэн шийдвэр гараагүй байхад тус чөлөөлсөн газарт маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын захирамжид зааснаар иргэдийн амарч, зугаалах тохижилт бус “Дээрээ тохижилт бүхий газар доорх авто зогсоолын барилга"-ыг барих Архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.”Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 27.4.”Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэж заасныг зөрчсөн байна.
Иймд нэхэмжлэгч Н.Н*******, Р.Ц*******, М.С*******, О.Г*******, Ц.Н*******, А.С*******, М.Э*******, Г.Б*******, Б.Б*******, А.Б******* нараас гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралтын 101 дэх хэсэг “Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, орон сууцны 30а дугаар байрны баруун талын гараашууд”-ын өөрсдөд хамаарах хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн МЗХ2022/09-035 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах” тухай шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН