Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2022/01249

 

 

       

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б дүүрэг, ,  тоотод байрлах, Э ХХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг,  дугаар хороо,  гудамж, өөрийн байранд байрлах Х /РД:*****/-нд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Дээжийг илгээхтэй холбоотой зардал 5 082 508 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд талуудын хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд холбогдуулан гэрээний дагуу дээжийг илгээхтэй холбоотой зардал 5 082 508 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Э ХХК нь Х Апбатай 11ВО дугаар бүхий үйлчилгээний гэрээг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан. Энэхүү гэрээний үйлчилгээний хүрээнд захиалагчийн дээжийг Э ХХК-ийн ОХУ-ын Р хотод байрлах хүнсний лабораторид илгээн, захиалагчийн сонгосон шинжилгээний төрөл, стандартуудад нийцүүлэн лабораторийн сорилтыг гүйцэтгэн, сорилтын үр дүнг хүргүүлэхээр тохиролцсон. Үүний дагуу Э Монгол дахь салбар дээжийг хилээр нэвтрүүлэх экспортын зөвшөөрөл гаалийн бүрдүүлэлтийг хийн, Д буухиа шуудангийн 7 дугаар сарын 20-ны өдрийн нислэгээр ОХУ-ын М хотын Ш дах гаалийн талбайд 7 дугаар сарын 28-ны өдөр хүргэгдсэн. ОХУ-ын импортын хорио цээрийн хяналтаас буудайн дээжийг нэвтрүүлэхийг хориглосон бөгөөд үүн дээр холбогдох арга хэмжээг авсан хэдий ч харамсалтай нь уг дээжийг нэвтрүүлэх зөвшөөрөл олгоогүй. 2020 оны 11-р сарын 9 өдөр дээж хадгалах хугацаа дуусгавар болсон тул Д ОХУ-ын салбараас дээжийг буцаан татах шаардлагатайг мэдэгдсэн. Үүссэн нөхцөл байдал, дээжийн импортын бүрдүүлэлттэй холбоотой явц, авч буй арга хэмжээний талаар өмнө нь Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Ажлын албанд 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 20/ болон 11 сарын 3 өдрийн 20/тоот албан бичгүүдээр мэдэгдэн улмаар 2020 оны 11 дүгээр сарын сарын 09-ний өдөр, мөн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр очиж уулзаж танилцуулсан. Гэрээний зорилго болох 1.1-д “гэрээний хавсралт 2-т заасан Үнийн жагсаалт, мөн захиалагч үйлчилгээний төлбөрийг төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4.1-д “Талууд гэрээний хугацаанд Хавсралт.2-т заасан үнийг дагаж мөрдөнө”, 6.2-т “Захиалагчаас гэрээний төлбөрийг гэрээний Хавсралт 2-т заасны дагуу төлөхийг шаардах эрхтэй”, 7.1-д “Захиалагч нь гэрээ байгуулахаас өмнө гүйцэтгэгчийн гүйцэтгэх ажлын гол нөхцөлтэй танилцаж, зөвшөөрсөн бөгөөд хожим нэхэмжлэхэд заасан төлбөрийг үндэслэлгүйгээр төлөхөөс татгалзах эрхгүй болно”, гэрээний санамж хэсэгт “Хэрэв ямар нэгэн шинжилгээг нь гадны лабораторид шилжүүлэх тохиолдолд үйлчилгээний хөлс болон дээжийг илгээхтэй холбоотой гарах зардлуудыг Захиалагчтай тохиролцсоны үндсэн дээр тусад нь нэхэмжилнэ”, гэрээний Хавсралт 2-т “Дээжийг гадны лабораторид илгээхтэй холбоотой зардал нь дээж шинжилгээний зардлаас тусдаа бөгөөд гарсан зардлыг тусдаа нэхэмжилнэ. Эдгээр зардалд: Захиалагчийн зөвшөөрсөн тээвэр зуучаар олон улсын тээвэр хүргэлт хийлгэсэн зардал, гаалийн мэдүүлэг болон экспортын зөвшөөрөл авахтай холбоотой бичиг баримтын бүрдүүлэлтийн зардал, дээж хүлээн авах орны импортын татвар болон захиргааны зардал буюу 5% нэмэгдэл багтана” гэж тус тус заасан. Үүнийг үндэслэж уулзалтаар ярилцаж, тохиролцож дээжийг илгээхтэй холбоотой гарсан зардал болох 5,082,508 төгрөгийн нэхэмжилж Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өргөдөл гаргасан. Гэвч “Хөдөө аж ахуйг дэмжих сан’’-ийн хууль, эрсдэл өөрийн удирдлагын газрын мэргэжилтэн нь эвлэрүүлэн зуучлалд очиж танилцалгүй тодорхой хариу өгөөгүй хугацааг өнгөрөөсөн учир эвлэрүүлэн зуучлалд хуулинд зааснаар хугацааг 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр дахин сунгах хүсэлт гаргасан. 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр ирж өргөдөлтэй танилцсан ба хариу өгнө гэсэн боловч өгөөгүй байна. Эвлэрүүлэн зуучлах төвөөс 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр холбогдоход “манай тал өргөдөл гаргасан компанитай эвлэрэхгүй. Энэ талаар бичгээр тайлбар гаргаж өгнө” гэж хэлсэн ч тайлбар өгөөгүй байна. Иймд 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгож №00 тоот дүгнэлтийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас гарсан болно. Иймээс гарсан зардлыг хариуцагч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанаас гаргуулж өгнө үү гэсэн.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н хариу тайлбартаа: Тус сан нь 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Э ХХК-тай шинжилгээ хийлгэх, үйлчилгээ авах, захиалагчийн зүгээс гүйцэтгэгчээр үрийн буудайн дээжийг гадны байгууллагад шинжилгээнд илгээх, шинжилгээ хийлгэх үйлчилгээг ОХУ-н лабораторийн чанар, стандартын дагуу шинжлүүлэх, зорилгоор уг гэрээг байгуулсан. Гүйцэтгэгч нь олон улсын чанар, стандартын шаардлага хангасан лабораторид шинжилгээ үйлчилгээ үзүүлэх үүрэгтэйгээр энэхүү гэрээний эрх зүйн харилцаанд оролцсон. Захиалагч талын зүгээс гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-д заасны дагуу шинжилгээнд дээжээ илгээж, зохих бичиг баримтуудыг гүйцэтгэгч талын шаардсанаар бүрдүүлж өгөх үүрэгтэйгээр оролцсон. Лаборатори геохимийн шинжилгээ үйлчилгээ явуулахад шаардлагатай бүх мэдээлэлээр гүйцэтгэгчийг хангах үүргээ биелүүлсэн. Гүйцэтгэгч тал нь харин гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Олон улсын лабораторийн чанар, стандартын дагуу гэрээнд заасан лабораторийн шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэнэ” гэж заасан гэрээний гол нөхцөлийг биелүүлэх үүргээ гүйцэтгэж чадаагүй.

Гүйцэтгэгчийн зүгээс бидэнд лабораторийн шинжилгээний хариу хүлээлгэж өгөөгүй, дээжийг ОХУ-н хилээр гаргаж, шинжлүүлж чадаагүй, иймээс бидний хүсэл зоригын илэрхийлэл болсон гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаагүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээжийг лабораторид илгээхтэй холбоотой зардал нэхэмжпэх эрх нь гэрээний зорилго хангагдсан тохиолдолд үүсэх ёстой байсан байтал дээжийг шинжилгээнд илгээх, шинжилгээ хийлгүүлэх үйлчилгээг гүйцэтгэгч тал биелүүлээгүй байж ийнхүү нэхэмжлэх нь эрх зүйн үндэслэлгүй юм. Гүйцэтгэгч талын хариуцлага алдсанаас болж гарсан зардлыг захиалагч тал хариуцах ёсгүй, гүйцэтгэгч тал хариуцлагаа өөрсдөө үүрэх ёстой гэж үзэж байна. Хэрэв хохирсон гэвэл тэр ОХУ-аасаа нэхэмжлэх ёстой байсан байх. Зардлыг хүлээн зөвшөөрөхгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, Э ХХК-иас С.Э, М.Б нарт олгосон итгэмжлэл, итгэмжлэлийн монгол хэл дээрх орчуулга, Э ХХК болон Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Ажлын албаны хооронд байгуулагдсанТалуудын хооронд байгуулагдсан үйлчилгээний гэрээ, Лаборатори, геохимийн шинжилгээний үйлчилгээ үзүүлэх гэрээ, гэрээний хавсралтууд, Х албаны 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Э ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 20/168 тоот албан бичиг, хавсралт, Э ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөрийн 20/207 тоот албан бичиг, Э ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20/212 тоот албан бичиг, төлбөрийн даалгавар үүсгэсэн баримт, Э ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 21 тоот албан бичиг, 200 тоот Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ, 200 тоот Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ, 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн нэхэмжлэх, хавсралт, 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн нэхэмжлэх, хавсралт, 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн төлбөрийн баримт, төлбөрийн даалгавар үүсгэсэн баримт, 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн шилжүүлгийн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл, 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 000 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тэмдэглэл, хариу тайлбар /хх-ийн 4-56, 90-93, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 03/ дугаар албан бичиг, 2000 тоот Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ, 2000 тоот Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн шилжүүлгийн баримт, хавсралт, 200 тоот Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ, 200 тоот Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ, 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн шилжүүлгийн баримт, Э ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 22/047 дугаар Хүсэлт гаргах тухай албан бичиг, Э ХХК-ийн 20/ тоот албан бичиг, 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 22/ тоот тодорхойлолт, хавсралтууд, 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 22/ дугаар тодорхойлолт, хавсралтууд, 2000 тоот Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ, хавсралтууд, Э ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 22/ тоот албан бичиг, 220 тоот Ариун цэвэр, эрүүл ахуйн гэрчилгээний хуулбар, 2000 тоот Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ, Бараа илгээсэн тухай баримт, 2000 тоот Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ, /хх-ийн 3-18, 72-85, 126-131-р хуудас/ гэсэн баримтуудыг, 

хариуцагчаас Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоол, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А- тоот тушаал /хх-ийн 698-71-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Э ХХК-ийн имэйл хаяг, [email protected] цахим мейл хаягт үзлэг хийж, тэмдэглэлийг /х.х-ийн 116-125-р хуудас/ хэрэгт хавсаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлээс 4 291 540 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 790 968 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ биелүүлж дээжийг илгээсэн тул хариуцагчаас дээжийг илгээхтэй холбогдуулан гарсан зардал болох олон улсын тээвэр зуучлалын зардал, гаалийн бүрдүүлэлт, нотариатын зардал, ургамлын хорио цээрийн гэрчилгээний үнэ, гэрчилгээг илгээсэн зардал, захиргааны зардал нийт 5 082 508 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

3.Хариуцагч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь нэхэмжлэгчийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, дээжийг шинжилгээнд илгээгээгүй тул зардлыг төлөхгүй гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Э ХХК хариуцагч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Талуудын хооронд байгуулсан үйлчилгээний гэрээ буюу Лаборатори геохимийн шинжилгээний үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж, гүйцэтгэгч нь энэхүү гэрээний салшгүй хэсэг болох гэрээний Хавсралт 1-д заасан үйлчилгээний ерөнхий нөхцөл, хавсралт 2-д заасан үнийн жагсаалт, Хавсралт 3-т заасан дээжийг шинжилгээнд илгээх, шинжилгээ хийлгэх, үйлчилгээг олон улсын лабораторийн чанар, API/IP/ISO/GB стандартын дагуу үзүүлэх, захиалагч нь үйлчилгээний төлбөрийг төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар харилцан тохиролцжээ.

 

5.Талуудын маргааны зүйл нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн эсэх, дээжийг илгээхтэй холбоотой зардлыг төлөх эсэх талаар байна, гэрээ байгуулсан талаар маргаагүй.

 

6. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар зохигч талууд талуудын хооронд байгуулсан үйлчилгээний гэрээ буюу Лаборатори геохимийн шинжилгээний үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан нь мөн хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан байна гэж үзэв.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 359.2-д “энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар дээжийг гадны лабораторид илгээсэн тул дээжийг илгээхтэй холбоотой гарсан зардлыг нэхэмжилж байна гэсэн, хариуцагч нь дээжийг гадны лаборатарид илгээсэн боловч шинжилгээний ажлыг хийж гүйцэтгээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй тул зардлыг төлөх үүрэггүй, гэрээний хавсралт 2-т заасан тээврийн зардлыг төлөх үндэслэлгүй, тухайн компанийн алдагдал манайд хамааралгүй гэж мэтгэлцсэн.

Талуудын хооронд байгуулсан Лаборатори геохимийн шинжилгээний үйлчилгээ үзүүлэх гэрээний 6.1-д “гүйцэтгэгч нь олон улсын лабораторийн чанар, стандартын дагуу гэрээнд заасан лабораторийн шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэнэ” гэж харилцан тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас буудайн дээжийг авч, дээжийг шинжилгээнд илгээх ажлыг хийж гүйцэтгэсэн байх тул үйлчилгээний төлбөрийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Учир нь талууд гэрээнд хийж гүйцэтгэх ажлын талаар харилцан тохиролцсон байх бөгөөд гэрээний 1.3-д “гэрээний хавсралтууд 1.3.1 Хавсралт 1 Үйлчилгээний ерөнхий нөхцөл, 1.3.2 Хавсралт 2 Үнийн жагсаалт, 1.3.3 Хавсралт 3 Дээж шинжилгээнд илгээх экспортын гэрээ”, 1.4-д “энэхүү гэрээний хавсралт, нэмэлт өөрчлөлтүүд нь гэрээний салшгүй хэсэг байна” гэжээ.

Мөн гэрээндээ “хэрэв ямар нэгэн шинжилгээг нь гадны лабораторид шинжлүүлэх тохиолдолд үйлчилгээний хөлс болон дээжийг илгээхтэй холбоотой гарах зардлуудыг тохиролцсны үндсэн дээр тусад нь нэхэмжилнэ, урьдчилан тохиролцоно” гэсэн байх бөгөөд талууд үрийн буудайн дээж илгээмжийн талаар мэдээлэл солилцож байсан болох нь нэхэмжлэгчийн хариуцагчид хүргүүлж байсан 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 20/168 дугаартай албан бичиг, хавсралт-1 дээжийн жагсаалт, сав баглаа боодлын мэдээлэл, хавсралт-2 экспортын гарал үүслийн гэрчилгээ, хавсралт-3 экспортын ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ, хавсралт-4 ОХУ-ын хорио цээрийн хяналт дээж нэвтрүүлэхээс татгалзах мэдэгдэл, хавсралт-5 Ургамлын хорио цээрийн гэрчилгээнд нэмэлт, тэмдэглэл хийсэн, хавсралт-6 Ургамлын хорио цээрийн шинэ гэрчилгээ, улс хоорондын тээврийн мэдээлэл, хавсралт-7 Дээжийн гаалийн бүрдүүлэлт гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1-д “талууд гэрээний хугацаанд Хавсралт 2-д заасан үнийг дагаж мөрдөнө”, гэрээний Хавсралт 2: үйлчилгээний үнэ “дээжийг гадны лабораторид илгээхтэй холбоотой зардал нь дээж шинжилгээний зардлаас тусдаа бөгөөд гарсан зардлыг тусдаа нэхэмжилнэ. Эдгээр зардалд: захиалагчийн зөвшөөрсөн тээвээр зуучаар олон улсын тээвэр хүргэлт хийлгэсэн зардал, гаалийн мэдүүлэг болон экспортын зөвшөөрөл авахтай холбоотой бичиг баримтын бүрдүүлэлтийн зардал, дээж хүлээн авах орны импортын татвар болон захиргааны зардал буюу 5 хувийн нэмэгдэл багтана” гэж заасан байна.

Хариуцагч нь хавсралт 2-д зааснаар төлбөрийг төлөх үүрэггүй гэсэн боловч нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгэж дээжийг илгээсэн, үрийн буудайн дээж илгээмжийг буцаах тухай мэдэгдэж байсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны 20/207 дугаар, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20/ дугаар тээврийн зардлын нэхэмжлэхүүд, 2021 оны 2 сарын 01-ний өдрийн 21/ дугаар нэхэмжлэх гэсэн баримтуудаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийг дээжийг илгээхтэй холбоотой гарсан зардлын талаар болон дээжийг хүлээн авахгүй байгаа талаар мэдэгдэж байсан, хариуцагч нь компанийн алдагдал манайд хамаарахгүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т “хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заасан, мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.1-д “захиалагч нь гэрээ байгуулахаас өмнө гүйцэтгэгчийн гүйцэтгэх ажлын гол нөхцөлтэй танилцаж зөвшөөрсөн бөгөөд хожим нэхэмжлэхэд заасан төлбөрийг үндэслэлгүйгээр төлөхөөс татгалзах эрхгүй болно” гэж зааснаар хариуцагч нь дээжийг илгээхтэй холбоотой зардал буюу захиалагчийн зөвшөөрсөн тээвэр зуучаар олон улсын тээвэр хүргэлт хийлгэсэн зардлыг төлөх үүрэгтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч нь Д тээвэр зуучийн зардал 4 171 420 төгрөг, 595 715 төгрөг, гаалийн бичиг бүрдүүлэлт 17 500 төгрөг, нотариатын зардал 6 400 төгрөг, ургамлын хорио цээрийн гэрчилгээний зардал 20 000 төгрөг, гэрчилгээг илгээсэн зардал 120 120 төгрөг, захиргааны зардал 220 000 төгрөг буюу бусад зардал нийт 5 082 508 төгрөгийг нэхэмжилсэн.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн баримтаар Ди Эйч Эл тээвэр зуучийн компаний 2020 оны 7 сарын 09-ний өдрийн 4 171 420 төгрөгийн нэхэмжлэх нь Д ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн нэхэмжлэгчид ирүүлсэн албан бичиг, шуудангийн тээврийн зардалд 120 120 төгрөг төлөгдсөн болох нь мөн Д ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн албан бичгээр нотлогдож байх тул дээжийг илгээсэнтэй холбоотой зардалд нийт 4 291 540 төгрөгийг /4 171 420+120 120=4 291 540 төгрөг/ хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж үзэж, үлдэх 790 968 төгрөгийг баримтаар нотлогдохгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй тул хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

5.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 117 070 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 83 615 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 359 дүгээр зүйлийн 359.1-т тус тус зааснаар хариуцагч Х-аас дээжийг илгээхтэй холбоотой зардал 4,291,540 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 790,968 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 117 070 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 83 615 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                Д.ХУЛАН