Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2022/01159

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол, С гудамжны  дүгээр барилгын  давхарт байрлах Б ХХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг,  дугаар хороо, Ү байрны  тоотод оршин суух В овогт Э Д /РД:*****/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 63 465 879,12 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

З

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, хариуцагч Э.Д, түүний өмгөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч  Б ХХК нь хариуцагч Э.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 63 465 879,12 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Зээлдэгч Э.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр №ЗГ01000 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд 00068 тоот гэрчилгээний дугаартай, Улсын бүртгэлийн Ү-22060 тоот гэрчилгээтэй, Х дүүрэг,  хороо, байрны  тоот 71 м.кв гурван өрөө орон сууцыг барьцаалж, зээл болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, тус ББСБ-аас 12 сарын хугацаатай 40,000,000 төгрөгийг нэг сарын 4,2 хувийн хүүтэйгээр зээлсэн. Иймд зээлдэгч Э.Д-аас зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээл 32,982,007.59 төгрөг, зээлийн хүүнд 24,348,974.37  төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,135,007.16 төгрөг, түүнчлэн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №ЗГ010000 тоот барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.10-д заасны дагуу өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 6,350,000 төгрөг буюу нийт 69,815,879.12 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 577,229.40 төгрөгийн хамт гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч нь шүүхийн шийдвэр /захирамж/-ийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох дээр дурдсан үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэсэн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Э.Д-тай байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусгавар болж зээлийн гэрээний 3.1.3-т заасан гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртлэх хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна. Анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үндсэн зээл 32 982 007.59 төгрөг, зээлийн хүүнд 24 348 974.37  төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6 135 007.16 төгрөг, өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 6 350 000 төгрөг буюу нийт 69 815 879.12 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч өмгөөллийн  хөлс болох 6 350 000 төгрөгөөс татгалзаж, нийт 63 465 879.12 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

Иймд хариуцагч Э.Д-аас 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан №ЗГ010000 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 32 982 007 төгрөг, зээлийн хүү 24 348 974 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 135 007 төгрөг нийт 63 465 879,12 төгрөгийг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Э.Д хариу тайлбартаа: Миний бие Б ХХК-иас 40,000,000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зээлсэн. Өнгөрсөн хугацаанд Б ХХК-нд 37 295 193 төгрөгийг төлж барагдуулсан. Иймд Б ББСБ-ийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжилсэн 69 815 879 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна, харин үндсэн зээл болон зээлийн гэрээний сунгасан хугацааны хүү нийт 39 000 000 төгрөгийг бол төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээлийн тооцоолол,  Б ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн №00021 дугаартай гэрчилгээ, Санхүүгийн зохицуулах хорооны 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн №ТЗ1 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Э.Д-ын 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн зээл хүсэх тухай өргөдөл, 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн №ЗГ0100 тоот Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн №ЗГ01000 тоот барьцааны гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Х банкны 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн Э.Д-ын зээлийн гэрээг сунгах хүсэлт, 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн №ЗГ01000 тоот Зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2020 оны 3 сарын 28-ны өдрийн Э.Д-ын хүсэлт, 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн №ЗГ0100 тоот Зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт /үндсэн зээлийн хойшлуулах/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2020 оны 7 дугаар срын 28-ны өдрийн Э.Д-ын хүсэлт, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн №ЗГ0100 тоот Зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, зээлийн эргэн төлөлтийн хувааарь, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн №ЗГ0100 тоот Зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, Э.Д-ын хүсэлт, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн гэрээний үүргээ гүйцэтгэх тухай шаардлага, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний үүргээ гүйцэтгэх тухай мэдэгдэл гэсэн баримтуудыг /хэргийн хуудас/,

хариуцагчаас хариу тайлбар, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ гэсэн баримтуудыг /хэргийн хуудас/ шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  Б ХХК-ийн хариуцагч Э.Д-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 63 465 879,12 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Э.Д-аас зээлийн гэрээний үүрэгт 57 241 567 төгрөгийг гаргуулж, үүргээ гүйцэтгээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 6 224 312 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Э.Д-ыг зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, зээлээ хугацаандаа төлөөгүй тул 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 32 982 007 төгрөг, төлөгдөөгүй зээлийн хүү 24 348 974 төгрөг, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс нэмэгдүүлсэн хүү 6 135 007 төгрөг, нийт 63 465 879,12 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэсэн.

Хариуцагч нь нэхэмжлэгч  Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь зөвшөөрөхгүй, үндсэн зээл 32 982 007 төгрөг, зээлийн гэрээний хүүнд зөвхөн хугацаа сунгасан 24 сарын хүү болох 6 017 993 төгрөг, нийт 39 000 000 төгрөгийг зээлийн үүрэгт төлнө, цар тахалын үед нэмэгдүүлсэн хүү шаардсан нь үндэслэлгүй, зээлийн гэрээг сунгаагүй байж хүү шаардаад байгаа нь хууль зөрчиж байна гэж үгүйсгэсэн.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч  Б ХХК нь хариуцагч Э.Д-тай 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр №ЗГ0 тоот зээлийн гэрээ байгуулж, 40 000 000 төгрөгийг сарын 4,2 хувийн хүүтэй, 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатай бизнесийн эргэлтийн хөрөнгөд зориулан зээлж, зээлийн барьцаанд 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн №ЗГ010 тоот барьцааны гэрээ байгуулж, Улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй Э.Д-ын өмчлөлийн Х дүүргийн  дугаар хороо, Ү байр  тоот хаягт байршилтай 71 м.кв талбайтай,  өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан  болох нь тогтоогдож байна.

Мөн талууд 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацааг 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр зээлийн хугацааг 6 сараар буюу 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүртэл, 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр /үндсэн зээлийн хойшлуулах/ 2020 оны 7 сарын 28-ны өдрийг хүртэл хойшлуулахаар, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр зээлийн хугацааг 6 сараар буюу 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийг хүртлэх хугацаагаар сунгаж, 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр зээлийн гэрээний 2.8-ийг “2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зээлдэгч нь эргэн төлөлт хийхдээ энэхүү гэрээнд заасан QR кодыг уншуулж Б аппликейшн ашиглан төлбөрөө төлөх, мөн бусад банкны интернет аппликейшн QPay үйлчилгээгээр дамжуулан тус ББСБ дахь өөрийн 1500 тоот харилцах дансанд төлбөрөө төлнө” гэж өөрчилжээ.

 

Талуудын маргааны зүйл нь зээлийн гэрээний үүргийг хугацаандаа төлөөгүйгээс үүссэн хүү, нэмэгдүүлсэн хүү байх бөгөөд зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, зээлийн гэрээ байгуулсан болон гэрээний сунгалтыг хийсэн талаараа зохигч маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 451.2-т “зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж зааснаар нэхэмжлэгч  Б ХХК нь 40 000 000 төгрөгийг хариуцагч Э.Д-д шилжүүлсэн ба зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн №ЗГ010000 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 32 982 007 төгрөг, зээлийг ашигласан хугацааны буюу 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 31-ний хүртлэх хүү 24 348 974 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй нэмэгдүүлсэн хүү 6 135 007 төгрөг, нийт 63 465 879 төгрөгийн үүргээ гүйцэтгээгүй гэсэн.

            Хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн зээлийн тооцооллын талаар маргаагүй бөгөөд 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн №ЗГ01000 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 7 017 922 төгрөг, хүүнд 28 653 340 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 89 414 төгрөг, нийт 35 760 676 төгрөгийг төлсөн боловч корона вирусын тархалттай холбоотойгоор эрхэлдэг ажил үйлчилгээ зогсонги байдалд орсноос гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсон, зээлийн гэрээний хугацаанд дахь хүүг л төлнө гэж мэтгэлцсэн.

 

            Зохигч талуудын хооронд 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээг 12 сарын хугацаатай байгуулж, гэрээний хугацааг 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 6 сараар, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр дахин 6 сараар сунгаж, гэрээний хугацаа нь 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр дууссан боловч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан, мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.6-д энэ талаар харилцан тохиролцсон байх тул хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардсан зээлийг ашигласны хүү, хугацаандаа төлөөгүйн хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.

Хууль зүйн мэдээллийн нэгдсэн системд байрлах “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн № тоот Монгол улсын Засгийн газрын тогтоолын 8-д “банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг М (Б.Л), Санхүүгийн зохицуулах хороо (Д.Б)-д тус тус зөвлөсүгэй” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацааг сунгаж, үндсэн зээлийг хойшлуулах арга хэмжээг авч байсан боловч улс орон даяар үүссэн цар тахалын үед нэмэгдүүлсэн хүүг тооцсон нь үндэслэлгүй байна гэж үзэв.

Иймд хариуцагч Э.Д-аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 32 982 007 төгрөг, зээлийг ашигласан хугацааны хүү 24 348 974 төгрөг, нийт 57 330 981 төгрөгнөөс хариуцагчийн нэмэгдүүлсэн хүүнд төлсөн гэх 89 414 төгрөгийг хасч 57 241 567 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү 6 135 007 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. /32 982 007+24 348 974=57 330 981-89 414=57 241 56/

 

Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд зохигч талууд 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр №ЗГ010000600618 тоот барьцааны гэрээ байгуулж, Улсын бүртгэлийн Ү-2206057685 дугаарт бүртгэлтэй Э.Д-ын өмчлөлийн Х дүүргийн  дугаар хороо, Ү байр  тоот хаягт байршилтай 71 м.кв талбайтай,  өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ.

Зохигч талууд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээ байгуулсан талаараа маргаагүй бөгөөд барьцааны хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч Э.Д-ын өмчлөлд бүртгэлтэй байх тул талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний 5.4, 6.1-д энэ талаар харилцан тохиролцсон байна.

Иймд хариуцагч Э.Д нь үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг худалдах буюу бусад хэлбэрээр борлуулах замаар түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557 229 төгрөгийг /70 200+507 029/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Д-аас 514 357 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч  Б ХХК-нд олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Э.Д-аас зээлийн гэрээний үүрэгт 57 241 567 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 224 312 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Э.Д-ыг үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол Улсын бүртгэлийн Ү-2206057685 дугаарт бүртгэлтэй Э.Д-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр /17042/ 52 дугаар байр 85 тоот хаягт байршилтай 71 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч  Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557 229 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Д-аас улсын тэмдэгтийн хураамжид  514 357 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  Б ХХК-нд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН