Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01558

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01558

 

 

 

БИД ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Баясгалан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/01159 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч БИД ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.Д-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 63,465,879.12 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, хариуцагчийн өмгөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Зээлдэгч Э.Д- нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр №ЗГ010000600618 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд 000687530 тоот гэрчилгээний дугаартай, Улсын бүртгэлийн Ү-2206057600 тоот гэрчилгээтэй, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр /17042/ 52-р байрны 00 тоот 71 м.кв гурван өрөө орон сууцыг барьцаалж, зээл болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, тус ББСБ-аас 12 сарын хугацаатай 40,000,000 төгрөгийг нэг сарын 4,2 хувийн хүүтэйгээр зээлсэн. Иймд зээлдэгч Э.Д-аас зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээл 32,982,007.59 төгрөг, зээлийн хүүнд 24,348,974.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,135,007.16 төгрөг, түүнчлэн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №ЗГ010000600618 тоот барьцааны гэрээний 5.10-д заасны дагуу өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 6,350,000 төгрөг, нийт 69,815,879.12 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 577,229.40 төгрөгийн хамт гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Зээлдэгч Э.Д-тай байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусгавар болж зээлийн гэрээний 3.1.3-т заасан гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртлэх хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна. Анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үндсэн зээл 32,982,007.59 төгрөг, зээлийн хүүнд 24,348,974.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,135,007.16 төгрөг, өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 6,350,000 төгрөг буюу нийт 69,815,879.12 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч өмгөөллийн хөлс болох 6,350,000 төгрөгөөс татгалзаж, нийт 63,465,879.12 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

Иймд хариуцагч Э.Д-аас 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан №ЗГ010000600618 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 32,982,007 төгрөг, зээлийн хүү 24,348,974 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,135,007 төгрөг, нийт 63,465,879.12 төгрөгийг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Миний бие БИД ББСБ ХХК-аас 40,000,000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зээлсэн. Өнгөрсөн хугацаанд БИД ББСБ ХХК-д 37,295,193 төгрөгийг төлж барагдуулсан. Иймд нэхэмжилсэн 69,815,879 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин үндсэн зээл болон зээлийн гэрээний сунгасан хугацааны хүү нийт 39,000,000 төгрөгийг бол төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Д-аас зээлийн гэрээний үүрэгт 57,241,567 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч БИД ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,224,312 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Д-ыг үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол Улсын бүртгэлийн Ү-2206057685 дугаарт бүртгэлтэй Э.Д-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр /17042/ 52 дугаар байр 00 тоот хаягт байршилтай 71 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч БИД ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,229 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Д-аас улсын тэмдэгтийн хураамжид 514,357 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БИД ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Би БИД ББСБ ХХК-тай байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээгээр 40,000,000 төгрөгийг сарын 4,2 хувийн 12 сарын хугацаатай зээлсэн. Дээрх зээлийн гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр 6 сараар, 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр дахин 6 сараар сунгасан. Гэтэл шүүх зээлийн гэрээний хүүг тооцохдоо зээлийн гэрээний хугацаагаар биш, ашигласан хугацаагаар хүүг тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал зээлийн гэрээний хугацаанд сарын 4,2 хувиар тооцож хүү бодох эрхтэй бөгөөд зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү нэмж нэхэмжлэх эрхтэй байсан болохоос талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаанаас үл хамааран ашигласан хугацааны хүү тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/203 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар банкны хүү бодох... аргачлал ...-ын журмыг баталсан бөгөөд тус журамд нэмэгдүүлсэн хүү гэж гэрээнд заасан хугацаанд үндсэн төлбөрийг эргүүлэн төлөөгүй тохиолдолд Иргэний хуульд заасан хувиас хэтрэхгүй хувь хэмжээгээр үндсэн хүүг нэмэгдүүлж тооцсон хүүгийн хувь хэмжээ гэж тодорхойлсон. Үүнээс харахад нэхэмжлэгч талуудын байгуулсан гэрээнд заасан хугацаанд сарын 4,2 хувийн хүү тооцож авах эрхтэй бөгөөд гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гэрээгээр тохирсон 4,2 хувийн хүүг биш харин нэмэгдүүлсэн хүүг тооцож авах эрх үүсэх байсан. Зээлийн хугацаанд дэлхий нийтээр тархсан цар тахал Ковид-19 халдварын хөл хорионы үеэл Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 тоот Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотой эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний тухай тогтоол гаргасан. Уг тогтоолын 8-д Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр ... арга хэмжээг ... авч хэрэгжүүлэхийг ... зөвлөсүгэй гэж шийдвэрлэж байсан. Иймд хариуцагч Ковид-19 халдварын хүнд хэцүү нөхцөл байдлын үед иргэд, зээлдэгчээс нэмэгдүүлсэн хүү тооцож авах эрхгүй болсон.

Иймээс миний бие зээлийн үндсэн төлбөр 40,000,000, 1 сарын 4,2 хувиар тооцож 24 сарын хугацааны хүү 40,320,000 төгрөг, нийт 80,320,000 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд үүнээс 35,760,675 төгрөг төлсөн тул 44,559,325 төгрөг төлөхөөр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас гаргуулах үнийн дүнг 44,559,325 төгрөг болгон өөрчилж, үлдэх 12,682,242 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөр дуусгавар болсон гэж хариуцагч тал тайлбарласан. Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр шинэчлэн батлагдсан. Уг хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэх заалтын дагуу нэхэмжлэл гаргасан. Монгол Улсад ковид-19 цар тахал гарсантай холбоотой нөхцөл байдлаас үүдэн Засгийн газраас тогтоол гарган зээлийн нэмэгдүүлсэн хүүг чөлөөлсөн. Зээлдэгч хүсэлт гаргасны дагуу зээлийн гэрээг сунгаж байгуулаад хүүг зээлдэгчид дарамт учруулахгүй байдлаар хувиарлах тухай тогтоол гарсан. Манай байгууллага Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан журмыг мөрдөж байсан. Хариуцагч хүсэлт гаргасан боловч зээлийн гэрээг сунгаж байгуулаагүй. Гэрээ сунгаж байгуулах тухай хариуцагчид удаа дараа мэдэгдсэн. 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчид мэдэгдэх хуудас явуулсан. Мэдэгдэх хуудсыг хүлээж авсан атлаа гэрээг өөрийн биеэр ирж байгуулаагүй тул нэхэмжлэгч байгууллагын зүгээс шүүхэд хандсан. Шүүх нэхэмжлэлийн шаардлага болох нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд маргаагүй. Хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул зээлийн хүүг төлөх үүрэгтэй.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

1. Нэхэмжлэгч БИД ББСБ ХХК нь хариуцагч Э.Д-д холбогдуулан зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 32.982,007.59, зээлийн хүүд 24,348,974.37, нэмэгдүүлсэн хүүд 6,135,007.16 нийт 63,465,879.12 гаргуулах, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцааны хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206057600 тоотод бүртгэлтэй Хан уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр/17042/ 52 дугаар байрны 00 тоот, 71 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, үндсэн зээлд 32,982,007 төгрөг, зээлийн гэрээг сунгасан 24 сарын зээлийн хүүд 6,017,993 төгрөг, нийт 39,000,000 төгрөг төлнө гэж маргажээ.

 

2. Нэхэмжлэгч БИД ББСБ ХХК-аас хариуцагч Э.Д- 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээгээр 40,000,000 төгрөгийг сарын 4,2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэж авч, зээлийн барьцааны гэрээгээр дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан, мөн талууд 2020 оны 01 дүгээр сарын 28, 2020 оны 03 дугаар сарын 28, 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрүүдийн гэрээний нэмэлт өөрчлөлтүүдээр зээлийн гэрээний хугацааг 2021 оны 01 дүгээр сарын 28 хүртэл сунгасан зэрэгт маргаагүй байна.

 

3. Хариуцагч Э.Д- нь нэхэмжлэгчээс ирүүлсэн зээлийн тооцоололд маргаагүй, харин гэрээний хугацаа дууссанаас хойш хүүг тооцож гаргуулсан гэж давж заалдах гомдол гаргасан.

 

3.а. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6.1-д зааснаар зээлийг хугацаанд нь төлөөгүй бол үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөхөөр тохиролцжээ. Уг заалт нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. /хх13/

 

4. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 6,135,007 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмнө нь нэмэгдүүлсэн хүүд төлсөн 89,414 төгрөгийг нэхэмжлэлийн нийт шаардлагаас хасч тооцсон талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/01159 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ